Monday, September 12, 2011

БӨӨГИЙН ДАРАМТЫН ТУХАЙ


Надад олон захидал ирсний олонхи нь БӨӨгийн дарамтанд орсон хүмүүсийн захидал байна. Улаач хүн хэзээ ч сүсэгтэн олныг дарамтлах ёс байх ёсгүй. Бөө байтугай энгийн хүн хариу нэхсэн тус бүү хийж бай, туслачихаад ДАРАМТЛАН битгий түвэг удаад бай гэмээр байна. Ер нь байнга ингэж тусласнаа нэхээд сануулаад дарамтлаад байвал миний ч гижиг хүрнэ. Албатай юм шиг туслачихаад хариу нэхээд байдаг гээд л гэдийчихнэ. Мэдээж тэр тусын хариуг хүн өгсөн л байж таараа түүнийг нь олон дахин сануулах юу вэ??? Хэн бэ???
Жишээ нь БӨӨ хүн хэн нэгэн хүний амийг аварлаа гэж бодьё. Мэдээж чухам амь аварсан учраас тэр өргөл барьцаа аваад л хийсэн байж таараа. Талархаж баярлаж шүтсэн сүсэгтний сэтгэлийг байнга л түүгээр нь далимдуулан насаар нь өрөнд оруулан дарамтлан буулт бүрд суу, хүндэл, тахилга бүрд яв, хээрийн бөөлөн бүрт яв гээд байвал яах вэ? Энэ бүрдээ хоосон очиж болохгүй гэх бичигдээгүй хуультай. Дээрээс нь тийм ийм юм бэлд гэх тусгай даалгавар өгнө. Хичнээн удаа тэр айл гаргаж, хэдүй болтол тэвчих вэ?
Мунхаг улаач нараа БОЛИОЧ!!! Энэ замбативд амьдрах гэж ядаж яваа, тус тусын амьдралтай улс. Сүсгээрээ өөрсдөө л өргөхөө өргөж, туслахаа туслаж, сэтгэлээрээ хандах ёстой байтал таны дарамтаас болж сүүлдээ залхдаг юм.
Шөнө орой дуудна, хамаг юмандаа зарна, хэрэгтэй юмсаа сэмхэн боловч хавчуулаад л байна. Хачиртай талх шиг. Сүсэгтэн хүн гэж сүсгээрээ очиж, сэтгэлээрээ ханддаг юм. Тэр өөрөө л хүсвэл 1000 өгнө үү, 1 саяыг тавина уу өөрийнх нь боломж бололцоо байдаг.
Тэнэг Улаачын энэ увайгүй үйлдлээс болж таныг зорьж очсон хүн давхар сэтгэлийн шаналалд ордог. Өөрсдийн хүүхдүүдийн талхны мөнгөө танд хичнээн удаа өгөх ёстой гэж? Бөө гэгч танаас болж гэр бүлүүд хоорондоо таарахаа больдог. Уг нь та тэдний сайн сайхны төлөө буян үйлдэх гэж Тэнгэрээс хишиг авсан баймаар. Ер нь энэ бол чадал муутай улаачын амьдрах гэсэн нэг арга юм. Өөрөө ажил хийхгүй өргөл барьцаар л амьдрах тэр олдсон чих зөөлөнтэй бүхнээс зуураад байх санаатай. Хэрэв тэд дургүйлхээд юм уу зав зай нь болоогүй бол сүрдүүлнэ.
Тэгснээ л АЛТАН НАРЫГ ҮЗҮҮЛСЭН ЮМ АВЧ ЯВЖ БОЛОХ Л БАЙЛГҮЙ. МӨНГӨН САРЫГ ХАРУУЛСАН УДААТАЙ МӨНХ НОЙРСУУЛААД ӨГЧ ЧАДАХ Л БАЙЛГҮЙ. БАЛГА УС УУХ ЗАЯАГЫ НЬ ӨГЛӨӨ БАС ДАХИАД БОЛИУЛЧИХАЖ ЧАДАХ Л БАЙЛГҮЙ гэх мэтээр дарамтлаад байвал Яалтай билээ.
Энэ бол өөрийн эрх үүргээ мэддэггүй, хүний төлөө өөрөө үйлчлэхээ мэддэггүй ухаан муутай, ухамсар дорой, Бөөгийн шинж. Тэд онгодууд биш Бирд оруулсан юм уу хаашаа юм. Долоо хоног бүр танд очиж сунаж унан мөргөж, өргөл өгч байх алба юм уу? Тэнгэр үүнийг чинь таалахгүй нь лав даг. Хэрвээ тэр үнэхээр л эрдэм чадал сайн бол хүний хөл тасрахгүйдэг. Та өөрийн болон Онгодынхоо хүчээр хоолоо гуйж айлгаж биш Гуйлгуулж, аргадуулж олоод иднэ. Ийм бусармаг Бөө нараас хол явах хэрэгтэй. Тэнгэрээс өгсөн заяагаа зөв эдлэж, түмэн олондоо тус болох ёстой бол түүнийгээ л хийх хэрэгтэй.
Чадалтнаас илүү чадалтан, Хүчтэнээс илүү хүчтэн бас байдаг Тэнгэр мэддэг. Тэнгэрийн шүүлэгт хэрхэн очихоо мэдэх хэрэгтэй. Хэрвээ Тэнгэрийн шүүлэг, эргээд энэ бүхэн хариуцлага хүлээдэг гэдгээ гадарладаг, мэддэг улаач бол хэзээ ч ийм юм хийдэггүй. Яагаад гэвэл тэр мэдлэгтэй учраас. Өөрийнхөө учрыг ч Сүнс гэж юу байдгаа ч ойлгоогүй нөхдүүд ингэж хүн дарамтлан хоног төөрүүлдэг. Сүнс өөр дээр чинь бууж байнаа гэдэг бол чи өөрөө үхээд Сүнс болноо гэсэн үг. Хүн бүхэн үхээд Эрлэгт дэнсэн дээр очиж шүүлгэдэг. Тэр тусмаа улаач хүн бүр илүү шүүлттэй, хатуу ялтай байдаг. Үүнийгээ мэддэггүй улаач нар Буурал тэгээд, Ааав тэгээд байна. Буурай ингээд байна хэмээн далимдуулдаг. Ийм юм нэхээд байдаг улаач нарт Дэв, Тийрэн орсон байх үнэн магадлал өндөр.  Ирсэн майлүүдийн ихэнхи нь өөрийн удмын ч бай өрөөлийн бусдын ч бай Бөө удгадын дарамтад ороод давхар шаналан эдлэж байгаа хүмүүс байна.
Өөрийн удмынх байлаа гэхэд Үрсдээ үнэн сургаалаа хайрлан боломж бололцоогоор нь ирүүлж байх ёстой болохоос буулт бүр дээрээ суулган бурж байх ямар ч шаардлага үгүй. Тэдэнд хийх асар их ажил байгаа шүү. Тэнгэрээ суртчилах, тэнэг улаачаа сургах, сургаал номлолоо бичүүлэх, үр удмаа ухааруулах гээд л маш их ажил байгаа. Түүний оронд буулт бүр дээрээ суулган тунирхаж гомдоллож, дуулуулж хуурдуулан, тэдний төлөө хийсэн бүхнийхээ шанг нэхэж байвал Тэнгэр лүүгээ дэгддэгсэн үү, Газар луугаа тонилдогсон уу өөрсдөө зайлах хэрэгтэй. Үүнийг би биш ХААН айлдаж анхааруулж байна.
Ийм онгодууд дээрээ бас шүүлттэй. Зэрэг хэргэмтэй байдаг бөгөөд буугаад гавьтай гавьяа байгуулахгүй бол өөр удмын бөөд хэргэм, зиндаагаа тавьж өгөх хэрэг гардаг гэдгийг Тэнэг улаач нь мэдэж хичээх хэрэгтэй. Улаач хүн онгодуудаа өөрөө залж удирдан чиглүүлэх ёстой. Бөөгийн нэр хүндийг унагаасан ийм олон улаачаас болж БӨӨ гэдэг ер нь хэрэггүй зүйл гэсэн ойлголт газар авдаг. Хэр их унагааж доош нь оруулна тэр хирээр Бөө тань дээр хүн зовлонгоо ярьж очихгүй шүү! Маргаашийнхаа идэх талхтай байя гэвэл Бөө шиг бөө байх хэрэгтэй.
Хүний нандин сэтгэлийг барьцаалж болохгүй. Танд итгээд ирж байхад итгэлээр тоглоод байвал тэр хүн хэнд итгэх вэ? Бөө дээр шууд очдог хүн байдаггүй юм. Эхлээд ламдаад долоон жорын юман дээр очиж байгаад эцсийн буудал БӨӨ хэмээн очдог. Жаргалтай хүн хэзээ ч Бөө дээр очихгүй. Зовсон хүн очдог. Хүний зовлонгоор хоол ологчид Ходоодоо ч Ухаанаа ч бүтэн байлгах ёстой юмсан.
Тэр Тийрэн үйлдвэрлэгч Хурцжавхлан гэгчийг одоо л дөнгөж хүмүүс гомдоллож эхэлжээ. Нийтээрээ мэдэж жигшиж, мэдлэгээ тэлж, муу юмнаас болгоомжтой байвал Тийрэнгийн гарт өөрөө гүйгээд очихгүй. Иймээс өөрийнхөө амьдралдаа ЭЗЭН хүн шиг байхыг захиж байна. Машин зам гарахдаа хүн хоёр тийшээ хараад болгоомжтой гардаг. Энэ нь машин дайрч болзошгүй тул сэрэмжилж биеэ бэлдсэнээр та машин дайруулахгүй. Харин анзааргагүй шууд гарвал таныг дайрах аюултай. Амьдрал үүнтэй адил. Та өөрийн амьдралдаа хир ач холбогдол өгч урдах замаа харж чадна тэр хирээр болзошгүй аюулаас сэрэмжилнэ.
Бас нэг захидлын эзэнд: Та энэ уг барих асуудлаа дахин сайн хянуул. 10 сар гэхэд хурдан барь хэмээн шавдуулж, Хар, Цагааны сахиустай гэж оношлож байгаачууд Сүлжээний Бөөгийнхөний нэг онцлог. Тэдэнд яаруу тусмаа хурдан цаг хожин таныг сэхээрхээс амжин Тийрэнгээ чихэх боломж гэсэн үг. Таны өвөг дээдсийг ХАР, ЦАГААН, ШАРААР нь ялгаж байна гэдэг инээдтэй хэрэг. Та миний өмнөх нийтлэлүүдийг сайн анхаарч хараарай! Та өөрийн удмын өвөг буурлууддаа Монгол дээл өмсүүлэх үү? Буриад дээл өмсүүлэх үү? Нормын хувцас өмсүүлэх үү? өөрөө шийдээрэй. Мөн тэр хүмүүсийг ээжийг нь, аавыг нь, уг охиныг блогоос орж уншин судла та нарын өөрсдийн оюун мэднэ гэж дамжуулаарай. Мөн дархад бөө Эрдэнэ зайрангийн блог, Галаарид гуайн блогоор орж мэдлэгээ тэлээрэй гэж зөвлөе. Эрдэнэ зайран бол арай ч тийрэн оруулаад байх сэтгэл байхгүй хүн гэж би боддог. Уулзаж, учирч явсан удаа үгүй ч түүнийг зөв бодолтой, ухаантай хэмээн хүндэлж явдаг блогынх нь нэг зочин билээ би.
Галаарид гуай бол Бөөг аль аль талаас нь судлан, Бөөгийн талаар зөв ойлголт хүргэхийг хичээж явдаг судлаач, сэтгүүлч хүн учраас түүнийг бас хүндлэн явдаг билээ.
Бас нэг хүн жинхэнэ сахиусыг нь заагаад өг гэх юм. Тэр хүн бол миний блогийг ер уншаагүй хальт туулайдсан нөхөр байна. Түүнд тогтож суугаад толгойгоо ажиллуулаад уншвал хариулт нь байгааг харна гэж зөвлөе.
Нэг хүн Цагаан өвгөн Тэнгэрийг асуужээ. Түүний тухай би танд бичиж явуулнаа. Түүнээс гадна та бас ер блогийг гүйцэт уншаагүй  байна лээ. Хамгийн энгийн заслаа өөртөө эхлээд хийгээд үзэх хэрэгтэй. Бас Хуур ба Гал гэсэн бичлэгийг тайван суугаад хэд сонсоод үзээрэй. Уг нь тэнд бас онлайнаар амархаан засал шингээж явуулсан юм. Ооооёоо  хэхэхэ Хүмүүс ер мэдээгүйдэг хэхэхэ. Би яахав чамайг гээд хэлчихье.
Бас нэг нөхөр утсаа өгөөчээ уулзая л гээд уурлаад байх юм. Би Монголд байдаггүй учраас яаж уулзах вэ дээ! Блог гүйцэт уншаагүй байж хэнтэй, хаана, хэзээ, яаж,уулзах гээд байгааг ойлгохгүй байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.