Нэг сонирхолтой юм нь миний блогт олон удган, бөө нар орж сонирхдог юм байна. Зарим нь учраа олоогүй явж байгаагаа хэллээ. Хэдийгээр би багш чинь биш ч гэлээ өөрийн мэдсэн, сурснаасаа сайн тайлбарлахыг хичээе. Би бол ХАЛХ бөө учраас Буриад, Дархад болон бусад үндэстэн Бөө нарынхыг мэдэхгүй шүү. Халх ёс өөр юм байна л гэж өөрөө боддог. Би чанар энэ тэр мэдэхгүй. Зурагтаар хараад Буриадууд ингэдэг юм байна , яасан хэцүү юм бэ л гэж бодно. Гэхдээ Халх хүн байж Буриадаар босохыг буруу гэж боддог юм. Өөрийн мэдэхгүй юмаа мэдэмхийрэх шиг ичгүүртэй юм хаа байхав. Харин өөрийн бодлоо бичье.
Та өөрийнхөөрөө бодоод үз дээ. Үгүй ядахдаа л хэлэх үг, хэрэглэдэг бүхэн нь тэс өөр. Одоогоор төсөөлөхөд би энэ гадаад оронд ирээд амьдарч байгаатай минь яг ялгаагүй гэсэн үг. Энэ гадны орныхонтой яг ижил орчинд амьдарч идэж ууж, наргиж цэнгэсэн ч өөрийн дураар байж болохгүй. Ёс журам, энэ улсын хууль дүрэм надад үйлчлэх ёстой. Би түүнийг мэдэхгүй учраас болгоомжтойхон шиг биеэ хянаад амьдардаг. Та өөрийн өвөг дээдэс, буурлуудаа нэг үгээр хэлбэл хүний нутагт байгаа над шиг л байлгахаар Буриад ёсоор босгож байна гэсэн үг.
Миний хий үзэгдлүүд буюу сүнснүүдийг "Дээдэс" хэмээн дууддаг. Бусад Халхчууд "Буурлууд" хэмээдэг гэтэл Буриадууд "Буурай" минь гэдэг биз дээ. Хааныг нэг хүн ихэд хүндэтгэн залбирахдаа: "За БУУРАЙ минь" гэхэд Хаан ихэд гайхаад "Буурай гэнэ шүү. Би бол Буурай байтугай Буурал ч биш Дээдэс" гэж хэлж билээ. Халх буурлууд хүзүүндээ зүүдэг болон элдэв хамгаалах юм зүүхийг сахиус гэдэг. Гэтэл Сахиусаа буулгах гэж буриадууд бас ярина. Тэр зүүдэг улаан утас энэ тэрийг бууж орж ирэх сүнс буурлаар сольж хэлж байна гэсэн үг. Сахиусаасаа асууя гэнэ. Буриадууд бол ойлгох байх. Харин Халх буурлуудыг Сахиус гэж хэлэхэд дургүй. Хоёр өөр үг утгатай үг байгаа биз дээ.
Та нар Бадмаа гэвэл Монгол нэр байна гэж мэднэ. Бадмаев гэвэл буриад нэр гэж бас мэддэг биз дээ. Буурай гэвэл буриад буурал, Буурал гэвэл Халх буурал байна ОК. Үгүй ядахдаа л үг хэллэг нь хүртэл бүгд өөр байна. Нэг юмны тухай өөр өөрийн хэлээр нэрлэсэн байлаа ч гэсэн таныг үхээд сүнс болоод ирэхэд буриадаар дуудаад байвал та өөрийгөө Буриад хүн байсан гэж бодох уу, Халх хүн байсан гэж бодох уу?
Жишээ нь би үхээд онгод болоод дараагийн үеийн улаачдаа ирэхэд намайг Аянга буурал гэхгүй Аянгаев буурай минь гээд байвал би хаашаа харж үхэх вэ? Нэгэнт үхсэн юм чинь дахиад хаашаа харж үхдэгийг би мэдэхгүй байноо. Адгийн наад захын жишээ гэхэд л ийм байна шүү дээ хүмүүс минь. Боддоо!!!
Та өөрийгөө би Халх хүн гээд л байх юм. Тэгсэн хирнээ өөрийн өвөг буурлууддаа Буриад хуяг хувцас хүчээр өмсүүлээд байх юм. Та өөрөө тэгвэл баяраар Монгол дээл биш Буриад малгай, буриад дээлээ өмсөөд явдаг юм уу? Нэг бол сүлжээний Бөөгийн цэнхэр салбадайг албаар өмсүүлэх гээд байх юм. Та өөрөө үүнийг зөвшөөрөх үү? Сүлжээний Бөө нарын цэнхэр салбадайг би маш ихээр гайхдаг. Ямар сайндаа дайнд бөөнөөрөө алуулсан цэргүүдийн сүнс, эсвэл ослоор үхсэн үйлдвэрийн ажилчдын сүнс, нэг бол ослоор өөд болсон цэцэрлэгийн хүүхдүүдийн сүнснүүд юм байхдаа гэж бодохов дээ.
Гэтэл цэрэг байсан бол цэргийн хувцасаа өмсмөөр, цэнхэр өнгөтэй болохоор цэцэрлэгийн хүүхдүүд л байсан юм байх даа гэж бодмоор. Тэнд очоод Бөө болж байгаа хүмүүс ямар ч бодлого санаа үгүй хүний хэлсэн бүхнийг хийсэн болохоор цэцэрлэгийн хүүхдүүд л байсан байж таарах нь гэж бодох боллоо. Тэгвэл цэцэрлэгийн хүүхдүүд энэ замбативд бууж ирж юу хийх ёстой вэ? Та нар тэд нараар биеэ эмчлүүлэх гээ юу? Амьдралын хамаг муу муухай бүхнээ даатгаж аргалуулах гээ юу? Хүүхдийн сүнснүүд бол ариун байдаг юм шүү Хөөш. Энэ бол гаднаас нь харахад л ёстой мэддэггүйг нь далимдуулж мэргэн болохын тод жишээ. Ямар нэг ажилчдын ажлын хувцсаар ижилсүүлэн таныг, өвөг дээдсүүдийг чинь өмсүүлж доромжилж байна гэдгийг хэзээ ухаарах юм бэ?
Ийм юм ярьвал энэ биш ээ гээд та өөрөө зугтах ёстой. Энэ бол тийрэн сүнс үйлдвэрлэгчийн тод жишээ. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр. Бөөгийн зан үйл дөнгөж эхэлж байгааг далимдуулан бизнес хийж байгаа хүмүүсийн бодит хар жишээ.
Буриад ёсоор бослоо бослоо гэхэд арай ч буриадууд бас хоорондоо яг ижил байхгүйдэг. Буриадууд чинь бас хүн биз дээ. Бас Монгол ахан дүүс, бид нэг удам судартай шүү тэгж ярьвал. Буриадын ёсыг бузар зүйл болгож байгааг Буриад жинхэнэ Бөө нар хэлж тайлбарлаж, нэрээ цэвэрлэх цаг болсоон. Та нарын ёсыг гул болгож нэр хүндийг чинь унагааж байгааг анхаараарай. Буриадууд бол гайхамшигтай чадалтай сайхан ард түмэн.
Би бусдын ёс заншлыг хүндэтгэж үздэг. Би тэгсэн над шиг байх ёстой. Манайх ингэдэг та нар тэгэх ёстой гэж хэзээ ч болохгүй. Би түшээгүй бууж болоод байна. Та нар бүгд түшээгүй буу. Та нар битгий маяглаад бай улаан мах барь, хоолоо хий. Өргөл барьц бүү ав гээд мэдэмхийрээд байхгүй байгаа биз дээ. Тэгсэн ч хар ухаанаар бодоод үзэхэд буриад ёс журам ийм байлаа байлаа гэхэд арай ингэж ив ижил хувцастайгаар за одоо хэнгэрэгээ нүд, тэг ингэ гэж заахгүйдэг. Налайхад бүр Бөөгийн дамжаа хүртэл байдаг гэнэ. Тэнд хэнгэрэг яаж нүдэх, дуудлага цээжлүүлж, шалгалт авна энэ тэр ч гэх шиг. Арай ч дээ. Амар юм болох нь дээ. Албингаас гарцаагүй.
Одоо бүр сүүлдээ жинхэнэ Бөө бол ирж манайхаас магадлан итгэмжлэл ав гэх нь холгүй болж. Бөөн Академи гэгч байгуулагдан түүгээрээ далимдуулан мөнгө нэхдэг болж. Ямар нэг холбоо бол сайн дурын байгуулага байдаг. Түүнд элсэх, гарах нь хувь хүний асуудал.
Ёстой л ёсыг нь мэдэхгүй байж ёсыг нь гутаан доромжлогчид их байгааг харж хэлэн ярих хэрэгтэй. Мөн Монголчууд та өөрийгөө ямар ястан гэж боддог тэр хирээрээ судалгаа шинжилгээ хийж, мэлмийгээ нээн, ухаанаа тэлж, оюунаа ажиллуулан Гэгээрэх хэрэгтэй.
Өөрийнхөө өвөг дээдсийн сүнсийг үхсэн гэж бүү бодож бай. Та тэднийг амьд гэж санах хэрэгтэй. Амьд болоод л танд бууж ирэх гээд зовоогоод байсан биш үү. Тэгтэл та амьддаа ч өмсөж үзээгүй хувцасыг нь хүчээр өмсүүлж байна.
Та өөрөө би үхсэн бол яах вэ? Миний дуртай юм, дургүй юм юу билээ. Намайг мод тойруулан архи уулган ташуурдан зодоод гүйлгээд байх уу? Өндөр дээрээс хөл нүцгэн шилэн дээр үсрүүлээд байх уу? Би өөрийнхөө зөвхөн үр хүүхдүүд, ах дүү дээрээ хүндлүүлэн өргөөндөө ёслол хийлгэж буух уу? Айлын баахан танихгүй хүмүүстэй айж сандран, ичиж зовон шахалдаж хээр гадаа буух уу гэдгээ зүгээр л нэг бодчих. Баргийн Халх өвөг дээдэс ийм юманд буудаггүй л байхгүй юу. Тэрний оронд тамгатай улаач нь тэнэглэснийхээ оронд Тийрэн аваг гээд зайлаад явчих маш өндөр магадлалтай байдаг.
Гэхдээ би яг надад тохиосон болон сонссон , харснаа бичдэг учраас худлаа мэдэмхийрч бичээгүйг санаарай. Хэрэв таны багш, онгодууд чинь өөр ёс жаягтай бол бас ийм хэлбэр байдаг гээд л мэдлэгтээ дусал нэмэр болгоно биз ээ. Хэрхэн бодохоо таны оюун чинь шийдэг.
... Хамгийн хялбар ойлголт нь БӨӨ гэж Далд ертөнцийн Сүнстэй харьцаж чаддаг, тэдний хэлмэрч хүн гэсэн үг. Орчин үеийн хэлээр Сүнсний орчуулагч. Бөө болонгуутаа удган, зайран болдоггүй бөгөөд Удган, Зайран гэх нь бөөгийн цол болно. Удган, Зайран гэхээс өмнө Улаач гэгддэг. Эмэгтэй хүнийг нь Удган. Эрэгтэй хүнийг Зайран хэмээнэ.
Та бидний одоо амьдарч байгаа энэ хорвоог нөгөө ертөнц буюу далд ертөнцтэй холбодог хүмүүс нь БӨӨ хүн байхыг ойлгов уу?
Улаач нь анх босоод хичээн зүтгэж, зохих хэмжээний мэдлэгтэй чадвартай болоход Буурал Дээдсүүд нь түүнд Удган, Зайран гэж дуудаж болох тухай өөрсдөө хэлдэг. Тэрнээс өнөөдөр хэнгэрэг дэлдэнгүүт л Удган, Зайран болдоггүй. Энэ удган, зайрангуудын хийгээд байгаа үйлийн ерөнхий нэр томьёо нь БӨӨ гэдэг ойлголт. Бөө хүн, Бөөгийн ухаан, Бөөгийн шид, Бөөгийн ёсзүй, Бөөгийн эдлэл хэрэглэл, Бөөгийн амьдрал, Бөөгийн хууль энэ бүхэн бол биеэ даасан бүхэл бүтэн цогц, систем болдог.
Бөө ганцхан Хөх Мөнх ТЭНГЭР эцэгт л захирагдана. БӨӨ нь амьдралыг үүсгэгч, устгагч хүч гэсэн үг.
БӨӨ-д цорын ганц зөв томьёо нь:
"БӨӨ БӨӨГИЙН БУУЛТ ӨӨР
БҮЖИН ТУУЛАЙН ДЭГДЭЛТ ӨӨР" гэдэг Алтан үнэн бий.
Иймээс түүнийг шинжлэх ухаанаар судлаж болох ч шинжлэх ухаанчилж хэзээ ч болохгүй. Энэ бол далд ертөнцийг хаанчлах гэсэн бодлого учраас эцсийн эцэст Инженер Гарины сүйрэл гэдэг шиг бүгд устана. Мэдээж Бөөгийн ерөнхий эрх үүрэг, ёс суртахуун, ёс заншил, хэрэглэгдэхүүн, хийх үйл гээд л байх ч тус тусдаа нууцтай, тус тусдаа өөр өөр байдаг. Хүн бүр төрөхдөө нүцгэн төрдөг ч яг ижил төрдөггүй биз дээ. Үхэнгүүтээ яг ижил болдоггүй нь тодорхой.
Далд ертөнцийг та хардаггүй, мэддэггүй болохоороо л гайхаад, айгаад, хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Бөө болонгуут л шидтэй, хүчтэй болохгүй. Улаач хүний өөрийн хичээл зүтгэл, эрдэм оюунаар энэ бүхэн бүрэлдэнэ. Зарим залуус бөө болоод бөмбөр нүдэнгүүтээ л би шидтэй болчихлоо хэмээн эндүүрч биеэ тоодог. Орж ирсэн Буурал чинь үйлээ хийгээд хүнээ эмчлээд, хүнд туслачихаад явж байгаа болохоос биш ЧИ ӨӨРӨӨ ТИЙМ ЧАДАЛТАЙ БОЛСОН ЮМ БИШ. Харин чиний мунхаг ухаан учрыг ойлгон, буурлуудаа хайрлаж хүндлэн, буман олонтой эвтэй сайн байж, удам угсааных нь нэрийг хөөдчихөөргүй итгэл даахаар байгаад байвал тэр шиднүүдээсээ бэлэг болгон өгдөг юм.
Олон жилийн дараа ч юм уу эсвэл онцгой сайн байсан чи шагнуулан өөрөө Буурлуудаасаа дутахгүй шидтэй болно гэсэн үг. Энд Бөө хүн бол ойлгох байх орж ирсэн буурал бүхэн бүх үйлийг хийдэггүй. Тэр үйлд хамгийн сайнаа дуудан оруулдаг. Өөрөө чадахыгаа өөрөө хийдэг. Буурал гэдэг чинь нас барсан хүний сүнс. Тэр хүн юу хийж чаддаг байсан түүнийгээ таны биед буухдаа хийдэг гэсэн үг. Та ч анхнаасаа үүний учрыг ойлговол хурдан Бөөгийн ухаанд суралцана. Буурлууд гэж бэв бэлэн юм өгөөд халбагадуулаад байдаггүй юм. Улаачаа суртал нь хийлгэж, дадлагажуулж, ухааруулах гэж бас шоглож, шийтгэдэг. Би ямар их будилдаг, шийтгүүлдэг байсан тухай миний өмнөх түүхүүдэд бий.
Энд Толгой онго гэж байдаг. Хэрэв Та толгой Бууралтайгаа сайн ойлголцож чадвал тэр бүхнийг зохицуулна. Хэн нь орох вэ? Хэн нь юу хийх вэ? гээд л бүгдийг зохицуулна. Толгой онго бол хамгийн хариуцлагатай онгод гэдгийг би өөрийн жишээн дээр тайлбарлаж байсан өмнөх түүхэнд бас бичигдсэн. Хаан маань миний хоёр дахь Толгой онго бөгөөд түүний хийх ёстой үйл дуусахаар тэр дараагийн толгой онго минь байх болно. Тэрнээс биш бусад онгодуудтай адил дуудаж бөөлөхөөр л буучихаад буцаад дэгдчихдэг биш. Тийм учраас л би Хааны тухай хачин их мэдээлэл та нарт өгөөд байдаг юм. Толгой онго бол яг энэ замбативд хариуцан хамт байж байдаг онго юм.
Миний анхны толгой онго Хубилай баатар бол намайг улаач болж онгодуудаа биедээ залж гаргаж сургах, тэдэнтэй харьцаж сурах, тэднийг ойлгох хүртэл бүгдийг хянаж, намайг бүрэн биежтэл хамгаалан харж буух ёстой онгодуудыг дэс дараалан бэлдэж, буулт бүр дээр хуваарилан оруулж, онгодууд өөрсдөө чадал, тэнхээтэй болтлоо бас миний биед дасан намайг ажиллуулж чаддаг болтол хариуцсан онго юм.
Онгодууд бууж биежих гэдэг миний биед орж, миний биеийг мэдэрч, хэл яриа, хөдөлгөөн тэр бүхэндээ миний бие хэмээх шинэ хувцаст дасах хүртэлх хугацааг хэлнэ. Тийм ч учраас эхэн үедээ орж ирсэн онгодууд миний биеийн талаар гурван өөр санал гарган бөөн яриа бололцон бүтэн өдөржин Тэнгэртээ хэлэлцсэн түүхтэй. Үүнээс болж нөхөр маань маш их санаа нь зовж, нүүр нь улайн, уур нь хүрсэнсэн. Тэгэхгүй яахав дээ, газар дээрх ганц муу авгайг нь шинжээд бөөн яриа болохоор хэхэхэ.
Манай нөхөр эхний хэд хоног миний буултанд сууж , хэрэв намайг ухаан алдвал сэргээх үүрэгтэй байлаа. Тэгтэл нэг өдөр Хатан онго ихэд уурлан миний биеийг гоочлон, удам гутаалаа бид ямар гоё, ганган, нарийхан гоолиг биетэй билээ. Гэтэл энэ муу улаачын байж байгаа царайг, гүзээ нь сунаад л гээд намайг зодон уурласан юм.
Харин дараагийн Зайран онго нь орж ирээд "ийм юмыг гүзээ гэвэл бид юу идэж, ууж амьдрах болж байнаа. Хонхойсон татайсан, гуринхалсан чоно шиг байх нь тийм сайхан харагддаг юм байх даа. Энэ хатдуудын маяг" гэж гээд миний зодуулсан гүзээг минь илж, тэмтэрч, базалж үзэн юу нь тарган байгаан хэмээн шогширч гайхаж байгаад явав. Араас нь буусан онго Яасан яасан гэнээ. Дээгүүр л нэг яриа болоод байна. Би бас юунаасаа дутав гэж гээд миний гүзээг бас л хэмжиж үзэн нягталж шалгаад "Яааг таарсан байна. Янзтай. Мах, шөл нь яг сайхан таарчээ" гээд л магтав. Намайг гаднаас нь хараад сууж байгаа хүнд бол би өөрөө, өөрийнхөө гүзээн талаар гурван янзаар ярин, зодож, илж, барилж үзэж байгаагаар төсөөлдөө. Ичиж үхмээр хэхэхэ.
Тэднийг явсны дараа нөхөр маань "Ямар балай юм бэ. Нөгөө хээрийн бөөлөө энэ тэрд явбал наад онгодуудаа сайн захирахгүй бол нүдний булай болгох нь байна. Чи дөнгөж боссон болохоороо захирч чадахгүй байна" гэв. "Яаж захирдаг юм бэ?" гэхэд нөхөр: Ярих гээд байвал болиулаад хөөгөөд гаргах юм уу, яадаг юм бол доо гэснээ өөрөө бас яаж захирах тухай гайхан ярилаа. Хэхэхэхэ Үкэ яахав дээ бас эр хүн гэсэн дээ. Эхнэрийгээ өмөөрөөд хий үзэгдлүүдээс нь харамлаад байнааа хэхэхэхэхэ. Болж л байна ш дээ.
Тэнгэрээр дүүрэн ярианы үр дүн нь маргааш өглөөний буултаас нь эхлээд хэрэгжиж эхэлсэн юм даа. Үг дуугүй л миний хувцасыг тайлан нимгэн өмд, цамцтай үлдээн, гутал тайлж хаяад тураах дасгал долоо хоног хийлгэсэн юм даа. Хатадууд дийлсэн бололтой. Хэхэхэ. Хатадууд ер нь маш их маягтай. Тэр үе арван хоёр сарын ид хүйтэнд ганц дулаалгатай гэр маань гадаа байгаагаас ялгаагүй байдаг тул би зах гарч нэхий гутал олж ирэн өмсдөг байсан юм. Тэд ямар хийлгээд өгсөн хуяг, монгол гутлыг минь өмсөх биш. Хуяггүй бөөлж сур гээд тайлчихсан юм. Хатадууд ээлжлэн орж ирж миний хөлийг нааш цааш нь хөдөлгөн үзэж морины тагалцаг шиг юм өмслөө энээ тэрээ гэж их гоочлоно. Зарим нь уурлаад тайлаад үүд рүү нүүлгэчихнэ.
Тэд даарахгүй ч би дараа нь даардаг юм байгаа биз дээ. Миний Хубилай буурал дараа нь маажигнатал алхан гутлыг минь авчирч, Хатадуудаа гэж гээд миний морины тагалцагыг өмсүүлдэг байлаа. Тэр үед хамгийн инээдтэй үеүүд минь ард өнгөрчээ. Дараа нь би үхтэлээ инээж, гэрийнхэндээ ярин шоолж өгдөг байсансан.
Эндээс харвал Онгодууд хувцас хунар эдлэл хэрэглэлээ голдог шилдэг, урдаг, тасддаг нь ойлгогдоно. Нэг удаа би зах ороод нэг бөгж харлаа. Түүнийг авмаар байсан ч үнэтэй байхаар нь авалгүй өөр юмсаа цуглуулаад гэртээ ирэв. Оройн буулт дээр Хатан онго хамгийн түрүүнд шуугиад ороод ирэв. Тэгээд л намайг тэр бөгжийг авсангүй хэмээн уурлаж гомдоллоо. Үнэтэй байсан гэхэд чи өөр дэмий юм авахаар тэрнийг авахгүй яасын гээд уурлаад суучихав. Заза дараа авъя гэнгүүт тэр дор нь өлгөж аваад зах дээр наймаа хийдэг манай хамаатан руу утасд хэмээн бяцхан түшээд хэллээ.
Түүнд хэлүүлэхдээ чиний найз бүдүүн дагинад байгаа бөгжийг нэг гарагын дараа манай улаач очиж авна хэмээн хэлүүлэв. Ингээд маргааш нь хар хүйтэнд би бас зах санжигнаж нөгөөх бөгжийг нь авч өгсөн. Оройн буултан дээр нөгөөх Хатан бас л хамгийн түрүүнд орж ирэн бөгжөө зүүн харж, үнсээд л бяцхан түшээд үзүүлэн гайхуулж, маш их харав. Тэр өдөр түүнийг үзэхээр ихэвчлэн Хатан онгодууд цуврав.
Нөгөө эрхийн тэнэг Тэнгэр хүртэл энэ өдөр нөгөө дүрээрээ заларсан юм даа. Тэр энэ өдөр дарвайтлаа уйлж орилж чарлаж орж ирсэнгүй. Буунгуутаа л яаран сандран нөгөөх бөгжийг сайн үзээд энэ минийх гээд чарлаж нэг үзэв. Тэгснээ заза Аашт намайг загнаад салахгүй байх. Миний том эгч байгаа юм. Муухай ааштай би түүнд дургүй гээд нөгөө бөгжийг яаж түүнээс салгах тухай жаахан бодов. Тэгснээ л надаас чи ямарт нь бөгж авч өгчихөөд ямарт нь өгдөггүй юм гээд барьцаад бас дарвайтал амаа ангайж байгаад орилов.
Тэр энэ өдөр маш хөөрхөн сандчаад л элдэв арга бодоод л шуналтаад л яг нэг хөөрхөн жаахан охин шиг гоншигноод, хошуугаа унжуулаад байсан болохоор би түүнийг өрөвдөөд бас их өхөөрдөв. Тэгээд тэр миний юмсуудыг нэгжиж гарлаа. Ихэнхи эзэнтэй ч тэр бугуйвчыг нь авахаар түүний эзэнтэй тохиролцохоор боллоо. Тэр нь зарна гэв. Миний эрх онго хошуугаа унжуулсан хэвээр шуналтан бугуйвчаа үзнэ. Тэгээд наймаа тохирч бугуйвч түүнийх боллоо. Тэр: Өнө мөнийх мөнийх мөдүү хэмээн хошуугаа унжуулан эрхэлнэ. Тэгж тэгж Хаан ааваасаа наймааныхаа амласан юмаа авч өгөх болсон юм. Сайхан гар аав, ээжийгээ холгодог бололтой.
Буултын дараа бяцхан түшээ бид хоёр тэднийг шоолон баахан инээлдэв. Ямар хачин амьтад бэ гээд л... Миний онгодод дотор хувийн утастай онго ч бий. Анх тэр онго миний утсыг булаан авч ийш тийш ярин бөөн хөөр болсон. Тэр миний хэдэн нагац эгч рүү залгуулан хашгирч ярин инээд алдана. Нөгөө хүний цэнэг дуустал ярина. Миний утасны мөнгө урсаж өгөөд байхаар нь би түүнд өөр нэгжтэй утас авч өгсөн юм. Тэгтэл нэгж нь дууссан чинь уурлан, намайг харамч гэж хангинасан юмдаг. Тэр өөрийн утсаа өөр хүнд хэрэглүүлэхгүй. Сайхан юманд ороолгуулаад гутлын түрүүндээ хийн явна. Ямар сайндаа тусдаа утас авч өгхөв дээ. Дараа нь Хаан бууснаас хойш онгодуудын дураар дургих татарч тэр утсаа өргөөнд залсан.
Иймээс Бөөгийн эд хэрэглэл бүхэн эзэнтэй байдаг. Тэрэндээ тэд маш харамч, өөр бусдад өгдөггүй. Тэр байтугай ялгалаа барилаа гэж загнаж, гомдохыг нь яанаа. Анх босохдоо би нэг гартаа алт, нөгөө гартаа мөнгөн бөгжүүд зүүж боссон. Тэдний захиалгын дагуу бэлдсэн ч мөнгөн бөгж нь том сүртэй тул гоё харагдан, алтан бөгжнүүд нь үнэтэй тул жижгэвтэр, дунд зэргийн байв. Гэтэл миний баруун гарын Хатад гоё томыг авч гоё хийсэнгүй. Зүүн гарын Хатдаас ялгалаа гэж бөөн гомдол болсон юм. Юу вэ та нар чинь алт, нөгөөдүүл чинь мөнгө зүүсэн байна. Та нар үнэтэй баян байгаа биз дээ гэхэд тэр нь ямар хамаатай юм. Бас томоос том гоё байх байсан юм гэж билээ. Заза дараа би өөрийнхөө бөгжүүдийг та нарт өгье гэж байж санааг нь амраасан билээ. Ингээд хөөрхий би өөрөө бол нэг ч бөгжгүй болсон юм даа. Хатан онгодуудаа гэж маш дураараа, аймшигтай маягтай.
Гэхдээ миний Хатан онгодуудын нэг чанар нь уйлдаггүй. Маш хатуу онгодууд. Эрэгтэйчүүд нь уйлаад зүрх нь шимширдэг байхад тэр хэд бол байхгүй ээ. Дургүй нь хүрвэл Алчий Алчий л гээд дайраад байна. Даанч зөвшөөрөл авна. Тэгэхгүй бол яадын наад муу новшоор Алчих уу? л гэх нь гайхмаар. Нөхөр нь зовоогоод гээд бүсгүй хүн ирээд уйлаад аргалуулах гэхэд манай Хатан онгодууд байвал ямар зөвлөгөө өгдөг гээч? Бараг л Халхын хамаг эрчүүд хаданд гарч Хаан болсон биш. Монголын эрчүүд моданд орж Моныг захирч байгаа биш дээ хаанаас ч гэсэн олдоно салтугай хаятугай. Болохгүй бол би алчих уу? гэнэ.
Харин Зайрантангууд байвал: сэтгэл нь өвдөн өрөвдөж, засал хийж, буцаан авчирч дөнгөлөх арга чарга хийнэ. Миний Хатан онгодууд бүгд л дайн тулаан байлдаан хийгээд л явж байдаг юм. Харин Өжий онгодууд бол уян зөөлний туйл, үлгэр жишээний үлгэрүүд л гэсэн үг. Ганцхан зэвүүн эмгэн онго нь Үнс эмээ онго. Маш нарийн шалгаж, үнсийг нь самарч үзэж байж сална. Манай онгодууд байлдаанд ялаад явлаа гэхэд амьд юм үлдэж үү үгүй юу гэж шалгаад үлдээсэн бол гүйцээнэ. Хэхэхэх аймаар байгаа биз дээ.
Энэ бүхэнг би яагаад бичвээ гэвэл нэгхэн хүний онгодууд гэхэд л ийм олон ааш араншинтай олон янз байдаг юм шүү гэдгийг ухааруулах гэж бичив. Тэгэхээр өөр отог аймгуудын онгодууд тэс өөр өөр байх нь аргагүй биз дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.