Thursday, January 5, 2012

Одоо ч амьдралаас суралцсаар л...


Өнөөдөр энд далайн шуурга дэгдэн бороо шаагин ёстой янзтай сайхан байна. Гадаа сайхан сууж баяслаа.  Бид эргэн хотдоо ирсэн бөгөөд анхны байрандаа дахин амьдарч эхэллээ. Энд нэг л юм ойлгомжгүй байх юм. Сарын өмнө яваад ирэхэд бүх юм хэвээрээ тэр байтугай манай хөршийн хэцэн дээрээ тохсон нэг бандаш байж л байх юм. Тэрний резин нь сунаад далбайн бүүр муудсан саарал өнгөтөй. Миний мэдэхээр лав 4 сар гадаа хэц дээр байв. Салхинд унахаар нь аваад л буцаагаад өлгөөд тавьчихна. Өөрсдөө өмсөхгүй. Өөрсдийнх нь бол даваа гариг бүрт зарц нь  эр, эм хоёрын 14 гагаг яг л тоо ёсоор нь угааж тавьдаг. 
Нөхөр нь яг ижил цагаан подволк бас 7 той түүнийгээ өдөр бүр солино. Гэхдээ өөр хүн бол өдөр бүр нэг цагаан подволк л өмсдөг гэж бодох биз. Харин энэ саарал Бандаганд асуудал байна даа. Яагаад авдаггүй, яагаад хаядаггүй юм бөө мэдээ. Халуун наранд ч, хар салхинд ч, бороотой байсан ч байж л байна. Нэг удаа Гэгээн миний нусны алчуур гадаа унасан байгаа би авах гэсэн хүрэхгүй байна та авч өг гээд  үглээд байхаар нь харсан чинь саарал бандагыг өөрийн саарал нусны алчууртай андуурсан байв. Энэ ноён Рагийн бандага шүү дээ чи авах уу гэхэд Гэгээн ярвайн хамраа сэвэв. Сүүлдээ би энэ бандагыг шашны холбогдолтой юм болов уу гэж бодлоо. Буян дууддаг юм уу бөө мэд. Хэхэхэ. Гэвч тэд Христчингүүд шүү дээ. Яагаад тэр Мистер Гага манаач шиг байнга байх ёстойг бөө мэд. Харин өнөөдөр гэнэт арай манай нөхрийн бандага уначихаж гээд өөрсдөө аваг гээд хараад байгаа юм биш байгаа гэж бодоод инээд хүрэв. Гэтэл газарт унахаар нь сэжиг нь хүрэхгүй аваад буцаагаад өлгөчихдөг нь юуны учир вэ? Күэ мөн хачнаа.
Дайсны цэрэг охин маань ирээд хоёр хоноод л дүүтэйгээ муудалцав. Тэр ердөө өөрчлөгдөөгүй байв. Нөхөрт гараад арай гайгүй ороо л бүтээж сурсан бололтой. Хааяа нэг худлаа үнэн хогийн шүүр барьж авна. Тэгснээ өдөрт нэг нэг өрөөг л шүүрдэхгүй бол маш ядрах юм байна гэлээ. Юугаа хийж ийм том байшинд ороо вэ?  Ямар хачин урт коридор вэ? Албан байгууллага цэвэрлэж байгаа мэт санагдав хихихи гэж шоолно. Тэгснээ л сурснаараа биднийг бүгдийг нь шоолж гарав. Та яг эндхийн авгай шиг байна. Наад үс чинь яахаараа дээшээ л ургаад байдаг юм бэ? Эндхийхэнээс ялгарах юм алга. Нэг Маугли тэжээдэг авгай шиг байна хихихи гэнэ. Маугли нь шалдан гүйх Гэгээн гэнэ.
Мөн аавыгаа өдөж дуртай паатийнууд бас караокэ ярин би бас таны ордог бүх газраар орсондоо гээд л ярьж өгөв. Нэг удаа нөхөр нь Монголд шоудсан юм байхаа.  Тэр утсаар ярихдаа хаана байгаагаа мэдэхгүй байв гэнээ. Дотор нь юу байна гэхэд тийм тийм засалттай, ширээ сандалтай гэнгүүт л Охин: Ааа тэр чинь тэр газар гараад гарчигийг нь хар гэхээр нөхөр нь гарч үзээд Яг тийм байна гэдэг гэнээ. Дараа нь гараад дахин нэг газар орсныг нь бас л охин нэрийг нь хэлж өгч гэнэдээ. Аав нь бас баясаад л сонсож байх юмдаа. Аймаар юмнууд. Хөөрхий хүргэн бид хоёр таарсан амьтад, охин нөхөр хоёр маань тодорсон шоучингууд бололтой. Эцэг охин хоёр ичиж зовох юмгүй л инээд алдаад л ярьж байна гээд төсөөлдөө. Өө сайхан газар нутаг усныхаа тухай л хөөрөлдөж байгаа юм шиг баар, караокэг нэртэй зүстэй нь ярьж байвал яанам бэ. Хүргэн ч бас яахав залуу хүн гэсэндээ яваад оржээ. Би бас юунаас дутнам. Монгол явахдаа бичиж аваад явдаг юмуу яадын. Хэзээ ч засрахгүй юмнууд гэж эднийг л хэлдэг байхдаа.
Ядаж байтал NHK дээр аймаар инээдтэй нэвтрүүлэг гарчээ. Нэг баар цэнгээний газар ажиллуулдаг 85 настай эмгэн зурагтаар гарсан гэнэ. Хихихихахаха гэж инээсэн тэр галзуу эмгэн цав цагаан үстэй хирнээ аймаар цоглог байна гэнээ. Өвгөн мөвгөнүүдийг хүзүүгээр нь тэвэрч аваад л Хахаха гэж инээгээд л зурагтаар гарчээ. Түүнтэй ярилцлага хийжээ. Таны нөхөр гэж асуухад? Насбарсаан хөөрхий минь. Ямар хүн байв?  Ясаший хито датта буюу Их зөөлөн сайхан сэтгэлтэй хүн байлаа гэж гэнэ. Нөхөр тан байхдаа таны ажилд уурладаг байв уу? Данна  сан ва Итта мо Инакүтэ мо каваранай.  Хякү сай ни наттэ мо ямерарэмасэн.
Нөхөр байсан ч байгаагүй ч ялгаагүй дээ. 100 нас хүрсэн ч болихгүй гэсэн гэдэг. Манай хоёр тэр эмгэний хэлснийг японоор нь яриад л үхтлээ инээлдэн байв. Яг япон хэлээрээ хэлэхээр их инээдтэй байдаг юм. Тантай адил юм биш үү, Үгүй яг чи гээд л хоёр биенийгээ явуулан баяссан байх юм.
За тэгээд л байхгүй шүү ирснийхээ маргааш л охин маань эвдэн сүйтгэх ажилдаа оров. Давсанд минь цагаан будаа асгаж хаян би түүв, нэг аягыг минь чад хийлгэв.
Өглөө нь баахан  юм угаалаа гээд л байсан цагаан өнгөтэй юмс нь ягаахан болоод л гараад ирэв. Эндээс будаг гардаг гэж хэн мэддийн л гэв. Үдээс хойш нь талх шарагчаас талх гарахгүй байхаар нь урт халбагаар ухаад түүнийг буудуулан хамаг тогийг минь алга болгов. Хорлон сүйтгэгч хэвээрээ л байлаа.  Өөрөө бас тогонд цохиулжээ. Сандраад хоёр талх идчихлээ. Ямар ч амттай байсныг бүү мэд гэлээ.  Оросын Маша хүүхэлдэйг үзэх бүрт би охиныгоо санан үстэй толгой арзайдаг. Ер нь түүний Монгол амьд хөгшин хувилбар байж магадгүй.
Дэлгүүр орлоо анх удаагаа би нэг платье авлаа. Гэтэл охин өмсөж аваад л хэсэг зураг даруулснаа өмсөөд л хэвтчив. Тайл чи гэж чарлаж байж тайлуулав. Гэтэл өөрөө өмсөхгүй байж харамлалаа. Нэг шөнө өмсөж унтана гэв. Яагаад тэр нөхөрт гарсан байж өөрчлөгдөхгүй байнаа. Нэг шинэ юм авбал тэр өмсөж унтаж байж л санаа нь амардаг мэл гайхмаар зантай. Гэгээн л түүнд : Чи ингэж бодож байна уу үгүй тэр чинь тийм биш ингэдэг байхгүй юу гээд л зааж өгч байв. Харин нэг хоол хийсэнг нь Гэгээн идэж үзээд: Хоол гоё л хийдэг болсон байна гэв. Өмнө эгчийгээ өөртөө нохойны хоол хийж өгдөг гэж уурлаж шүүмжилдэг байсан юм.
Мөн тэр эгчийгээ залхтал нь дагаж яван сургаал хайрлав. Чи надтай адилхан цахилгаан ажиллуулж чаддаггүй юм байнаааа. Тэгэхээр бүх юман дээр ээжийг дуудаж бай.  Чи талх ч яаж идэхээ мэдэхгүй юм. Шууд варень түрхдэггүй байхгүй юу, заавал шарчаад масло түрхээд варень түрх гэх мэтээр зааж нөгөөх нь залхаад уурлан хэрүүл хийн Яваачээ чи гээд л үзэлцэж гарлаа. Нөгөөх нь Чи тэгж бодож байна уу, тэгдэггүй л байхгүй юу даа. Сонсож бай, чи цахилгаантай юманд битгий дахиж хүрээрэй.  Гэрийн юмаа дахиад авахад зөндөө мөнгө орно гээд л уурлан загнасаар араас нь одно.
Мөн түүний хамаг юмыг нь ухан үзээд хоёр гялгар том ээмгийг нь сонирхож: Би байнга ийм л юм хайгаад л яваад байсым.  Ерөөсөө энд байхгүй байгаа юм чинь. Чи Монголоос аваа юу? Би авахымсаа гээд л бодоод байсан юм. Яг л надад хэрэгтэй байгаам даа гээд л үглэсээр байж салгаж авчээ. Тэгээд надад үзүүлэн ёстой гоё байгаа биз гээд харуулав. Тэр ийм юм хайдаг байсан нь магадгүй юм. Дэлгүүрийн хананд өлгөөтэй элдэв чимэг зүүлтийг үзээд л яваад байдаг. Тэгж байгаад надад нэг Акулын шүдтэй зүүлт зааж авч өгсөн юм даа. Тэр нэг бол урд насандаа эмэгтэй байсан юм болов уу. Ээмэг, зүүлтээр яадаг юм болоо. Бөө болсноосоо хойш би хүмүүсийн ааш аягийг их анзаардаг болсон. Өмнө нь уурлаад л тэнэг мангараар нь дуудаад л үзэлцэж өгдөг байлаа шүү дээ.
 Одоо бол түүний цаана хэн байна яагаад яасан байж болохов гэж ажигладаг болсон учраас их сонин харагддаг болоод байна. Та бүхэн ч гэрийнхээ хүмүүсийн заныг тус тусад нь яг ингээд ажиглаад үзээрэй. Юун солонгос олон ангит кино тэрнээс хөгжилтэй инээдтэй байдаг юм. Хэрэв ингэж хараад байвал өмнө нь таныг галзууруулах дөхдөг зангууд нь ямар нэг амьтны араншин шиг инээдтэй харагддаг болох тул барагтай бол уур чинь хүрэхээ больдог.
Өмнө нь би муу ёрын өмхий өгөр хогууд, яахаараа ийм тэнэг байдаг байнаа. Баарны донгоо хэнд гайхуулаад байгаан ичээч дуракуудаа гээд л загнах байсан бизээ. Одоо бол түүний үндсэн Сүнсний шинж чанарыг л олж харах, хэн ямар хүн байгаав, одоо аль шатандаа үйлийн үр нь явж байна, одооных нь хир нөлөө үзүүлэх вэ, яавал зүгээр болхов, яавал эд засрахав гэх мэтийг бясалгаад хэрүүл хийхтэй манатай болжээ.
Ёооооёоёоёоёо бүр тэсэхээ болих нь нөгөөх монгол Маша бас л хумсны лак унагаад хагалчихлаа. Аймаар үнэр үнэртэв. Тосгуур шүүр барин явахаар нь чарлаж байж зогсоолоо Наалдана хөөе болохгүй цаасаар, гараа эсгэлгүй хурдан ав. Айлын шал муухай болголоо гээд л зкзкзкзк. Маша ирээгүй байхад би хичнээн амар байваа. Тэр ирээд над тусланаа гонж бөөн ажил нэмнэ гэж бүр мэдээд байсан юмаа. Уур хүрчлээ түүний тухай бичиж хайран цаг үрээд яахав.
Арай гэж тайлуулсан платийг минь бас аваад өмсчихөж түвэг зүгээр нэг өдрийн унталгын хувцас  болгон санааг нь амраахгүй бол бас бөөн юм болох нь. Энд ирээд хэдэн сар нүд хол, чих дүлий яасан сайхан байваа. Яг л нөгөө насан туршид чинь та нарыг би зовоох заяатай төрсөн гээд инээдэг нь нүдэнд харагдчихлаа. Иймээс л түүний төрсөн өдөр гарах ёстой Гэгээнээгээ гаргахаас нөхөр бид хоёр айгаад долоо хоног өмнө гаргасан юм даа. Төрсөн өдөрт л буруу байна гэж бид оношлон айдаг болсон юм. Манай Хадам Буурлууд л түүнийг бүдүүн ташуураар ороолгож өгдөгсөн.
Тэр сая Монголд байхдаа дүүгийнхээ өргөөнд байсан компотыг нь аваад идтэл бөөлжөөд, гүйлгээд үхэнгээ алдсан гэсэн. Тэгээд миний өргөөнд орж таны шувуунууд Онгодууд уйлж хэлж тэд нарыг ховлосон ш дээ гээд л инээд алдан байж ярив. Ийм хүнтэй юу ярилтай билээ. Тэр намайг үхэхлээр л манай ээж гэж ямар хүн байлаа байз гээд судлаж магадгүй байхдаа. Маугли тэжээдэг эндхийн авгай байхдаа яахав дээ яанаа одоо би. Хэрвээ тэр Хааныг болон Буурлуудыг хардаг бол яасан их шоолж байх болоо. Хар лус Пунцаг Буурал хадмыг маань ОООО тэр ёстой муухай ааштай, аймаар амьтан ингэдэг гээд л дуурайгаад шоолж өгдөг юм. Говь Алтайн нөгөө Сарьдаг руугаа яваасай ёстой муухай ааштай гээд л ярьж гарна.
Манай нөхөр, Охин хоёр л тэд нартай тэрсэлдэн муудалцаад хэд хэд аймаар шийтгүүлж байсан ч хаширах нь ховор. Гэтэл тэд түүнийг цаг үргэлж манан олон муу зүйлээс хамгаалдаг шүү дээ. Нөхөр маань нэг удаа манай ээжид Та харагдахгүй Буурлуудтай нь битгий хэрүүл хий. Харагддагтай нь хэрүүл хийсэн нь дээр шүү гэж хэлж байсандаа хадам ээждээ туршлагаа ярьсан байдал нь. Охин маань нэг удаа хадам бууралтай тэрсэлдээд гүрийсээр байгаад өршөөл ч ирэлгүй гарч явсан юм. 
Хадам Буурал гомдон цухалдаж бид чамаас нөмөр нөөлгөө татвал чи хэн юм бэ? Өөрийгөө чи хараарай гэжээ. Харин маргааш өглөө нь хичээлээсээ 5 минут хоцроод багшдаа хөөгдөж гарчээ. Уурласан багш ангийнханд нь бас уураа гарган бүгдэд нь хоёр тавьсан гэнэ. Гэтэл ангийнхан нь охин руу дайрч чамаас болж хоёр авлаа гээд хэрүүл гарч нэг охинтой бүр зодолджээ. Тэр өдөр охин таван жил сурахдаа үзээгүй юмаа үзжээ. Нэг багш нь дүн тавихгүй чамд жилийн чөлөө өгнө гэж занасан гэнэ. Хамгийн гайхалтай нь хичээлээс хөөсөн багш нь маш зөөлөн зантай бөгөөд юун 5 минут байтугай 30 минут хоцорсон ч сүржигнэдэггүй гэнэ.
Хөөрхий удмын Буурлууд минь хатууг зөөллөн үргэлж манан үр ач нараа ялгалгүй манаж харж явдаг. Зарим хүн тэд л буугаад бүх юм 100 хувь сайхан болох мэт боддог нь бас буруу. 100 хувь ирэх зовлонгийн 70, 80 % ийг нь үүрч, 10 удаа өвдөх байсан бол 4 удаа өвдөх болтол нь бууруулан хичээн зүтгэдэг. Монголчууд Тэнгэр нь хаясан хүн гэж ярьдагыг та нар мэднэ. Тэгэхээр миний охиноос Тэнгэр нь нэг өдөр л хамгаалалтаа салгахад түүнд сайн байсан бүхэн уурсаж, өмнө болж байсан бүхэн бүтэлгүйтэж, үзээгүй юмаа үзэж байгааг ойлгосон байх. Иймээс зөвхөн өөрийнхөө хүчинд, өөрийнхөө буянаар л өдий зэрэгтэй байна гэж бардамнах маш аюултай.
Цаана нь маш том хамгаалалт хайр байдаг юм шүү. Манай хөгшин Маша Буурлууд минь байгаагүй бол Шулам болох байсан бизээ. Байгаад хайрлаад дээр дооргүй л гүйгээд энхрийлээд байхад л ингэж их эвдэлж сүйтгэнэ гэдэг арай дэндүү. Тэрнийгээ би ёстой бөөн энерги байгаа биз дээ. Бүх юманд хүрээд эвдэлдэг гэж үү. Хүү зайран маань ч бас ялгаагүй дээ бас л юм эвдэлж сүйтгэх, хаях гээхдээ гарамгай. Утас, түлхүүр хоёрыг нь биенд нь оёж өгөлтэй биш дээ.  Иймээс хамгийн шилдэг арга нь юу ч авч өгөхгүй байсан нь дээр гэж би боддог болоод байгаа. Хичнээн удаа шатхав дээ. Тэд өөрсдөө л ажил хийж цалинтай болоод авсан нь дээр байж магадгүй юм. Нэгэнт л махан биенд нь нааж, оёж болохгүйгээс хойш үгүй ядахдаа үсийг нь мааш урт ургуулаад хэд хуваан  нэг үзүүрт нь утсыг нь  бас нэг үзүүрт нь цэнэглэгчийг нь нөгөөхөд нь түлхүүрүүд  бас нэгд нь үнэмлэхүүдийг пласмастдаад жолооны, иргэний, оюутны гээд л хамаг бичиг баримтуудыг нь цоолон сүлжиж өгмөөр юм шигээ.
Хүүхдүүдээ ийм болгосон нь эцсийн эцэст бидний л буруу болоод байгаам даа. Би бол хүүхдүүдээ ухаан ортол нь сүүжнийхээ яснаас салгахгүй өсгөдөг.  Уг нь авахгүй өсгөж сургах ёстой байтал нэгхэн жилийн дотор явдаг болох байтал тэвэрч өсгөлөө гээд надаас юу хорох юм гээд л дан тэврээстэйгээр бүх ажлаа амжуулна. Амттай бүхнийг олон амруу нь хийж, гоё болгоныг өмсүүлэн туйлуулж, хүнээс дутуулахгүй илүүг эдлүүлсээр өсгөв. Ажил хийж сурах насанд нь Японд байсан учир тэнд хүүхдүүд жаргаад л өсөв. Охин Монголдоо бүүр нүүж ирэхдээ уйлж байж билээ. Ийм хачин ОО ын цаас байхдаа яадын Бор өнгөтэй гээд л бүх л юмыг нь голон буцаад явья гэж гуйдаг байсан даа. Хагас Бүтнээр ажил хийлгэхээр бүгдийг дайчилж загнавал нөхөр уурлан амгалан тайван байдал алдагдуулав. Амралтын өдрөөр сүүж амраахгүй хүүхдүүд хүртэл хөдөлгөв гээд өмөөрөн зурагтаа үзэн хоолоо идэн хэвтэж үзнэ. Ингээд ажил сургаагүй нь миний буруу шүү дээ.
Гэтэл Хатны сударт тэс өөр хүүхдүүдээ хар нялхаас нь ажил хийлгэж, хар бол амьдрал туулуулан, бүгдийг өөрсдөөр нь хийлгэсэн байх юм. Аянгат буруу амьдрал туулсан болохоор Машатай байх нь аргагүй Мишатай байх нь аргагүй бөгөөд өөрийн тарьсан үйлийн үрээ өөрөө эдлээд гэрээ цэвэрлээд явж байх болов. Гэгээнийг хүртэл харахгүй юу. Эгчдээ зааж өгч байгаа юмыг нээ. Бүх юманд ээжийг дууд гэнээ. Яанаа одоо.
Манай хүүхдүүд өөр айл найзындаа байж байгаад ирэхээрээ пөөөөх тэдний ээж ёстой ядаргаатай гэрээ цэвэрлэсэнгүй гэж үглээд л уурлаад, хамаг юмыг нь ухуулав. Аав нь хүүхдүүдтэйгээ бараг юм ярьдаггүй ёстой гайхмаар сонин уншаад, зурагт үзээд л болоо. Хааяа л аавтайгаа ярьдаг гэнэ . Ярихдаа, За, аахан, хмм, тэгсэн, ингэсэн гээд хэдхэн үгээр ярина мэл гайхмаар гэсээр л орж ирдэг.  Гэтэл тэр найз нар нь ёстой хөөрхөн ажилсаг гялалзуур, аав ээжийнхээ үгийг яг биелүүлнэ. Юун манай хүүхдүүд шиг ээж Маугли тэжээдэг авгай шиг байна, Аав та тэр караокэд орж үзсэн үү гэж ярихдаа  манатай. Хүүхэд хүмүүжүүлсэн алдаагаа засахад нэгэнт оройтжээ би.  Уг нь манай нөхөр одоо жив жинхэнээс нь хоюулаа Гэгээнийг хүмүүжүүлнэ гэсэн бүүр байхгүй шүү улам чангалуулаад сууж байх гэж. Дахиад шинэ маамуу гаргаж яг номоор нь Хатны сударт гарсны дагуу явах цаг өнгөрчээ хөөрхий. Уг нь нөхөр маань үе үе ухаан орж хүмүүжүүлэх гэж нилээн үздэг ч эд нарын хэл аманд дарагдаад мадлуулаад байдаг юм.
Охиндоо бага насандаа хэрхэн зовж өссөнөө, хэрхэн ажил хийж өссөнөө нээг их баатарлагаар ярих аавыгаа нэг удаа охин маань За одоо болно болно. Та тэр зөөх усаа аваад ир, галладаг байшингаа бариадах би модыг нь хагалаад бээлийгүй ус зөөгөөдөхий. Байхгүй байгаа юмыг битгий надаас шаардаад бай. Гэх мэтээр хэлээд мад болгов. Үнэхээр бидний өссөн орчин өөр, бидний хүүхдүүдийн өссөн орчин өөр байна. Нөхөрт гарахын өмнө хүн амьтантай хамаагүй найзалж болохгүй гэж намайг дүрэмдэхэд: Та хоёр бол дээр үеийн хүмүүс, одоо орчин цаг чинь өөр мэдүү. Олон найзтай болж байж хүнээ сонгодог юм.
Та хоёр гэтэл өөрсдийгөө хар жаахнаасаа хоёр биенээсээ өөр юм мэдэхгүй мангарууд. Би ээжид хэнд ч битгий хэлээрэй гээд хэлж байхад чинь танд хэлсэн байсан гэхэд аав нь: Хэлэхгүй яахын би нөхөр нь юм чинь гэнэ. Аав чинь мэдээгүй би найздаа л хэлсэн гээд байсан чинь танд хэлсэн байна наад эхнэр чинь хаашаа юм бэ гэхэд нөхөр: Хэлэхгүй яахын би бас найз нь юм чинь гээд л намайг өмөөрөв. Хэхэхэ би охиныхоо найз залууг нь аавд нь хэлснээс болж аав нь охиноо хар юмтай яагаа ч үгүй суухгүй шүү хэмээн загнаад баригдав. Ингээд л би охиныхоо нууцыг аавд нь хэлснээс болж маш онцгүй олиггүй муу ээж нэртэй болов. Одооны залуус чинь бараг л хэн олон найзтай болсноороо уралддаг гэнэ үү. Үгүй байлгүй дээ. Сүүлдээ би энэ ертөнцөөс залхаж эхэллээ. Тэгээд аль нь зөв юм бэ??? Кен мэдкү түвэг зүгээр. Юутай ч өссөн орчин гэж л ерөөсөө бүх юмны асуудал үүсгэдэг гэж бодлоо. Гэтэл өссөн орчин гэдэг чинь тухайн нийгмийн л байдаг шүү дээ.
Бид социализмын үед өссөн. Манай нөхөр олон дүү нартай тэднийгээ өсгөж, нэг дүүгээ сугавчлаад л боорцог хайрдаг, бүх юмаа угаадаг, гэрээ цэвэрлэдэг ажилсаг даруухан хүү болж өссөн. Анх сууж байхдаа бид хамт борви бохис хийлгүй л ажиллаж хамаг юмаа хамтарч хийдэг байлаадаа.  Сүүлд амьдрал сайжраад орноосоо өндийдөггүй хэвтрийн хүн болсон. Гэвч бид хотоос гарч амьдрах болсноор өмнөхөөсөө илүү хөдөлгөөнтэй ажил ихтэй болсон юм. Хүүхдүүд маань төрөхдөө л партай байранд өсөж, дутагдах гачигдалгүй байсаар Японд бүүр ч бэлэн Сэнгээнүүд болсон юм. Ёстой нөгөө юун мод хагалах, ус зөөх байтугай юм гараар угааж мэдэхгүй өсөв. Долоо хоног цагаан цамц өмсөхөд хиртдэггүй ш дээ. Бүх юм нь автомат машинд хийнэ. Кноп дарах хэмжээний мэдлэгтэй байвал болоо шүү дээ. Иймээс тархиндаа л юм хий гэх ганц л шаардлага бий. Гэтэд ганц тархинд юм хийсээр амьдрал цогцолдоггүй доголддог нь сүүлийн үед бүүр ч ил болоод байна даа.
Тархи нь сайн ажилладаг, ам нь бурнаашлахдаа сайн,  япон, англи хэлтэй ч хамаг бүхнийг эвддэг Маша, хамгийн удаан хөдөлгөөнтөй Мишатай байвал ямар олиг байнам. Ганц найдвар нь зөөлөн сэтгэл, хүмүүст тусладаг сайхан сэтгэлээрээ хэнээс илүү л хүүхдүүд байх юм. Тэр ч цусных л байдаг бизээ. Томрох тусмаа л Монголдоо шигдэх дуртай болж Монголдоо дуртай нь л аврах байхдаа. Охин маань Монголдоо байвал ядахдаа цастай амар сайхан гэчихсэн өнөөдөр үглэн байв. Халуун байх муухай юмаа. Би л лав яасан ч энд удахгүй шүү гэж захиалав. Би дөч хүрээд ухаан орсон шиг хүүхдүүд маань 30 хүрээд ухаан сууж, ач нар маань 20 хүрээд  ухаажиж, ачинцар 10 хүрээд ухаажиж байвал л болоод явах нь дээ. Ёооох би яаж нэг жар хүрээд ухаан суугаагүй юм. Хорин жилийн өмнө ч гэсэн яахав дээ ккккк.
Миний амьдралаараа туулаад байгаа энэ бүхнийг та нарт задлан далан булчирхайгаа тоочих дээрхи нийтлэлээс та бас өөрийн амьдралаа бодоорой. Хэдийгээр манайх  хэний ч үл таних нэг л айл боловч та бид нэг л нийгэмд амьдарч байгаа учраас  төстэй, өөр юмс их бий. Төстэйнүүд нь над шиг бодож, өөрүүд нь манайхаас өөр бас нэг айл ингэдэг гэнээ гээд л шоолж болноо.
Харин үүнийг Монгол өвөг дээдсүүд маань ОРОН ЗАЙНДАА ГЭГЭЭРХҮЙ хэмээн гуравхан үгэнд багтаажээ. Энэ гуравхан үг нэг л айлын ам бүлд ямар их асуудал үүсгэж, бүр насны ялгаа, өнгөрсөн одоо ирээдүйн асуудлууд сөхөгдөн байгааг задлан бодно уу. Заавал Бууралсаад байлтгүй л нөхөр болон би өнгөрсөн үе, одоо бидний байдал,
Бид яавал болох вэ? Яавал манай гэрийн Маша томоожиж, Миша нь хүн шиг болох вэ?  Гэтэл Гэгээн нь ирээдүйд хэн болох вэ гээд маш их асуудал байна. Миша гэдэг нь миний зайран хүүг хэлж байгаа юм. Салан Баавгайн үлгэрийг мэднэ үү.  Баруун сугандаа бат хавчуулаад явжээ, Буга олоод бас хавчуулаад явжээ гэдэг үлгэр байдаг шүү дээ. Ямар сайндаа би гэзэг ургуулан бэхлэж өгөхсөн гэж бодохов дээ.
Эээ хөөрхий хадан гэрт сэтгэл амар явахад ингээд л болдоггүй юм шүү дээ.  Яг л одоо байгаа амьдрал ийм байхад өнгөрсөн түүхүүд тэр чигтээ л сургамж болох байхдаа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.