Thursday, November 14, 2013

Өргөлийн тухай

За бидний өргөлийн тухай хэлэлцүүлгийн эцэст Онгод Дээдүүд хэрхэн юу хэлснийг энд тавъя.

Үрс балчирууд нь 
Идэх хүнсээр баян цатгалан
Ивээл хайрыг хүртсэндээ 
Ихэд талархан 
Өвөг дээдэстээ 
Идээ будаагаар өндөрлөн
Овоо засч байсан үе бий.


Тэр цагаас олон сайхан идээг нь
Өнгө зүстэйгээр өндөрлөн 
Өвөг Дээдэстээ хүргэж ирсэн нь
Энэхэн Онгод Тэнгэрийн
Ур ухаанаар уламжилж ирсэн энэрэл хайр нь 
Үрс бидний сэтгэлд ханаж цадаж
Ийм сайхан цэнгэлтэй буйгаа илэрхийлэн
Идээний өнгө төрх нь
Хэдий сайхан байна
Төдий чинээ өвгөд Дээдсийн
Итгэл сэтгэлийг хүртсэнээ
Үрс олон илэрхийлэн өргөдөг байсан.

Хээрийн онгон шүтээн буюу
Хурмастын олон жигүүртэн
Хөрст дэлхийн олон араатан амьтанд
Өөрийн унд хоолны
Охь дээжээс нь хураан байж
Олон сайхан идээг өргөж ирснээс
Орших энэ гариг ертөнц нь мөн
Өөрийн ивээл хайранд
Үрс биднийг авч
Таны л ивээл хайранд 
Үрс бид тэнхээтэй сайхан амьдарч 
Таныг л бид түшин тулж явж
Талархсан сэтгэлээр ханаж байгаагаа
Хэлж байдаг энэ л харилцаа нь 
Улаач үрс ард иргэд нь 
Байгаль дэлхий болоод
Өвөг Дээдэстэйгээ
Үүрдийн, үүрдийн харилцаа буйг илэрхийлж 
Үрс олонд нь сурган хүмүүжүүлж
Өвлүүлэх их ухаан болж ирсэн билээ.

Хорвоо дэлхийг өөрийн мэт санаж
Хайр гамгүй эдэлдэг үрсүүдэд
Илүүтэй барих нь, илүү бэрхтэй байдаг.
Гэвч энэ нь өгсөн зүйлийг нь
Эргүүлэн барьж
Талархсан сэтгэлээ барьж байгаа нь
Хорвоогийн нэгэн эргэлт бөгөөд
Үүнийг үзүүлэмгүй бол
Шунал буюу бугшмал үүсч
Хэрэггүй олон зүйлийг хадгалан
Хог болгомуй.

Энэ л бүхэн эргэлдэн байдаг гэдгийг
Өвгөд Буурлууд нь сануулах гэж
Өгсөн хишгийг нь 
Өөрт нь шингэж буйг ухааруулах гэж
Өвгөд Буурлууд нь идээ будааг нэхнэ.
Үрс олон үүнийг ухаж мэдсэн бол 
Өнгөт дэлхийн хишгэнд оршин буйгаа
Таньж мэдсэн бол өвгөд Бууралдаа
Өнгөт орчлондоо идээ будаа зэхэж
Эрхэм сэтгэлээ үзүүлнэм.

Таван тансаг болбоос
Күрсийн таван үрс юм
Таван тивийн элч төлөөлөгчдөд өргөж байгаа 
Онцгой сайхан эд хэмээдэг билээ.

Мөнх Хөх Тэнгэртээ далай цагааныг арвинтаа ихээр өргөж
Хурмаст Тэнгэртээ бүрэлдсэн элгэн таргийг өргөж
Лусынханд нь амттай сайхан аагтай шаргалыг барьж
Галынханд нь анхилуун сайхан шимийн сархадаа барьж л
Өөдөө, өөдөө ноцохыг ерөөж 
Эрлэг тивд нь цэгээ юугаа өргөн барьж
Эл таван идээ бүрднэм.

Энэ Онгод Тэнгэрийн үрсүүд нь 
Өөр өөрийн үүрэг юу байж л 
Үрс олонд нь ухаарал юуг хайрладаг
Таван идээ
Таван тэнхээжүүлэгч хэмээн үздэгт учиг буй.

Эл тавыг нь таван тивийнх нь Онгод Тэнгэрт
Тэгш тэнцүү тавьдаг ёс бий.
Орчих таван тивийн зангилаа болж
Орчлон дэлхийг эзэгнэнхэн суудаг
Энэ үрсүүд нь эргэлтэнд нь оршиж
Өөрийн үүрэг өөрийн хариуцлагыг ухан мэдэж
Зэрэгцээ таван ертөнцийн
Зүйл бүрийн сургаалийг
Өөрийн орчлонд үг болгож
Үнэн мөнийг тандан мэдэж
Үүрдийн урагшлах замын 
Ерөөл юу буйг
Элхэн таван идээгээр
Эрхэмлэн залж 
Онгод Дээдэс тэргүүндээ
Орчих голомтын Онгоддоо
Онгон дагшин хөдөө хангайдаа
Өргөн өргөн суудаг учиг нь 
Энэ болой.

Эдийг өргөхдөө үрсүүд нь
Цаг болон магтаал ерөөл буй
Үүл өөдөө ургах наранд ерөөл хэлж
Далайцагаан сүүгээ өргөхдөө
Алтан наран таны
Элбэрэлт гэгээн туяанд нь
Үрс бидний үйл нь арвин байж
Өөдөө, өөдөө тэмүүлэх
Хүсэл бүхэн арвижин байг гэж
Эл утганд хамаарах
Даалт юугаа хэлэн байж
Нэгэн өдөр эхлэнэ.

Үдийн наранд
Аагтай шаргал цайгаа өргөөд
Энэхэн замбын олон 
Ан амьтан, адуу мал сүрэг
Тухалж байхыг ерөөгөөд

Үдшийн бүрээнд
Долоон эцэг одонд нь 
Ирээдүйн хүсэл зориг
Ивээл хайрыг хүсэн
Далай цагаанаа дахин өргөдөг билээ.

Саран эжийдээ
Өргөл юугаа өргөж
Энэ бие нь тэнхлүүн байна хэмээгээд 
Наран эжийд нь баяр бахдал байвал хэлээд
Сургаал юу байвал
Зовлон юу байвал өчиж
Ухаарал юуг нь гялбаанаас нь сонордож болдогсон.

Саран эжийд үр олон балчирууд
Ижил сайхан ханийх нь
Эрхмийг дааж
Ханийн заяаг
Хатан заяагаар
Түшиж байхыг 
Мөн элбэг дэлбэг хангалуун байж
Үржин төлжихийг хүсэн байж өргөдөгсөн.

Мөн уул, усны ивээлд оршиж байдаг 
Нутаг нутгийн эзэн сахиусанд
Өргөл юугаа өргөж
Энэхэн гэр хотол
Энэхэн адуу мал нь 
Аюул гачил тахалаас
Ангид байхыг хүсэж
Өргөл юугаа өргөдөг сөн.

Энхрий балчир үрийхээ
Эрүүл мэнд, ухаан санааг ерөөж
Хүслийн таван одонд 
Хүргэж, хүргэж өргөдөгсөн.

Хүн заяаг түшиж
Энх амар байхыг
Хүслийн таван одонд 
Хүсэн, хүсэн ерөөдөг
Үг мордуулан өргөдөгсөн.

Энэхэн үйлүүд нь 
Өнөө цагт нь 
Цөөхөн үрсээр үйлдэгдэж байна даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.