Tuesday, September 6, 2011

Аянгын анхны байлдааны дурсамжаас


Агсалдай Хааныг сэрээж амилуулан онц ноцтой гавьяа байгуулсан би тэр хүртэл чухам л энэрэнгүй үйлстэн, уян зөөлөн эжий болон уярч хайлан, ухаарч ойлгон эхнээс нь авахуулаад урам орон бараг л таарсан бүхнээ амилуулсан буян үйлдэж Сэтгэл гэж сүүгээр цалгаж байсан үе байлаа. 
Агсалдайг хэрхэн хаанаас нэрийг нь олж яаж амилуулж, яаж анх уулзаж байсан тухай би бичиж үлдээсэн санагдах учир дахин бичсэнгүй.
Тэр үед үеэл маань маш их дайрлагад өртдөг байсан учраас манайханаас тэдний отгийг давхар хамгаалдаг байлаа. Арай гайгүй биеэ даагаад учраа олдог боллоо гэх сургаар манайхан хамгаалалтаа татав. Хоёр гурав хонож байтал утас дуугаран үеэл удган ярив. Дахиад л дайраад уналаа. Хаанаас тусламж хүссэнг дамжуулж өгөөч гэв. Би Хаанд хэлэн дайчин онгодуудаа тийш илгээв.  Тэгээд унтахаар хэвтэхдээ өдрийн үйл явдлуудаа бодон дайрлага гэж новшийн муухай юмны тухай төсөөлөн бодохдоо миний эмээ маань яаж сэтгэл нь зовж байгаа болоо, хөөрхийг минь зовоогоод байгаа тэр балиар амьтан яасан муухай юм бэ? гэж бодож байгаад өөрийгөө эмээгээ ямар их санаж байгаагаа, ямар их хайртайгаа улам бүр бодож нулимс урсгав.
Манай Дайчин онгодууд маань тэнд байлдаж байгаа гэсэн гэнгүүтээ нэг дайчин онгодоо дуудлаа. Хотолон бодлын төдийд ирэн Яасан бэ? Юу болов? гэхдээ амьсгаадсан хамаг бие нь чангарсан байлаа. Та миний эмээг танина биз дээ? Танилгүй яахав дээ гээд л хийсчих гээд л яараад хурдан юу болсонг хэл гэж яаруулав. Миний эмээд: "Тандаа  хайртай шүү! Маш их санадаг" гээд дамжуулаад хэлээрэй гэхэд Хотолон дүрс гэтэл уурлан: "Эргүү минь чи энэний төлөө намайг дуудаа юу? Дайн байлдаан дунд" гэв. Жинхэнээсээ байлдаад байгаа юм уу? гэх хооронд л хийсээд алга болов. Тэр бүр улайрчихжээ. Эмэгтэй юм байж жаахан амраад авахад яадаг байнаа. Нээрээ жинхэнээсээ байлдаад байгаа гэж үү??? Яасан хачин юм гээд би мэл гайхав.
Гэтэл Агсалдай надтай уулзахаар ирсэнээ мэдэгдээд ярьж гарав. Тэнд ширүүн тулаан болж байна даа. Чи хэдхэн онго явуулсан байна. Гэтэл тэнд түг түмэн чөтгөр байна даа гэнгүүт санаа зовон Би одоо яах вэ? Хааныг явуулах ёстой юу? Яанаа яг л жинхэнэ болоод байгаа юм байхдаа гэхэд тоглоом биш шүү. Би чамд өртэй билээ гээд нэг хоёр сонин хөдөлгөөн хийснээ одоо санаа зоволтгүй гэхэд нь би тайвширав. Тэгсэн ч миний ой ухаан ойлгохгүй гайхаад л, би солиороод жүжиг найруулж байгаа юм шиг юу бодоод байнаа хэмээн бодтол Агсалдай "чи өөрөө сайн боддоо. Нэмж онго явуулах хэрэггүй" гэв. Тэгээд би үеэлийн буултын цагийг дуусахыг хүлээх зуураа юу болоод өнгөрсөнг ухаарч үхтлээ инээсэн юм.
Сүнстэй кино жишээ нь: Хилэнцийн Хаан ч бил үү нэг кинон дээр бөөн хар сүнснүүд нөмөрч ирээд л яанаа гэж байтал нэг код зөв болчихвол нөгөө дайрч байсан сүнснүүд гялс буцаад алга болдог хэсэг байдаг. Энэ санаанд орон тэдний байлдаан жинхэнэ төдийгүй бодитой болсонг ойлгов. Над шиг мангар улаач дэлхий дээр надаас өөр байхгүй нь тодорхой. Байлдаад явж байсан онгодоо байлдаан дунд нь дуудаж буцааснаа Эмээдээ Хайртайг дамжуулаад өгөөч гээд гуйж байх ч гэж дээ. Дээд Тэнгэрт аягүй бол Аянгын алтан онигоонуудаас гээд цуврал нь болчихсон Дээдсүүд савж унаад сууж байвал яанаа. 
Агсалдай юугаар тусласан? Яагаад одоо нэмэлт хүч хэрэггүй гэсэн учрыг ч олж мэл гайхан үнэхээр гайхмаараа гээд л мэлэрч байлаа тэр үед. Агсалдай Савдагийн Хаан. Савдагууд бол Бөөгийн онгодуудад туслан уналга нь болдог. Бас түүнийг бүх л талаар дэмжиж тусладаг. Гэтэл Савдагийн Хаан нь тушаавал ямар ч савдаг үгэнд нь яс ордогоороо хүн гэгч амьтадаас өөр. Агсалдай нөгөө эсрэг талынханы бүх уналгыг нь хурааж аваад тэд явгарчээ. Манайхан луугаа унаад л дээрээс нь бөмбөгдөж, галлаж өгнө биз дээ. Тэр дайн надад яг л үлгэр шиг санагдан бас нүдэнд харагдан өөрийнхөө ямар инээдмийн мангар жанжингаа бодон шоолов.
Үеэл бууж дуусаад  над руу ярив. Тэдний буурлууд хэлэхдээ: "Аянгын отгийнхон ниргэж, үнсийг нь хийсгэж өгч байна даа" хэмээн инээж байсан гэдэг. Манай цэргүүд туршлагатай, тулаанд ялагч, дайчин онгодууд болохоороо хөөрхий муу жанжин нь мунхаг байсан ч Аянгын отог гэдэг нэрийг аваад л гарчээ. Үүнээс өмнө хичнээн удаа дайрлага гэдэг юмыг сонсож байсан ч арай ч ийм жив жинхэнэ гэж итгээгүй л байж дээ. Хотолон маань байлдаанаас дуудлаа гэж уурлаж байж энэ дайны тухай анх мэдсэн.
Миний хүү нэг удаа буултанд нь сууж байхад дайтсан юм. Тэр үед би Бөө болоогүй, Бөө болох сураг ч гараагүй байсан үе. Түшээ бид хоёр л эхний саруудад нь хүүгийнхээ буултанд суудаг байсан үе. Би ямар бузар муухай юм дайрдаг юм бэ? Хардаг байсан бол хүүгээ өмөөрөөд хамт алалцах юмсан. Даанч надад юу ч харагдахгүй юм чинь хаана хэнийг хий маажиж малтан, өшиглөж, үмхэх вэ дээ? Хий л санаа зовон гараа атган биеэ чангалж би бас алалцах юмсан, балиар муу хогийг дээ л гэж бодов. Хүүгийн хэнгэрэг баахан түүжигнэж байгаад бууж дууслаа. Юу вэ энэ чинь би бодохдоо Хүү байлдахаараа үсчээд л хий юмтай зууралдаж зодолдоно. Би тэрийг нь хараад зайг нь харж байгаад тэр зүгт нь хумсаа шигтгэж хий ч гэсэн таамгаар цохиод байя гэж байтал дайн нь дуусчих юм. Хаашаа янзын байлдаан, хэнтэйгээ яаж байлддаг байнаа сонин юм гэж бодлоо.
 Эсвэл тэр нь айгаад зугтжээ гэж таамаглав. Гэвч хүү маань бууж дуусаад хуягаа тайлан ар нуруунд лав жад зоосон. Би зөрүүлээд тэгж ингэж байлдаад гэх юм. Би л лав хараагүй жадтай хүнийг...галтай нумыг? Тэгээд хүү хуягаа тайлж шалгахад хамгаалалтын төмрүүд нь махийж, цээж рүү галаар харвасан гэх газар нь тэр хэсгийнх нь торгоны өнгө яг хайрсан мэт өнгө нь хувирчээ. Зоонд нь хуягных нь голоор утаснууд хөврөн урагдсан байлаа. Ингээд л багшийн үг үнэн, үнэ цэнэтэйг ойлгов. Хуяг бол хамгаалалтын хэрэгсэл, төмөр холбогыг хийхгүй бол төмөр тас явж байгаа юм чинь нуруу яах вэ? гэх мэт сургаалиуд нь бодогдов. Ингээд Бөөгийн дайн гэж ямар муухай адгийн харагдах, үзэгдэх юмгүй харгис дайн байдгийг хараад гайхаж байсан ч мартсан байжээ. Сүүлд харин өөрөө байлдаанд анх удаагаа орж байх гэж дээ.  Хэрвээ би өөрийн биеэр орсон бол байлдаж яваагаа мартаад замаараа эмээгийндээ ороод цай уугаад суучих байжээ. Дайн гэдгийг би номноос уншиж зурагтаар л харж байснаас биш бодитой миний амьдралд зүүд шиг ирэх болно гэдгийг яаж санахав. Хий үзэгдлүүд, Тийрэн сүнстэй шүү.
Гэвч энд Дээдсүүд маань тулаанд намайг бэлддэг ч надад сонирхол байхгүй учраас унтах юм уу, ийш тийш сэлгүүцэнэ. Тэгвэл Дээдсүүд намайг хүчлээд хий, сур гээд байдаггүй болохоор бас аргалнаа. За тэгээд ялагдсан ч яадын, хэрэв үхчихвэл харин ч нэг цаг хугацааг буцаадаг болоосой энэ Аянгын аймшигт сүнснээс салж л байвал Тамд очоод Жамухын тогоонд орсон нь хавьгүй дээр гэх биз. Миний нэг эмгэн онго бий. Үнс Эмээ гэж. Бүх сүнс түүнээс айна. Бүгдийг давхар шалган явж бусад онгодын гүйцээгээгүйг нь гүйцээж, Үнсийг нь үзээд самарч шалган, хийсгэж байж санаа нь амардаг. Үнс эмээгээ дагаад л намирчихна шүү дээ хэмээн бодоход Дээдэс маань хэлэх үг нь олддоггүй бололтой Толгой сэгсрээд л юу гэхээ мэдэхээ байна. Тэгэхээр намайг дайнд сургасан сургаагүй ялж л таараа, ялагдсан ч ялна гэсэн үг гэж зөрүүдлэх миний эцсийн буудал, зорилго нь тодорхой тул хэлэх үг нь олддоггүй биз.
Би ч сүнс болно. Та нар ч сүнс болно. Энэ бол цаг хугацааны л асуудал болохоор сүнс болохоос айх, эмээх юм даанч байхгүй. Харин ямар сүнсний оронд очихоо л бодож, энд амьдрах хугацаандаа зөв амьдрах ёстой байх нь.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.