Monday, October 17, 2011

Манай Алтан Бэр Долгорсүрэн


Бөөгийн ЭХ- Үрэн ёс гэгч хэцүү толгой эргүүлмээр ойлголт байдаг.  Бөөгийн ЭХ- Үрэн ёс гэдгийг өвөрмөцөөр ойлгох хэрэгтэй. Жишээ: би бол Хадам буурлууддаа Улаачыг нь төрүүлж өгснөөрөө Эх болно. Хэрвээ сүүлд миний хүүгийн удамд миний болон манай онгод Тэнгэрийг залан авч явах Улаач тамгалуулан төрвөл Хүү маань түүний эцэг буюу Эх болох болно гэх мэтээр явах Бөөгийн ёсыг хэлнэ. Лав л өмнөх төрөлдөө ч юм уу хэзээ ч юм би бас Хадам нэг буурлынхаа Үр нь болж байсан гэдэг. Тэр намайг яасан яаснаараа ч билээ чи миний Үр минь билээ. Харин Улаачыг минь төрүүлснээрээ чи ЭХ билээ гэж байсан бөгөөд би ямар хаашаа юм бэ? Энэ Бөө гэгч чинь цус холилддоггүй юм уу гээд л мэл гайхаж байсан ч энэ бол Сүнсний мөн чанар, утгаараа өөр юмыг хэлдэг гэж сүүлд арай чүү ойлгомор аядсан юм.
Бөө хүмүүс эцэг, эх талаасаа хоюулангаас нь юм уу эсвэл нэг талаас нь Удам залдаг шүү дээ. Тэр хамаатан саднуудын хэнд ч байж болно. Ер нь Алтан ураг гэх энэ сонин эргэж төрөн, элдэв янзаар наадан тархи эргүүлдэг юмыг Тэнгэр эцэг өөрөө л мэдэх байлгүйдээ. Би л лав мэдэхгүй юм байнадаг. Миний хамгийн энгийнээр төсөөлөн ойлгосноор бол Тэнгэрийн хамаг хүнд хэцүү даалгавруудыг биелүүлдэг тусгай Сүнснүүд л юм байна гэж ойлгож дүгнэсэндэг. Тэд ямар ч хүний дүрд хувилж төрөөд ямар ч хувь заяа эдлээд буцаж болно.
 Жанжин Сүхбаатарыг л харахгүй юу ядуу ард цагаан дээлт Дамдины гэрт төрчихөж л байгаа биз дээ. Ард Аюушийг л харахгүй бас ядуу хүний гэрт төрж л байнадаг. Гэхдээ эд маань цаг хугацаа амьдралын эргэлтээр л хувь заяанууд нь тодорч оройлон тэмцэгч, нийгэмийг өөрчлөгч ямар нэг үйлийг хийсэн байдаг. Занабазар хүртэл тухайн цаг үедээ Монголд хэрэгтэй улс төрийн бодлого явуулаад л талийж байсан. Автай Цэцэн хүртэл тухайн цаг үедээ бас шинэчлэл өөрчлөлт хийгээд л алга болсон.
Хичнээн Шарын шашныг оруулж ирлээ ч Монгол өвөг Дээдсүүдийн гайхамшиг нь дандаа алсыг харсан бодлоготой байдагт оршино. Тэд Алтан судрыг маш сайн мэддэг болохоороо энэ бүхнийг тооцож чаддаг.  Хэрвээ шарын шашиныг маш дэлгэрэнгүй орчуулан, маш дэлгэрэнгүй хүний ой тоонд ортол түгээсэн бол Монголчууд шарын шашнаас амархан салж чадахгүй. Тэр чигт нь хуулбарлан оруулсны цаад шалтгаан бол гадаад хэл дээр байдаг, нэг л хөндий байсаар л хаягдах болно гэдгийг тооцоод л тэр.
Хадаг бол юмыг хүлж баглах, боох шидийн зориулалттай. Тэр хүлж баглах боох шидийг ХЭН хийсэн гэж та нар бодно. Монгол Хувилгаадууд хийчихсэн юм. Цаг нь болохоор тарнийн үгийг нь хуулж хаяна хэмээн хадам шарын Буурал маань хэлж байсандаг. Ер нь манай хадам Буурлууд маш болгоомжтой хянуур алгуур хөдөлдөг. Манай Буурлууд шиг шууд хүүү хааа гээд Яадын яадын гээд хийчихдэггүй. Намайг анх боссоноос эхлүүлээд л манай Буурлуудад Улаачаа арай л хөрүү аргаар бойжуулаад байна. Муу юм ихтэй энэ хорвоод Улаачаа хайрлаарай. Хуяг дуулгатай нь буулгаж байна уу, Манааг нь нэмнэ үү, Хамгаалалт зүүлгэж сайн хэлж өгч байна уу гээд манай хэдэд хэлээд л байсан юм. Харин манайхан мэдэж байна, мэдэж байна гээд тоохгүй л өөрсдөө ажлаа хийгээд байсан тухай надад ховлосон юм. Би ч бас ер тоодоггүй, гадуур дотуур сайн тэнэж өгдөг байлаа.
Олон олон удаа хадам Буурлууд намайг бас давхар хамгаалан, хайрлаж асарсан билээ. Хичнээн би тэдний Алаг үрсийг нь аашилж загнаад, хашгичаад байдаг ч тэд намайг буруу, зөвийг нь хэлэх л хэрэгтэй гээд хамгаалж өмгөөлдөгт баярлаж явдаг. Дээрээ Тэнгэр Буурлууд нь харж Үнэн Худлыг нь шүүж байдаг гэж үнэхээр үнэн шүү. Иймд газар байх эргүү тэнэг, сохор, муу санаатай хадмуудад бүү юм санаж гомдож байгаарай хэмээн нийт хүргэн, бэрчүүдэд хэлмээр байна. Үнэн худлыг ганц Дээд Буурлууд нь харж чаддаг юм. Иймд та зөвхөн өөрийнхөө амьдрал гэр бүлийнхээ төлөө л бүхнээ зориулан хайрлаж хамгаалж байгаарай.
Манай ээжийн талын хамаатанд ганц Алтан Бэр байдаг юм даа. Миний хайртай хамгийн бага нагац ах минь цус харван олон жил ухаан мэдрэл муу, тахир дутуу яваа юм. Түүнийг минь өөрөөсөө ч илүү асарч хамгаалан, хайрлаж явдаг Алтан Бэрээ би зориуд Номондоо мөнхрүүлэхийг хүсэж байна. Долгорсүрэн гэж сувилагч мэрэгжилтэй маш гоё эгч бий. Миний ах уг нь уг барих байсан ч мэдэхгүй явсаар хоёр удаа цус харвасан. Цус харвахаасаа өмнө бэр эгчийг минь их л зовоосон доо. Архи ч уусан даг, авгай ч эргүүлсэн дэг. Мөнгө гээчийг баруун солгойгүй үрдэг хүн байв. Харин Бэр эгч маань мэддэг байсан ч яагаад салаагүйг би ойлгодоггүй байлаа. Би түүнд та ийм гоё юм чинь өөр хүнтэй болоод манай ахыг хаячих, тэр муугаар яадаг юм гэж хүртэл хэлж байв шүү дээ.  Асар их тэвчээр, асар их хайр гэдгийг тэр хүнээс л үлгэр авмаар. Би л лав гоё юм өгнө шүү гэсэн ч тэгж тэсч чадахгүй дэг. Миний бэр эгч насаараа жаргал гэдгийг үзсэнгүй.
 Үүнд би маш их эмзэглэж явдаг ч өөрийн амьдралаас илүү гарч түүндээ туслаж чаддаггүй нь харамсалтай. Миний нагац ах маань намайг нялхаас л чирж гулдран хамт бид өссөн бөгөөд тэр буруу юм хийн зодуулахад би бас хамт тэнэснээрээ, ахыгаа өмөөрч хэдэрлэснээрээ орны хөлд уяулан гэрийн хоёр талд нэг нэг орны хөлд хүлүүлчээд уйлаад хэвтдэг байсан хоёр юм. Ах минь гэрт хомоол татан, би гэр дээрээ хүн харж өгдөг байлаа. Бас ах надад ганц хоёр татуулна. Ахтайгаа би бүх л болох болохгүйг хамт явж хийнэ.  Ах бидэн хоёр төгрөгөөр молоко аваад хоюулахнаа газар дээр нь уучихаад хордлогод ороод хэвтдэг хоёр байлаа. Ээж маань намайг гуйгаад байсан хүнд өргүүлэх гэтэл нагац ах, эгч хоёр маань уйлаад өгөөгүй гэдэг. Ээж оюутан залуу байсан болохоор надаас ичсэн байлгүй дээ.
Айлын авгай болсон хойно ч миний ах л манай гэрээр шагайн өглөө хар үүрээр орж ирж шурт гээд л гардаг байлаа. Миний ах оросуудыг залхтал нь хаалгыг нь нүдэн, айлаар наймаа хийн манай гэрийн тавилгыг шинэчилж өгч байлаа. Би орцоор дүүрэн өмхий үнэртүүлэн Барагшун гэгчийг чанаж ялган, уутанд хийгээд ахдаа өгч тэр түүнийг арилжана. Миний оёсон савхин куртка, шубыг ах маань орос айлуудаар яван зардаг байлаа. Дэндүү сэргэлэн, хөдөлгөөнтэй сайхан сэтгэлтэй ах маань даан ч хар залуугаараа цус харваад хүний гарт орсон юм. Ахын маань гол чанар нь хүнд тусархаг хүн байсан юм.  Одоо ч миний Бэр эгч маань өрөөл татанхай ахыг маань чирээд өдөр бүр ажилдаа явна. Ажил дээр нь ах үүдэнд нь ажил дуустал сууж байна. Өдөр бүр ингэж явна гэдэг хэцүү баймаар. Бэр эгч маань ахыг гэртээ орхивол харах хүнгүй, ямар нэг муу юм болчихвол амьд яваад яах юм хэмээн чирсээр л явна.
Орой хоюулаа хөтлөлдөөд л нурж унах гэж буй гэр лүү гээ гэлдрэнэ. Өвөл ч, зун ч, бороотой ч, цастай ч хамт л хөтлөлцөөтөй, удаан зөөлөн чирэлцэж алхсаар өглөө бүр ажилд ирж хамт тарна. Өвлийн хүйтэнд түлэх түлээгүй байлаа ч миний Бэр эгч гутаж гунихгүй. Хэдэн давхар юм өмсөөд л чичрээд давчихна. Хоолгүй хоосон хоносон ч уйлж унжихгүй. Гүрийж байгаад л цалинтайгаа залгачихна.  Ийм нэгэн хайрын сэтгэл үнэхээр Монголд минь байдаг юм даа. Бэр эгч маань ядарч туйлдан өтөлж эхэлжээ. Ямар гоё цав цагаан, сайхан хүүхэн байсан гэж санана. Гоё дуулна, сайхан ааштай тийм гоё эгч байсан юм. Түүнд миний золгүй ахыг хайрлахаас өөр ямар ч сэтгэл, амьдрал байхгүй нь гайхалтай. Өрөөл татанхай болон наснаасаа эрт хөгшрөн өвгөрч, царай алдсан ахыг маань үнэхээр хөөрхөн шүү миний хань Лууяа минь гээд л эгч үнсдэг юм. Өрөвдөхгүй, уйлахгүй, харамсахгүй, бахархахгүй байх арга байхгүй.
Хайрын цоо Үнэн түүх гэгчийг би ингэж өөрийн нүдээр харсан юм. Үнэхээр л Алтан бэрдээ. Ах маань ажлын үүдэнд өдөржин суун эмээ сайн уугаарай ах шигээ болно шүү хэмээн хэлдэг гэсэн. Ухаан санаа нь бол мэдрээд гайгүй хааяа л орж гарна. Нэг хэсэг эгчийг маань ажил дээр өвчтэй юм дагуулж ирлээ хэмээн нилээн ад үзэн ажилгүй болох дөхөж байсан ч тэгсээр дассан бололтой. Бэр эгч маань Алтан Бэр шигээ бас Алтан сувилагч л даа. Насаараа энэ ажлыг үнэнч шударга сайн хийж, хүний төлөө харайсан юм.
Би хааяахан л илүү халиу юм байвал илүүчлэн, эрж сурж өгөхөөс өөр олигтой нэмэр болохгүй.  Энэ яваа насандаа нагац  ахынхаа ачийг хариулж чадахгүй байж магад хэмээн шаналдагч одоо харин үхвэл хоёр нагац ахтайгаа заавал хамт дээр амьдарнаа гэж боддог. Аав маавдаа хэлж байгаад ахыгаа элдэв дэмий төрөл дамжуулахгүй авах юм шүү хэмээн боддог. Бас том нагац ахдаа нэг том нүдтэй авгай олж өгөөд, бага нагац ахынхаа авгай Алтан Бэрийгээ бас аваад л бүгдээрээ амар мэнд амьдарвал болдог болов уу, яадаг бол.  Нагац ахын амьдрал бас л зах зээлийн хүнд хэцүү нөхцөлд дээсэн дөрөөн дээр л дэнжигнэх нь аймаар.
Бэр эгч өөрийгөө ч үзүүлж чадахгүй өвчин намдаах эм уучихаад л амьдрах гэж зүтгээд л яваад байгаа. Өөрийгөө умартаж өрөөлийг ачлах энэ хүн бол өнөө цагт ч байгаа Монгол эмэгтэй, Монгол эх хүн, Монгол хань даа. Хоёр хүү нь одоо л том болж ухаан сууж байгаа байлгүй дээ. Ээжийгээ бас л зовоодог сураг байсандаг.  Өөрсдийнх нь ухаан л мэдэж дээ энэ хүүхдүүдийн.  Ажил төрөл олж хийгээд золбоотой явбал аав, ээжийгээ амраахсандаа.
Монголд маань ийм гэм хоргүй хирнээ ямар олон айлууд хүнд хэцүү амьдарч байгаа болоо. Айдас хүрмээр. Би хоёр сайхан нагац ахтай, гурван сайхан нагац эгчтэй, ганц амьд хүргэн ахтай хүн дээ. Бусад нь аль хэдийн Чад хийчихжээ. Аймаар юм. Хорхойд ч хоргүй энэ хэд маань Монголд сайхан амьдраасай билээ л гэж хүсэх юм. Ийм олон олон айлууд байгаа болохоор Монгол маань хурдан сайхан болохгүй бол сэтгэл өвдөөд салахгүй нээ.
Өнөөдөр би өргөөндөө сууж байтал миний ард маш том санаа алдах сонсогдлоо. Нөхрөө ороод ирсэн юм уу гэтэл тэр алга. Миний нөхөр тэр бүр буултанд суудаггүй. Надад тэг, ингэ, ийм юм бүтээмээр байна шүү гэж захиалчаад л явж байдаг амар амьтан шүү. Монголд сэтгэл зовоод нулимс урсахад Манайхан бас намайг дагаад үймрээд санаа алдан байгааг нь ойлголоо. Би Бөө болохоосоо өмнө аавыгаа санаад шөнө босоод уйлж суухад миний яг хацар дээр амьсгаа нь мэдэгдэн, салхи үлээлгэн бас нэг гүн санаа алдаж байсан удаатай. Аав минь миний хажууд намайг өрөвдөөд бас уйлж суусан байхдаа.
Миний нүд ор, дэр нэвтэртэл бөөн бөөнөөрөө урсдаг маш хачин их нулимс үйлдвэрлэгч сонин нүд шүү. Зүгээр нулимс үйлдвэрлэдэг бол яахав гэсэн зүрх сэтгэл базаж байгаад л шахаад гаргаад байдаг нь дэндүү. Яаж ч бодсон, яадаг ч байсан Монгол маань сайхан болохгүй бол амар амгалан үхэх арга алга юм байна.  Энэ Монголд миний хүүхдүүд, миний хамаатан саднууд, бас яг тэдний ижил түмэн олон байгаа болохоор амарч жаргах асуудал үнэхээр алгаа. Ёстой л эрэгтэй ч байсан болоосой, илдээр тулалддаг ч байсан болоосой гэж өөрийн эрхгүй хүсдэг юм байна. Байлдаж болдог байсан бол эр эм ч ялгаа юун, зэвсэг бариад ч тэмцмээр санагддаг л юм байна даа. Ямар аймаар юм бэ? юм бодохоо болихгүй бол болохоо байх нь байна. Ум маанэээ бод мээээ хумааа би юун нүгэлт юм бодвоо базарваани хумпад барианы шилтэй компотнууд минь ээээ  байдаг хий үзэгдлүүд минь буруу бодлоос ангижруулж хайрлаарай. Алтан бэрээсээ болоод элдэв юм бодсоор бүүр үймэрдэг гэжийш дээ. Үнэхээр л ядарч амьдарч байгаа хүн даанч их байна шүү дээ. Тэнгэр минь.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.