Sunday, September 4, 2011

Хаадууд ирэх нь ирж буцах нь буцав


Өнөөдөр байж байтал Чингис Хаан ирж явна. Рашааныг нь бэлд гэж хэлээд байв. Арван гараг гээ биз дээ. Юу болоо вэ гэхэд өөрөөс нь асуухгүй юу гэв. Хэсэг байгаад Хаан ирсэн дохиогоо өгөв. Тэр их ядарсан байлаа. Бараг нэг литр шахуу ус залгилав. Тэгээд миний нойр хүрэн нүд анилдаж эхэллээ.
Би өөрөө өөртэйгөө тэмцэлдэн унтахгүйг хичээн босч сууж байгаад л шалгааж гарлаа. Хаашаа, юу хийх гээд явав? Яагаад арав хоног болсонгүй? Ажил чинь бүтэв үү гээд л шалгаахад Хаан: "Охин минь чамайг их саналаа шүү. Хахахаха. Яасан гэнээ чи? Атийл эцэг над шиг биш шүү" гээд л инээж шооллоо. АААААН Хэргийн эзэн мань Атийл байсан байх нь гэхэд Чи амласнаа биелүүлээгүй биз дээ гэв. Атийл эцэг үхэр, хонины мах идэхгүй, их ус уу гээд л баахан үүрэг өгсөн ч Би гурав хоног овоо байснаа өнөөдөр гэрийнхэндээ үхрийн татсан махтай шпагетти хийчихээд үнэр, бас амсаад амтанд нь болоод идээд хаячихав. Тэгтэл миний дотор муухайрч, шүлс асгарч баахан байснаа, өтгөн хатан хүүхэд төрүүлэх ч ийм байгаагүйсэн гэмээр үйлээ үзсэн юм.
Тэгсэн ч Атийл эцэг ингэлээ гэж үнэхээр санаагүйдэг. Хаан чамайг яаж чангалсанаа Атийл эцэг хэллээ. Хахаха гээд л инээв. Анх би Бөө болохоосоо өмнө нулимсаа гартал, шээсээ гоожтол ухаангүй болтлоо огиулан жорлонгоо тэврээд хэвтдэг байлаа. Тэгэхэд Багш маань Танай онгодууд ходоодоор нэг тоглох шиг болдог, гүйлгэх үү, хатаах уу, бөөлжүүлэх үү гэдгээ ч харин ч нэг хийх шиг болдог ходоод барьдаг юм байна гэж байсан санаанд орлоо. Манай хүүгийн онгодууд таван цулаар нааддаг. Зүрхийг бол яаж  л бол яаж өвтгөх аюултай. Тэрэн шиг л ходоод хариуцдаг юм байлгүй дээ хэмээн бодлоо.
Хаан маань явсан үйлээ амжилттай болсон учраас эрт ирлээ. Атийл эцэг дэгдчихлээ. Энд сайхан амарсан гэнээ гээд Маш их том сүйрэлийг Монголоос зайлуулаад ирлээ гээд их л баяртай байлаа.
Тэгвэл Та Монгол яваа юу? Яаж зайлуулсан юм бэ гэхэд БУЯН, БУЯН, БУЯН.... БУЯН ЗАЯА гэж сайхан юм байна шүү дээ гээд ихэд баяртай инээмсэглэв. Монголд олон хүн бүдэг дэнгийн гэрэл шиг ч гэсэн Гэрэлтэж эхэлсэн байнаа. Тэд өөрсдийгөө даанч мэдэхгүй харахгүй л дээ. Өмнөхөөсөө хамаагүй олон тоотой болсон байна энэ бол сайн гээд сэтгэл хангалуун байв. Би төсөөлөхдөө шөнө Онгоцоор явж байхдаа хотыг харахаар гэрлүүд байдаг шиг л бодтол Яг зөв. Гэхдээ бүдэгхээн байна. Улам улам тодорч бас тоогүй олон болох ёстой хэмээв. Би Атийл Хааныг ховлолоо. Тараг огт уугаагүй. Маш их гүзээлзгэнэтэй зайрмаг идсэн. Миний хоолой жаахан сэрвэгнээд байгаа. Ёогт явуулаагүй. Явахаар бүр нойр хүргээд бүх бие хөшөөд хэцүү байв гээд л ярьж гартал Тэгэлгүй дээ. Атийл эцэг надаас хамаагүй илүү настайг яагаад чи мартав. Түүхээ унш. Бөртө чоно, Хоо Марал Тэнгис Далайг гаталж ирээд гээд л эхэлдэг бас нэг түүх бийсэн. гэх мэтээр бид ярьж байгаад түүнийг нилээн ядарсанг анзаарч өргөөндөө орон хэсэг унтлаа.
Хэдхэн минут хэвтээд босоход сайхан болсон байна. Хаан миний санаа зовоод байгаа зүйлийг Чи бүү санаа зов гэв. Нөгөө ёогийн өрөөнд байдаг амьтай зураг. Би одоо болтол түүнийг яаж хэлэх тухайгаа бодоод бас түүнд сэтгэл зовж үе үе толгойд орж ирнэ. Түүнийг хөрөгнөөс амийг нь дэгдээчихсээн. Чи энэ талаар яагаад бодсонгүй вэ? олон янзын арга байхад ганц юмны төлөө дэмий олныг бодож шаналлаа гэлээ. Нээрээ би яагаад энэ тухай таг мартаа вэ? Яаж хэлэх вэ? мэйл бичих үү? Намайг юу гэж бодох бол гэж шал балай юманд хайран толгой. Хайран толгой. Өшиглөөд хаячилтай билээ.
Мөн Атийл эцэг миний нөхрийг хэрхэн дэглэсэнг сонслоо. Тэр цалингаа аван өргөөнд тавин нэг хонуулаад дараа нь хэрэглэх ёстойг дээрээс Дээдсүүд сургасан юм. Тэрнээс түүнийг харуут л тал талаас нь тасдаж аваад үрдэг байлаа шүү дээ. Харин нэг хонуулж байхаар ямар ч л гэсэн шууд үрэгддэг нь алга болж мөнгө маань тогтдог болсон юм. Тэгээд маргааш нь тоолоход тоо нь хэвээр л байгааг бодоход Мань Дээдсүүд сайхан COPY-дож авдаг байхдаа хэхэхэ. Донгос амаа мэд гэнээ. Хэхэхэ бодсон чинь инээд хүрээд байхад чинь. Хүн ч чөлөөтэй юм бодуулахгүй сайхан Чика юм бодож байхад чинь...саад хийгээд байх юмаа.
Би ажилтай байсан тул нөхөр мөнгөө өргөөнд оруулан тавьсан юм. Харин нөхөр маань шөнө нь унтаж чадахгүй. Толгойноос нь нэг юм чангааж өвтгөөд, бас шөнө бөөлжсөн тухайгаа хэлэв. Ямар нэг юм буруу болжээ хэмээн бодоод би өргөөнд ортол Тэр мөнгөө хүж асаадаг тавиур дор аваачаад хийчихэж. Чи чинь ямар сонин юм бэ? Очиж очиж тэнд тавиад байхдаа яадын гэхэд хэн мэддэгийн, өөр тавих газар байхгүй байсан юм чинь гэв. Зайчлаад тавьж болноо доо. За ямарч гэсэн бас арай гайгүй. Тэрнээс Хааны зургийг буулгаж хаяачихаад мөнгөө тавьчихаж мэдэх л нөхөр шүү. Буурлууд шөнө Copy –дчихоод сайхан Баардаж, Караокэдэх гээд байхад чинь саад болоод Хэхэхэ. Заза тоглосон юм энэ хэдийгээ хааяа бас явуулж тоглодог юм. Атийл хаан тэгээд буруу газар тавьсан гээд сануулах гээд түүнийг оролджээ.
Монголд байхдаа би нэг удаа Толио шөнө хамгаалдаг гээд дэрэн доороо хийгээд унтав. Гэтэл Нөхөр маань бас шөнөжин бие нь эвгүйцэж өвдөн хонов. Өглөө нь тээр энэ толь чинь намайг унтуулаагүй байна гээд гаргаад ирэв. Хүүе тайван байгаарай. Миний дэрэн дээр таны толгой өөрөө ирээд унтсан байна шүү хэмээн би анхааруулав. Түүнээс хойш Толь маань өөр газар унтаж намайг манадаг болсон.
Бөөгийн хэрэгсэл бүхэн амьтай байдаг. Тэд нарыг буруу байрлуулах,эвгүй харьцвал хилэгнэнэ. Ямар ч байсан Алдарт Атийл эцэг их догшин, ажил хэрэгч найраагүй бололтой. Нөхөр бид хоёрыг хоюуланг минь хөөрхөн шоглочихоод л баясаад сууж байж дээ. Мунхаг эргүүнүүд гээд л шоолж байсан биз.
Манай Хадмын Буурлууд бол Мунхаг Хүүрнүүд гэж хараана. Энгэр заам нь задгай, богино оготор банзал өмссөн охид бүсгүйчүүдийг  Өмссөнг нь хараарай Албинаас долоон дор. Тархи нь ажилладаггүй амьд хүүрнүүд гээд л хараана даа. Сонин шүү. Нэг онигоо байдаг гэсэн. Онгоц тоссон хүн Говь-Алтайн хүн байна уу гэж асуухад нэг хүн. Хүүр Хүүр гэж хараасан Хүрэн бор царайтай хүмүүс байна лээ. Говь-Алтайн биз гэсэн гэдэг. Буурлууд нь хүртэл Хүүр гэж хараадаг болохоор тэднийг юу ч гэхэв дээ. Удам гэдэг ямар нэг байдлаар тодордог л байгаа юм даа.
Хаан маань ирсэн учраас шинэ долоо хоногт би өглөөнөөс үд хүртэл хувийн ажил ихтэй байх нь. Өглөө ёог, өдөр Гэгээний явах ирэх хоол унд, цэцэрлэг гэсээр, мөн шалгалтанд бэлдэхээр англи хэлний багшынхаа хөлөөс зүүгдэнэ. Орой хоол унд, нөхрөө ирүүт сонинг сонсохоор суух нэг цаг гээд л энэ хавийн өдөр дуусна.
Манай эндээс хэдхэн цагийн зайтай  олон улсын цагийн бүс байдаг. Түүнд 8 сарын 31 ний өдөр гэж байдаггүй гэнэ. Нэг хүн нутгаасаа нааш нисчээ. Тэгээд хэдхэн цагийн дараа Энд буутал шууд бүтэн сайн байжээ. Тэр хэдхэн цагийн өмнө нутгаасаа тав дахь өдөр ниссэн гэнэ. Цагийн зөрүү гэж инээдтэй юм байдаг бололтой. Шууд хагас сайн өдөр нь алга болдог гэж байна ш дээ. Би байсан бол хагас сайныгаа эрээд хэсэг манаргах байсан байхдаа. Хэхэхэхэ.
Нөхөр шинэ нутгийн сонингоос дуулж мэдсэнээ, өдөр юу болов, хэн юу гэж ярив гээд л хамаг сонингоо дуусгана.  Хааяа бодохоор бид эргээд залуу байсан амьдралдаа орсон мэт. Бид хоёр залуу байхдаа сонин хачингаа ярьсаар данх цай хуваагаад уучихдаг байсан билээ. Харин сүүлийн хэдэн жил уулзах ч завгүй явцгаажээ. Энд ирж л нэг юм уулзаж байх шиг байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.