Thursday, January 5, 2012

Удам залгах ухаан

Baigalmaa Luvsannyam created a doc.
Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг эхнэр нөхөр, гэр бүл амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр, нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай.
Иймээс ч хүү, охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдог ажээ. Бэр хүүхнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэрэгцээ эцэг, эхийн санал чухал нөлөөтэй байдаг.
Эцэг, эх нь бэр, хүргэнээ шинжихдээ удам гарал, хүргэн, бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, галбир царай тэгшийг, ажил хөдөлмөрч, буян заяа арвинг, ёс горим, эрдэм чадвар эзэмшсэнийг, нас сүүдэр, жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгай хийж, худал хэлэх, ажил төрөл, ааш зан муутай бол, ялангуяа ужиг муу өвчтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгож, хос хоёрын төдийгүй, тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн зүйд нийцсэн ёс юм.


Мөн овог дотроо юм уу, эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторх төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний гажигтай төрөхөөс сэргийлдэг байжээ.
Монголчууд “Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй”-н учир хусавч үл арилах ясан төрөл, шахавч үл ширгэх цусан төрлөө мэдэхийг үр хүүхдэдээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардлагын зэрэгцээ, төрөл садан ахан дүүсээ сайн мэдэж хүндэтгэн, дотносох, бие биенээ тэтгэн тусалж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм.


Эцгийн талыг ясан төрөл, эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх, хойтох долоон үеийг үр хүүхдэдээ сайн мэдүүлж, нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош хүү, ач, гуч, жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоон үеэ мэддэг байх учиртай.
Төрөл саднаа хэд дэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж, тоолох амар хялбар аргыг монгол түмэн үр хүүхдэдээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл, гарын үзүүр хүртэлх мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж, ямар овогтны хэд дэх үе дээрээ явааг хэлэхээс гадна, долоон үе мултарсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв.

Хүүгийн хүүхдийг ач, охины хүүхдийг зээ, аавын талын төрөл саданг авга, эхийн талыг нагац гэх бөгөөд хүүхэд үрчлэхдээ өөрийн овог буюу авга үеэл талаас авахыг эрхэмлэдэг байжээ. Аавын талыг нэрлэх гурван нэр байдаг.

Үүнд:
1. Авга гэдэг нь аавын талын бүх ах, эгч, дүү нарыг;
2. Үеэл нь эцэг нэгтэй ах, дүү нарын хүүхдийг;
3. Хаяал нь үеэлийн хүүхдүүдийг авгайлан нэрлэх болно.

Эхийн талыг нэрлэх, тус бүрдээ утга салаалсан гурван нэр бий.

Үүнд:
1. Нагац нь ээжийнхээ аав, ээжийн нагац аав, нагац ээжээс өгсүүлээд бүх ах, эгч, дүү нарыг нь авгайлах нэр юм.
2. Бүл нь эх нэгтэй эгч, дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд. Тэр хоорондоо бүл бөгөөд бүлийн хүүхдүүдийг бүлээн, бүлээний хүүхдүүдийг бүлэнцэр гэх;
3. Хүү, охин хоёроо гэрлүүлсэн айлууд хоорондоо худ болдог бөгөөд худ ураг барилдсан айлын эзэд (эрэгтэйчүүд) бие биенээ худ, эмэгтэйчүүд нь худгуй гэж нэрлэнэ. Харин гэрлэгсэд эхнэр нь юм уу, нөхрийнхөө аав ээжийг хадам аав, хадам ээж гэж дуудах ба өөрсдөө бол хадам талдаа бэр, хүргэн болдог.


Монголчуудын угийн бичиг, гэрийн түүхийг үе дамжуулан хөтөлж ирсэн нь өвөг дээдэс төрөл саднаа мэдэх, түүний тогтолцоог хойч үедээ өвлүүлэн мэдүүлэх нэг арга болж байв. Гэрийн түүхийг үйлдэх арга маш нарийн журамтай. Зөвхөн хөвгүүдийн нэрийг түүнд бичдэг. Охид өөрийн удамд бичигдэхгүй үлддэг.
Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.



АЯНГАТ: Хэрэгтэй мэдээлэл оруулсан Байгальд гялайлаа. Би энэ талаар тун маруухан мэдлэгтэй хүн байлаа. Бөө болтлоо байдаг хэдэн ах дүүстэйгээ уулзалгүй лав 10 жил болсон байсан бөгөөд миний балчирхан байсан үеийг л санах хамаатны хүүхдүүд маань бас хүүхэд гаргаж том болсон бөгөөд бүр танихаа больтол тас өөрчлөгдсөн байсан шүү.

Эмээ маань байхад тал талаас ирж цай буудах бид  ах дүүсээ сайн мэддэг байлаа. Эмээгээ өнгөрснөөс хойш баяраар л нэг жилдээ уулзалдана. Гэтэл гадаадад олон жил яван бас баяр ёслолд сүйд болохоо байснаас хамаатан саднаа Үхлээ л гэхгүй бол очихгүй. Үхвэл очиж үзэгдэнэ. Ойрдоо хамаатнаас үхээгүй болохоор хамаг нүүр царайг нь мартсан байж билээ.

Эмээгийн талын Онгод шүтээн сэргэснээр бөөн л хамаатнаа таньсан бөгөөд хүүхдүүдээ ч танилцуулсан. Ямар сайндаа манай зээ өнгөрөхөд гэрт ирж туслах үеэл удганаа Танихгүй Ониго болохов. Би түүнийг балчирхаан нялх байхыг нь л харснаас томоо хүүхэн болоод борлогдоод одсоныг нь мэдсэнгүй. Сонссон ч үргэлж л балчир үе нь санагдан яг тиймээр бодогддог байв.  Гэртээ ороход Сайн байна уу гээд чухам нүүрмэг хөөрхөн цагаан хүүхэн ирж надтай золгоод үнсүүлэх гээд байхаар нь үнсээд л хаяв. Нөхөр ч бас надтай адил. Эргээд хот орох зуур сая гэрт байсан Хэн бэ танай хамаатан уу? Би л лав танихгүй байна гэж нөхөр асуухад Манайд ийм хамаатан байхгүй ээ гээд тас гүрийв. 

Хэн бэ ТЭР гээд л эрэн сурвалжилж хоёр тийшээ хөөж утасдаж байж манай хамаатныг нь тогтоож байж билээ. Яанаа яанаа яанаа. Бүр мөртөө ч үгүй  удам буулгах улаач охин байсан байгаам даа.  Түүнийг тодруулах хооронд  ёстой циииййррриййййн цииийрриийй хөгжим явсан байх даа бидэнд. Хэн бэ??? Сүүлийн үед хурим найр, ажил явдлаар хэнийх нь ч мэдэгдэхгүй хүмүүс ирээд хоол идээд, хулгай хийдэг болсон сурагтай гэж нэг нь хэлхэд Хэн ч харсан тэгж харагдахгүй л хүүхэн байсан гэж би хэлэв. 

Харин яг тийм цэвэрхэн, ганган байдаг гэнэ лээ гээд л чих эргээд дэлсэж билээ. Яанаа яанаа яанаа. Ийм л аймаар амьтад болсон байв шүү бид. Энэ байдал удаан үргэлжилсэн бол эмгэнэлт байдал ирэх Үнэн магадлал ойрхон байв. Миний дараагийн үеийн хамаатны хүүхдүүд маань  том болон насанд хүрсэн ч арай ч биднийг амьд арзайж байхад танилцаад суучихгүй ээ. Харин тэдний хүүхдүүд болон Гэгээний үеийнхэн маань насанд хүрэхэд бид мэтүүд чад хийж бусад үлдэгдлүүд нь удмаа мэдэхгүй балрах нь байна ш дээ. Ургийн бичгүүдээ үнэн зөвөөр дахин нягтлан Бүүр баараагүй болгож авах шаардлага байгаад л байгаам даа.

Хааахахахаха Тээр тээр тээр харав уу. Би амбаасан үеэс л миний үеэл дүү охин ээжийн талын өвөг дээдсээ буулгасан гээд донгосоод л байсан. Түүний ээж нь манай ээжийн төрсөн дүү бөгөөд нагац юм. Гэтэл энд БҮЛ гэж дууддаг гэсэн байх юм. ҮЕЭЛ БИШ БҮЛ байсан байна ш дээ. Яанооо одоо яаноо. Ийм л байгаад байгаам даа. Бас ч гэж нагац эгч гэж ганц үг мэддэг байсан нь овоо доо. Тэрнээс аягүй бол манай ээжийн, ээжийн бас нэг охины охин буюу ээжийн дүү эмэгтэйн охин нь гээд л балай авах байж шүү. Золиг гэж БҮЛ гэдэг гэжийш дээ. Бүл Бүл Бүл цээжлэв.

Эээээ хүүүдий гэж бас нэг юм байна.  Манай хүргэний ээж нь гадаадад амьдардаг бөгөөд жилдээ ганц л Монголд ирдэг. Тэр нөгөөх газрынхаа ёсоор хацар дээр гурав үнсдэг болохоор би үнсэхэд нь тоолохгүй бол нэг бол дутуудуулах гээд нэг бол илүүдүүлэх гээд хацраа өгөөд байдаг юм. Яаж зургаа үнсдэггүй юм. Тэгвэл тоогоо алдаад толгой эргэх биз. Би болон тэр эмэгтэйчүүд ч чухам л Худаа, Хайрт худаа гээд л майл бичдэг ш дээ. Тэгвэл одоо ХУДГУЙ минь ээ гэхийм байна ш дээ. эээ худгуйханууд минь дээ яаноо одоо яаноо. Яасан ч олон нэртэй юм бэ. Англи хэл биш монгол хэл сурсаар байгаад таарлаа. яанам билээ дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.