Sunday, October 16, 2011

Дээр Хуралдай болсон гэв


Би гээч нэг хоног унтамхай байдалд байлаа. Нэг л танил өөрийгөө мэдрэв. Бөө болохоос өмнөх үеийн өвдөлттэй би-гээ сайн мэдэрлээ. Надад онго налчихжээ гээд бөөлөх гэтэл өндийж ч чадахгүй байсаар байв. Усанд лемон хийж байгаад сайхан жимстэй усанд оров. Сэргэдэггүй ээ. Өмнө нь би өвдөж байхдаа ус тавиулаад ус руу мөлхөж ороод арай гайгүй сэргэдэг байсангаа санан усанд ороод ч нэмэр алга. Унтаа мэт боловч тархи ажиллана. Надад онгод шивнэн ярих бүхэн сонсогдоно. Миний шүд хавиран, эрүү зуурчээ. Хамаг л сэргэх туршлагаа давтсан боловч болохгүй байв.
Яачихаад байгаа юм бэ? Нөгөө арга хэмжээ чинь чангараа юу? Би донгодуулсан ч  есөн хүнд засал аль хэдийн хийгээд амжсан бөгөөд гэхдээ өмнөхөөсөө өөрөөр өөрийн биеэр мэдэрч, өөртөө буулгахгүй арга олж хийсэн нь буруудсан юм болов уу гэж бодлоо. Надад ирээдүйд хийх ёстой ажлын мэдээлэл ирж хэрхэн хийхээ чи одооноос өөрөө төлөвлө хэмээнэ. Хаан хаачаа вэ? Тэр алга байлаа. Өнөөдөр дан Хатан онгууд надтай чалчаад байлаа. Усанд ороод орондоо шурган тайван хэвтээд тэдэнтэй ярилцав. Би босмоор байна. Өнөөдөр би долоон күэн биеийн тухай тайлбар бичмээр байна.
Мөн майлээ шалгамаар байна. Гэр оронгоо шалгамаар байна гэсэн ч өндийхгүй нүд аниатай, унтаа хэвээр.  Учир шалтгааныг олохоор анхаарлаа төвлөрүүллээ. Ийм юм хийсээр байна гээд босох гэтэл ер босч сэрж чадахгүй юм чинь яахав дээ. Аргагүйн эрхэнд байдалтай эвлэрэв. Тэгж байтал ХААН мандтугай, хурай гэх л дуунууд хадаад байх юм. Өнөөдөр Дээдийн Дээд Тэнгэрт том хуралдай болж байна гэнээ. Их том ёслол болж байгаа бололтой. Би бодлоо. Хуралдай юм уу, хурим юм уу яасан их Хааныг хурайлдаг тэнэг хуралдай вэ? ажлаа ярихгүй. Хурим биш үү? Хаан хурим хийж шинэ авгай авч байгаа юм уу гэнгүүт намайг гялс миний гар цохиж авч дэмийр, Чи юу ч бүү бод хориотой гэв. ЯАГААААААД???  Чиний бүх бодол дээр уншигдана. Чиний үл бүтэх инээдтэй бодол Хуралдайг үймүүлнэ. Битгий инээд хүргэ гэх юм. За за, та нарын тэр хуралдай тэгээд  над ямар хамаа байнаа. Би яагаад босохгүй байна вэ? гэхэд одоо л зөв асуултаа асуулаа гэв.
Чи тэнд байгаа учраас чи босч чадахгүй байна. Чи өөрийгөө мэдрээдэх Хааны хаана нь сууж байгаагаа гэв. Зүүн талын дор сууж байна. Хааны яг баруун гарын хажууд суугаа нь Зэв жанжин мөн үү???? Хэн бэ??? гэж тэнэг бодол орж ирээд залхуутай байв. Би хуралдай байтугай хуралд дургүй тэнд би байхыг хүсэхгүй байна хэмээн би тонгочихыг оролдов. Надад: "Маш чухал Хуралдай болж байна. Чиний Дээд эцэг эхүүд бүгд очсон чиний бүх сүнсүүд эжий аав нар дээрээ очсон сайхан байна" гэх юм. Тэгээд энд хэвтээд байгаа би, чамтай яриад байгаа би хэн, юу вэ гэхэд "Чиний наад биеийг чинь үхүүлчихгүйхэн шиг байлгах Би манаж байнадаг. Надтай яриад байгаа нь чиний тархи л  байнадаг" гэх юм.
Ядаргаатай юмнууд буюу миний сүнснүүд  миний биеийг орхиод Дээд тив рүүгээ тэнээд алга болцгоосон учраас миний бие ажиллахгүй. Би түүнийг арай гэж нэг юм хөдөлгөж, нүд минь мөнхөд аниатай, согтуу хүн шиг байгаад байгаагаа сая л ухаарав. Нэгэнт ийм болсон би хувь заяатайгаа эвлэрэн намайг манах Онгоддоо анхаарал хандуулав. Намайг манадаг бүх цэргүүд эмэгтэйчүүдээр солигджээ. Амазон Их Хатан та юу гэхэд тэр маш их баярлан. "Чи намайг мартаагүй байна шүү. Маш сайн байна. Би чамайг намайг танихнуу үгүй юу л гэж бодож байлаа". Яагаад Хааныг дээш ажлаар дэгдэхээр буудаг Атийл онго ирсэнгүйв гэхэд "Тэнд маш том хуралдай болж байна. Атийлгүй хийгдэхгүй хуралдай учраас" гэв.
Амазон Хатан надад өөрийгөө магтаж гарав. Хорвоо дэлхий дээр түүнийг гүйцэх Гоо үзэсгэлэнтэй Хатан алга гэнээ одоо хэхэхэхэ. Чамд Амазоныхоны хамар бий шүү гээд инээв. Тэр өнөөдөр их сайхан ааштай байлаа. Тэр үед түүнд таалагдах нэг ч эр гарч ирдэггүй байжээ. Хамгийн сайхан эр гэдэг түүний хувьд түүний толгой сэтгэхүйг давж гарч чадах, түүний хүндлэлийг хүлээх тархитан байх ёстой гэтэл тэд надад таалагддаггүй. Эрэгтэй хүн хүүхэд гаргахад л хэрэгтэй Боол өөр хэн ч биш хэмээнэ. Сүүлд нь тийм төгс сайхан эр олсон юм ярив.
Сонин Хатан шүү. Надад ч бас ухаантай, хөгжилтэй, толгой сайтай эрчүүд таалагддаг ч арай ч Амазон хатан тан шиг тэднийг алчихгүй ээ би гэхэд тэр баахан инээв. Нэг л гоё амттай жимс надаас нэхсэн ч би тэр жимсийг нь идэх тэнхэл ч алга байлаа. Тэр надаас чи яагаад бусад тивээрээ явахыг хүсдэггүй тухай асуув. Тэнд маш гоё, маш сонирхолтой, маш баян тансаг, үлгэрт ч өгүүлж дүрсэлж чадахгүй гоё гэлээ.
Миний ээж энд бий, миний гэр орон энд байхад би танихгүй хүмүүс дээр юу сонирхож очих юм бэ? Тэнд байгаа сайхан бүхнийг үзлээ гээд аваад ирэх биш. Шал дэмий юманд сэтгэлээ дэмийрүүлж яадын. Хэдийгээр Дээд аав ээжүүд надад хайртай байлаа ч, тэдний хүүхдүүд нь надад бас байдаг ч яг миний Би энд л төрж энд л аав ээжтэй болж, дүү нартай болж, бас нөхөр хүүхэдтэй. Тэртэй тэргүй үхэхээрээ тал тал тийшээ гэр орондоо очино биз. Миний юм энд л байдаг. Би Монголдоо л хайртай, тэр шороотой гудамжаар, шуурганд нүдүүлээд явахад над ер муухай санагдаггүй гэв.
Амазон хатан: "Би бол хаа сайгүй аялах дуртай. Хамаг бүгдийг онгичиж үзэх дуртай. Миний сэтгэлд таарах юм даанч ховор учраас Дээрээ байхад сайхан шүү" гээд тэр бид хоёр эмэгтэй хүмүүсийн нууцын тухай баахан чалчсан юм.  Өө тэр Хуралдай гээч ямар ядаргаатай юм бэ? намайг хаяад явахгүй хамаг сүнсийг минь авч явснаас болоод би биеэ ажиллуулж чадахгүй ингээд тэнэг юм шиг хэвтсээр хайран цаг өнгөрч байлаа.  Нүдээ ядахдаа нээмээр гээд нээсэн ч унтаа хэвээр. Мааааааш уйтгартай уур хүрмээр байв.
Энэ хачин балай Хуралдай нь дуусч нэг би амрав. Бараг хоёр өдөр элий балай байлаа. Юугаа хуралддаг байнаа. Би угаасаа хуралд туйлын дургүй учраас тэр Хуралдайн тухай сонирхсон ч үгүй. Хамгийн сүүлийн шийдвэр нь л байхад болоо ш дээ. Ямар ч байсан энэ Хуралдайгаар бүх юм хурдацтай сайн явагдаж байгаа бөгөөд Аянга миний хийх ажлын төлөвлөгөөг батласан бололтой. Хаан ирээд надад хэлсэн ч би нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ хөөчихөв. Ямар ч байсан цаг явсаар, өдөр өнгөрсөөр Хаан дэгдэх, Аянга үхэх цаг дөхсөөр л байгаа байхдаа хөөрхий. За яадын яадын тэр болтол зай ч байна лай ч байнадаг. Ямар ч байсан би унтаа байж байхдаа өөрийнхөө оршуулга, сүүлийн мөчийг харж чадсан юм даг. Харин тэр болтол надад хийх ажил их байнаа. Аль болох олон юм л амжуулсан нь дээр гэж би төлөвлөсөн юм.
Энд амьдрах хугацаандаа бас эндхийн олон юмыг амилуулах ёстой юм байна. Энэ бас их чухал газар байсан байна шүү. Гэвч миний толгой эргээд зүг чигээ ер олохгүй нь. Өглөө нар миний бодлоор баруун талаас мандаад л зүүн тал руу шингээд байх юм. Бас өдөр нь хэт богино ч юм шиг. Би өөрийгөө урагшаагаа харж сууж байна. Манай байшин урагшаа харсан л гэж боддог ш дээ. Гэтэл Луужин Хойд талыг заагаад надаас зөрөөд байх юм. Манай нөхөр тэгээд миний урагшаагаа гэсэн зүг хойд тал бөгөөд хойд тийшээ Монгол байгаа гэх юм. Монголоос өөр оронд очихоор угаасаа миний толгой эргэчихдэг юм.
Японд байхдаа би манай байшин хажуу тийшээ харсан л гэж боддог байсан. Гэтэл тэр нь чигээрээ байсан гэнэ үү. За бүү мэд. Европоор явахдаа бас сайн эргэнэ шүү. Монгол тийшээ гээд л шаал өөр зүг хүн заадаг. Монголд очихоороо л дөрвөн зүг бол юу ч биш бүүүүр найман зовхисооо хүртэл мэдээд байгаа юм чинь хэхэхэ. Гэтэл энд нар баруунаас мандаж зүүн лүү гээ шингэхийг яалт ч үгүй өдөр бүр л хараад байгаа юм даа. 8 зовхисын тухайд бол мөрөөдөөд ч хэрэггүй. Луужин баараагүй зөв заадаг гэж нөхөр маань над хэлсэн ч Луужин байгаад ч нэмэр алгаа би. Хэрвээ би дээр үед байгаад гэр лүүгээ явсан бол балрах байжээ. Азтай гэдэг нь одоо бол намайг ийш тийш нь онгоц хүргээд өгчих юм чинь дээ. Энэ Монголчууд тэгээд мориороо яаж баримжаагаа олдог байсан юм болоо.
Мөн тэр олон малаа яаж ялгаж таньдаг байсныг би мэл гайхдаг. Яаааг адилхан эвэртэй нүдтэй юмнууд урдаас харахаар бүгд л манайх юм байх гэж бодно ш дээ. Хорвоогийн иймхэн ил сонин бүхэнг мэдэхгүй би Далд ертөнцийн тэр есөн шидийн юмыг яаж  мэдэхэв дээ. Ингээд бодохоор Аянга гэгч удганд үнэхээр шогшроод толгой сэгсэрмээр санагдах юм даа. Мэдэхгүй юм даанч их, мэдэх тусам л мэдэхгүй юм нэмэгдээд байхаар чинь одоо тэгээд яалтай билээ.
Азаар Хүн гээч ам бүл олуулаа төржээ. Тэгээгүй бол балрах нь байна шүү. Манай нөхөр зүг чигээ мэддэг байсан нь яамай даа. Гэвч тэр замдаа үргэлж төөрдөг. Харин би замаа олоод байдаг нь сонин. Ямар нэг газар явбал заавал илүү 1, 2 км явахгүй бол алдас болно. Пионерийн ордоны хоёр талын зам гэдэг бол манай нөхрийн насаараа төөрдөг алдартай зам бий. Тэнгэр яахав тэгээд таарсан таарснаар нь тааруулаад суулгадаг нь яамай даа. Нэг гэр бүлд хүртэл ийм байхаар хүн заавал нийтээрээ амьдрах ёстой Хуультай, Жамтай нь үнэн л юм байна доо. Мэдэх нь мэдэхийгээ хийгээд мэдэхгүй нь мэдэхгүйгээ заалгаад л санжигнаж байтал болох бололтой дог.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.