Хөөрхий Каддафи нохойн үхлээр хорвоог орхижээ. Мандан бадарч хүмүүсээр тойрон хүрээлүүлж, улсын эзэн болж явсан энэ хүн газар хонгилд үхэн, хэн ч түүнийг хамгаалахгүй хаяж одсон нь аймаар. Ингээд бодохоор яагаад ч юм гуниг төрөх юм. Хэрвээ тэр ингэж үзэн ядуулах болтлоо муу үйл хийгээгүй бол олон хүүхнүүдээрээ биеэ хамгаалуулчихаад л байж л байсан байхдаа. Монгол эрх мэдэлтэнгүүд ч үүнээс сургамж авбал зохистой. Үүрдийн жаргал, үүрдийн эрх мэдэлтэй байх мэт санаж, зөвхөн өөрийн төлөө ажиллах нь ямар их Эрсдэл дагуулдаг вэ гэж мэдэж баймаар.
Гэвч нөгөө талаар бодоход түүнийг тойрон хүрээлэгчид, долигногсод нь бүгд нүүр буруулжээ. Тэр маш их мөнгөтэй баян хүн атал мөнгө нь ч аварч чадсангүй. Хичнээн тэр өөрийгөө бодон ард түмнээ дарангуйлж байсан ч тэр өөрийн тойрон хүрээлэгчдээ гар татдаггүй нэгэн байсан гэдэг. Ядраад ирэхэд нь нуугаад өгчих хүн олдоогүй л байгаа юм даа. Хүн гэж яасан муухай хувирамтгай, урвамтгай, хэрцгий юм бэ? Ингэж бодохоор түүнийг бас өрөвдөх юм. Түүнийг өнгөрсөн тухай Гэгээнд хэлэхэд тэр уйлсан юм. Хэдийгээр үргэлж Каддапиг муулан зурагтаар гаргаад Гэгээн бүх л юм Каддапи гэдэг муу хүнээс болсон гэж бодон өөрөө түүнийг хэрхэн цээрлүүлэх тухай төлөвлөгөө боловсруулдаг байсан ч яг л үхэл гэгчийн тухай сонсоод тэр яагаад юм нулимс гаргав. Өөрийгөө энэ бүхэнд буруутай гэж ч бодсон юм уу, юунд тэр эмзэглэсэн юм би ч асууж чадсангүй. Би ч бас дотор эвгүй байлаа. Хүнийх нь хувьд өрөвдсөн ч юм уу, түүний хувь заяа аймшигтай байлаа.
Энэ дэлхийн муухай дайнууд хэзээ төгсгөл болох болоо. Хүн төрөлхтөн төрж бий болсноосоо хойш л хоорондоо алалцлаа. Одоо ч алалцсаар. Тэгээд хэзээ энэ бүхэн дуусах болдоо. Шунал, Тэнэглэл, Хар сүнс байсаар л байвал хэзээ ч энэ бүхэн дуусахгүй нь тодорхой. Би хүнийг хорлодог энэ муухай ХАР СҮНС гээч нарыг одоо л үзэн ядаж байна. Хүний зовлонд цаддаггүй, ханадаггүй, хүнийг хар муу бүхнээр хордуулж, доройтуулж, хооронд хядалцуулж байж бах нь ханадаг энэ муухай Хар Сүнснүүдийг цааш нь харуулж устгаж дарахгүй бол хэзээ ч Хүн гээч жаргалтай байх арга алга.
Сайн сайхан мандан бадарч хүний хайрыг татаж байсан энэ хүн нохойн үхлээр үхэх болсон шалтгаан нь магадгүй Хар хорлолын сүнсний л хийж байгаа ажил байхдаа. Ер нь сайн ажиглаад харахад Ливийн ард түмний бослого хөдөлгөөн хичнээн өрнөж байсан ч тэд зэвсэг гэдгийг харин ч нэг ёоз ёозоор нь барьсан харагдаж байсан. Телевизээр энд залхтал үзүүлсэн. Тэдний цаана маш их мөнгө, өдөөн хатгалаг, санхүүгийн дэмжлэг байгаа нь илт. 7 сарын 1нд бол манай Монголчууд бол чулуу л цуглуулж шидсэндэг. Хамгийн лаг зэвсэг нь гал л гаргасан бизээ. Хэрвээ тэдний гарт харин зэвсэн байсан бол юун намын байртай манатай л болох байсан биз. Ингээд бодохоор жинхэнэ энгийн номхон ард түмний бослого хөдөлгөөн, зохион байгуулалттай бослого хөдөлгөөн хоёр газар тэнгэр шиг ялгаатай нь харагдана.
Хамгийн утгагүй дайн бол нэг ижил, үндэстэн ястан хоорондоо алалцах. Ялангуяа шашны мөргөлдөөнөөс болж алалцах шиг ухамсар дорой, ичгүүртэй түүх гэж хаа байна. Ингэснээрээ тэд өөрсдөө л хохирч бусдын идэш болдог. Асуудал дайн болтлоо хурцдахаас өмнө л хаана хаанаа сэхээрч баймаар. Заавал дайн болж нэгнийгээ хядаж нэг нь дийлж, нөгөө нь дийлэгдэх энэ хүний араншин хэзээ төгсгөл болох юм болдоо. Хар Тийрэн сүнсийг л бүгд үгүй болгож чадвал энэ муухай гашуун зовлонгоос аврагдана даа.
Би бага байхдаа Капиталист нийгэм буюу Америк, Япон гэхчилэн хамаг муу муухайн үүр уурхай, хамгийн адгийн газар гэдгээр л тархиа угаалгууж өссөндөг. Гэтэл Социализм нурж уналаа. Нөгөө алдартай муухай газар Японд очих болов. Миний төсөөлөлд ойлгосноороо бол нэг ч сайхан байгальгүй, бүгд өндөр байшинд амьдардаг, амьсгалах агааргүй хорт утаан баг өмсөж явдаг гэж түүхийн багш маань хэлж байсан санагдаж байв. Гэвч би Японд маш сайхан байгаль, өндөр уулс, өтгөн модод, хөдөөх амьдралыг ч бас харсан л юм даа. Үзэл суртал гэж ийм муухай худлаа хортой. Харин миний Гэгээн Бин Ла Дин, Каддапи гэж алуурчдын тухай сонсож зурагтаар үзэж өсөв. Хаа очиж нөгөөх нь харин ч эрт үхчихлээ. Одоо бас нэг алан хядагч, дэлхийн дайсан гээд л зарлагдаад бас л бөөн ангуучлал болох биз. Түүний ой тоонд ийм хүмүүсийг буудаж алах ёстой л гэсэн үзэл нэвтэрч байна даа.
Нөхөр бид хоёр хоюул хэтэрхий завгүй учраас тэр маань ёстой л хар ухаанаараа өөрийгөө хүмүүжүүлж байна. Удахгүй таван нас хүрэх тэр асар их зальжин болчихсон байх юм. Бидний л буруу даа. Нэг юм хэлээд нэхэхээр нь завгүй байна. Бүү саад бол. Өөрөө юмаа хий, Дараа бол гэсээр тэр яаж ийгээд энэ хоёрыг аргалаад ажлаа амжуулах ёстой гэсэн ойлголт суучихжээ. Гэхдээ загнуулчихалгүй, уцаарлуулчихгүйхэн шиг юмаа хийлгээд авчих төрөл бүрийн санаа сэддэг болсон байна.
Өчигдөр түүнд дуртай Батманы тоглоомыг нь авч өгсөн бөгөөд өглөө тэр надад: Ээж та чинь ямар мангар болчоо вэ гэв. Яав? Гэхэд та нөгөө дургүй сэлмээ бас л мангартаад надад аваад өгчихөж дээ. Тээр хардаа гэв. Тэр нь нөгөө муу хар Батманых нь бас нэг хэсэг том сэлэм байв. Түүнд зай хийвэл муухай дуугарч уур хүргэн, чимээгүй бай, дуугарахгүй тоглож болдоггүй юм уу, яахаараа ийм муухай тэнэг тоглоом үйлдвэрлэдэг юм бэ гэж би уурладаг билээ. Машин, хүүхэл, бүх л тоглоом муухай дуугарч тархи өвтгөн хүүхдүүд маань чимээгүй сатаараад тоглох байтугай түүнтэй нийлж чарлалдаж өгдөг тоглоом мода болсон байна даа одоо. Иймд би ийм тоглоомд дургүй байдаг ч өчигдөр авсанг нь Гэгээн илрүүлчихжээ. Тэнд зай хийх ёстой ором байв.
Гэгээн мөн усанд орохдоо чихээ бөглөдөг бөглөөс авчирч өгсөн бөгөөд: Та мангартаад л ийм тоглоом авчихаж гэж зэмлэх мөртөө, Та энүүгээр чихээ бөглөөд сайхан унтаж байхад Хүү нь энэ сэлмээрээ Яа яа яа гээд л байлдаад тоглож байвал яана гэснээ амаа дарж инээн элдэв маяг үзүүлэн панаалдав. Би түүгээр Үнэн хүслийг нь хэллүүлэхийг хүсэн чимээгүй л байв. Тэр улам хичээн нөгөө хоёр чихний бөглөөг магтаж өгөв. Ус ордоггүй, бас юу ч сонсохгүй, маш сайхан унтуулдаг гэнээ. Харин тэр хооронд хүү нь муу мангаснуудыг хэд чавчаад алаад л Буурлуудтайгаа нийлээд л дараад байвал яахав ч гэхчилэн Үкэ мөн янз бүрээр оролдов. Сүүлдээ тэр батериа олоод ирчихсэн энэ хаанаас гараад ирвээ, яаг энүүнд тохирох юм байна даа. ямар инээдтэй юм бэ? Энэ лаг Лазер сэлэм байгаа биз дээ. Та лазер сэлэмд дуртай биз дээ ч гэх шиг өдөж гарав.
Үнэнгээ хэлэхгүй намайг аргалчих санаатай түүнд би уурлав. Наадахыг чинь онгойлгох отверк манайд байхгүй гээд би явуулж амарлаа. Харин хагас цагийн дараа нөгөө сэлэм нь чарлаж гарав. Намайг аргалж дийлээгүй тэр аавыгаа оролдсоор байгаад дийлчихжээ. Яах гэж хийгээд өгөв гэтэл нөхөр маань: Ёстой нэг нойтон хамуу шиг ядаргаа чинь янз бүрийн юм ярьсаар байгаад л хийлгэчихлээ. Аав Каддапиг алчихсан гэнээ. Одоо дахиад тэр хүн алж чадахгүй болсон. Сайхан байна уу гээд л эхэлсэн гэнэ. Тэгснээ бид нар Монголдоо байсан бол мөн сайхнаа. Өчнөөн ах эгч нар минь байгаа гээд л санаа алдаж ч үзэж. Сүүлдээ бид нар зочид буудалд амьдарч байсан бол хамаагүй сайхан байсан юм. Тэгсэн бол нөгөө хүнийг нь дуудаад л бахь авчруулаад энийг хийлгэчихгүй юу ч гэх шигээр үглэсээр байгаад л хийлгээд авчээ. Яахаараа тэр энийг хийгээд өг гээд шууд хэлэхгүй ингэж есөн шидийн арга зохиодог болов оо.
Мэдээж бид хоёр дараа бол, тэг ингэ гэж уцаарлах байсан байхдаа. Нээрээ л Монголдоо байсан бол бид хоёрыг царай алдахгүй өчнөөн хүнээр юмаа хийлгэчихнэ шүү дээ. Хүү маань гэрээ санаж Монголоо санаж эхэлжээ. Тэр энд ганцаардаж байгааг нь харлаа. Тэр зурагтаа чанга гэгч нь тавьж байгаад л хүүхэлдэйнээсээ зөндөө олон англи үг сурчээ. Цэцэрлэг нэртэй өдрийн гурван цагийн юмандаа явавч тэр манай хүүхдүүдийн бага насны онцлог хүүхдүүдтэй тоглохгүй хол байдаг зангаараа зай бас барина. Гэхдээ тэр аймаар гар, хөл, нүүр амаараа дохиж зангаад сурчээ.
Яг л хэлгүй хүүхдүүд шиг хурдан, гялс хийж дахин дахин давтана. Хааяа бас эндхийн олон хар арьстай хүүхдүүдэд шоглуулна. Хүүхдүүд нь ерөнхийдөө бас тиймэрхүү талдаа нь ажиглагдав. Ингээд би Гэгээнд эргүүлээд хусаад хаяж бай, Бүү ай хэмээн зааж өгч дэр нүдүүлэн сургах хэрэг гарав. Монголд бол ийм болдог ч үгүй, бас тэр бүр жаахан байсан юм. Нөхөр маань намайг гайхан шоолно. Ганц сурсан юмаа л би заана шүү дээ. Өөр яах ёстойг би мэдэхгүй юм даг. Одоо тэгээд сургуульд нэг сараас орно. Олон хүүхдүүдтэй, олон цагаар хамт байна. Эндхийн хүүхдүүд бие бие рүүгээ тоглож байхдаа хэнэг ч үгүй түй гээд л нулимж шүлс нь холоо үсэрдэгийг би харсан.
Би тийм Монгол хүүхэд хараагүй юм даг. Зодоон хийгээд маш их уурлавал л тэгдэг биз дээ. Хэзээ тоглож байхдаа тэгж байлаа. Гэтэл тоглож байхдаа ингэнэ гэдэг бол маш бүдүүлгийн шинж дээ. Гэгээн маань хатуухан орчинд өсөх нь дөө. Хүний газар, нэг ч монголгүй, арьс нь өөр, хэл мэдэхгүй хүнд оронд өсөх нь. Гэгээний нэг өөрөө сайн сурсан юм нь юу ч хэлсэн НО гэж хэлэх арга байв. Чи яагаад НО гээд байгаа юм бэ? Яагаад ЕЭС гээд хэлж болдоггүй юм гээд үгийн утгыг хэлэхэд мэдэж байна гэв. Тэгээд тэр ЕЭС гэж хэлэх их буруу хэмээн надад ойлгуулсан юм. Өмнө нь ч тэр аавыгаа дандаа л ЕЭС гэж хэлж байх юм. Хааяа НО гэж хэлэхэд яадаг юм хэмээн шүүмжилж байсан удаатай.
Нээрээ л эндхийн ёс заншил, идэх юм, амтыг бид мэдэхгүй учраас бас ЕЭС тэгье гээд хэлбэл нэг идэх юм өгдөг тэр нь аймаар халуун ногоотой юм уу, эсвэл хэтэрхий нялуун чихэрлэг байвал бид идэж чадахгүй балардаг юм. Гэгээн энэ бүгдээс ерөөсөө л бүх л юмыг нь НО гээд хийхгүй байвал өөрт амар хэмээн мэдэж авсан бололтой.
Мөн Гэгээн манай хүргэн хүүд маш их хайртай учраас түүнийг хамгийн түрүүнд энд ирүүлэхийг хүсдэг. Өөрийн эгч, Хүргэн ах хоёрыг хэнийг авчрах талаар тэр мэргэн арга оллоо хэмээн хэлэв. Та хоёр сонсож бай. Хамгийн сайныг нь түрүүлж авчирая гэж санал тавиад: Эгчийгээ тэр бол та нарт намайг сайн харна гэчихээд явангуут чинь зурагт үздэг. Тэгээд Жени нохойд болохоор хүний хоол хийж өгөөд, надад болохоор нохойн хоол хийж өгдөг. Харин Хүргэн бол маш сайхан хоол хийж өгч, надтай тоглодог. За аль нь дээр вэ гэв. Төрсөн эгч чинь болохоор мэдээж эгчийг чинь түрүүлж авчирна гэхэд дахиад л: Та нар сайн бодоцгоо, Би харин хэлээд байна шүү дээ. Одоо аль нь илүү, байна гээд л шалаад салахгүй. Чи өөрөө юу гэж бодоод байна гэхэд: Би мэдэхгүй ээ, Та хоёр л шийд гэнэ. Эгчийг нь авчирая гэхэд : Харин би хэлээд байна тэр намайг харж чаддаггүйг, одоо та нар зөв шийд гарга гээд л шахаад байх юм. Тэгсэн хирнээ өөрийн санаагаа бас тас хэлэхгүй, тэгсэн хирнээ л яг өөрийнхөөрөө зүтгээд л биднээр гарцаагүй шийдийг бидний амаар гаргуулах гээд байна.
Хаашаа янзын аймаар юм сурчихваа энэ хүүхэд ер нь. Биднийг уцаарлаад загнана гэж бодоод байгаа юм байлгүй. Аав, ээжээсээ давж сэтгэж байж л ажлаа амжуулчих санаатай төрөл бүрийн төлөвлөгөө боловсруулдаг болжээ хөөрхий. Ингээд долоо хоногт ядахдаа би нэг удаа, нөхөр маань нэг удаа түүнд бүтэн орой хамт ярьж, тоглож байхгүй бол хүү маань стрессдэж дуусах нь байна гэж бодлоо.
Би ёогт явахаа больсон тулдаа өглөөгүүр нийтлэлээ бичин, өдөр хоолоо хийн, англи хэлдээ сууж, оройн хоолоо хийн, үдээс хойш майлээ шалган цуглуулж, хариунуудыг нь бичин эмхэлж, хажуугаар нь буурлуудтайгаа ажлаа амжуулах, нөгөө хоёрынхоо хувцас хунарын хир тоосыг нь гөвөх ажил арай гэж амжуулж байтал шөнө өнгөрчих юм.
Нөхөр маань угаас ажлын хэнээтэй хүн. Нэгэнт л энд цалин авч байгаа юм чинь гээд л хийж бүтээсэн их юм харагдуулах, үзүүлэх бодитой үр дүнд хүрэхийн төлөө улайраад юмаа хийгээд суучихна. Ажлаасаа ирээд ч уншиж бичиж хийх, төлөвлөгөө боловсруулах, төсөл хийх гээд л бүх л юмаа өөрөө хийнэ. Уг нь Монголд шавь нартайгаа хамжаад хийвэл хурдан үр дүнтэй байсан ч энд тэр ганцаараа өөрөө бүгдийг бичиж хийнэ гэдэг маш их цаг авах юм. Эндхийн сайхан гаруудаар зааж өгч хийлгэх гээд хоёр сар ноцолдоод дийлсэнгүй. Ядраад байна, юу ч ойлгохгүй байна, өвдөөд байна, та профессор юм чинь та л чадна бид юугаа мэддийн гэх доод тушаалын чинь ажилчид байвал яахав.
Эндхийн нэг онцлог нь олон орны хүмүүс учраас газар газраас ирсэн багш нар өөр өөр арга барилтай, зан заншилтай, характартай нь үнэхээр мэл гайхмаар. Энэтхэг, Тайланд, Соломан, Филлипин, Австрали гэх мэт олон хүмүүс. Бүгд өөр өөр зан заншилтай. Энэ бүхнийг Монгол хүн удирдана гэдэг бас их сонин. Бас л аргалах зальдах, уурлах, долигнох, үл тоох, үгэнд нь орох гээд л хүний гаргадаг бүх араншин энд бий. Аргадаад болохгүй бол давж байж л салах зантай манай нөхөр үзүүлээд өгнөө хөө та нарт гээд л гүрийгээд эхэлчихсэн учраас зав гарахаа болив.
Тэрнээс энд өглөө есөөс очоод л дөрвөн цаг хагастаа тарчихаад л биеийн амрыг харан, амы нь дагуулан ажлаа хийгээд цалингаа аваад яваад байж болох ч хаана ч байлаа гэсэн Ажил бол Ажил шүү дээ. Үр дүн л чухал учраас явахдаа Монгол хүн ингэж ажиллаж, ингэж чаддаг юм гэж үзүүлчихээд БАЯРТАЙ гээд хэлээд явах нь чухал. Тав дахь өдөр нь дөрвөн цагт ажил тарна. Гэтэл эднийхэн хоёр цаг болонгуут л алга болоод өгнө. Яасан ч олон баярын өдөртэй, яасан ч их амардаг юм бэ? Арай дэндүү. Яасан ч их тоглодог юм. Уур хүрмээр юм. Манай нөхөр Япончуудад маш их хайртай.
Японд байсан бол яасан их юм амжуулаад хийсэн, урамтай байхсан болоо гээд л уурссаар ирдэг ч нөгөө хэдээ ярьж гайхан инээсээр тайвширна. Урдаас нь хэрэлдэхгүй мөртөө Ноёнтоон би чадахгүй нь, уучлаарай гээд байгаа хүмүүсийг чинь яалтай билээ дээ. Ингээд л өөрөө хийчихээд зааж сургахаар хамаг юмаа бичиж цаг алддаг боллоо. За яахав яахав, энэ олон орны хүмүүстэй нэг дор ажиллаж сурна гэдэг маш их туршлага хуримтлуулж, их юм сурах ач холбогдолтой болохоор улам л хичээн зүтгэсэн нь дээр бизээ. Тэнгэр биднийг бас л суралцуулж, юм үзүүлж байгаа нь гарцаагүй.
Хагас сайнд нь хамаг хүнсээ авах гэж дэлгүүр яваад дуусна. Бүтэн сайнд нь гэртээ их цэвэрлэгээ хийн, шал угааж хөлсөө асган, юмаа угаасаар өдөр өнгөрчихнө. Нээрээ бид хүүдээ анхаарал тавих цаг энд ирсээр гаргаагүй юм байна. Монголд бол ах эгч нар, эмээ нь түүнтэй тоглон, ярьж хөөрдөг байж дээ. Яагаад энд өдөр ийм хурдан өнгөрдөг юм болоо. Монголын өдрөөс арай л богино юм шиг санагдаад байдаг юм. Хүний газар амьдрах гуравхан Монгол бид гурвын амьдралд гуравхан сарын дотор гэхэд л өөрчлөлт орж эхэлжээ. Хүүхдийн маань хүмүүжил гэгч бас миний толгойн өвчин болох нь доо. Хадам буурал маань биднийг явахад үүнийг л онцгой анхаарахыг захисан шүү дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.