Monday, January 16, 2012

Гайхамшигтай залуустай Монгол мөхөхгүйд би итгэдэг.

Сайхантуяа: Залуустаа




Тэнгэр Монгол Газар өршөөг. Нэгэн зүйлийн талаар Өргөөнийхөнтэйгөө хуваалцахгүй бол давчдаад ер горьгүй нь. Миний бие энд суралцахын хажуугаар ойртож нөхөрлөсөн гадаадын андууддаа Монгол улс, үндэстнийхээ түүх, өвөг дээдсийнхээ бүтээсэн үйл хэргийг бардамнаж биш үнэнээр нь, одоогийн эмгэнэлт нөхцөл байдалтай хамтатган ярьдаг юм, боломж олдсон даруйд, хэдхээн хүнд ч болов зөв ойлголт төрүүлэхийн тулд. Эзэн дээдсийн нэрийг хэлж цээжээ дэлдэлгүй гүйцэтгэсэн гавъяаг нь тайлбарлаж өгдөг билээ, энэ нь ч тэдний санаанд нийцдэг юм. 

Саяхан Нигери, Австри 2 охин болон нэг Серби үндэсний залуутай ярилцсан. Хятад улсаас Монголд үзүүлсээр ирсэн дарамт, хорт санаархлыг хэлсэн даруйд Серби залуу туркүүдээс буюу Османы эзэнт гүрнээс Балканы хойгийн үндэстнүүдэд хэрхэн хэл, соёл, шашнаа тулгаж, уусгаж байсныг тайлбарласан юм. Турк амьдралыг сонгоогүй эр эм гэрлэвэл эхнэрээ Турк захирагчид эхний шөнөө илгээж шалгуулах, нэг хүүхдээ Туркийн армид заавал явуулах, бас өндөр татвар төлөх гэх мэт маш олон дарамттай тулдаг байж. Хэрвээ Турк соёлыг авч, турк маягаар амьдарвал мэдээж энэ бүгдийг хийх хэрэггүй болно. Иймээс ч олон хүн Турк болж байсан байх юм. 

Үүний дараа би дэлхий дээр 3 өөр улсад харъяалагдан амьдрагч Монгол үндэстнүүдийн тухай, тэднийг 2 талаас нь эдийн засаг, соёл уламжлал, үндэс угсаа гэх мэт бүхий л талаас нь дээрэнгүйгээр хяхан хавчигч хоёр гүрний тухай үнэнийг хэлэхэд товчхон ярьсан. Харин дараа нь Серби залуу: "Энэ хоёр том гүрний дунд ийм он удаан жилийн туршид ийм цөөхүүлээ оршин тогтносоор ирсэн ард түмэн үнэхээр гайхамшигтай хүмүүс байхаас аргагүй. Ер нь бол Орос, Хятадуудтай тоглохыг хэн ч хүсдэггүй" гэж хэлсэн. "Харамсалтай нь тэрнийг чинь бид бүх цаг хугацааны туршид хийж ирсэн юм даа, тийм учраас л Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрд сураад эх орондоо очиж хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм" гэж би хариулсан. 

Тийм ээ Монголчууд агуу байсан юм, гэхдээ одоо ямар байгаа билээ??? Монголд хятад хүний эзэмшил байдаггүй аймаг байхаа больсон шүү дээ. Хятадууд Монгол газар шороо, охид бүсгүйчүүд, алтнаас үнэтэй Монгол хүний амиар хэрхэн тоглож байна, хүчтэй нөлөөтэй гэсэн улстөрч бизнесмэн болгоны ард талд Хятад, Оросууд суугаад төрийн ордон, олон улсын хөрөнгийн биржүүд дээр жүжиг дэглэж байна. Цэвэр Монгол захиралтай, 100% Монголын хөрөнгө оруулалттай компани Монголд хэд байна вэ гэж оюутан байхдаа судалж байхад Статистикийн Үндэсний Хороонд энэ чиглэлээр хийсэн судалгаа байдаггүйг мэдсэн, би тэнд дадлага хийж байсан. Тэгээд одоо залуучууд, хөгшидийн ихэнх нь гадны соёлоор тархиа угаалгаж байна. Хөгшчүүд нь уламжлалт сайхан сургаалиа умартаад "Гүэ чи энэ Үн Жэ, Сүн Жэ, Нам Чол, Хан Пёл нарыг хараач" гэж савангийн дууриудын дүрүүдийг жишээ авах нь гомдмоор. Тэд хайр дурлал гэж уйлж гүйлдэхээс өөр хэрэгтэй юм юу хийдэг юм бэ???


Залуучууд нь брэнд стиль, "эмо донж", хард рок, ардаа амьдралгүй мэт Америк одуудын бөгсний амьдралыг ам уралдан ярьцгаагаад, хэдэн төгрөг олдвол өмсөх идэхийг урьтал болгох нь даанч замбараагүй ихсэж дээ. Түүнд зориулж байгаа ихэнх мөнгө нь мэдээж урд хөршийн эдийн засгийг илүүтэй хөгжүүлж, нөгөөдүүл нь өөрийнх нь амин оршихуй болсон үндэсний соёл, цус, газар нутаг, онгон байгалийг нь сүйтгэж байдаг гэдгийг ойлгоосой доо. Дайснуудаа тэжээгээд байдаг байх нь. Ингээд бодохоор хужаа нарын бодлого нь Туркүүдтэй харьцууламгүй жигшүүртэй. Адаглаад тэд ил хийж байсан бол, хятадууд...? ...наана халхавчтай, өөрсдийг нь өөрсдөөр нь устгачих гэсэн санаатай.

Хамгийн эмгэнэлтэй нь арганд нь автаад байгаад л оршино. Хэрвээ улс үндэстэн, ухаалаг, хүчтэй байсан бол яалаа ч гэж энэ аргад автах вэ дээ. Энэ гутамшигт байдлаас гарах арга зам нь Монгол хүн бүрийн үндэсний үзэл, түүнийг хайрлах хайр, Мөнх Тэнгэр шүтлэг байх юм байна.
Адаглаад сонгуулиа зөв өгчих хэрэгтэй юм, эхний ээлжинд, хүн болгон үүнд хариуцлагатай хандах ёстой. Залуучууд ялангуяа.

Тэгээд дор бүрнээ л бодох хэрэгтэй. Бодоод ч зогсохгүй хийх хэрэгтэй. Настан буурлуудынхаа зөв, тулхтай сургаалийг сонсож, үйлдэл бүрээ улс орныхоо эрх ашигтай нийцүүлж байхад оршино. Энэ чинь жижигхээн юмнаас эхэлнэ шүү дээ. Адаглаад л гудамжинд хогоо хаяхгүй, зугаалгаар явахдаа хэсэгхэн газрын хогийг өөрөө хаяагүй ч цэвэрлээд явж байхад болно. Нүүдэлчин аж ахуйтайгаа боломжийн хэрээр танилцахыг хичээх хэрэгтэй. Би л хувьдаа хөдөө хамаатан байдаггүй болохоор зуслангаас цааш хэтэрч үзээгүйдээ одоо маш их харамсдаг. Дараа зун Монголд очихоороо танихгүй ч хамаагүй хөдөөний айлд очоод "Зиа надад малчны мянган ухаанаас ганц хоёрыг нь ч хамаагүй зааж өгнө дөө" гээд хэвтчихнэ дээ. Хэвтэнэ гэнэ дээ. Хэвтэж байж юугаа ч сурахав. Хурганд гүйнэ. Нээрээ тэгнэ.

Монгол бүжгээ ч ганцыг атугай сурч, аман хуураа ч болтугай аялуулдаг болохыг хүсч байна. Оюун ухааны музейгээр дахин орно. Юу ч байсан хамаагүй, жижиг ч байсан хамаагүй, хамгийн гол нь чиний үйлдэл Монголоо гэсэн "ХАЙР"-аас гарсан байвал тэгээд л болоо.

Чи электро сонсож болноо, эмо өмсөж, харх шивүүлсэн ч болно. Тэглээ ч морин хуураа сонсоод биширч, Монгол түүхээ уншаад уяран хайлж, гадаадын хэнбугай ч чиний үндэс язгуурын тухай, чиний Монгол оршихуйн тухай асуухад бахархал, бас ҮНЭН дүүрэн хариулт өгч чаддаг байх хэрэгтэй. Магадгүй анзаараагүй байж болох юм, гадаад зураг дуу үзэж, гадаад хувцсаар бигнүүлж өссөн чи өөрийгөө Монгол ОРШИХУЙ-тай гэдгээ. Үнэндээ чи Монголоор сэтгэж, Монгол нүдээр ертөнцийг хардаг. Гайхалтай ялгаатай байдаг юм шүү, Монгол сэтгэхүй гэдэг. Хэлээр чинь, хүмүүжлээр чинь дамжиж тархинд чинь цусанд чинь шингэсэн байдаг юм.

Гадаадын соёлыг мэдээж сонирхож болно, нэмээд би хэдийг санал болгосон ч дуртайяа, гэвч чи түүгээр битгий амьдар, Монгол Монголоороо үлдэх нь гайхалтай сайхнаар ч барахгүй сайхан хэрэг.

Барууны соёл, амьдрал удаан наслахгүйг, бие биенээ хөнөөсөөр дуусахыг эд нар өөрсдөө ч мэдрээд эхэлсэн шүү. Гагцхүү баян орны, зугаа цэнгэлээр ашиг хонжоо хийгсэд энэ бүхнийг дарж, наргиан цэнгээн, задгай, ёс суртахуунгүй бүхнийг хэтэрхий их мөнгө хаяж рекламдаж байгаа л болохоос. Ухаантайнууд нь дэлхийгээ хайрлая, байгалиа хамгаалъя гээд санаа зовниод эхэлчихсэн, даанч арга замаа олохгүй байгаа юм хөөрхийс, байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялагаас хэтэрхий хараат амьдралаасаа татгалзаж чадахгүй сандарцгааж байгаа юм чааваас.

Газрын тос маргааш гэхэд дуусвал, бүх нүүрс дэлхийн гүн рүү нэгхэн өдрийн дотор сорогчдчихвол нөгөөдөр Крис Браун гудамжинд хичнээн сайхан бүжиглэлээ ч, Селин Дион хоолойгоо сөөтөл дууллаа ч бараг л өлсөж үхэцгээх байх. Европ, өндөр хөгжилтэй орнууд бүгд замбараагүй болно, нэг үгээр амьдрал нь зогсоно. Энэ айдас бүх улс гүрнүүдэд байдаг ч Заснийн газрууд энэ аймшигт явдал өөрсдийг нь амьд байх үед болохгүй гэсэн аминчхан тайвшралаар сэтгэлээ зогоогоод асар их мөнгөний шуналд хууртагдан ард түмний тархийг аль болох өөр зүйл, улс төрийн ашиггүй хэрүүл маргаан гэх мэтэд хандуулахыг хичээж байдаг. Эдний залуусын ч ихэнх нь зорилгогүй, сурах сонирхолгүй, улсаас өгсөн мөнгө, ээж аавынхаа тусламжаар идэж ууж наргиад байж байдаг. Энэ нь ч засгийн газарт нь ашигтай. Нэг үгээр хэлэхэд, маанагуудыг мангууруулан удирдах нь хялбар байдаг шүү дээ. Би ихэнх нь гэж хэлсэн шүү, бүгдээрээ биш. Тэднийг харахдаа би, дүнгээ гаргуулах гээд гүйж байгаа дундаж сурлагатай хэн нэг оюутан Монгол залууг дүрслэн бодож түүгээр бахархдаг юм. Материаллаг байдал, өмсөх эдлэх нь мэдээж харьцуулашгүй ялгаатай ч үнэндээ эднийг их дуурайвал мөхөл рүүгээ явж байна гэсэн үг. Аальгүйгээс хамаргүй нь дээр гэдэг дээ.

Гэх мэт наадах цаадахаа бага зэрэг тунгааж үзвээс, гадаадын тархи угаалтыг биш уламжлалт зан заншлаа ойлгож, өөртөө хэвшүүлэхийг хичээсэн нь өөрт чинь л тустай юм.

Ердөө л таван үг оруулах гэж байснаасаа давраад олон юм бичжээ. Миний бие өөрийн зовнилоо, түүнд ногдуулсан арга замтай нь сийрүүлэх гэж хичээлээ. Алдаж эндсэн байх аваас харамгүй шүүмжлээрэй. Болгооно уу.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.