Monday, September 5, 2011

Дээдийн Дээд онгодуудын тухай


Өнөөдөр энд баярын өдөр тул ёог амарч Хаан бид хоёр гэрээ цэвэрлэн хөлсөө асгарууллаа. Өнөөдөр ямар хоол хийнээ гэж бодоод над сайхан хоолны нэр орж ирсэнгүй. Өдөр болгон хоол хийх гэж ёстой нэг тэнэг ажил уур хүрчихлээ. Өнөөдөр Хаан та хоол хий гэж бодонгуут: ХАААХАХАХА гээд инээгээд унав. Сайхан Дал дөрвөн өндөр тавьчихвал би хоол хийж ч болно шүү. Чанаад л болоо гэв. Хихихихэхэхэхэ юуны чинь дал дөрвөн өндөр зальтай бас энд байхгүй юм нэхээд хоол хийхээс бултдаг байна шдээ хэхэхэ. Хаан нээрээ хавирга идэх дуртай. Өөр бусад махыг нэг их идээд байдаггүй. Мах чанаад идэхэд эрхтэн бүрийн мах өөр өөр байдаг гэж би урьд нь мэддэггүй байжээ.
Мартсанаас юун газар хөдлөлт гээд үглээд байв аа гэхэд "чи хараад чагнаж л байхгүй юу" гэв. Өчигдөр шөнө унтах гэж байхад чинь л "Газар хөдлөнө. Газар хөдлөнө. Аймшиг" гээд үглээд унтуулахгүй түвэг болоод, би нойр хүрээд байсан тул үгийн утгыг нь ч бодоогүй юм байна. Тэгж байгаад нам унтсанаа санав. Харин сая л саналаа. Хаана, Хэзээ, Юун газар хөдлөлт гээд санаа зовон асуун байцаахад "Чи өчигдөр хэлээд байхад тоох ч үгүй байсан, удахгүй чи өөрөө олж мэднээ" гэж гомдоллосон.
Дээдийн Дээд гэдэг нэр томьёо миний амьдралд хэрэглэгдэж эхэлсэн түүхээс та бүхэнд тайлбарлая. Би Бөө болохдоо өөрийн харсан, сонссон бусад отгийн болон хамгийн олон сар хамт амьдарч нүдээрээ харж, чихээрээ сонсож байсан Хадам буурлууд болон Үеэл дүүгийн буулгасан өөрийн эмээгийн онгодууд, тэдний ёс журам, хийдэг бүхэн л надад тохиолдоно хэмээн тооцоолон өөрийгөө бэлдэж тэднийг сайн ажиглаж, өөртөө нилээн бэлтгэл базааж байлаа.
Жишээ нь: Нутгийн тахилга гээд л явах ёстой, Түшээд ийм юмнууд бэлдэж өгвөл зүгээр юм байна. Гарлын зэвсэг шиг хэрэгтэй юм алга байлдана, Арц, хүж, таван өнгийн хадаг, таван тансагийн баахан сав суулга, хамгаалалтанд хэрэглэдэг элдэв төрлийн мод, дайрлаганаас хамгаалах есөн шидийн аргануудад хэрэглэх зэвсгүүд, хөдөө гадаа их буух явах учир дулаан хувцас, хөнжил гэх мэтээс өгсүүлээд л хуулах шиг л болон бэлдсэн юмдаг. Лав л арц, хүж, таван өнгийн хадгуудыг маань хэрэггүй гээд гаргаад хүн амьтанд тараачихсан.
Гэвч буусан цагаасаа л шал өөр миний төсөөлж байснаас тэс өөр болон толгой минь эргэх байтугай тас алга болсон юм даа. Үнэхээр тайлбарлаж тааж мэдэхгүй араншингууд гаргаж эхэлсэн болохоор эргэлдүүлэх толгой ч олдоогүй гэсэн үг.
Хамгийн анхны буултан дээрээ л миний буурлууд аягаа голон шидэж, өгсөн аягануудыг нь гартаа эргэлдүүлэн тоглож, түшээг аягаа авах гэхээр бултуулан тоглож, хуураа татаж байж тайвшран цайгаа өөрөө уусан юм. Миний мэдэхээр надаас өмнө боссон хэд хэдэн хүний анхны ёслолд оролцоход Түшээ нь эхлээд аягыг нь барин ундаалж, уулгаж байсан. Хоёр дахь буулт дээр багш явчихдаг бие даан буух учраас миний бяцхан түшээд манайханы  Архаг түшээ заан зааварлаж байхдаа хэрхэн асрах тухай хэлэн, одоохондоо ярих болоогүй гэтэл уурлан: "Хэн намайг ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй, хүч чадал муутай байна" гээд хэлээв гээд л хэрүүл хийгээд эхэлсэн юмдаг.
Тэд намайг "Чи бусдаас өөр, бусдаас онцгой, бусадтай бүү харьцуул" гэж хэлээд байсан ч би ойлгохгүй байв. Юугаараа өөр? Юугаараа онцгой? Юу гэсэн үг вэ ? гэж бодоод ойлгосонгүй. Тэгээд тэд: "Бид бол Дээдийн Дээд онгод Тэнгэрүүд" хэмээн хэлэхэд мөн ч онгироо хий үзэгдлүүд байна даа гээд л бодож байлаа. Дээдийн Дээд байхдаа яахав дээ. Би Дээд гурил, Дээд сургууль гэж мэднэ. Хий үзэгдлүүд дотор бас Дээд Хий үзэгдлүүд, Дээдийн Дээд хий үзэгдэл гэж баймааргүй л юм. Айл болгон л байх ёстой гээ биз дээ.
Аавын талынхан биеэ тоосон онгироо амьтад байсан юм байх даа. Манай аав л лав хэзээ ч тийм байгаагүй. Өөрийгөө магтуулах дургүй, шагнал авсан ч найр наадам болж тэмдэглэх байтугай хүнд ч хэлдэггүй л байсандаг. Аав нас барсны дараа л бид түүнийг ажилаасаа олон тэр үеийн магтсан бичиг цаасууд, тэмдэг мэмдэг авсанг мэдсэн. Лав "Хөдөлмөрийн хүндэт медаль" гэж бас байдаг юм байна гэх мэтээр тэдгээрийг нь үзэж байсан юмдаг. Миний аав онгироо хүн байгаагүй. Түүний ах дүүс онгироо байсан юм байхдаа гэж бодсон юм.
Харин хоног хугацаа өнгөрөх тусам тэр Дээдийн Дээд гэдэг онгодуудын эрх мэдэл, үүрэг хариуцлага, ажил төрлийг ухаарах болсон.
Дээдийн Дээд гэдэг яалт ч үгүй зэрэг зиндааг илтгэдэг. Бас эмх цэгц зохион байгуулалттай. Мөн эрх мэдэлтэй байдаг.
Жишээ нь: Анх Чингис Хаан бууснаас хойш хамт амьдардаг хадам Буурлуудтайгаа бараг 3, 4 сар уулзаагүй байж байгаад дээр бичиж байсан (Чу Мэргэний тухай) үйл явдал болж хаан зөвшөөрөл өгсний дараа хадам буурал намайг дуудаж уулзсан явдал юм. Тэр өдөр буусан онгод надад зөвлөгөө өгөн миний хийсэн амилуулсан бүхнийг тайлбарлан "Одоо чи надаас зэрэг дэв өндөртэй надаас илүү болсон. Чи бол энэ галавын түүхэнд бол юм бүхний эх болж сэргээсэн, усны ундарга.... "юу юу ч билээ баахан шүлэг урсгаж маш гоё үгнүүд хэлж байсан юмдаг. Даанч тэр магтаалуудыг нь ХААН зогсоочихжээ. Хадам буурал бага онгод байж юун олон үгтэй юм гэж Эзэн чинь загнаад байна. Өршөөгөөрэй гээд босон шүтээндээ хандан хэнгэрэг нижигнүүлэн сүрийг үзүүлж байгаад өөр Дээд нь бууж ирж байж: "За одоо Эзэн чинь мишээж байна" хэмээгээд ярьж байсан билээ. Тэр үед бас Чу Мэргэн бас бууж ирсэн. Тэд уг нь бидний буух цаг болоогүй ч өнөө гараг онцгой гараг учраас буулаа хэмээн айлдсан билээ.
Мөн хээрийн буулт хийхэд энэ замбын ёсоор би отгон бага улаач гээд үүдэнд доор суух ёстой ч манай онгод Тэнгэрүүд үүнийг огт зөвшөөрдөггүй. Би Дээдийн Дээд байтал яахаараа үүдэнд буух ёстой гэж. Энэ замбаараа явах хуультай юм бол биднийг бүү буулга. Чи л тэнд нь сууж байгаад явах ёстой бус уу гэхэд би: "Бүх улаач үүнийг мөрдөж байгааг хар та нар үгэнд орох хэрэгтэй". Онгод: "Бид Дээдийн Дээд онгодууд, Хааныг чи бусадтай зүйрлүүлж яаж зүрхлэнэ. Бусад нь энэ замбаараа гэж эргүүтэнэ л биз. Ёсгүй юмнууд" хэмээн уурссан ч би зөрөн буух ёстой газраа буумагц л данхалзаж ирж байгаад л хамаг сандал юмсаа зөөн голд нь аваачиж тавьж байж санаа нь амарна.
Манай онгодууд өөрсдийгөө Буурлууд гэж дуудуулах дургүй. Хаантай  анх  уулзсан манайхан: Амар амгалан морилж явна уу?  Буурал минь  гэхэд Би буурал биш Дээдэс билээ. Манай онгодууд Дээдийн Дээдчүүд учраас Дээдэс гэж дуудаж бай хэмээн сургасан.
Энэ бүхнээс харахад Онгодууд зэрэг дэвээ их л чухал зүйл хэмээн боддог бололтой.
Дээдийн Дээд онгодуудад байдаг давуу тал харин их шүү. Тэр нь надад маш их таалагддаг. Хэхэхэ. Би үүгээрээ азтай гэхээс өөр юу гэхэв дээ. Тэнгэрийн хишиг надад алтнаас үнэтэй хувь заяа олгосонд баярламаар.
Жишээ нь: Би энгийн амьдралд зохицон амьдрах бүрэн бололцоотой. Ямар ч Хоолны хорио цээр байхгүй. Тухайн цаг үеийг эзэгнэж буй онгодоос шалтгаалан харин идэх дуртай, дургүй юмс нь байнга солигдоно. Би Хааныг загасны маханд тийм их дуртайг гайхдаг. Сэлэнгийн цагаан шарсан загасанд нугасгүй. Өмнө нь би загасны мах идэх тийм дуртай биш байлаа. Японд ч загасны оронд байхдаа иддэггүй байсандаг. Хаан бууснаас хойш тэр загаст маш дуртайг мэдсэн. Ер нь бөөд ангийн мах, тахиа шувуу, дотор мах, загасны мах хориотой. Манай хүү зөвхөн үхэр, хонины мах л идэх ёстой. Баярын үеэр хорио тавих ч юу дуртайгаа идэхгүй байх хэцүү. Гэхдээ жил ирэх тусам бага багаар тавигддаг байж ч магадгүй. Одоохондоо энэ талаар би мэдэхгүй. Лав л дотор гэдэс бас идэж болохгүй. Хүүгийнх гахай онгодтой тул бас гахайн мах иддэггүй.
Үеэлийнх Ямаан онгодтой тул Ямаан мах хориотой иддэггүй гээд л их нарийн учиртай юм байна лээ. Харин ховдог надад хоолны хорио цээргүй нь буурлын буян байхдаа.
Нэг удаа миний охин, дүү охин хоёр хэд хоног гүйлгэн сүйд болоход Хадам буурал тэр хоёрыг гахайн мах идсэн, идэх идэхдээ өвчнөөр үхсэн гахайн мах идлээ гээд загнан өвдөх биш та хоёрыг эмчилсэн бид гэв. Тэр хоёр хоюулаа бид лав гахай идээгүй хэмээн зүтгэсэн ч Буурал хаана, хэзээ, ямар хэлбэрээр идсэнг нь сануулахад л нээрээ тийм гээд таг болсон. Тэд хятад бэлэн гоймон авч идэж байжээ.Тэгээд тэд орцыг нь дахин шалгаж уншиж үзсэн гэнэ. Түүний хольц, амтлагчид нь гахайн махны хольц байсан байжээ. Түүнээс хойш хашраа байлгүй дээ тэр хоёр.
Бөөд түүхий мах, улаан цус хориотой. Намайг Бөө болбол хоол хийх хүнгүй болно гэж нөхөр маань үхтэл уур нь хүрч байж билээ. Түүхий маханд хүрвэл татаад унадаг гэсэн ойлголт туршилгыг бид сайн мэднэ. Гэтэл би Бөө болсон ч махаа бариад л хоолоо хийгээстэй. Энэ нь жаахан тийм байгаа биздээ хэхэхэ. Мөн би сарын тэмдэг ирсэн байх үед ч бөөлөх нь ямар ч асуудалгүй. Сарын тэмдэг нь ирсэн үйлчлүүлэгчид ирсэн ч хамаа байхгүй. Сарын тэмдэг ирвэл хэд хоног зад амрах юм байна хэмээн би тооцоолдог байж билээ. Гэтэл энэ хамаа ч үгүй.
Заавал хуяг дуулга, хэц хэнгэрэг барин бөөлөөд байх шаардлагагүй. Атийл эцэг надад алгаа хэрхэн ашиглах, дайнд хэрхэн байлдахыг зааж өгсөн. Нэг удаа би босоод удаагүй байхдаа Хааныг дайнд явсан үед дайрлагад өртөн ухаан алдаад сэргэхгүй, Атийл эцэг намайг хэд хэд оролдож байж сэхээж байсан түүхтэй. Нөгөө аминуудыг сэрээх олон хоног дотор хорин хэд үхээд боссон үед юм. Ямар ч зэвсэггүй байсан шүлс, нулимс,нус, үс, цус, хумс, хуруу ер юу ч байсан түүнийг аймшигт зэвсэг болгон ашиглах аргыг заан намайг бэлдсэн билээ. Харин энэ бүгд нууц. Би уг нь энэ гайхмаар аргуудыг дэлгэж өгмөөр л байна. Гэвч тэд хориглосон. Тэгэхээр би хязгаартай хагас цуурдаг хагархай хэнгэрэг гэсэн үг. Тэнгэрийн Дээдүүдийн бүх л нууцыг мэдэх юм бол Тэнгэр гэж байгаад юу хийхэв дээ.
Чалчаад дэлгэвэл амиа алдах чинь нэг ямхаар урагш болно гэсэн үг гэж тас хорьсон. Хичнээн энэ бүхэн сонирхолтой, гайхмаар байлаа ч би л лав байлдахыг хүсэхгүй байнадаг. Шал балай юм. Ийм тэнэг юм бүү болог. Хамгийн гол нь би тэвчээртэй, уурлахгүй байвал дайн гарахгүй зугтана хэмээн арга бодож олсон ч "Чи Тэнгэрт тангараг өргөсөн улаач, алах хүнээ хэн байсан ч алах ёстой" гэсэнг бодлоо. Нээрээ аймаар Тэнгэр эцэг надад зарлиг уншиж сонсгож байхдаа энэ бүхэнг хэлүүлж, шаардлага гарвал "Чи энэ өндөр хадан хавцлаас үсэрч үх" гэж зарлигдвал ҮХЭХ л ёстойг зарлигдсан. Би айгаад ЗАА л гэсийшдээ. Тэнгэр эцэг мөн миний яг хэд насалж үхэх ёстой хэдний өдөр чад хийх хэрэгтэйг ч хэлсэн билээ. Хэхэхэ. Цагаа барьвал хэрэгтэй л байдаг юм байлгүй дээ. Хэрэв би Тэнгэр эцгийн зарлигийг гурван удаа зөрчвөл зүрхээ түүнд өгнө дөө. Атийл эцэг надад өөрийнхөө түүхийг байнга сануулдаг. Би яаж гурван удаа зөрчөөд үхсэнийг санаж яв гэдэг. Гурав гэдэг ч бас ч гайгүй ээ. Их тоо шүү. Хоёр болсныгоо таг мартчихгүй л бол сүүлийн ганц боломж ч бас л нилээн хугацаа авч чадна гэж боддог.
Мөн Дээдийн Дээд онгодуудын нэг чухал юм нь Эрх мэдэл. Олон удаа зарим Бөөгийн Дээд онгодыг буух тушаал, бас хэргэм зэрэг, хийх үйлийнх нь тушаалыг өгч байсан. Нэг бодлын арын хаалга ч юм шиг. Шагнах юм уу, нөхцөл байдлаас шалтгаалах гэх мэт олон шалтгаанаас болж Дээд онгодуудыг нь буух зөвшөөрөл өгдөг юм байна лээ. Ер нь онгод буухдаа хамгийн багаасаа эхэлж буудаг. Зарц онгодууд гэж ч бий. Улаачаа бэлдэн Дээд онгодууд буухад бэлддэг. Хэрэв улаач нь хичээл зүтгэлтэй гэгээрэх тусам Дээд онгодууд буухад дөхөм болно. Тэгэхгүй бахь байдгаараа хэдэн хүний ууц нуруу, гэдэс гүзээ мэтхэн илээд л байвал Дээд онгод нь буухгүйг анхаар. Ийм ч учраас ихэнхи хүн 500, 600хан настай онгодууд л буудаг хэмээн төөрөлддөг. Дээд онгод бууна гэдэг бол нэг ёсны улаачын шагнал байдаг юм шүү.
Лав Тэнгэр эцэг өөрөө миний таних хоёр улаачын онгодуудад "Нутгийн тахилаа энэ жил хийхгүй байж болно. Сорилыг зогсоо. Эрхийг нь өг" гэж зарлигдаж байсандаг. "Миний Аянгад хамтрах хүч чадалтангууд нь даруй хэрэг болно. Бэлд" гэж байсан юмдаг. Дэлхийд надаас өөр 9 ийм онцгой чадвартан байх ёстойг хэлж байсан шүү! Биднийг маш хүнд чухал үйлийг бүтээх ёстой гэж байсан. Цаг нь болоогүй байна даа.
Мөн хилэгнэвэл шууд онгодуудыг нь хураах хорих арга хэмжээ авдаг юм байна лээ. Бас бусдад олзлогдсон хоригдсон онгодуудыг давхиж очоод л чөлөөлчихдөг. Тэд дараа нь талархал илэрхийлж болсон сонин явдлуудыг ярьж өгдөг.  Аргагүй л Тэнгэрийн Эзэний дээдчүүд юм даа. Тэрнээс баргийн хүчтэй бөө суллаж чадахааргүй байлаа гэж талархал илэрхийлж байсан. Энэ тухай тэгж байгаад нийлүүлээд дэлгэрэнгүй номдоо бичнээ. Маш гайхмаар сонин үйл явдлууд болдог.  Зав гарвал би анхныхаа байлдааны тухай бичнээ. Ямар инээдтэй байлдсан гэж бодноо. Ичмээр ч юм шиг. Би л тэгж байлдах байхдаа. Одоо тэр тухай бодоод өөрийгөө шоолоод баахан инээдэг юм. Аянгын түүхэнд үлдэх анхны бөгөөд хамгийн аймшигтай, инээдтэй тулааны тухай юм шүү.
Би Дээдсүүдээс болсон үйл явдлыг сонсуутаа л нөгөө өөр улаач нар луу утасдаж онгодоосоо асуугаадах ингэлээ гэхэд тэд яг болсон явдлуудыг нь хэлэн бид гайхалддаг билээ. Олон удаа бусад удгад өөр отгийнхоныг хамгаалан өмөөрч манайхан тулалдаж, цэргүүдээрээ давхар хамгаалуулж, юуг яаж хийн, хамгаалах, сөрөх аргуудыг зааж өгч байсан. Мөн нэг удганд чи гурвалжин хэнгэрэг барих болсон. Сард тэдэн удаа барих эрхтэй гэж сануулж байсан.
Эндээс харахад Дээдийн дээд онгодууд маш их эрх мэдэлтэй нь мэдэгдэнэ. Өргөөндөө Тэнгэрийн зөвшөөрөлтэйгөөр толь, хутга, хайч, мэсний бүх зүйлийг тавих эрхтэй. Манай онгодууд өөрсдөө өргөөндөө байхдаа тэр байтугай хоол хүртэл хийж идэж чадна. Хоол хийхэд нь хэрэг болох бүх юм, хөргөгчинд нь бэлдэж өгсөн. Гэхдээ маш ховор онцгой тохиолдолд хийнэ. Маш хүндэтгэлийн үед л хийдэг бололтой.
Мөн нэг онцлог нь харьцдаг бүхэн нь бас Хаадууд байдаг. Савдагийн Хаан, Лусын Хаан, Жигүүртний Хаан гэх мэт. Уул, усны савдагууд Хааны улаач ирсэн нь ховор аз завшаан хэмээн ямар нэг үйл хийхэд маш хүндэтгэлтэй ханддаг нь үнэхээр мэл гайхмаар.Энэ нь үйлээ хийхэд нэн тустай маш хялбар, элдэв бэрхшээл гардаггүй нь үгүй ядахдаа л надад хичнээн амар. Энэ бүхэн Дээдийн Дээд онго гэх Хааны онгод, Тэнгэрүүдийн л буян заяа. Тэрнээс биш би өөрийн төрсөн биеэрээ, чадлаараа юун тэр лус, савдагийн хаана нь хүрэхийн. Муу сүнснүүд дотор ч бас ухамсартай сүнс байдаг нь мэл гайхмаар. Өөрөө зайлах уу, надаар чирүүлэх үү өөрөө сонго гэхэд зарим нь өөрөө явдаг. Би байсан бол Хуц чи юу чаддын үзий ЗАААА гэж байгаад л алуулах байхдаа хэхэхэ.
Яагаад ч юм энэ миний онцлог шинж байж магад. Өөрийнхөөрөө зүтгэдэг, хурц ааштай. Би хадам эжийдээ нэг удаа лаг хэрүүл зааж өгч байж билээ. Хадам аавын өмнөөс Хуц гээд хэлчих. Амархан ш дээ ээжээ. Х.... У....Ц... ердөө гуравхан үсэг гэж хэлэхэд миний хадам ээж  сайхан цагаан шүдээ гарган инээгээд л намайг шоолж байж билээ. Ээж аавыг юу ч хэлсэн хэрэлдэггүй болохоор надад сонин санагддаг. Би бол нэг үг хэлэхийн хооронд арван үг зөрүүлж хаяна даа. Хадам ээж гайхмаар сайхан хүн шүү. Бас миний нэг нагац эгч яг ижилхэн. Хоёулаа нөхрүүд юу гэнэ. Тэнгэр тушаасан л гэсэн үг. Тусгай одонд төрсөн эмэгтэйчүүд л  тийм байдаг байхдаа бүү мэдээ.
Манай онгодууд Нутгийн тахилга хийхгүй, харин Хаан уулыг  тахихад элдэв их юм бэлдэхгүй би, үйл хийхэд баахан өргөл барьц бэлдэхгүй, түшээгүй, ядарсан амьтан намайг мөн сайхан харж үзэж байгаа биз дээ. Хэн намайг дагаад л салбагнаад байхын бүгд ажил төрөлтэй шүү дээ. Миний хувьд бол элдэв хүнд суртал, зовлон, бэрхшээл гардаггүйгээрээ давуу талтай. Нутгийн тахилга хийх байх гээд л би их бэлдэн хурдан хүчээ авахын тулд босонгуутаа л Баянхонгордоод ууланд нь очоод хэвтчихье гэж бодож байсансан. Тэгээд юм хэлэхгүй болохоор нь хэзээ явах вэ? гэж асуухад: "Чиний энэ замбативд төрүүлсэн эцгийн нутгийг тахивал бусад Дээд онгууд нь яах болж байна. Дэлхийгээр нэг явж тахих болно. Чиний нас хүрэх ч үгүй биз" гэсэндэг. Харин нэг удаа гадаа байхдаа "Зүрх Хайрханг маргааш энд нь очоод тахь" хэмээн нарнаас туяагаараа зааж өгсөн бөгөөд энэ зааж өгсөн бичлэг яриа нь бодитоороо бичлэгт үлдэж чадсан.
Мөн би таван тансаг бэлдэх гэж зовохгүй. Өөрөө л юм идчүүл болоо гэх мэт маш олон давуу талтай. Ийм л учраас чи бусдаас өөр, бусдаас онцгой гэдэг байсныг ойлгосон юм.
Эндээс би Хаан гэж Хаан л байдаг гэж мэдэж авсан бөгөөд Дээдийн Дээд гэдгийн учрыг маш сайн ойлгосон.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.