Бүү нар буюу Тийрэнтсэн бөө нар
Хий биетэй хийсгэлэн дүртэй бүхэн нь
Онгод болоод Сахиус тэнгэр биш юм.
Өөрийн хүслээр, өөрийн шуналд автаж
Газар дэлхийн зааганд хоригдсон
Олон, олон хар санаатнууд
Олон, олон алдсан хүмүүнийг
Отон байж сорогч нар оршин байдаг.
Түүнийг нь үрсүүд нь
Тийрэн чөтгөр, шулам хэмээн нэрийдэж
Өвөг Буурлууд бид
Бугшмалууд хэмээн нэрийдсээр иржээ.
Тэд нар нь Онгод Тэнгэр адил
Үрс ахуйн биед дайран орж
Оюун бодлыг нь сорьж
Өөрийн дур хүслийг
Тэрхэн хүмүүний биеийг
Ашиглан байж хангадаг.
Ингэснээр ивээлт үрс болоод
Тамгат үрс, улаач үрс бүгдээр нь
Бодол санаа нь солиорч
Бие эрхтэн нь өвдөж
Удам судар нь гундайж
Хар муу бүхэнд
Хавьтан ойрсдог билээ.
Тийрэн сүнснүүд нь
Тархи оюуныг нь
Унтуулан гудайлгаж
Шунал хүслийг нь бадрааж
Дур тачаалыг нь сэдрээж
Амьтан адгууснаас долоон дор болгож
Алив бүхэнд мууг сэтгэдэг болгож
Хүмүүн биеийг золигт гарган
Үр удмыг мөхөөж
Удам судрыг гундаах бүхий л
Хар үйлийг урланам.
Хэрэвзээ өөрийн алдхан биедээ
Онгод, Тэнгэр бус өөр зүйлийг нь
Урин дуудаж хэнгэрэг хэц нүдэж
Ямарваа нэгэн хар үйл үйлдэж ирсэн
Үрсүүдийг Бүү үрс хэмээн нэрлэж ирсэн бөгөөд
Өвөг Дээдүүд нь харин эртний хэл заншилдаа
Бүү үзэгд хэмээн түүнийг нь
Жигшин хөөн зайлуулж ирсэн.
Бүү үрс буюу Бүү Үзэгд нар нь
Удам судрын нэрийг гутааж
Ураг төрлийн холбоог тасалж
Алдхан биедээ арвинтай сархад хүртэж
Хөнөөх бүхий л зүйлээр хөнөөж байгаад
Хамаг сүүлд нь өөрийн биеийг нь золигт өргөдөг.
Түүний сүнс нь
Хоёр ертөнцийн хооронд хавчуулагдаж
Мөн л адил хар сүнс болон тэнэн хоцордог.
Энэ нь дараа, дараагийн үрсүүдэд
Улам гай яршиг тогтоож
Тийрэн хэмээхийн тоог нэмж байдаг.
Ийм Бүү сүнснүүд нь өнөө цагт
Харалган бодолтны биед шингэж
Харанхуй бүдүүлгийг нь ашиглан
Сурсан үзсэн болон
Өвгөд Буурлуудын нэрийг барьж
Шидийг ашиглаж олон түмний
Итгэл сэтгэл, айдсыг урхидан авч
Өөрийн сонирхол ашгийг нь хөглөж
Тийрэн Бүүнүүд нь төрөн
Тийрэн тэнгэрийн бөө нар хэмээн
Тэнэгээ гайхуулан мулгуутаж
Өвгөд Буурлуудаа шившиглэн
Удам судраа бузарлан
Өөрсдийгөө нэрийдэж байгаа билээ.
Үрс олон сонордох юм бол
Бөө гэдэгтэй ижил боловч
Аялга дуудлага нь
Монгол бичигт адилхан боловчиг
Утга агуулга нь Бүү эргэн битгий ир
Утгыг дахин агуулж байдгийг санатугай.
Буруудаан хөтлөгдсөнийг нь Бүү хэмээн
Зөвдөөн хөтлөгдсөнийг нь Бөө хэмээх болой.
... за гэх мэтээр бидний тайлбарлах гээд л мунгинаад бие биеийгээ харааж зүхээд өөр хоорондоо хэрэлдээд байгаа бүхнийг Дээдсүүд маш тодорхойгоор тодорхойлолтуудыг нь хэлж түүгээр удахгүй БӨӨГИЙН ТОВЧООН гэсэн ном минь мэндлэх болно. Өвгөд Буурлуудын хэлсэн онолууд дээр би өөрт учирч буй нүдээр үзэж байгаа баталгаануудаа хавсарган баталсан тийм л нэг ном маань он гаргаад мэндэлнэ дээ. Заавал бөө гэлтгүй түмэн олон үүний учир шалтгааныг мэдэж байвал бөө нарт толгой нь эргэхгүй, өөрсдөө эрүүл ухаанаараа дүгнээд бөө нараа дүгнэж, тэднээс хариуцлага шаардах эрхтэй болно. Бөө нэрийг хүртвэл Тэнгэрийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.