Wednesday, October 26, 2011

Эндхийн айл хэсч Тэнгэр лүү бууддаг баярын үеэр Манайхан ихэд тавгүйцэв







 Эдгээр зурагнуудыг орой авсан бөгөөд Онгодууд маань ихэд уурлан. Би бас толгой өвдөн, дотор мухайрч, огиулав. Маш тавгүйцсэн учраас Хамгаалалтын бүх цэргүүдээ өөрийн байшиндаа ор гэтэл тэд зөвшөөрсөнгүй. Багтахгүй гэнээ. Зөндөө олон байгаа гэв. За ямар ч байсан байшингаасаа хол бүү бай гээд гарч харав. Ашгүй манай ойр хажууд буудах хүмүүс нь зайтай юм байна. Манай байшингийн хашаа ч бас том нь яамай даа. Гэхдээ л их тэвчин чочов.
      БАС НЭГЭН ЧИНГИС УДГАН ТАЙЛГА ТАХИХ ЮМ БАЙХ АА. зөв л хийгээсэй билээ.
Цаана чинь Монголд бас нэг Чингис буудаг удган тахилга тайлга хийлгэнэ гэнэ дээ. ТВ үүдээр реклам нь яваад л сүйд хийж байна гэнэ. Хаанаас би асуухад бас яаж яваад би тэнд нь буучихсан гэх юм болдоо. Надаар ч удахгүй Хааныг өмнөө сөгдүүлээд гэх нь халаг байх чинь. Өмнө нь намайг тэр Давааням гэх нөхөр хичнээн буулгаж тайлга тахилга хийгээ биз дээ. Дараа нь бас Чингис буудаг нисдэг Бөө байна гээд байсан. Одоо бас нэг удгантай болоод байхдаа яахав дээ. За тэгээд цаг хугацаа нь харуулна биз. Чи хийх юмаа л хийж байвал болно доо. Хэн юу гэх нь ямар хамаа байна.
Хаана ямар тахилга яаж хийхнэв харж л байя. Хааны тахилга, тайлгийг хэн хүссэн нь зарлаад л хийлгэдэг амар юм болжээ. Харин энэ судрыг уншаад тайлаадах гэвэл ирэх хүн хир олон олдох болдоо. Чи юмаа хий, өөр ажил төрөлд орж ийм тийм амьдрал мөрөөдөн цаг бүү үрээ гэв. Хаан өөр хүн дээр буудаг бол аштай юу энэ олон бичиг цаас, элдэв түүх бичих шаардлага над үгүй. Би Бөө гэгч болсоор тархиндаа л орлого оллоо, харин карман дахь минь гөвөгдөөд дууссан байтал бусад Хаан буугаад байгаанууд нь тахилга хийгээд л мөнгөтэй болчихоод байх юмаа.  Тэнгэр шударга бус байгаа юм биш үү. Намайг болохоор тохой цоортол юм бичүүлэн, компьютерийн ард өдөржин уяж хордуулан, тив улс алсгуулан Тийрэн, чөтгөр соруулан ганц сохор зоосны төлбөргүй ажиллуулах энэТэнгэр болон Хаан маань шударга биш юм биш үү.
Хэрэв би Бөө болоогүй бол нөхрийнхөө буянд эрхлэн, өөрийн ажлаа хийн, орлогоо олоод л найгаж ганхаад л наашаа цаашаа нисээд л явж байгаа шүү дээ. Би жилдээ нэг Японд очин амарч, дуртай дэлгүүрүүдээрээ хөлийнхөө ясыг гартал явж нөхөр, хүүхэд, өөрийнхөө жилийн хэрэгцээ хувцас хунаруудыг бэлдэн, эсвэл өөр орон яваад л сайхан дэлгүүр хэсдэг байлаа шүү дээ. Намайг нөхөр болон дүү нар маань дуртай зүйлийг нь таслалгүй л харж үзэн, өнгө өнгөөр нь хувцас овоолон, өөрийн хүссэнээрээ л амьдарч байсандаг. Над шиг од мичид биш байтлаа тансаглах хүн Монголд бас л ховор шүү.
Дуртай юмаа хийж хийчихээд, дургүйгээ хүрвэл найз нартайгаа савчихаад л явдаг байлаа Аянга.  Гэтэл сүүлийн хэдэн жил л Бөөгөөс болж миний эрх чөлөө, амьдрал маань асуудалд орооцолдон зовлон нүүрлэж эхэлсэн. Бусдаас онцгой элдэв бүхэн хорио цээргүй Бөө болсон азтай ч би үргэлж л хяналтад амьдардаг ш дээ. Жорлон орсон ч, усанд орсон ч , нөхөртэйгөө унтсан ч би гээч үргэлж яагаад би ийм тэнэг амьдрал үзэх ёстой юм бэ гэж бодно. Миний Хүн болж төрсөн бүх зүйл хяналтад орсон. Ямар сайндаа эхэн үедээ дасаж чадахгүй толинд өөрийгөө харахаас ч айдаг байв. Одоо ч харахаа бараг больжээ. Би ямар нүүртэй байснаа ч мартаж. Энд байхдаа хар арьстай хирнээ л нүүрээ будаад, байдгаараа гоёсон байгаа энгийн хүүхнүүдийг хараад атаархана. Тэд над шиг биш, өөрөө өөртөө эзэн.  Тэд юу ч бодохгүй дуртай юмаа хийж чадна. Харин би бол ӨӨР.
Нөгөөдүүл чинь харж байгаадаа. Юу гэж бодож байгаа бол гэж бодонгуут дургүй хүрээд толинд ч харахаа больсон. Одоо ч гэсэн. Би тэр толинд хэний, юуны төлөө харах юм бэ? Миний царай одоо хөөрхөн байна уу, муухай байна уу хэнд хамаатай юм бэ? Би өөртөө хамаагүйгээс хойш. Хүн өөрөө өөртөө л зориулж толинд хардаг байсан юм биш үү. Би дэлгүүрээс маш олон хувцас аван өмсөж үзэн, толины өмнө тохируулан зохиж байгаа үгүйг нь харан баясдаг байлаа. Одоо бол гарт эхний ээлжинд таарах юу байна түүнийг нь шүүрч аваад л болоо. Дэлгүүр хэсэх ч сонирхол бөхжээ. Надад хүсэл, шунал гээч юм устжээ. Би одоо мөнгө олдвол Буурлууддаа зориулдаг болсон.  Хурааж байгаад л Тэднийхээ дуртай юмыг авч өгдөг юм. Хатдууд минь надаас хамаагүй дээр гоё юманд дуртай. Тэдний баярлаж байхыг би харах дуртай. Тэдний гоёлыг би зөвхөн бөөлөх үедээ л хэрэглэнэ. Бусад үед хэрэглэдэггүй. Энд би буурлууддаа гоё том Дун авч өгсөн. Бас нэг эндхийн модон гоё зэвсэг авч өгсөн. Хатангууд маань хумсаа үргэлж нэхдэг байсан Монголд. Тэр тэнэг хогоор яадаг юм бүү мэд. Гэхдээ л би хийлгэж өгч амжаагүй ч заавал авч өгнө гэж боддог.
Гэтэл энд ориг алтан хумсыг нь би харсан. Би түүнийг нь блогны тоо 50,000 хүрвэл  авч өгөхөөр амлаад байсан ч би түүнийг тийм хурдан хүрнэ гэж бодоогүй жилийн дараа хүрнэ гэж бодсон юм. Гэтэл хурдан хүрсэн учраас би тэднийг хоолонд л оруулсан. Нөгөө хумс нь үнэтэй учир би гурван сар хураасан мөнгө маань  хүрэхгүй шүү дээ. 100,000 хүрвэл авч өгье за гээд л эрхлүүлж байгаа Тэднийгээ.  Тэр өгөр хумсаар юу хийдэг байнаа. Энэ хий үзэгдлүүдээс болж галзуурч ч болохгүй мөн хэцүү яа.
Миний дүү нар таныг олон хүн таньдаг болчихвол та гоё байх хэрэгтэй шүү дээ гэнэ. Үгүй шүү. Би тэдэнд зориулж гоё байхыг хүсэхгүй байна. Би өөрөө өөртөө өөрөө сайхан байхыг л хүсдэг байсан бөгөөд яг тэрүүн шигээ одоо байхыг ч хүсдэг. Гэтэл би үргэлж хяналтад байдаг гэж бодсоор үнэндээ энэ бүхэн маань алга болсон доо. Яаж ч эсэргүүцээд нэмэргүй би эсэргүүцлээ ингэж л гаргахаас өөр арга үгүй. Та бүхний нүдэнд харагдахгүй ч үргэлж намайг дагах тэр олон онгод цэргүүд миний уурыг хүргэдэг.
Хувцсаа солихдоо хүртэл хаана орж солихоо боддог. Хаанаас хэн нь харж, юу гэж бодож байгаа бол гээд л Та бүхэн энэ бүхэнд өөрийгөө оруулаад боддоо. Ямар хатуу хувь тавилан надад учирсаныг төсөөл. Хэзээ ч сайхан санагдахгүй.
Харин би одоо бол тоодоггүй. Усанд орохдоо ч санаа зовохоо байв. Нүцгэн явахдаа ч хүний бие гэдэг чинь хувцас гээ биз дээ. Үхэж одоход хуучирсан үнгэгдсэн хувцас мэт л хаягдана хэмээн өөрийгөө тайтгаруулна. Хэн тэр хүний биеийг анх зохиохдоо ийм нүцгэн шалдан ч явж болохгүйгээр зохио гэсэн юм. Үсээр бүрхсэн бол амар байсын. Өөрсдийнхөө зохиосон биеэ өөрсдөө л шүүмжлэнэ биз. Надад хамаагүй шүү хэмээн би зөрүүдлэнэ.
Учир нь нэг сонин явдал болж байсан юм. Миний хүү зайран угаа аваад хэдэн сар болохдоо өргөөндөө унтдаг байв. Тэр өмдгүй гуяа гаргаад л өргөөндөө явна. Унтана. Гэтэл Буурал онго нэг удаа загнан: "Улаач хүүрийг дээ. Өргөөнд нүцгэн гуяа гялалзуулаад л наашаа цаашаа яваад байх юм. Ганцаараа байна гэж боддог юм байхдаа. Хатдууд нүүрээ нуух гэж зовох юм. Тэд амар амгалан баймаар байна. Гуя хасаа далдал" гэж байж билээ. Нүүрээ нуугаад байхдаа яадын юун айлгүй юм хэхэхэхэ. Хүү зайран нь л явж байгаа биз дээ. Ямар бүр нүцгэн явж байгаа биш гэж би бодож байв.
Мөн намайг "зайран онгодууд байхад чинь эгч чинь халуун байна яадын гээд хувцсаа шидчээд яваад байна" хэмээн миний дүү нартай чатлахдаа Онгодууд ховлож байсан. Юун маягтай юм. Халууцаж үхэх гэж байхад чинь. Хөлсөө гаргасаар өмхийрч илжрэх юм уу тэгээд, хэн тэгээд ийм тэнэг биеийг зохиолоо. Та нар ч биетэй байсан биз дээ. Аягүй бол өөрсдөө нүцгэн сууж байгаа даа хэмээн би хэдэрлэнэ. Гэхдээ бусад хүнд сануулахад бид ч яахав өөрийн гэр орондоо өөрийн хэдтэйгээ хэрэлдээд л байж байгаа ч үнэхээр эд маань нүцгэн цээж, гуя гаргахыг ихэд буруушааж дургүйцдэг.  Өөр айлын онгон шүтээн буурлуудтай газар энгэр нь ил задгай, богино юбкатай орвол уурлуулна шүү. Тэр байтугай хоёр ч удаа би нэг юм харсан. Олуулаа засал ном хийлгээд байж цугласан байхад нэг нялх хүүхэдтэй эмэгтэй хүүхэд нь уйлахад хөхүүлсэн бөгөөд тэр олны дунд ядахдаа цамцныхаа доогуур мээмчигээ гаргаж болдоггүй юм байхдаа. Зургаа зуруулах гэж байгаа  юм шиг л хамаг юмаа ил гаргаад л хөхүүлэн суув. Гэтэл Хадам буурал ихэд хилэгнэн Онгон шүтээнтэй газар Дэлэнгээ гаргалаа хэмээн ихэд уурссандаг. Манай Хадам буурлууд бол ичиж айна, эргэлзэж тээнэглэзэнэ гэж даанч байхгүй шууд л аваад хаядаг юм.
Нэг үгээр хэлэхэд өргөөний хойморт өндөр Дээд буурлууд хаад, Тэнгэрүүд заларсан байхад өөдөөс нь мээмээ гаргачаад байгаа гэдгээ бодно уу? Та тийм кино ч үзээгүй биз дээ. Хичнээн нялх хүүхэдтэй байлаа ч хурсан амьд олныг тоодоггүй юм гэхэд харагдахгүй ч харж байдаг Шүтээн буурлуудыг дорд үзсэн хэрэг юм. Хүүхэдтэй ч хүүхэдгүй ч тэр бол таны л эрхтэн биз дээ. Хүүхэдтэй үедээ ил гаргаж болоод байдаг бол хүүхэдгүй үедээ яагаад ил гаргаж болохгүй гэж. Хүүхэдтэй үедээ нуудаггүй байж, хүүхэдгүй үедээ нуугаад байх учир юу байна. Аль нь ч байлаа тэр бол таны хувийн өмч, таны эрхтэн учраас хямгадаж явбал зохилтой.
Үнэхээр энэ Сүнснүүд гэдэг бол амьтай, биднийг харж байдаг. Тэр тусмаа улаач хэмээх БӨӨ нарыг хорин дөрвөн цагаар манан сахидаг. Тамтай байгаа биз дээ. Хулхидаад зугтаах арга байхгүй. Кодтой, хүзүүндээ мэдрэгч зүүсэн хоригдол шиг байна гэдэг. Иймийгээ хүн мэдрэх юм бол ихэд уур хүрч бухимддаг юм билээ. Яагаад ч тэднийг дийлэхгүйгээ мэддэг юм чинь өөрийгөө анхаарах сонирхолгүй, хүсэл тэмүүлэлгүй болдог.
Өөрийн хувь тавилантайгаа эвлэрэхэд хэцүү байсан би яаж ийгээд л эсэргүүцэл үзүүлдэг байж билээ. Нэг удаа гадуур явах болоход би бүх зүүлт чимэглэл энэ тэрээ орхин явахаар шийдэв. Хүзүүний зүүлт, ээмэг, бөгж юу ч бай Бөө хүнд хамгаалалт болно. Би өмнө нь дэлгүүр явах гарахдаа ээлж ээлжээр зүүн хөөрхий өнөөдөр таныг авч явж гоё юм үзүүлнэ гэдэг байв. Би зах орох яснаасаа дургүй хүн байсан бөгөөд захруу очихгүй хичнээн ч жил амьдарч болдог байв. Гэтэл энэ Онгон шүтээн буух болсонтой холбогдуулаад зах гээчээр  тэнэг болтлоо гүйж сурсандаа. Манай Онгодууд харин зах орох дуртай гэж жигтэйхэн. Гэхдээ мэдээж Хатан онгодууд шүү дээ.
Гадагш гарахдаа бүх зүүлт, бөгж, ээмгээ хүртэл мулталж тавиад л би: "Та нарыг бүгдийг чинь гэртээ хаяад явна яадын. Яахаараа дандаа хүн дагаж ядаргаатай байдаг юм бэ? Надаас зайлахгүй юм, ядахдаа гэртээ үлдэж сур" гэж бодонгуут бие минь хөдлөөд л нуг нуг инээгээд л: "Чи мөн хачин юм бодвоо. Бид чамаас ингээд л зуураад явна даа" гэтэл Нуруу маань загатнаад л маажиж гарав. Мөн би огиулаад л, хөлс гаран ОО гүйв. Галзуурч унамаар юм бэ яасан. Үнэхээр галзуурдаг бол яахав гэхсэн. Гэтэл цэв цэлмэг байх ухааныг чинь би яахын. Манай Онгодууд байтугай Хадмын онгодууд хүртэл намайг хаана хэнтэй юу гэж ярин, хаана бааранд орсон бүгдийг нь мэдэж байгаа юм чинь яахын. Зэвүүн гэдэг нь уур хүрмээр. Хамт л дагаад савчихна. Хаа ч явсан хамт гэж мэдээрэй гээд л миний нуруунаас маажаад байхдаа яахав дээ. Арай ч дээ. Нэгэнт л хий үзэгдлүүдийн гарт олзлогдсон надад хувийн жаргал, хувийн эрх чөлөө, хувийн асуудал, хувийн амьдрал, хувийн хүсэл сонирхол, хувийн шунал, хувийн өөрийгөө гэх сэтгэл ч үгүй болсон байх юм. Миний хөлийн хумс хөдөө тийшээ махийж, гарын хумс гадаад тийшээ махийсан ч яадын. Миний үс тал нь халзан, тал нь сэгсгэр байсан ч хамаа алга санагдан уур хүрч их л тэмцэлдэж байлаа би. Хатуу хувь тавилан шүү БӨӨ болно гэдэг.
Одоо би гэдэг хүн өөрийнхөө төлөө биш ердөө бусдын төлөө л амьдрах үүрэгтэй юм чинь яадын. Хүмүүс та нарт тус л болж байвал Дагина ч байсан ялгаагүй, Мангас ч байсан ялгаагүйдэг. Би Аав минь өнгөрснөөс хойш л бөөн хариуцлага үүрч ирсэн. Дүү нараа өсгөх, тэднийг хүний зэрэгт хүргэх гэж хойд гэх хогтой үзэлцэн алалцаж, төрсөн эхтэйгээ муудаж, туйпуудана шүү нөхрийг чинь гээд заналхийж ээжийгээ зовоодог байлаа. Гэтэл одоо бодоход ээж маань цэл залуу байсан болохоор нөхөр авах л ёстой байжээ.
Дараа нь би өөрөөс гарсан хэдээ өсгөж хүний дайтай болгох гээд борви бохис хийлгүй л ажилладаг байжээ. Дүү нар маань гараас гарч, хүүхдүүд маань том болоод өөрөө жаргах цаг иртэл БӨӨ гэгч болж чи одоо бусдын төлөө ажилла гэх юм. Хэрвээ би амин хувиа бодвол түвэг л баймаар байгаа. Гэвч би Дэлхий ээж буун ядруу дуугаран арай гэж амьсгалж байхыг мэдэрснээс хойш түүний төлөө амь хайргүй зүтгэе гэж бодож эхэлсэн юм. Хүн болон амьд бүхнийг хайрлах хуулийг эд надад мэдрүүлснээс болоод би БӨӨгийн ажил хийн, өөрийн хувийн жаргал, хувийн хүсэл, хувийн гэх бүхнээ хаяжээ хөөрхий. Үе үе энгийн хүмүүсийг харан атаархаж, өөрийхөөрөө байх сайхнаа мэдэрхийг хүсвэл Яахаараа заавал би гэж, яагаад өөр бусад нь хийж болдоггүй юм бэ гэж бодох ч үе их ирнэ. Над шиг хувь тавилантай Бөө нар л ойлгох байхдаа хөөрхий. Гэхдээ л та өөрийгөө миний оронд оруулаад мэдрээд үзвэл ямар гунигтай, хэлэх үг олдохгүйг мэднэ.
Харин нэг удаа миний хайртай хүндэлж явдаг ах Дүнгэр гэж хүн бий. Энэ хүнд би Тэнгэрийн хишгийн идээ будаанаас өөрөө аваачин өгөөд өөрийн тухай хэлэн өмнө нь надад туслаж байсанд талархсан бөгөөд ухаантай хүн гэж шал өөр. Насаараа Сүнсэнд итгэдэггүй хүмүүжлээр өссөн ч намайг худлаа ярьж, хулгай хийхгүйг мэдэх учраас энэ хүн өөрийн үзэл бодол болон үзсэн сонсонтойгоо тэрсэлдэж байсан ч намайг ойлгохыг хичээсэн юм. Ихэд гайхан сонссон ч Хамгийн ҮНЭН үгийг над хэлж билээ.
"Миний охин яасан хэцүү юм бэ! Хүний эрхшээлд л амьдрах нэг талаасаа их муухай юм биш үү? Больчихож болдоггүй юм уу?" гэж билээ. Би өөрийн эрхгүй нулимс асгараад, тэднийг ховлоод, орилоод уйлмаар байсан ч асар их тэвчээр гарган инээгээд өнгөрөөсөн. Миний зүрх тэр аяараа уйлж дотор нулимсан үерт автаж байсан. Хэн ч энэ талаар боддоггүй, бодсон ч хэлдэггүй байх. Харин энэ аав шиг минь түшигтэй хүн намайг дор нь задлан шинжлээд шинжлэх ухаанчаар шинжилж  АкауДэмч хүн гэж ийм байдаг гэдгээ харуулсан юм. Яг миний хүнд хэлж чадахгүй дотроо хурааж, эмзэглэж явсан сэдэв юм даа.
Больж болдог байсан бол анханаасаа л болохгүй шүү дээ. Болохгүй гэснийхээ төлөө би гурван сар эмнэлгээр дамжин, хаа ч байхгүй хачин гайхмаар өвчнөөр өвчилж, галзуураагүй байж галзуугийн эмнэлэгт очихоос цааргалан Бөө болсон түүхтэй.
Аааааааййййл хөөөөөрхиййййй Аянгаааааа минь дэээээ хөхөххөөөөө л гэж өөрийгөө боддог боллоо доо.
Миний түүхийг эхнээс нь өнөөдрийг хүртэл уншсан хүмүүс Аянга Бөө болсноор хэрхэн өөрчлөгдөж, мөн хэрхэн амьдрал хамаг юм нь тэс өөрчлөгдөн, мөн би хэрхэн эрх чөлөө мөрөөдөн хааяа эдэнтэй хэрүүл хийн зөрүүдлэн тэмцэлдэж ирснийг мэднэ. Надад нэг ч үг худлаа өөрөөсөө зохион бичих шаардлага гарч байсангүй. Зохиолоо гэхэд би юуны төлөө ЗОХИОХ ВЭ?  Энэ цагийн мөнгөний төлөө бол блогт үнэгүй бичин суух ямар хэрэг байна. Ямар нэг зохиол ч юм уу, судалгаа болгоод бичиж болно. Зохиогоод л болох байсан бол би засал хийн хүний муу муухайг сорж авч биеэ өвтгөх хэрэг байна уу? Зохиолоо гэхэд өчнөөн мөнгө үрэн Бөө болох шаардлага байна уу?
Нэг бол Бөөгөө хийгээд толгой өндийхгүй хүний чөтгөр хөөгөөд бусдын жишгээр амьдарч яагаад болоогүй юм бэ? Над шиг хатуу үйлдээ галзуу сайн Бөө ховордоо ховор. Цайны сүүгээр тасрахгүй, торго дурданд умбаад л сууж л байвал суух байтал яагаад заавал тэр хэцүү ГЭГЭЭРЭЛ гэдгийг л тайлбарлан хэнд ч сонин биш өөрийн амьдралаа түмэн олонд тайлагнан суух ёстой юм бэ? Нөхөр маань хэзээ нэг цагт миний блогоор зочилбол намайг мэдрэл муутай юм уу хамаг юмаа тайлагнаад гээд хаяад явж болно шүү дээ. Аянга өтөлсөн хойноо нөхөртөө хаягдвал хэцүү еэ. Цайгаа тэгээд хэнтэйгээ хувааж уух юм бэ? Хэрэлдсэнээ хүртэл бичихээр чинь яахын. Тэгээд худлаа юм зохиогоод хөтлөлцөж, үнсэлдэж байгаад л Бөө болсон гэх юм уу?
Миний амьдрал хэрэлдэхдээ хэрэлдээд, зодолдохдоо зодолдоод, хэлэлцэхдээ хэлэлцээд л, хайрлахдаа хайрлаад л  явж байдаг нь Үнэн юм чинь яахын. Би түүнийг надаас түрүүлээд Чад хийчих бий л гэж айн араас нь санаа тавьдаг. Тэр байхгүй болчихвол өдөр нь яаж өнгөрч, шөнө нь яаж дуусах вэ дээ. Түүнийг хэн нэгэн гомдоовол хамаг уур хүрч өмнөөс нь очоод зодоод хаячихмаар санагддаг. Гэтэл тэр дэндүү сайхан сэтгэлтэй. Эргээд л мартаад, мангартаад тэр минь, энэ минь гэхээр чинь яахын зодож болохоо байчихна.  Тэр бол дэндүү, дэндүү гэхээр өөрийн хүүхдүүддээ хайртай сайн эцэг. Бүр нэг толгойгоо өгч бай ааваа би өшиглөж тогломоор байна гэвэл Май гээд л аваад өгөхөөр. Харин би эсрэгээр хүүхдүүддээ гөвөөд авч чадна. Охиноо бол бүр аман дотроо хайлчих вий хэмээн эрхлүүлнэ. Хир халдаанаа нэг үгүй. Охин маань тэгээд дураараагийн Оргил ууланд амьдардаг хүн дээ.
Тэр хичээлдээ явахгүй гээд би өглөө очин хөөж босгоход бүүр гөжүүдлээд. Хөлнөөс нь чирсэн чинь орныхоо толгойноос зуураад тавихгүй болохоор үснээс нь татаж босгож байгаад хичээлд хөөж явуулсан удаатай. Гэтэл тэр дараа нь миний хөлийн чимээнээр шкафанд орж суугаад л хичээлээ тасладаг байсан байгаа юм даа. Би түүнийг хичээлдээ явж гэж бодоод ажилдаа явна. Тэгж байгаад баригдан бид хоёр зодолдоход тэр утас аваад л: Аааавааааа, энэ авгайгаа хараачэээ гээд л ааааааууууу гээд л орилов. 20 минутын дараа миний нөхрийн нүд орой дээр гарчихсан ажлаасаа гүйгээд ирж байлаа шүү. Тэр бид хоёрын дунд нь хавчуулагдан нүдүүлж  байж салган хоёр өөр, өөр өрөөнд оруулав. Охиндоо намайг муулан тайтгаруулж, надад охиноо муулан тайтгаруулав.  Хэхэхэ ийм л инээдтэй хөгтэй юм болдог байв даа. Охин тэр үед тэр сургуулийн хүүхдүүд нь таалагдаагүй, багш нь намайг загнасан гэх шалтгаанаар бүтэн семестр пялсан байсан шүү.  Мэдээж аав нь 100 хувь охиноо өмөөрөн ойлгож, Би 50 хувь өмөөрсөн ч 50 хувь буруутган ийм юмыг тэссэнгүй арчаагүй хэмээн алалцсан юм даа. Бага байхдаа ч яахав эрхэлж болоод байсан ч жил жилээр  нэмэгдэх насыг яана даа Миний охин. Аав, ээжийгээ одохоор амьдралд яана даа Миний охин. Одоо ч утсаар урвагнан: Би гээч чинь юун стеак мистейк идэхдээ манатай, тахи махид суухаа бүр байлаа. Бууз мууз мэтхэн олж идэж, автобус энэ тэрд суугаад байна наана чинь гэсэндээ. Ингээд л аав нь охиноо авнаа хөө гээд л харайж эхэлсэн юмдаг. Уг нь ажил хийлгээд амьдрал үзүүлж, нөхөрт нь даатгаад орхимоор ч Амьд байх хугацаанд минь эрхлэж байг хэмээн Эрхлүүлнэ.
Нөгөө ертөнцөд бол миний аав түүнийг өмөөрөн халхавчилж, эрхлүүлдэг гэсэн. Аав маань амьддаа харж чадаагүй, анхных нь зээ хэмээн эрхлүүлдэг бизээ. Ингээд л Газар Тэнгэргүй эрхэлсэн ганц шар охин бидэнд заяачихсан юм даа. Тэр бүр Чингис Хааны ч үгэнд ордоггүй амьтан байгаа юм. Хаан бүр нэг удаа чи битгий яваа гэртээ бай гэсээр байтал манай ээжийг буулгачихдаа, би түүнтэй ярина гэхэд Хаан: "Ээж чинь зөвшөөрөхгүй, алгадаад л хаяна. Аашилж загнана. Харин би чамд маш зөөлөн сайхан хэлж байна. Би дээр байгаа биз дээ" гэхэд: За яахав манай ээжийг буухаар намайг хэлчээрэй гээд л зөрөв.
Хаан түүнд: "Чи яахав одоо зөрөөд явж болноо. Харин би бүх юмыг чинь нураана даа" гээд л инээгээд үлдэв. Маргааш нь миний охин надад Хаан хамаг төлөвлөгөө нурааж хаялаа. Манай ангийнханы нийллэгийг аймаар хорлолоо шүү. Би бүр зөрөөд тэднийг цуглатал шөнө хоёр цаг хүртэл зүтгэсэн, тэгээд сүүлдээ ядраад аргагүйн эрхэнд гэртээ ирлээ гэж билээ. Бүгдэд нь асуудал гарч төөрч будилсаар цугларч чадалгүй больсон гэв. Хааныг тоодоггүй нэг том толгойтой хүн манайд байна даа. Яалтай билээ.
Би үлгэр жишээ уян нялархай, уяхан тансаг эмэгтэй биш юм чинь яахын. Үзэл бодлоо хэн гуайч байсан Май чи гээд л хэлээд хаядаг хэцүү харамсмаар хатуу араншинтай хүн. Тэгээд  яаж ч бодсон Чингис Хааны удам хүнд дарлуулнаа холуу хэвтэнэ. Хэрэв нөхөр Шөнө арван хоёроос хойш ирэх юм бол хогийн шүүрээ нүүлгээд, хоолны тогоогоо толгойд нь углахаа хэнээр ч заалгахгүй омголон бардам нэгэн. Би архи ууж, худлаа ярьдаг хүнийг үзэн яддаг. Арван хоёроос өмнө бол манайд, хойно бол хогоо аваад зайлаарай л гэдэг хүн. Хэн гуайгаа чирээд ирнэ Хуцацгаа та нар гээд л хөөгөөд гаргах эвгүй амьтан нь харамсмаар. Эрэгтэй болж төрсөн бол лав л зодооны хэргээр шоронд суугаад үзэх л байсан нь тодорхой. 7 сарын 1 нд чулуу байтугай авч очоод баригдах нь гарцаагүй.
Хамгийн гол нь бидний амьдралд юу ч тохиосон хамтдаа байж чадаад, давж чадсан нь гол биз дээ. Мөн биднийх шиг асуудал БӨӨ гэгч асуудал үүсгэсэн айл бүрт элбэг гардаг учраас ойлгохгүй зөрүүдлээд байгаа нөхөр нь ойлгоод, эсвэл авгай нь ойлгоод хамтраад асуудлыг нягталж үзээд, хамт яваад, хамт шийдээд даваасай. Над нэг ийм юм тохиосон Үр дүнд нь би Эмээ болж чадаагүйгээ харамсан дурсдаг юм. Нөхөр бид хоёр хоюулаа эмээ, өвөө болохдоо өөрсдөө хүүхэд гаргаад баярлаж үзээгүйгээрээ баярлан, аз жаргал гэдгийг ердөө хоёрхон өдөр амсаад л алдсан гашуун түүхтэй хүмүүс.
Зээгээ өвдөн сэхээнд ороход нөхөр маань Бурхан минь туслаач гэж хоёр өдөр уйлан гуйсан юмдаг. Даанч бүх юм хаагдсан байсан. Бидний буруу учраас Бурхан хүртэл нүүрээ буруулсан юм даа. Бүхэл бүтэн хүний амиар өргөл өргөж байж бид БӨӨгийн амьдралд бууж өгсөн. Ийм юмыг зохион бичих сэтгэл хаанаас хэнээс төрөх вэ? Аянгат би бусад олны нэгэн адил жаргаж байгаад Бөө бололгүй зовлонд нүдүүлээд БӨӨ болсон. Надтай адил Бөө монголоор л дүүрэн байна.
Нэгэн хүн намайг Тийрэн оруулаад тэр нь өөрийгөө ХААН гээд тэгээд ийм болсон гэж бичин хүмүүст суртчилдаг юм. Надаас өөр Гэгээрүүлэх ажил хийж байгаа ТИЙРЭН БӨӨ Монголоос олоодох л доо. Байхгүй юм чинь. Үүгээрээ би онцгой.  Тийрэн нь хүртэл Гэгээрэл ярьдаг бол Монгол мандлаал байна ш дээ.
Надтай адил Хааныг хайрлаж, үгэнд нь орж өөрийгөө золиослон өдөржин шөнөжин сууж, тохиогоо цоолон түүний сургаалуудыг хүргэн, түмэн олныг Гэгээрүүлэх гэж өөрт тохиосон бүхнээр жишээ аван тайлбарлан суух өөр Хаантай БӨӨ хаана байна вэ? Надтай адил бүгдийг детачилан бичиж үлдээж, их зорилго агуулан, хойш ирээдүйд үлдээх өв Оюуны санг бий болгохоор зүтгэж буй Бөө хаана байна. Яг над шиг түүхээ бичин, өөрөөрөө жишээ аван тайлбарлаж байгаа БӨӨ БЛОГ хаана байна.  Дандаа л хүний хэрүүл байдаг биз дээ.
Хэрэв ийм БӨӨ олон байвал Монгол маань ямар хурдан хөгжих вэ? Хүн бүр ухаарч өвөг дээдсээ ойлгож, Сүнс сүлдийг мэдрэн, түүхээ таниж, ирээдүй рүүгээ итгэлтэй харах биш үү. Ихэнхи нь л айлгаж, дэлхий сөнөнө, та нар тэг ингэ гэж загнахаас учрыг нь гаргаад тайлбарлаад өгч байгаа нь хэд байна. Уран цэцнээр л энд тэнд хашгираад байхаас ухааруулаад ойлгуулаад, зууралдаад байгаа нь хэд байна. Шалавхан л нэг зурагтаар дүрсээ гаргаад өөрийгөө мэдүүлээд авах гэж л гүйцгээхээс над шиг блогны ард нуугдчихаад л, бусдад сэмхэн туслачихаад л, болсон явдлаа тайлагначихаад л бусдад гай бололгүй амьдрах Бөө хаа байна. Яг над шиг  Бөө олон байх тусмаа сайн. Бөө бүр ийм байвал бүр ч аятайхан. Өөр зөндөө хүний амьдралаас жишээ аван Та нар бүр их ойлгохгүй юу.
Аянга би эх орондоо орж гарах нүх сүв болгоноороо чөлөөтэй орж гарч, эгэл жирийн л амьдрах чин хүсэлтэй нэгэн.
Эндхийн уур хүрмээр баяр арай дэндлээ. Бүтэн гурван өдөр Тэнгэр лүү буудлаа. Гэтэл бас дахиад хоёр өдөр болно гэнэ. Манайхаар цагаан сарархуу бололтой. Би айл хэсэх дургүйдэг. Өнөөдөр хүртэл нөхөр биднийг айл урихад нь би яваагүй, Гэгээн тэр хоёр яваад ирэв. Бага байхдаа эмээгийндээ л очих дуртай байсан. Хөгшин болоод ээжийндээ л очих дуртай байсан. Өөр айлаар хэсээд байх дургүй. Гэтэл эндхийхэн таван өдөрт амжиж айл хэсдэг гэнээ.
Мартсанаас манай яг энэ хотод гэв гэнэт Монгол хүмүүс ургасан шүү.  3 залуу хүүхэд сурахаар ирж, нэг гэр бүл ажиллахаар ирсэн сураг хүнээс сонсов. Хэзээ нэг цагт хотын төвд тэдэнтэй таарах байхдаа. Түрүүн байсан охин намайг Бөө гэж мэдээгүй явсандаа. Хэхэхэ.  Харин хамгийн сэтгэл хөдөлмөөр нэг юм нь Аянга намайг блог нээгээд эхлэж байхад намайг хамгийн түрүүнд дэмжин итгэсэн гадаадад байдаг Монгол маань намайг хаа байгаа газар минь ирж уулзахаар болсон явдал. Би түүнтэй хамт явж гадаа бөөлөх юмсан гээд их баярлалаа.  Энэ хэдэн сар хэлхэн бичсэн бүхнийг минь уншин, надад итгэж, Хааныг өөрийн нүдээр харж, чихээр сонсон, барьж үзэх хүсэлтэй учраас бид дуртай зөвшөөрөн гэртээ хэд хоног хамт амьдарч, хамаг бүхнийг нүдээр үзэн, Хааны сургаалыг сонсон уулзалдахыг нь бид дэмжиж баясаж байгаа билээ.
Би гадаа гартал бондгос бондгос чочин, ихэд толгой өвдөн. Огиулав. Өөрийн хамгаалагч Сүнс гэрлүүд хачин тавгүй байгааг мэдэрлээ. Шувууд ч нисээд алга болжээ. Гадаа бүүр шумуулууд ч алга. Айл болгон Салют буудах учир Тэнгэр сааралтан, нил утаа униар. Ийм гажиг юм үзсэнгүй. Манайхан ихэд хилэгнэн Догширчээ. Хариуг нь үзүүлээд өгмөөр байна даа. Гэвч хайран охин минь энд байх юм хэмээн уурсана. Омголон омог ихтэй Буурлууд тогтож ядан цухалдана. Хүний газар байх бид яалтай. Намайг үтэр түргэн яаравчлан эндхийн хамаг бүх дайчин Онго Сүнснүүдийг дууд гэвээ. Заза ядахдаа дараа долоо хоногт болж болдоггүй юмуу. Нөгөө Болноо хөөгөө сурах завгүй яваа гэв.
Онгодууд хоорондоо хоёр хуваагдав. Тэнгэр лүү буудах эд эрх нь дэндэж, эргүүлээд ниргээд өгье хэмээн хилэгнэхэд зарим нь цагийн байдлыг ажтугай. Үрс минь энд байна. Эндхийн байдал хэцүүдвэл эдэнд бас нөлөөлнө гэв. Үрсээ бид өөрсдөө хамгаалъя, хичнээн их тэвчив. Тэвчээр барагдав. Бүхнийг бид зохицуулчих болно гэх мэтээр санал зөрөлдөөд Улаач чи таслатугай гэв. Би ч гэртээ бондогнотол цочин хэдэн цаг л тавгүй уур хүрлээ. Гэхдээ бид энд амьдарч буй тул тэвчих нь зөв бизээ. Харин би та нарын даалгаврыг аль болох хурдан амжуулж өөрсдийнх нь нутгийн шүтээнүүдийг нь амилуулахаа бодъё хэмээв.
Ингээд би энэ гэрлээр байшингаа чимэглэн баяр хөөрт умбах айлуудын зургийг авахаар гадаа гаран хэдэн зураг дараад орж ирэн үзэв. Гэтэл хөөрхий олон онгод сүнснүүд хамгаалагч Сүнс нарын дүрсүүд гарсан байх юм. Бөөрөнхий цагаан дугуйг жаахан томруулж хараарай. Дунд нь хүний царай, нүднүүд гарсан дүрс олон бий. Би гэдэг хүн түрүүхэн л гомдол мэдүүлэн Би өөрийгөө мэдрэн жаргаж, дураараа баймаар байна гэж байсан хүн энэ дүрсүүдийг хараад л уйлж гарлаа. Ингээд байгаад байгаа юмыг чинь би яахын бэ??? Чааваас надад найдаад байж байгаа царайг нь ээ. Таарсан ч амиа хичээгчдээ найдаж дээ. Би их муу муухай хувиа хичээсэн бузар юм боджээ. Нэгэнт л үүрэгтэй ирчихээд даварчихсан бүр ХҮН шиг жаргахыг хүсээд усан нүдлээд хэрүүл хийгээд явж байж шүү. Их гомдсон байхдаа надад. Арай нэг ухаан суух нуу гэж найдаж байтал блогоор нэг муулаад явж байдаг.
Улам сайн ажилланаа яадын яршиг.  Хааны нэрийг барьсан хэдэн ч Улаач гарна ямар хамаа байнаа надад. Цаг хугацаа харуулж, за тэгээд ирээд шинжилж судлаад, тогтоох нэг нь тогтоож, мэлмийтэнгүүд нь харж, мэргэдүүд нь мэргэлцгээнэ биз. Чингис Хаан маань ямар гав ганцаар байгаа биш дээ. Энэ гадаа бүлтийх цаг наргүй сахин хамгаалах хичнээн олон Сүнснүүд ч миний хувьд эрхэм. Өрөвдөхгүй, хайрлахгүй байхын арга алгооо. Нээрээ яг би өөрөө бол аль хэдийн үхсэн гэсэн шүү дээ. Дандаа мартчихаад Домбоороод байх юмаа. Тэнгэр та өршөөгөөрөй. Дахин би энгийн Хүний амьдралаа мөрөөдөн хэрүүл хийхээ болих болноо. Яалтай билээ дээ. Тэнгэр та нарыг ХҮМҮҮС өршөөх болтугай л гэж тэрслүүт үгээ хэлж хэлээ гаргахаас өөр би юу ч хийж чадахгүй нь тэднээс өөр юм даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.