Thursday, September 8, 2011

Мөнх Хөх Тэнгэр ивээг Та Бүхэнг


Анх би дүү охинтойгоо Тэнгэрийн зарлигийг биелүүлэхээр хоёулхнаа гарч байж билээ. Бичсэн хэдэн түүхээ плаашдаж аваад л WEB хийх газар, бичлэг таслаж богиносгодог газрыг хайхаар Улсын маань нийслэл Улаанбаатарт ирэн хаашаа явах, хаанаас олохоо ч мэдэхгүй зогсож байсан нь 2011 оны 4 сарын эхэн байв. Охин дүүг Дээдсүүд Японоос дуудуулан тэр ирээд дөнгөж хоёр хоноод Японд цүнами гэж аймшиг болсны дараахан юм.
Дүү маань надад пэйсбүүк нээж өгч, энэ танд хэрэгтэй гэхэд надтай харьцах хүн байхгүй. Танихгүй хүмүүстэй би юугаа ярих юм яршиг яршиг гэж түвэгшээн, бас Интернэтэд тавихаас өөр сонголтгүй би ядаргаатай юм, хэн надад итгэх юм гэж дургүйцэн байсан ч анхныхаа оролдлогыг бүтээн Блог гээчтэй болж байсан үе ердөө л энэ хавар байв. Нэг хоёр хоног дотор тэнд зуун хүн ороход пөөх ямар инээдтэй юм бэ 100 хүрэх нь Дээдсүүдээ,  Ямар ч гэсэн миний юмыг гайхан ороод гарчээ. За явж тэмдэглэн сайхан хооллооцгооё гээд л баясан гайхаж байсан нь ч саяхан.
Гэтэл одоо өдөр ирэх тусам л Блогны маань зочид нэмэгдэн, байнгийн уншигчтай ч болж, бас хамгийн гайхалтай нь жижигхэн бяцхан ном маань мэндлэх гэж байх ч гэж дээ. Монголчууд маань маш сайхан сэтгэлтэй юм байна. Бие биендээ зааж өгч, хот хөдөө, гадаад дотоодгүй л уншигч нарт хүрчээ. Энэ бол Монголчууд өөрсдөө Тэнгэрээ суртчилан таниулж байгааг илтгэнэ. Хааяахан мэйлээ нээхэд өч төчнөөн асуусан, сонирхсон захидлууд байдаг болжээ.
Ж. Хишигжаргал, Ц. Алтанцэцэг найзууд маань миний номыг спонсорлон хэвлүүлж өгч, Кайзэн холбооны андууд маань надад итгэн урам хайрлаж, хамгийн идэвхитэй Тэнгэр үзэлтэн Мөнхгэрэл маань номын зургийг нь бэлдэн өгснөөр Эзэн би эргэн ирлээ, Мөнхийн гэрэл  гэх Хааны өөрийн бичсэн айлтгалуудын тайлбар ном минь мэндэллээ.
Шинэ гарах номонд блогт ороогүй зарим түүх бас бий. Хамгийн гол нь Хааны айлтгалын үг бүр, утга бүр ямар учиртай, яг энэ юу гэсэн үг вэ? Миний амьдралд яаж тохиосонг нь өөрийн түүхтэйгээ холбон бичсэн ном юм. Хэрвээ та Хааны "Тэнгэр Монгол Газар", "Тэнгэрийн гэрэл" айлтгалуудыг дахин нэг нягтлаад уншвал юу юм болоо гэх утга бүрийг тайлсан ном. Хаан буухад надад юу тохиолдоод, Хаан юуг хараад ингэж хэлэх болов гээд л бүгд утга учиртай. Юутай ч энэ богино хугацаанд намайг ойлгож, итгэж, дэмжиж  шалгарч үлдсэн миний жинхэнэ найз нөхөд, андууддаа дахин талархал илэрхийлье.
Мөн би Бөө болохоосоо өмнөөс ч илүү олон найз нөхөдтэй болсон байгаадаа гайхлаа. Чухам л би ганцаараа, ганцаараа гээд л дуулаад байсан биз дээ би. Гэтэл би энэ  Ил замбуулинд ч, Далд замбуулиндаа ч олноос олон хайртай хүнтэй, хайрлуулдаг хүнтэй юм байна. Миний өвөг Дээдсүүдийн минь буян билээ. Хааны минь хишиг гэж бодлоо.
Олон хүн надаас блог, вебийг чинь янзлаад бүүр гоё болгоод өгөх үү. Танд тусламж хэрэгтэй бол хэлээч гэж гуйлаа. Үнэхээр их баяртай байнаа. Тэнгэрийг л суртчилан, Хааны айлтгалийн дагуу хүн бүрийг Гэгээрүүлэх үйлст нэг хүнийг ч гэсэн татан оролцуулж байвал энэ чинь том тус, Тэнгэрийн буянтай үйлс болно. Та өөрөөсөө эхлээд л гэгээрч өөрөөр юмыг хардаг болж, найз нөхөд, гэр бүлийнхэндээ ойлгуулж чадаж байвал үүнээс илүү тус гэж юу байх вэ!
Та Монголд төрсөндөө бахархаж, Монгол нэрэндээ хайртай болж, Уул ус, ургамал модоо амьтайг таньж, ураг төрлөө энэрч, өвөг дээдсээ өрөвдөн хайрлаж, балчир багачуудын ирээдүйд санаа чинь зовж эхэлж байвал Тэнгэр танд нөлөөлж, Та Тэнгэрийг ойлгож эхэлжээ гэсэн үг. Чин сэтгэлээсээ Тэнгэрийг таньж, биширч чадах ганц хүн ч Монголд хэрэгтэй. Та тэр тоог нэгээр нэмж өөрийгөө өөрчилж чадаж байвал надад тусалж байна гэсэн үг. Надад туслаж, дэмжиж, хайрлаж, байгаа бүх хүнийг Тэнгэр ивээг.
Олон хүн би таны блогийн идэвхитэй уншигч нь та заавал шинэ мэдээллүүдийг ойрхон ойрхон тавиараа, алга болдог шүү та, битгий алга болоорой гэхийг уншаад надад маш их урам хүч өгч байна. Та нарын хүчээр л би блогоо ажиллуулж чадаж байгаа шүү! Мөн блогт сэтгэгдэл бичих гэхээр ерөөсөө болохгүй байна. Сэтгэгдэл оруулдаг болгооч хэмээн санал хүсэлт их тавьжээ. Харин үүнийг би аянгат дээрээ хүлээн авдаг. Блогт авдаггүй учир нь Хааны блогт тавьсан сэтгэгдлүүд Онгод, Тэнгэрүүд болон надад нөлөөлөхөөс болгоомжлоод тэр гэдгийг ойлгоорой.
Магтаад, хүндлээд байвал би өөрөө онгироод биеэ тоочихвол яана. Толгой нь биш хамрынх нь л нүх харагдаад унавал яана. Тэгвэл удмаа гутаах болно би. Дээдсүүд ч яахав сурчихсан биз. Хүндлэлийг нь хүлээж авч чаддагаа үзүүлсэн учраас өдий болтол Монголчуудад хайрлагдаад л байна. Элдэв өдөөн хатгалга, басамжлал доромжлол ирвэл Онгод тэнгэрүүд улаачаа өмгөөлөх гэж жигтэйхан. Хаанаас ч нуугдаад хэн ч гэж бичээд хэрэг байхгүй. Тэд хайгаад л олоод шоглочихно. Ийм том аюулууд байх учраас угтан сэрэмжилж, муу юмнаас анхнаасаа л хол байхыг хичээсэн билээ.
  Үүний тод жишээ аль хэдийн тавигдсан: Би хэдийгээр  Comment тавихыг нь хориглосон ч миний блогт хоёр хүн Comment тавьчихсан л юм даа.  
нэг нь доорхи  үгийг байсхийгээд л асууна.

munkhgal_ugsaatan said...
М.Ганболд гэдэг хүний шид чадалд хязгаар байна уу?

Би түүнд хариулахыг хүсээгүйд иймхэн юм мэдэхгүй байж, Чингис буусан гэж битгий худлаа ярь чи. Би бол Мөнх Наран ээжийн сургаалыг нь үндэслэгч. худалч чамайг тэнгэр өршөөхгүй гэж байж билээ.
 нөгөөх нь:
Gansukh B said...
Facebook рүү орж биднийгээ эргэж тойрч байгаарай :)

хэмээх Анд нөхөд байлаа. зарим хүмүүс тавиад болоод байхад минийх яагаад болохгүй байнаа би бас сэтгэгдэл үлдээмээр байхад гэж хүн надаас асууж байсан. Нээрээ энэ хоёр хүн яагаад тавьж болоод байдаг байнаа. Хэхэхэв Тэгэхээр ёстой л нөгөө дээрхи хүн нь миний хүч чадалд хязгаар байна уу гээд байсан үнэхээр л Comment тавих хүч чадалтай нь батлагдлаа. Нөгөөх нь бас адилхан тавьж чадаж байгаа юм чинь хоёулангийнх нь шид, хүч чадалд хязгаар байхгүй байгаа юм биш үү. Хэхэхэ.

Иймээс Тэнгэрийн тухай, Эзэний тухай бодон тэднийг хайрлаж, хүндэлдэг бол надад биш дээшээ тэдэнд сэтгэлээ нээж байгаарай.  Би бол эгэл нэгэн улаач бөгөөд, Бөөгийн эрдэмд төгс биш тул шамдан суралцаж яваа сурагч шүү дээ! Хаан маань манайд амар амгалан, гачигдалгүй амьдардаг. Түүнд бүү санаа зовоорой.

Мөн нэг хамгийн гол олж харсан зүйл маань Залуучууд. Тэдний сэтгэлийг мэдэж авсандаа их баяртай байна. Эрэгтэй ч, эмэгтэй ч ямар их Монголын төлөө шаналах сэтгэлтэй зүрхтэй байдгийг нь харлаа. Дэндүү муухайгаар залуучуудын хүсэл зориг, хүч чадлыг унтраасан байжээ. Олноос олон залуучууд таны блогоос уншсаар би их өөр болж, их юм бодлоо. Нэг л өөр болжээ. Сэтгэл сэргэлээ. Би сайн хичээнээ. Би зүтгэнээ гэхийг сонсоод Хаан маань ч их баярлаж, бас тэднийг хайрлаж байгааг сайн мэдэрдэг. Хаан маш их уян сэтгэлтэй. Нулимс нь гарчих гээд л, хамар нь шархираад байдаг. Ялангуяа залуучууд дээр. Тэдэнтэй харьцах маш дуртай бөгөөд сүүлд нь ч тэдний тухай бодоод байдаг. Би түүний байдлаас харахад яг одоо байгаа байдалдаа тэр хааяа бухимддаг бололтой.
Сэтгэл нь хөдөлсөн, хайрласан хүмүүстээ юм л өгөх гээд хайгаад байдаг.  Миний юмсыг бүртгээд л илүү халиу юмыг бодоод явчихна. Шагнах гээд байгаа юм уу хаашаа юм. Тэр Хаан байхдаа ёстой баруун солгойгүй цацдаг хачин амьтан байсан байхаа. Би ч хаширсан шүү дээ. Одоо бол би сайхан авъя гэсэн ч надад юм байхгүй юм чинь. Хааяа би боддог юм би ажилд орвол миний цалинг тараагаад хаяж мэдэх л Хаан шүү. Хүнд л туслаж байвал болох ч улаачаа дээрэмдэж туслаж яаж болдогийн. Арай дэндүү. За манай аав ч тийм байсан юмдаг. Манай удмын маш том дутагдал хэмээн би оношлоод байгаа. Эд зах зээлийн үед амьдарч үзээгүй болохоор зовлон мэдэхгүй байна. Түүнийг олох би гэж яаж зовж, зүтгэж, дахиад авах гэж бас бөөн ажил болдогийг ойлгохгүй байна даа.  
 Би тэгээд яалтай ч билээ. Монголд байхдаа би Хаанаас болгоомжлоод юм нуусан ч тэр олоод л өгөөд байсан юм чинь. Яаж ийгээд л надаас юм салгаад хүнд өгчих санаатай. Тэгтэл би Хаанд хэрвээ хүн өргөл өгч мөнгө өгвөл огт хүрдэггүй. Бүгдийг нь цуглуулж байгаад эд нарт юм авч өгдөг ш дээ. Энэ дээр л бид хоёр таарахгүй байгаам даа. Энд өгий гэхнээ өгөх юмгүй болохоор байж ядан байгааг нь хараад баясаад л байж байна даа хэхэхэ. Тэгэхдээ тэр энд байдаг нэг айлын хүүг ёстой хөөрхөн эвий минь гээд л боддог. Тэгээд миний Гэгээний хувцаснуудыг багадах дөхөхийг л анаад хүлээгээд байгаа. Арван хэд хоногийн өмнө шкафийг нь тэр онгичиж, би бас хориг тавьж хүлээ, нэг жил хэмээн булаалдсан билээ. Хэхэхэ намайг биш өөрсдийг нь яалтай билээ би.
Мөн Б.Гансүхд баярлалаа. Миний блогийг сайжруулж, сайхан болгож өгөхөөр заваа гаргана гэсэнд уншигч нарт ч амар. Би өөрөө мэрэгжилтэн биш учир ёстой зүглүүлээд л нааш нь шидчихдэг болсон нь их юм. Залуучууд намайг ойлгоорой. Би  чинь сүүлийн үеийн хөгшин хүн болохоор энэ дөрвөлжин хар хайрцагтаа орж гарахдаа их муу, их муу. Ямартаа л нөгөө нүүртэй номруугаа орохоороо төөрөөд тэнээд байдаг юм.

1 comment:

  1. Ene hoer ch bish bi bas comment tavij chadna shdee Ayanga egchee :)

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.