2011 оны 12 сарын 1 нд.
Яг нэг жилийн өмнө морин цагтаа эгэл жирийн хүний амьдралаа орхин Улаач хэмээх алдрыг авах ёслолын өдөр байлаа. Энэ өдрөөс би эгэл хүнээ байж эрх чөлөөт амьдралаасаа хагацан эгэлгүй нэгэн заяатайгаа эвлэрсэн өдөр билээ. Миний удмын өвөг буурлууд минь өргөө гэртээ анхлан буусан гайхалтай өдөр юм.
Багшийн маань эжий намайг урд өдөр нь сайн унтаж амран, биеэ бэлтгэх, хоол ундаа сайн идэхийг захьсан бөгөөд ажил гэж хариасаар яваад дөнгөж өмнөх өдөр нь л угаалга хийлгэн эгэл нэгэн байхдаа хийсэн бүх л бузар буртагнаасаа салсан юм. Бөөгийн ёсоор угаалга гэдэг бөгөөд миний бодлоор бол хорхог болж байна л гэж бодсондог. Надад энэ угаалга ер таалагдаагүй бөгөөд халуун ууранд утагдаж, их муухай олон рашаан ууж, үхэтлээ гэдэс дотрохоо юултэл бөөлжсөн. Энэ угаалгыг маш болгоомжтой мэдлэгтэй хүн хийхгүй бол түлээд алчихсан тохиол олон гардаг гэж сонссон. Ааааа муухай муухай муухай, хүсэх юм биш, надад огт таалагдаагүй. Гэтэл энэ яваа нас хүртлээ хичнээн их бузар үйлдсэн тэр бүхнээ ариусган байж Буурлуудаа залах ёстой гээд байдаг ёстой нэг шог бөгөөд хатуухан давааг арай гэж туулсан даа.
Би бүтэн гурван сар юмаа бэлдсэн байж л тэр ёслолын өглөө нь ч амжаагүй цамцныхаа товчыг хадаж, өмдөндөө резин сүслэж байлаа шүү дээ.
Шөнө ёстой нойр хүрдэггүй юм байна лээ. Зүрх түгшээд л айх, гайхах, баярлах бүх юм давхцаж хөрвөөсөөр унтсангүй. Орой нь ээж дүү нар ирж манайд хонон, өглөө нь нагац эгч нар ирсэн бөгөөд цай цүү, идээ будаа гээд л ирвийж дэрвийхээрээ гүйлдэв. Би тусдаа зургаан ханатай гэр барин гэрээсээ тусгаарлав. Нөхөр өглөө эрт зайран хүүтэй маань Багшийг залж ирэхээр явав. Багш ирээд манай онгодуудыг шоолон ярив. Хар өглөөгүүр манай нөхөр очоогүй байхад л Багшийнд оччихсон яасан удаан юм бэ? хурдлаасай гээд л уйлчихсан явж байсан гэнэ манай хоёр Онгод.
Хэрвээ тэр өдөр аавын минь удмынханаас нэг хүн ч гэсэн байсан бол ямар их баярлах байсан болдоо. Ердөө дүү бид хоёр л аавын ясны бүлтэрхийнүүд байлаа. За тэр ах дүүс нь ёстой сураг үгүй, дүрс үгүй талийсан даа. Ёстой Баба амьтад. Ухаанд нь ухна ишиг биш бүр тэмээ унасан тэнэг амьтад. Хүн чанар нь хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй амиа бодсон арчаагүй хүмүүс. Өмнө нь хэлээгүй биш хэлэхийн дээдээр хэлж, харахын дээдээр харсан боловч тэд өөрийн өвөг дээдсээ өчүүхэн төдий ч тоож хараагүй юмдаг. Нэг хүү л харин гадаад яваагүй бол ирэх байсан байх гэж боддог. Даанч тэр гадаад явчихсан юм.
Миний өвөг дээдсүүд минь өөрийн үр хүүхдүүддээ гомдохын дээдээр гомдсон ч намайг зовоохыг хүсээгүй юм даа. Нагацууд болон нөхрийн минь найз ирж оролцсон юм. Мөн Чу Мэргэний улаач надаас сарын дараа босох тул туршлага судлахаар ээжтэйгээ ирсэн билээ. Морин цагт эхлэх байсан ч нааш цааш гүйлдэж, таваг тариагаа зассаар их цаг авав. Үгүй ядахдаа л хэвийн боовнуудтай тэр том том тавгуудын голд нь хийх юм олддоггүй юм байналээ. Манайхан өөрсдөө идээ будаагаа захиалсан бөгөөд онцлог, зэрэг дэв, юу юу ч гэнэв байдаг гэсэн. 5 эгнээгээр 9 үе идээ засуулахад л худалч хүнд дотор нь хүүхэд нуугдчихмаар зай гарах юм билээ. Баахан талх малх авчирч байж битүүлсэн ш дээ. Тэгээд дахиад 4 эгнээ 7 үе, 3 эгнээ 5 үе гээд тавагнууд нь бараг шуудай боов голд нь асгахаар зай гардаг хачин ядаргаатай юм байна лээ. Хоёр хонины шүүс гэсэн чинь тэр нь уг хонинуудаас арьс нь л ороогүй. Яаж арьсыг нь чанаад доор нь дэвс гээгүй юм. Хоюулаа ЭВЭРТЭЙ бор халзан гэж захиалснаас болж Эвэртэй Бор Халзан хонь хайж хотыг хэд тойрсон шүү. Эвэртэй хониор яадаг байнаа гээд л би шоолж байлаа. Чанахдаа маааш их маягтай. Хатгаж болохгүй, шүүрхий чанаж болохгүй, Ялз чанаж болохгүй, бүх юм нь бүрэн бүтэн байна гэсий ш дээ.
Лав нэг хонины шүүс нь тэр чигтээ Амбагай Хааны өмч байсан байналээ. Учир нь сар гарны дараа манай багшийн шавь нар нийтийн Бөөлөө хийх үед манайхан хүйтэнд бид явахгүй гээд яваагүй. Харин нэг багштай миний хүү бөөлөнд явахад Амбагай Хаан энэ хишгийг өргөж байна гэж хэлээд нийтийн бөөлөөн модонд өргө гээд явуулсан юмдаг. Би Ард Аюушийг ёстой бишрэн шүтэгч бөгөөд тамлуулсанг нь сонсоод өмнөөс нь миний яс өвддөг бөгөөд ёстой яаж тэсч гараа вэ? ямар аймаар вэ гээд л магтаж өгдөг байв.
Гэтэл Амбагай өвөг гомдсон бололтой. Өөрийн удмаа мэдэхгүй байж үргэлж өрөөл бусдынхыг магтан шагширах юм даа. Модон илжгэнд хадуулж үхэхдээ Ёо гэж би дуугараагүй юм даа гэж надад үг хаясан. Гэвч би модон илжиг гэж юу байдын мэдэхгүй юм чинь яахав дээ. Өршөөгөөрэй л гээд өнгөрсөн.
За тэгээд л идээ будааг бол хангалттай сайн бэлдэж өгсөн дөө.
Би Яанаа Яанаа Яанаа гээд л гарч ороод гүйгээд байв. Дахин дахин жорлон ороод л шээх гээд ч байгаа юм шиг хирнээ байхгүй шүү. Хаашаа зугтахаа мэдэхгүй хариагаад л байв. Багшийн ээж намайг тайвшир гээд ядахдаа суугаад нэг аяга цай уучих гэв. Уух гэсэн дотор чичрээд л айгаад хариагаад л байв. Би хаашаа зугтаахаа мэдэхгүй л байв. Гэр, өргөө хоёрынхоо хооронд баахан гүйлээ. Цаг боллоо хурдал, Морин цаг дуусах нь байна хурдал гэв. Бараг л арван минутын өмнөл амжиж ажлаа дуусгав.
Багш түшээтэйгээ, Зайран хүү түшээтэйгээ хоёр талд сууж, Би голд нь тонгочоод л байв. Яанаа яанаа яанаа гээд л тогтож чадахгүй хөл гүйх гээд байв. Тэд бөөлж эхлэн би голд нь байж л байлаа. Хуягаа өмсөх болоогүй гээд. Багшийн буурал буугаад миний хуяг бусдыг амилуулж өгөөд надад өмсгөв. Тэгээд: За битгий нисээд алга болчихоорой сайн биеэ барь дээшээ хөөрч болохгүй, Онгодууд чинь аль хэдийн хөллөчихсөн байна гэв. Би тогтож чадахгүй тонгочоод л, хөлийн хуруунууд хумиралдаад л дэлгэгдээд, хоёр хөл дээрээ дэгэн догон гээд л, өндрийн хариалтанд оролцох тамирчид хөлөө санжигнуулан бэлддэг шиг л байв.
Би нөгөө хий үзэгдлүүд чинь хаанаас миний биед орж ирэхнэв, өвдөх болов уу яах бол, зайран хүүгийн анхны уг барьдагтай адил уурсаад сэгсчээд хаях уу, үеэл шиг л уйлаад унах юм болов уу гээд л бодон, нөгөө хэдэн хий үзэгдлээ харчих санаатай хайвч харагдах юм алга. Гэрийн нөгөө талд бөөн концерт үзэхээр цугласан хүмүүс харах шиг болж байна. Тэднээс ичин би хаашаа зугтаахаа бас бодно. Багш намайг битгий дэмий юм бодоод бай хэмээн зандрав. Угаасаа багшаасаа гөлөг болдог би юм бодохгүйг хичээв. Тэгсэн ч орж ирээд л байв. Хуягаа өмсөв. Тэргүүнээ өмсөв. Гарт хэнгэрэг бариулахад л Үкэ энэ чинь тэгээд ямар дуу оруулах юм, юу гэж хэлэх юм. Хаашаа харж бөөлөх юм. Хэд цохих юм. Чанга уу, Сул уу, тэр хэнгэрэгний чинь голд нь цохих уу, хажууд нь цохих уу гээд л мэддэг нэг ч юм алга. Багш юу ч бүү бод, биеэ хэтэрхий бариад байна гэж байв.
Би хэнгэрэг нүдэхдээ Багш болон Хүү зайран хоёроо дууриан хэмнэлийг нь дагуулан байв. Гар маш их чилэв. Би чадахгүй нээ. Энэ хэнгэрэг яасан хүнд юм бэ? Тэсэхгүй нь гэж бодож байтал яваандаа гар хөнгөрч өөрөө л нүдээд унав. Тэгснээ л амьсгаа дээрдээд л аахилж уухилаад л, цээжээ савчаад л зодоо хийх гэж байгаа амьтан шиг таахалзаад унав. Нэг мэдэхэд газар суусан байлаа. Миний нүд аниатай л байв. Би бодлоо. Яасан ичмээр вэ. Намайг нөгөө хүмүүс харж байгаа байхдаа гэж бодтол миний гар хэнгэрэгний орвуугаараа толгойг минь түн хийтэл тоншоод авав. Яагаад миний гар надад захирагдахгүй намайг өөрөө өөрийгөө цохиод байнаа гээд л гайхав.
Гэтэл үеэлийн маань архаг түшээ энэ өдөр манай буурлуудад үйлчлэн Манзаа барина уу гээд л цай өгөв. Би авах гээд гараа явуултал тэр аягыг нь цайтай нь түлхчив. Тэгтэл тэд надад аягаа голоод байна томхон аяга гээд том зэс аяганд өгтөл бас л шидчихэв. Айраг өгөхөд айраг уув. Цай дахиж өгтөл уучихаад Аягаар нь тоглох шиг болов. Гар дээрээ эргэлдүүлээд циркийн жүжигчин аятай. Түшээд аягаа сарвайтал тэр авах гэв тэгтэл өгсөнгүй бас л гарыг нь нааш цааш явуулан тохуурхаад аягаа эргэлдүүлж гарав. Тэгээд л өнөө муу аягыг минь дахин шидэж гарлаа. Маш муу, мөнгөн аяга, хулхи хуурмаг, жин багатайд уурссан гэж сүүлд нь над тайлбарласан.
Тэгээд л цээжээ дэлдэн, цээжээ сэгнэгнүүлэн хэсэг сүр үзүүлэв. Ирсэн Аяга болгоныг гартаа жигнэж үзэн эргэлдүүлээд л голж шидлэнэ. За тэгсээр хичнээн литр юу юу ч уугаад хаясан юм бүү мэд. Би энэ бүхнийг мэдээд байгаа хирнээ л ховсдуулсан мэт болж, хөдөлгөөнөө хянаж чадахгүй байсан. Дараа нь хуур авчруулан хэдэн ая тоглов. Гэнэт би яг биендээ эзэн болон хөдөлгөөнөө, аашаа захирч мэдэв. Ингээд л малгайгаа авч хаялаа. Би үүд рүүгээ харан түмэн олон намайг хараад байна л гэж бодож байтал хойморлуугаа хараад суучихсан байжээ. Намайг бүрэн сэргэж тэргүүнээ авахад Багшийн Буурал болон, Хүүгийн Буурлууд сууж л байв. Гэтэл миний давсаг хагарангаа алджээ. Хичнээн ч их юм уусан юм. Шалавхан хуягаа тайлж шидээд л гэр лүүгээ харайсан юм даа. Миний хамгийн анхны Бөөлөө нэг иймэрхүү болсон.
Багшийн түшээ ээж олон жил Буурлуудыг ажсан болоод ч тэр үү, "Яаая эвгүй байна шүү. Эвгүйдвэл танайхан сүйд хийж магадгүй юм байна. Цээжээ хаялаад л данхалзаад байна яасан омог бардам юм бэ? Удган хүнд бууж байж. Ихэнхи Удгадынх буугаад уйлж унжаад хүүхдүүдтэйгээ золгоод маш уян байдаг юм. Танайхан бол дайрлаад л цохичих гээд л байна" гэсэн боловч би яаж мэдэхэв дээ. Лав л миний биеийг сэгсэгнүүлээд байхаар нь хувцас нь таалагдахгүй юм уу барьсан юм болуу л гэж бодсон. Яг л юу болж байгааг мэдсэн хирнээ ховсдуулсан мэт болж, өөрийн ухамсаргүй үйлдлүүд л хийгээд байгаа мэт, өөрийн хүслээс гадуур өөр юм хийгээд байгаа мэт л мэдрэмжүүд эхний үед байсан даа.
Энэ өдрөө би эргэн санасан учир дурслаа. Энэ өдөр нөхөр маань Арабын орон руу хоёр долоо хоног явахаар гарсан өдөр. Гэгээн аавыгаа даган орилж бөөн юм болов. Би бас нус нулимстайгаа хутгалдав. Хүний газар хоюулхнаа үлдэх чинь хөгийн юм байнадоо. Монголд байхад би нөхрөө дагаад уйлаад байдаггүй байсан юм. Тэр их олон оронд байсхийж байгаад л явах тул бүр сурсан байв. Хэзээ ирэх юм, Хаашаа аль орон явна гэлээ гээд л мартчихсан тууж явдаг байлаа. Харин энд хүний газар бид хоёр хоюулхнаа үлдэнэ гэдэг аймаарийн аймаар юм байна. Гэгээн жаахан байж байгаад л "одоо нөгөө хоног дууссан уу. Ингээд дуусахаар ирнэ тээ" гээд л хуруугаа нугалан харуулна. Нэг хоногт 24 цаг байдаг юм шөнө болоод нэг хуруугаа нугална гэсэн боловч одоо болсон уу гээд л асууна. Шөнө болж чи унтаагүй биз дээ??? Би унтдаггүйн ш дээ ээжээ, унтдаггүй болохоор шөнө өнгөрчихсөн юм биш үү гэнэ. Түүний арван хуруу нугарч дуустал өдий байнаа.
Түүнтэй би ярьж тайтгаруулсаар арай гэж дуугүй болгоод нетэд ортол надад бөөн төрсөн өдрийн мэнд ирсэн байв. Ингээд би БӨӨ болоод Буурлуудтайгаа уулзаад нэг жил болж байгаагаа мэдэв. Чингисийн гэрийхэнтэйгээ чатлан баахан нетээр дуу дуулан, бүжиг хийж, ярьж инээж Буурлуудынхаа нэг жилийн ойг нь ёслол төгөлдөр тэмдэглэв. Гэгээнийг унтсаны дараа өргөөндөө орон Буурлуудтайгаа уулзан ярилцлаа.
"Мангар охин нь та нартайгаа учраад яг нэг жил болжээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Энэ нэг жилийн хугацаанд би маш их юм хийжээ. Энэ бол Та нарын минь заасан буян. Мөн би их юм ойлгожээ. Та нар байгаагүй бол би ийм их юм бүтээж амжихгүй байсан. Мөн та бүхэн минь надад чин сэтгэлээсээ хайртай олон найзтай болгож өгсөнд туйлаас их баярлалаа. Мөн та нарынхаа буянаар нэг сэтгэлтэй, нэг зорилготой, Монголдоо хайртай яасан олон сайхан хүнийг Чингисийн гэртээ болон Монгол Тэнгэр Үнэн ТББ д нэгтгэж чадсандаа хамгаас их баяртай байна.
Мангар охин чинь хэрэв үүнээс их мэдлэг боловсролтой, нас залуу, чадал тэнхээтэй байсан бол та нарт мөн ч их үйл бүтээж өгөх байлаа. Өөрийгөө ихэд би голж байна. Та нар минь яасан ч өрөвдөлтэй юм дээ. Нэг жил болж байхад чинь би та нарыгаа баярлуулчих сайхан таваг ч засаагүй байнадаг. Бүр таг мартсан явж шүү. Монголд байсан бол ядахдаа Баранд орохгүй юу гэтэл инээд алдав. Нээрээ бар жаахан тийм билүү. За тэгвэл галын наадам хийж дэвхцэхгүй юу, эсвэл нээг сайхан концээрт үзэхгүй юу? Нөхөр яваагүй бол нээг сайхан япон хоолны газар ордог байж уу гэвч нөхцөл байдал ийм л байна. Удахгүй та нарын үйл хэрэг бүрэн хэрэгжиж сэтгэл амар болно гэдэгт итгэж байна" гээд л ярьж гарлаа. Гэтэл энэ нэг жилийн ойгоороо тэр өдөр буусан бүх онгодууд бууж ирсэн чамайг харан хамт байлаа гэв. Миний нулимс урслаа. Би яг л тэр нэг жилийн өмнөх ямар их будилж яаж их ОО гүйн харайж байснаа санасан бөгөөд надад анх буун намайг дасгалжуулж байсан Онгодууддаа би их хайртай байсангаа бас санаж байгаагаа хэлэв.
Тэд бас намайг санадаг, хайрладаг, бас элгээ хөштөл шоолдог байснаа дурсав. Миний анхны Онгодууд Гургалдай хатан, Дорнын Их хатан, Ховч шивэгчин, Туркан Хатан, Хубилай Баатар, бас намайг сунгалт хийлгэж, суниалгаж турааж өгсөн нэгэн баатар, миний Дорж өвөг, аавын минь Аав, Ээж хоёр, Домч эмээ, Аавын маань хамаатан жаргалтай баян мэдэв үү гэж хэрүүл хийдэг эмээ энэ хэдээ ихэд саналаа. Жаран гарагт бүрэн биежүүлэх даалгаврыг энэ хэд маань хичээн зүтгэсээр 15, 6 өдөрт л биежүүлчихсэн дээ. Хорь дахь гарагт буусан шалгалтын Хатан эжий бүрэн биежсэн байна. Одоо өдөрт нэг бууж болно хэмээн албан ёсоор зарласан.
Энэ хугацаанд удмын маань өндөр дээдүүд ээлжлэн буугаад мордоход бусад үед нь дээрхи онгодууд маань намайг сургаж суралцуулдаг хичээллэдэг байв. Дуу дуулуулж сургах, хараатай, хуяггүй бөөлөх, гэртээ чөлөөтэй явах, түшээгүй рашаанаа уух, өргөөгөө цэвэрлэх гэх мэт бүх л үйлүүдэд сурган миний биеийг дасгалжуулсан юм. Нэг үгээр хэлэхэд Тэнгэр ээж болон, Тэнгэр эцэг бууж ирэх бүх бэлтгэл, Хааны буухад үүсэх асуудлуудыг нь бүгдийг зохицуулан бэлдэж өгсөн юм шүү дээ. Би тэдэндээ их хайртай. Ямар инээдтэй, ямар их хүнд бэрхийг туулсан гэж санана. Тэд маань албан бөөлөөний цагаас бусдад нь миний сүнсийг сугалаад л бэлтгэл хийлгэн бөөлүүлдэг байсан. Яг энэ тоогоороо бол би өдөрт зургаагаас илүү бөөлдөг байсан гэдэг. Шөнө ч бас бөөлнө. Шуурхай явсандаа. Хөгшин улаач намайгаа машид хайрлан есөн шидийн ядаргаагаар дараагүйд нь баярлалаа. Нэг жилийн хугацаанд маш их ажил амжуулсандаа баяртай байна. Тэнгэрт Буурлууддаа баярлалаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.