Tuesday, October 4, 2011

Ус руу шүлс хаяж болохгүй!


Одоо л нэг юм дотор онгойж байна. Овоо их юм ууж, долоожээ. Харин хоолой л нил хөндүүр нь гайхмаар. Томоор чихээд байсан юм уу хаашаа юм. Би тэр Онгодынхоо нэрийг мэдсэнгүй. Ямар ч байсан Мангас байсан бололтой. Нөгөө 99 толгойтой Ендгэр Хар Мангас байснаас зайлахгүй. Гэхдээ миний биед ороод нэг толгойтой 99 биетэй болчихсон юм болов уу. Арай дэндүү их ихээр залгилан, аймшигтайгаар ховх соржээ. Уг нь тэд уусан, идсэнээ аваад явдаг ч өөрсдөө цадаад үлдсэнг нь миний гэдсэнд чихэж хаячихаад л явж дээ. Хөөрхий. Заваарсан юм ч гэж байх юмаа. Яг би өөрөө нүдээрээ харсан бол яасан ч амаа ангайнаа гонж, яаж чарлаж зугтаах болоо хэхэхэ. Буурлууд намайг барьж аваад л амнаас зулгаагаад, хөл гарнаас дараад ч дийлэхгүй дээ. Урдаас нь хэлээрээ түлхээд, залгихгүй эсэргүүцэж өгөх байсан даа.
Өчигдөр Гэгээн бас буултанд суусан бөгөөд Бууралд хуурыг нь олж өгч туслаж байснаа алга болсон юм. Өглөө Гэгээн ярихдаа: "Ээж өчигдөр ямар хүмүүсийн юуг нь засал хийсэн юм бэ?" Би: "Аан муухай чөтгөрүүд байхыг нь цэвэрлэсэн". Гэгээн: "Надад орчоогүй биз дээ тэд чинь. Өчигдөр аймаар буурал буухаар нь би ингээд л явсаар зугтаасан" гэж үзүүлэв. Өлмий дээрээ маш удаан гараа хаялан сэмхэн гэтэж харуулав. Хэхэхэ тэр бас буурлуудаа их ялгаж салгана. Гайгүй шигтэй нь чалчаад явуулахгүй. Аймааруудаас нь сэмхэн бултаад сурчээ. Тэгснээ өглөө босоод өөртөө наалдсан байж магад гэж сэжиглэсэн бололтой.
Хэхэхэ. Тэгээд тэр миний өргөөнд байдаг бас хэдэн араг ясны хагасаас орон дотроос гаргаж ирэв. Хүү нь аймаар муухай зүүдлэж магадгүй учраас энүүнийг чинь тэврээд унтсан. Муу дайснууд хүүг нь идэх гээд ирвэл хамгаална гээд л нүдээ зальтайгаар эргэлдүүлэн дуугаа янз болгон намайг панаалдав. Хэхэхэ бас аминдаа хайртай. Ямар ч байсан Буурал огиж, хэхрээд л аймаар дуугараад л муухай юм хийж байна гэж мэдээд өөрийгөө хамгаалах гээд хэдэн араг яс авчраад тэврээд унтчихжээ. Хэхэхэхэхэ.
Хадам буурал анх босч байхад би 108 толгой хэлхсэн ясан эрх авч өгөхөд: "Чи юунд дураар үүнийг авав. Үүнийг барих хүн байна. Барихгүй хүн байна" хэмээн зэмлэсэн юм. Өө өршөөгөөрэй би мэдсэнгүй. Одоо яах вэ авах уу? гэхэд: "Өөртөө хадгалж байгаад цаг нь болохоор бидэнд өгнө биз. Чи ч хүүхдүүдээ хар нялхаас нь хохимой толгой, араг ясаар эрхлүүлж өсгөсөн хүн дээ" гэж байж билээ. Хэхэхэхэ. Араг яснаас юунаас нь айдаг байнаа. Надад бол хөөрхөн л харагддаг, маш дуртайдаг. Манай хүүхдүүд ч айдаггүй. Надтай адил сонирхолтой. Манай нөхөр л араг яс тоодоггүй болохоос гэр бүлээрээ араг ясанд дуртай шахуу.
Гэхдээ би сүүлд хадам Буурлын хэлсэн үнэн гэдгийг мэдсэн юм. Хохимойгоор оролдох хүн байна. Оролдохгүй хүн байна гэдэг Үнэн. Миний нэг сүнс Эрлэг Номун Хааны газар доорхи ганц төрсөн охин шүү дээ. Түүнд бас өргөмөл охид байдаг л гэнэ лээ. Би юугаа мэдэхийн. Миний ээж бол түүний дунд Хатан гэсэн. Тэр хоёр дундаа ганц охинтой л гэсийшдээ. Лав л нөхөртэй халамжтай гэж жигтэйхэн нөхрөө өмөөрсөн л хүн байна лээ дэг.  Хэхэхэ дунд чөмөг ташиж иддэг гэсэн нээрээ.
Өчигдрийн Гадаад хүн бас л их өрөвдмөөр хаа газрын хүн гэж яг л адил байх юмаа. Тэр бүхнийг биерээ мэдэрчихээд ямар ч байсан Монголчууд үнэн хүчтэй өвөө нартай юм байна гэж бодсон бололтой. Буурал чамаас айлтгах юм юу байна гэхэд: "Миний өвөг Дээдсийг хэлж өгөөч, тэд ямар вэ муу хүмүүс үү?, сайн уу?" хэмээсэн юм.  Буурал: "Хөхөхөхө гэж инээснээ Танайхан Манайхан хоёр ч хэсэг хоорондоо алалцсан даа. Гэхдээ сүүлдээ хачин сайн андууд болсон юм. Хэрэв тэд муу муухай байсан бол чи төрөхгүй дэг. Мөн Монгол эхнэр авна гэж үү. Хөхөхөхө. За чи биднээс айж байна уу? Ийм өвгөдийн охиныг авч суугаад" гэв. Гадаад: "Үгүй ээ. Харин их баяртай байна. Би айгаагүй авсан шүү" гээд л бас пээдийв хэхэхэхэ.
Дотор онгойж сайхан боллоо. Мөн намайг эмчилсэн хүмүүс байлаа. Нэг хүн надад санаа зовон өвдөг нь багадаа цоороод таван салаа навч тавьж эдгээсэн тухайгаа бичсэн байв. Маш ашигтай зөвөлгөө байлаа. Гэвч энд хамаг зүлгээ хяргаад тайраад тэгшлэх учраас ямар ногоо ургадаг юм бүү мэд. Тэр хүн бас үе мөчний эм, ясны сийрэгжилтийн эм, витамнууд явуулая гэсэн байв. Хариугүй нулимс асгараад орилохоо дөхлөө. Бодвол эмч мэрэгжилтэй хүн бололтой. Яасан ч сайхан сэтгэлтэй юм дээ. Би оронд өгөх юмгүй байхад чинь санаа зовоох гэж. Би ингээд ичлээ. Баахан зовлон тоочсон бололтой.
 Би өглөө орондоо өндийж чадахгүй бодож байхдаа тохиогоо яаж эмчлэх тухай бодоод олчихсон шүү. Хэхэхэ. Би тос түрхсэн ч нялцагнаад эргээд юм бичихээр оронд тос нь шингээд дургүй хүргээд байсан юм. Хайран орны бүтээлэг зүгээр. Тэгээд түүнийг тэгж өвтгөсөөр байгаад сайхан ЭВЭР болгоё гэж бодож оллоо. Би олон арга бодсон юм. Зөөлөн цулцагануур шиг гоё юм тавих, дээшээ харж хэвтэх гэх мэтээс өгсүүлээд л. Одоо би сайхан эрүүн доороо том юм тавибал болж байна.
Тэгээд тохойгоо оронд хүргэхгүй өвдөхгүй амар ч удвал амьсгал давчдаг юм байна. Японд байхдаа зурагтаар хоёр гаргүй хүний тухай үзэж байсан тэр хүн харандаа зуун компьютерт бичиж байсан юмдаг.  Би ямар хоёр гаргүй биш дээ. Хэрвээ би зөв заншлаар сууж бичдэг байсан бол яалаа гэж ингэж өвдөж суухав дээ. Миний буруу юм чинь. Хичнээн сайхан таатай ч хортой юм гэдэг хортой л байх юм даа. Энэ бол бас л сургамж авах зүйл. Үр хүүхдүүдээ хэвтүүлж битгий юм бичүүлж байгаарай. Аянга шиг болно шүү. Эвэр арга сонгосон юм даа эцэст нь хэхэхэхэ.
Хөлийн эврийг хутгаар зүсэхэд өвддөггүй биз дээ. Таарсан эвэр болгочуул гээд л баяслаа. Зун л онцгүй юм даа. Богино ханцуйтай хувцас өмсөхгүй нь эвэртэй тохойтой явалтай биш. Хүн ойлгохгүй шүү дээ. Би бас өвддөг ингэдэг гэж анхны ойлголт өгч бичиж байхгүй бол дараагийн нэг мунхаг нь Аргагүй ш дээ Аянга удган БӨӨ байсан юм чинь. Шүгэлдээд л, гараа эмрээд л ажлаа бүтээгээ биз гээд унавал яахын. Хийсэн бүтээсэн зовсон нь түүхэнд ил байхад л Хааныг маань ингэж дүгнэх хүн захаас аваад байнадаг. Бөө юм чинь арга үгүй ш дээ. Дэлхийг эзлэх нь гэх юм. Тэгэхэд гар утас, интернет байгаагүй, зурагт байхгүй, хөргөгч байхгүй, компьютер 13-р зуунд байгаагүйг энэ хүмүүс мэддэг болов уу?
Тэнгэрийн үйлийг дан мориор, биеэрээ биелүүлсэн юм шүү дээ. Харин Аянгад бүх юм байна. Гэтэл Аянга Шидээр энэ бүхнийг хийж байна уу. Тэр махан биеэ цооруулан байж хийж байгаа. Ингэхээр БӨӨ гэдэг юмыг бас жаахан бодож үзэлтэй. Бүх л зүйлийг бүтээдэг шидтэн юм уу, эсвэл сүнсний буудал юм уу, чадварыг нь юугаар тайлбарлах вэ гээд л түм буман асуултууд байнадаг. БӨӨ гэдэг хүн, БӨӨ гэдэг ойлголтыг бүр цэгцлэн сайхан зузаан тайлбар ном гаргах цаг болжээ. Түүнийг гаднаас нь ч харж судладаг, дотор нь ч орж судладаг эрдэмтдүүд бүтээх буйзай. Би ч төгс байтугай хагас ч мэдэхгүй тул мэдсэн сонсноо та бүхэндээ түгээж байгаа билээ.
Сүнснүүд ч зэрэг зиндаатай, хариуцсан тус тусын ажилтай байдаг. Ихэнхи судлаачид гол болгодог сурах бичиг нь Пүрэв гуай, Далай гуай хоёрын л ном шүү дээ. Тэр үе одоо үе хоёр тэс өөр. Буудаг онгодууд нь ч өөр.  Би ч тэр хоёр хүний номыг уншиж байсан. Пүрэв гуай хэмжилт хийгээд цагт 700 км цагийн хурдаар онгод явж ирдэг гэсэн байсан. Тэр Онгод л тэгж очиж байснаас өөр бусад онгодуудыг судлаагүй. Тэгвэл би эндээс Герман, Америк, Франц руу хэдэн км цагийн хурдаар Онгод гүйлгээд байнаа. Хэхэхэ. Намайг Австралийн нэг аралд байгаа гэж бодоорой. Миний онгодууд цагт 700 км цагаар хурдалвал эдгээр улсууд руу хэдэн цаг нисэх вэ? Хэхэхэхэ. Гэтэл би заслаа эхнээс нь дуустал нь цагийн дотор амжуулаад байгаагийн учир юунд байна. Энэ бол Гэрэл. Бодол. Бодлын хурдаар очиж Гэрлийн хурдаар амжуулж байна даа.
Нээрээ өчигдөр өдөр нэг хөөрхөн инээдтэй хүнтэй чатласан. Тэр надаас өргөл яаж өргөхөө асуун, түүний амьдрах газар уул үгүй, нил байшингуудтай, ориг газар үгүй бүгд цемент, цонхоороо өргөхөөр болохгүй тул чирдак дээр ч гарч үзлээ гэсэн юм. Ийм газар байгаа хүмүүс өөрсдийгөө тэгэн зовоох юун. Ийш тийш гарахдаа л Наранд залбираад Тэнгэрт сүсэглээд болно. Өөрөө харин сүү, тараг ууж байна биз ээ. Тэр би наранд харахаар харлачихна, шил зүүж болох уу гэсэн.
Бололгүй яахав заавал хараад зог тусаад удаад байх шаардлагагүй. Тэр мөн би маш их амиа хичээдэг хүн, би л болж байвал бусад нь хамаагүй л гэж боддог юм гэсэн. Гэхдээ тэр их хөөрхөн цагаан санаатай шударга хүн байлаа. Хичнээн тэгсэн ч сүү өргөх гээд чирдак авирна гэдэг бол сайхан сэтгэлтэй л хүний шинж, өвөг дээдсээ, удам угсаа Монгол орноо санаж байгаа юм шүү дээ. Түүнтэй ярихад их сонин гоё байсан. Даан ч миний нэгж дуусаад тасарчихсан.  Тэр мөн би яагаад ч юм бүх юмаа хаяад хөдөө гармаар санагддаг юм. Яах гэж энд сураад байгаа юм болоо. Тэр чинь одоо амиа л хичээдэг хүний зан биз дээ гэсэн хэхэхэхэ. Өөрөө өөртэйгөө л тэрсэлдээд, шинэ хуучин хоёр л тэмцэлдээд байгаа бололтой. Нэг бол надтай төстэй ч юм шиг. Хоёр өөр юмс хийгээд байдаг. Эсвэл тэр нээрээ хоёр сүнстэй юм болов уу. Хэхэхэ ямар ч л байсан тэр надад миний Эрхийн Тэнгэр шиг эгдүүтэй нэгэн байлаа. Миний нэг дүү ч юм шиг, яагаад тэгж дотно санагдаад байсан юм бүү мэдээ.
Хаан ирээд энд тэндгүй тарсан Монгол цусныханыгаа ихэд санаж, үгүйлж байсан тэр нэг сонин мэдрэмж энэ хүнтэй ярьж байхад төрсөн. Халимаг, буриад, өвөрмонгол гэх мэтээс эхлээд   л тэр бүгдийг үгүйлэн санааширч байсан юм. Түүнтэй адил сэтгэл над байсан. Магадгүй төөрчихсөн тэнэж яваа миний нэг төрөл садан ч юм уу хэн мэдлээ.
Нэг сонин юм нь БӨӨ гэдэгт маш олон орны үр удам байдаг юм. Лав л миний хүүгийн найз Зайран Тувагийн Хааны удам угсаа. Мөн нэг охины дээд онго нь индианаас ирдэг. Яг л индиан шиг чарлаад л цовхчиж өгнө шүү дээ. Хэл нь хэцүү ойлгоход бэрх. Тэгтэл аавынх нь Түвдийн том ламынх гэх мэтээр баллаж өгнө дөө. Иймээс алив юманд ул суурьтай ухаантай л хандах нь зөв.  Манай багш болон хүүгийн зарим онго хятадаар хачин сайн яринадаг. Яг манайх ч гэсэн дээ дэлхийн хаа сайгүй л байхаар. Учир нь Төмөр Хаан, Үлэгбекийг л харахгүй юу? Тэгэхээр өвөг Дээдэс нүүдэлчин Монголчууд маань дэлхийн хаа ч явж байсан. Одоо ч Монголгүй газар ховор байна.  Түүхээ судлахаар ч гэсэн дээ Алтайн анхны амь үүссэн, анхны хүн үүссэн гэх газраас ийш тийш одож өгсөн байдаг.
Гадаадад амьдардаг монголчуудад Хаан захихдаа хүний газрын Тэнгэрийг хүндэлж бай. Хайрхадууд, нуур ус лусынханд нь хүндэтгэлтэй хандаж, нутаг орных нь үрсийг бас хайрлан, хүндэлж байгаарай. Хүний газар хоол хороон байж нутаг орныг нь хүндлэхгүй, хүн ардыг нь муулчлаад байвал тэдний газар чамд хишиг буян, хайр ивээлээ хүртээхгүй дэг гэсэн шүү. Мөн өөрийн чинь өвөг дээдсүүд, Тэнгэр чинь чамайг харж хамгаалдаг учир бүү мартаж бай гэсэн
Одооны залуучуудын шүлсний булчирхай нь пулёмот шиг л болчихсон юм шигээ. Гүүрэн дээр зогсож байхдаа гол руу тэгж галлаж байх хоёр залууг Монголд байхдаа харсан юмдаг. Лус руу л шүлсээ хаяж байгаа юм. Мөн би энд байхдаа гадаадад амьдардаг сайхан залуу усанд үйж өнгөрсөнг сонсон, түүний найз нөхдүүд түүний тухай асуусан юмдаг. Хүний газар өнгөрсөн учраас сүнс нь дэгдэж чадаагүй маш их айж, маш их уйлж байсан. Маш их сандраад цовхчоод ердөө ч тайвширч чадахгүй байсан юм. Түүнтэй хэдэн минут ярилцан найз нарт нь хэлэх үгийг нь мэдэн, тэднийх нь тухай дамжуулсан үгийг хэлтэл мэдэлгүй яахав би тэдэнтэй хамт байсан гэж байв.
Түүний сүнсийг замчлахад түүний төрөл л бололтой нэг эмэгтэй ирэн хоюул уйлалдан тэврэлдээд надад талархал илэрхийлээд явсан юм. Харин түүний үхлийг хүмүүс янз бүрээр сэжиглэн, хардаж байсан ч  Буурал надад хүний газрын лус хилэгнүүлэн шүлс хаясан байна.  Яг лусын нүдэн дунд унажээ. Амиа өгөхгүй бол өөр арга юу байхав дээ гэсэн юм. Тэр санамсаргүй ямар нэг тохиолоор л хаясан байх даа. Түүний үхлийг өөр бусдаас бүү хай, буруутай байсан бол бид буух эзнийг нь заах байсан ч,  энэ тохиолдолд яах ч арга үгүй  хэмээн хэлсэн юм даа. Дотоод ч бай, гадаад ч бай ер нь бодууштай, санууштай, мэдүүштэй юм билээ. Би бөө болоогүй бол намайг гүүр дээр зогсоогоод удаан орхивол би ч аягүй бол доошоо тонгойж байснаа нулимаад авахаа тоохгүй л хүн байлаа.
Хэхэхэхэ аав уурлаад л Аянгыг чирээд ир гэх байсан бизээ. Одоо би шүлс гэдэг юмаа сайн мэдэрдэг болоод байгаа. Өөрийн мэдэлгүй үсрээд байх вий тэр муу.
Яг одоо шөнө болж байна. Ашгүй хоолой гайгүй болж байна шүү. Ховдог хар мангаснуудаас болж хоолойны труба нь тэлсэн байхдаа. Хэхэхэ. Бодоод байхад тэдний зөв байж магадгүй.  Бүдүүхэн Тийрэн байвал зажлахгүй залгиад л байхаар сунгасан бололтой. Хоолой дээр тэр бүдүүн Тийрэн гацчихвал яанаа хэхэхэ. Цохиод авах түшээ байхгүй балрана ш дээ.  Аянгын ходоод хогийн сав юм уу, шорон юм уу бүү мэдээ. Уудаг, залгидаг энэ засал над лав таалагдахгүй байна даг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.