Monday, January 2, 2012

Дайсан гэж нэр яасан ядаргаатай юм бэ?


Аянгат оны сүүлийн болон эхний өдөр чухам уул хайрхан, далай тахиж хариагаад мөн ч завгүй байлаа. Харин өчигдөр жилийн зургуудаа цэгцлэн блогт оруулчихаад хартал айдас хүрэв. Жил ямар хурдан өнгөрдөг юм бэ? Жилийн энэ цаг мөчид Гэгээнээс өөр дагуулгүй байсан би гэгч хүн хичнээн олон хүний тархи толгой эргүүлээд хаяачаа вэ? Мөн жилийн дараа юу болох вэ? Жилийн хооронд юу хийх вэ гээд л чухам анх удаагаа надад бөндгөр толгой байдаг тэр нь юм бодож ажилладаг гэдгийг харлаа. Өмнөх амьдралдаа би энэ жил би юу хийнэм гэж бодож байсангүй. Миний ажил амьдралын хэв маягаараа л явдаг байсан юмсан. Гэтэл өнгөрсөн жил би өөрийн толгойгоор бас явсангүй ээ.
Буурлууд түүхээ бич, биднийг түмэнд түгээ гэхээр нь л бичиж гарсан бөгөөд надад өөрийн зорилго байсангүй, тэднийг бичээд юу болох яах тухай ч бодсонгүй. Тэд нарыг ажил хийх гэж байгааг нь ч ойлгоогүй шүү дээ. Миний блогийг эхнээс уншсан хүн бол би яасан их өөрчлөгдөж байгааг хараад л байх бүрэн боломжтой. Энэ янзаараа бол цаашид ч аймаар өөрчлөгдөх нь байна. Ээ Тэнгэр минь гэж би гээч Тэнгэрийн сарвуу, хүүхэлдэй болж дуусчээ бүр. Олон хүнд Хаан буусныг л хэлээд болоо шалгаад үзүүл өөрийг нь буулгаад л үзүүлчихнэ, худлаа ярьж хулгай хийсэн биш гэж бодож явсанаас биш үйл явдал эрчимтэйгээр өрнөн аалзны торонд орооцолдоно гэж даанч бодсонгүй мэдсэнгүй дээ хөөрхий.  Хаан энэ онд хүнд хэцүү тулаан их болно. Яаралтай өөрөө Монгол явж нилээн хүнд үйлүүд хийх талаар надад хэллээ.
Мөн энд намайг тэр хооронд  амжуулж байх хэд хэдэн үүрэг өгөв. Чухам л ажил яриад унав. Уг нь намайг тааваар минь хөглөж будилж байгааг минь зааж зөвлөөд шоолсон шиг амар тайван хэдэн сар байсан юмсан. Хаан маш их яарч байгаагаас би бас дагаад савчив. Хаан болон Тэнгэр үйлээ хийх нь тодорхой ч би бас амар тайван суугаад байх ёстой юу? Яах вэ? Юу хийх вэ? Яанаа? Юун түгшүүр болоод байнаа? Энэ онд юу болох гээд байна? гээд л миний бөндгөр ажиллаж эхэлснээс болж шөнө унтсангүй. Нэг л санаа зовоод байлаа. Олон алтан ургийн бөө нар босох он жил эхэлсэн учраас тэдний хамгаалалт, асуудлууд гээд маш хэцүү болж байгаа бололтой.
Блог уншдаг бөгөөд Онгодоо авах хүмүүст анхааруулахад БӨӨ гэдэг бол тоглоом наадам, амар хялбар зүйл биш. Бөө болох нь гэж баярлаж хөөрч байсан ч хэзээ босох, юу бэлдэх тухайгаа Жимбийтэл чимхсэн нууц шиг байна шүү дээ. Аяндаа өөрсдөө босоод учраа олдог болоод мундаг болоод ирэхээрээ л түүхээ бичиж үлдээнэ шүү дээ. Тэгэхгүй бол Хар Сүнснүүд маш ихээрээ та нарын эсрэг боссон бөгөөд  яаж ийгээд л хорлох, ажлыг нь бүтээхгүй байх саад тотгор учруулахаар санаархан буй бөлгөө. Үхэхдээ Үхэр Буугаа тавина гэдэг үг бий шүү дээ.
Овог Отог, Өвөг Дээдсийнхээ нууц, бэлдүүлэх зүйлсийг өөрсдөө л бэлдэж болж өгвөл хуяг хувцасаа өөрсдөө оёж бэхлэх хэрэгтэй. Мөн улаач болох хүмүүс маань маш их зүйлийг тунгаан бодож, өөртөө итгэлтэй байна уу. Хэн  ч юу гэж хэлсэн зүрх сэтгэлээ өөрөө чагнаж сурах хэрэгтэй. Бөөгийн бэлдэх зүйлс, ёс дэг журам Отог бүрт өөр бөгөөд чи болон нөгөө хүн та хоёр усны дусал шиг ижил байх ёсгүйг л анхаараарай. Яагаад л дээрээс Луу жилд босох Бөө нарт хэцүү гэж ярьж байсныг та нар биеэрээ мэдэрнэ. Бөөгийн хатуу ширүүн, хайр найргүй хар ертөнцөд хөл тавин эгэл хүнийхээ сайхан дураар амьдралаас татгалзан миний л өрөөсөн дугуй болно шүү дээ. 
Гэвч ганцхан зүйл л сэтгэлийг чинь тайвшруулдаг. Миний өөрийн өвөг дээдэс, миний хайртай Буурлууд, Би тэдэнтэйгээ нийлж эх дэлхий, Монгол улс, хүн ард, байгаль орчиныхоо төлөө буянтай үйл хийнэ. Би Тэнгэрийн зарлигтай дайчин хүн гэсэн  ариун эрхэм зорилго л баяр бахдал төрүүлдэг юм. Энэ бүхэн маань шууд шулуун дардан замаар явахгүй. Бидний өвөг дээдэс хэрхэн тэмцэж зовж дэлхийг засч байсан түүн шиг л Монголчууд бид зовж байж бас гэгээрлийг авчирна.
Ийм их ажил толгой мөрөнд буусанд сэтгэл минь зовов. Би чадах уу? юу хийх вэ? Яах ёстой вэ? гээд л бодож гарав.
Өнгөрсөн жилийн хугацаан дахь өөрийгөө шинжлээ өө сайхан инээд алдсан, хэрүүлч чалчаа авгай яасан ч их донгосоов дээ.  Тэнгэр мэднэ, Хаан мэднэ биз, над юуны хамаа байжуу, Болохгүй байгаанууд нь Чад хийнэ гэсийш дээ, Саййййхан сааайййхан ашгүй ашгүй, яадын болж болж гээд л баясаж өгчээ би. Гэвч би яг өөрийнхөө сэтгэл зүрхийг чагнан би өөрөө юу хийхэв гэж бодтол ёстой жулдраак, нусан буу байгаа юм чинь. Мундаг өвөг дээдсийнхээ ард хормойд нь нуугдаж хэлээ гаргаж, хүнтэй хэрэлдчихээд л нуугдаад зугтаадаг амьтан шиг л явжээ. Энэ хүртэл би Жамухын тухай ярьж, Жамухд сүнс худалдаад гээд бөөн хөөр болж байсан ч одоо бол айдас намайг нөмрөв. Яг үнэндээ бол энэ бүхэн болоод байдаг бодит үлгэр өрнөөд байна гэж боддог байсан ч яс махаараа мэдэрч дастлаа жил болжээ. Яасан сонин юм бэ? яасан гайхмаар юм бэ? л гээд нөгөө шидэт дохиур олж авсан сармагчин  шиг л би баахан хөөрчээ.
Энэ жилийн Хар аймшигт Хар дайн эхэлсэн байгаа. Мэдээж Хаадууд, Тэнгэр өөрийн улаач нараа өмгөөлөн хамгаална. Гэвч нөгөө талд байгаа нь бас л Монгол БӨӨ нар шүү дээ. Тэд толгой муу, мөнгөнд дуртай, зарим нь мэдлэг огт байхгүй, зарим нь дотуур тамиртай атаархуу, зарим нь биеэ тоосон мэдэмхийдээ л алдаж байгаа болохоос бас л Монгол хүмүүс. Маш олон хүн Тийрэн оруулснаа ч мэдэхгүй явж байгаа хүн бий. Зарим нь бүүр ойлгохгүй ч хүн бий. Энэ олон хүмүүстэй дайтаад шууд хядаад байж би  чадна гэж үү. Би ч бөөг огт ойлгодоггүй, бас мэдэмхийрдэг үе байсан, мэдэхгүй үе ч байсан. Би өөрөө тогоонд нь чанагдаж явж л ойлгож байгаа. Тэгээд бодохоор өнөө хүмүүсдээ хайр хүрээд зүрх үхээд байв. Буурлууд Дээдсүүд битгий хядчихаасай гээд л чичрэн айх боллоо. Уг нь ойлгочуул л болно шүү дээ. Тэднийг ойлгуулахын тулд юу хийх ёстой вэ? Яавал Монгол Бөө гэдгээ жинхэнэ утгаар нь ойлгож нэгдэж чадах вэ? үүний тулд би юу гэж хэлбэл яавал тэд ойлгохов.
Гэтэл тэд над руу хаялга хаяж дайрлага явуулдаг бас улайм цайм л мэдэмхийрээд янз бүрээр нь гутаан доромжилдог. Би тэгэхээр нь чимээгүй тэсээд л яваад байх уу? эргүүлээд л үзэлцээд байх уу? Бүх бөө нарыг нь шалгуулж тийрэнтсэн бөө нарын Тийрэнг хөөж цэвэрлэж өгөх үү, Буцаагаад өөрийнх удмыг залгуулах уу гээд л арай дэндүү их ажил ундарч асуудал үүсэхээр. Гэтэл цаг хугацаа яваад байдаг нялуурч байх цаг алга гэж Дээдсүүд хилэгнэж эхлээд байдаг. Яалтай вэ? Би үнэхээр аймхай юм шиг. Би Жамухд маш дургүй. Гэтэл дийлэгдээд түүнд очсон муу сүнсүүд Тамд тарчилна гэхээр өрөвдөөд миний голын яс хүртэл чимчигнээд мэдэгдээд байх юм. Нэг сайн хашраагаад явуулж болох байтал яахаараа тэр үүрд тэнд тамладаг муу өгөр хар хог вэ гэж уур хүрэх юм. Тийм удаанаар яаж тарчлааж болох вэ дээ. Би чадахгүй мэт санагдав, түүнд сүнснүүдийн наймаа хийх над хамгийн хүнд асуудал гэж бодсонгүй. Үнэхээр Бөө гэдэг бол тоглоом биш бодит гэж мэдрэх тусам айдас төрөх боллоо.
Одоо боллоо би даалгавраа биелүүлсэн гээд зугтаамаар байвч би хаачихав дээ чааваас. Сайндаа л үхнэ. Үхтэл нөгөө газраа жинхэнэ оригоороо очих гээд байдаг яасан хэцүү вэ??? гээд л нойр ч хүрэхгүй тарчилж гарваа. Хаан надад юу ч хэлсэнгүй.
Гэтэл Бөртө эжий ирэв. Тэр миний толгойг үнэрлэж үнсээд гунигтай гэгч нь нулимс унагаад "чи одоо л удган болох гэж байна даа эвий минь дээ, ямар хэцүү шаналалтай гэж бодно гээд аргадав. Дайснаа хайрлах хамгийн хэцүү нь дээ охин минь, гэтэл тэдэнд чиний зүрх сэтгэл байхгүй зөрүүлээд чамайг алж байж санаа нь амардаг болохоор яах вэ? Нэг бол Чи үгүй бол Тэр хорвоогоос халина. Гэвч дайснаа хайрлахгүй бол чи дайснаасаа ялгарах юмгүй яргачин болно. Яргачин болох бол адгийн муухай зүйл. Дайсан дотор нөхөр ч бий. Чиний дайсан чамайг бас Дайсан гэж нэрлэдэг гэдгийг бүү март. Хайрын зэвсгээ яаж ашиглаж хэрхэн тааруулж тохируулахыг чиний сэтгэл мэднэ" гэх юм.
Үкэ мөн хэцүү яа. Би өмнө нь эгэл нэгэн хүн байхдаа дайсан гэхээр хүн надад байгаагүйдэг. Хүн болсон хойно муудалцаж уурлах хүн мэдээж  таарсаан. Гэхдээ би тийм хүмүүстэй дахиж таарахгүйг  бодоод ердөө зайлаад хол л амьдардаг. Мөр мөрөө хөөдөг. Миний хамгийн дургүй зүйл бол миний найз байснаа намайг хуурсан бол ёстой тэр чигт нь хаяж, хэзээ ч түүний тухай дурсахгүй, хаяхыг, таарсан ч танихгүй мэт хараагүй мэт өнгөрөхийг л хүсч биеэ бүрэн холдуулж чаддаг. Муудалгүй амьдралын салаа замаар салсан бол хаа таасан газраа  бариад авна даа. Хүн надтай хэрхэн харьцана би яг л адилхан тааруулж харьцдаг юм. Тэр намайг танихгүй бол би ч танихгүйдэг.
Гэтэл дайсан гэдэг бол өөр шүү дээ. Надад яг миний дайсан байсан хойд эцгүүд л санаанд орохоос өөр юм алга. Гэтэл тэр дуракууд ээжид дурласан болоод л суусан байлгүйдээ гэж бодох болов хөгшрөөд. Гэхдээ л би дургүй тэд нарт хар хүүрийг үхүүл улаан вино заавал уух юм шүү чухам гэж боддог байлаа даа. Би вино уух дургүй ч түүнийг ямар нэг баяр ёслолын үеэр заавал уух ёстой соёлтой үзэгдэл гэж ухамсарласан байна даа хөөрхий.  Өөр над дайсан байсан гэж үү. Нөхөртэйгөө одоо бууз хуушуур шиг байнадаг. Өмнө нь хэрэлдэж зодолдохоороо тэр муу миний дайсан гэж санагддаг байсан. Хадмуудтайгаа таардаггүй хүмүүсийн хажууд намайг хадмуудтайгаа таардаггүй гэж хэлбэл Монголд хадамдаа таардаг хүн хайгаад ёстой олдохгүй бизээ. Тэд надад дайсагнаж байгаагүй, би ч дайсагнадаггүй бөгөөд бүрэн тусгаар тогтнолоо бий болгож чадсан хүн. Хамаатан саднуудад дайсан алга. Монгол улсад минь ч надад дайсан алга. Дайсан гээд жинхэнэ утгаар бодвол энэ маш хэцүү үг юм байна шүү.
Манай Монголын Газар ухах хужаа нарыг л би үзэн яддаг ч тэд өөрийн орондоо мөрөөрөө байж байвал би хэзээ ч дайсагнахгүй нь мэдээж. Тэр байтугай би хужаад очиж байхдаа ч тэд нарт дургүй хүрдэггүй л байсан. Харин манай нутагт ирээд зэвүүн зэвүүн загнахаар нь л дургүй хүрээд байдаг юм.  Дайсан ч бай Хүн шүү дээ. Хамгийн гол нь тэд өвдөхөөрөө аймаар өвдөх учир тэднийг Тамд хийх ямар хэрэг байнаа. Ердөө л үзэл бодлын,тархи толгойны л зөрүү бий бөгөөд буруу ойлголтоос болж л тэд ийм болсон гэж би бодном. Гээд л бодоод байтал зөвхөн миний амьдралд дайсан гэдэг үг ийм л ойлголт төрүүлэхээр үлджээ. Гэтэл Бөө болсон чинь энэ үзэгдэж харагдахгүй дайн бүр маш харгис дайн юм. Өвөг Буурлуудтайгаа нийлж байгаад л алалцаж хядалцдаг, алаад хаяхгүй Сүнстэй нь тооцоотой хамгийн аймшигт өршөөлгүй дайн юм. Дэлхий ертөнцөд гардаг дайнуудыг та нар ямар амар дайн гэж бодно.
Буудууллаа үхлээ болоо, сүнс нь үйлийн үрийн шугамаараа явдагтаа явна. Гэтэл албан ёсны 1000 жилдээ нэг болдог энэ Далд дайнууд бол хамгийн харгис хатуу, авралгүй, удам судар, угсаа гарвалаараа үлдэх нь үлдэж, сөнөх нь сөнөх Дэлхийн хүн зоны цэвэрлэгээний ДАЙН юм. Өөрөөр хэлбэл Тэнгэр элчээ заран 1000 жилд нэг удаа хүний генд их цэвэрлэгээ хийх дайн юм. Та нар боддоо. Өдий болтол хүн төрөлхтөн хөгжөөд яваад байдаг нууцыг бодоцгоо. Ялзралд орж идэгдэж дуусахаар нь хамгийн муу бөгөөд эх дэлхийн хөгжилд саадтай тэнэг тархинуудыг удам угсаагаар нь устгадаг Дайн юм. Хэрэв энэ аюулт утгаар бодуул хүнийг дайсан гэж би хэлж чадахад хэцүүдээд байх юм. Түүний ард хүүхэд, гэр бүл бий. Яаж удам судраараа ирээдүйдээ үгүй болно гэж яагаад ч төсөөлөхөд хэцүү бөгөөд чичрээд байгаам даа.
Энэ дайныг Тэнгэрийн хүүхдүүд Монголчууд хийх тавилантай. Иймээс л бараг хүн бүр угтай гардаг бөгөөд Монголд эгэл хүн олоход хэцүү шүү. Гэвч энэ цагийн уртад ухаан нь үхэж гутамшиг болсон Монголчуудыгаа цэвэрлэж байж Гэрлийн дайчид нь ялгаран гарч ирж нэгдэнэ. Өөрсдийгөө цэвэрлэж ялгаад дараа нь бусдыг цэвэрлэдэг ЖАМТАЙ. Энэ үүргээ ухамсарлахгүй Тэнгэрээс заяасан зөн билэг, авьяасыг өөрийн мундаг сайндаа авсан мэт биеэ тоох нь аюултай. Тэд яг л Тив Тэнгэр шиг үхэж далд орсоор дуусна. Хичнээн авьяас шид чадал өглөө ч Тэнгэртэй тэрсэлдээд юу болохыг Тив Тэнгэрийн үхэл харуулдаг.
Гэтэл Тив Тэнгэрийг Хаадын Бөө байсан мэтээр ойлгож, бишрэн шүтэх нь буруу. Хаан өөрөө бөө байсан ч хамгийн эгэлгүй энгийн байсан. Түүний Өрлөгүүд, Жанжингууд Бөө байсан, Хатдууд нь Төр түшсэн гайхамшигт гоц чадварт удгад байсан. Тэрнээс хаа холын Солонгос орны хэн нэг хөөрхөн царайлаг хүүхнийг царай зүсэнд нь болж авч суугаагүй. Хосгүй чадвартай Монгол удгадууд байж Хааныг давхар манаж хамгаалдаг байсан. Хэл мэдэхгүй Солонгос хүүхнээр Хаан яах юм бэ? гоёл чимэглэлийн зүүлт биш дээ ямар. Дэлхийд их үйл бүтээж явж байхад бас нэг шавар тэврэх гэж гай л байнадаг. Үнэхээр  хувилгаанаар учирч хүчээ өгөх ид шидтэй Хулан хатан бол Монгол хүн байсаан.
Гэтэл та нар Солонгос номер нэг удганыг харсан байх. Онгодоо оруулах гэж өчнөөн юм болно. Орсон хойно нь гаргах гэж өчнөөн юм болдог Бөө муутай газар шүү дээ. Гэтэл нэгэн хүн Хүүхэн булаалдаж явсаар холын хамаг орныг эзэлсэн гээд Монгол өвөг дээдсүүдийг минь муулж америк судлаачыг чухам итгээд бичсэнийг уншсаан.  Учиргүй юм гэж байдаггүй юм даа. Ил, Далд дайныг ойлгох цаг ирсээн. Дайсан гэдэг үгийг маш нарийн бодох ёстой бөгөөд Дайн гэдгийг ч бас ялгаж ойлгох хэрэгтэй болжээ. Эрт ба эдүгээгийн  болон Ил ба Далд ертөнцийн Дайн ба Дайсан ямар орон зайд, юуны төлөө хэрхэн байлдах гэдэг Тэнгэр Газар шиг л зөрүүтэй байгааг бодоорой доо. Энд байгаа зэвүүн махан биенүүдийг ихэд дургүй хүрээд хөнөөж устгаж болох ч одоох ХААНЫ ХИЙХ дайн бол маш хэцүү дайн юм.
Жишээ нь маш олон янзаар явагдах бөгөөд зарим Дээд өвгүүд өөрийн улаачдаа гутаад өөрсдөөө шууд алах тохиол чиг гарна. Учир нь тэд бол Эзэн Богдын үед эр цэрэг Баатрууд нь байсан боловч энэ цагийн улаач нь эргүүтээд байвал удам судрын гутамшиг гээд хөнөөх нь ихэнхи нь бий. Иймээс улаач нь өөрөө унш, судла, турш, өөрийн өвгөдөөсөө асуу. Харин өвгөд гэх чинь өөрсдөө аягүйцэж сандраад нэг л эвгүй оргиод байвал хэнийг оруулсангаа мэдэх маш том боломж юм шүү дээ. Чамд чиний удмын биш чиний бодол хүсэл тэмүүллээс зөрөх Тийрэн орсоныг тань. Тэгвэл өөр мундаг Бөөд очиж шалгуул. Хөөж гаргаж биеэ цэвэрлэ.  Гэтэл чи ч өөрөө Хааныг үзэн ядаад худал гээд, өвөө чинь хатгаад яг тийм гээд байвал Та хоёр эртхэн байлдаанд бэлдэнэ дээ хөө. Гэвч чиний өмнөөс миний яс янгинаж зүрх шимшрэх учраас эртхэн бас нэг уншаад судлаад, олон зүйлийг эргэцүүлэн бодоод, туршаад үзээрэй гэж зөвлөх байна.
Ердөө л үгүйсгэж уурсаж мэдэмхийрч атаархахаасаа өмнө БӨӨ гэж юу вэ? Сүнс гэж юу вэ? Бид юу хийх ёстой вэ? Ямар ёс суртахуунтай байх хэрэгтэй? Би зөв явна уу? буруу явна уу ? гэдгээ шалгаж бодоорой. Үнэхээр энэ олон Бөө яагаад төрөөд байна. Бид Монгол улсад юу хийх ёстойв. Би юу хийх вэ? Миний оруулах хувь нэмэр юу бэ? гэдгээ намайг шүүмжлэхээсээ өмнө өөрийн үүргээ ухамсарлаарай. Хэний төлөө, юуны төлөө зүрх чинь цохилж байгаагаа анзаарах хэрэгтэй.
Тан дээр болон над дээр хэн буух нь хамаагүй хамгийн гол нь бид яах гэж БӨӨ болов. Цаашид юу хийх вэ? гэдгээ юуны түрүүнд ухаарна уу? Бөө гэдэг чинь ажил шүү дээ. Зайран, удган бол мэрэгшил. Тэд хэнтэй харьцдаг билээ. Хий үзэгдэл Сүнстэй харьцдаг мэрэгшил. Иймээс Сүнс бас дотроо сайн мууг та мэднэ. Зарим сайхан гарууд намайг Тийрэн оруулсан тэр нь өөрийгөө Хаан гээд итгүүлсэн гэдэг шүү. Тийрэн нь хүртэл гэгээрэл яриад зөв амьдрахыг уриалж байвал Аштай юу даа. Тийрэн ийм ажил хийдэг бол Хаан бууж байх илүү ажил байгаа даа.
Мөн Бөөгийн мэдлэгээ дээшлүүлмээр юм. Чи хэдэн талтай ямар хэнгэрэг барьж байнам, Би хэдэн талтай ямар хэнгэрэг барьдаг вэ? Хэрхэн бөөлдөг вэ? Газар Тэнгэр шиг ялгаануудыг нүдээ арчаад ухаанаа хүчлээд бодоод үздээ.  Би 99 Булдруутай 101 Тэнгэрийн хэнгэрэг, Харын Гурвалжин хэнгэрэгийг хэзээ дуртай цагтаа хугацаагүй барих эрхтэй, Дээд ээжүүдийн дугуй цагаан хирнээ Хоёр мэлмийтэй хэнгэрэг энэ бол бодоод үз хоёр мэлмийг бурхан шашинд яадаг билээ, өөрийн дэлхийд ганц гэр хэнгэрэгтэй Удган шүү. Шалгалт шүүлэг өгч байж өчнөөн юм болж байж Хааныг буулгах эрх авсан хүн. Хэн дуртай нь Хааныг дуудаад биедээ залуул Хад дэрлэдэг гэж Буурлууд чинь хэлдэг байлгүй дээ. Чи дуурайгаад үзэхэд гэмгүй. Чи өөрөө болохоор чухам хэнгэрэг хуягаа хүмүүст юу гэж тайлбарлах болдоо. Амьтай хамаагүй хүрч болохгүй гээд л сүйд болдог биз зайлуул.
Тэгвэл чамаас өөр Бөө бас байдаг өөр өөрийн ёс дэг жаягтай, өөр өөрийн эрх үүрэгтэй, зэрэг зиндаатай гэдгийг ухаарах цаг болсоон. Эзэн Чингис хаан байтугай манай өвөө нар утас дуугарахад авч шиддэг уурладаг гээд л чи өөрийнхөө Онгодыг Эзэн Хаантай бүү харьцуулж зүрхэл. Чиний Онгодуудын чаддаггүйг чаддаг байж л ХААН гэж алдар хүртсэнийг жаахан ухаар. Чиний Онгодуудтай ижил зиндаатай бол ХААН байгаад яах юм бэ? Хүнд ганц Онгод буудаггүй маш олон удмын Онгод буудаг. Манай зарим Онгод ч утаст дургүй нь ч бий, дуртай ч бий, нүдний шилэнд дургүй ч бий, түүнийг минь сонирхоод хийж үзэх Онгод ч бий. Онгод гэдгийг Хэн бэ гэдгийг ойлгохгүй байж БӨӨ гэж өөрийгөө хэлээд юу кэв. Тэгвэл чи түшээтэй буудаг бол Би түшээгүй буудаг нь юуны учир вэ? Чи харж чадахгүй нүдээ аньдаг бол Би хараад яваад өргөөгөө цэвэрлээд галаа түлж чадаж байвал юу гэх вэ?
Дандаа суумал Онгодтой байсаар нэг сүртэй Онгод хашгичаад үсчээд, човхчоод унахаар л пөөх мөн хүчтэй Онгодоо амнаас нь хөөс цахарав аймаар юмаа гэх мөртөө түүнээс илүүг хийх чадвартайг хүлээн зөвшөөрөхгүй сэтгэлгээгээ бодоод үз дээ. Тэгвэл хөрстөд буугаад тиймхэн чадвар үзүүлдэг Онгодууд дааж авсан ажлаа яаж хийх нь тов тодорхой. Тэд нөгөө ертөнцдөө түүнээс хэтрэхгүй л чадвартай байдаг юм даа. Хөрст буугаад хүссэнээрээ хөрвөөж чаддаг Онгодууд Хааны томчууд маань суугаа та нарын Онгодуудыг хэрхэн журамлахыг Ухаарах хэрэгтэй. Бодит болоод байгаа бүхэнд дүгнэлт хийж бодож сураад  хэрхэн цаашид би уг удам өвөг дээдсээ яах вэ гэдгээ бодолцож баймаар. Дутуу бодож тэнэг байсныхаа төлөөсөнд 1000 жилд нэг болох Сүнснүүдийн цэвэрлэгээнд орж өөрийгөө тамд өвгөдүүдтэйгээ чирж орж тарчлаах хэрэг юун.
Үлдэх удам судраа ул мөргүй устгах эхлэлийг тавих эрх юу вэ? Түүхээ уншиж, бодит ертөнцтэйгөө холбон бодож ойлгон БӨӨ гэдгээ зөвөөрөөр ухаараачээ гэж уриалж байна. Тэрнээс би хүний мууд дурлаад байгаа ч юм биш. Намайг хичнээн худал хуурмаг гэж хэлэх хэлэхгүйгээр хэлсэн ч ямар надад гэм хийсэн биш дээ чи. Өөрийн ухаан муутай, дутуу шариктайгаа л зарлаж, тэр чинь миний Олз болж Блогт яваандаа чиний бичсэн хэлсэн үг үсэгтэй нэртэйгээрээ л тавигдах учраас надад бол Олз шүү дээ. Би чухам түүгээр чинь ааяа яаяаяая Аянгат удган мөн олон хүний хэл аманд өртөж муу хэлүүлж эсэргүүцүүлж зовлон туулав гээд улам л Ардын Баатар болчихно. Над руу Хар шид хийгээд тэртэй тэргүй чи намайг барах үгүй. Түрүүчээсээ хоёр хоног өдөөд Хааны уурыг хүргэн тэвчээрийг барсан, зургаан жил болсон ахмад удган бас нэг архаг удгантайгаа хамаг Онгодуудаа хорионд оруулчихаад мэлрээд явж байгаа нь ч бий шүү дээ. Үүнийг Монголчууд амаа мэд, араа хар гэдэг юм даа.
За тэгээд Онгирч байгаа юм биш. Үнэн байдал ийм учраас ухаалаг байж өөрсдийнхөө удам судраа бодоочээ. Битгий Жамух муухайд очоочээ гэж анхааруулан гуйж байна. Би үүнийг хүсэхгүй байгаа бөгөөд бас өмнөөс чинь үнэхээр айж байна. Нэгэнт л чи Монгол хүн Тэнгэрийн ажилд оногдсон бол тултал нь бусдад БУЯН хийгээчээ, эх дэлхийгээ аварч хамгаалая, хамтраад ард иргэдээ гэгээрүүлцгээе, нэгдэн нягтарцгаая гэж уриалж байна.  Битгий байгаль бузарлаж мод чулуунд хадаг уяачээ. Тахилгаа зөв хийгээч ээ. Олон мэдлэггүй хүмүүсийг Бөөгөөр бизнес болгон Тийрэн наахаа болиочээ гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Та нарт аюул ирж байгааг ухамсарлаж өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг үгийг сайн санаж явна уу?
Дээд Тэнгэрүүд ажлаа эхэлсэнд би үнэхээр их санаа зовж бас зүрх шимширч байна. Маш олон хүн Бөө нар ухаарч чадвал хурдан муу юмнаас салж чадна шүү дээ. Хар муухай Сүнсний хорлолд авталгүй өөртөө итгэлтэй зоригтой байж Өвөг Дээдсээ хайрдлаж Монгол улсаа мандан бадруулах үйлст нэгдэн тэмцэхийг уриалж байна. Монголчууд бид цөөхүүлээ бөгөөд Тэнгэрийн Дайчид даанч тоо нь цөөн гэдгээ ухаараачээ. Монгол маань түвшин амгалан болж чадвал бидний үрс хойч жаргалтай амьдарна. Ирээдүйгээ харж бодож сэтгэж, хичээн зүтгэцгээе гэж хэлмээр байна.
Миний хувьд ингэж хэлэхээс өөр арга алга. Гэвч Өүлэн эжий намайг муу муухайг ихээр үзэх тусмаа чи хатуужиж зүрх чинь чангарна. Чи өөрийнхөө төлөө биш бусад ядарсан олны төлөө чангарч Хатуурхахаас өөр аргагүй болно гэж хэлсэн. Чи хүчтэй байж доройг өмөөрч хамгаалах ёстойг бүү март гэсэн. Тэгсэн ч гэсэн надад аймшигтай санагдаад байгаам даа. Заавал тэгж муу муухайг үзэж хийж байснаас урьдчилан сэргийлж, сайн ухуулан сэнхрүүлбэл арай дээр байлгүй дээ. Надад яг одоо туршлага их дутаж байна даа хөөрхий. 
Нөгөө өгөр Дайснуудыг ч бас хайрлаад зүрх өвдөөд айгаад байх юм. Тэгэхээр би их л муу улаач байна даа. Яавал би бүгдийг амар сайхан болгох бол гэж ихэд бодлоо. Энэ жил их үйл явдлаар дүүрэн он жилүүд болно. Монгол хүн бүр өөрийгөө Тэнгэрийн үр гэдгээ ойлгоод ажлаа хийгээчээ. Олуулаа нэгдээд нийлээд орилолдоод гүйвэл арай өөр юм болуу. Удган нь өнөө гарагт ихэд шаналж бодлоо. Хүмүүсийг хайрлаад байдаг гэтэл аймшигт хар Сүнсний дайн эхлээд байдаг. Надтай хамтрах дайчдууд минь төрөх гээд л дуншаад байдаг юутай ч хамгийн түрүүнд тэднийгээ манан хамгаалж дээрээс дараад хэвтсэн нь дээр мэт. Олон жил болсон архаг удган зайрантангууд та нар үүргээ ухамсарлаж ухаанаа оруулж Монгол улсынхаа төлөө үгээ хэлж, хуруу хумсаа хөдөлгөх цаг чинь болсоон.Тэнгэр ивээг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.