ТЭНГЭР ЧАМД ЭРДЭМ ХАЙРЛАВААС
ТЭНГИС ДАЛАЙГ ХАГА ЯРАХ МЭТ УРАГШИЛНА ЧИ
ДУУ УУХАЙГАА БҮҮ ТАСЛА
ХАД ЧУЛУУГ БУТЛАХ МЭТ ДАВШИНА ЧИ
ХАШГИРАА УУХАЙГАА УЛАМ ЧАНГАРУУЛАХГҮЙ ЮУ
ХАНЦУЙ ХОРМОЙ УРАГДАН ЯВАА ЧИ
ХОЙШОО ҮЙЛ ХЭРГИЙНХЭЭ МЭДЭЭГ ЖИГҮҮРТЭЙГЭЭР ИЛГЭЭ. ... ХААН-ы энэ айлтгал надад зарлиг буулгасан мэт л хүч өгдөг. Чин үнэндээ бол би нойроо хасан, компюьтерийн туяанд хордон, илүү их ажиллаж байх хэрэг үгүйсэн. Өдөр өнгөрсөн үйл явдлууд, буултын дараах үйл явдлуудаа гэрийнхэн маань унтсан хойно шөнө сууж бичнэ. Нүд гархилан, нүдний доор цэлхийн хавдаж, тохой маань цоорох дөхөн өвддөг болжээ. Гэсэн ч би хүмүүст болсон үнэнг хүргэх ёстой, тэдэнд хэрэгтэй хэмээн хичээн ажилладаг.
Өнөөдөр ч бас шөнө дунд болчихож харин бусад өдрөөс онцгой нь гэрт гүрвэл ороод ирчихэж, нөхрөө сэрээлтэй биш дараа нь нойр нь сэргээд дахиад унтаж чадахгүй бол маргааш ажилдаа ядарчих байхдаа. Өмнө нь би айсандаа орилоод гүрвэл тэрүүгээр, би энүүгээр л дэвхцээд гүйлддэг байв. Түүнийг хэрхэн барьж гадаа гаргадаг анхны мэдэгдэхүүн даанч алга. Ядаж байхад ямар хурдан гээч. Энд байдаг нэг монгол айлын даллага уут дахь хамаг юмыг нь гүрвэл идчихсэн байсан гэнэлээ. Тэгэхээр тэр тиймэрхүү юм иддэг бол хүнийг иддэггүй байлгүй дээ. Цагдаа дуудалтай биш одоо яахав дээ. Амьдралд дасах л хэрэгтэй гэж бодон гүрвэлийг орж ирээгүйд тооцохоос биш.
Өглөө үүр цайнгуут эндхийн шувуунууд учиргүй бүгд өөр өөрийнхөөрөө жиргэлдэн сэрээдэг. Өглөө хар үүрээр босоод л чарлаад байх юм гэж уурламаар. Нэг хачин эвгүй шувуу бий. Яг цонх тогшиж байгаа юм шиг үе үе дуугардаг. Эхэн үедээ би гэрт хүн ирлээ гээд хаалга руу гүйдэг байв. Орой бөөлөөд эхлэх үед дуугарвал болиочээ гээд пар нүдчих вүү гэлтэй. Шөнө өдийд бас л цонх тогших мэт үе үе цочооно. Эсвэл Тоншуул юм уу бүү мэд. Мөн улаан шоргоолжуудтай идэх юмаа булаалдаж, далд хийх гэж бөөн ажил. Би гэрт биш байгаль дунд л амьдарч байгаа юм байна. Нэг удаа би маш том жоом үзсэн. Мангар том гэхдээ бор. Өөрсдөө муурч унах дөхтлөө хор цацсанаас хойш таг болж. Дахиад жаахан тунг нь хэтрүүлсэн бол өөрсдөө хамт үхэх байсан байхаа.
Японы жоом мангар том нисдэг хар жоом байж, эрхий хуруу шиг том юмнууд. Ядаж байхад бас нисээд сурчихсан. Би чарлаад л гүйдэг байсансан. Хамаг үс босно. Тэрний оронд хий үзэгдэл харсан нь дээр. Халуун орны жоомнууд ийм өсгөлүүн том байдаг юм байлгүй дээ. Хажууд нь монгол жоомнууд маань Жоомнуудын мисс л гэсэн үг. Гэхдээ Монголд жоом байхаа больчихсон юм шиг байналээ. Сүүлийн арваад жил би тэр царайлаг алтан шар миссүүдийг хараагүй. Балай гүрвэл миний тэмдэглэлийг шал өөр болгочихож. Өршөөгөөрэй.
Зарим хүмүүс бүр наад захын ойлгочих юмыг ойлгохгүй юм уу албаар мушгин гуйвуулахаар сэтгэлээр унах үе, шантрах, ядрах үе ч их гарна. Тэгэх тусам хэн ч чамайг сонсохгүй ч байсан ҮНЭН гэдэг юмыг улам л хүчтэй, эрчтэй мэдээллэхээр хичээж байна. Сонсохгүй ихэнхи байлаа гэхэд сонсох нэгэн гарч л таараа. Ойлгохгүй олонхи байлаа ч ойлгох нэгэн байж л таараа. Би бараа зарж мөнгө олох гээгүй. Харин байсан ҮНЭНийг, одоо байгаа ҮНЭНийг хүмүүст хүргэхийг зорьж байна. Хүмүүс гэгээрээсэй, Тэнгэр Дээдсээ ойлгоосой, Монгол минь дахин мандан бадраасай, Дэлхий ээж минь туйлдаж ядраад битгий үгүй болчихоосой, миний хичнээн үеийн дараагийн хүүхдүүд минь яг энэ газар шороон дээр халтар болчихсон тоглож байхыг харах гэдэг л миний Туйлын хүслэн.
Хүмүүс та нар хэрвээ миний бичээд байгаа түүх уран зохиол биш, бодит үнэн гэдгийг анзаарвал өөр бусдыг бас сонсоод, анхаараад үзээрэй. Монголд ганц би Бөө болчихоод шогшроод байгаа юм биш. Олон хүмүүс энэ талаар шаналан бодож, тэмцэж байгааг олж харна. Одоо Монголд ихэнхи хүн унтаа байдалд байна. Юу л болно ӨӨ тэр сонгуулийн шоу биз, Хэзээ манай монгол өөдлөх юм, Дээд 76 л мэддэг шүү дээ хэмээн зүүрмэглэж гутранга үзэлд автагджээ. Сүүлдээ бүр Эх оронд чинь Хятадууд үүрлэчээд газрыг чинь аваад байна сэрээч гэхэд хүртэл Сонгуулийн шоу, Сонгуульд л нэр дэвших санаатай байгаа биз гээд л үүрэглээд байх юм.
Та өөрөөсөө, гэр орноосоо эхлээд өөрсдөө гэгээрэн гэрэлтэх хэрэгтэй байна. Сайн юм жаахан ч гэсэн олж хараад баярлах, өөдрөгөөр сэтгэх хэрэгтэй болоод байна.
Би харин интернэт хөгжсөн мэдээллийн эрин зуунд Хааны улаач болон Тэнгэрийг суртчилж байгаа хосгүй азтай юмаа. Интернэт байгаагүй бол хөлийнхөө тавгийг эргэтэл, амаа хаана байдгаа мэдэхээ байтал үүрэг даалгавраа биелүүлэн айл хэссэн бол яанаа одоо. Христ яаж их зовлоо доо. Сүүлдээ хадуулж үхээд. Тэр хүмүүсийг шинээр сэтгэж шинээр амьдрахыг заах гэж маш их зовсон бодит хүн. Түүний зовлонгийн хажууд би жаргаж байна гэсэн үг. Түүнийг бодвол алтан зуунд төржээ. Тэнгэртээ баярлалаа л гэхээс. Бас Билл Гетсд хайртай шүү. Чи шүү гэвэл таарна. Энэ мэтээр давуу талуудаа бодохоор би ядрахаа болин ажлаа дуусгаж чаддаг.
Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр бүх юмыг 76 руу чихэж болохгүй. 76 дотор ч Монголоо гэсэн жинхэнэ сэтгэлээр зүтгэж ажилладаг хүн байж л байгаа. Бидний үеийнхэн залуучуудтайгаа сайн найзлан, тэд нарыг сонсон, тэд нарыг ажиглаад үзээрэй. Тэгвэл таны дотор гэрэлтэж эхэлнэ. Залуу хүний мөрөөдөл, эрч хүч, сайхан сэтгэлийг хараад та Монгол мөхөхгүй гэдэгт итгэнэ. Тэд бидний залуу үеэс тэс өөр. Хамаагүй их мэдээлэлтэй, түүнийхээ хирээр хамаагүй их ухаантай. Монголд тийм залуус асар их байгааг та харна. Тэд хэдхэн жилийн дараа төрд гарч ажиллана. Тэд Монголыг та биднээс гардаж авна шүү дээ. Тэгэхээр залуучуудаа хайрлаж дэмжиж, итгэл урамаар тэтгэж баймаар.
Хирээрээ л хөөрхий амьтад хичээн англи хэл сурцгааж, компьютерт гарамгай болон орчин цагийн гэсэн болгонг сурах гэж тэмүүлж байна. Тэдэнд одоо ганцхан "Би Монгол Хүн" гэсэн бахархал л сул байгааг ажиглалаа. Манай залуучуудын толгой гадны хөгжилтэй орны залуучуудаас дутуу юм даанч байхгүйдэг. Гэвч түүх маш муу мэдэж байна. Түүхийн үнэ цэнийг ойлгуулж өгмөөр. Гэтэл сүүлийн үед түүхийн хичээл, газарзүйн хичээл, байгалийн хичээл, философи гэх мэтийн хичээлүүд ад үзэгдэн, багш нарт нь ажил олдохоо болин, сургалтын чанар нь ч гурил болсонд санаа зовох юм.
ҮНЭНИЙГ СУРАХЫГ БОЛОВСРОЛ ГЭНЭ.Чингис Хааны толгойд боловсролыг "ҮНЭНИЙГ СУР" хэмээх хоёрхон үгэнд багтааж бүх асуудлыг нь багтаасанг бахдаад, гайхаад баршгүй. Бид бол их дээд сургуулиудыг удаа дараалан гадаад, дотоодгүй төгссөн, элдэв төрлийн хэлийг ад үзэлгүй сурчихсан, шкафанд нь өнгө өнгийн хавтастай гадаад дотоодуудаар бичигдсэн олон диплом, үнэмлэх, гэрчилгээ гэх мэтүүд хураагдах тусам л боловсрол өндөр хүн гэдэгдээ.
Энэ үгийн тухай бодох тусам Төгс гэдэг нь мэдрэгдэнэ. "ҮНЭНИЙГ СУРВАЛ ТЭР БОЛОВСРОЛ". Гэтэл бид үнэнийг сурч байгаадаа, үнэн юм сурчихсандаа эргэлзээд эхэлчихсэн байгаа шүү дээ. Элдэв улс төрийн хүчнүүдийн золиос болон улс орон, ард түмэн л сүйрдэг юм байна. Үнэн чанартаа улс төрийг хэдхэн этгээд л хийдэг. Ард түмэн хэдий чинээ ухаантай байна тэднийг хуурч дээш гарна гэдэг хэцүү. Ард түмэн хэдий чинээ ухамсар дорой байна хүсэлдээ хүрэх алтан хаалга нь нээлттэй. Иймээс хэдхэн хүний ашиг сонирхлын төлөө ард түмнүүдийн тархийг угаан, мунхаг харанхуй болгоно. Мунхаг байлгахын тулд худалд итгүүлэх хэрэгтэй.
Хааны хэлснийг сайн анзаарвал Үнэнийг МЭД гээгүй СУР гэсэн байна. Тэгвэл Гэгээрэл Боловсрол хоёр юугаараа ялгаатай вэ? Гэгээрэх тухай ХААН байнга сануулдаг. Энэ бол хувь хүн өөрийн гэсэн ухаантай байхыг, өөртөө эзэн болохыг, өөрийгөө хөгжүүлэхийг, сэтгэдэг болохыг хэлдэг. Жалга довны хэмжээнд биш ертөнц дэлхийгээр нь сэтгэх, Ганц үгний үгээр биш утга агуулгаар сэтгэх, Нэг талаас нь биш олон талаас нь сэтгэхийг хүмүүст анхааруулдаг. Хүн гэгээрч эхэлбэл бүр БОЛОВСРОХ хэрэгтэй байх нь Ойлгоод мэдээд зогсохгүй ягштал баримталж СУРАХ. Гэхдээ Үнэнг. ҮНЭНийг эрж хайж байж олдог.
Чингис Хааны зуунд Монголчууд ТЭНГЭР, СҮНС гэдэг үнэнг мэдэх учраас айдаг, хүндэлдэг байжээ. Эргээд би төрнө хэмээн ирээдүйгээ харж амьдарч чаддаг байсан учраас Монгол газар хулгайч байхгүй, урвагч байхгүй, шорон байхгүй байжээ. Чингис Хаан Тэнгэрийг ойлгуулж, Тэнгэрийн улаачын ажлаа сайн хийсэн учраас олон тархай бутархай отог омгууд нэгдэн нягтарч ИХ МОНГОЛ улсаа байгуулж чадсан байна.
Ганц зэвсгийн хүчээр, харгис аллага хядлагаар энэ бүхэнг хийсэн гэж бодвол ийм дарангуйлал хэзээ ч удаан тогтсон түүх Дэлхийд байхгүй. Байж ч чаддаггүй. Хүмүүсийг ухаанаар удирдсаны тод жишээ нь энэ. Тэр үеийн БӨӨ чадалтан, Бөө тархитангууд нэгдэн нягтарч, нэг хүсэл эрмэлзэлтэй болж чадан ҮНЭНийг СУРАН БОЛОВСОРСОН учраас Тэнгэрийн таалалд нийцэж чадсан байна.
Тэр үеийн зуунд амьдарч байсан энгийн ардын сэтгэхүй одооны үеийнхтэй харьцуулах юм биш. Таг харанхуй биш юмаа гэхэд ямар хэмжээнд байсан нь тодорхой. Одоо бол толгой дараалан уншиж, бичиж чадна. Юмыг ойлгох чадвар, үзсэн харсан нь их, мэдээлэл асар хөгжсөн нийгмийн хүмүүс. Энэ хүмүүс Үнэнд гэгээрэн, Боловсорч чадвал Тэнгэр өмнөхөөс ч ихийг өгөх нь тодорхой.
Иймд Монголд байгаа БӨӨ нар өөрсдөө түрүүлж боловсрон, нэгдэж нягтран, эв нэгдэлтэй байж, Тэнгэрийг зөв тайлбарлан хүмүүст ойлгуулан үлгэрлэж чадвал Монгол маш амархан сэхнэ. Тэгэхгүй л чинийх худлаа, минийх үнэн, тэрнийх тийрэн, минийх жинхэнэ Бурхан, чадлаа үзэхээр шид хуараа биенийгээ алах, туршихад зориулж тэмцэлдээд байвал энгийн хүмүүс БӨӨ–д итгэхгүй, хүндлэхгүй, шүтэхгүй болно гэдгээ бодоосой. Нэгэнт л чи Бөө болсон бол дараа нь онгод болоод улаачдаа орж ирэхэд хэн ч чамайг авч хэлэлцэхгүй бол хэцүүднэ биз дээ. Эргээд энэ дэлхийд буух буудлаа засч, ухаантай байхсан. Яг одоо төрсөн БӨӨ нар Монголын хамгийн хариуцлагатай цаг үед төрж байгаагаа ухаарах хэрэгтэй. Биднээс ирээдүй шалтгаална гэдгээ битгий мартаасай!
ЭЭЭЭ яанаа яанаа Гүрвэл... За гүрвэл минь өнөөдөр Чи бид хоёрын аль нэг нь энэ гэрт хонож, нэг нь гадаа хононо доо. Уг нь энэ манай гэр, миний нөхөр, хүүхэд тэнд унтаж байгаа юмсан... Хэхэхэ арай би өөрөө хөөгдөөд гүрвэлийн нөхөр, хүүхдүүдтэй гадаа хонохын юм биш биз дээ. Ёооёоёо бодсон чинь шууд миний гадна тал дотроо ороод, дотор тал гаднаа эргэдэг байна ш дээ. Яг уут эргүүлсэн юм шиг. За амжилт, амжилт шүүрээ бариад урагшаа... Аянгаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.