Thursday, October 13, 2011

ЖАРАН ХӨЛТ

Гэгээн хайртай  жаран хөлтүүдээ  ажиглаж байгаа нь
Жаран Хөлт гэгч сонин хорхой

Өнөөдөр Гэгээнээ хүүгээ цэцэрлэгээс нь авахыгаа аав нь таг мартжээ. Ирэхгүй удахаар нь гайхаад утасдахад нээрээ тийм ш дээ гээд нөхөр маань утсаа таслав. Өчигдөр бас бүтэн нэг цаг мартсан. Ямар гээчийн сонин үзэгдэл вэ. Хүүхдээ мартдаг. Нэг удаа охиноо ажлынхаа өрөөнд цоожлоод хэдэн цаг таг мартаж байсан, нэгэн солонгос хүнтэй хоол идэхээр ресторанд урьчихаад тас мартаж байсан сүр хуучтай болохоор болзсон цагаасаа нилээд хэлтийвэл утас цохиж хонхдохгүй бол горьгүй шүү.
Энд нэг асар том Хайрхан байдаг. Түүнийг унтаж байгаа аварга биетэй баатар эрийн нэрээр нэрлэдэг юм байна. Дээшээ хараад гараа элгэн дээрээ аваад унтаж байгаа хүн шиг дүрстэй юм гэнээ. Тэр мааааш том аварга биетэй байсан гэх нутгийн домог байдаг юм байна. Манайхан түүнийг амилуулж  сэрээ гэсэндээ намайг. Хүний нутгийн баатрыг сэрээж яах гэж байгаа юм болоо гэж бодтол амбасан үеийн ах дүүс ухааны юм дурсав. Би ерөөсөө ойлгосонгүй. Яахаараа ах дүүс болчихдог юм. Аварга том биетэнгүүд байхдаа ах дүүс байсан юм уу бүү мэдээ.
Юутай ч би нутгийнханы дуулдаг дуутай СД хоёрыг авав. Нэг нь удаан аятай, нөгөөх нь хурдан аятай гэнээ. Гэвч би үгийг нь мэдэхгүй юм. Энд амьдардаг Энэтхэгүүд бас үг мэдэхгүй. Энэ нутгийн эздүүдтэй би хараахан танилцаагүй болохоор нутгийн дуугаар түүнийг сэрээнэ гэдэг үлгэр болох биз ээ. Түүнд Монгол дуу дуулж өгөхөөс дөө.  Гэгээн зөвлөлт орны гээд дуултай нь биш, өөр ямар гадаадад хандсан дуу байдаг юм болдоо. Ах дүү болохоор бас Монгол хэл ойлгодог ч байж мэднэ. Нэг хагас бүтнээр хуураа аваад л явж туршихаас даа.
Сураг сонсоод л байхад энэ нутгийн уугуулчууд Монголчуудтай харьцуулах юмгүй бүүр залхуу гэж сонсох тул дууны үг бичиж өгөх хүн олдохгүй байж ч магад. Энд ажиллах Энэтхэгчүүд  ч бас их ядрамхай. Бүтэн сайнд бүх юм амарна. Хагас сайнд 2 цаг хүртэл л дэлгүүр ажиллана. Тав дах өдөр арай эрт ажил тарна. 4 цаг гэхэд тарна. Иймд хүмүүс ажлын цагаараа л хувийн ажлаа амжуулахгүй бол хэцүү. Гэтэл ажлын өдөр нь 3 цаг гээд л гүйлгээ хийх, элдэв үйлчилгээ таслагдана. Учир нь 4 цаг хагаст ажил тарах учраас иймд хүмүүс элдэв төлбөр тооцоо төлөх, хувийн асуудлаа бусад өдөр бас ажлын цагаар л амжуулахгүй бол болохгүй учраас бас ажлаасаа чөлөө авах шиг болно.
Барааны дэлгүүрүүд нь албан хаагчидтайгаа адилхан цагийн хуваарьтай болохоор ажил тараад барааны дэлгүүр орох гэвэл худлаа болно. Ажлаасаа чөлөө авч дэлгүүр орох юм уу хаашаа юм. Хагас сайнд л амжуулдаг байж мэднэ. Дээрээс нь нэмээд бөөн баярын өдрүүдтэй. Амраад байдаг хирнээ л ядраад байна амрая гэх юм. Би ерөөсөө ойлгохгүй юм. Яаж ажлаа амжуулдгийг нь.
Манай нөхөрт бол маш сайхан байна гэсэн үг. Өглөө 9 гэж очоод өдөр цайны цагтай. Орой 4.30 гэхэд ажил тарах болчихно. Гэтэл Монголд тэр сүүлийн арваад жил амралт үгүй л ажилладаг байлаа. Одоо л харин зав гарч номоо уншиж, өөрийнхөө мэрэгжлийн өчнөөн их юмаа амжуулах хувийн цаг гарч байгаа учраас тэр нэг өрөөндөө нэг ном тэврээстэй, би нэг өрөөндөө нэг ном тэврээстэй  хэвтэцгээн Гэгээн бид хоёрын дунд нэг эргэчихээд л өөрийгөө саатуулан нэг өрөөгөө буулгаж байх болжээ. Хэдийгээр бидэнд амар байлаа ч би энэ улсын ажлын тухай байнга санаанд орж гайхна. Яаж ажлаа хийдэг, яаж амжуулдаг вэ гэж гайхна. Япончууд энд ирж даргаар ажиллавал уурандаа амиа хорлох байхдаа. Тэд бол арай дэндүү хар үүрээр л ажилдаа ирчихсэн байна. Ажлын цаг нь дуусчаад байхад л харина гэж байхгүй. Шөнө 9, 10 аас нааш гарахгүй суудаг профессорууд нь , улс улс гэж мөн сонин байх юмаа. Би Монголчуудыг залхуу гэж боддоггүй. Тэд маш ажилсаг, ачаалал сайн даадаг гэж боддог. Үнэхээр улс орнуудаа гэж хачин юмаа.
Эднийхэний ажил бүгд эрт тарах тул олон нийтийн арга хэмжээ байнга зохиогддог бололтой. Энд тэндгүй зүлгэн дээрээ сууцгааж, бөмбөг тоглож өгөх юмаа. Хөгшин залуу, эр эмгүй л эрхлээд бөмбөг тоглоно. Нэг бодлын амар сайхан ч юм шиг, ямар ч стресс үгүй. Нэг бодлын улс болон гэрийн ажил нь яаж амждаг юм бэ? бүү мэдээ. Хагас сайндаа ханатал дэлгүүрээ хэсч аваад, бүтэн сайндаа далайн эрэг дээр очоод хэвтчихнэ. Жимс идээд юм уу , мод идчихдэг болохоор гэрийн хоол гэж зовдоггүй ч юм уу бүү мэдээ.
Эрхбиш хоол хийдэг л байлгүй дээ. Монголд яагаад миний ажил амждаггүй байсан юм болоо. Энд ч дуусахгүй юм. Гэтэл энэ хүмүүс эрхлээд л байх юм. Хаашаа юм бэ? Цагаан арьстангууд нь тансаглаад л зугаалаад л, хар арьтнууд нь гадаа хэвтээд л бөмбөг тоглоод л хаа сайгүй л амарсан зугаалсан завтай хүмүүс. Нэг заваа гарахаар л энэ орны гүнд нь шургаж орохгүй бол энэ янзаараа би ингэсээр байгаад нутаг буцах нь.
Монголчууд маань борви бохис хийлгүй зүтгээд байсан ч туйлдаж ядраад байгаа юм биш үү. Хагас, бүтэнд ч амарч чадахгүй байсаар эрүүл бие ч үгүй болоод байгаа юм биш үү?
Тэгж их зүтгэж хийснээр болдог бол Тэнгэрт хүрсэн баймаар, гэтэл улам л сааралтаад амьдрал хэцүү болоод байх юм. Өрөнд баригдаад л, өтөнд идэгдээд л, гундаж гуниад л Монгол маань ер юу болоод байна даа. Эсвэл ажиллах ёсгүй эдэн шиг эрхлэх ёстой юм уу?  гэх мэтээр олон юм бодлоо. Хүний биеийн хөгжлийн хувьд эндхийнхэн Дал модоо дуурайгаад өндөр том биетэй. Маш том биетэй авгай нар их. Энэ аймаар том амьтны нөхрүүд нь тэднээсээ том харагдах тул ерөнхийдөө биеийн хөгжил сайтай.
Харин оюун санаа хувьд саяхан хүн идэх ёсноосоо албан ёсоор татгалзан хөшөө барин тэмдэг үлдээсэн учраас Монголчуудтай харьцуулах юун.  Монголчуудын өнө эртний ӨТҮГЭ боловсролын үеэс л  хүн идэх байтугай алах ёсыг анх хөндөж буруу гэдгийг хэлдэг Дэмч төрж байсан шүү дээ. Оюун санааны асар их ялгаа гарч байгааг та нар мэдэх байх.
Англичууд дарлаж байж л хүн дүрст оруулсан гэхээр ч түүхийн үйл он цагуудыг бодвол их сонин байгаа биз дээ. Гаднаас нь харвал хоюулаа л хүний төрөлд багтах ч оюун ухаанаар нь дүгнээд үздээ. Нэг нь амбасан үед хүн идэхээ больж нэг нь саяхан хүн идэхээ болино гэдэг. Эндхийн уугуул хүмүүс загас идэж, мод, жимс иддэг. Монголчууд Сүүн –Эхт амьтдаас хоол хүнсээ голчлон хэрэглэдэг. Хүний хөгжил, оюун ухаанд яав ч оршин буй газар, идэш тэжээл, амьдралын төлөө тэмцэл асар ач холбогдолтой нь харагдана.  Энд үгүй ядахдаа л халуун дулаан учраас өвөл гэж мэдэхгүй.  Иймд өвөлд бэлдээд байх юу байна. Эндхийн цаг уур, дулаан нөхцөл байдал, идэх жимс, загас элбэг учраас тэгтэл амьдралын шаардлага гараад хүнд хэцүү амьдрал Монголчуудыг бодвол шаардагдахгүй. Амьтнаараа байгаад байсан ч санаа зовоод байх юм алга.
Харин Монголд хөдөлж хөдөлмөрлөхгүй л бол, сэтгэж, тэмцэхгүй л бол Амьдралд маргааш хоолгүй болох, өвөл хөлдөж үхэх аюул бий, хувцас эдлэл хэрэглэх, бэлдэх энэ бүхэн шаардлагатай. Амьдрахын төлөө үргэлж оюун ухаан дайчлагдан хэрэглэгдэж байсан байх нь. Энд байнга 30 гарсан халуунтай. Өвөл гээд 5 градус буурахад л хэцүүддэг. Бид анх өвөл нь энд ирсэн. Хамаг хөлс асгараад л аахилж үхэх дөхсөн ч одоо халуунд дасаад байна. Дассан бие маань бас эдний адил энд гурван өдөр бороо орох юм уу,  хоёр градус буурахад л бас хоолой өвдөн, ханиад хүрдэг болж эхэлсэн нь гайхмаар. Гэтэл Монголд  ийм халуунд ханиад хүрдэггүй байсан даг. Төрсөн газар орны ялгаа, цаг уур гэж хүний биеэнд асар нөлөөтэй. Үгүй ядахдаа л микробууд нь өөр биз дээ.
Энэ сэдэв бол уншихад маш энгийн хэний ч мэдэх зүйл мэт боловч дараа дараагийн сэдвийн суурь болох юм. Учир нь Ам судрыг орчин цагтай холбож тайлахгүй бол ойлгоход бэрх бөгөөд нилээн их цаг зав шаардсан ажил болно. Ам судрын тусгаар таван тогтнол гэдэг бол дэндүү их мэдлэг, хүрээ шаардсан сургаал учраас бага багаар нь мэрэн тайлбарлаад л явах болно.
Нэг юм сонссон юмсан бас. Чингисийн Хар сүлдний Сүм гэж. Түүнийг Оросууд нураан устгасан бөгөөд устгахаас нь өмнө амжиж түүний зургийг нэг Монгол хүн баримтжуулан авсан бөгөөд одоо сэргээн засварлах гэж байгаа тухай сонордсон юм. Түүний хүү нь Тэнгэрийн үйлд адтай нэгэн бөгөөд цаанаасаа л түүнийг Тэнгэр бэлдсэн юм шиг санагддаг.  Хаан хэлэхдээ Аянга энэ бол маш аюултай гэж дамжуулаарай. Ламаар ном уншуулахгүй шүү. Аянга Чи хязгааргүй олон аймшигт Хар цэргүүд бэлгэнд авсан биз дээ. Нэг үгээр хэлэхэд тэр бол миний Хар цэргүүдийн Гэр тахилга гэсэн үг юм. Хатуу бөгөөд Хар талын юм шүү. Нэг ёсондоо Хар Тэнгэрүүдийн тайлга тахил. Сүм гэхгүй Тахил гэж нэрлэвэл дээр.
Түүнийг шарын шашинтай хэрхэвч хольж болохгүй. Сүүлд шараар даруулан ихэд хилэгнүүлсэн. Яахав тэд асуувал эхлэхдээ яаж хийхийг нь би хэлж өгч болох ч Хатуугаас Хатуу хэцүү гэсэн үг. Хийлээ гэхэд түүнийг маш сайн тахиж, шүтэж, тусгай үйлүүд хийж байх ёстой. Тусдаа хүмүүс ч байсан. Магадгүй тэд тэдний удам байж ч болох юм. Түүнийг амилуулбал Эзэн би өөрийн зуундаа байгаа мэт л байх бизээ. Аянга Чи хар цэргүүдээ юунд хэрэглэдэг билээ. Тэд тийм л гэсэн үг дээ гээд инээж байв. Түүнийг нураасан орос нөхөд сүйдээд сүйрсэн гэж Хаан хэлсэн. Би бол тэр сүмийн тухай мэдэх ч үгүйдэг.
Шарын шашнаар ном уншуулаад даанч нэг үйлчлэхгүй нь лав үнэндэг. Учир нь Хаан өөрөө буухдаа өргөөний хамаг хадгийг авч шатаан, зул өргүүлэх, арц уугиулахыг тас хорьсон шүү дээ.  Ер Чингис Хаантай холбоотой юманд шарын шашны элдэв ёслолыг Тас хорих болно гэж Хаан айлдсан билээ. Эзэн нь өөрөө буугаад ирсэн юм мэдэж байгаа байлгүй дээ. Аянга тэгж хэлээгүй шүү. Тэгээд ч манай Онгодууд шарын бүх юмыг хэрэглэдэггүй. Харин миний шарын Буурал өвөө маань л Хар, Улаан Эрх  хэрэглэж шарын холбогдолтой юмсыг нь янзалдаг.
Энд жаран хөлт гэдэг улаан хорхой их байх юм. Гэгээн тэднийг хайрладаг. Машины доор ороод дайруулчих вэ, шоргоолжинд бариулаад үхэж гээд их харамсдаг юм. Би хорхой шавьжинд дургүй ч миний хүү хайрладаг болохоор яахав дээ тийм байнаа, хөөрхөн юм байнаа л гээд л амыг нь дагуулаад байж байх жишээтэй. Гэвч энэ жаран хөлт гээчийн амьдралын үйлдэлд анхаарахаас өөр арга үгүй. Учир нь тэд бидний амьдарч буй байшинд орж ирээд л явж байдаг юм. Хаанаасаа ч ороод даваад ороод ирдэг юм. Тэгсэн хирнээ нэг хонолгүй л хатаад үхчих юм. Амьд явж байвал би хогийн тосгуурт шүүрдэж хийгээд гадаа хөрс рүү нь шиднэ. Хүрэнгүүт бөөрөнхий болдог тэд. Ингээд л шидээд байв. Нэг удаа шидэхэд тас хийх чимээ гарахаар нь гэнэт санав. Тэр цементэд оногдож унасан байв. Би түүнийг аврах биш шидээд цааш нь харуулаад байгаа юм болов уу? Тэд шидүүлээд үхээ юу, амьтай юу? Хүн шиг болов уу? Муур шиг болов уу бүү мэдээ. Өмнө нь би жаран хөлт гэрт ирвэл ингээд байх орон луу нь явуулдаг байсан ч өнөөдөр гэрт орж ирээд тэнэн бэдчих жаран хөлтийг ажиглан харлаа.
Гэтэл жаран хөлт гэрт орж ирсэн шигээ замаа олоод гадаа гарчих чадваргүй бололтой. Нааш цааш баахан явж байгаад л хатаад үхдэгийг бодохоор тэдэнд толгой байдаггүй юм шигээ. Харахад толгой байвч хаа юу хийж тэнэж яваагаа мэддэггүй юм байлгүй дээ. Жарын жаран Хөл байвч тийм ч хурдан хөдлөөд явчихгүй юм. Би  пэйсбүүк дотроо эргэн будилан төөрдөг байсан шиг л нааш цааш дэмий баахан жаран хөллөн алхална. Гүйж чадах биш хөөрхий. Яасан ч үйлийн үртэй хорхойв дээ. Түүнд нэг сайн тархи, жаран гар заяасан бол яах болоо. Гэтэл мунхаг толгой, дэмий жаран хөл заяажээ. Үхлээ өөрөө сонгон өргөө гэрт орж ирээд толгой нь эргэж төөрөөд, жаран хөл нь цуцаад л үхэх юм даа. Түүнтэй адил хүн олон байх юмаа. Уг нь тэр жамаараа шороон дундаа байж, жамын ажлаа хийвэл их л юм бүтээдэг байхдаа хөөрхий.
Монгол маань энэ жаран хөлт шиг л санагдлаа. Толгой байхгүй, хаа гоё сайхан харагдсан руу ороод гарах гарцаа ч мэдэхгүй, орох орцоо ч олохгүй мөн ч их жаран хөллөн гүйвч эцэж цуцаад улам л сульдан сааралтан байгаа нь харагдана. Монголчууд сүүлийн үед хөгжлөөрөө Катарчуудын дараа хоёрт орж байна гэх сураг сонсов. Ямар хөгжил яриад байгааг ухаардаа. Хөгжсөн шиг хөгжиж чадаж байна уу? Хөгжлийг нь мөнгөөр л хэмжээд хөөргөөд тавьчихаж. Хэдэн уул уурхайг нь сайхан ухуулж хэдэн халтар төгрөг өгөх жишээгээр хуурч байгаад л нэг мэдэхэд л хаяад одно. Хамгийн сүүлд нь өдөр бүр өлсөж үхэж буй Африкууд шиг л сүүлчийн мөчүүдийг нь дурандаа үлдээн авах нь дээ. Карманд нь юм хийж буй харагдавч толгойг нь хоослож байнадаг.
Эд материалын хөгжил монголд цэцэглэж л байгаа ш дээ. Дэлхийн улсуудын бүх л бараа байнадаг. Бүх л идэж уух юмс байнадаг. Адилхан л байшинд амьдардаг, машин унадаг баячууд нь ч байнадаг. Гадаа хонох гуйлгачид нь ч байнадаг. Ялгарах юм бараг үгүй ч ухаангүйгээр хуулсан хамаг уршиг нь түгжрэл, утаанд хордсон амьдрал, өвчинд баригдсан биенүүд, архичид, янханууд, хулгайч дээрэмчид ихэссэнээр илэрнэ. Хүн бие биетэйгээ инээж ярьсан ч цаанаа хар санаа агуулна. Хардаж сэрдсэн уур амьсгалтай. Тархи толгой нь ялзралд орсон байнадаг. Ингэвэл баяжих бол уу гэж жаран тийш гүйсээр дуусч өрөнд идэгдэн үхэж байнадаг. Толгойгүй Монгол маань туйлдаж сульдсаар яг л энэ жаран хөлт шиг хатаж хальс болох аюул бий. Жаран хөл байгаад ч нэмэр алга. Нэг ухаантай толгой жаран гар байвал арай дээр байх байжээ хөөрхий. Монгол өвөг дээдэс маань нэг толгойтой зуун могойн сургаалийг айлдаж байсансан. 
Энд харин могой байдаггүй орон. Гэхдээ жаран хөлт байна. Могойг бодвол тал тал тийш тараад явчихгүй нь сайхан ч, мунхаг толгойтой байсан ч жаруулаа л  дагаад тэр зүгт нь яваад байх юмаа. Нэг хөл нь ч энэ бишээ, ийшээ явна гээд эсэргүүцээд өөр тийшээ явахгүй юм. Одоо яахав дээ. Нэг мунхаг толгойтой жаран мулгуу л бололтой. Тэр ганц толгой буруу замаар явснаас хатаж үхэж, бас Шоргоолжны идэш болдог. Олуул олуулаа овоорон жар байтугай салгаад тасдаад явах шоргоолж нарыг харснаас болж миний хүү Гэгээн сэтгэл нь өвдөж жаран хөлт гэгч энэ амьтныг хайрладаг. Нэмээд машин дайрчих вий гээд гарахдаа зам шалгана. 
Монголчууд бол жаран хөлт шиг амьдарч болохгүй ээ. Тус тусдаа толгой, оюунтай байж, хамгийн зөвөө урдаа тавьж, нийтээрээ харин жаран хөлт шиг нэг алхвал Монгол маань хөгжих бизээ. 
Ай хөөрхий Аянга жаран хөлтийг хараад ингэж л гашуудан бодлоо.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.