Saturday, November 16, 2013

Улаач таллах буюу бүтэн буух учиг

Улаач таллах буюу бүтэн буух учиг

Ухаан санаа таллан буух нь
Улаач үрийг сурган буй билээ.
Өвгөд Дээдүүд нь 
Улаачийн ухааныг бүрэн таслах аваас
Хэлэх үг нь эргэн тойрон үрд л байхаас
Энэхэн улаачид нь багахантай шингэдэг учир
Таллан бууж давхар сургадаг.


Олон, олон Буурлууд нь ийм л үйлийг хийж
Ухаан санааны талаа
Улаач үрд нь үлдээн байж
Хэлэх үгээ захиж
Хийх үйлдлээ үзүүлж
Сурган хүмүүжүүлж байдгийг
Улаач үр анхааран ажиж
Тогтоон авч учиг бүрийг 
Нэхэн нэхэн санавал зохилтой.

Улаачийн ур ухааныг таслан байж
Өндөр Тэнгэрт одуулан
Их тэнгэрийн хуралдай
Эрхэс тэнгэрийн оршихуй
Хий бие хийсгэлэн дүртийн
Таван тивээр аялуулж
Энэхэн биед нь Онгод Буурлууд тухлаж
Өөрийн ухамсар холхид одох олон үйл буй.

Эрхэс Тэнгэрийн зарлигийг сонордоход улаач
Ихэнхдээ өөрийн биеэс гарч
Өндөр тэнгэрийн хуралдайд 
Хүндэтгэл юуг үзүүлэн байж
Сонорддог бөгөөд энэ л үйлийг нь хийж сурах гэж
Хий бие хийсгэлэн дүрийнхээ бодол оюуныг хөвчилж
Өөрийн биеэс холдсон хий дүрээ биежүүлж
Ухаан санаагаа тэгшрүүлж
Орших олон сүнсэн ертөнцөд
Өөрийн биеэр юу хийж, яахин явж байгааг ухааран мэдэх нь
Улаач биежиж буйн шинж нь тэр билээ.

Улаач биежихэд өвгөд Буурлуудаас 
Их хугацаа шаарддаг учир 
Яаруу сэтгэлт улаач нар түүнийг
Хурдан хийхийг хүсэж
Хурдан тасрахыг мөрөөдөж
Хий бие хийсгэлэн дүрээрээ 
Онгод Тэнгэрийн орчлонгоор 
Аялан явахыг мөрөөдөх нь олонтоо.

Гэвч үүнийг хийж сурахын тулд
Өөрийн биеэ тэгшлэж
Бодол оюунаа зөвтгөж
Ёсонд суралцан
Зүйг ухаараад
Өвгөдийн шидийг биедээ шингээж
Өөрийн сүнсээ бөхлөж аван байж
Энэхэн үйлийг хийдэг нь ёс билээ. 

Улаачийн сүнс бие нь биежээгүй үед нь
Онгод Тэнгэр, хий биетний
Орчлон дэлхийгээр аялах аваас
Үзэх харах их юмтай ч
Аминд цөвтэй байдаг билээ.
Үүний учиг гэвэл
Хар тийрэн, чөтгөр, албин гэдэг нь
Энэхэн сүнсийг олзолж барьж идэх аюул буй.

Хэрэвзээ барьж идвэл
Дөнгөж мэндэлсэн үр адил бяцхан сүнстэй болоод
Энийг нь эрлэг эцэг тордон авах 
Арга үгүй байдалд унадаг учир
Улаачийн бие энэ цагт үхжинэ.

Олзлогдсон олон улаачид
Бөөлөөнийхөө дараа сэрж чадалгүй
Бүтэн хорвоогоо орхиж
Хүмүүн заяанаасаа хагацсан
Олон олон учиг буйг 
Улаач үрст сануулъя.

Удаахдаа ёсыг алдаж зэмлэлийг хүртэж
Хөх Мөнх Тэнгэрийн оронд нь зочилчихоод
Хөөрүү зангаа дарамгүй
Хүндэтгэл ёсыг мэдэмгүй
Өвгөд Буурлыг хүндлэлгүй
Өөрийн ихээр аашлах аваас
Хар гэрт хоригдож 
Хэд хэдэн хоногоор ухаан үгүй самуурч
Энэхэн махан бие нь
Хүчгүйдэн сульдан хэвтэж байдгийг 
Сануулах нэгэн учиг буй.

Эрлэг тивдээ аялаж байгаад
Эрхмийн сүнс тэнэж одвол
Олон олон сүвэгчээр
Орчлон хорвоотой холбогддог 
Энэ л эрлэгийн хаалганаас
Өөрийн энэхэн бие
Өргөө гэрээ олохгүй
Мөнхийн төөрөгдөлд орж
Тэндээ үүрд үлдэх аюул бас байдаг билээ.

Энэ бүгдээс урьтан сэргийлж
Өвгөд Буурлууд нь улаачийнхаа сүнсийг 
Биед нь байлгаж
Ухааныг нь задлаж
Учгийг нь хэлэн байж
Биеийг нь тэнцүүлж байгаад
Энэ биеийг нь 
Энэхэн сүнсийг нь бөхлөж байж
Орчих олон хий дүртний 
Олон, олон ертөнц рүү авч одож
Учгийг үзүүлдэг билээ.
Өвгөд Буурлууд нь улаач үрийн 
Санаа сэтгэл хоёрдсон
Айдас хүйдэс ихэдсэн
Аливаа нэгэн үйлэнд нь
Улаачийн сүнсийг нь аваад
Мөнх Хөх Тэнгэрийнхээ 
Өөрийн орд өргөөнд нь хорин 
Хааяа хааяадаа таслан үйл хийх нь ч бас буй.

Энэ үед улаачийн сүнс нь
Орд өргөөнд нь хоригдож тэнэж оддоггүй
Түүнийг бас хэд хэдэн Онгодоор 
Давхар мануулж байдаг учраас
Өвгөд Буурлууд нь аятай тухтайгаар
Энэхэн биед нь буудаллаж
Үйлээ хийж чаддаг билээ.

Үүнийг өвгөд Буурлууд л шийдэн байж
Энэхэн улаачаа тэнцүүлэн байж
Мөнх Хөх Тэнгэрийнхээ орд өргөөнд нь хорьдог болохоос
Үгээ хэлж, үйлдлээ зааж байгаа үед нь
Ухаан санаа давхар байж
Улаач үр суралцан байж
Өвгөд Буурлуудынхаа үгийг тандан байж
Удмын ухаандаа суралцана даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.