Thursday, September 8, 2011

БОРОО??? борооны дууны тухай

Борооны дуслууд

Борооноос өмнө байшин харагдана

Аадар ирж байна


Бороонд байшин алга болно. Ийм харанхуй бороонд Дөрвөн цагийн тал дууллаа Аянга.
 






Өнөөдөр Хаан бид хэд шавиагаа ханатал гадаа суулаа. Учир нь энд аймшигт бороо орж харанхуйлсан тул бүх шумуул гэртээ орж бид баярлан гадаа суулаа. Эндэх борооны онцлогийг зураг дээр харна бизээ. Бүхэл бүтэн тав, зургаан давхар байшин борооны дуслан хөшигт алга болж байв. Өдөржин орсон болохоор их сайхан байлаа. Хүмүүс ч даараад гэртээ оржээ. Харин миний хөлс асгараад л тухлав.

Өмнө нь эндхийн хүмүүс гадаа сууж, би цонхоороо хааяа нэг шагайна. Тэдэн шиг сайхан суух юмсаан гэж боддог ч шумуулны аюулаас урьдчилан сэргийлж гарахгүй. Гэртээ суусаар цагаан болчихжээ. Эндхийн шумуулнууд их эх оронч, үндэсхэрхэг үзэлтэй өөрсдийнхнийгөө хазахгүй, дан гадаадуудын бүлээн цусыг сорж амьдарна. Япон, Солонгос, Монголоос авахуулаад өчнөөн Азиуд, цагаан арьстай өөр зөндөө орны хүмүүс бий. Гэхдээ тэднийг яадаг юм бүү мэд.
Манай баруун талын хөршийнхөн Лалын шашинт учраас өдөр дуу нь яваад л байдаг. Бас дуулалдаад л залбирлаа хийдэг.
Харин би өнөөдөр ЭП авлааш дээ. Та төсөөлдөө эргэн тойрон нь харагдахгүй болтлоо хувингаар цутгах бороон дунд тагтан дээрээ гарчихсаан:
... Янагийн Сайхан нүд шиг
    Яргуй нүдлэн мишээсэнээс эхлээд л ....
  ... Эзэн биднийг сэтгэлийг
      Эргэн эргэн баясгасан
      Дөрвөн цагийн тал минь
      Дөрвөн цагтаа сайхнаа гээд л дуулахыг минь боддоо хэхэхэ.
Манай хөршийнхөн цонхоороо хараад гайхсан байхдаа энэ Монгол чинь өнөөдөр галзуурчихаж, асгарах бороонд дуу дуулаад байдаг. Яасан урт дуу вэ? Борооны тухай дуу юм байхдаа гэж бодох байхдаа. Нэг нь инээчихсэн даллаж л байна лээ. Үгийг нь орчуулж өгвөл ойлгохгүй нь тодорхой. Яагаад гэвэл энд ердөө хоёрхон улирал байдаг. Зун, Өвөл. Гэтэл эдний өвөлд нь бид хөлс асгарна. Гэгээн үргэлж цээж нүцгэн явах тул маш их гайхдаг. Монголчууд бүгд ийм байдаг юм уу? Манай хүүхдүүд ханиад хүрээд хатгаа авдаг өвөл болохоор гэнэ. Үнэхээр ч тэд нь нус нь гоожоод ханиад хүрдэг юм байна лээ. Өөрсдөө ч бас ханиад хүрнэ.
Манайд өвөл хасах 30, 40 гэхэд сонсоод л шууд хөлдөх дөхнө. Юуууууу? Гар, хөлөө яаж хөдөлгөнө гэж, тасраад унана гээд л. Мангар юм уу үстэй хувцас өмсөнө гэлтэй биш. Бид амьд, хөл гар тасраагүй байгаа биз дээ гэхээр Ааан танай хүүхэд нүцгэн явдаг нь аргагүй юм байна гэнэ. Бурханы авралаар бид энд дулаан газар төржээ хэмээн талархана.
Хэд дуулж дуусаад нулимс минь унав. Нутгаа санаж байгаа бололтой. Тэгээд бодлоо: Энэтхэг дуу  ихэнхи ая нь чичигнээд, ооооо гээд л үргэлжлээд байдаг. Энэ бороонуудаас болоод дуурайгаад тэгж уйлж байгаа юм шиг дуулсаар ийм болчихсон юм уу бүү мэд ээ. Дуу хуур хүртэл амьдралтай нь холбоотойгоор гардаг байх нь.
Манай Монголын тал нутагт Уртын дуу яг л таардаг.  Энэтхэг дууг тэнд дуулахаар бодтол Монголын талд тасалдаж, чичигнэх юм алга байлаа. За яахав зэрэглээг нь чичрүүллээ гэхэд тэр чинь доошоо уйлж байгаа биш, хажуу тийшээ санжигнан чичирдэг биз дээ. Тэр чичиргээг нь хүртэл Уртын дуунд оруулсан байдаг. Уйлж байгаа биш инээж, баясаж байгаа юм шиг чичирдэг биз дээ.
 Хэхэхэ урлагын мэрэгжилтэнгүүд уншвал хөх инээд нь хүрэх байхдаа. Урлаг, соёл мэдэхгүй гээд. Хэхэхэ. Би нэг иймэрхүү хэмжээний л мэрэгжилтэн байна даа. Яагаад ч юм би өнөөдөр дуулж байхдаа гаднах байгаль орчингоо дуугаар нь төсөөлөхөд үнэн инээдтэй байлаа. Би хичнээн үгээ бодон Монгол Дөрвөн цагийн Тал дуугаа дуулсан ч эцэст нь бас бороо шиг уйлсан юм. Миний дуулж байгаа сэтгэл үг маань энэ газрын улирал, цаг агаартай зохицохгүй байгаа юм чинь яахын???
Японд нэг нэвтрүүлэг үзэж байхдаа далайн усан дээр амьдардаг нэг орны тухай үзэж байсан юм. Тэнд эргэн тойрон, доор нь далай. Ганц дээд тал нь хуурай Тэнгэр. Хэрэв тэнд бороо орвол дөрвөн тал нь ус болно гэсэн үг. Тэгснээ тэнд урт дэрснээс өөр ургамал алга. Хүүхдүүд нь сургуульд явах гэх мэт бүх юм нь завиар явна. Дэлгүүр нь хүртэл завьтай. Усан дээгүүр машин унаад, мориор явалтай биш. Тэдний амьдралыг би ёстой гайхан үзсэн билээ. Гэтэл сүүлдээ тэд дуу дуулцгаав. Аав нь завиа урт модоор залуурдан ард нь бага хүү нь сургуульдаа явж байлаа. Аавын сэтгэл маш сайхан байгаа бололтой дуулав.
Гэтэл би одоо тэр дууны үгийг маш сайн ойлгож мэдэрч байна. Тэр дуунд .... Дэрс минь дэрс минь хамгаас үзэсгэлэнтэй сайхан дэрс минь гээд л дуулсан юмдаг. Одоо бодоод байхад тэнд дээр нь Тэнгэр, нар сар, од, үүл. Доор нь далай нил ус. Эргэн тойрон далайн ус. Ургаж харагдсан байгаль нь дэрс байсан юм. Тийм газар өсөж, төрсөн хүн тэднийгээ дуулахгүй яахав дээ. Дуу бол амьдрал юм байна. Амьдралыг дүрсэлсэн ая юм байна.  Халхын сайхан орондоо хамаг бүхэн л байдаг болохоор би ер анзаараагүй явжээ. Байсан л юм. Байдаг л зүйл. Байсаар л байх болно гэж боддог байх нь. За нэг өдөр минь асгарах бороотой холбоотой өнгөрлөө. Та бүхэн ч төсөөлөөд бодоод үзээрэй.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.