Энд ирээд би юу бантагнуулж байгаа бол бүү мэдээ. Монголд байхад сар гаран болоод л хадам буурал айлчилахад миний алдаа оноог хэлээд өгдөг байсансан. Гэтэл энд хэн надад хэлхэв дээ. Өөрөө л юу бодно түүгээрээ дургиж өгч байна. Лав энд ирэхээс өмнө лаг пакт хийсэн байсан. Хадам буурал намайг: "Чи Сонор нэртэй юу амилуулсан бэ?" гэлээ. Юу билээ байз хэмээн бодож байтал гэнэт тийм нохой амилуулснаа санаж хэллээ.
Манай хүргэний Жени гэдэг нохой нь зургаан гөлөг гаргасан юм. Тэр их хачин нохой чулуу харвал ухаанаа алдаад тоглоод алга болно. Нэг бол зуугаад давхиад байна. Эсвэл хошуугаараа түрээд л хоккей тоглоно. Бөмбөг болон бусад тоглоом огт тоохгүй. Нэг бодлын газар шороо, чулуунд хайртай эх оронч нохой мэт. Нөгөө чулуугаа харвал юун хүүхдүүд, таг мартаад тоглож, замд нь таарвал тэдэн дээрээ гишгээд л гүйнэ. Нэг бол харамлаад хүүхдүүдээ аваад шидчихнэ. Нэг удаа яасан ч юм бүү мэд нэг гөлгөө хазаж хаяад гэмтээчихэв. Хөөрхий тэрний нэг нүд нь сохорч, тархи нь гэмтээд хөхөө ч хөхөж чадахаа болин хариугүй үхэх дөхжээ. Хөдөлж ч чадахгүй, хоолгүй байсаар нас барахнээ.
Тэрнийг хараад миний нулимс урсаад дотор давчдаад байхаар нь түүнийг эмчлэх гэж оролдон толгойг нь барьж тэгээд Сонор гэж нэр өгөн сүнсийг нь дуудчихсан юм. Гэтэл маргаашнаас нь гайхалтай юм болж нөгөөх чинь амьдрах гэж тэмцэн, их ууртай ч юм шиг өөр гөлөг болов. Жаахан жаахан сүү ууж, бантан идэн бараг 20 хоночихов. Нэг удаа хүргэн гөлгүүдээ вакциныг нь хийлгэхээр бүгдийг хот руу авч явах болоод өглөө нь Сонорыг хайгаад хайгаад олсонгүй ээ. Орой хооллоод бүгд гарашт байсан. Хэн ч тэднийг шөнө гаргаагүй тэд гарах ямар ч боломжгүй. Бид бүгд хайгаад олсонгүй. Ямар хачин юм бэ? Үхсэн бол хүүр нь баймаар юм гээд манайхан явцгаав.
Өдөр нь би мөр хайж явсаар маш бүдэг цусны мөр, хэдэн хялгас олоод Жениг алуурчин эх гэдгийг илрүүлэв. Яс ч юм уу арьс хялгас үлдээмээр юм. Даанч юу ч байсангүй. Ингээд хөөрхий Сонороос минь оршуулах юм ч үлдсэнгүй. Юундаа зөвхөн түүнийг ад үзсэн юм болдоо. Би Женид гомдож ямар хөгийн балайр нохой вэ? Тэнэг, мангар, харгис гэх мэтээр баахан хараан зүхэв. Хүүхдүүд рүүгээ утасдан алуурчин Жениг хэрхэн илрүүлсэн, Жени аллагаа хэрхэн сайн далдалсан тухайг тайлагнахад охин маань: "Жени ямар мангар юм бэ? Тэр тоотой хүүхэдтэйгээ мэддэггүй юм байхдаа. Бид нар тоолоод л нэг дутуу гээд хайхыг мэдсэнгүй" гэж шоолов.
Хадам буурал миний алдааг хэлэхдээ: "Чи нэг биенд хоёр сүнс оруулсандаа. Хоёр сүнс нь биеэ булаалдан тэмцэлдэж байлаа. Эх нь тэгээд бүгдийг нь зүйл дуусгасан" гэв. Зүй нь би тэр гөлөгний эхнийхийг нь бүр явуулаад биенд нь Сонорыгоо оруулах байтал Хөөрхий минь үхэх нь гэж гашуудаж уйлаад шууд өөр сүнс дуудан оруулчихжээ. Тэгэхээр Жени надаас ухаантай байх нь амьтны зөн билэг, амьдрах чадвартай үр төл үлдээх байгалийн шалгарсан хуулийн дагуу ажлаа хийсэн бололтой. Би харин тэнэг, мангар байх нь. Эндээс би их юм ойлголоо. Ямар нэг үйл хийхдээ хариуцлагатай бодолтой байхгүй бол балай авах нь байна ш дээ.
Над шиг шинэков бөө удгадуудад санаа аваасай гээд энэ бяцхан зүрх өвдмөөр түүхийг бичлээ. Би хэзээ ухаантай мундаг удган болох юм бүү мэдээ хөөрхий. Одоо тэгээд бас хичнээн ч буруу зөрүү юм хийж бантан хийх юм болдоо. Ядаргаатай юм. Ийм хувь тавилантай төрөх гэж дээ би. Уур хүрчихлээ. Урдах шигээ энгийн юу ч мэдэрдэггүй мангар байсан бол аштай юу ч гэж бас хааяа бодогдох юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.