Ухаарах гэгээрэх тусам Тэнгэр чамд шиднээсээ хайрладаг. Өөрийнхөө заслын утга учир холбогдол, хор нөлөө, яаж хийх ёстойг мэдэхгүй сурахгүйгээр тэр нь төгс болдоггүй. Яг миний анхны байлдааны онигоо шиг юм болно. Бас би Сонорыг яалаа даа түүн шиг юм болно. Мөн хүмүүст бас тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Тэр хүнийг ер нь өөрийг нь өөрчлөхгүйгээр хичнээн засал хийгээд ч нэмэр бага. Архидаж яваад л Дэв дагуулаад өвдөөд үхэнгээ алдана. Тэрнийг нь засаад өгнөө хэдэн долоо хоног гайгүй байснаа эргээд л өөр нэг албин дагуулаад ирнэ. Яавал зохилтой вэ? Хичнээн удаа хөөж өгч хичнээн удаа шинэ тийрэн дагуулж ирэхэв дээ. Хувь хүн өөрөө бас хичээвэл, ойлговол яасан юм бэ? Би ийм хүмүүст хамгаалалт сахиус хийж өгөх дургүй. Тэд чинь амьтай байдаг. Тэднийг зовоох хэрэг юу байна. Засрах сэтгэлтэй хүнд бол хамгаалалт хийж өгч болноо.
Зарим эмэгтэйчүүд бүр арай хэтэрхий. Бараг л би хэдэн цагт хаашаа харж хэнтэй унтвал дээр вэ гэх нь холгүй. Хэн мэддийн, хэнтэйгээ хаашаа харж, яаж унтах нь над болон миний онгодод ямар падлий байнаа. Би ийм юм онгодуудаасаа асуухаас ичдэг. Намайг төдөн залуу эргүүлээд байна би алинтай нь суух вэ гэх юм. Иймэрхүү юм асуувал би өмнөөс нь өөрсдийн зайран бас онгодуудаасаа ичдэг. Тэд чинь амьтай. Тэдний үед эрчүүд олон эхнэр авч байснаас биш одооны охид шиг эмэгтэй нь олон залуу авч байсангүй.
Аянга ямар тэдэнтэй амьдарч насыг барах биш, суух хүнээ өөрөө сонгосон нь дээр биз дээ. Төдөн гэх тэр олон дотор ядахдаа өөрөө дургүйнүүдээ хасчихаад хоёрыг сонгоод асуухад яадаг байнаа. Төдөн гэх тэр олон юмны жил ус, нэрээр хөөж мэдэрч цаг алдаж байх хэрэг над ер байхгүй. Хайраар хүнтэй суудаг болохоос тоогоор хүнтэй суудаг биш дээ. Бүр болохгүй бол бөх барилдуулж, эрийн гурав хийлгэж болно шүү дээ. Энгийнээс энгийн өөрийн ёс зүйгээр ухамсраар шийдэх, сэтгэл зүрхээ чагнаад шийдэх, үгүй ядахдаа хоёрхон болгочихвол зүгээрсэн. Зүрх хоёр хүнд дурлаж болох ч төдөн хүнд яаж хуваагдаж салбайх юм бэ?
Хүн сэтгэл, зүрх хоёроо захирч сурах хэрэгтэй биз дээ. Зарим нь би түүнд хайртай түүнийг надынх болгоод аль гэж гуйж гувшиж, уйлж унжина. Хүний сэтгэлийг урвуулах гэсэн ийм юмыг Бөө хүн хийх ёсгүй. Яахав гүйдэлтэй болоод жороолоод байгаа эр эм, авгай нөхөр хоёрыг бол хөлийг нь тушиж болох ч хүний хүнийг булааж авах, хувь хүний сэтгэлийг засал, домоор урвуулах нь хориотой.
Эр хүн өөрөө яагаад эр хүний арван гурван мэх хийж, эм нь эм хүний гучин гурван мэхээ хийгээд өөрсдөө авч болдоггүй юм бэ? Тэгээд ч дийлэхгүй байвал тэр чинийх биш гэсэн үг. Тэгтэл Бөө, ламаар яваад ганц чихэр гулгуулчих санаатай үзээд байх нь утга учиргүй хэрэг. Иймээс Бөө, ламаар зөв явдалд чинь саад болоод байгаа юмаа л засуулахаас буруу явдалд чинь дэм болох заслыг шаардах ёсгүйг анхаарна уу!!!
Мөн засуулахдаа чин сэтгэлээсээ сүсэглэж чадахгүй бол түүнийг Онгод биелүүлэх алба байдаггүй. Онгод гэж амьтай. Сонсдог, хардаг учраас гэрт нь очоод заслыг нь хийж байтал нөгөө хүн маань муулах, итгэхгүй байх, хий гэсэн юмыг нь ор нэр төдий хийх, эсвэл харам сэтгэл өвөрлөвөл тэд гомддог. Гэхдээ яахав ам гарсан бол хийхээ хийнээ.
Бас өнөөдөр нэгээр нь заслаа хийлгэчээд хэдхэн хоноод өөр бөөгөөр заслаа хийлгэх. Энэ бол жинхэнэ бүтэхгүй дээ. Онгодууд бол амьтай. Хоёр өөр отгийн онгодууд гэрт чинь ажлаа хийхээр очоод мөргөлдөнө гэсэн үг. Над итгээгүй бол энэ нь өөрөө хийг гээд хаяад явчихдаг. Иймээс анхнаасаа хэнээр ямар зорилготой засал ном хийлгэхээ, асуух зүйлээ маш зөв төлөвлөж очих ёстой. Мөн зөв асууж, зөв тайлбарлахгүй бол Онгод гэдэг амьтай, дураараа байдаг. Яагаад би дахин дахин Онгод амьтай гээд байна вэ? Тэр заслыг чинь Онгод очиж хийдэг юм.
Ламын засал тэрхэн хэсэг зуурыг л засдаг бол Бөөгийн засал бүх л үйлийн үр, урдах замыг нь засах нүсэр ажил шаарддаг. Би бол тэр айл руу онгодоо явуулахдаа миний онгодуудыг тэр айлд тухтай байлгаад заасан хоног хугацаанд нь уух, идэх юмаар нь хангалуун байлгаад явуулахыг хүсдэг.
Чингис хааныг очоод засал хийдэг гэж бодвоо. Хэзээ ч Хаан ийм юм өөрөө хийхгүй. Хаан хүнд хэцүү чөтгөр шуламтай байлдах, онц шаардлагатай бөө нарт очиж шүүлт, Тэнгэрийн зарлиг уншихад л өөрөө хэлээд очно уу гэхээс элдэв жижиг сажиг засалтай зууралдах ёсгүй. Хаан бууснаас хойш ганцхан удаа Тэнгэрийн зарлиг уншиж Вангийн Онгодыг яаралтай буулгахаар Ард Аюушийн отогт морилж байсан түүхтэй.
Бусад жижиг сажиг дайн тулаанд өчнөөн явах дайчин онгодууд бий. Хамгийн хүнд тулаануудад Хаан өөрөө явдаг. Төмөр хаан, Хувилай баатараас өгсүүлээд үнэн бахдалтайгаар тулаанд явах онгодууд маш олон. Биеийн чилээгээ гаргая л гээд байх нь тэр. Тэдэнд ямар айж эмээх гэж юм байх биш. Хажуугаар нь маш омог бардам.
Хаан нь ийм жижиг засал юмтай зууралдаад байвал Хаан гэж байсны хэрэг үгүй. Яахав намайг сургах үүднээс л нааш ирэхээс өмнө хийдэг байсан. Яг номондоо бол Хааны улаач хамгийн хүнд хараал, албин, дийлдэхгүй хүнд юмтай л зууралдахаас биш би хэнтэй нь суух вэ гэх хүмүүстэй зууралдах ёс байдаггүй.
Бөө болгон бас заяасан заяасан үйлээ хийх ёстой. Яагаад Монголд олон Бөө байдаг бэ? Тэд отог овог бүрийн асуудлаа өөрийн удмаас тодорсон Бөөгөөр засуулах номтой юм. Бөө маш нарийн зохион байгуулалттай байсан. Гэтэл хэсэг хугацаанд тасарснаас болоод хамаа замбараагүй болжээ.
Манай хадам буурлууд болон багшийн буурлууд хараал хийхгүй, амраг хосыг салгахгүй, биеэ тоохгүй, багшаа хүндэлнэ гэсэн ам тангарагтай байдаг. Ямар ч таарамжгүй гэр бүл байлаа гэхэд сална уу байна уу тэд л өөрсдөө шийдэхээс Буурлууд оролцох хэрэггүй. Учир нь хүүхэд өнчирч нүгэл болно гэж үздэг.
Зарим нь хэт шүтлэгтэй болон босож суухаа хүртэл асуух нь халаг болно. Энэ бол туйлын буруу. Та энэ дэлхий дээр амьдарч байгаа ХҮН. Бүх юмаа асууж Бөөгөөр шийдүүлбэл Хүн гэж байгаад яах юм бэ? Ямар Бөөгийн боол болчихсон биш. Би хадамтайгаа амьдрах уу, тусдаа байр хөлслөөд гарах уу аль нь дээр вэ гэх мэт энгийн зүйлс асууж цаг зав, хөрөнгөө үрэх хэрэг үгүй. Хүний амьдралын шалгарсан арга өөрөө тэмцэж амьдрах арга болохоос бүх зүйлээ асууж лавлаж, өөрийн ухаангүй байх нь маш муу.
Та гэгээрээд ирвэл Би гэж хэн бэ? яах гэж төрсөн, ямар үүрэг хариуцлага хүлээсэн тэр бүхнээ мэддэг болно. Үүнийгээ мэддэг хүн өөрөө өөртөө эзэн сууж чадна.
Энгийн наад захын заслыг таны өөрийн сэтгэл зүрх, ухаан, өөрөө өөрөө та засчих чадвартай. Үнэхээр хүнд асуудлаа асуух юм уу, даалтанд ерөнхийдөө орж болдог. Одоо бол тө өөрөө өөрөө засахаас гадна гадаа чинь Нар, Сар, Од гэдэг Бөөн том засаачингууд мэлтийж байгаа. Тэнгэр тэр чигтээ анхаарлаа та нарт тавьсан байгаа. Ийм бодит том хүчингүүд бэлэн эрчмүүд байхад өөртөө итгэлтэй бай. Адгийн Албингуудаас сүү уун биеэ цэвэрлэж бай. Ер нь айх тусам хар Тийрэн баярлан эзэрхдэг юм шүү! Та өөрөө өөртөө эзэн хатуу чанга, зөв сэтгэлтэй байвал Тийрэн тийрээд ч дийлэхгүй таныг. Тийрэн хамгийн их олноороо цуглан таныг отдог газар нь баар цэнгээний газар байдаг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.