Tuesday, August 30, 2011

GANSUKH -d talarhlaa


Сайн байна уу?  Миний гол зорилго бол Хаан болон Тэнгэрийн үгийг л Монголчуудад хүргэх үүрэгтэй. Гэтэл энэ үгийг нь би зохиолч юмуу, найруулагч ч юмуу , сэтгүүлч ч биш учраас надад маш хэцүү шинэ ажил байгааг ойлгоорой. Зарим юмыг нь төгс төгөлдөр хэлж чадахгүй ч би зөвхөн өөрт тохиосон бодит амьдралаа тэмдэглэн үлдээж, Дээдсүүдийн хэлсэн үг, хийсэн үйлсээс сонордуулахын хажуугаар өөрийн бодол санаагаа ч хавчуулаад тэр чигт нь л бичээд байгаа юмаа.
  Ямар ч гэсэн миний чадан ядан тавьсан түүхүүдийг уншаад ойлгосонд маш баяртай байна. Баярлалаа. Надад сайхан урам хайрлалаа. Тийм төгс сайхан веб нээхээрээ мэдэгдээрэй. Тэндээ мөн Улаанбаатарын газрын зураг, гол гол газрууд, Эмнэлэг үйлчилгээний утас, цагийн хуваариуд, Анхаарч болгоомжлох асуудлууд, Цаг агаар гэх мэтээс өгсүүлээд юм бүхнийг л оруулаарай. Хэхэхэ нөгөө нэг үгээр хэлбэл 1950 мавь шиг мэдээлэлтэй хирнээ нүдэнд үзэгдэх гэсэн үг. Монголчууд ч бүгд хэрэглэдэг сайхан веб болохыг хүсье. Түүндээ бас зохиогдох гэж байгаа урлаг, элдэв юмны хуваарь ч байвал сайн байна. Нөгөө ГООГЛЭЭР хэрхэн мөнгө олох вэ гэдгийг ашиглан тэндээ холбочихоод л чи  мөнгө хийгээд сууж байж болно шүү дээ. Ямарч л гэсэн МОНГОЛ гэдэг бол юм юмтай, сайн нь ч байна, муу нь ч байна, Та өөрөө яахаа мэдваа гэсэн төгс мэдээлэлтэй байвал зүгээр байх. Монголд тэгж яривал зарим талаараа Японоос ч илүү үйлчилгээ байдаг.
Доллар энэ тэр мөнгөө элдэв зовлонгүй сольж чадна, Хаанаас ч гараа өргөөд хэнийг ч ТАКСИ болгоод уначихаж болно. Хүмүүс нь гүйлгээ ухаан сайтай. Хаа сайгүй дэлгүүр, Интернет гээд л харин ч хялбар.
 Бөө болсонтой холбогдуулаад надад маш олон төрлийн мэдлэг мэрэгжил шаардагдаж, үгүй ядахдаа л компьютерийн нарийн мэрэгжил хүртэл шаардагдан энгийн сайхан амьдралаасаа илүү их хөдөлмөрлөх, нойр хоолоо хасах шаардлага гарсан. Айлын авгайн ажлаа хийх, бөөгийн ажил, сурч боловсрох ажил, болсон бүхнээ цаасанд буулгах, нетэд тавих гээд л хоног хугацаа хүрэлцэхээ ч больж байна. Хэрэв үүнийг мэдсэн бол би залуу байхдаа энийг сурч байхгүй яавдаа хэмээн харамсах учраас Монгол залуучуудад хандан сайн сураасай гэж хүсч байна.
Үгүй ядахдаа л сонин содон бичлэг тавих гэтэл хэтэрхий урт  бичлэгүүдээ таслан богино болгон гол үйл явдлуудыг нь тавих, видеоноос  зураг болгоод тавих ч юм уу, эсвэл зураг дээр нь сайн сумаар заагаад хүн хараад ойлгох хэмжээний болгох гэх мэт мэдлэг дутагдан өөрийгөө голох юм. Би тийм компьютерийн ном, гарын авлага хайгаад Монголоос олж чадаагүй.  Эсвэл энэ юмс нь нууц байдаг юм уу бүү мэдээ.  Би зөвхөн өөрт тохиосон түүхүүдээ л бичиж, өөрийн бодол санаагаа тавьж буй тул алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Уншигч та бүхэн өөрийн оюундаа бодолцоорой! 
Надад Хааны нэрийг барин элдэв юм, ашиг хонжоо хайх өчүүхэн ч хүсэл төрдөггүй. Яагаад гэвэл надад өвөг дээдсээ худалдаж идэх нь гутамшигтай санагддаг. Би түүнийг маш ариун байлгахыг, амар жимэр байлгахыг л хүсдэг учраас Блогтоо COMMENT тавиулдаггүй юм аа. Ийм учраас миний блог бусад бөөгийн блогуудаас тэс өөр, ганц хүний өдрийн тэмдэглэл шиг байдаг.
Миний блогийг уншаад хүн бүхэн өөр өөрсдийнхөөрөө л бодно биз. Заримд нь таалагдахгүй, заримд нь таалагдана. Зарим нь итгэхгүй байсан ч болох асуудал.  Хамгийн гол нь огт ийм юм байдаг гэж дуулаагүй явснаас итгэхгүй ч гэсэн дуулж, сонсон, мэдэж авах нь гол зорилго юм. Бөө биш хүмүүс уншаад ойлгоход туйлын хэцүү. Харин бөө хүн бол ерөнхийдөө маш сайн ойлгоно. Манайд байдаг бөөгийн блогуудаас хамгийн сайн нь Эрдэнээ зайрангийн блог. Тэр хүн надад маш зөв бодолтой ухаантай хүн шиг санагддаг. Бас л өөрийн мэдэх чадах бүхнээ хүмүүсийн асуултанд хариу өгч тусладаг. Тэр хүн намайг бодвол удам дамжин тасраагүй бас олон жил бөөлсөн хүн. Намайг бодвол багаасаа бөөг мэднэ, асуугаад мэдчих ойрын хүнтэй. Чадлын хувьд ч би тэр хүнийг сайн гэж боддог.  Учир нь:
Нэг удаа миний танил ярихдаа: Хамаатны охин нь уг бариад нэг жил болсон ч одоо үхэх нь. Чиний хүү бөө гэсэн туслаач. Тэр охин өдөр шөнөдөө 30 минут унтвал их юм, тэгээд юу ч идэхгүй, ус уусан ч огиод гаргаад хэвтэрт хэдэн сар боллоо. Босгож өгсөн багшдаа очтол Хэн чамайг Тийрэн оруул гэсэн юм. Өөрөө оруулчихаад, Чамд долоо хоногийн л нас байна гээд хөөгөөд гаргасан гэнэ. Гэтэл миний хүү босоод удаагүй учраас би хүүгээ хэцүү юманд оруулсангүй. Багш маань хөдөө явсан байв. Ингээд би тэр блогны эзний утсыг олон зааж өгч явуулсан. Гэтэл Эрдэнэ зайран ам мөлтөс амжиж иржээ. Амиа алдах байжээ гээд Түүний чөтгөрийг хөөж өгсөн байсан. Тэр охин ч унтдаг болон, хоол унд иддэг болсон гэсэн. Тэгэхээр тэр бол Сайн л хүн нь гарцаагүй. Би тэр хүнийг танихгүй уулзаж байгаагүй ч миний явуулсан хүнд тус болсонд үнэхээр их баярласан.
Одоо бодоход БӨӨ гэдэг тоглоом биш. Хэрэв Эрдэнэ зайран муу хүн байгаад тэр охин амиа алдсан бол хаягийг нь олж өгсөн би буруутан болно биз дээ. Би тэр үед БӨӨ гэдэг энэ аймшигт хэцүү ертөнцийг үнэхээр мэддэггүй байжээ. Даанч хааяа тэр хүний блогт түүнийг элдвээр доромжлон дайрч байдагт харамсалтай байна. Тэр хүний онгод Тэнгэрүүд хилэгнэнэ шүү дээ. Одоо бол харин намайг муулж бичиж кайф авдаг болсон байналээ тэр блогт нь орж байгаад л.
Хичнээн Бөө боллоо ч хүний Чөтгөрийг хөөнө гэдэг тэр болгон бөөгийн чадаад байдаг ажил биш. Тэгэх тусмаа бүтэн жил гаран оршоод биежчихсэн, Муу багшийн оруулсан тийрэнтэй ноцолдоно гэдэг бол Тэр хүний хүч чадлын илэрхийлэл. Монголд байдаг сайн зайрангийн нэг л гэж би дотроо бахдаж явдаг Эрдэнэбаяр зайранг. Түүний онгод хурдан байж, түмэн олондоо улам их сайн сайхныг хийгээсэй гэж ерөөж байна.
Миний багш ч бас чадалтай зайранд тооцогдоно. Түүний  бүтээж байсан маш олон гайхамшигийг тоочоод баршгүй. Тэгвэл яагаад багшаасаа юм бүрээ асуухад яадаг юм гэж байж магадгүй. Манай багшид миний хүү, миний үеэлээс гадна өч төчнөөн шавь бий. Тэр болгоныг үүрч дааж, манаж явдаг юм. Гэтэл би дээрээс нь нэг хөгшин юм нэрмээс болж байх ямар хэрэгтэй юм бэ? Миний хүүг л хөлийг нь дөрөөнд хүргээд, сайн сайхан болговол болно шүү дээ. Тэгээд ч бас насны зөрөө байдаг. Идэр залуухан багш. Багшийн онгодууд нь бас догшин ширүүн. Би бас ухаан алдтлаа айна. Хэрэг хийгээд загнуулбал ичиж үхмээр биздээ. Тэгээд л би гээч багшаасаа зугтаж өгнө шүү дээ. Айгаад. Би гаднаас нь харахад хөгшин юм байж гаднаас нь харахад цэл залуу багшаасаа тэнэг тэнэг юм асуугаад л байж байна гээд төсөөлдөө.
 Багшийнх хүний хөлөөр тасрахгүй. Мөн цэл залуухан шавь нартай нь хамт юугаа яриад суухав дээ. Харин хүү маань багшаас сурч байвал дээр хэмээн боддог. Зарим үед манай онгодууд залуу улаач нарт нь хилэгнэн уурлаж, шууд дайрах гээд байдаг. Гэтэл би чинь тэр шавь улаач нарынх нь дэргэд сүүлд боссон шинэ улаач шүү дээ. Энэ амьдрал дээр ийм байдалтай байсан ч буудаг онгодууд маань Том Дээдсүүд болохоор тэднээс доогуур залрууллаа. Ёс жаяг алдагдууллаа. Хүндэтгэл гэгчийг мэдсэнгүй хэмээн Хааны хамгаалалтын онгодууд болон зарим онгодууд маань цухалдан надаас дээгүүр суу чи, тэнд энд очиж буу хэмээн шаардана. Гэтэл би чинь хамгийн сүүлд боссон гэдэг утгаараа үүдэнд л суудал оногдоно шүү дээ. Гэх мэтээр шинэ хуучин ертөнцийн ёс жаяг зөрчилдөж, дунд нь би нүүрээ улайлгах учраас аль болох хол хөндий зайтай байдаг юм.
Харин сардаа нэг хоёр удаа Хадам бууралтай уулзах үед л тэд намайг хэлж засч, алдсан оносонг маань ойлгуулж, урам өгдөг байлаа. Харин энд би Цор ганцаараа, юун бөө байтугай Бөөн өөр шашин шүтлэгтнүүдийн дунд сууж байна даа. Гэхдээ хамгийн сонин нь энд харьцангуй дайрлага дайрч үе үе дайнд явахгүй нь сайхан юм. Мөн энэ оронд Хар энерги харьцангуй бага.  Монголд бол хэцүү шүү дээ! Хэзээ л бол хэзээ хоолой боогдоод унах  магадлалтай. Энд би олон олон шашнуудын ном судруудыг унших, харьцуулах оюунаа тэлэх даалгавар хийсэн шиг л сууж байна. Үүнд бас асар их хэлний мэдлэг шаардах учраас бас л бөөн ажил ундрах болоод байна. Хужаа хэлний ангид орж солиорч байснаас англи хэлнийхэд нь явахгүй яаваа хэмээн толгойгоо аваад өшиглөчихмөөр л байна.  Хэдэн жилийн дараа би арай өөр юм бичээд сууж байх байлгүйдээ.
Мөн дээрээс нь манай удамд миний мэдэхийн үзээд өгье бөө байтугай лам ч байхгүй гэж боддог байсан би аавынхаа талаас хол төрж, өссөн учир бүх л юман дээр өөртөө найдан, бор зүрхээрээ зүтгэхээс өөр аргагүй. Миний хамгийн сайн мэддэг маань бол Ум маани бод ми хум. Базарваани хум падаа Барианы шилтэй компотоо гэдэг үгс л байдаг байлаа. Гэтэл би одоо хир чадлаасаа хэтэрсэн, хэтэрхий өргөн цар хүрээтэй шинэ ойлголттой БӨӨгийн ДАЛД ЕРТӨНЦ гэдэгтээ хутгалдчихсан миний амьдрал юм. Иймийн учраас л эргэлзэж тээнэглэзэж, учрыг нь олох гэж маш их будилан түүхээ бүтээж байгааг уншигч хүмүүс төсөөлж өршөөгөөрөй.
Чингис Хаан бол энгийн энгийн гэхэд дэндүү энгийн ХАЙР хүрмээр хүн. Хичнээн тэр ХААН байсан ч маш ухаантай. Энэ замбативд, хүмүүсийн өөрчлөлт, шал өөр зуунд энгийн л байдаг. Аль би ХААН байсан. Тийм Тийм юм бэлдээдэх, ёсгүй жудаггүй юмнууд , ХААН намайг хүндэлсэнгүй хэмээн ирсэн хүмүүсийг ташуурдан бахардаж уурлахыг хэн байг гэх юм бэ?
Олон хүн Хаантай уулзаж буултанд нь сууж байсан. Тэд сүүлдээ тайвшраад, энгийн чөлөөтэй ярилцан, инээж хөхрөн, хэрэв бие нь суларч унасан бол хэвтэн амарч унтаж болдог. Хаан тэднийг маш сайн анхааран сургамжилж, жаахан хүүхэд байвал өвөр дээрээ аван үнсэх дуртай.
Гэтэл маш их хатуу ширүүн онгодтой бөө нар олон байдаг. Манай Хадмын онгод гэхэд л маш их дэг жаяг шаардана. Шивнэж ярьж болохгүй, онгодын толгойноос дээгүүр бослоо, хүндэлсэнгүй гээд л гөвж өгнө шүү дээ. Бид тэдний өрөөнд бол дөрвөн хөллөөд л ухраагаараа жирийгээд байна шүү. Хөлс гараад л, зүрх савлаад л үхтэл айна. Би л лав гөлөг болно. Бусдаас их ёс жаяг шаардахын хирээрээ бас өөрсдөө их ёс журам сахьдаг. Тэднээс би дээр үеийн Хааны ордныхоны харилцааг кино үзэж байгаа юм шиг л  хардаг.
Дээр нэг үнэн цоорхой хүн миний блогт өөрийн нэр алдраа тавиад л Үнэн юм бол ганц юм асуугаадах. Миний хүч чадалд хязгаар байна уу хэмээн хэд хэд шаардав. Ингээд би түүнд яахаараа би чамайг асууж байх ёстой юм гэж явуултал Иймхэн юм мэддэггүй. Би чамаас маш амархан асуулт асуусандаг. Худалч. Дахиад Хааны нэрийг барьвал Мөнх Хөх Тэнгэр чамайг ниргэнэ хэмээн сануулсан нь санаанд орлоо. Тэгээд өөрийгөө Мөнх Наран ээжийн сургаалийг үндэслэгч гэж байгаад л алдарт нэр алдраа дахин тавьсан байсандаг. Хэхэхэ Тэр аугуу хүн өөрөө өөрийнхөө юмыг л хийвэл дээрсэн. Би бол тийм юм хум үндэслэгч биш. Зөвхөн Бөөгийн ухаандаа шамдан суралцаж байгаа эгэл нэг энгийн хүн. 
Уг шугамдаа би түүнд Таны хүч чадалд орой болон ёроол алга, хязгаар ч алга харь гаригийн хүн  гэж хариулах ёстой байсан юм байлгүй.  Шууд л тушаагаад зандчаад асуултаа ч зөв тавьчихгүй болохоор нь ямар хүн нь тодорхой байлаа. Тэр тэгээд өөрийнхөө буудаг онгод Тэнгэрээсээ л өөрийгөө ямар тасархайгаа асууна биз. Нөгөө тольноос ХЭН ХАМГИЙН ХӨӨРХӨН БЭ? гэхэд ЧИ ХАМГИЙН ХӨӨРХӨН гэж хариулт нэхдэг шиг л юм болох дөхсөндөг. Тэгтэл нэг удаа Аянга Хамгийн Хөөрхөн нь гэчүүл яанаа хэхэхэ. Шидэт толио хага шидэх байхдаа.
Би сүүлийн үед Бөө болсноосоо хойш мэрэгжил нэгт нөхдүүд гэх үү, зовлон нэгт нөхдүүд гэх үү мэдэхгүй байна. Тэдэнд бас түлхүү мэдээлэл өгөх зорилгоор бөөгийн талаар бас их бичдэг боллоо. Учир нь надад л лав бөөгийн талаар маш их мэдээлэл мэдлэг дутдаг. Ихэнхи нь бөө биш байж мэдэмхийрсэн хүмүүсийн бүтээл. Тэгэх ёстой, ингэх ёстой гэх мэт. Бөөгийн блогт орж үзэхээр биенийгээ доромжилсон бас мэдэмхийрсэн юмс их. Зарим нь тоглоом шогмоом болгочихсон байх жишээтэй. Хүмүүст чин сэтгэлийнхээ үгийг хэлж, бие биенээсээ суралцан, өчнөөн зуун жил тасарсан энэ их өв соёлыг үргэлжлүүлэх хувьтай төрсөн улаач бид нар хойч үеийнхэндээ сургамж, зөвлөгөө, бодит үнэнийг өгүүлсэн түүхийг үлдээх Хариуцлагатай үед төрсөнгөө ухаарах хэрэгтэй!
Бидний дараагийн үеийн бөө нар бид нар шиг төөрч будилан цаг алдан суралцаж байхын оронд Аа нээрээ ийм тийм онгод, Тэнгэр байдаг, ийм онцлогтой гэсэн, Тийрэн гэж ийм юмыг хэлнэ, Уул усны Тахилга ингэж хийнэ гээд нилээн гүнзгий мэдлэгтэй байвал цаг алдахгүй хурдан хүчээ аван Биднээс илүү болно. Тэгэх тусам Монгол маань улам хүчирхэг болно шүү дээ.
Улаач хэдий чинээ мэдлэгтэй, ухаантай, шамдангуй байна Төдий чинээ Онгодын хүч ирж, нэмж хөглөгдөж байдаг. Хэрэв улаач өөрийн оюунаа тэлэхгүй байгаад байвал түүнд нь таарсан жижиг онгодууд буюу доод зиндааны онгодууд байгаад л байна. Өндөр дээд Онгодууд бууна гэдэг нэг бодлын улаачын шагнал гэсэн үг. Өндөр дээд байх тусмаа л хүч чадал нь их. Харин улаач нь онгодоо буруу юманд ашиглаад байвал Онгод гутна гэж байдаг. Дэгдээд, улаачаа шоглоод хаядаг. Иймд улаач болсон бол байнга мэрэгжлээ дээшлүүлэхгүй бол болохгүй гэсэн үг.
Би бол Монголдоо настай улаачын тоонд орно гэж өөрийгөө бодож байна. Сүүлийн үед маш залуу улаач нар их төрж байна. Энэ хүүхдүүдэд заримд нь биеэ тоох хандлага их гарах юм. Залуу улаач нар ирээдүйгээ сайн бодож, өөрсдийгөө сайн боловсруулж, хүнийг хайрлах нинжин сэтгэлд суралцмаар. Гэтэл энгийн нэгнийгээ Би бөө хүн шүү. Аятайхан байгаарай. Ингэ тэг гэж сүрдүүлэх нь газар авсан байна. Эрдэм чадалтай байх тусмаа л эгэл даруу байвал Хүч чадал чинь улам ихсэнэ!
Зарим хүмүүс миний блогийг уншаад өөрөө ч яаж байгаагаа мэддэггүй хэмээн шүүмжилдэг. Тийм шүү. Надад энэ Бөөгийн ертөнц гэж тааж мэдэшгүй, маш хэцүү, гүн гүнзгий гайхмаар ертөнц. Надад За чи онгодоо оруулбал ингэж хөдлөнө. Ингэж ярина. Тэгнэ ингэнэ гэж нэг ч хүн зааж байгаагүй. Би Монголд хэвлэгдсэн бүх бөөгийн номыг уншиж байсан. Надад хэрэгтэй мэдээлэл дэндүү бага байсан. Тэр элдэв дуудлага энэ тэрийг нь цээжлэж үзэж дуурайсан ч огт хэрэг болоогүй. Энэ бол цэвэр байгалиасаа цаанаасаа өөр байдаг гэдэгт би эцэст нь итгэсэн. Би өдөр бүр онгодуудаасаа шинэ юм сурдаг. Тэд надад бэлэн юм будаа идүүлэх дургүй. Заавал өөрөөр минь бодуулж хайлгаж, биеэр мэдрүүлж байж учрыг нь тайлуулдаг.
Гэхдээ тэд надаас өөр хүний үйлийг хийх, өвчинг эмчлэх, чөтгөр хөөх, дайн тулаан хийхдээ бол надаас өчүүхэн ч юм шаардахгүй өөрсдөө л хийчихдэг. Би бас зөрүүд гэж гайхалтай, өнөө хэдээ сайн тагнаж, дураараа дургина. 
Хамгийн сүүлд "БӨӨ БӨӨГИЙН БУУЛТ ӨӨР, БҮЖИН ТУУЛАЙН ДЭГДЭЛТ ӨӨР" гэдэг бол алтан теором гэдгийг л ухаарсан. Яг л та бид өөр өөр юманд дуртай, өөр өөр хувцас сонирхдог, өөр өөр хүсэл үзэл бодолтой шиг адилхан. Тэгэлгүй дээ. Энэ сүнс гээд байгаа нөхдүүд чинь бүгд л хүн байсан шүү дээ. Би үхээд сүнс боллоо гэхэд дургүй юмаа идэхгүй гэж уурлаж л таараа. Миний улаач буруу юм хийгээд байвал нэг дэлсээд авахаа бодно биз дээ би.  Надаас зарим хүмүүс Сүнсийг ер ойлгохгүй байгаагаа хэлж Сүнс гэхээр айдаг, ямар аймаар юм бэ гээд байсан учраас Бөө болон сүнсний талаар чадах хирээрээ л тайлбарлахыг бодлоо.  Үлдсэнг нь эрдэмтэн мэргэдүүд тайлбарлаг.
 Хэрэв Сүнс байхгүй байсан бол ТА БИД БАЙХГҮЙ. Та бид нар бол амилсан сүнснүүд. Энэ махан бүдүүн, нарийн, хөөрхөн муухай биесүүдийгээ энэ дэлхийд түр өмсөж байгаа хувцас л гэж бодох хэрэгтэй. Энэ дэлхийд амьдрах хугацаандаа сүнсээ хир сайн хөгжүүлнэ төдий чинээ дараагийн төрөлдөө зовохгүй.
ХААН нэг удаа сүнсийг Миний тас зөрүүд Хүргэн ахад маань маш амархан тайлбарлаж өгсөн. Тэр шарын шашнаас өөр юуг ч хүлээн зөвшөөрдөггүй байсан юм.
ХААН: Чи хэнээс төрсөн бэ?
Ах: Аав ээжээс
ХААН: Аав ээж чинь хэнээс төрсөн бэ?
Ах: Бас аав ээжээс
ХААН: Тэд чинь ч бас Аав ээжээс Тийм үү?
Ах: Тийм ээ.
ХААН: Тэгвэл Чи хүүхдүүдийнхээ юу нь вэ?
Ах: Аав нь
ХААН: Чиний хүүхдүүд бас л Аав Ээжүүд болно Тийм үү?
АХ: Тийм ээ
ХААН: Чи өдий хүртэл амьдраад, үр хүүхэдтэй болоод, тэд чинь бас үрстэй болжээ. Хэрэв Чиний Аав байгаагүй бол Чиний хүүхдүүд төрөх үү?
Ах: Үгүй
ХААН: Тэгэхээр Чи төрөөд чиний хүүхдүүд энэ замбативд байнаа гэдэг Чамд удам байна гэсэн үг. Мөн Чиний Аав, өвөө чинь өөр өөр мэрэгжилтэй байсан. Чи ч бас төрсөн ах дүү нартайгаа өөр өөр мэрэгжилтэй. Хүүхдүүд чинь хүртэл өөр өөр мэрэгжилтэй. Тийм үү?
Монголд Лам гэж нэрлэгдэх хүмүүн төрөхөөс өмнө нэгэнт л чи одоо амьд байгаа юм чинь Чамд ч бас удам үлдээх Аав байжээ дээ. Лам гээч байхгүй байхад Бөө гэж байдаг байсанг ойлгов уу?
Ах: Ойлголоо.
ХААН: Хүн үхээд сүнс болсон ч амьд л байж байдаг. Чи хэрвээ үхлээ гэхэд үр хүүхдүүдээ сайн сайхан амьдраасай гэж хүсэх үү?
АХ: Тийм
ХААН: Тийм учраас л бид сүнс болсон ч үрсдээ сайн сайханг хүсэн эргэлдэж, харж хандаж байдаг юм.  Бүх аавууд ижил сэтгэлтэй тийм үү? Гэтэл Чи аавыгаа Бөө, Ламаар нь ялгаж болно гэж үү. Чамайг Жолооч гэж үрс чинь голон, хөөж туугаад, ичээд байвал чамд ямар санагдах вэ? Чи өөрийн үрсээ царай зүс, мэрэгжлээр нь ялгарлаж байгаатай адил шүү дээ. Чамд аль үр чинь хэрэггүй вэ? Тэрнийг чинь би аваад явъя гэвэл Хэнийгээ зааж өгөх вэ?
Ах: Хэнийг нь ч өгөхгүй.
ХААН: Тэгвэл чи ертөнцийн жамыг ойлгов уу? Хүн гэгчид "ХАЙР" гэж нинжин сэтгэл байдаг учраас л эргэлдэн үрсдээ хоргодон эргэж тойрох нь. Чи бас нутаг усаа их ялгаж салгаж боддог. Баруун зүг л миний нутаг хэмээн хэтэрхий муйхарладаг. Гэтэл Чиний үндсэн дээд өвөг чинь Зүүн аймгийн нутгийнх. Үүнд чинь Овог отгийн чинь Төрсөн нутаг гомдолтой байдаг. За чи бод. Чи эхнэртэйгээ гал голомтоо бадраахдаа Баянхонгорт байсан. Тийм үү? Гэтэл чиний зарим багачууд энэ Улаанбаатар гэдэг газар төрсөн байна. Чи нүүж явж уу?
Ах: Жа Тийм ээ
ХААН: Тэгээд? Хэрэв чиний нэг охин үр өөр улсын хүнтэй суун тэр газар Зээ чинь гарвал Яах вэ?
Иймд битгий нутаг орныг голж шилж бай. Эх Дэлхий гэдэг чинь энэн шиг өчүүхэн юм байдаг юм хэмээн гараа зангидан үзүүлэв. Миний үрсийг хүртэл хар. Ертөнц дэлхийн хаа ч төрж өсч байна. Тэд эх дэлхийг нэг л гэж хайрлаж байх ёстой. Чи тэр Баянхонгорыг дэлхийгээс салгаад Хаа аваачих гээв. Ямар ч юмыг олон талаас нь бодитой бодож, дэлгэрэнгүй харж бай  гэх мэтээр маш энгийнээр олон зүйлийг тайлбарлаж өгч байсан. Ямар ч гэсэн тас хөндлөн зөрүүд ах маань арай өөр юмс боддог болсон. Хааны нэг онцлог нь Хэн ч ойлгохоор жишээ аван маш сайн, уйгагүй, удаан тайлбарлаж өгдөг. Ихэвчлэн өөрийнх нь амьдралаар жишээ аван, өөрийг нь тэр дүрд нь сэтгүүлэн байж "Чи тэгвэл юу гэж бодох вэ?" гэх мэтээр бодуулж, ойлгуулдаг.
Хэрвээ түүхийг сайн хөөж судлавал ямар нэг сонин юмсууд тодорхой болох байхдаа. Жишээ нь: Алтан ургийнхан ихэнхи нь зүүн зүгээс нүүдэллэн үр хүүхдүүдээ хамгаалан нууж Баянхонгороор их нутагласан байдаг. Баянхонгорт бусад аймаг нутгийн хүн амаас ялгарах онцлог их байна. Маш их шардуу хүмүүс бас их. Мөн гэгээнтэн чадвартангууд ч ихтэй ер нь судлууштай нутаг. Миний төрсөн эцэг эх бол Баянхонгорынх. Гэтэл Чингис Хаан бол зүүн аймгийн хүн шүү дээ. Гэхдээ лав нилээн сүүл хавьд тэнд очиж суурьшсан гэж санагддаг юм. Тэдний тухай алаг авартангууд ч билүү арслантай авдартангууд ч билүү тийм яриа гарсан тухай нагац нарын ярианаас сонсож байсан. Тухайн үед тэр нутагт байхгүй тийм авдартай хэсэг бүлэг айл тэнд нүүж очиж байсан хэмээн хөгшчүүл хуучилсан байна лээ.
 Ёстой л дэлхийг атгийн чинээ сана. Хүн нүүж, сууж амьдардаг тэр хирээр алсыг сэтгэж бай. Жалга довны үзлээсээ сал гэж шаардах Чингис хааны түмэн зөв байхдаа. Социализмын үед ийш тийш амьтан хүн шилжүүлэхгүй ямар их чангалж зовоодог байлаа. За энэ мэтчилэн бүх юмны учрыг олно гэвэл миний насны тоо хүрэхгүй биз. Иймээс л залуучуудыгаа түүхийн салбарт шинэ эргэлт, шинэ эрин үеийг нээгээд Хөх Монголоо мандуулан, гутаагдаж, устгагдсан өвөг дээдсийн түүхээ сэргээн бичээсэй. Өөр өнцгөөс хараасай гэж хүсч байна.  Одоо байгаа 70, 80 тай хөгшдөөсөө тэдний сонсож дуулж байсанг тэмдэглэн авч үлдээнэ үү!
 Эмээ өвөө нартайгаа хууч хөөрөн тэдний амьдралд тохиосон сонин хачин бүхэнг тэмдэглэн авч үлдээрэй! Би үүндээ одоо маш их харамсаж байна. Эмээгээ амьд байхад их юм асууж байхгүй яаваа хэмээн өөрийгөө зүхдэг. Миний сайхан, хөөрхөн эмээ маань нэрээ л крилээр тавьж чаддаг өөр бичиг үсэг мэддэггүй ч маш их үлгэр домог ярьдаг. Кино, сонссон юмаа яг л жүжигчин шиг дуугаа өөрчилж байгаад л ярьдаг байсан. Маш их эмээгээ санах юм даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.