Би байнга л Хадам буурал хэмээн бичдэг болохоор хүмүүс ганцхан Буурал байдаг хэмээн төсөөлж магадгүй юм. Гэтэл маш олон Буурал байдаг юм шүү дээ. Улаач сайжрах тусам л Дээд буурлууд нь бууж ирнэ.
Хамгийн Отгон Буурал гэдэг нь манай нөхрийн өвөөг нэрлэдэг. Энэ хүн эд хэлмэгдүүлэлтийн үед амьдарч байжээ. Багадаа хийдэд шавилж байгаад багш нь цаг хэцүү болсон тул хар бол хэмээн энгийн ард болсон байдаг. Тэр хүн үргэлж миний хүүг даган манаж явдаг байжээ. Бүр хүүг маань анх удган үзээд Бөө болох ёстой хүүхэд байна гэхэд л Хар морио уначихсан дагаад явж байсанг сая л би мунхаг оюундаа тунгаасан юм. Тэр үед хүү маань ухаан алдан уначихаад намайг морьтой хүн дагаад байлаа.
Бас нэг хүн овоон дээр суучихаад нааш ир нааш ир гэж дуудаад хэмээн хамаг хөлс нь асгарсан босч ирсэн. Гэхдээ түүнийг Бөө болох ёстойг хэлсэн удган маань энэ удаа арай буруу тайлбарлаж ойлгосон байдаг. Сонгинохайрханы эзэн дагачихаж архи өргө гээд л бөөн архи өргөсөн. Энд түүний буруу юу байхав дээ. Тэр хүн ч бас өчнөөн зовлон туулж байж удган болон өөрийнхөө хүч чадлаар л бөөгийн эрдэмд суралцаж байсан хүн. Бас л зааж зөвлөх багш ч үгүй, ном ч байдаггүй үе байлаа. Бөө ч цөөхөн байсан тул хүмүүс бүүр ч хүлээн авах нь хэцүү хүнд үед угаа барьсан эгч байсан. Намайг бас угтай. Чингис хааны үеэс нэг л бичгийн түшмэл шиг л байна гэж байсан юм.
Түүний бусдаас ялгарах онцлог нь алив юманд сэтгэлээсээ хандаж, санаа нь зовдог хүн байлаа. Одоо ч бүр мундаг болоо байлгүй дээ.
Отгон буурал гуайг тэр үед хүмүүс хүн амаржих, мөн элдэв бэртэл гэмтэл өвчин эмгэгтэй хүнээ үзүүлэх гэж нууцаар урьдаг байсан гэсэн. Хамгийн өрөвдөлтэй нь буусныхаа дараа өөрийн төрсөн одоо амьд сэрүүн байгаа үр хүүхдүүдтэйгээ уулзан мэгших нь үнэхээр өрөвдөлтэй ч баяртай сайхан санагдсан. Тэр хүн өөрийгөө Бөө болох ёстойгоо мэддэг байсан ч хатуу цагийн хорио цээрээс шалтгаалаад бүх л юм нууц байсанд их цухалддаг байжээ.
Хадам буурлуудын залгамж халааг нөхрийн маань хамгийн бага дүү үргэлжлүүлэх ёстой байсан ч Бөө байтугай лам хувраг ч тоодоггүй тэд ердөө анзаарахгүй өнгөрсөн байдаг. Маш олон удаа сануулан янз бүрийн зовлон зүдгүүр, үхэл хагацал, өвчин үзүүлсэн ч байдаг л амьдралын нэг, тохиох ёстой л зовлон гэж бодсон уу яасан бүү мэд. Харин одоо түшээ болсон тэр хүүд буурлууд хэлэхдээ чамд бид мөн ч их мэдрүүлэх гэж хичээсэндээ гэж байж билээ. Тэр багадаа машин дайруулж үхэх дөхөн, 8 давхраас унан, моринд ч өшиглүүлж, чоно нүүрэнд нь тулж ирээд явсан, шар цэцэг тасдахад маш их цагаан шүүс асгарсан гэх мэт олноос олон тохиолдолыг нь сануулахад Жа тиймээ л гэж байв. Хамгийн сүүлд нэг гарынхаа шөрмөсийг нь таслаж гэмтсэн.
Түүний түүхийг сонсоход үхэлгүй мөнхийн баатар шиг л санагддаг. Хөөрхөн, сайхан дуулдаг, ажилд сайн, сайхан сэтгэлтэй хүү байдаг юм.
Дараагийнх нь оролдлого харин амжилттай болон миний хүү Бөө болсон. Тэр бол миний сайн гэсэн болгон, мэргэн түргэн мундаг гэсэн бүхэн рүү гүйж явсны ач гэж санадаг. Бүх нээгдсэн сүм дуган, энд тэндхийн сайн гэсэн бүхэнд очиж би гэр бүлээ даатгуулан ном сонин уншуулдаг байв. Тэгсэн хирнээ өөрөө чин сэтгэлээсээ сүшиг бишрэл байхгүй ямар ч байсан ямар нэг муу юм нь зайлдаг гэсэн л ойлголт байв. Миний зайран хүү дүүгээ гарсны дараа л надаас холдсон байхдаа. Нялх байхдаа хажуугаар нь өнгөрөнгүүд л хөлөөс зуураад авна.
Би нэг бол тэврэн, нэг бол ташаан дээрээ, нэг бол үүрэн биеэсээ салгадаггүй байсан. Одоо ээж сармагчинг харахаар хүү бид хоёр санаанд ордог. Харин сүүлд буурлууд маань Хүүг хамгаалан чамд сайн нааж өгсөндөө гэж байж билээ. Маш олон удаа амиа алдах дөхсөн тэр бүрд бид сэхээж байлаа гэсэн. Гэтэл миний хүү багадаа бараг өвдөөгүй үхээд байхаар юм цөөхөн тохиосон гэж бодтол Мунхаг та хоёр нам унтсан үед гэж билээ. Одоо бодоход шөнө дайрлага их ирдэг байж дээ. Барын зулзагыг бага дээр нь гээд намнах гэсэн муу сүнснүүд их байдаг гэнээ. Аймаар юм.
Хүүгээ Бөө болгох гэж бас бид бөөн зөрчил тэмцэл болж байсандаг. Нөхөр маань тэр үед Христчин байсан. Зээгээ алдаад бид дахиад ойрхон үхэл зовлон үзэхээс үнэхээр айсан. Манай гэрийн гадаа байнга хашгирах Хэрээ, Шаазгайнаас ёстой үхэтлээ айна. Хаашаа хандахаа мэдэхээ больдог юм байна лээ. Гэртээ гурван лам авчирч ном уншуултал тэд эхлээд тухлаж байснаа сүүлдээ бараг зугтаад манайхаас явсан. Хүүд маань амиа алдахад нэг сарын хугацаа үлдэн тэр нь хоног хоногоор богиносон маш их сандарч тэвдэн гүйж байсан аймшигтай өдрүүд ард үлджээ.
Хадам буурлууд буугаад бид Та нарыг үргэлж харж байлаа гэхэд ямар аймаар юм бэ? гээд л айж байсандаг. Отгон буурал нэг удаа хадам аавын шүдийг гараараа авч өгч байсан. Аав гайхан цус гарсангүй өвдсөнгүй ямар хачин юм бэ? Аль шүд вэ ч гэж асуусангүй хэмээн шүдээ барьчихсан явж байсан.
Хүү маань сахиусаа авах ёслолт өдөр үнэхээр аймаар юм үзсэн. Би түүнээс өмнө багшийн буултанд 2,3 удаа сууж, өмнө нь нэг халуун төмөр долоодог удган дээр хэд очиж, гэртээ хэд хэдэн удаа удган залж байсан болохоор Онгодууд гэдгийг тийм л гэж бодож байлаа. За даа онгод орж байна гэдгийг ч чин үнэндээ ойлгодоггүй байж.
Ах дүүс нараа цуглуулаад л хоол унд идээд л цаг нь болуут бид яг л сайхан жүжиг үзэх гэж байгаа мэт тухалцгаан хөгшчүүлдээ түшлэг хийж өгөн тухлуулан суулгаад л жүжиг эхлэхийг хүлээлээ. Багш удирдан залж зан үйлээ эхлүүлэн Хүү маань хэнгэрэгээ дэлдэж эхэллээ. Гэхдээ хүүгийн малгай өндөр манай хоёр давхар намхан таазтай болохоор тэд зогсвол багтахгүй баймаар Багш хэлэхдээ санаа зоволтгүй онгод бүгдийг зохицуулчихна гэж билээ. Тэгтэл хүүгийн бие нь жижигхэн болоод өнөө өндөр малгай нь тулах нь байтугай бүр үсчээд л унав.
Аймаар догшрон архирч өрөөг нураах дөхөв. Арай гэж суулган Багшийн онгод Хүүгийн онгодтой ярин тайтгаруулах гэж оролдоход хүртэл агсарч байв. Түүний биед араатан орчихсон аятай л байлаа. Тэгээд жаахан гайгүй болоод ёслол дуусч Багш явах болон одоо ийм ийм цагуудад бууна. Хийцгээ гээд явав. Бидний бүгдийн хөлс асгарч айж сандарсан байлаа. Шууд дараагийн буултаас нь бид бие даан бууна. Гэтэл энэ торонд орсон араатан шиг уурлах аймаар юмыг чинь яанаа. Бид ах дүүсээ явуулахаас айн хамтдаа л дараагийнхад орцгоов.
Харин энэ удаа бид өмнөхөө бодвол арай өөр номтой болцгоон, сөхөрч суун, хагас тонгойсон байлаа. Хүү эхэллээ. Нөгөөх аймшиг чинь дахиад л пижигнүүлж эхлэв. Миний хүүгийн толгой нь шуудайд юм хийгээд дүүгэрдэж байгаа юм шиг л эргэлдэв. Бид айн уйлалдаж, хүүгээ зовж байгааг харан бүүр сүнсээ гартал айв. Нөхөр маань ерөөсөө больё оо, Бөө болуулахаа больё хэмээн уурлав. Тэр арай гэж суухад нь цай л ам руу нь хийх ёстой гэсэн ойлголттой бид шалавхан цай хийгээд өгтөл өшиглөөд хаяв.
Түшээгээр сонгогдсон охин маань айгаад хойшоо зугтаачихав. Бид нөхрийгөө л оч гэв. Тэр яаж ч оролдоод цай өгч чадсангүй. Нэг бол урдаас нь хөлөөрөө жийгээд, нэг бол хэнгэрэгээрээ хаагаад пижигнүүлэн биднийг ёстой нэг чангалав. Энэ удаа хартал бүх хүмүүс газарт налчихсан уйлчихсан нам болсон байв. Дуусангуут нь ЭЭЭЭ Бурхан минь энэ чинь одоо юу гээч вэ? Дараагийн буултанд багшид л аваачиж өг аймаар байна гээд гурав дахь буултанд нь багшийнх руу хамаг юмаа аваад явцгаав.
Багшийнд очоод ч түйвээж өгөв. Гадаа хашаанд нь гаргатал савж унан тоос татуулан мөрөөрөө гулгаад явжээ. Багшийн аймаар Догшин аймшгийн нохой дуугарч чадахаа болин хэвтээд чих нь буучихсан тухай хамт явсан хүмүүс ирж хэлэв.
Хадам буурлууд хэд хоног дуугарсангүй. Хэд хоног буух үед охин сууж байхдаа буруу юм ярьсан бололтой гэнэт уурлаад л Дээр үеийн хэлээр загнахад Тэд ойлгосонгүй. Ингээд Хадам маань Манз гэвэл Цай өгөх, Жинтүү- Дэр, Мутар- Хөл, Савар- Гар, Үдэл- Яв, Хөеө- Сүү гэх мэт үгнүүдийг нь арай гэж суран бид шинэ хэлтэй болцгоосон юм.
Яагаад ингэж их догширвоо гэвэл Үрсдээ маш их гомдон уурсчээ. Тэднийг үхсэнд тооцон, хүлээн авахгүй, худлаа үнэн хэмээн маргацгааж, үл тоосон хэмээн үнэхээр их уурссан байжээ. Ер нь их Догшин ширүүн онгодуудтай. Намайг Бөө болохоос өмнө ууртай байвал Сэгсгэрээ, Хагархай Хэнгэрэгээ сайхан ааштай байвал Бэргэн гэж дууддаг байлаа шүү дээ хэхэхэ. Харин Бөө болсноос хойш Аянгат удган, гурвалжин хэнгэрэгт хэмээн дууддаг болжээ. Ширүүн буултанд суусан хамаатан саднууд маань одоо сурцгаан бараг л элэгээрээ мөлхөж очин, дөрвөн хөллөөд л ухраад байх нь тэр. Асуух юмаа айснаасаа болоод зарим нь мартана, буруу яриад зад загнуулна. Хөлсөө цуваргаад л Ёоох гэсээр гарч ирдэг байлаа. Харин одоо хилэн нь овоо тайвширч найрсаг байдаг болсон Бас их шооч, наргиантай.
Онгодууд их дэг журамтай. Түрүүлж буусан жижиг онгодууд нь Дээд том зиндааны онгодуудаа хүлээн авахад бэлдэн улаачаа, тэдний гэр бүлийнхэнийг ёс заншилд сурган бэлддэг юм байна лээ. Одоо зарим Дээд онгод бууж ирээд бид ёс алдвал маш их уурсан, Голомтын онгодууд болон, жижиг онгодуудыг загнан, биднийг муу сургасан байна гээд Зэрэг дивийг нь хоёр дахин бууруул, ингэ тэг хэмээн зиндаа зэрэгтэй нь их харьцдаг.
Хэрэв үрс нь маш сайн байвал жижиг онгодод цол дэв олгодог юм байна лээ. Жишээ нь манай эмээгийн онгодуудын сургаас сонсоход нэг бага онгодыг шагнан Үжин гэж цол өгсөнд маш их баяртай байгаагаа хэлсэн байдаг.
Жижиг буюу отгон онгод гэдэг нь энэ ертөнцөөс халиад удаагүй залуу онгодуудыг хэлдэг. Ер нь бид л эмээ, өвөөгөө хөгшрөөд үхсэн настай гэдэг бол тэд тэндээ очихоороо Залуу, жижиг онго болон онгодын ёс дэг журамд суралцан хамаг бэлтгэл ажлыг хийдэг нь сонин. Онго гэдэг бол өөрөө бас сүнсний зэрэг дэв байдаг нь тодорхой. Хүссэн сүнс бүр онго болж чадахгүй. Онго гэдэг бол сүнснүүдийн бас нэг Дээд төрөл болдог байх нь.
Харин сүүлийн зуунуудад Далд ертөнц болон Энэ ертөнцийн холбоо сулран, шашингүй үзэл дэлгэрч сүнснүүдийг хүлээн зөвшөөрөхгүй болж, тархи угааснаас шалтгаалан Дээдсүүд болон бидний холбоо тасарсан. Үүнээс шалтгаалан бидэнтэй дахин хобоо тогтоох үүднээс бидний сайн мэдэх ойр хүмүүсийн маань сүнс Онго болсон байна. Үүнээс хойш бол хүссэн бүхэн онго болох хувь завшаан үгүй болох нь тодорхой.
Хэрвээ би буурлын буянаа буруу эдлэн хар муу юм их хийн, улаачын нэрийг гутаавал Онго болон энэ дэлхийд ирэх хувьгүй, Дээд Тэнгэрт жаргах ёсгүй болох нь мэдээж. Намайг миний сүнсийг шийтгэн ухаан суутал нь зовлон эдлүүлэх нь тодорхой. Амьтан болон төрж анчдад буудуулах уу, ялаа болон нисэж ялааны алуурт үхэх үү, Жорлонгийн өт болон тэр доор хэвтэж үзэхнүү, Дайнтай газар төрж буудуулж, тарчлуулж, тамлагдаж үхэх үү, Өлсөж үхэх үү, араатанд бариулан үхэх үү, машинд дайруулах уу, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй төрөх үү, архичинтай суун амьдаараа нүдүүлээд байх уу аль нэгэн шийтгэлийг амсах болно. Маш муу үйл хийвэл Жамухын тогоонд чанагдана.
Миний хүүгийн нэг маш цэмцгэр, яхир нэг онго байдаг. Их л ааштай загнасан хүн байдаг байлаа. Түүнд би нэг удаа айлтгал байна уу гэхэд нэг Солонгостой наймаа хийх гэсэн юм. Түүнийг зуучлаад өгвөл яах вэ хэмээн асуугаад хэмх загнуулж билээ. Тэр онго уйлан байж Та нарын энэ жаргалын төлөө хичнээн өвөг дээдэс чинь атга шороо алга дарам газрын төлөө амиа алдлаа. Гэтэл миний үрс хүртэл ийм юм ярихаар үнэхээр гутарч байна. За яахав Танай энэ замбын эргүү амьд хүүрнүүд бүгд л зоосны төлөө бүгдийг худалддаг биз дээ. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж үг байдаг. Хийвэл өөрсдөө хийнэ биз. Бид огт оролцохгүй. Хэрэв хийж чадвал бидэнд тэр зоосноос ганц дусал юм бүү авч өгөөрэй хэмээн анхааруулав. Онгод гээч уйлдаг гэж анх удаагаа би харж билээ. Би тэгэхэд бөө болоогүй сураггүй байсан үе.
Мөн нэг хамаатан маань уул уурхайд ажиллах гэж байгаагаа хэлэн асуухад бид огт туслахгүй. Бид газар шорооныхоо төлөө амиа өгдөг байсан гэж билээ. Үхсэн ч аймаар эх оронч. Эндээс би тэднийг шүтэж эхэлсэн юм даа. Ямар өр өвдмөөр юм бэ! Онгод уйлна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бид дахин тийм бузар юм хийх байтугай ярихыг ч цээрлэдэг болсон. Нэг удаа түүнд би Арго 800 ЧИНГИС тодруулах гэж байгаа хэмээн баяр хөөртэй айлтгахад галзууртлаа уурлав. Аугуу Эзнийг минь Яана гэнээ. Тэр үед дэлхий тэр чигтээ Хаан Эзний нэрийг цээрлэдэг, өлмийнөөс нь дээш хардаггүй байсан байтал Та нар муусайнууд Яана гэнээ гээд л маш их хилэгнэсэн. Энэ Онго бол Автай Цэцэн Хаан байлаа шүү дээ. Би түүний түүхийг аав нь тэр гэсэн гээд л уншсанаа ярьж байхад миний алдааг хэлж өгч байв. Би сайхан гар аав хүү хоёрын нэрийн нь сольчихсон л ярьж байлаа.
Тэр нэг удаа Яадын би тэднийг шатаасан юм. Би шатаагаа л биз тэгээд яахын. Өөр юу хийх байсан юм хэмээн уурсаж байж билээ. Автай Цэцэн Ханы тухай түүхийн эх сурвалжаас үзвэл юун одоо Бөө Онгод болчихсон Миний хүүгийн биед орж ирээд уйлаад яриад сууж байх тухай ухаан санаанд буухааргүй түүхтэй.
Тэр Монголд шарын шашинг дэлгэрүүлж, Хархоринг байгуулан, 800 бөөг шатааж байсан түүхтэй хүн. Монголын түүхэнд Халхын Галзуу ноён хэмээн бичигдсэн байдаг.
Шарын шашны энэ эрхэм яагаад онгод болоод орж ирвээ? Энэ бол БӨӨ, ШАРЫН ШАШИН хоёрыг сөргөлдүүлж, хооронд нь яс хаяж, Бөөг үзэн яддаг хүмүүст маш их юм бодуулахаар сургамжтай баримт. Шарын шашинд л үнэнч, Бөө шиг худлаа юм байхгүй, нэг бол БӨӨ бол хамгийн төгс шарын шашин шиг миа юм байхгүй хэмээх хүмүүст юм бодуулмаар баримт.
Хүний удам судар гэдэг Та хэнээс гараад хэн болж төрсөн нь хамаагүйг гэрчилнэ.
Дээр үедээ аав нь Бөө, түүний хүү нь Лам, ламын хүү нь Христчин ч байж болдог бодит нотолгоо нь энэ. Иймээс шашин, газар нутгаар талцах, хуваагдах, сайрхах, тэмцэлдэх үзэл ямар хөгийн тэнэг нь харагдана. Ийм ч учраас Чингис Хааны үед Монголчууд бүх л шашинг хүндэтгэн үздэг байсан байх нь. Тэгэхэд бусдын аав, өвөө, Дээдсүүд яасан билээ нэг үндэстэн байж л шашин шүтлэгээрээ талцаад алалцдаг байсан. Тэгээд хэнийх нь өвөг Дээдэс ухаантай байсан байна даа. МОНГОЛ ЗАА.
Автай Цэцэн Хан тэгтэл ямар их эх оронч, онгод болсон ч Газар шороогоо ярин уйлж уурсан, биднийг устаж мөхөхдөө таарсан хүүрүүд хэмээн хараана. Монгол гэгч Тэнгэрийн үндэстэн энэ нууцаараа гайхамшигтай. Газар нутгаа, үрсээ хамгаалж үлдэхийн тулд хэрэгтэй цагт хэрэгтэй Удирдагчид, алтан ургийнхан төрж залж чиглүүлж өгсөн байдаг. Тэр үеийн Монголын удирдагчид Бөө ч бай, Лам ч бай, Улаантан ч бай хамгийн эцсийн үр дүн нь Бид өөрийн гэсэн газар нутагтай, эх оронтой, эрх чөлөөтэй, төрөлх Монгол хэлээрээ ярьдагт л байгаа юм.
Иймээс тэдний үр удам бид ямар нэг юмыг туйлшруулан мэдэмхийрэхдээ бус тухайн үеийн улс төрийн байдал, бүх байдлыг нь мэдэж байж дүгнэлт гаргаж баймаар санагдана. Харин сүүлийн үеийн Монголын удирдагчид ирээдүй чамайг шүүнэ гэдгийг мэдээсэй. Чи хүмүүст хир их мөнгө тараасан, юм өгснөөр чинь бус хойч үеийн чинь амьдралын баталгаагаар чамайг шүүхийг санаасайдаа.
Автай Цэцэн Хааны үед Монгол орны байдал ямар байсан тухай харин ч ном сударт маш их бий. Мөн Бөө тэр үеийн бөөгийн зан үйлд ч бас дүгнэлт өгөх ёстой. Яг одоо сайн муу олон Бөө байгаан адилаар Бөөг ойлго. Тэр үед нэгэн ноёны хүүхэд нас барахад 100 эхийг уйлуулан, 100 ингийг буйлуулан ёслол тахилга тайлга үйлдүүлэх хэмжээний ялзралд орсон Бөө, мухар шүтлэгт автсан ардууд их байсан байх нь. Энэ хатуу харгислалуудыг арай энэрэнгүй зөөлөн Буддан сургаал болгох гэж зориглон эхлүүлж, хийнэ гэдэг хувь хүнээс маш их зориг, тэвчээр ухаан гарах нь мэдээж. Түүхэнд үлдтэл үүнийг хийж чадна гэдэг тухайн хүний удирдагчын авьяас нь тодорхой.
Автай Цэцэн Хан маш их ёс журам шаарддаг, бас өөрөө сахьдаг хүн байжээ. Тэр Хааныг бууснаас хойш Их Хааны дээр өргөө минь байж, би буух нь ёсонд хазгай гээд Хархоринлуугаа одсон тухай хүү маань хэлж байсан. Бид энд ирсэн болохоор одоо бууж байгаа байлгүй дээ. Тэр сэнтий дээрээ суух их дуртай. Уур нь хүрвэл хөлийн модон гишгүүрээ хөлөөрөө өлгөж аваад л нүүлгэчихнэ. Аймаар.
Хүүгийн шарын буурал гэж бас бий. Маш их сайхан хоолойтой. Ойлгомжтой ярьдаг. Сайхан ааштай. Хүн бүрт тус болохыг хичээдэг буурал байдаг. Их олон удаа буудаг, тайван буурал болохоор бид их үгүйлдэг. Ер нь ажил төрөл ихтэй хэд хоног буурлуудаа буулгахгүй бол санаад байдаг болсон байдаг. Тэд ч бас гэрийнхэн ийш тийш яваад хүн цөөтэй хэд хоновол гэр чимээ шуугиангүй, уйтгартай байлаа гэдэг. Нэг удаа манай дүүгийн охиныг ээжээс нь асуун, гэрт авчирч тоглуулж бай. Санаад байдаг юм гэхэд дүү маш их гайхан ямар өрөвдөлтэй юм бэ? бас санадаг гэнэ гэж байсан.
Энэ бүхнээс дүгнэхээр онгод бол хүн гэсэн үг. Бидний бие л харагдахгүй болсон ч хүнд байдаг бүх сэтгэл хөдлөл байдаг байна.
Хүүгийн Хатан онгодууд гэж бас байдаг. Тэд орж ирвэл малгайн өмнөх унжлагаа сүлжин, биелгээ хийнэ. Элдэв юмс ярина. Гомдож тунирхана. Яг л эмэгтэй хүний ааш зангаа гаргана. Бид Хөөрхөн эмээ хэмээн нэрлэдэг. Тэр жимсэнд их дуртай. Жимс тавьсангүй гэж гомдол мэдүүлнэ. Нэг удаа алим тавихдаа угаалгүй тавьсан бололтой. Гэтэл уурлан шороо үмхүүллээ гэж байсан юм.
Бас нэг дайчин онго байдаг. Тэр хаялга ирэн, өргөө гэрт нь халдвал дайрч устгадаг. Нэг удаа сэлэм нэхэхээр нь бид япон цэргийн сэлэм өгөв. Тэр түүгээр эргэлдүүлэн яг л кинон дээр гардаг шиг эргэлдүүлэн хэрэглэж, янз бүрийн хөдөлгөөн хийв. Тэр сэлэм жинхэнэ сэлэм болохоор бидэнд бол аймаар урт аймшигтай байлаа. Гэтэл онго маань голон хүүхдийн тоглоом шиг юм гэж уурсаж байж билээ. Түүнийг буусны дараа хүүдээ сэлмийг ямар чадамгай эзэмшсэнг нь хэлсэн юм. Харин дараагийн буултан дээр Онго уурлан энэ улаачид хэл. Хүзүү толгой хяргахаа алдлаа. Ингэж сэлэм барьдаг бол ч дайнд яана даа гэж билээ. Харин хүү маань өөрөө сэлмээ сонирхон баахан чавчилж үзсэн бололтой.
Нэг удаа түшээ бид хоёр л буултанд сууж байтал дайрлага ирчихсэн довтолж байна гэнэ.
Удган хүн онго явуулжээ. Ингээд дайчин онго түүнийг өөрөө явах уу би гаргах уу гээд л ярьж гарав. Тэгснээ цээжээ ханхайлган за нэг харваадах, овоо цөстэй байх чинь. Улаачыг минь нялх бага юм гэж бодно уу? Бага балчир ч хорхой шавьжийг бол няцлахтайгаа хэмээн байснаа сэлэм аваад өг гэв. Ингээд түшээ бид хоёрыг хол бай гэв. Тэгснээ л сэлмээ эргэлдүүлэн, өөрөө бас эргэлдэхэд түшээ бид хоёр үүд рүү мөлхөөд л зугтаав. Хэд эргэлдэж байснаа л манай ханыг тас хийтэл чавчаад авав. Тэгснээ инээгээд Сануулсан бус уу? Хоёр мэлмийгээ өөрсдийнхөө үрээс авна биз хэмээв.
Тэгээд ёс жудаггүй, ухаан муутай улаач нараас болж онгод бид дэмий хоорондоо байлдаж биенийгээ сэвтээж байна. Энэ онго мэлмийтэй болно гэвэл өөрсдийнх нь хүүхдүүдээс сохорох болно гээд улаач нар ухаан муутай байгаад маш их харамсав. Онгод гэдэг өөрсдийн улаачын үгээр л явдаг. Буруу байсан ч зөв байсан ч улаачаа л гэх учраас тэдний буруу гэж юу байхав гэж байсандаг.
Бас нэг Хэвтээ онго байдаг. Тэр орж ирчихээд гараа тулаад л унтаад өгнө. Нэг бол түшээгээ дуудан өвдгийг нь дэрлээд түшээг ая барь гэчихээд унтаад өгнө. Юм хум ч ярихгүй. Явтал нь би чилтэл сууна. Хөөрхий түшээ нь өвдгөө дэрлүүлчихээд л дуугаа дуулна. Тэгээд би томхон дэр оёж өгсөн юм. Түүнээс хойш орж ирвэл тэрийгээ дэрлээд унтана. Нэг удаа онго буухад нь би дэрийг нь дөхүүлж өгтөл энэ надад хэрэггүй. Тэр нөхөр энд ч бас унтаж л байна уу? Мөн нойртой шүү. Нойрноосоо болж үхсэн дээ. Харин нэг сэрээчихвэл ч сүйдлэж байж л дуусган амардаг айхтар онго доо гэж байсан юм. Би түүнийг үргэлж л унтдаг юм байх гэж бодож байлаа.
Нэг удаа олон хүн байж байтал тэр жинтүүгээ дэрлээд л хэвтээд өгөв. Нилээн байснаа л гэнэт хэнгэрэг Тас хийтэл дэлдэн бид бондгос хийтэл цочлоо. Хар хүүрнүүд минь наад бодлоо цэгцэл гэж загнав. Тэр харин бодлуудыг нь уншиж байжээ. Би болохоор нөгөө унтаа онго байна, мөд сэрэхгүй дээ гэж дүү маань ямар Залхуу буурал вэ хэмээн хүн бүр л түүний тухай гайхан бодож байжээ. Тэр тэгтэл үргэлж унтаад байлгүй хэвтэж байхдаа л заслаа хйичихдэг гэдгийг бас нэг удаа мэдэж авсан. Энэ мэтээр онго Буурал болгон өөр өөрийн зан чанартай. Өвөрмөц арга барилтай, ааш аягтай байдаг.
Пунцаг буурал. Энэ буурал саяхан хүүг нутгаа тахиад ирсний дараа буусан юм. Түүнийг ирснийг мэдээгүй бид нутаг яваад ирснээс нь хойш хэд хоноод буухад нь буултанд нь суув. Түшээ хүү ажилтай ирээгүй учраас охин маань анх удаагаа түшив. Юм хум нь хаа байгаа, яахаа мэдэхгүй будилах охиндоо би туслан би ингэ тэг шивнэтэл Хэнгэрэг тас хийтэл зохисноо л, тэр хавийн ширээн дээрх юмсыг тарааж хаян, Хэрээ онгодуудыг аваад шидчихэв. Яанаа гөлөг команд гээд л би гөлөг боллоо. Үхтэл айв. Яасан ёс журамгүй юм гээд л тачигнаж өгч, өргөөнд байгаа онгодуудыг ч бас загнан хоёр шат доош зэрэг бууруул хэмээв. Автай Сэцэний удам гээд улаач дээр би буулаа, гурвалжин хэнгэрэгт алдар нэр нь цуурайтаад байгаа эхийг нь харах гэж өргөөнд буулаа. Гэтэл ямар ч ёс жаяг алга. Хүний ёс заншлыг хүндэлж сур чи, эцэгт чинь би ховлоно хэмээн намайг загнав.
Яанаа намайг бас харах гэж ирсэн гэнэ үү. Мэдсэн бол нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмсдөг байж гэж санаа зовов.
Тэр: Чи Лус эцгээсээ асуугаарай. Эцэг чинь миний эзэн ч гэлээ Охин нь ёсонд сураагүйг айлдана би. Чи эцгээсээ Хар Лусын эзэн Пунцаг гээд асуугаарай. Холуур л яв гэх байх даа гээд л аймаар юм болов. Тэр миний Лус Хаан эцгийн Баруун гарын түшмэл бололтой.
Лав л бас миний Эрлэг Хаан эцгийн бас Баруун гар нь Эрлэгийн 13 ноёны нэг гэх бас ширүүн онгодтой уулзаж байсан. Манайхан болон эднийхэн чинь Хаа сайгүй найз нар юм байхдаа гэж бодлоо. Пунцаг буурал бол үнэн аймаар онго байлаа. Би буултын дараа хамаг хувцас хөлсөндөө норсон байсан. Харин дараагийн буулт нь бид нарыг нааш явахын үдэш болсон. Холын газар одох гэж байгаа учраас Уур хилэнгээ Уулын цаана гээгээд ирлээ гэж байсан. Энэ онго бас Галын буурал шиг галд дуртай санагдсан.
Галын буурал онго нь гараасаа дөл гарган наадах маш дуртай, Маш өндөр маш их гал өрд түүн дотор орж бөөлнө би гэж нэхдэг. Харин энэ буурлын дүр нь миний блогт мөнхөрсөн байгаа. Нилээн дээр үеийн хүүгийн зурагт баруун мөрөн дээр нь дүрс нь гарсан. Би тэр богино бичлэгийг хүн гуйж зураг болгон тэр дүрсийг нь сумаар заасан байгаа. Тэр харин миний хүүтэй гайхалтай адилхан царайтай байсан. Гэхдээ өөр тийш анхаарал нь сарнисан үед тэр зураг авч чадсан. Тэр малгайтайгаа байсан. Галд орж бөөлнө гэнэ шүү. Хүүгийн малгай өднөөс авахуулаад шатах юм их байхад би хүүгээ галд орохыг нь харж чадахгүйдэг. Тэрнийгээ нөгөө ертөнцдөө хийвэл таарна гэж бодоод загнуулсан удаатай гэх мэт олон олон онгууд буун өөр өөрийн үйлээ хийдэг.
Мөн Японд цаазлуулсан жанжин онго бас туялзуур жадны дэлхийн аварга байсан гэгдэх онго гээд л олон олон....
Хүүе яадаг билээ нэг мэдсэн хадам буурлуудаа бичиж өгч байна шүү дээ. Нөгөө муу хагархай хэнгэрэг чинь Хагархай бичигтэн болчихож, хамаг юмс бичээд уналаа гээд загнах байхдаа. Хол явсан гэсэн биш, бүр чалчиж гарч байх шив дээ муу сэгсгэр чинь гэх байх. Одоо болилоо. Өршөөгөөрөй буурлуудаа.
Хадам буурлууд маань намайг олон удаа үхлээс аварч бас халамжилдаг. Би сайн дураараа амиа өгсөн тэр нэг өдөр намайг үхлээс чирээд л гаргаад ирсэн юм даа. Тэгээд дахин хэзээ ч үхлийн тухай бодож, хүс. Чиний уран гар, уужим ухаан чинь миний үрст хэрэгтэй! ойлгов уу мулгуу минь хэмээн загнаж билээ.
Тэр инээдтэй өдрийн тухай би өмнө нь бичиж байсан санагдана. Мөн хааяа миний толгойг илэн эрхлүүлж, хамаг чадлаараа л зүтгээд байхад энэ мулгуу хүүрнүүд ойлгохгүй цухалдуулаад байна уу? Яалээ яалээ хэмээн толгойг минь үнэрлэн үнсэнэ. Энэ замбативынхэн ойлгохгүй байсан ч үнэн бүхэнг тэд хардаг, мэддэг, хайрладаг гэдгийг би тэгж ойлгосон юм. Би бол нээг л их уяхан сайхан ааштай, нуур нугас шиг бэр биш. Хэлэх юмаа шулуухан хэлчихдэг, дургүй юмандаа шууд уурладаг, адилтай бол адилтай, годилтой бол годилтой, хүн яаж надад хандана адилхан л ханддаг. Хуурамч хоёр нүүр гаргаж чаддаггүй хүн.
Тийм болохоор надад дургүй хүн олон. Ялангуяа би хоёр нүүртэй хүнийг үзэн яддаг. Хүнд долигнодог хүнийг харахаас ой гутдаг. Ер нь ааштай талдаа хүн болохоор заримдаа их нервтэнэ. Харин Хадам буурлууд маань намайг аятайхан аргадаад тайвшруулчихдаг авьяастай. Миний буруу бол загнана. Үнэн юм хэлбэл би яахав дээ. Нээрээ л тийм дээ гэж л бодно. Хэрэв хүү маань түрүүлж надаас өмнө босоогүй, Хадам буурлууд буугаагүй байсан бол би бүүр их мунгинаж, будилах байсан нь гарцаагүй.
Манайхан ч сайхан зальтай. Хүүг, үеэлийг боссоны дараа намайг овоо их юм харсны дараа шахаж шаардан Бөө болгодог. Би тэдний юмыг хариуцан, гардан хийж, хамаг юмсыг нь оёсон болохоороо өөрөө бөөгийн юм хийхдээ хамаагүй их туршлагатай болсон байсан. Би хүүгээ босгохдоо гаргаж байсан зардлаас гурав дахин бага зардлаар өөрөө босч чадсан юм. Хүүгээ босох үед үгүй ядахдаа л нэг юм хийлгэхэд хулхидуулах, дахин хийлгэх, хэтэрхий үнэтэй авах, буруу хийлгэх, дутуу оёх, маш их зарлал унших олон хүн хайх, сураглах гээд л маш их илүү зардал гаргаж байв.
Харин сүүлд бол би хамгийн сэтгэлээсээ сайн хийдэг, Бөөг ойлгодог, сэтгэл сайтай уран чадвартангууд дээрээ санаа зовох юмгүй юмаа захиалдаг болсон. Өөр хүн хайж гүйж цаг алдахаа больсон байсан юм даа.
Харамсалтай нь муу хүмүүс ч бас олон байдаг. Нэг хэнгэрэг хийж өгсөн залуу үнэн хачин юм хийж өгч байсандаг. Түүнийг нь буурлууд орж ирэн шууд хага цохиод хаясан. Тэр залуугийн амьдрал хэзээ ч өөдлөхгүй гэдгээ яагаад мэддэггүй юм бол доо. Ганц бидний биш олон хүний юмыг тэгж хийсэн байж таараа. Тэр архичин болчихсондог.
Бөөгийн юмыг хийж байхад Эзэн нь өөрөө хараад дэргэд нь байж байдаг. Түүнд сэтгэлээ гаргахгүй бол хилэгнэн шоглодог. Бөөгийн бүх хэрэглэл өөр өөрийн эзэнтэй байдаг. Хуяг нь, тэргүүн нь, гутал нь, өмд нь, хэнгэрэг нь, хуур нь бүгд өөр өөр онгодууд эзэгнэдэг.
Тэр гав ганц онгод л буудаг юм уу, бууснаасаа хойш удам судар угсааг чинь хэлдэггүй онгодуудтай нөхдүүд жаахан юм бодмоор. Мөн бууснаасаа хойш чамаар сайн үйл хийлгээд байна уу, муу үйл хийлгээд байна уу эрүүл үедээ анхаараасай. Зарим бөөг багш нь Хүүрийн газар аваачин бөөлүүлдэг байх юм. Хүнд итгэж болно гэхдээ өөрөө бас өөр бусдыг сонсож, судлан, өөрийн эрүүл ухаанаар бодож үзэх хэрэгтэй. Чамайг хүсээгүй байхад хэн ч хүчээр сахиус өгөхгүй. Чи л өөрөө багшаа сонгон олж очдог болохоор бүх юм чиний ухаанд байгааг битгий мартаарай!!!
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.