Энэ мянганы азтай ч гэх юм уу, над шиг хувь тавилантай уул бол "ЗҮРХ ХАЙРХАН" уул юм. Яг л би Хааны улаач болсон шиг, Зүрх Хайрхан маань Савдгийн Хааны орон буюу ХААН УУЛ болсон доо. УУЛ гэдгийг ХАЙРХАН гэж хүндэлдэг шүү дээ.
Энэ ууланд Савдгийн Хаан Агсалдай оршино. Тэгэхээр энэ мянганы эзэн уул буюу Чингис Хааны үеийн Бурхан Халдун Хайрхан, Өхий өжийгийн минь үеийн Даян Дээрхи шиг шүтлэгт, онгон, эрчимт Хайрхан ХААН болж шинээр зэрэг нэмлээ гэсэн үг.
Даанч энэ Хайрхан маань шуналтай, бузартай, дэвтэй хүмүүсийн балгаар хамаг модоо хядуулан хачин муухай төрхтэй зовон шанална. Гэсэн ч хувь тавилангаар би гээч түүнийг өөрийнхөө ойр залчихсан юм даа. Хүний буруугаас болж царай муутай болсон Хайрханыг минь шүтлэгтэн олон хайрлаж хүндлэн олоон олоон мод тарьж ургуулан, үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй сайхан газар болгох ирээдүй бий.
Одоохондоо түүнийг Баянзүрх дүүргийн Тамгын газрын хэдхэн хүн л хамаг чадлаараа хайрлан, хамгаалавч хар санаатнуудын халдлагаас хамгаалахад үнэхээр хүч дутдаг.
Учиргүй юм гэж огт үгүй. Үнэхээр сүүлийн таван жилүүдэд энэ хайрханыг хамгаалан сэтгэлээ зориулан олон ажил санаачлан хийж зүтгэж яваа төрийн ажилтан Баянзүрх дүүргийн Тамгын газрын зөвлөгч Алтансүх гэж хүнийг түмэн олон хүндэлж, хайрлаасай гэж хүсч байна. Маш олон ажил хийж хогийг нь цэвэрлэн, хир даг болсон хадаг яндраас нь салган, дээш явах олон салаа замыг цэгцлэх, мөн сая гаран мод тарин арчилж байгааг сонсвол ийм хүн байдаг юм уу гэж гайхаж магадгүй. Би бөө болсноосоо хойш энэ хүний хийсэн ажлыг ойлгон ямар мундаг, ямар гайхмаар юм бэ гэж гайхсан. Манайхан төрийн ажилчдыг нэг л хүнд сурталтай, дээшээ долигнож, доошоо хялайсан их зантай юмнууд мөнгө иддэг уудаг, худлаа ажил хийдэг гэж ихэнхи нь дүгнэдэг.
Баянзүрхчүүд сүүлийн үед ажил үйлсээрээ сайн явж байгаа. Тэд хамгийн сайхан тохитой, хамгийн зөв зохион байгуулалттай, хамгийн үлгэр жишээ хотхон байгуулахыг би их мөрөөддөг. Үүнийг энэ хүмүүс хийж чадна гэж итгэж байгаа. Яагаад гэвэл уулаа, усаа хайрлах өөр дүүрэг Улаанбаатарт ховор л байхгүй юу? Дүүрэг гэдэг бүхэл бүтэн аймаг гэсэн үг. Аймгийн дарга нь хир ухаантай хүн байна тэр хирээр аймаг нь хөгжинө. Иймээс би энэ дүүргийн даргыг, тэдний албаныханыг ёстой зөв хүмүүс гэж боддог.
Чингэлтэй дүүрэг гэхэд л Чингэлтэй Хайрхан Хаа байна. Өтөнд идүүлсэн бут шиг харагдана. Ялаа батгана шиг язганасан айлуудтай болжээ.
Сонгино хайрхан гэж хатуу хайрханг хар ёроолоос нь чулууг нь зөөгөөд, дарга нар нь зөвшөөрөл өгөөд хамт ухдаг болсон.
Богд Хан Хайрханг маань хар. Хорон санаатнуудын үүр уурхай болон, ухуулж төнхүүлнэ.
Үлдсэн ганц Хайрханыг маань БАЯНЗҮРХ ХАЙРХАН гэдэг. Гэвч тэд энэ нэрээсээ татгалзан Зүрх Хайрхан гэхийг надаас гуйсан юм. Баян гэдэг үг ууланд байвал төрөл бүрийн ургамал амьтантай, маш үзэсгэлэнтэйг хэлдэг. Тийм байсан л юм чинь. Даанч хүний муухай мунхагаас болоод унаган төрхөө алдсан юм.
Би арай эрт зарлаж байж магадгүй ч БАЯНЗҮРХ ХАЙРХАН маань энэ зууны үлгэрт мөнхрөх ЗҮРХ ХАЙРХАН болно. Баянзүрх хайрхан минь угаасаа ч бас Догшин хайрхан.
2011 оны 9 сарын 10 өдөр.
ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН АУГУУ ХАЙРХАНЫГ ЗАРЛАН ТУНХАГЛАЯ. ЭНЭ БОЛ ЗҮРХХАЙРХАН. ЯГ ОДОО ЭНЭ МЯНГАНЫ ХАЙРХАН ХАМГИЙН ХҮЧТЭЙ, НӨЛӨӨТЭЙ, ЭНЕРГИТЭЙ ЭРЧТЭЙ, ЭРЧИМТЭЙ ДОГШИН ШИРҮҮН ХАЙРХАН БОЛСОН.
Би сүүлийн үед нэг юм ажиглалаа. Уг нь Хайрханыг минь тойроод маш олон Бөөгийн овоонууд байдаг. Бөө нар тахидаг ч лам нар сүүлийн үед ийшээ их зүглэх болжээ. Тэгэхээр билгийн мэлмий нь нээгдсэн Лам нар бас байна гэсэн үг.
Одоо хамгийн гол юм нь. ХААН ЗҮРХ ХАЙРХАН г минь хэрхэн тахин шүтэх вэ? гэдэг нь асуудал.
Намайг Зүрх Хайрханыг хэрхэн тахих тухай асуухад
Надад бичүүлж байсан үгсээс нь бичиж өгье.
...Эргэн тойрон овоо босгоод, хадаг уяад битгий бузарлаарай.
Хадагны чинь тоогоор чинь хааж боогоод
Хамаг хүслийг чинь хүлээд өгнө шүү.
Архиар сэржим өргөөд аугаа Агсалдайг минь хилэгнүүлэв
Архийг чинь Хор болгоод
Хоногийн тоог чинь хороогоод байх болно.
Хормой хотоор нь очиж буугаад хот хороогоо байгуулаад унав.
Хонгор балчраасаа эхлээд л Үхэл нүүрлэнэ шүү.
Дөрвөн дугуйтаар дээш цойлоод олон зам гаргав
Дөрвөн дугуй нь дээшээ, дөрвөлжин тэвш нь доошоо болохын ёр дуудна.
Хайрхан уулын оройг л бодоод хаяа хавтавчыг нь биш гэж санав
Хоттой өргөөг чинь хоромхон зуур зулын гол болгох болно.
Хайрхан уулыг хайрлаж халамжлаад
Хаан Агсалдайг хүндлэн дээдэлбэл
Хүссэнг чинь хэд нугалаад
Хэдэн үеэр чинь хилэнгээс хамгаална.
Буруу санаалалгүй бишэрч чадвал
Буртаг хүргэхгүй хүндэлж дээдэлвэл
Бодлын хурдаар биеийг чинь эргээд
Бодох зуур нь бүтээх болно.... гэх мэтээр баахан юм бичүүлсэн байсан.
Мөн миний бэлдэх өргөлд өргөх юмсыг бичүүлэн, хэрэв Төрийн том тахилга хийвэл хэрхэн хийх, ямар юм бэлдэн хаана яаж тавихыг бичүүлж байсансан. За тэгээд хэн л надаас энийг асууж миний үгэнд ордогийн гэж санасан ч бичээд л тавьчихсан юм даг. Итгэх үү байна уу өөрсдөө мэднэ биз. Хамгийн гол хорьсон юм нь Архи, Хадаг, Хог гурвыг хорьсон. Буруу тахиад үзээрэй л дээ. Будаа болно гэж мэдээрэй.
Ер нь Хайрхан дээр маш олон онгод шувууд эргэлдэн нисэлдэн бүгдийг хянаж байгааг мартаж болохгүй. Хэн дуртай нь Хаан Агсалдайн тархин дээр гарч тахилга тайлга хийх эрх үгүй. Хормойд суун сүсэглэн залбирч сүү, боов, жимс өргөж болно. Хог хаявал өргөл хүчингүй. Хайрханы хар цэргүүд чамайг дагаад л савчихна даа. Хаясан хогийг чинь хор болгоод хоолонд чинь хольчихоод буцна. Хайрхан руу харж байгаад шээвэл Савдгийн Хаан руу шээж байна гэсэн үг. Та лам, бөө хэнээр ч хэдэн шуудай ном уншуулаад үйлчлэхгүй. Тэд чинь юугаар ч хөлөглөн, зорьсноо бүтээж чадахгүй.
Харин сэтгэл сайтай залуусдаа хандан хэлэхэд үймэрч догдлох юм уу, хэцүү үе хэзээ ч бай Зүрх Хайрханыхаа хормойд очоод сүсэглэн бодол болон суугаарай. Хэвтээд бодсон ч болно. Тэнгэр Монгол Газраа бодож Хайрханд бас давхар сүсэглээрэй. Ямар их эрчим хүч аван, ямар их сайхан биеэ цэвэрлээд авна гэж бодно. Архи аваачаад уугаад унтаад өгөв дөө. Малгайгаа авна шүү. Зулайгаараа Тэнгэрийн гэрлийг урин дуудан оруулна.
Миний хэлсэнг бүү мартаарай. Миний Зүрх Хайрхан маань хүний гараар эргэн сэргээгдэж, үзэмж төгс, үзэсгэлэнт Хайрхан болно. Түүнд минь түмэн бээрийн газраас ч хүний хүн ч сүсэглэн мөрөөдлөө даатгахаар ирдэг болно. Тэр дараа нь дахиад л ирэх болно. Аугаа их эрчим гэдгийг тэд мэдэн шүтнэ дээ.
Харин тэр сайхан орчин, тэр сайхан үзэмж, зохион байгуулалтыг чухам Монголын хэд дэхь үе маань ойлгож эхлүүлэх юм бол доо. Уг нь нэг айл нэг л мод тариад Зүрх хайрханд ургуулж чадвал ургийн, удмын мод болох ёстой юм. Манайх л лав аль хэдийн модоо тарьчихсандаг. Нэг жилийн өмнө. Мод тарина гэдэг тариад мартахын нэр биш. Түүнийг ургуулж арчилж хайраа шингээхийн нэр. Та бүгд үхлээ гэхэд Зүрххайрханы шүтээндээ шингэнэ. Та тэр модныхоо нэг мөчир болно. Хичнээн жилийн дараа ч таны хүүхдүүд үр удам тэнд ирж удмынхаа түүхийг ярилцана. Хэрэв таны залуухан охин үр ирээд зовлонгоо яриад уйлахад яахыг та хэлж өгч чадна. Залуухан хүү чинь ирээд хүслээ шивнэн тантай зөвлөхөд бүгдийг нь бүтээхээр та гүйнэ. Энэ газар маш ариун байх учраас хэн ч хог тарих ёсгүй. Бас хэн ч хаа хамаагүй харагдсан газраа нүх ухан мод суулгах ёсгүй.
Мод гэдэг чинь ургадаг юм. Амьтай юм. Хэдэн жилийн дараа хичнээн бүдүүн саглагар мод болох билээ. Бүгдийг ухан бодох хэрэгтэй.
Гачууртын нэг залуу надад ярьж байсан. Хар нялхаасаа энд төрж өссөн ч миний өвөө түүний орой дээр гарахыг цээрлэдэг тул би хэзээ ч орой дээр нь гардаггүй. Яг энэ байгаа газраасаа үргэлж харж залбирдаг гэж байсан. Тэр надад манай байгаа газрын тэр хавийг БӨӨГИЙН ХАР ТОЛГОЙ гэдэг хэмээн зааж өгсөн. Тэгэхээр дээрээсээ л энэ бол Хаадын Догшин ариун газар байсан нь тодорхой. Хаан Агсалдай ирж байрлахад энэ Хайрханыхан хэдэн өдөр хөл хөөртэй болон маш их хүндлэл болон баярласан юм даа.
Лав л надаас юу авах вэ? юу авах вэ ??? хэмээн шалж .. Өргөө гэрий чинь үүдийг маная. Үр хүүхдийн чинь заяаг мялаая... юу юу ч билээ маш их хачин сонин түүх болоод өнгөрсөн юмдаг. Тэнд бас маш том нууц бий. Дэлхийтэй холбоотой. Цаг нь болохоор бас зарланаа. Одоо даанч тоох хүн үгүй.
Манайхан нэг юманд туйлшрахаараа ухаангүй туйлширдагаа болимоор. Туйлширлаа ч зөв зүйтэй туйлшраасай.
Данзанравжаагийн энергийн төвд очноо гээд л машин машинаараа явдаг болжээ. Тэнд очоод энерги аван сайхан болох нь зүйн хэрэг ч ЯАХ гэж явж байгаа, Ямар зорилготойгоо мартчихдаг бололтой. Энэ бол нөгөөх л тас харанхуй бүдүүлгийн гай. Цэвэр ариун газар бол цэвэр ариун байх ёстой байтал очоод бохирлож бузартуулдаг. Архи ууна. Арай ч дээ.
Та гэрээ цэвэрлээд байвал цэвэрхэн л байгаад байна. За яахав зав гарахаар цэвэрлэнээ гээд ердөө гурав хоноход гэр ямар аймаар бохир болдог билээ. Тэнд очиж хог тарьж, архидчихаад өөрсдийгөө эрчимтэй болчихсон гэж яаж тархинд нь бууж чадаж байнаа. Яагаад шүтэж чадахгүй байж худлаа шүтлэгтэн болж бусдыг ч бас бузарлана вэ?
Та нарт судлаач байвал судлаарай Энергийн төв рүү очих, буцахдаа хичнээн хүн үхэж үрэгдсэнийг. Энэ бол ариун газрын Хутагтыг хилэгнүүүлснээс болдог юм. Миний мэдэхийн л хэсэг эмч нар комоороо нэг жилийн өмнө үхсэндэг. Миний мэдэх маш сайн залуу тэнд очиж ирээд галзууран жилийн ой дээрээ үхсэн юмдаг. Шүтлэг гэж тоглоом биш шүү.
Шүтэж, дээдэлж чадахгүй бол холхон явж байх хэрэгтэй. Шүтээний газар байтугай ойр хавиар нь хог хаях хориотой байдаг. Та очихдоо дэлгүүр ороод юм аваад бариад очиж болсон юм буцахдаа яагаад хогоо аваад явж болохгүй гэж. Манайхан Хайрхан уулуудын оройг л шүтээн гэж боддог. Гэтэл түүнийхээ толгой дээр нь гишгэчихээд хажуу энгэр лүү нь шээчихээд, үүдээр нь нэг хог хаячихаад явна.
Тэр Хайрхан чинь хормойгүй бол яаж орой байх юм бэ? Чи өөрийгөө Хайрхан гээд төсөөлдөө. Төсөөлөх төсөөлөхдөө Хаан Хайрхан гээд төсөөл. Чамайг хүндэлж дээдэлж сүсэглэх хүн хаана байх ёстой вэ? Толгой дээр чинь үү??? Хайрханыг тахих үүрэг авсан би хүртэл Нарны гэрлээр өөрөөр нь заалгуулж байж Хайрханы дээр нь тахилга хийсэн юм шүү. Тэрнээс биш хормойд нь л өргөлөө өгдөг байлаа. Бидний өдөр тутмын амьдралд энэ хэвшсэн зүйл. Жишээ нь та боссынхоо өрөөнд ороод сандал дээр нь суудаггүй биз дээ. Та хүнээс юм гуйж байгаа бол ямагт доор нь суудаг нь Ертөнцийн Хууль.
Хүмүүс Хайрхан болон ямар нэг ууланд өргөл өргөхөөрөө Хаана нь өргөх юм бэ? гээд гайхаад нэг овоо мовоо байвал тэрэнд нь өргөдөг.
Болдоггүй бор өвгөний үлгэр шиг юм болох нь дээ. Энэ тухайг Өвөг Дээдсүүд энэ үлгэрт
"Чамайг болдоггүй бор өвгөний гэрийг ниргээд ир гэсэн үү?
Болзоотын бор толгойг ниргээд ир гэсэн үү?" гээд заагаад өгчихсөн байгаа.
Тэр овоо чинь Хайрхан биш шүү дээ. Хүний нүүрээр төсөөлбөл нүүрэнд байгаа мэнгэ төдий юм. Гэтэл таны нүүрийг угаах ёстой хүн таны нүүрний мэнгийг угаачихаад яваад өгвөл яах вэ?
Завтай хүн байвал Болдоггүй Бор өвгөн үлгэрийг бүрэн эхээр нь нетэд тавиарай. Энд хэрхэн уул, тахилга, хайрханыг тахих тухайг нууцлан үлдээсэн билээ. Ухаанаа зар, Гэгээр гэдэг энэ юм. Тахилга тайлга хийнэ гэдэг Хайрханы оройг нэг л хэсгийг шүтэх, харах биш. Түүнийг бүтнээр нь харж хайрлахыг хэлнэ. Бурхан Халдун уулын зөвхөн оройг зурдаггүй биз дээ. Зөвхөн орой нь байвал уул болох уу?
Намайг өөрөө болохоор орой дээр нь гарчихаад гэж хардаад байж магадгүй. Би тэнд 99 Тэнгэрийн тахилгыг хийсэн юм. Овоонд нь мөргөөд, овоог нь шүтээд буугаагүй. Энэ овоо чи өөр утга учиртай байдаг. Мөн би зөвхөн хэлж дуудах үед нь би очино. Өөрөө дураар очихгүй. Шаардлагатай үед нь хаана нь бөөлөхийг асууж заалгаж байж л бөөлнө. Ялгаа бий шүү!
2012 оны сонгууль гэж ямар их хариуцлагатай аюултай үед болох гэж байгааг та бүхэн харж байгаа байх. Ходоод, хоол, түрийвчээр биш Толгой, гэгээрлээрээ сонгууль өгөх цаг иржээ. Хэн байгаль дэлхийг хамгаалдаг. Хэн таны үүрдийн аюулгүй орчныг бий болгож чадах тэр хүн Монгол улсын эзэн суух ёстой. Худалч, хошгоруулагч, нүүр нь улайдаггүй, хор найруулагч, хоосон амлагч, хоолоор, мөнгөөр, цатгах амлагч нар хэрэггүй. Таныг, өвгөдийг чинь, ээжийг чинь, хүүхдийг чинь Тусгаар тогносон бүрэн эрхтэй, цэвэр агаар, устай эх оронд чинь амьдруулна гэх хүмүүсийг сонгоцгоо.
Түнтийтэл мөнгө чихэж өгчихөөд, хөл доор чинь бөмбөг тавих эрхэмүүд хэрэггүй. Атомын цахилгаан станц гэж ганц ангайх болгоныг хайр найргүй дарж унага! Хужаа руу хамаг хөрсөө ухаж өгөх бүхнийг нам дар! Хоёр нүүртэй ичих булчирхайгүй хортон дайсанд дахин итгэл үзүүлэх юу байна. Ардын өмнөөс буу дуугаргахад оролцсон бүгдийг нам дар!
Тэд биднийг бүгдийг хороож чадахгүй. Хороогоод үзэг л дээ. Хоёрхон сая хагас хүнээ хороогоод байвал тэр хэнээрээ сонгуулж, хормойгоо хучуулах юм бэ?
Арвыг өгнө гэчихээд тавыг нь л өглөө ш дээ. Амласнаа өг гэх амлалт нэхэгчдийг бүү дээш гарга. Арвыг нь өөрөө өгдөг хүн болоод араар чинь тавьж байгааг ойлго. Одооныхоноос чинь илүү эрчимтэй ухаж хоослон, оргүй үлдээх гэж улайрч байгааг ухаар!!!
2012 онд та ганцхан өдөр Хаан ширээнд сууна. Энэ боломж гартал бүгдээрээ үтэр түргэн харанхуй бүдүүлгээсээ ангижрах хэрэгтэй байна. Танд мөнгө амлаж байгаа биш, таны оршин суух амьдралыг тэтгэх шинэ залуу удирдагчид, үүнийг хийж байгаа Төрийн албан хаагчдаа намаар нь биш номоор нь гаргаж тавьцгаая.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.