Өчигдөр хэт орой унтсанаас болоод бид бүгд тасраад өглөө унтаад Гэгээн хичээлээсээ хоцорч, жолооч нь их санаа зовжээ. Хөөрхий амьтан биднийг үхчихсэн юм болов уу гэж бодсон гэнэ. Тэр 30 минут хүлээн, хаалга нүдээд, утасдаад бид байхгүй байсан гээд санаа нь зовчихсон зогсож байлаа. Энд шувуу мувуу их дуугардаг зуслангийн газар шиг болохоор өглөө 5 цагаас л орилолдоод унах учир хамаг юмаа тас хаагаад, хамгийн мухрын өрөөндөө очоод унтчихсан чинь сайхан тасарсан байна шүү. За яршиг гээд яваад өгч болох ч санаа нь зовоод зогсох тэр их сайн, сайхан сэтгэлтэй хүн байна шүү.
Гэгээнийг тэр бяцхан босс гэнэ. Машинд нь суух бүртээ хаягаа хэлчихээд өөр юм дуугарахгүй явна. Нэг бол суучихаад зурсан зургаа үзүүлчихээд буцааж аван энгэрийнхээ кармандаа хийснээ хаягаа хэлдэг гэнэ. Тэр хүн түүнийг яг гараас нь хөтлөж сургуульд хүргэж өгч авч, багштай нь ярин юу болох тухай мэдээлнэ. Энд төрж өссөн энэтхэг хүн гэсэн. Хаан түүнд их сайн. Ямар нэг том бэлэг өгөх санаатай байдаг юм. Лав л манайхыг нутаг буцах болбол угаалгын машинаас өгсүүлээд авсан болгоныг түүнд өгнө гэж мөрөөдөж байхыг нь би барьсан юмдаг. Тэр үед би Кумарыг сайн мууг нь мэддэг ч үгүй. Ер түүний тухай боддоггүй байсан тул гайхан юу гэжийгаан буцах үед монгол хүн энд ирвэл би тэд нарт өгөх гэж байхад чинь хэмээн эсэргүүцэж байсансан.
Энд ч бас хүмүүс сайнтай муутай, амьдрал нь сайн муу холилдсон. Баячууд бас хэт баян. Машиндаа дугаар авахгүй НЭРЭЭ биччихдэг юм байна лээ. Худалдааны урт гудамтай төвөөр явах би дургүй болсон. Тэнд гуйлгачин хэдэн хүн бий. Нэг хөлгүй өвөө, 2 нялх хүүхэдтэй эмэгтэй, нэг нусны алчуур тавьчихсан олбог дээр суудаг арчаатай эмэгтэй, нэг цоо залуу хүү суудаг. Байнга л тэд байдаг болохоор таньдаг болох юм байна. Тэднийг хараад зүрх өвддөг болохоор шал дэмий зүгээр байсан зүрхээ дахин дахин тэнд очиж дуугаргаж байх гэж түвэг.
Манай монгол гуйлгачдыг бодвол тэд даарах зовлон үзэхгүй биз ээ. Мөн хаа сайгүй ургах бананаас өгсүүлээд зөндөө л жимс байдаг тэднийг идвэл өлсөж үхэхгүй хэмээн сэтгэлээ хууран тайвшрана. Хүний газар өөрсдөө яая гэж байж бас юун өглөг өгөх вэ. Тэр цэл залуу хүү гуйлга гуйж суухын оронд модонд авирч жимсээ түүгээд зах дээрээ зарахад яадаг байнаа. Дал Мод их хачин мод байв. Би эхлээд доод ишийг нь цементлээд юмуу юмаар бүрдэг юм байна гэж харсан ч өөрөөсөө тэр тэгж ургадаг бололтой. Маш өндөр шулуун урт орой дээрээ далбайсан хэдэн том навчтай голд нь ургадаг том том шар жимс харагдана. Би түүнрүү авирч үзэхийг маш их хүссэн ч хаана очиж авирч үзэхэв дээ.
Эндхийн айлын авгай нар авирахгүй байхад би авираад үзэлтэй биш. Гэхдээ л нутаг буцахаасаа өмнө хашааныхаа Дал модонд харанхуйд хэн ч хараагүй байхад очиж нэг барьж үзэн дээшээ жаахан мацаж үзнэ дээ хэмээн төлөвлөсөн. Хичнээн би чадахгүй нь мэдээж, надаас өөр авгай нарын толгойд Дал модруу авирах санаа энд л лав байхгүй гэж бодоод байсан ч авирмаар л хорхой хүрээд байгаа юм даа. Энэ айлын авгай нар хүүхэд байхдаа авираад үзсэн болохоор тоодоггүй байх. Би ямар хүүхэд байхдаа Дал модонд авирч байсан биш. Самрын мод, тэр хавын хашааны мод руу л мацдаг байсан юм чинь. Одоохондоо шумуулаас болоод орой гардаггүй. Лав 6 сар болоход дасаад шумуул хазхаа больдог гэж урд байсан монгол охин хэлж байсан.
Мөн бага байхдаа модны давирхай хамж амандаа хийж зажилдаг байсан юм байна. Болохгүй гэдгийг мэдсээр байж л хүрч үзэж өөрөө өвдөж туршиж байж ойлгодог мангар охин байжээ. Нэг удаа өндөр далан дээрээс үсэрч үзээд ямар холыг нь мэдсэн юм даа. Мөн гэр дээрээс үсэрч үзэж байлаа. Дараа нь бас бөөн шаар бариад гэр дээрээсээ үсэрч үзэж байлаа. Тэр аймаар юм байналээ. Шууд доошоо унахгүй агаарт дэнжигнээд би бүүр тэнгэрт хөөрөхөөс айгаад шалавхан уяаг нь тавьсан.
Өндөр лүү авирч үсэрч үзэж, нүх рүү ч шургаж үзэж, гарах гэж нурж унадаг ангал руу ч авирч , өвөл албаар цоож долоон хэлээ наан арьсаа хуулж үзэж, уяатай урдаг нохойн амруу хөлөө өгөөд уруулж үзэж, усанд ч живж үзэж, тогонд цохиулж өөрийн бие дээр туршдаг байсан намайг Тэнэг гэхэд ч багадах байхдаа. Яагаад ийм эргүү байснаа би ердөө ойлгодоггүй юм. Харин дахиад давтаагүй нь их юм даа. Магадгүй манай хэд надаар нааддаг ч байсан юм бил үү хэн мэдэхэв.
Харин өнгөрсөн өвөл өргөөнийхөө цасыг арилгах гэж гэр дээрээ өвөлжих дөхдөг байв. Одоо хүүхэд биш том авгай болсон тул жуууууун гээд л доошоо гулгаад алга болно. Оосорноос зулгааж байж тогтоно. Бас л гэр дээрээсээ буухдаа үсрээд үзсэн чинь зай нь арай ойр болсон байна лээ. Би том болжээ. Гэхдээ буулт нь хүнд пад хийгээд л бууж байгаа юм чинь хэхэхэ. Намайг одоо гэр лүүгээ зулгаагаад л авирахаар Дээдсүүд шогшрон шооловч хөөрхий минь дээ өтөлж дээ хэмээн өрөвддөг байхдаа. Цас тогтдоггүй гэртэй болохгүй бол нас явах тусам би өргөөнийхөө цасыг яаж арилгах болж байнаа.
Бороо гэж нэг хачин юм байна бас өргөөг минь норуулна. Гялгар цаас айлууд хийдэг л юм байна лээ. Гэтэл миний нэг орсон айлийн хоймор цанатсан юм шиг , гал түлэхээр ус гоожино. Өвөл юун ус гоождог бэ? гэж гайхахад гялгар цаастай учраас гэрийн уур гадагшаа гарахгүй дотогшоо ингэдэг гэв. Энэ дэмий юм байна гэж би бодлоо. Би БӨӨ болж байж л өөрийн гэсэн дугуй ханат барьсан учраас түүнийгээ арчлах гэж ганцаар зүтгэх надад ямар их хэцүү байваа. Тэгтэл гэрт амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүд, настангууд, ам бүл цөөнтөнгүүд яаж энэ их нүсэр ажлыг хийдэг байнаа.
Миний хүргэн ахынх би тэдний олон хүүхдүүдтэй бужигнаад гэрт нь байхад л их том гэртэй байсан юм. Гэтэл өнгөрсөн зун тэдний гэр нэг л биш ээ. Би өсөөд том болчихоо юу энэ тооныг харахаар яах аргагүй л таньдаг тооно хэмээн гайхахад хүргэн ах униа тайрсаар байгаад одоо бараг дөрвөн ханат болгочихсон гэнээ хэхэхэ. 3 удаа удаа тайрсан гэсэн. Юу вэ хайран гэр гэж би харамсавч ахын яриаг сонсоод зовлонг нь ойлгосон юм. Хэдийгээр тэднийх 10 хүүхэдтэй ч гэрээ дулаалах хөнгөлөх гээд л ажил ундарахад ажилтай гээд ирэхгүй, арилаад нуугдах гэх мэтээр тоо нь цөөрсөөр хэд гурав цуглавал их юм болжээ.
Ах маань залуудаа бөх барилддаг том өндөр биетэй байхдаа 6, 7 ханатай гэрээ ядах юмгүй л барьдаг байсан ч жил ирэх тусам өвгөжирч чадал нь барагдан эрийг нас, уулыг цас дарах Үнэнтэй тулгарснаас болоод түүртэж ядран аргаа бараад гэрээ тайрдаг болжээ. Хэхэхэхэ. Инээдтэй ч гэсэн гашуун үнэн юм. Ганц бие хөгшин удган би, нас дарсан өвөг ах бид тус тусын өргөөгөө асрах гэж ингэж л хөгөө чирдэг болжээ. Би ч гэсэн Монголдоо очоод улам л эмгэрэх тул өргөө гэрээ яаж арчлах вэ хэмээн үе үе дотор бодогдох ч шалавхан энэ бодлоос зугтаадаг болсон. Ингээд л би өвөө эмээ нар жижигхээн хөөрхөн гэртэй байдгийн учрыг одоо л ухаарсан юм. Уг нь би бодохдоо хөөрхий амьтад шоовдорлогдсоор байгаад ийм өвсөн өмбүүл шиг гэр олоод амьдардаг юм байх гэж бодсон. Амьдралын шаардлага бас байдаг бололтой.
Гэр хэдийгээр маллагаа ихтэй, хүн хүч шаарддаг ч гэрийн ашиг тусыг улам их ойлгох болсон би түүнийг бүр устгаж болохгүйг ухаарах аядав. Ингээд орчин үеийн гэр ямар байвал зохилтой юм болоо хэмээн зурж ч нэг үзэж байлаа. Гэтэл Америкт түүнийг боловсронгуй болгоод америк хүн амьдраад байна шүү дээ. Ичмээр юм. Манайхаан.
Монгол гэрийг сайжруулах байтугай бүүр дордуулан хийдэг болсон шүү дээ энэ бизнес хийгчид. Би бага байхаасаа л хэзээ ч гэрийн аймаар махир тахир унь харж, арзайгаад хатсан хаалга харж, гишгэхээр хугардаг шалыг үзэж байгаагүй ч сүүлийн үед ийм юмсыг өдөр бүр харан гайхахын ихээр гайхав. Хүү зайран болж түүний түшээг хажуудаа байлган түшээ хийлгэхийн тулд таван ханатай гэр барьж өгсөнсөн. Цоо шинээр л авсан. Гэтэл жилийн дараа хамаг унь нь муруй сариу, хаалга нь хага хага. Шинэ гэрээ хуучнаар сольчихно гэж баймааргүй хачинг хараад гайхав. Гэтэл хулхины гэр гэж ийм юм хийддэг болчихсон байх юм.
Би Бөө болж Буурлууддаа 6 ханатай гэрийг гайгүй сайн явж судлаж байж авч өгсөн юм. Гэтэл магтаад л мэдэмхийрээд байсан тэр гэр зардаг компанийн Захирал нь надад гишгэхээр шал нь хугардаг, барихаар банз нь сугардаг, будаггүй модон, хөгцөрдөг шалтай, бас хаалга нь жайжийдэг, унь нь дутуу гэр өгчихсөн байгаа юм даа. Гэрийн дулаалга нь яг гадаа байгаа юм шиг сэнгэнэнэ гэх мэтээр Монгол гэрийн чанар нойлын ногоон тэг, уйлахын улаан тэг хоюулаа нийлээд хов хоосон тэг болчихсон байна.
Ингэж л уламжлалаа улам өөд нь авч явж, улам боловсронгуй болгохын оронд улам дордуулж, уруудуулж, шаал хэрэггүй эд байна МОНГОЛ ГЭР гэх ойлголтыг гадна, дотногүй төрүүлэх болжээ. Тэр компани хийсэн гэрээ гадаадад гаргадаг гээд л магтаад байсандаг. Намайг, Монгол хүнээ ингэж урмыг нь хугалж дургүй хүргэж чадаж байгаа юм чинь яанаа. Би ч яахав Монгол гэсэндээ багаасаа гэрийн мод маш хатуу чанартайг мэднэ. Хийсэн эзэн, хулхи хулгар байна гэж таньж чадсан ч Гадаадууд яах вэ? Өө Монгол гэр гэж ийм л тэнэг юм байна. Хайран мөнгө гэж бодно доо.
Өвөг Дээдсүүд маань ГЭР гэх үгэнд ямар их ач холбогдол өгч бүх юманд тэмдэглээ вэ? амьдардаг нь ГЭР, авгай авбал Гэр бүл болно, амьдрах аргаа тодорхойлон ГЭР иэ байгуулна. Тархины ГЭР, Монгол Гэр гээд л бөөн олон ГЭР гэсэн толгой эргүүлсэн хирнээ нэг үгээр бичигддэг олон утга агуулдаг энэ ГЭР гээч чухам юу байх юм бол оо.
Хичээлээ тасласан Гэгээн ирж надтай яриа өдлөө. Хүний биеэнд байдаг ястай дайснууд та бид хоёр луу дайрвал яаж алах вэ хоюулаа гээд л эхэллээ. Та эхлээд шууд нэг гарыг нь барьж аваад ингээд мушги. Тэгвэл тэр нь салж унана. Тэгэхээр нь яг ингээд тэр ястай дайсны нүдний хоосон байдаг нүх рүү гараа оруулж бариад ингэж татаарай хэмээн зааж өгөв. Би: Тэрнийг АРАГ ЯС гэдгийн. Тэрэнтэй тэгж зууралдаж зодолдож байснаас шууд буурлуудаа дуудаад алуулчих хэрэгтэй гэтэл Миний чих халуу оргин эрвэгнээд зулгаагаад уналаа. Гэгээн бид хоёр буруу юм ярьсан бололтойдог.
Тэд чинь Бид. Биднийг бие биетэй нь алалцуулах нуу гээд чих халуу оргин уруулав. Бодвол намайг чихдээд чирж байгаа бололтой. Зааазазаза хэхэхэхэ гээд би баахан чихээ маажаад шалавхан Гэгээнээс зугтаалаа. Тэрэнтэй цааш нь яривал бас юу ч гэж магадгүй. Дөнгөж хоёр настай байхдаа л давсгийг нь задлах, нүдийг нь ухах гэх мэт хэзээ ч гэртээ бид хэрэглэж үзээгүй, энэ дэлхийн кино шийнд ч хэлдэггүй аймаар үгсийг хэлэн бид дуугарч чадахгүй гайхаж юу сонсчив, утга нь юу билээ гэж ухаарах гэж зогсож байсан бөгөөд Багш руугаа аваачин Багш маань түүнийг аргалж тэр аймшигт мэдээллүүд авдаг юмыг нь хааж байсан юмсан. Тэр өөрийн амьдардаг нэг төрлийнхөө мэдээллийг эргэн санасан уу, эсвэл очив уу бүү мэд. Эрлэг бол миний нэг эцэг учраас тэр тэндхийн бас нэг сүнс энэ дэлхийд буусан ч байж магад. Гэхдээ л түүнийг ГЭГЭЭН гэж нэрлэ хэмээн шууд л төрөөгүй байхад нь нэрийг нь өгсөн бөгөөд одоо дандаа л ГЭГЭЭРЭЛ-н тухай ярих тул үүнийг бэлэгдэн энэ нэрийг өгсөн байхдаа.
Эрлэг бол Тамтай байдаг. Тамынхан бол үнэн аймаар, үг нь ч гэж Үзлийн муухай.
Хүний махан хүнстэй
Хүрэл чулуун зүрхтэй гээд л үлгэрт бичсэн мангасууд бол Тамын ажилчдын тухай юм.
Тэд нарын үнэн аймшгийн шүлгүүдээс зүгээр л арай гайгүйг нь сонирхуулж бичье.
...Хохимойг нь зааж
Хоёр нүдийг нь ухаж
Хон хэрээнд шидэж...
...Үйлийг нь үзэж
Үс Үсээр нь угийг нь угзарч сугалж
Үнхэлцэг, зүрхийг нь базлан наадаж
Үндэс голыг нь янгинуулж...
... Янаг янагаар яргалж
Ясан шүдийг нь мөлжиж
Чимх чимхээр хусаж
Чигчий хуруунаас нь эхлэж... гээд л чихээ бөглөөд зугтаамаар шүү дээ. Тамд худалдагдсан Цөмийн гэх тодотолтой тэр хэд минь яана даа. Яана. Ялын тогтоол нь уншигдчихсан хэд маань яаж тамлагдахыг эхнээс нь сонирхоход л ингэж эхлэнэ. Биеэрээ үзэж, ясаараа мэдрэнэ шүү дээ. Ум маани Базарваани хум пад Барианы шилтэй компотууд минь.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.