Saturday, September 3, 2011

АМРАЛТ


NHK world нэвтрүүлгээр Эрүүл мэндийн сайд Ламбаахан гараад өнгөрчих вүү Яав? Тэгснээ л уулзалтад орж байгаа хүмүүс өнгөрлөө. Дууг нь чангалах гэж удирдлага хайж байтал дууслаа. Сүүлдээ бүр Монгол Япон хүмүүсээ ч ялгахаа байж байх чинь одоо юу вэ? Нутгаа санаад солиорч эхлэж байна уу яаж байна. Ойрд CNN сувгаар Монголын тухай цуврал өдөр бүр гарч байгаа. Бөөн таньдаг газар, таньдаг хүмүүс л гараад их сонирхолтой.
 Гадаадад бид маш олон адал явдлуудтай учирдаг нь санаанд орлоо. Дандаа л сүнс ярьж амьтан айлгаж байхаар энэ хөгжилтэй явдлуудаасаа дурсаж  сонирхуулъя.  Би өөрийн гэр бүлийнхэний инээдтэй явдлаас ярих дуртай. Огт танихгүй Чапаев, Петькан онигоо гэж уншиж байснаас эднийхээ тухай бодохоор Яг байгаа байдал нь нүдэнд харагдаад бүүр инээд хүрнэ. Бас их дотно, хайр хүрмээр. Бид бусдын л адил инээхдээ инээж, уурлахдаа уурлаж, уйлахдаа уйлдаг.
Намайг манай найз нар хурдан бид нар шиг харлачихвал шумуул хазахаа болино гэв. Эднийхэний арьсыг нь шумуул даадаггүй гэнээ. Даанч тийм байхаа гаднаа ороо засчихсан унтаад л эсвэл балкон дээрээ хэвтэж байдаг юм. Би гэртээ бүгж зугтсаар овоо цайрсан юм байхдаа. Гэгээнээ хэлэхдээ тэдний арьсыг голоод шумуул иддэггүй гэж итгэл үнэмшилтэй тайлбарлана.
Энд ирэхээсээ өмнө би ирээдүйн өргөөгөө барих хашаагаа барин гадаа байсаар тас харласан юм. Нүдний шилээ авбал Хар нүүрэн дээр цагаан нүдний шил л зүүчихсэн мэт байлаа. Тэгээд энд буугаад эндхийн хүмүүсийг харан баясаж Би ч эдний дэргэд хун цагаан юм биш үү хэмээн бодож байв. Ирээд эхний хэд хоног буудалд байсан бөгөөд биднийг хүн суран Монгол гэж асуухад Буудлынхан мэдэхгүй байхгүй гээд явуулжээ. Тэр дахин ирж байж биднийг олон буудлынханг зэмлэхэд Өө бид эднийг манай улсын иргэн Хятад хүнтэй суугаад нэг хүүхэд гаргажээ гэж бодсон гэнээ. Ингээд л Хун цагаахан би гэж өөрийгөө өргөмжлөөд байсан би энд ямар хар ирснээ мэдсэн юм. За би ч яахавдээ. Гэтэл манай нөхрийг хятад гээд байхдаа яахав дээ. Элгээ хөштөл инээв. Тэр баруун зүгийн казак мазакархуу ч юм уу лав л хятадаас шал өөр юмдаг.
Биднийг ирсэн өдөр л үдээс хойш нь ажилдаа ор хэмээн шавдуулж Нөхрийг маань 2 цагт ирж авна гээд явлаа. Гэтэл яагаа ч үгүй ирээд аваад явав. Маргааш нь бас л давтагдав. Эд нар чинь ямар гажиг хүмүүс вэ? бүтэн цагийн өмнө ирдэг хэмээн зад шүүмжилтэл бид цагийн зөрөөгөө өөрсдөө таг мартсан байжээ.
Нэг удаа нөхөр маань Австралид  хуралд явчихаад бөөн сонинтой ирэв.  Тэр унтаад сэртэл цаг нь 6 өнгөрч байж. Тэгээд хожигдох нь хэмээн яараад гарч явтал хүмүүс гадаа пиво уусан шиг жигтэйхэн тайван налгар байна гэнэ. Ямар хачин газар вэ Хар өглөөгүүр пиво уугаад сууж байдаг гэсээр хурлын газраа очтол Маргааш өглөө 7. 30 гэж байжээ. Харин тэр унтаад босохдоо өглөө болчихож гээд гараад гүйсэн байжээ.
Тэр бас Америкт байхдаа надтай мессэнжерээр харьцан чухам өглөөн цайндаа өндөг идэх гэж байгаагаа бичив. Тэгснээ шал балай юм буудчихлаа гэлээ. Түүхий өндгөө Пичэнд тэр чигт нь халаагаад дэлбэрчээ. Цайгүй явах нь гэж би санаа зовоод өндөгнийхээ хүүрийг нь түүж цуглуулаад ч гэсэн идээд яваач гэтэл хүүр байтугай үртэс ч алга гэж хариу ирэв.
Мөн Японд байхдаа анх удаагаа газар хөдлөлтийг яаж мэдсэн тухайгаа надад сонирхуулав. Тэр орон дээрээ хэвтэж байтал орийг нь хүн түлхээд байх шиг болжээ. Хэн бэ? гэж хашгиртал хариу байхгүй гэхдээ л бас түлхэж гэнэ. Ингээд тэр гутлаа барьж байгаад л орны бүтээлгээ эвтэйхэн сөхөж үзтэл юу ч байхгүй байсан бөгөөд эвгүй оргин үстэй толгойгоо мэдэрснээ хэлсэн юмдаг. Тэгтэл газар хөдөлсөн байжээ.
Мөн манайд Хотын Гүйцэтгэх захиргааны нэгэн ажилтан эмэгтэй Японд мэрэгжил дээшлүүлж байхдаа айлчилсан юм. Тэр буудалд хоножээ. Гэтэл хар өглөөгүүр ор нь хөдөлж сэгсчээд Тэр айсандаа боссон гэнэ. Тэгээд маш олон юм боджээ. Хамгийн инээдтэй нь тэр маш хөгжилтэй онош тавьсан байдаг. Намайг унтаад байхаар бос гэж ор нь хөдөлжээ. Удаан унтаж болдоггүй юм байна хэмээн бодоод түүнээс хойш тэр цаг болохоос нь өмнө шалавхан орноосоо боссоор байсан тухайгаа ярьсан юм. Дуран мурангаар хардаг юм байхдаа хэмээн бодож маш тухгүй буудалд зовж байснаа дурсав. Тэгээд манайд ирээд газар хөдөлдөг тухай сонсоод учрыг нь ойлгон бид үхтлээ инээлдэж байсан.
Польшид маш адал явдалтай нэг эгчийн тухай хамаатан нь яриад бид нар дандаа шоолдог байж билээ. Тэр эгч  Польшд байхдаа байсан айлынхаа хогийг асгахаар гадаа гарчээ. Гэрийн хувцастай, тавчиктай, хогийн савтай тэрээр эргээд орох гэтэл бүгд ижилхэн байшин, орцууд байна гэнэ. Бүгд орц нь кодоор онгойдог. Тэгээд тэр өөрийгөө хаанаас гарч ирснээ мэдэхээ байчихаад нилээн гадаа зогсчээ. Сүүлдээ гадаа явсан хүнээс Где Я Живу гэж асуужээ. Тэр хүн нь гайхснаа инээгээд Чамтай төстэй хүмүүс энэ орцны энэ хавиас гарч ирдэг хэмээн зааж өгч гэрт нь оруулсан байдаг. Польшууд орос хэл мэддэг тулдаа, Манай эгч бас орсоор яриад л гэрээ олчихсон байгаа биз дээ. Орос хэл юутай хэрэгтэй.
Манай нөхөр ер нь маш адал явдалтай сонин хүн. Охин маань ч бас тийм. Тэр хоёрын адал явдлыг сонсон толгой сэгсэрсээр манай амьдрал өрнөдөг байсан бөгөөд харин Буурал Дээдсүүдийг бууснаас хойш тэднийг сонирхоод тэр хоёрыг сонирхохоо больжээ.
Дээр үед нөхөр маань сууж байтал нүдэнд оймс нь маш танил харагдав. Яг миний  маш дуртай хайрладаг оймсны өнгө харагдан Хөөх чи хаанаас ийм оймс олоов. Надад бас бий гээд өмдийг  нь сөхөөд үзтэл шилбэ гарч ирдэггүй. Юу вэ энэ чинь гэж би хашгираад дээшлүүлтэл гуя нь ч гарч ирдэггүй. Харин нөхөр маань маш баясгалантай инээн би оймсоо олоогүй юм чинь тэгээд энэ оймсыг олж өмстөл сунаад л байсан сунаад л байсан яасан ч урт юм гэж билээ. Юу гэж байгаан одоохон тайл чи. Эмэгтэй хүний гуяны оймс гэдгийн энийг чинь, юуны чинь яасан ч их сунадаг юм гэж хэлэв. Миний өөрөөсөө хүртэл харамладаг жоорны оймсыг минь өмсчихөж гээд би орилж билээ. Тэр үед юм ховор байсан үеийг хэлэх үү. Шинээр нь хачин юм болгоод хаячихсан байж билээ.
Бас нэг удаа өвөл нөхөр маань чухам л диван дээрээ хөлөө солбин тухтай нь аргагүй хэвтэж байв. Гэтэл түүний хөл нэг л биш ээ. Миссийн хөл аятай харагдав. Хөөш чи чинь юу гээч өмсөө вэ гэтэл Чи намайг өмс гээд л авч өгөө биз дээ гэв. Би гайхан юмаа уудалтал түүнд авсан дотуур өмд маань байж байв. Өнгө нь ижил ч нэг л өөр. Харин мань хүн трико өмсчихсөн хэвтэж байв. Охин маань орилоод явчихлаа. Энэ аавыг дээ. Би трикогоо олохоо байгаад гайхаад байсан юм. Өчигдөр оллоо гэсэн чинь нөөх том өвдөг, бас урдаа суначихсан хэлбэр галбиргүй юм байхаар нь бүр гайхаад ээжийнх юм байхдаа гэж бодоод өөрийнхийгөө хайгаад л байлаа гэв. Нөхөр маань инээнгээ даанч тийм байхаа их бариад байсан юм. Чамайг хэт жижигхэн размер авчээ. Нөхрийнхөө размерийг мартаж дээ гэж бодлоо гэв. Юу вэ наадах чинь ТРИКО байгаа биз дээ. Урдуураа оймстой гэхэд Яахав дээ чамайг авч өгөөд өмс гэхээр чинь ийм эрэгтэй хүний юм гарч дээ л гэж бодохгүй юу. Тэгэхдээ барихгүй бол дулаахан эвтэйхэн, олон юм өмсөхгүй амар юм байна гэж билээ.
Тэгээд намайг хаашаа янзын хачин сонин амьтан бэ хэмээн загнахад: Миний юмыг яг бэлдээд нүдэнд ил, гарт бариулж л өгөхгүй бол өмсөөд яваад байна гэж мэдээрэй хэмээн сануулсан юмдаг.
Нэг удаа би бүтэн сайн өдөр өглөө эрт найзтайгаа уулзахаар гэрээсээ гарлаа. Уулзчихаад сүү аваад орж цай чаная хэмээн хүнсний зах руу орохоор зам гарахаар зогсов. Гэтэл зам гараад чанх өөдөөс үнэхээрийн танил хүн гараад ирэв. Би Сайн байна уу гэтэл Сайн гэлээ. Маш танил дуу??? Тэгээд гэнэт сэхээ аваад хартал миний нөхөр сүү аваад харьж явдаг замдаа бид таарчээ. Чи чинь ямар хачин юм бэ? Намайг гарахад гэртээ унтаж байсан биз дээ. Гэнэт гарч ирээд Мэндлүүллээ хэмээн бид баахан инээлдэв. Хаа харлаа гэж бодлоо чамайг гэв би. За гэх мэтээр бичээд байвал дуусахгүй биз. Танайх ёстой сонин дандаа хачин юмс болж байдаг сонин айл шүү гээд бидний онигоог мэддэг хүмүүс гайхдаг байж билээ.
Бас нэг удаа яаралтай юм болон би түүнийг дуудах гэтэл нэрийг нь таг мартаад гацаж байсан юмдаг.
Энэ олон жил жаргал зовлон ээлжлэн, сайдаж муудаж олон хаврыг өнгөрөөж дээ. Дэндүү дураараа ааштай, голж шилж өссөн намайг нөхөр маань чадах хирээрээ л хүмүүжүүлжээ. Бидний сонирхол, өссөн орчин, ааш зан, дуртай дургүй юмс маань тэс өөрч  бид биенийгээ хэнээс ч илүү мэддэг болсон нь гайхмаар. Бид хоёрыг яагаад суулгасан тухай түүх бас их сонирхол татмаар. Бүгдийг Дээдсүүд маань хийсэн байдаг. Энэ тухай би номондоо бичсэн байгаа.
Ном гэснээс найз нар маань миний номыг хэвлэж өгөн үнэгүй тараана гэж байсансан. Тухайн үедээ маш их баярласан ч одоо бодохоор түүнд маш их түвэг удсан юм шиг санагдаад санаа зовоод байна. Заавал түүний төлөө хичээгээд хэрэггүй шүү. Энэ номонд Хааны эргэн ирлээ гэдэг айлтгалыг нь өөрт болсон үйл явдалтай холбон өгүүлбэр болгоныг нь тайлбарласан юм. Учиргүй юм гэж нэг ч үгүй бөгөөд Хаан зүгээр л толгойдоо орсон айлтгалаа бичээгүйг энэ ном нотлоно. Үүнийг би уг нь интернэт хэрэглэдэггүй хүмүүст зориулсан юм. Гэвч найз нарыгаа дэмий их ажилд хутгачих вуу даа гэж харамсах боллоо. Бас би тэднийгээ шатаах нь байна хэмээн их санаа зовнилоо. Би наашаа явах гээд сандарч байхдаа ер энэ тухай бодсонгүй. Яагаад надад үнэгүй тараана гэж хэлсэн юм бол. Энэ бол буруу. Би та нарын төлөө юу ч хийж амжаагүй байхад, ийм юм хийж яаж болох вэ? Надад майлдэж хаягаа явуулаарай. Би энд дэвтэрээ орхиод ирсэн учраас холбоо барьж чадахгүй байгаа шүү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.