Saturday, August 20, 2011

Дурсамж

Би нааш ирэх хүртэл тасарсан дурсамжаа бичихээр шийдлээ. Би өргөөгөө хураан, ирж тусласан хүн бүрт Хаан маань харамгүй бэлэг өгөн, хамаг юм тарааснаас хойш сар гарны дараа энд ирсэн билээ. Явахаасаа өмнө Ард Аюушын удам удганыд айлчлан очиж салах ёс хийсэн юм. Түүний өргөө надад их сайхан дулаахан, дотно мэдрэмж төрүүлж, сайхан байсан. Ард Аюуш өөрөө морилон: "Их Хааны улаач өчүүхэн өргөөнд минь морилсон нь юутай завшаантай, ховор азтай хэрэг вэ" хэмээн мэндлээд маш их зөвлөмж сургаалаа хайрлав. Мөн тэр надад өөрийн түүхээсээ ярьж өгсөн. 1958 онд гэл үү би мартжээ.
Өршөөгөөрэй. Аюушийн улаачаас яваандаа өөрсдөө тодруулна биз. Би өөрийн санаж байгаагаа бичье. 1958 онд би тэр хар чийчаанд чинь анх сууж явж үзэж байлаа гэж Ард Аюуш гуай хэлсэн. Мөн тэр заргалдаад Есөн эрүү шүүлтэнд байхдаа банздуулаад өмрөөд унасан хонгоныхоо махаа аваад борц хийсэн тухайгаа надад ярив. Тэгээд хүмүүс орж ирэхээр хүний мах ямар амттай байдгийг үзэх үү хэмээн борцноосоо өгч байсан тухайгаа хуучилсан. Мөн дээд онгод Дүнчүүр ван нь надад хандан хүний нутагт биеэ сайн бодож яваарай хэмээн захиж байгааг уламжлав. Миний Наран удгантай их үйлс бүтээхээр та хоёр Тэнгэрт ам гарсан шүү. Эв эеээ хичээн, бие биендээ дэм болон яваарай хэмээн захьсан билээ.
Мөн би ажлаа арай гэж амжуулан багштайгаа хэдхэн минут уулзаад алс холын аянд явах тухайгаа айлдлаа. Багш хүний нутагт биеэ зөв авч явж, онгон шүтээнээ сэвтүүлэлгүй сайн сайхан явахыг захив. Мөн багш Чингис Хааны тухай маш чухал зүйлийг надад сануулан хэлж, миний олон жилийн дараа хийх үйлийн тухай анхааруулан санууллаа.
Явах өдрийнхөө орой Хүүгийн буурлууд буун сургаалаа хайрлан, хүний газар яаж явах тухай бас зөвлөгөө өгсөн. Алдарт Пунцаг буурал буун галын цог гараараа барин хадам дүүд эмчилгээ хийн өглөө. Мөн биднийг хүний газар эв эеэ хичээн, бага балчирыг зөв хүмүүжүүлэн, сайтар сургаад ирэх ёстойг анхаарууллаа. 40 гараг дотор та хоёр үнэ мөнгө хайрлалгүй эрдэнэсийн нэгэн зүйл авах ёстой шүү хэмээн захилаа. Ямар өнгөтэй, ямар хэлбэртэй, ямар зүйл авах ёстойг нь зааж өгөв. Би бодлоо: Ямар хачин юм бэ? Яахаараа бид хоёр бас тэндээс юм авах ёстой гэж. Бас л эд нарын төлөвлөгөөний дагуу л алс хол нутагт очиж, амьдрах хувь заяатай юм байхдаа. Тэр юм нь хэний юм болдоо. Өмнө нь эд нарынх байсан юм уу, эсвэл хэрэгтэй юм уу хаашаа юм гэхчилэн олон асуулт гарав. Намайг дэмий олон юм бүү бод. Чи өөрөө хараад мэднэ. Чамайг Эрлэг эцэг чинь өөрийн биеэр харж хандан алс хол хүргэж өгнө. Юунаас ч бүү ай. Чандаганаас хол яваарай охин минь. Хүний нутгийн лус, савдаг гомдоож болохгүй. Гэх мэтээр захиас хэлсэн билээ.
Би онгоцоор нааш явахдаа энэ тухай бодонгоо Эрлэг эцгээ өрөвдөн нулимс гаргав. Хөөрхий амьтан бодвол асар хөгшин байлгүй гэтэл заавал намайг өөрөө даган хамгаалж явах ямар хэрэг байнаа. Би яав л гэж дээ хэмээн маш их өрөвдлөө. Гэгээн маань Монголын гаалиар гарчихаад онгоц буудал дээр уйллаа. Тэр нутгаасаа явах нь гэж сэтгэл нь үймэрсэн бололтой. Тэр одоо дөрвөн настай ч маш их эх оронч сэтгэлтэй. Бүр бага 2 настайдаа Японд явж байхдаа хүмүүсийг Монголоор ярьсангүй гэж уурлан, аавыгаа эдний хэлээр битгий ярь гэж байсансан. Тэр маш эрт хэлд орж, маш сайн ярьдаг байсан. Одоо бол дөрвөн настай өвгөн л гэсэн үг. Монголдоо маш их хайртай, цэцэг, чулуунд хайртай хүү. Түүнийг хилээр гарахдаа уйлахад нь сэтгэл өвдөв. Бяцхан толгойд нь юу бодогдсон юм болдоо! Энэ газар хөл тавиад л бид сонин юмс үзэж эхэллээ. Юбкатай эрэгтэй хүн, дал мод, гүрвэл гээд л өдөр бүр харж байгаагүй болон огт үзээгүй юмс ч байлаа. Гэхдээ хүмүүс нь бүгд инээмсэглэн мэндчилнэ. Бид Японд олон жил амьдраад буцахдаа толгой дохин тонголздог болсон байж билээ. Харин эндээс буцахдаа хүн бүр лүү хараад инээдэг болох юм байлгүй дээ. 
Гэгээн энд ирээд нэг удаа надаас таны доор чинь миний тоглоом орчихлоо гэхэд байхгүй ээ гэв би. Байгаа та чинь мэдэхгүй байна уу гэхэд Мэдэхгүй байна гэлээ. Гэгээн: "Ээж минь та өглөө, орой хоёр өдөрт хоёр удаа бууж байхгүй бол бүр юу ч мэдэхээ болих нь байна шүү" гэж зөвлөгөө өгөв.
Бас намайг "өндөр Мөнх цастай ууланд дуртай юу?" гэхэд нь "Би айж байна дургүй" гэв. "Та айх хэрэггүй мөр гарсан замаар нь яваад таягаа маш сайн хийгээд, сайн чанга зүтгээд бай. Мөрнөөс өөр замаар явбал хальтараад унаад үхнэ!" шүү хэмээн зөвлөв.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.