Ойрд би багшийгаа санаад байх чинь юу болж байгаа юм болоо. Ямар нэг буруу юм хийгээд багш намайг анхааруулж байна уу? Яанаа тэгвэл хаашаа зугтаанаа. Ямар азаар би холуу байнаа. Гэсэн ч багш онго гүйлгээд л намайг юу хийж байгааг нь харчих юм чинь яахын. Эсвэл миний багшийг бас л дайснууд ороогоод байна уу? Даан ч атаархуу хүн дэндүү их. Багшийг амар тайван байлгахгүй дандаа өдөж байдаг. Мундаг болохоороо бүгдийг нь алж өгөх юмсан. Би хэдэн жил бөөлж байж нилээн гайгүй уудка болох болоо. Одоо бол багшийнхаа хөлийн чигчий хурууны толионд ч хүрэхгүй байгаа даа. Багштайгаа холбоотой дурсамжаа бичнээ яадын.
Багшийн маань ээж Энэбиш гэгч хүн бий. Тэр ч ёстой жаатай шүү дээ. Маш атаман тэгсэн хирнээ үнэхээр сайхан сэтгэлтэй, маш зөв юм ярьдаг юм. Би тэр хүнийг хэзээ ч битгий хорвоогоос яваасай гээд л хүсээд байдаг юм. Бүүр болохгүй юм гэхэд ядахдаа намайг явсны дараа л явбал дээр. Гэрт нь очоод багштай уулзахаасаа илүү Энэбиш эгчтэй уулзахад л миний хамаг юм бүтчихдэг шиг санагддаг юм. Нэг гэрт хамт амьдарч баймаар санагдаад байдаг юм. Эсвэл урд насандаа тэр миний ээж байсан юм уу хэн мэдлээ. Нэг л дотно.
Нэгэн удаа манай ээжийн талын хэдэн хүн багшийнд очсон юм. Багшийн буурал буун хүмүүсийг эхнээс нь айлтгалуудыг нь асуун тус бүрийн заслыг хийж өгнө.
Манай Амаагийн ээлж болов. Гэтэл Багшийн Буурал: "За хө чи юу шатаасанаа хэл чи" гэх юм. Бид сонсоод буруу дуулаагүй байлтаа, манай Амаа шиг ариун сайхан сэтгэлтэй амьтан байхгүй хэмээн гайхан бодтол харин Амаа маань: "Жа тиймээ" гэж авдаг байгаа. Миний онигор нүд хүртэл онгойн ангайв. Амаа маань залуу байхдаа хүүхэд нь өвдөхөөр нь гэрт үе дамжин ирсэн бурханаа энэ хүнддэж байгаа юм байна хэмээн бодоод үгүй хийжээ. Харин хүргэн ах маань эцгийнхээ үе дамжуулан өгсөн бүхнийг хүн амьтанд тараачихжээ.
Ингээд л энэ хоёр маань арван маамуу гаргасан ч амьдрал нь тийм ч дээшээ цойлсонгүй, байнга л өвчин тохиосоор, үр хүүхдүүд нь нөхөр ханиасаа салж сарнисаар, ажилсаг ч гэлээ нэг л хөлөө олохгүй байсаар эмээ өвөө хоёр болчихжээ.
Шооч хүн явуулах дуртай би Японд байх дүүдээ сонин болгон чатлав. Хүүе манай Амаа чинь алуурчин байсан байна шүү. Багшийн Буурал хүн шатаасанг нь хэллээ гэхэд Дүү маань ухаан алдах дөхөв. Юууу???? юун хүн шатаах, Амаа юу даа. Арай үгүй байлгүй. Санамсаргүй л шатаасан байлгүй дээ. -Үгүй эээээ. Санаатай шатааснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн гэхэд. – Яанаа та нараас өөр хүн мэдсэн үү гэв. Мэдэлгүй яахын зөндөө олон хүн байсан чинь Жа, тиймээ би шатаасан гэсэн шүү гэхэд – Яанаа одоо тэгээд, яагаад шатаасан гэж, манай Амаа тийм хүн биш шүү дээ гэж дүү сандран бичив. Одоо тэгээд яах вэ гээд л шорон орон л бодоод дүү маань сандарч өгөв.
Хорлонтой би баахан дэвэргэж айлгаж байгаад л: Хэхэхэхэ. Яг Үнэндээ Бурхан шатаажээ. Тэр чинь Хүн л биз дээ гэхэд. – Ёооооооёоёоёоё Та зүрх хагалах дөхлөө. Бурхан бол ч яахав, Арай ч Амаа маань хүн шатаах байтугай хорхой ч алж чадахгүй гэдэг байгаа хэхэхэхэ. Ингээд тэр баахан инээв. Гэвч үнэндээ тэр бурханг хилэгнүүлснээс болж манай хоёр маань их амьдралын зовлон үзсэн байлаа. Мөн гал голомтдоо үе дамжиж ирсэн шүтээнүүдийг үгүй хийх нь их муу байдаг гэдгийг би тэндээс мэдэж авч байсан юм. Иймээс эцэг эхийн буян гэж үе дамжуулсан юманд байдаг гэнээээ.
Мөн Багш маань манай хүүгийн нутгийг анх удаа тахихад нь зааварчлахаар Говь-Алтай явсан юм. Эндээс манай нөхөр, хадмууд, хүү, багш түшээтэйгээ явсан бөгөөд тэр үед манай нөхөр бас л Бөө гэдгийг сайн ойлгохгүй эвлэрч өгдөггүй байв. Тэр Говь-Алтай явах зардлыг тооцож үзээд боож үхэх дөхөв. Уурлаад л тэр уулыг тахиж юугаа хийдийн, хаанаас тэр их мөнгийг олдог юм гээд л... Ингээд л миний ч уур хүрэн хүүгээ өмөөрөн дүү нараасаа тусламж гуйн ихэнхи зардлыг нь босгож өгөв. Нөхөр маань намайг зах дээр явж байхад утасдан юугаа аваад байгаан, Чиний хүүхэд чинь Бөө гэж солиорч хамаг амьдрал хачин болголоо, ямар мөнгөөрөө юугаа аваад байгаан, би л лав төлөхгүй шүү гээд л бас уурлаж байна. Чиний хүүхэд чинь гэнэ үү? Овоо муу гар вэ. Ганц миний хүүхэд юм бол хүүхдээ би мэдчий байз гээд л ёоёо аслаа.
Ингээд л миний гэдэн годон хөдлөөд л зах дээр чангарч өглөө. – Чи хөөе зүгээр байгаарай чи, тэгж яривал миний апгарын арван баллтай төрсөн хосгүй сайхан хүү минь хэнээс болоод Бөө болсон юм бэ? Хэн түүний дотор орчихоод нутаг тахь гэж хуцаад байгаа юм бэ?
Танайханы Хий үзэгдлүүд биз дээ. Дуртайгаараа чи юм уу чиний дүү нарт орохгүй заавал миний хүүд ороод байхдаа яадын??? Та нар яахаараа өөрсдийнхөө өвөг дээдсээ гээд зүтгэдэггүй юм бэ? Бид нар яахаараа энийг чинь босгож өгч, танай юманд мөнгөө зарж байх албатай юмуу? Хүн ашиглаад сурчихсан новшнууд вэ? Танай юм байгаа биз дээ. Би бүгдийг бэлдэж гүйх албатай юмуу? Давар мэд үү. Энэ хий үзэгдлүүдээ Миний хүүгээс зайлуулж та нар өөрсөд дотроо чих Заа, Миний хүүгийн нэг хурууг нь гэмтээж, өвдүүлэх, хорлох юм бол би зөрүүлээд чамайг Чад хийлгэнэ гэж мэдээрэй.
Хэн миний зээ охиныг аваад явсын, хэн бас дахиад миний хүүг авна гээд байлаа.
Өөрөө орой ирж өөрийнхөө удмын энэ хий үзэгдлүүдээ миний хүүгээс зайлуул чи, дуртайдаа миний хүү бөө болчоо юу, би хүсээд гуйгаад болгоо юу? Манайхан буусан бол бүүр солиорох байжээ чи, Энэ муусайн хий үзэгдлүүдтэйгээ тонилоорой за гээд л хашгирч гарав. Тэр хавийн хүн амьтан сонсвол мэл гайхмаар хэрүүл хийв. Харин орой нь нөхөр явах болчихсон л байлаа. Явтал нь би шилбэлзэв.
Бид чинь энэ Бөө гэгчээс болж ёстой нэг шамбалын дайн гээчийг хийж байв шүү дээ. Энэ мэтээр хэрэлдэх бол энүүхэнд байв. Хүүгээ чиний миний хэмээн түлхэлцэж, хадам буурлуудыгаа танай манай хэмээн ад үзэлцэн зад авдаг байлаа. Нээрээ миний нөхөр дээр буухгүй яасын. Миний хэнд ч гэмгүй сайхан хүүг минь зовоогоод гээд л би хүүгээ харамлан уйлдаг байлаа. Хөөрхий Хадам Буурлууд минь бидний хэрүүлийг сонсоод яаж их шаналж гомддог байсан болдоо эвий эвий эвий. Энэ бол үнэхээр амьдралын хүнд мөчүүд шалгуурууд байдаг юм шүү. Бөө гэгчээс болж ах дүүс, авгай нөхөр, аав ээжүүд хэрэлдэж үзэлцэх нь юу ч биш. Үнэхээр асар их дарамт асуудал үүсгэдэг юм.
Учир нь энэ олон зуун жил тасарсан, мэдэхгүй шинэ юм гэдэг үнэхээр хэцүү. Хичнээн санал зөрөлдөн чи бидээ тулалцан хэрэлдэж муудаж байсан ч Ийм хүнд асуудлуудыг бүгдийг даваад гарч чадсан нь манай гэр бүлийн бахархал билээ. Манай нөхөр ер нь дүрэлзээд ирсэн ч буулт нь зөөлөн, сэтгэл нь цагаан, их зөөлөн сэтгэлтэй, ухаантай хүн. Тийм дээ арслан заан шиг авиртай Аянга надтай хэрэлдэж зодолдсон ч хичнээн жилийг авч чаджээ. Тэнгэр Аянгыг таарсан хүнтэй нь суулгасан байналээ. Би ч бас эмэгтэй хүн болохоор амархан панаалдуулан уярахдаа сайн нь гайхмаар. Үкэ мөн хачин шүү. Хамаг л хэцүү зовлон шалгуур, баяр жаргалыг хамтдаа унаж, хамтдаа сэхсээр энэ амьдралыг тууллаа даа. Гэсэн ч би түүнийг явтал нь хөмсөг зангидаастай, хэг ёг хийгээстэй, шилбэлзээстэй байсан юмдаг.
Хоёр хоногийн дараа тэд нутаг явцгаав.
Арав хоногийн дараа шөнө нөхөр маань ирэхдээ бүрэн өөр хүн болчихсон ирэв. Гайхан биширч болсон явдлуудыг ярьж өгсөн юм даа. Хэрэгт дуртай би ч хамаг хэрүүлээ таг мартжээ. Тэгэхэд болсон инээдтэй явдлуудаас нэг юм анхаарал татсан юм. Хүмүүс ирж багшаар үзүүлэхэд танай гэрт байгаа авдар яагаад нэгийг нь гадаа, нөгөөг нь үүдэнд тавив. Түүн дотор ийм ийм гурван юм байна гэхэд нөхөр нь үгүй байлгүй гээд явжээ. Маргааш өглөө нь Багшаа та манайд очооч нээрээ яг тийм байна гээд, дээрээс нь тэр хавьдаа зар тараагаад хэдэн хүн дагуулаад ирсэн гэсэн. Гэтэл тэр авдар ээжийнх авдар байж тэд хуучирч муудсан гээд нэгийг нь гаргаад, нөгөөг нь угаалтуур хавьд залсан байсан гэнэдээ. Үнэндээ тэр авдарт тэр айлын буян хишиг байсан гэнэ. Иймээс ээж аав, эцэг өвгөдөөс үлдсэн юмыг мода нь хоцорсон гэж гаргаж хаялгүй байсан нь дээр юм гэж бодов.
Багштай хэд хоногийн дараа уулзахад багш нөхрийг маань шоолж ярив. Хүн тэгж өөрчлөгдөнө гэж мөн сониноо. Анх явж байхад дуугарах ч үгүй алив багш энийг идвэл ид байвал бай гэсэн маягтай байсан гэнэ. Ажил ихтэй байна хурдан явна гээд л замдаа маш цөөхөн зогссон, Онгодууд цай уумаар байна гээд байдаг, машин зогсохоор болно, тэнд уг нь харагдаад л байна гээд хүний эрхэнд л явлаа даа. Харин буцахдаа багшаа ядарч байна уу? яах уу ийх үү болсон шүү. Тэр байтугай Багш юм ярьж байтал хүн санамсаргүй хоорондоо ярьсан гэнээ. Тэгсэн чинь нөхөр маань Та нар дуугай бай. Багш ярьж байна гэсэн гэнэ. Тэгсэн багш ярьж байсан юмаа мартчихсан гээд л инээж байж билээ. Ёстой нэг инээдтэй хүн шүү нөхөр маань.
Үнэн шид гэдгийг үзлээ гээд л нөхөр маань гайхан ярьдаг болсон юм. Түүнээс хойш л Бөө гэгчтэй хүссэн хүсээгүй эвлэрэх болсон юм. Нөхөр маань Японд байхдаа Христ гэгч болж усан баптизм ч билүү нэг юм хийлгэж байсан хүн. Намайг сүм рүүгээ явуулах гэж их гуйдаг байсан. Би нэг удаа энэ ёслолыг нь үзсэн бөгөөд тэнд дараа нь ном уншихад нэг хүүхэн уйлаад л залбирч ярихыг үзээд мэл гайхан ганцаараа уйлж ярьдаг ямар тэнэг газар вэ гээд дахиад ер зүглээгүй. Гэтэл өөрөө би одоо ганцаараа ярих байтугай л юм болдог болжээ. Амьдрал гэж үнэхээр сонин. Үзээгүй юмаа ч үзэх юм, үлгэр нь ч дуусахгүй юм.
Манай багшид нэг дутагдалтай тал бий. Тэр нь юу гээч Хөөрхөн юм хэхэхэ. Хүү зайран болсны дараа бид хоёр багшийн зургуудыг янзлан компьютерт хийхэд Хүү маань: "Багшийг хараа аягүй хөөрхөн байгаа биз. Инээхээрээ их хөөрхөн" гээд л хоюулаа ярьж гарав. Гэтэл хүү маань Багш Эрлэг Номун Хааны хамгийн бага хүү гэсийш дээ. Хоюулаа зургийг нь үзий шашныхаар нь гээд л би шашны бурхдын зурагтай номоо авчирч Багшийнхаа нөгөө дүрийг хайв.
Пөөх яасан муухай юм бэ? Эвэртэй, гурван толгойтой гэх мэтээр шоолон, Нарны дагина гэх зургийг бас шоолон гүзээгээ унжуулчихаад байж байгааг нь нээ хараачээ хөөш хохохохохо, Үнэхээр ийм дүртэй бол яанаа гээд л Харин Хадам Буурлууд Атаа Тэнгэр маань хамаагүй царайлаг юм байна ашгүйдэээ хохохохо гэцгээн эх хүү хоёр халж гарав.
Тэгээд багшийгаа Хөөрхөнийг гайхан баясаж зургуудыг нь үзэж хийгээд эргээд янзлах гэтэл зургууд нь устгагдчихав. Ямар хачин юм бэ гээд би гайхаад өнгөрөв.Орой хүүгийн буулт болж би ороход "Хоёр монди минь та хоёр шиг багшийгаа царай зүсээр нь хөөрхөн муухайгаар нь дуудах ямар ёсгүй, дэггүй ёс байна" гээд хадам буурлуудад загнуулж билээ. Би мэл гайхан тэнд хүү бид хоёр л байсан байхад энэ хадам буурлууд хаана байсан юм болоо гэж бодов. Хүү босоод удаагүй байсан болохоор бид тэднийг ойлгодоггүй байв. Би их айн сандарч: "Өршөөгөөрэй буурал минь. арай ч мангас шиг зурахгүй байлгүй гэж бодоод" гэтэл, :"Шарын мэлмий нь нээгдсэн зураачид харахгүй байтлаа ингэж зурах уу?" гэж байж билээ. Нөгөө олон дүрээр хувирдаг нь ийм учиртай юм байна л даа.
Багш нэг удаа их инээдтэй түүхээ ярьж байсан юм. Багш байж байтал гэв гэнэт л халууцаад бүгчимдээд халуу оргиод байж гэнээ. Тэгээд онгодоосоо асуултал: "Тэгэхгүй яахав дээ, чиний нэг мунхаг шавь чинь л чиний зурагны өмнө зул асаачихаж" гэсэн гэнээ. Багш түүн рүү утасдтал: "Яанаа тийм үү? Би таны зургийг шүтээндээ тавиад тэгээд танд зул асаан дээдлэж байна гэж бодсон шүү дээ" гэжээ. Үхсэн хүний өмнө зул асаах байтал нөгөө шавь нь багшийгаа их дээдлэж байна хэмээн өмнө нь Зул асаасан байжээ. Тэр гадаад оронд байсан гэсэн. Магадгүй над шиг гэнэт багшийгаа их санасан байх даа. Би бас багшийгаа санаж буй тул багшийнхаа тухай бичиж түүнийг хайрлан хүндлэж, бахархаж, баярлаж явдаг шүү хэмээн бичиж үлдээе дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.