Миний блогийн ихэнхи уншигчид нь гадаадад амьдардаг Монголчууд байдаг. Ихэнхи нь нетээр тэнэж яваад таны блог руу хальтраад ороод ирлээ гэдэг юм. Гадаадын маш олон оронд янз бүрийн насны янз бүрийн ажил хийж, сурч байгаа Монголчууд байдаг. Би ч энэ хүмүүстэй голчлон харьцдаг бөгөөд тэд маань Монголоосоо хол Бөө байтугай Гандан орох боломж үгүй учраас Засал энэ тэрийг энэ хүмүүст зориулан хийдэг юм. Монголд байгаа хүмүүс бол надтай надгүй маш олон бөө Монголд байна. Мөн Гандан хийдүүд дүнхийцгээж байна. Тэд өөрсдийнхөө төлөө гүйх хэрэгтэй. Учир нь бүрэн боломж байна.
Заавал чухал баараагүй Тийрэнтээгүй найдвартай БӨӨ хэрэгтэй гэж хандвал би Хадам буурлуудаас зөвшөөрөл авч байж тэднийг уулзуулдаг. Гэвч хүү оюутан учир бас үргэлж буух зав үгүй. Угтай ч юм уу, их чухал хүнд ажил үйлстэй ч юм уу хүмүүсийг Багш руугаа явуулна. Гэвч энэ бол багшийгаа зовоох хэрэг учраас бараг очуулахгүйг бодно. Багш маань өч төчнөөн шавиа нууруун дээрээ үүрч, өч төчнөөн ах дүүсээ өвөртөө чихэж, өч төчнөөн бөө биш сүсэглэн дагагчдаа хөлдөө чирэн зүтгэдэг хүн. Нэмээд би нэрмээс болохгүйг л хичээдэг ч яалт ч үгүй асуугаад үзээ гэж багш руугаа бас явуулах үе бий. Ер нь багшийгаа зовоох бол дэмий зүйл. Харин аль болох туслаж баймаар.
Хүмүүс үнэн сайн, сайхан сэтгэлтэй, зөв шударга Бөө нарын нэрийг хэлж баймаар байнаа. Нэг Бөө гэж хэлэхгүй Нэртэй нь хэлж байвал Сайн, Муу нь ялгарна шүү дээ. Хурцжавхлан Бөө гэгч дээр очиж болохгүй. Тийрэн үйлдвэрлэгч хүний үнэргүй адгуус тархитан. Хүмүүс өөрсдөө хүнээ сонгох эрхтэй ч зөв хүнээ сонгож сурах хэрэгтэй. Мөн нэг юм анхааруулахад насанд хүрээгүй хүүхдүүддээ сайн ч бай муу ч бай Бөөгийн буулт руу чирж яваад байхгүйг анхааруулъя. Зарим нэг хүн Бөөгийн Хээрийн бөөлөө болон Чанар, цугларалт дээр нялх хүүхдүүддээ дагуулан нэг л сонин тоглолт үеэх гэж байгаа мэт очдог нь туйлын буруу.
БӨӨ хүн гэж ямар билээ. БӨӨгийн ажил яг тийм. Бөөгийн ажил нь хүний муу муухайг зайлуулах, засах. Тэнд азтай жаргалтай хүн тэр болгон очоод засал ном хийлгээд байхгүй. Дандаа далдын хар муу юмтай тэмцдэг дайны талбар гэсэн үг. Ийм газар нялх балчируудыг аваачих буруу. Харин тухайн БӨӨ хүн өөрөө авчир гэсэн тохиолдолд авч очиж болдог. Хэрэв удмын тань онго шүтээн буусан бол өөрсдийн үрстэйгээ уулзах цаг угаасаа гаргадаг. Тэр үед багачуудаа уулзуулан учруулж, сургаалийг нь сонсуулж, хайрыг нь мэдрүүлж байх нь чухал. Манайхан ч тусгай тйим цагаа өөрсдөө хэлэн бага балчруудтайгаа уулзан эрхлүүлж, бас өвдөж зовох янз бүрийн юмыг нь засч янзалдаг. Тэрнээс биш наадам үзүүлэх гэж буй мэт өөр газар, отгийн бөөгийн цугларалтанд авч очоод байх нь хатууддаг гэж сануулъя. Манайхан өөр бусад хүний хатуу засал хийх үедээ бол Гэгээнийг аль болох өөр газар бай, хол байлга хэмээн сэрэмжлүүлдэг. Балчир хүүхдүүд үгүй ядахдаа л хардаг шүү дээ.
Гадаадад байх Монголчууд маань тэгээд засал хийлгэх гээд Монгол явалтай биш хүнд байдаг учраас би тэдэнтэй зууралддаг юм. Үгүй ядахдаа л сэтгэл санаагаа нэгтгэх, дэмжих, тайвшруулах сэтгэлийн дэм өгөхөө бодно шүү дээ. Тэд маань төрсөн нутгаасаа хол учраас Монголчууд бие биендээ анхаарал тавьж баймаар. Гадаад буюу хүний нутагт амьдарна гэдэг хэцүү. Мөнгөтэй, мөнгөгүй аль нь ч тохиолдож болно. Гэтэл Монголд амьдардаг хүмүүс Гадаад оронд байдаг гэхээр л БАЯН хэмээн бодон төсөөлдөг. Тэгээд л мянган зовлон тоочин тусламж нэхэх, эсвэл муулаад л өгсөнгүй, тусласангүй ч гэх шиг ер нь их дураараа. Үгүй ядахдаа л урьсангүй, авсангүй гэх нь энүүхэнд.
Сэтгэл гаргаад тэд хэдэн төгрөг өглөө гэхэд ёроолгүй сав мэт алга болгоно. Яагаад гэвэл мөнгөний үнэ цэнийг нь мэддэггүй. Өөрөө хөлсөө дуслуулж олоогүй болохоор тэр. Гэтэл аав, ээж, эхнэр, нөхөр, ах,эгч, дүү чинь тэнд яаж мөнгө олох гэж зовдог гэж санана. Хүний газар тэдэнд зүгээр май гээд өгдөггүй юм. Хөлөө хавдтал зогсож, гараа цуцтал ажиллаж нойроо хасан, хоолоо сойн байж хэдэн төгрөг олно.
Мөн гадаадад ч гэсэн ХҮН байрны мөнгө, унааны мөнгө, хоолны мөнгө зарлагаддаг юм. Учир нь тэд хүн учраас амьдрах газар, идэх юмандаа мөнгө зардаг. Хүүхдүүдтэйгээ болон гэр бүлээрээ байвал хүүхдүүд нь сургалтын төлбөр, хэрэгтэй юмс гээд л бас мөнгө үрэгдэнэ. Тэд эрүүл мэнддээ анхаарах сөхөө байдаггүй. Өвдөх ч завгүй, өвдсөн ч тоохгүй тэссээр өвчний үүр болох нь олонтой. Гэтэл Монголд өгсөн мөнгөөр нь Бардаад л, гоё хувцас аваад л, мөрийтэй тоглоод л, зугаалаад л, ийш тийш нь давхар хүнд зээлүүлж алдаад л, үнэн худал нь мэдэгдэхгүй нэг юм зохион мөнгө салгах жишээтэй.
Миний танил маш олон хүн энэ асуудлаас болон ах дүүс хоорондоо хонь чоно болж, авгай нөхрүүд салж, хүүхдүүд өнчирч үлддэг нь харагдсан. Тэд маань Монголдоо ирээд байр, хоол бүх юмыг эхнээс нь бас авч бас идэж ууж, унтаж амьдрах хэрэгтэй биз дээ. Энэ зорилготой л явдаг ч түүнийгээ биелүүлтэл түмэн янзын саад тотгор тулгарна.
За яахав хэдэн төгрөг цуглуулаад ирж чадсан хэдхэн хүн байдаг юм шүү. Энэ хүмүүс нь байр авлаа, тавилга авлаа, машин авлаа, хүүхдүүдээ төвхнүүллээ. Хүссэн амьдралдаа арай гэж хүрлээ гээд ХАРТАЛ асар том ангалын эрмэгт зогсож байдаг. Амьдралын баталгаа нь алдагдаж, ирээдүй нь сүүмийчихсэн угтаж байгаа юм. Тэд байртай, машинтай, өмсөх хувцастай, орчин үеийн тавилгатай бусдаас арай өөр болсон байхад бас юун аймаар Ангал байна вэ?
Монголд юмны ҮНЭ гээч нь Тэнгэрт хадаад 99 Тэнгэртэй л зэрэгцээд байна шүү дээ. Мөнгө үрждэггүй болохоор ямар амархан дуусдаг билээ. Байранд мөнгө төлнө. Төлөхгүй бол тогоо таслуулна, усаа хаалгана, эцэст хөөгдөх боломжтой. Хүний өмчийг л бүүр биш түрхэн худалдаж авсангаа ойлгоно. Хэдэн жил хэт ажилласан бие нутагтаа ирээд нялхамсаж ядраад үзүүлтэл түмэн өвчинтэй болсон байна. Бөөн мөнгө эм тариа зарж байж арай гайгүй болно. Хоол унд, идэж уух, бензин шатахуун, хүүхдийн сургалтын төлбөр, бүгд мөнгө.
МӨНГӨгүй бол амьдрах аргагүй өнөөх л нийгэм Монголд нь үүрлэсэн байна. Мөнгө маань хорогдож эхлэн үржиж хуваагдан өсөхгүй болохоор банкин дэх хэд хором хормоор ховх ховх сорогдоно. Ажил хийхгүй бол Амьдрах аргагүй болсон нь НЭВТ ШУВТ мэдэгдэнэ. Ажилд орох гэтэл дандаа залуухан, царайлагуудыг авна, 30 хүрсэнээс хойших царай муутууд цаашаа гээд улайн цайм биччихсэн байгаа юм чинь яахын. Танил тал арын хаалгаар хөөцөлдөөд орох гэтэл АВИЛГА гэж том мөнгө нэхэгдэнэ. 30 наснаас эхлээд заалт орсон байхад 40 насны хөгшин төгцгүүд юу вэ ач, зээгээ хараад гэртээ зайлсугай гэх нь холгүй. 50 хүрсэн хүн бол Амьд талийгаач. 60 хүрсэн бол зам мөргүй Сүнснээс ялгаагүй. Жинхэнэ Чад хийх цагаа хүлээгээд хэвтэж байхаас өөр арга үгүй болтол Туйлширчээ. Залуучууд бол ердөө өөрсдөө хөгшрөхгүй юм шиг л хөөрцөглөнө. Хичнээн олон хүн гадаадад доктор болоод ирсэн ч Монголд хаалгагүй бол авах газар үгүй.
Миний нэг танил маш сайн эмч Орост доктор хамгаалж иртэл тэр нэг ялзралын туйлаараа НЭГТ бичигддэг эмнэлэг авахгүй л байв. Уг нь тэр энэ л газраасаа мэрэгжил мэдлэгээ дээшлүүлэхээр Орос яваад ирсэндэг. Гэтэл тэр ажиллах ёстой тасагт өөр ямар ч зэрэг цолгүй нэгнийг мөнгийг нь аваад харсаар байтал нь оруулчих юм.
Мэдсэн бол тэр мэрэгжил мэдлэгээ дээшлүүлэхгүй энэ л тасагтаа буглаад, бугшаад байж байх байсан юм уу. Насаараа нэг газар буг болсон Авгай нар л бүгдийг зохицуулдаг босс болчихсон байх юм. Өөрийн хувийн мест аятай, улсын албаны газрыг хувийн эмнэлэг мэт л эзэгнэнэ. Өөрсдөө мэдлэг мэрэгжлээ дээшлүүлнээ ГОНЖ. Таван үсэг уншуул тархиар нь хатгаад унана. Хариад л ялархан хэвтсээр харвин марвин ч гэж арвин хураачихсан. Хэлдэг хийдэг ажил нь хор найруулах, хов ярихдаа л сайн.
Өөрөөс нь өөр мэдлэг мэрэгжилтэй болсон хүүхнүүдийг нэг нүдээрээ тоохгүй, яаж ийгээд л нэг сэдэв гаргачихсан муулна. Нөхөргүй эсвэл тэрэнтэй энэтэй явалддаг. Нэг бол өмссөн зүүсэн, эдлэсэн хэрэглэснээр нь муулна. Архи ч уухдаа гарамгай, сав л хийвэл салхинд гарна. Гадаад дотоод яваагүй галуу шувууны мах амсаагүйдээ хорсож хонзонгоо авч байгаа аятай Атаманууд их байх юм даа. Тэр сайн эмч хүүхэн амьдрахын тулд шал өөр мэрэгжлийн ажил хийх болсон нь харамсалтай.
Мөн ихэнхи нь л хөөрхий Наймаа хийхээс аргагүй болон лангууддаг болжээ. Ямар их хөдөлмөрийн чадвартай, ямар их боловсон хүчнүүд ингэж зэврэгдэн хаягдаж байнаа.
Гэтэл яг үнэнийг ААН ГЭЭД УУН гэж бай. Гадаадад ажиллаад сурсан хүмүүс шал өөр байдаг юм. Тэд ажиллаж сураад, ухаан нь тэлээд, хүсэл эрмэлзэл дүүрэн хүмүүс байдаг. 40 нас хүрэхэд эр бай эм ч бай ямар ч хүн шал өөр сэтгэхүйтэй болон. Амьдралын үнэ цэнийг ойлгон, Хамгийн ҮНЭНЧ шударга ажиллаж бүх юманд гаршиж дадлагашсан байдаг. Би л лав залуу байхдаа яах гэж ажиллаж байгаагаа боддог байгаагүй. Хүүхдүүдээ л хоолтой байлгах, байрны мөнгөө төлөх, оюутан нөхрөө автобусны мөнгөөр дутаачихгүйхэн шиг л ажиллан хэдэн төгрөг авбал болоо.
Миний аав нас бараад би өөрийн хүүхдээсээ гадна дүү нараа тэжээх шаардлага өөрийн эрхгүй миний толгой дээр унасан юм. Би дүү нарынхаа төлөө хийх бүхнээ хийж чадсанаараа бахархдаг. Тэдний бүх хийх ажил, сурах сургалт, зам мөрийг нь зааж өгч чадсан. Тэд маань ч намайг зовоолгүй хэлсэн бүхэнг минь биелүүлэж, заасан бүхэнг минь дагаж явсаар хэнд ч хаан ч гологдохгүй мэрэгжилтэй, хүмүүжилтэй болж чадсанд баярладаг. Харамсалтай нь би арай л их юм сурах мөр хөөлгөчихсөн юм шиг санагддаг. Учир нь тэд маань ажилд орох болоогүй байгаа. Сургалтаа дуусаад иртэл 30 хүрчээ юу зайлаа гээд авахгүй байх бүрэн эгзэгтэй насанд тулах болжээ. Хэхэхэ зазаза энэ хэдэн Буурлууд нь харах байлгүйдээ Охидоо.
Би Японд 5 жил сурахдаа орой нь 6 цагаас 11 цаг хүртэл хоолны газар ажиллаж, хагас, бүтэнд нь өглөө 10 цагаас 5 цаг хүртэл өөр дэлгүүрийн хоолны газар ажиллаж, орой нь дахиад л 6 цагаас 11 хүртэл ажиллана. Баярын өдөр амарна гэж мэддэг ч үгүй байсан. Миний хөл хавагнан хавдаж өвддөг байсан. Би тэгэхэд өөрийнхөө хүнд бөгстэйг анх мэдэж билээ. Япон авгай нар надаас ч эгч байж л сэв сэв хийтэл гүйгээд л бөгсөнд нь сэнс залгачихсан юм шиг хурдан хөнгөнг нь яанаа. Мэл гайхмаар. Дугуй мугуйндаа гүйхдээ л үсрээд сууна. Би бол бөгсөө суудал дээр нь аваачиж байрлуулж байгаад л дугуйгаа унана. Тэд гайхмаар хөнгөн шингэн. Би мах иддэг, тэд ногоо идээд хөнгөн юм уу хаашаа юм бүү мэд. Би тэнд л ажил хийж сурсандаг. Монголд ирэхэд би аль хэдийн насны тоо заалтанд ороод цаазлуулсан байв. Ингээд л хувийн гэх газар л ажилладаг болсон доо.
Би олон 40 настай хүмүүсийг хичээнгүйлэн, сайн ажиллаж байхыг харсан. Тэд сэтгэлээсээ ажлаа хийдэг. Ялангуяа социализмын тогоонд чанагдаж өссөн бид юманд үнэнч сэтгэлээрээ ажиллаад сурсан хүмүүс байдаг. Мөн хүүхдүүд нь томорч ар гэрийн татлаа түтлээ нь бага, харин ч нэг жив жинхэнэ сайхан боловсон хүчнүүд байдаг. Мангар боссуудад түшиг тулгуур, зөвлөгч нь ч болж чаддаг юм. Царай нь саад болоод байдаг юм уу? Тэгвэл нүүрээ угаагаад, нөгөө хувцасаа өмсчихвөл яах бол. Цаанаасаа үрчийх арьсыг чинь яалтай билээ. Гэхдээ яс чанар нь цоо шинээрээ л байгаа шүү дээ.
Хүний хамгийн сайхан төрөлхийн Гоо үзэсгэлэн 40 нас гарахаар л мэдэгддэг байхгүй юу. Залуудаа чамайг хуурах амархан ш дээ. Алаглуулан будаад л болоо ш дээ. Анивчиж мишээгээд л болоо. Хаа сайгүй бүгд ижил. Харин 40 гараад ирэнгүүт л түрүүчээсээ миараад л хэхэхэ. Шилдэгүүд нь шигшигдээд л үлддэг юм даа. Цав цагаан, був буурал толгой хүнийг ямар гоё харгадуулдагыг чи үзээгүй байхаа. Би үсээ цав цагаан юм уу, саарлаар будуулах гээд хичнээн аргаар үзээд болоогүй юмдаг.Гэтэл Бөө болох өмнөх стресс, амьдралын дарамтаас болоод нэг жилийн дотор нилээн хэдэн хувь нь өөрөө цайрсан юмдаг.
За байз өөр 30 аас дээш насны заалтанд цаазлуулсан хэдээ яаж өмөөрөх вэ? Шүдгүй гэх гээд байна уу? Хиймэл шүд хийчихнэ. Нүдгүй гэх нүү? Засгийн нүд бас байдгийн. Би гэхэд л дөрвөн нүдтэйдэг. Өөрийн хоёр, засгийн хоёр. 30 наснаас өмнөх заалтынхан байтугай цэцэрлэгийн хүүхдүүд ч дөрвөн нүдтэй болоод байгаадаг. Мөн бид гурван хөлтэй болоогүй л байна. Дөрвөн хөлтэй болтлоо л ажиллах чадвартайдаг. Гурван хөл гэж таяг тулахыг хэлж байгааг мэднэ биз дээ. Гадуураа иймхэн байгаа ч дотуураа бол цоо эрүүл. Бид ямар нялхаасаа Кола ууж, хамбургер идсэн биш дээ. Социализмын үед хортой бүтээгдэхүүнүүд олдохгүй байсан юмоо гэх мэтээр яваад байвал яваад л байх юм байнадаг. Ямар ч асуудал алга.
Харин сүүлийн үеийн азтай заалтын залуучууд ажлаа яаж хийдэг гээч. Хүнийг ялгаж харьцдаг. Гоогоо хувцастай, баян төрхтөй бол гүйж хариагаад л ахаа, эгчээ энээ тэрээ хараа, ийшээ тийшээ үзээ гээд л. Муухандуу бол хулхидана гэж ингэдгийн, хуурна гэж хар гээд л илбэ үзүүлж өгнө шүү дээ.
Та мөнгөө л харуулчих тэгвэл бид сайн хийнэ. Мөнгө муу бол бид тааруулаад л хийнэ гэнэ дээ. Царайлагууд бол өөр бас тусдаа ажилтай юм шиг байналээ. Би ямар үзсэн биш. Авсанд орох заалтанд орсон Аниа юм чинь.
Ийм шалтгаануудаас болоод бас олон Монголчууд Монголдоо харьж чадахгүй түгжигдсэн байдаг. Зарим нь Монголоор дүүрэн арзайх ажилгүй хэдээ тэжээх ялыг үүрсээр өглөгч хүн өөртөө хоосны үлгэрээр амьдарна. Зарим нь очоод нас, зүс заалтанд орчихсон. Зарим нь ч өөрийн бодолгүй, бүтэлгүй байснаас болж архинд орж ч юм уу, олдсонгоо л зооглоод явдаг учир харих мөнгө, очоод хүний нүүр харах халуун гээд хэвтчихсэн. Зарим нь зорилгоо биелүүлэхээр махийтал зүтгэсээр байгаа. Зарим нь үр хүүхдүүдээ бодон тэдэндээ уягдан хүний газар суурьшсан гэх мэтээр олон шалтаг шалтгаануудтай.
За тэгээд аль нь байлаа ялгаагүй тэдэнд ганц л юм нь ижил. Нутгаа санан самсаа шахирч, нулимс нь цийлэгнэдэг нь ҮНЭН болно. Тэд хүний нутагт жаргасан ч бай, зовсон ч бай яс махны тасархайнууд нь төрөлх нутагт нь байдаг. Үнэтэй эрдэнүүд нь Монголд байдаг. Мөн хайртай уул, ус, тал, гишгихийг хүсдэг шороо нь Монголд байдаг. Тэд Монголоо өмөөрөх сэтгэлийг Монголд байгаачуудаасаа илүү мэддэг.
Бүр аль ч нутагт хар, цагаан ямар ч ажил хийхдээ Монголчууд ҮНЭНЧ, сайн хийдэг төрөлхийн өндөр чадвартай. Бас хамгийн гол үзүүлэлт нь Монгол УХААН гэдэг бүх хүнээс ялгарч харагдаад байдаг онцлогтой. Төрөлхийн Монгол УХААН гэдэг байж л байдаг.
Дэлхий ертөнц тэртэй тэргүй өөрчлөгдөх болноо. Тэр цагт Монголчууд маань төрөлх нутагтаа түмэн газраас сурсан эрдмүүдээ өөрсдөө нутагтаа эхлэн хөгжүүлэх болно. Монгол хүн гэдэг Нүүдэлчид бол соёлыг Түгээгч, Тараагч, Хураагч юм. Төрөхдөө л тйим зорилгоор бүтээгдсэн хүмүүс. Суусан Цэцэнээс Явсан Тэнэг дээр гэж байдаг. Явж, судлаж, харж, үзэж байна гэдэг бол Гэгээрэх ҮНДЭС. Нүүдэлчин Монгол бол ГЭГЭЭРЛИЙН ҮНДСИЙГ ТАРИГЧИД.
Өмнөх түүхүүддээ ч тийм байсан одоо ч дараа ч Тийм л байх болно. Та яг одооны өөрийгөө хар л даа. Таны байгаа орон юутай баян тансаг, сайхан байна. Гэвч тэд ҮНЭН гэдгийг мэддэггүй та л олж харж чадаж байгаа биз дээ. Та монгол өвөг дээдсүүдээсээ Үнэнийг мэдээд ойлгож эхэлсэн. Өмнө бол атаархуу хорон санаатнууд албаар дарахаар Дарсан байсан юм. Одоо бол та ойлгож эхэлсэн юм чинь яг наанаа байгаа хүмүүсийг хараад ажиглаад үзээрэй. Христээс тэд юу хүсч залбирч байна бэ? Тэдний шүтээн сүм хийдийн Үнэн нүүр төрх ажиллагаа. Бүгдийг хар.
Монголоос бусад шашныхан дандаа Бурханаас юм гуйдаг. Монголчууд бол Тэнгэр гэдгээ мэдвэл өөрсдөө гэгээрээд ӨӨРСДӨӨ хүмүүст юм өгөөд эхэлдэг ялгаатай. Айхтар том ялгаа байгаа биз дээ.
Мөн нэг нууц задлахад Монголчууд бол угаасаа л нүүдэлчид. Тэдний хүрээгүй газар гэж үгүй. Тэдний үр удам хаа л бол Хаа байж байдаг. Удахгүй дэлхийгээр нэг төрөх БӨӨнүүдийн өндөр өвгүүд нь хэн байхыг мэдвэл та нар ямар их инээд чинь хүрэх болоо.
Уг нь Монголчууддаа хайртай сэтгэлтэй хүн бол миний блогийг хэн нэг нь итгэсэн итгээгүй хамаагүй уншаад өөрсдөө ухаарна биз гээд л устгаж хаяхгүйсэн. Гэтэл Солонгост байдаг Монголчуудын ордог блогны АДМИН нь миний тухай бичсэн болгонг нь устгаж хаядаг хүн байх юм. Бүр өсөрхөөд орох ID хүртэл блоклоно. Мөн Хабул Хаан гэж блогны Админ бас адил. Яагаад өөр Монгол хүн уншаад, өөрийнхөөрөө дүгнэлт хийж болохгүй вэ? Яагаад миний блог хүний төлөө, бусдын төлөө сэтгэл агуулан бичдэг, Монголчуудынхаа төлөө ГЭГЭЭРЭЛ гэдгийг тайлбарладагт нь өсөрхдөг вэ? Энэ чинь буруу гэх суртал ухуулга Хаа байна. Ганц ХААН буусан гэдэг үгэнд л ингэж их эмзэглээд хааж цагдаад, устгаад байгааг ву гэж ойлгох вэ? Итгэх, итгэхгүй нь тухайн хүний асуудал ч Монгол түмэн маань ганц хүн ч эх орон, өвөг дээдэс, нутгаараа бахархаг, Монгол гэж нэрнийхээ учрыг олж мэддэг гэж санахгүйгээр хааж устгаж байгааг нь асууж байна.
Гэтэл Залуус.мн, Үнэгүй зар, Дуулин гэх мэт сайтад элдэв тайлбаргүй л тавьсан байхад нь маш олон Гадаадад байдаг Монголчууд мэдэн орж ирж уншаад надад баярлаж, бас өөрсдөд нь итгэл төрүүлэн, хүний нутагт урам зориг болж байгаад талархал илэрийлсэн. Мэдээж уншаад солиотой юмуу хаашаа юм гээд орхиод явах гэнэн байхад хэрэгтэй юм байна гээд унших олон хүн байна. Энэ хүмүүс надаас илүү дээрх сайтуудын Админуудад бас талархал илэрхийлээрэй! Ямар ч байсан Монгол хүндээ элэгтэй л хүн гэсэн үг.
Мөн ойрын үед зарим хүний бичсэн майл Аянгат руу хичнээн илгээгээд хариу ирүүлсэнгүй гэж гомдол гарч байна. Хэд хэдэн хүнээс. Гэтэл Аянгатад зарим хүний майл нь ирээд байх юм. Үүний учрыг би үнэхээр сайн мэдэхгүй байна. Мэрэгжлийн хүмүүс мэдэх байхаа.
Би бол юм болгоныг мэддэг хүн биш шүү дээ. Амьдрал болон буурлуудаасаа суралцангаа та бүхэндээ үзэл бодлоо илэрхийлж байгаа. Миний алдаатай, оноотой бодсон юмуудыг бас өөрсдөө шүүгээд хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяад л яваарай. Би бол хувь хүн үүднээсээ бол тэгж их юм бүхнийг мэддэг тэргүүний сэхээтэн, эрдэмтэн доктор, профессор биш. Манай нөхөр л тийм дэг. Мэдээж би 100 хувь сайн хүн биш. 80 хувьтай байхад бараг л сайн биз дээ. Үгүй ядахдаа 70 хувь ч сайн байсан яадын л гэж боддог. Гол нь хүн болж төрснийх хийсэн бүтээсэн юм үлдээвэл л болох биш үү. Муугаар биш, сайн юм үлдээнэ шүү. Аянга бүтээ гэсэн гээд Цөмийн цахилгаан станц, Зэвсгийн үйлдвэр барьчихаад над руу чихэв дээ. Харин ч нэг уурсаад үхсэн хойноо би улам шидтэй болох нь мэдээж тул бүх л хорлох ажиллагааг өөрийн биеэр ирж гүйцэтгэн ниргэх болно шүү!!!
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.