Tuesday, September 13, 2011

Үндэсний Алтан Дээд ГэрИЭ тайлбарын өмнөх бодол санал


 Өө энэ судрыг бүгдийг тайлна гэвэл дэндүү их цаг хугацаа орох юм байна. Түүнд дурсагдаагүй нэг ч сэдэв үгүй. Гэхдээ яахав нэг хэсэг газрыг би өөрийнхөөрөө ойлгосноороо тайлбарлая. Намайг орчин цагийн хүнд ойлгогдохоор хамгийн дөт амархнаар өөртэйгээ, Бөөтэй холбон тайлбарлах зарлиг өгсөн учраас албан ёсны эрдэмтэн мэргэдүүд намайг битгий зодчихооройдоо. Энэ номыг өнгөөр нь Шар судар гэж цаашид бичих болно. Надад байгаа хувилбар нь Толуй хааны Хатан Соракоктай удганы Хөх Монгол-ыг Нүүдлийн соёлоор бадраах Их Засаг-ийн Алтан Дээд ГЭРИЭ болно.
Анхны эхээрээ хоёр дахь хэвлэл 2009 оны шар хавтастай ном билээ. Би түүнийг ном биш СУДАР хэмээн хүндэтгэдэг. Энэ номын тухай мэдээгүй хүмүүсийн анхааралд толилуулахад Сорхагтани Хатан 1251 онд өөрийн хүү Мөнхийг Хаан ширээнд залрахад өргөн барьжээ. Энэ номонд өгүүлэх Чингис хааны зарлигаар анх Алтан, Хөх, Монгол гэр бүл, гэр бүлийн харилцааны ном гэх мэт судруудыг Чингисийн Хүрээ гэсэн их сургуульдаа судлан заадаг байсан нь түүхэн үнэнийг нотолдог. Алтан, Хөх номуудын тухай өөрсдөө олж мэдээрэй.
ҮСЭГ БИЧИГ ХЭМЭЭХ ЭРДЭНЭ
ҮҮРДИЙН АМЬТАЙ БУЮУ

ӨГҮҮЛСЭН ҮГИЙГ ШИНГЭЭЖ

ҮҮРДИЙН ӨВ БОЛГОМУЙ
хэмээн Чингис Хаан сургаалдаа дамжуулжээ.  Түүхийн хүнд хэцүү, дарлал зовлон ирэхийг Бөөгийн урьдчилан мэдэх тооцоогоороо Монгол өвөг дээдсүүд мэдээд түүнийг хэрхэн даван туулж одоогийн хэдхэн үрсдээ хүргэх аргаа Монгол Аугуу өвөг дээдсүүд минь яг онож тооцоолон, онож буудсан байгааг Та бид одоо л харж ухаарч байна. Үүнийг дамжуулсан аргуудын гайхамшигийг тунгаана уу.
Сорхагтани аугуу удганы судрыг Хөх Нохой овогт Нүрзэд агсны өвөг дээдсүүд болон үр ач нар АМ ДАМЖУУЛАН ЭРТНИЙ ХЭЛЭЭР НЬ бүхэл бүтэн АРВАН ТАВАН ҮЕ цээжилж, удам дамжуулсаар авч үлдэж чаджээ. НҮРЗЭД агсан маш их зориг тэвчээр, ухаан заран байж эртний өв хэлээс нь орчин цаг руу хөрвүүлэн бидэнд хүргэсэн аугуу их гавьяатай ЦЭЦЭН МЭРГЭН ЭРДЭМТЭН хүн байжээ. Ийм хүмүүсийн л алдрыг мөнхөлж Түүхэнд үлдээн гавьяа шагнал өгөх ёстойсон.
Алтан Дээд Гэриэг цаг нь болохоор гаргаж бичиж амилуулахыг Түмэн жилийн настай зарлиг гарган энэ овог отгийнхоныг сонгон итгэж  тэр үеийн Хаан, Хатан зарлиг буулгасныг ямар гайхамшигтайгаар үнэнч биелүүлэн авч үлдэж чадаа вэ? Энэ бол Монгол өвөг дээдсүүдийн минь ухаан, тэвчээр, амьдрал тэмцэл юм.
Харин Хаан ийм юм болох буюу намайг чихдэн шар судар бариулах бодит зөгнөлөө аль эрт хэлснийг Танд батлая.
АЛД БИЕ АЛДРАН ОДОВЧ
“АЛТАН ДЭВТЭР”т  ШИНГЭЭСЭН
АВИА ҮСЭГ АМИЛАН СЭРЖ
АЙЛДСАН ҮГИЙГ САНУУЛМУЙ гэжээ.  
Аймаар байгаа биз дээ. Энэ нь биелээд өөрөө хүрээд ирчихсэн миний биед залраад намайг сур, унш, судла, хэл, нээ, эрж хай гээд шар Судрыг гарт минь бариулан хэдэн өрөөгөөр хөөцөлдөөд гүйгээд байна гэдэг.  Ээ Тэнгэр минь үнэхээр аймаар. Яг тэр Авиа үсэг нь амилсан юм чинь яахын??? Жишээ нь би аль эрт энэ бүхнийг бичихээс хэдэн сарын өмнө л Жилийн Амьтайг мэдэн тэр нь амилж ярьж байсандаг.
Мөн энд бичигдсэн Долоон Дээд эцэг гэгчид амь орон мэндэлж надад бууж ирэн ярьж байсан түүхийг би бичиж үлдээжээ.  Хүний биш Амиуд ямар сонин ярьдаг, бас өөрийгөө надад харуулсан тухай би түүхдээ бичиж үлдээж байсан. Хүний биш амиуд авиагаар ярьж бодлоор ойлголцдог. Энэ Амиудыг амилуулж чадсаныхаа төлөө Би Тэнгэрээс цол авч байсан шүү дээ. Энэ бүхэн ийм учиртай байжээ.
Хааны болон Монголчуудын нууц нэг дор байдаггүй. Түүнийг хэдэн түмэн хэсэг болгон салгаж хэдэн янзын аргаар ерөөсөө л ил хаячихдаг тухайгаа нээрээ ХААНЫ АЙЛТГАЛд дурссан нь бий. Түүнийг Тэнгэрээс ирсэн Элчүүд нь ирж хэлж өгөн хайж олон, хамтарч нээдэг нь ЖАМ юм байна. Энэ нууцуудыг нэг номноос, нэг судраас, нэг хүнээс, нэг Монгол гэх газраас  хайхад тун хэцүү. Түүнийг Дэлхийгээс хайх ёстойг ойлголоо. Жишээ нь: Хаан зөгнөлийн дээрх үгээ  харь гадаад хүний бичсэн Судрын Чуулганд хавчуулаад авч дөнгөсөн л байгаа биз дээ. Зальтай гэж хэхэхэхэхэ.
АЛТАН УРГАА МЭДСҮЙ ГЭВЭЛ
“АЛТАН ДЭВТЭР”ийг МЭДСҮГЭЙ
АУГУУ ҮЙЛС БҮТЭЭСҮЙ ГЭВЭЛ
“АЛТАН ДЭВТЭР”ээс суртугай хэмээн “Алтан дэвтэр” болон РАШИД АД ДИНЫ “Судрын Чуулган” номонд өгүүлэгдсэн байх нь хачирхалтай.
Энд Хаан бүх л ирээдүйд болох зүйлийг хэлээд орхижээ. Тэр байтугай Хаан өөрөө миний блогны гол айлдвар: "Би Найман зууны дараа Эмээлээ элгэндээ авсан Хөх Монголдоо эргэн ирнэ" гэсэн шүү дээ. Далдыг хардаг байсан байх нь Хэхэхэхэ. Энэ мэтээр л намайг нэгтгэн дүгнэж учрыг нь мэдээд инээнгүүт л Хаан бахтай нь аргагүй инээмсэглээд л санаа алдан толгой сэгсэрч намайг шоолох юм. Яана даа миний энэ бүтэхгүй зөрүүд, хачин улаачыг гэж боддог байхдаа хөөрхий. Тийм л байсан юм бол түүхийн ухааны доктор, байгаль, физик , шашны ухааны профессор нар дээр нэг мөсөн буучихгүй миний мунхаг тархийг зовоон элдэв юм бодуулах ч гэж дээ. Өөрсдөө ч бас зөрүүд л байгаа байхгүй юу.
Хичнээн ингэж бодон унтууцсан ч Тэнгэрт ам өгсөн би яалтай билээ. Хаан хүртэл арын хаалгадахгүй нь ойлгомжтой.
Зарлиг цааз зөрчих ахул
Алтан ургийг ч бүү өршөөгтүн
Засаглах ёсонд тэрслэх ахул
Хаан удмыг ч цээрлүүлэгтүн гээд заачихжээ.
Намайг та нар Бөө болохоороо Хаанаас шууд асуугаад мэдчихээд байна хэмээн хардах хэрэггүй. Тэгдэг бол над хичнээн амар. Аль эрт бүгдийг нь та нарт хэлчих байлаа. Тэгдэг бол би тэднийг буулгаад шууд бичлэг хийгээд хамаг тайлбар хэлсэнг нь ил болгочих хамгийн хялбар зуунд амьдарч байгаа. 
Эд надад будаа идүүлэх тун дургүй дандаа өөрийн минь махыг зулгаан, нойр хоолыг минь хасан, тохойг минь сайртуулан цоортол хэвтүүлэн бичүүлж, нүдийг минь бүлцийтэл хавдуулан, тархи толгойг минь өвдүүлэн бодуулдаг нь хачирхалтай. Ямар сайндаа Та нар өөрсдөө ч мэдэхгүй байж хэмээн хэрүүл хийж байхав дээ. Үнэнийг эрж хай тэгвэл олох л болно гэх нь зэвүүн. Би гарч дэлгүүр хэсч юм үзмээр байхад чинь энэ газар намайг ийш тийш ч явуулах зав өгөхгүй уур хүрмээр.
Харин бодох тусам эд нар намайг зулгаан тамлах учрыг ойлголоо. Энэ зуунд би амьдарч байгаа. Халуун будаанд хахаж үхнэ гэдэг. Хамаг юмыг шууд л заачихвал бид сургуульд заалгаж хичнээн үзсэн ч хэдэн жилийн дараа таг мартсан байдаг. Өөрөө зовж, махаа идэж байж сурвал ер мартдаггүй тогтдог. Мөн маш их мэдэрдэг, хэлэх гэснээс нь ч илүү ихийг олйгодог болохоор надаар ингэж хийлгэдэг байх нь. Хүн толгой өвдлөө гэж хичнээн сонсовч өвдөж байгаа юм байна л гэж ойлгохоос, мөн чанарыг нь мэддэггүй. Харин өөрөө өвдөхөөрөө л ямар хэцүү, яаж тарчилдаг гэдэг мөн чанарыг ухаардаг. Намайг тэгэхээр өөрийн мэдрэмж, толгойгоороо ойлгоод мэд, мэдсэнээ эрдэмтэн профессорын үгээр биш энгийн үгээр эгэл хүмүүст ойлгогдохоор тайлбарла гэсэн үүргийг өгч байгаа юм байна.
Яс юман дээрээ Хаан ч бас намайг ухаарахыг хүлээн ядарч, зовж байгаа. Тэр бас Тэнгэрийн зарлиг гүйцэтгэгч юм чинь бид хоёр хоюулаа өрөвдөлтэй юм гэж бодлоо.
Та бүхэн “Чингис Хааны сургаалын товчоон”  болон бас нэг айлтгалуудын номыг авч сайн уншаарай. Тэгвэл Чингис Хаан хэн байсан бэ гэдгийн бүүр ч сайн ойлгон Ц.Нацагдорж гуай бид мэтийн мунхагуудад зориулан маш сайхан бэлэн бүлээн будаа болгоод бэлдээд гаргачихсан юм шүү. Миний блогоос хайж олон тэр хүний номын зар-г бас утас, хаягийг олооройдоо. Мөн түүнд Аянга гэж удган танд талархаж явдаг шүү хэмээн уламжлан сайн сайхныг хүсээрэй. Өвөг дээдсүүд маань бэлэн халуун будаагаа байг гэхэд бүлээн будаануудаа энд тэндгүй олон үрсээрээ дамжуулан хэлээд байгааг нэгтгэн ойлгож, базан тунгааж, НЭГ ЦУЛ АЛТАН ҮНЭНИЙГ бүтээх хэрэг таны, миний даалгавар байхыг ойлгоорой.
Бүгдийг тайлна гэвэл миний нас, хүч, ухаан хүрэхгүй нь мэдээж. Уншигч хэн ч байсан та бас хичээгээрэй!
 Миний нас богино, Хааны буух дэгдэх нь Тэнгэрээс тогтоосон хугацаатай учраас Монгол хүн бүр ойлгон надтай хамтран хайж, эрж, ойлгон туслах, хийж бүтээхийг хүсч байна.
Энэ аугуу бүх нууцыг эрж хайх, тайлах цаг, олсноо суралцах, суралцсанаа Заншил дадлага болгох, Олсноо олонд түгээн хойшдоо үлдээхэд их Хугацаа орно.
Би ямар өсөж яваа залуу зандан мангдай биш жамын дагуу уруудаж буцаж яваа мангдай билээ. Ганцаараа үнэхээр хүч хүрэхгүй. Мөн ганцаараа гайхуулан цэцэрхэж байх цаг ч байхгүй. Хааны сүнс намайг үе залгамжлаад буугаад, идээд уугаад, хэлээд сануулаад байх Тэнгэрийн ёсон үгүй билээ. Миний дараагийн үе удам өөрт оногдсон эрх үүргээ л энэ дэлхийд биелүүлэх жамтай. Иймээс үтэр богино хугацаанд Хааныгаа байх ахархан хугацаанд хамаг голыг нь нугалж сэтгэл амар баярлан Мөнх Тэнгэрийн орон луугаа одоход итгэл найдвар үлдээх нь Монгол зон олны сэтгэлээс л хамаарна.
Энэ муухай шуналтай өгөр хар хүүрнүүдээс болоод арай дэндүү хурдан эх дэлхий минь мөхөх нь. Бүүр сүүлдээ Хөрсөн доор минь хар хөнөөлт цөмийн шаар шахруу булахаар шулуудаж байна. Шуналд ч бас хязгаар байдаг юмсан.
 Биднийг гэгээрч, ухаарч, тайлж, биелүүлэх гэсээр байтал нэг гэмтний гэмийг бүгдээрээ үүрэн хамт Чад хийх нь байна. Энэ Монгол газар чинь миний үр хойч амьдарна. Таных бас амьдарна. Та үр удмаа далайн усанд далд орох өндөр магадлалтай орнуудад бүгдийг нь аваачин усанд үйж алахыг хүсэхгүй биз дээ.
Би тэгээд бодлоо. Яавал хурдан, үр өгөөжтэй цаг хожин гэгээрцгээж шинэ үеийн Чу Мэргэн, Сорхагтани хатанууд төрөн, шинэ үеийн есөн өрлөгүүд тодрон Монголын шинэ нууц товчоонд нэрээ мөнхлөөд домог түүх болон үлдэх вэ? Та нар бас бодоод өгөөч.
Үгүй ядахдаа түрүүчээсээ ажлаа эхлэн Чингисийн Монгол блогт нээлттэй хэлэлцүүлэг хийн хүн бүр бодлоо хэлцгээн, өөр өөрсдийн олсон сонссон, ухаарсан үлгэр домог, сурсан мэдсэн эрдэм мэдлэгүүдээ бичин  түүнийг нь шүүн тунгааж учрыг нь олбол ямар вэ?
ЛАМ, БӨӨ, ЭРДЭМТЭН, ЭНГИЙН ямар ч хүн ялгаа үгүй. Ганцхан хэрэлдэж, хэн нэгнийгээ доромжлон гомдоохгүй, цэцэрхэхгүй. Бүгд сонссон бүхнээ өөрсдийн бодсон бүхнээ нэгтгэн тайлбал ямар вэ? Нэг сэдэв гаргаад түүнтэй холбоотой бүхнийг шүүвэл. Дээр үед юу гэж байсан, үлгэрт юу бичиж, сударт юу өгүүлж, орчин шинжлэх ухаанд яаж хэмжиж тогтоож вэ хоорондоо ямар холбоотой байна вэ гээд л оролдвол бүх л салбарын Монголчууд санал солилцох сайхан зүйл гаран түүнийг нь нэгтгэн нэг сургаал болгоод байвал яах бол? Заваараа, чөлөөгөөрөө, автобусанд явж байхдаа, унтах гээд хэвтэж байхдаа, жаахан завсар зайнд ч гарч ирэх шинэ санаа, мэдлэг, тайлбаруудаа цуглуулбал яах бол.
Ерөнхийдөө баримтлах номууд бол Монгол өвгөдийн Суу ухаан, алтан, хөх ном, хатны ном бас бусад судар бүтээлүүд бүгд. Заавал нэг хүн сургуульд нь мөнгө төлөн сурч шалгалт өгөн тэнцэж байж судлах ямар хэрэгтэй юм бэ??? Тийм хүмүүс нь түүнийгээ хийж л байг. Ардууд, ухаантнууд, бас бусад нь бодож, сэтгэж, тайлж, өгүүлэх хэрэгтэй байна.
Жишээ нь гэрийн тухай гэхэд л бүх онцлогууд түүний тухай сонссон мэдсэнээ, пирамидын тухай сонссон уншсан судласан зүйлүүд гээд гэх мэт л бүх зүйл болно. Бөө удгад нь буурлуудаас сонссонгоо, Лам хувраг нь сударт өгүүлснээсээ гээд л хаанаас ч юу ч бичиж болно. Гагц хэрэлдэж, муудах, хүн доромжлохыг хорих хэрэгтэй. Зүгээр нэг зугаагаа гаргах гэсэн блог биш Тэнгэрийн сургаалийг түмэнд таниулах, тайлах гэсэн бүх ард иргэдийн санаа бодол, оюуны салбар байх ёстой гэж бодно. Үүнийг хэн нэгэн юм уу, хэсэг бүлгээрээ эрхлэн эхлүүлж зориглох нь зүйтэй болов уу.
Та бусад мэрэгшсэн эрдэмтэд нь тайлаг гээд орхивол оройтох гээд байна. Тэд ихэнхи нь өөрийн олсон зүйлээ зүгээр тайлбарлаад өгөхөөсөө өнгөрсөн. Танд мөнгөөр зардаг болжээ.  Та боловсрохын тулд биш гэгээрэхийн тулд мөнгө зарах нь ичгүүр. Харин гэгээрчихээд боловсрохын тулд юм уу мэрэгшихийн тулд мөнгө төлж болох юм. Яг одоо бол нийтээрээ гэгээрэх хэрэгтэй байгаа учраас аль болох хурдан өгөөжтэй, үр дүнтэй аргуудыг бодон олцгооё!
Биднээс хамаагүй хүнд хэцүү үед амьдарч байсан өвөг дээдэс энэ байтугайг бодоод олсон. Тэдний цус биднээр урсаж буй тул сэргээх хэрэгтэй л байна даа. Харин бид мэдээллийн зуунд, текникийн эрин зуунд амьдарч байгаа давуу талтай. Бас бид бүгд бичиг үсэг тайлагдсан, үзсэн сонссон асар ихтэй, харьцангуй тайван унтах нийгэмд байгаа давуу талаа бүрэн ашиглах нь чухал.
За ингээд дараагийн удаадаа би Алтан Дээд ГэрИЭ гэгчийн тухай. Үүнтэй холбогдон миний амьдралд тохиосон түүхээс холбогдуулан ойлгосноо бичье. Ямар ч гэсэн энэ судрын тухай зөгнөлийг Хаан хэлж байсан тэр нь тэмдэглэж үлдсэн нь батлагдлаа. Гүйлгээд уншиж байхдаа маш их юм ойлгов. Хаан яг зөв миний охин цааш нь цааш нь бод бод гэж шавдуулсан ч одоо үүр цайх нь байна. Маргааш бичиж эхлэе.
Өнөөдөр миний бие их муу байна. Өглөө хар үүрээс л бөөн шуугиан чимээ. Үргэлжлээд ажилчид ирэн хөрөө тачигнаж эхэллээ. Гадаа  зүлгээ тайран тэгшилж байгааг харсан чинь огиулаад, толгой өвдөөд бие муудлаа. Хамаг хөлс асгараад, нүд анилдаад, бөөлжис цутгаад унав. Аврал ирж орилох энэ олон ногоог би яаж ч чадахгүй юм. Эндхийн хүмүүс солиотой амьтан бэ гээд уурлах биз. Эзэн нь мөнгө төлөөд хяргуулж байгаа нь тодорхой.
Би яах ёстой юм болоо. Орой л бичихээс дээ. Ногоочдын яргачид... хар ажлын садаанууд. Монголоос авчирсан хамаг өвчин намдаах эмс минь дуусчээ. Ээж минь хажууд байгаа бол аль хэдийн хоол, цай бариад завсар зайгаар нь ам руу шургуулчих гээд анаад сууж байгаа даа хөөрхий. Жаахан ч гэсэн унтаад ав гээд зурагтын дуугаа унтраачихаад, өөрөө дүрс үзээд сууж байгаа даа хөөрхий. Яахаараа ингэж зүгээр ургаж байгаа ногоог тэгшилж тайрдаг юм болоо. Бодвол Ботаникийн мэрэгжилтэнгүүд эрдэмтдийн л доктор хамгаалж баталсан сэдэв байхдаа хөөрхий. Энэ олон хядуулж үхэж буй ногоог хүн болж төр гэлтэй биш. Яасан хэцүү юм бэ?

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.