Өчигдөр орой нөхөр маань нүд нь том болчихсон гүйж ирээд би Буурлуудтай ярьж үзлээ гэв. Би мэл гайхав. Тэр өргөөнд ордоггүй, миний буултанд бараг суудаггүй. Юмаа захиалчихаад л явж байдаг юм. Харин тэр өчигдөр орой манай өргөөнд ороод сууж, залбиран суутал салхи сэвэлзээд тэгснээ нэг вакуум шиг юм өөрийг нь бүрхсэн гэнэ.
Тэгээд тэр суугаад өөрийн хүслээ бодтол: Чиний бүх юм чинь нээлттэй байгаа. Өөртөө итгэ. Чи яг зөв замаараа явж байна гэсэн гэнэ. Тэгээд тэр гайхан бүүр тухлаж сууж байгаад л ярьж гарчээ. Асуусан бүхэнд нь хариулангаа, Чи хүнийг бүр сайн удирдаж сурах хэрэгтэй. Би чамд яаж удирдахыг зааж чиглүүлнэ. Харин чи өдөр бүр ирж надтай ярин бодсоноо зөвлөж бай. Энэ цаг үе, орчин бүх юм өөр болсон бөгөөд үг яриа, хэрэглэх юмс ч өөр болсон учраас чи яг өнөөдрийнх шигээ маш тодорхой, бодож хүсээрэй. Эндээс би чамайг ойлгон арга замуудаа ярилцаж байна. Чиний бүх юм нээлттэй учир хичээгээрэй гэсэн гээд л тэр түүнд яаж хаанаас хэлснийг нь харуулав.
Хээээхэхэ. Чи Бөө болчихвуу гээд би шоолоход, - Яг тэгж хэлээд надтай яриад байна. Ямар сонин юм бэ? Янзтай сайхан байна шүү гээд л баяр хөөртэй байв.
Үкэ мөн ашгүй еэ, Нөхөр маань Хадам буурлуудтайгаа харьцдаг болчих гэж амар амар, түүний ажлын чухал онцлогийг би ямар сайн мэдэх биш дээ. Түүний хүслийг нь дамжуулж хэлчээд л болдог байв. Энэ хэд өөрсдөө учраа олвол мөн таатайяа. Аянгын хэрэг байхгүй амар зүгээр. Нөхөр өөрөө хүссэнээ хийгээд яваг. Тэр өчигдөр их баяртай ажлаасаа ирсэн бөгөөд ирээд хэдхэн сарын хооронд их амжилттай ажиллан, хүмүүст танигдан Том нийслэлээс хүн ирж уулздаг болсон бөгөөд тэр дээр Эрүүл мэндийн салбарын сайдаас нь бас урилга аван энэ улсын тус салбарт бодлого тодорхойлох хэсэгт нь орж ажилладаг болсон юм.
Монголоос өөр нь энд боловсролыг маш өндөр үнэлдэг, бас ажиллуулж чаддаг нь өөр. Урам орсон тэр төсөл энэ тэр хийн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ улсын нэг жижиг хэсэгт анхны юмыг эхлүүлэн, ихээхэн мөнгө гаргуулан хийлгэх эрх авч өгсөн юм. Тэгтэл эндхийн олон хүн мэдэн баярлаж түүнтэй уулзан, баяр хүргэж цаашид ихийг хийж өгч, бас зааж өгөхийг хүссэнд тэр үнэхээр сэтгэл нь хөдлөн баярлаад Буурлуудын өрөөнд орон талархал илэрхийлсэн хэрэг байжээ.
Яг үнэндээ бол Монголын эрүүл мэндийн салбарын 1000 сорилд анх төсөл энэ тэрийг нь бичилцэж хувь нэмрээ оруулсан хүн бол яахын аргагүй манай нөхөртэй маргах хүн үгүй бизээ. Гэтэл энэ төсөл нь батлагдаад Монголд хэрэгжээд ирэхэд түүнийг эмнэлгийн тэргүүний ажилтан гэж нэг цол өгчөөд л, өөрөө төлөвлөж хийсэн бүхнээс нь зайлуулсан даа. 1000 сорил сангийн эрүүл мэндийн төслийн удирдагч залууг харин ч ямар хүний мөстэйг хамгийн сайнаар харсан хүн нь би болно. Энэ төсөл хийлцэхэд туслаач, хамтарч ажиллая гээд л хачин сайхан бурам өгч, манайхаар хүртэл ирээд явсан юм. Тэгтэл тэр төсөл батлагдан Америк 1000 сорил гэдгээ Монголд бэлэглэхэд тэр найз нь Би дарга болно чи CV гээ битгий өгөөрэй, би л гарчихвал бантан тас гэсэндэг.
Би тэр үед инээд хүрээд л Мөн дөө зайлуул, Айдаа харж л байя гэхэд ёстой юм ёсоороо болон манай нөхөр амласандаа хүрэн түүнтэй өрсөлдөөгүй. Харин орлогчоо авахдаа хүртэл түүнийг бас аваагүй. Тэгээд л нөхөр маань анх удаа ойлгон за тэгвэл хэрэгжүүлэгч болоход нь би оролцоно гээд анкетаа өгсөн юмдаг. Гэтэл Хариу нь юу гэж гарсан гээч. Та энэ албан тушаалд ороход хэтэрхий өндөр мэдлэг боловсролтой байна ухааны юм гэсэн шүү. Энэ мэтээр бүх хамтарсан хүмүүс нь хийлгэх юм байвал хошгируулж хөөргөж хөөргөж хийлгэчихээд хүртэх болохоороо бүгд жийж, хулхиддаг юм даа.
Ямар сайндаа явангуут нь цуу тараан ажлаа хийж чадалгүй хөөгдөн, жорлон ч байдаггүй оронд гуйгаад явсан хэмээн түүний шавь нь бас хамт ажиллаж, архидаж байсан хэдэн дарга ярихав дээ. Үхээд оршуулга дээр нь ирсэн бол дотроо баярлах нөхдүүд байж. Эргээд уулзахгүйн нүүр байхгүй биш. Миний нөхөр мартаж магадгүй ч би тэдний нүүрийг харах л болно доо. Хүн чанар бол эрэгтэй хүмүүст эмэгтэйчүүдээс хэдэн хувь муу байдаг гэж би бодсон. Мөн хов ярих, албан тушаалын хор найруулах, хүн муулах, биеэ тоох нь Эмэгтэйчүүдээс илүү Эрэгтэй хүмүүсийн ажил байдаг юм байна гэж бодлоо.
Нэгэн бяцхан газрын хурган даргууд ийм байхад Тэр дээд суудлын төлөө нэгнийгээ гүтгэх, алах, муулах, хов хутгах бол үнэхээр аймаар юм болдог нь тодорхой. Тэд дандаа эрэгтэй хүмүүс байдаг болохоор би буруу бодоогүй байх. Хүүхнүүд чинь тийм ч их хов ярьдаггүй ш дээ. Бас баргийн юмыг тоодоггүй. Миний найз хүүхнүүд тийм л байсан. Уг нь Монгол Эр хүн гэдэг шал өөр баймаар. Зан нь ч өөрчлөгдөөд одоо бүр хувцас хэрэглэл, бие бялдар нь ч хүүхэн болоод байгаа нь аймаар.
Аль нь авгай нь юм болдоо гэмээр залуу гэр бүл их байна шүү. Харин одоо эмэгтэйчүүд нь нөхрүүдээ чирж, гулдарч яваа нь маш их бий. Мөнхийн согтуу ханьтай хүүхнүүд мөн ч их байна даа яана яана. Энд хаа очиж архичин гэж нүдний гэм бололтой. Архи мархи маш үнэтэй. Тусдаа газар зардаг. Дэлгүүр бүрт өрсөн архи харагдаггүй юм. Согтуучууд байхгүй болохоор согтуугаар үйлдсэн гэх хэрэг бараг байхгүй. Хулгайч мулгайч харин байдаг гэсэн.
Монголоос ялгаатай нь энэ газар бол заавал ҮР ДҮН гэдгийг л чухалчлан үзэж, болчихсон юмыг яавал үр дүнтэй, үнэн зөв, өгөөжтэй гүйцэтгэх вэ гэж их анхаарч харилцан ярилцаж, туршлага солилцдог юм байна. Энэ хүмүүс бүтээгээд хийгээд өгөхөд нь миний нөхрийг хаясангүй. Хаяж болох байв. Бүх мөнгө нь эдний гарт, бас эдний эх орон. Манай нөхөрт мөнгөний нэг ч эрх мэдэл нь үгүй, мөн өөр орны түр гэрээгээр ажиллах гэж ирсэн хүн. Ажиллаж байгаа байгуулага нь ч шал өөр. Хүмүүс түүнд энэ гуравхан сарын дотор л олон зүйл амжуулсанд нь, эдний эх орны төлөө толгойгоо ажиллуулсанд нь баярлаж урам өгчээ. Нөхөрт энд их таалагдан гэрээгээ сунган удаан ажиллая гэв. Үгүй, Би харина шүү л гэсэндэг. Харих л болно би нутагтаа.
Мөн бүр түүний тухай сонссон Шотланд хүн өөрийн номоо түүнд өгөн, энэ орны онцлог байдлуудын тухай дүгнэлтээ явуулжээ. Тэр хүн өмнө нь энэ оронд ажиллаж байсан бололтой. Одоо Африкт ажилладаг гэнэ. Дэлхийгээр харин ч нэг явахын дээдээр явж олон улс орнуудад очиж ажилласан Дэлхийн профессор хүн юм байна. Их сайхан сэтгэлтэй хүн юм байна. Монгол хүн гэж голж шилсэнгүй. Өөрийн туршлагаа, зөвлөмжөө харамгүй өгөхийг хүссэн Дэлхийн ХҮН гэдэг нэрэндээ таарсан шилдэг Хүн байна даа. Professor David Brewster, AM гэдэг хүн байна даа. Холоос сураг сонсоод хүнийг ялгалгүй туслаж байдаг Дэлхийн шилдэг хүн байна. Монгол, Шотланд хоёр өөр орны бие биенийгээ мэдэхгүй хүн өөр нэгэн орныхонд эзэмшсэн мэрэгжил, үүргээрээ туслахаар бие биенийгээ дэмжинэ гэдэг Дэлхийд данстай профессор хүмүүс гэж өөр байдаг нь харагдана.
За нөхөр маань яахав дээ хаа ч амиа аваад явчих, хийх гэж зорьсоноо хийдэг хүн. Алив хүн өөрийн эзэмшсэн мэрэгжилдээ зүрх сэтгэлээ зориулж чадаж байвал болоо ш дээ. Нэгэн атаархуу хүн түүнийг ёстой донтой. Хамгийн бага шатнаас нь эхлээд л зүтгэсэн хэмээн ихэрхэж байсан юм. Гэтэл ичихгүй дараа нь өөрөө энэ өвчнөөр нь өвдөөд зөвлөгөө авахаар ирж уулзсанг хараад инээд хүрч л байлаа. Хамгийн багаас нь эхлээд өндөрлөг өөд нь зогсолтгүй, урвалтгүй зорьсондоо хүрч чадаж л байвал болоо биш үү. Тэр өөрөө миний мэдэхийн гадаадад төгссөн ч наймаачин л хийдэг ш дээ одоо. Мөнгөөр баярхсан тэр өвчнийг харин яаж чадалгүй хүртсэндээ. Өвчин гэж баян, хоосныг ялгахгүй шударга.
Ёстой ямар ч татаж чангаах том ах дүүсгүй ч өөрийнхөө бор зүрхээр явсаар өндөрлөгт хүрнэ гэдэг бол амжилт шүү дээ. Нөгөө ертөнцдөө бол ч тэр бол том удам судартай айлын Алаг Үр нь дээ. Манай Хадам буурлууд түүнийг Алаг Үр гэж дууддаг юм. Эзэн хичээвэл Заяа хичээнээ гэдэг энэ буй заа. Гэтэл яг өөртөй нь яс, цус, мах ижилчүүд нь олон л байгаа тэд ч бас Энэ том удам судартангуудын Үрс. Гэтэл юуны учир нь зарим нь ажилгүй, архи уудаг, амьдрал нь дорой, авгай тогтоодоггүй вэ? Энэ бол Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэдэг үгийг дахин давтан ойлгуулах гэсэн амьд жишээ биз ээ. Удам нь, заяа нь байлаа гэхэд Ухаан мунхаг бол тийм л амьдралаараа амьдардаг гэсэн үг. Хатуу байгаан шүү бас л энэ буурлууд. Хэн нь хичээн зүтгэнэ тэр нь бүр ихийг олно, хэн нь эргүүтэн тэнэгтэнэ тэр нь ангал руу гаа ниснэ.
Нөхрийнхөө энэ өдрийн баяр баясгалан болон буурлуудтай хуваалцсан түүний ярианаас би ийм дүгнэлтүүдийг хийж суулаа. Мөн хэрхэн Буурлуудад санаагаа ойлгуулах вэ гэдэг ямар чухал гэдгийг нөхрөөсөө бүр сайн ухаарлаа. Учир нь нээрээ л бидний залбирал, хүсэл маань өөрсдөө ч яг тодорхой илэрхийлж чаддаггүй юм байна. Дээр миний багш нэг юм ярьж байж билээ. Түүн дээр хэдэн хүн уйлж унжин иржээ. Тэдний нэг хамаатан нь амьсгалын аппаратанд ороод сэхээнд байна. Авраач гэж гэнэ. Багш ч За л гээд боджээ. Тэгээд онгодууддаасаа гуйтал хэдхэн минутын дараа Онгодууд нь салгачихлаа гэсэн гэдэг. Хэлээд хэдхэн минут болж байтал нөгөө хүмүүсийн араас утас ирж тэд уйлалдан хайлалдан бөөн юм болж нөгөө хүн маань өнгөрчихлөө гэсэн гэдэг.
Багш маань хэлэх үг нь ч олдохгүй хэцүүдэж Онгодуудтайгаа тэднийг явсны дараа асуутал. Тэр амандаа хийсэн аппаратнаас нь салгаад аварчихвал болоо гэж та нар гуйгаа биз дээ. Тэгээд л тэрнээс нь салгачихлаа гэж гэнэ. Үхчихлээ шүү дээ, түүний амийг аврах байтал гэхэд Юун сүртэй юм. Үхээ л биз. Сайхан л үхээд бид түүний сүнсийг нь замчлаад л явж байна. Та нар тэр аппараатнаас, сэхээн гээч юмнаас л гаргачихвал гээд л уйлалдаад гуйгаа биз дээ гэсэн гэдэг.
Мөн манай Хадам онгодуудад бас нэг утас ирж байсан юм. Говь-Алтайд байдаг түүний хамаатан нь яг л манай хүү босох үед ирж Хурцжавхлангаар босгуулан нэг цаг үед хоёр талд, хоёр онго шүтээн залрах ёслол болсон. Тэд Говь-Алтайгаас олуулаа бөөн ажил болон ирээд 40 хэдэн айлын онго шүтээн босох компанит ажил өрнөж, ах дүүс нь гэх 200, 300 гаад хүнтэй нь бүтэн 10 өдөр шахуу л 11 сарын хүйтэнд лагерийн байшинд тэрлэг нөмрөн очерлон угаалга гэгчийг нэрсээ дуудуулан хийлгэж эхэлсэн гэдэг. Манай хүүгээс долоо хоногийн өмнө тэднийх манай өвөө буучихсаан. Одоо бусдыгаа хүлээж байна гэв. Гэр барин тэнд бөөгнөрч холоос ирсэн тул хүйтэнд зутарч бид гэрээсээ хөнжил гудас өгөв. Нөхөр маань хүргэж ирээд ирэхдээ ямар сонин юм бэ? хөл толгой алга гэж байв.
Тэгээд манай хүүгийн ёслол болох өдөр Говь-Алтайгаас ирсэн өндөр настан эжий, аав хоёр нь манайд бас ирж оролцсон. Тэр хоёр маш их ядарсан байв. Лав 8 хоног шөнө дөнгөж 2 цаг л унтуул их юм болжээ. Би тэр үед гайхаж байв. Тэр мөн мундаг багшаа тийм олон хүнийг зэрэг босгодог. Гэтэл манай багш ганц манай хүүг л босгож байдаг. Гэхдээ тэр багшаар боссон бол лав манай нөхөр ажилтай тул очиж чадахгүй би ганцаараа тэнд балрах байжээ. Гэртээ тавтай тухтай боссон ашгүй. Ёслол 3 цаг хооронд л бүгд дууссандаг. Тэр олон хүн шиг энэ хүйтний улиралд уулын аманд байсан бол бүтэхгүйнээ л гэж бодсоноос биш бид БӨӨ гэдгийн нарийн учрыг мэддэггүй, Тийрэн гэж ч мэддэггүй байлаа.
Гэтэл хэдхэн сараас л Говь-Алтайгаас мэдээ ирэн нэг л бишээ хэмээн, манай Хадам буурлууд маань гаслан Тийрэн оруулсан гэж уурсаж байсан. Тэгээд тэдний өөрсдийнх нь Онгод шүтээн хилэгнэн тэр зундаа ээжийг нь авч явсан юм. Ээж нь цус харван хэвтэрт шаналан, цоорч эхлэв гэж байсан. Түүний амийг манай Хадам Буурлууд л аварвал аварна хэмээн нөгөө Тийрэн хэлжээ. Ингээд зайран хүү маань бөөлөн Буурлуудаа гуйн амийг нь авраач гэхэд: ЗА гээд явж гэнээ. Тэгтэл оройдоо л Хадам Буурал: Харсан чинь хэрэг алга. Тэгж зовон амьд байх хэнд хэрэгтэй юм бэ? Амийг нь таслаад Хатны ёсоор сүйх тэргэнд нь залаад бид өөрсөд рүүгээ авчихлаа. Мунхаг та нар дандаа өөрсдийн эрх ашгаа бодно. Амьдын сүг болгон түүнийг тэгж тарчлаан амьд байлгах хэнд хэрэгтэй юм. Тэр харин эндээ ирвэл хийх ажил ихтэй гэсэн гэнэ. Хүү мэл гайхжээ. Би юу сонсчихвоо. Буруу юм бодчуу гээд бодсон гэдэг. Гэтэл энэ өдрийн дараа тэр ээжийг нь өнгөрчихлөө гэж Говь-Алтайгаас мэдээ ирж билээ.
Мөн нэг угаа авахгүй удаан онгодуудаа уурсуулан догшруулснаас болж хэд хэдэн хүн нь өнгөрөөд арга үгүйн эрхэнд Угаа авах болсон гэрийхэн багшийнд цуглажээ. Тэдний өндөр өвөг Багшийн биед залран үрстэйгээ учран, хэзээ юу хийхийг нь заах өдөр Үрсээс нь гомдол мэдүүлэх зүрхтэн гарчээ. Та бидний өвөг дээдэс мөн л юм бол яагаад тэр хэдийг минь авч зүрхлэв. Хэтэрхий хатуу хандаж байгаа юм биш үү. Биднийг өнчрүүллээ хэмээн зарга мэдүүлжээ. Тэдний Буурал нь: "Хүн шиг та нар ухаантай байсан бол бид юу гэж ийм юм хийхэв. Юун сүртэй юм. Үхээ л биз. Мулгуу байсан хоёр хүүгээр нь адуугаа мануулж байна бид. Эргүү байсан хоёр охиноор нь аягаа угаалгаж байна бид. Өөр бусдыг нь бас авчраад хийлгэчих ажил мундахгүй л байна шүү. Хүсээд байвал аваад байж болно шүү" хэмээн таг болгосон гэдэг.
Бидэнд л энэ үхэл гэдэг үнэхээр хэцүү ч, тэдэнд бол хамаа алгаа алга. Одоо байгаа орчин цагийн ажил төрөл, хийх үйлээ маш ойлгомжтой тайлбарлаж мэдүүлж чадвал Буурлууд хурдан хугацаанд амжуулдаг бололтой. Харин ерөнхий нэг л юм хальт мөлт цухуйлгавал яг л нөгөө аппаратнаас нь салгаад өгдөг шиг юм болгодог бололтой. Би ч өдий хүртэл өөрөө яг ийм юм гэж гуйж үзээгүй юм байна. Тэртэй тэргүй л буурлууд буусан зохицуулах биз гэдэг сайхан залхуу толгой надад ноёрхсон. Өмнө нь би нөхөр, хүүхдээ хүлээгээд үхчих вий хатчих вий гээд л байнгын дарамттай байдаг байж билээ. Гэтэл одоо тэд харж байгаа юм чинь гээд бараг гэртээ ирсэн ирээгүйг нь анзаарахаа болих хүртлээ амар амгалан болчихжээ. Юм гэж үнэхээр сонин юмаа.
Одоо харин би яг юу хүсэж, байгаагаа яг тод ойлгомжтой тайлбарлаж сурах хэрэгтэйг ойлголоо. Нөхрөөсөө суралцав. Тэр тэгээд Хадам хий үзэгдлүүдтэйгээ ярьчихсан байнадаг. Нээрээ л бид чинь маш их гадаад үг хэрэглэдэг болсон. Нэг Ийм нэртэй тэр нь гадаад нэр, компаниас энэ бас гадаад үг, тэр группээс, ийм тийм багаж, ийм тийм хөрөнгө оруулалт, ийм тийм доллар, ийм тийм төсөл, ийм тийм прожект, ийм тийм гээд бөөн гадаад үг болон орчин цагт гарсан үгсээр ярьж бүтээгээдэх, мөнгө олоодох, гээд л хүмүүс шаарддаг юм байна шүү. Бодоод байхад миний ч өөрийн толгой эргэчихлээ байна.
Монголоос нэг мэдээ ирлээ. Хайдав гуайд миний номыг өгөн, сайн сайхныг хүссэнийг минь дамжуулжээ. Хайдав гуай Бөө гэж юу байдгийг мэдэх ч үгүй байж болно. Мөн ийм мухар сүсэг ер байхгүй орчинд өссөн хүн шүү дээ. Гэхдээ л энэ хүн надаас эрээлхэж цээрлэсэнгүй. Хүн ёсоор хүндэтгэн үзэж ихэд баярлан, амжилт ерөөжээ. Мөн энэ хүн өөрийн Хамгийн дуртай үгээ дамжуулсанг нь та бүхэндээ хүргэе.
“МОНГОЛ БАЙСАН, БАЙГАА, БАЙХ Ч БОЛНО” гэдэг гоё үгийг ХАЙДАВ ГАВЬЯАТ маань хэлж дамжуулжээ. Хичнээн сар би блог бичихдээ Ганц өгүүлбэрт энэ бүх утга санааг багтаалгүй мөн олон юм донгосов. Гэтэл Хайдав гуайн энэ үг байсан бол аль эрт тавьчихаад өөр юм бичихгүй сууж байхгүй юу. Ийм л Аугуу ухаант амьд буурлууд нь ч Монголд байна шүү дээ. Амьд дээр нь тэднийгээ баярлуулж, амьд дээр нь сургаалийг сонсон хүндэлж баймаарсан.
Мөн Монголоос нэг найз маань улс төр гэж алалцаж байнаа. Ерөнхий сайдыг огцруулах гээд л зүтгэж байна. Энхбаяр, Нямдорж хоёр гэв. Базарваани хумпадаа. Барианы шилтэй компотуудаа гэж. Ичиж улайх юм ч алга байхымоо. Өмнө нь Хамаг хэргийг л мэддэг байсан биздээ. Одоо л алдаагаа засна гэх юм. Алдаагаа засаад бичээд, анхааруулаад байж болдоггүй юм байхдаа. Заавал дээд суудалд нь сууж байж алдаагаа засах юм байлгүй. Дээр нь л суухгүй бол засардаггүйг мөн ч сайн мэддэг болохоороо ингэж байж ч магадгүй юм. Тэд өөрсдөө Дээр нь байхдаа Хараагүй, Сонсголгүй байсандаг. Одоо эмчилгээнд яваад үр дүн нь сайн болсон юм байдгүйдээ. Монголд өөр сайн аавын Хүүдүүд байдаггүй юм уу? За Аянга ямар хүн таних биш. Амлалтыг нь хараад, нөгөө мөрийнх нь хөтөлбөрийг л уншиж байж мэдэхгүй бол болохгүйдэг.
За манай хоёр дэлгүүрээс ирж байгаа бололтой. Би Гэгээнийг үргэлж тоглоом авдагт хориг тавих тул өнөөдөр аавдаа: "Над нэг сайхан санаа төрлөө. Ээжийг орхичих. Компьютерээ нүдээд гэртээ байж байг" гэсэн гэнэдээ. Нүдээд байхдаа яахав дээ. Бас л нэг тоглоом чирээд ирж. Эндхийн Дэлгүүрийг өшиглөөд хаямаар шүү. Дэлгүүр чинь үргэлж шинэ бараа ирдэг биз дээ. Гэтэл ердөө байдаг л юм нь байсаар бүр уйдаж үхэх нь. Нөхөр дуртай пивоо аваад уугаад байна. Тийм л гоё амттай байдаг юм байлгүй. Даанч үнэр нь муухай, анхилуун үнэр хийж болдоггүй юм байхдаа. Молоко шиг ч юмуу, баавгайтай чихэр шиг юмуу тиймэрхүү л бололтойдог. Гэгээн дуртай тоглоомоо аваад л энэ хоёр кайфтай амьдарч байнаа. Би нутгийн зүг ухас хийж дэлгүүр орох юм уу хаашаа юм бэ? Идэх юмны төлөө шүү. Миний иддэг юмс байхгүй болохоор мэл гайхмаар амьдрал үргэлжлэх нь хурдан хугацаа дуусч харих минь Монголдоо зүгээр.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.