Аянгат миний анхан шатны ном Тэнгэр Монгол Газар номыг онлайнаар үнэгүй унших боломж олгон оруулж өгсөн Монгол Тэнгэр Үнэн ТББ таа баярлалаа. Түүнийг хэрхэн унших заавар нь
www.tengermongolgazar.blogspot.com д байгаа гэнээ. Би ямар түүнийг тавьж мэдэх биш. Хамгийн гол нь энэ ном бол Хааны айлтгалийн хэлсэн үг, өгүүлбэр бүрийн тухай тайлбарласан юмаа. Миний блогны элдэв толгой эргүүлсэн түүхээс арай цэгцтэй байх шүү. Мөн би нэг нартай өдөр блог болон энэ номондоо орсон, ороогүй бүхнийг нэгтгээд нэг дэлгэрэнгүй ном янзлан бичих гэж байгаа болно. Бас Алтан Ам судрыг Бөө талаас нь тайлсан номыг хамтрагчтайгаа хамжилцан дуусгах болно. Ингээд хоёр номын төлөвлөгөө байгаа болно.
Тэднийг гаргачихвал өдөр бүр блогт дэмий балай юм донгосч суухгүй амар болов уу гэж бодоод байгаа юм. Бөө гэгч болсоор би бараг жилийн нүүр үзэхээр дөхөж л явна. Хийх бичих, ойлгуулах бүхнээ биччихээд Хаан, Аянгат хоёр тулаанаа хийгээд завгүй болох учраас аль болох цаг хожин өөрийн сонссон, ойлгосон, харсан үзсэнээ нэгтгэн номондоо мөнхлөөд одох бизээ. Хааны маань буусан нь цаг хугацаатай, Тэнгэрийн мэдэлд байдаг учраас Та бүхэндээ түүний надтай хамт амьдарч байсан бүх л адал явдлууд, бодол оюун, сэтгэл зүрхийг нь тэмдэглэн үлдээх болноо. Энэ замбынхан хүлээн авахгүй ойлгохгүй байсан ч ирэх замбынхан тахин шүтэх нь гарцаагүй. Тэд биднийг Миний монгол өвөг Дээдэс хэмээн хайрлан дурсаж, үлгэр туульдаа хайлж, дуу шүлгэндээ мөнхөлж, үг сургаалуудыг минь үрс хойчдоо дамжуулах нь гарцаагүй.
Ямар ч байсан Хаан маань дэгдэхээс өмнө Аянгат улаач би түүний хэлэхийг хүссэн, ухааруулахыг хүссэн бүхнийг тэмдэглэн үлдээж та бүхэндээ хүргэхийг зорих болноо. Зарим нэг хүн зөвхөн Хааны сургаал айлтгалыг л бичиж байвал барав чи, танай амьдрал маньд ямар хамаатай юм гэх хандлага байгаа. Гэвч Тэнгэр намайг өөрийн амьд түүхээ бичиж үлдээх Зарлиг буулгасан билээ. Би яг л энэ цаг мөчид амьдарч байгаа эгэл нэгэн эмэгтэй бөгөөд манай гэр бүл бусдын л адил жаргал зовлон ээлжлэн байдаг нь Үнэн ч зөвхөн манай амьдралд тохиох энэ олон үйл явдлуудаар энэ нийгмийнхээ болох болохгүй бүх юм, сайн муу хүмүүсийн нэрсийг тавьж үлдээх даалгавартай юм даа.
Одоохондоо Аянгын номонд нэр нь гараад байгаа Хар талын баатрууд тэр чигтээ үеийн үед Монгол түмэнд уншигдан жигшигдэх болно. Харин би сайн талын баатруудаа цаг нь болонгуут бүгдийнх нь нэрийг бас бичээд тавина. Миний ном бол үе үед судлагдах Алтан судар, Алтан ургийн тасарсан түүхийн үргэлжлэл, Шинэ нууц товчоо юм даа. Аянгат үхээд одоход миний анд найз нөхөд, үнэнч чадварлаг өрлөгүүд, түүхийн гол баатрууд маань Монгол түмний сэтгэл маань тэр чигтээ түүх болон энд үлдэх юм. Та нар энэ ном хэрхэн бүтэж байгаа үйл явдлын амьд гэрчүүд бөгөөд үр хойчдоо Аянгын блогийг анх тэгж олоод, ингэж уншиж байлаа хэмээн ярих болно. Ганц өрхийн амьдрал мэт боловч энэ одоо нийгэмд болж буй сайхан муухай юмс, хүнд суртал, авилга, Төрийн үйл ажиллагаа гээд л энэ үеийн Монгол Төр энгийн нэг айлд хэрхэн нөлөөлж байсан тухай уншиж судлах болно.
Хүмүүс мөн хэрхэн хүлээн авч, хэрхэн ойлгож, хэрхэн Хааны үгийг судлан туршиж байсан тухай бодит түүх болон үлдэнэ. Иймээс намайг нөхрөө, хүүхдээ бичдэг гэж уурсах хүмүүс айн гээд уун гэж бай: Энэ бол Тэнгэрийн Зарлигаар би бичиж байгаа юм. Одоохондоо танд нэг сүнс л биедээ оруулдаг удган мэт санагдавч цаг хугацаа өнгөрөн, элдэв юмс өөрчлөгдөн, Үнэн гэж батлагдах хирээр Миний жил хүрэхгүй хугацаанд амжуулчихсан үйлсүүд ажлыг маань өөрөөр харж, дүгнэх болноо. Иймээс Анга болон миний гэр бүлд тохиох сайн муу бүхэн Энэ л нийгмийн үнэн дүр төрх, энэ зууны үнэн нүүр царай болон түүхэнд үлдэх хувь тавилантай юм.
Өнөө гарагт гэхэд Бөө болохдоо өөрөөсөө өөр нөхөргүй байсан би ямар олон дотно сайхан нөхөдтэй болон, ямар их ажил амжуулж Тэнгэрийн үйлийн төлөө хамт зүтгэх олон чадварлаг андуудтай болсонгоо гайхаад бахархаад сууж байна. Цаг нь болохоор би тэднийхээ тухай бүгдийг бичин зарлах болно. Эгэл жирийн энэ олон хүмүүс ямар их Монголдоо хайртай, зөв бодолтой, ухаалаг байсан тухай баримттай нь тавих болно доо.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.