Saturday, October 1, 2011

Монгол хулгайч нар сөнөтүгэй! АМ СУДАР МАНДТУГАЙ!


Тэтгэвэрт байдаг ээж маань зээ охиндоо Монгол хэлээ бүү мартаг гээд монгол дуутай  бас хүүхдийн дууны караокэтэй 4 ш СД аван Герман орон руу илгээжээ. Хүрэх газраа ч хүрэв.Гэтэл түүнийг замаас нь аваад хятад 1 ш СD хийгээд, дүүгийн маань дипломын хуулбарын ориг хувийг нь аваад ноорог цаасан дээр канондоод явуулжээ. Үүнийг хийж буй хүн тэр компанийн ажилтан л байж таараа. Тэр ориг хуулбарыг бас л хэн нэгнийг хуурах гэж ашиглахаар авсан нь тодорхой. Маш их завтай байгаа биз дээ. Хужаа СD олоод л, юмыг нь хуулаад солино гэдэг энэ компанийн л ажилтан байгаа.Тэр хулгайчыг агуулж байгаа нь EMS байгуулага гэнэ.
Миний блог бол түүхэнд үлдэх ёстой. Энд нэр нь дурдагдсан компани, хулгайч хүмүүсийг үеийн үед уншсан бүхэн жигших тодорхой. Магадгүй юун сүртэй юм жаахан л юм байна гэх ч томхон хулгайч нар байж магад. Гэтэл үүний цаана сүүнийхээ мөнгөөс илүүчлэн байж нялх охиндоо илгээсэн Хайр байгаа шүү! Ээж минь үүнийг илгээх гэж 5 сар бэлдсэн юм. Сар сарын тэтгэврээсээ илүүчлэн СД авах гэж хөлөө чилтэл явж, олж авчихаад бөөн баяр болон, охин минь сонсоод эмээгээ санах нь гайгүй болно. Монгол хэлээ мартахгүй, эргэж ирээд эмээтэйгээ монголоор ярина гэж бодно шүү дээ. Зөвхөн замын илгээлтийн үнэ гэхэд 32000 төгрөг төлжээ. 200 гр хүрсэн үү үгүй юу энэ ачаа.
Өнөөдөр хийсэн бүхэн нь нурж унасанд сэтгэл нь гомдсон ээж минь нулимс асгаруулан бусдад гомдон уйлна. Дахиад миний ээж энэ бүхэнг хийх гэж хэдэн сар болно биз дээ. Үргэлж нүүдлийн шувууд шиг тал тал тийш хэсэн амьдрах хэдэн охиноо хүний газар амьдрах гэж зүтгэж байхад нь зулгаахгүй гэж зүтгэдэг ээж минь ийм асуудалд орчихсон байхыг хараад өр өвдлөө. Үргэлж л сурсаар байгаа биднийг хэзээ ажилтай болж амьдрал нь тэгшрэх бол гэж санаа нь зовдог. Хоёр жилийн дараанаас л түрүүчлээд сургууль соёл нь дуусч ажил гээчийг олж харахнуу үгүй юу Монгол оронд. Монгол орон маань ийм айлаар дүүрэн байна даа. Хэзээ бүгд халуун ам бүлээрээ Монголдоо санаа зовох зүйлгүй амьдрах бол. Өнчин Охидоор дүүрсэн энэ нэг айлд хүртэл нэрмээс болж хар муухай хүмүүс балаг тарих юм даа.
Гадаадаас ирнээ авчирсан бараанаас нь дутна, аль хэдийн онгойлгоод ухчихсан. Нэг бол гааль дээр онгичин авна гэж дарамтлана. Бидэнд ийм юм болж байгаа юм чинь бас өөр хүмүүс ч ингэж байгаа. Хариуцлага гэж хаа ч байхгүй. Мөнгө л нэхэхээс бусад нь хамаагүй. Нэг бол Орос руу чихнэ. Дамжсан хамаг орон луу нь чихдэг нэг аргатай. Гэвч хаана алга болсныг хар л даа. Монгол СД гээр Оросууд яах юм, Германууд яах юм. Хуулсан ноорог цаас нь Монгол бичигтэй л байгаа байхгүй юу. Хулгайч Хаа байна вэ? Монголд. Тэр дипломын хуулбараар бас яахаар сэдээ болоо.
Зөвхөн манайх өртөхгүй нь тодорхой. Өөр бусдыг ч ингэж байгаа, бас ингэх ч болноо гэсэн үг. Энэ бол хийхийг нь харж байсан хүн өөрөө л биз. Үгүй бол хажууд нь суугч, үгүй бол манаач нь, үгүй бол зөөгч нь, үгүй бол ДАРГА нь өөрөө байгаа биз дээ. Ямар ч байсан Дарга гэдэг хүн энэ албан байгууллагыг удирдаж байгаа. Тэр өөрөө хулгайлаагүй бол доод албаныхандаа ёс суртахууны өчүүхэн ч асуудлуудыг хэлж ярьдаггүй нь тов тодорхой.  Нэг бол дарга нь мэддэг ч, эхнэрийнхээ хамаатан нь болохоор яаж ч чаддаггүй гэх хачин мода дэлгэрсэн гэсэн тэр биз. Хэрэв бүгд гэгээрвэл хүний юманд гар хүрэх хүсэлтэй хүн огт гарахгүй дээ. Тийм сайхан юмны төлөө л та бид хичээж байна даа.
Бидний ирээдүй бидний хүүхдүүд ийм бузар юмнаас хол байж хулгайгүй, худалгүй нийгэмд амьдраасай билээ гэж хичээж байна.
3–р хороололд зам  гарах зуур, зогсох байтугай  явж байхад л хулгайч хүүхдүүд түмний нүдэн дээр цүнхийг нь ухан явдаг.  Эмэгтэйчүүд бид Болиоч гэж хэлж чаддаг.  Би нэг удаа тийм хүүхдүүдтэй юм авалцан шидэлцэж цохилцож байсандаг. Тэд эмэгтэй болохоор бүүр дөжирчихсөн элдвээр хэлж, доромжилж, цохилцож байгаа юм чинь. Гэтэл тэнд маш олон эрчүүд явж байдаг хирнээ дуугүй чимээгүй өнгөрөөд л яваад байхыг ерөөсөө ойлгодоггүй. Үсэртэл алгадчихад яадаг юм бэ? Эрэгтэй болгон үсэртэл алгадчихад тэд ийм болтлоо хулгайд гаршин оодроно гэж үү. Яагаад амбаардаад авч болдоггүй юм бэ? Хулгай хийж байна ингэж болохгүй гэж эрчүүд оролцвол ядахдаа өөр шүү дээ.
Монгол орон Эр хүнгүй мэт л болчихсон нь сонин. Архи уувал л хэдэн эр хүнтэй болж хоорондоо зодолдоно. Хулгай хийлээ гэж зодолдохгүй. Чи яасан Том юм, би ч бас Том л гэж зодолдох мөртөө эрүүлдээ харсан ч хараагүй юм шиг гөлөн гээд л яваад байх юм.
Чингис Хааны засгийн үед хулгайч, худалч үгүй болж Шоронгүй, Эмнэлэггүй улс байсан гэдэг. Худлаа гэвэл түүхээ унш. Маш олон гадаадууд Торгоны замын дээрэм тонуул алга болон тайван явж худалдаа наймаа хийх бүрэн боломжтой болсон тухай бичсэн нь бий.
Ийм сайхан нийхэмийг хүсч байна уу. Яавал тийм болдог тухай. Энэ тухай Сорхагтан Хатны номонд бүх заавар нь бий. Хатны номын хагас нь л хэвлэгдсэн бөгөөд үлдсэн дэвтрүүд нь хэвлэгдэж чадаагүй байна. Энэ алтан номыг Нүрзэд агсны эхнэр хэвлүүлэх гээд чадахгүй хүн олны тус дэм хэрэгтэй байгааг хэлсэн байна гэж би сонслоо. Алдартай эрдэмтэд нь тоохгүй, амин хувийн ашиг хонжоо харагчид нь аваад өөрийн болгоод зарчихдаг, Төрийн түшээд нь уншаад ойлгодоггүй, түмэн олог түүний тухай мэддэггүйгээс энэ гайхамшигт АЛТАН АМЬД СУРГААЛ АЛТАН СУДАР дарагдаад байгааг бүх гадаад дотоодын Монголчууддаа хэлье.
Та энэ номноос Нууц товчооноос шал өөр Монголын түүхийг уншаад гайхна. Хааны нэрний нууц, Хэн Хааны дараа Хаан ширээг залгамжлах ёстой байсан гэх мэт. Энэ ном бол Монголын байтугай Дэлхийн түүхийг өөрчлөх судар. Ийм л Алтан АМ СУДАР өнөөгийн МОНГОЛ ОРОНД  дарагдаад олон жил боллоо. Нүрзэд агсан маань амьд ахуйдаа өөрийн хөрвүүлсэн хэсгээ гаргаад өнгөрчээ. Өнчрөөд хоцорсон гэр бүлийнхэнд нь туслах, дэмжих, ойлгох хүмүүс алга. Энэ гэр бүл алтан сударыг 15 үе ам дамжуулан цээжилж авч ирсэн учраас Монголын түүхэнд Алтаар нэрээ бичиж үлдээх гэр бүл. 
Эзэн Дээд Хааны отгон хүү Толуй хааны бага хатан Мүхүйгээс төрсөн хүү Жөнтой холбоотой удам судрынхан. Мүхэй бол  Алтайн Мангдай нарын удам БӨӨ Дээдсийн охин. Гэгээрсэн их багш эцэгтэй нь Чингис Хаан өөрөө очиж уулзан хичээл заалгаж байсан удаатай. Шүлүүм, ирвэстэй нэг торонд орж ноцолдоод 2  соёог нь суга татаад, нэг соёог нь гартаа имрээд үртэс болгон үзүүлж байсан Шидтэнгүүдийн орны охин юм.
Би энэ судраас цөөхөн хэдхэн хуудас хагас хугас өөрийнхөөрөө тайлбарлахад л ямар их утга, түүх өгүүлснийг та нар уншсан. Би  туулай харайлган товчлоод хэдхэн үгээр л ерөнхийд нь тайлбарласан бөгөөд жинхэнэ эх хувь нь ямар гайхамшигтай гэж бодно. Гэтэл энэ гайхамшиг МОНГОЛЫГ АВРАХ ГАРЦЫГ ЗААСАН СУДАР маань дарагдаад л байж байна даа. Бид Монголчуудаараа нийлэн дэмжиж энэ судрыг олны хүртээл болгомоор байна. Энэ агуу хүний эхнэрт тус дэм болмоор байна. Энэ судрыг гүйцэт гарган хэвлүүлэхэд хүчин зүтгэмээр байх юм. Би түүнийг танихгүй ч түүнийг Монголоос хайж олж холбогдон сайн үйлсийг нь бүх Монголчууд дэмжиж тусламаар.
Ийм судрыг том толгойтой эрдэмтэд ойлгохгүй байна гэнэ. Баталгаа авчир гэж шаарддаг гэнэ. Томчууд тоож хардаг ч үгүй гэнэ. Үнэхээр гайхмаар. Амаараа дамжуулан цээжилснээ НҮРЗЭД агсан 16 жил өөрөө орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлсэн. Тэгэхэд утга төгс судар гарч ирж байгааг баталгаа биш гэнээ. Монголд дарагдсан олон эрдэмтэд энэ сударт анхаарлаа хандуулаасай. Олон хэлтэй залуус үүнийг ДЭЛХИЙН ТАВЦАНД орчуулж гаргаж ирээсэй.  Энэ судраас би хэдхэн шад л тайлбарлахад ХУДЛАА үг нэг ч гараагүй нь баталгаа биш үү. Хөлтэй болгон хөдөлж, хэлтэй болгон хэлэлцэж, гартай болгон туслалцаж өвгөдийн үнэт эрдэнэ судрыг та бид бүгд уншмаар байна.
Нэг хэрэгт дуртай ухаантай, цэцэрхдэггүй жинхэнэ судлаач гадаад эрдэмтний чихэнд шивнээд өгөөсөй билээ. Дэлхийн түүхийг өөрчлөх судар даа. ХААН өөрөө түүнийг түрүүлж энэ цаг руу илгээгээд орчин цагт оруулаад олны хүртээл болгох хөлгөн судар шүү дээ.
Санаа оноогоо нөгөө нэг нийтийн блогтоо бичиж хэлэлцээрэй. Би бол өөрөө элдэв юмны мэдлэг их муу. Ямар ч хэлбэрээр хамаагүй туслан дэмжмээр байвч хөл минь энд тушаатай байнадаа.  Ямар нэг тодорхой зүйл зохион байгуулагдвал оролцох болноо. Тэр хүнийг олох хэрэгтэй байна. Түүний үгийг нь сонсмоор байна. Түмэн олноороо тус дэм болохыг уриалан байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.