Түүнтэй бид хэрхэн танилцсан бэ? Энэ замбативд.
Нэг удаа хүү маань манай сургуулийн нөгөө ангийн хүү миний буултанд сууна гэсэн. Тэрэнд элдэв юмс кино шиг л урсаад харагдаад байна удвал галзуурах байхаа, гэрийнхэн нь итгэхгүй байна. Хамаатныхаа том ламаар арга чарга хийлгээд гайгүй болж байсан ч дахиад л хүний бүх мэдээлэл уншигдаад хэцүү байна. Өөрийгөө юу болоод байгаагаа ойлгохгүй байна гэсэн гэж дурсав. Ингээд буултны дараа тэр угтай юм байна. Багшдаа дагуулж очиж шалгуулнаа гэж байсан. Түүний аав, ээж нь өндөр
боловсролтой, хариуцлагатай ажил хийдэг тэргүүний сэхээтэн хүмүүс учраас бас л бидний адил гайхаж, балмагдсан нь тодорхой. Гэвч тэд бидэн шиг хэнэггүй царайлан хэдэн жилээр цаг алдан хүний аминд хүрч байж ойлгосон шиг эргүү улс биш байв. Ухаантай, болгоомжтой хандан, сайн судлан, бас олон хүнээр шалгуулан байж, олон бөө нараас багшийг сонгон багшийн шавь болгохоор тохирчээ. Ингээд энэ хүү миний улаач болсноос хойш нэг сарын дараа Өндөр дээдсүүдээ албан ёсоор хүлээн авч Тэнгэрийн улаач болсон юм.
Би улаач болон сар хиртээ болоод Чингис Хааныг бууснаас хойш чухам л эргүү төлөг шиг болсон. Яахаараа Чингис Хаан очиж очиж над дээр, хөгшин авгай, эмэгтэй хүн дээр буудаг юм. Ёстой л нөгөө тийрэн гэгч нь тоглоод байгаа байх, Тийм юм орчихсон юм бол уу, Ямар ичмээр юм бэ? Багшийнхаа нүүрийг яаж харнаа, хичнээн сайхан буулгаж залж оруулж өглөө. Гэтэд миний байж байгааг урагшгүй юм хэмээн айж багшдаа ч хэлж зүрхлэхгүй таг болсон үе байлаа.
Тэр байтугай Чингис хаан буусан өдрөөс хойш гурав, дөрөв хонож байж нөхөртөө энэ тухай арай ядан хэлсэн. Хаанаас эхлэх, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй гүн шоконд орж, шөнө ч нойр хүрэхгүй зөвхөн болж өнгөрсөн тэр гайхмаар үйл явдлууд, ярьсан яриануудыг нь бодсон маш хэцүү үе надад тохиолдсон юм. Хэн надад итгэх юм бэ? Хаан ирлээ гээд юу өөрчлөгдөх, юу хийх ёстой, тэр ер нь яах гэж ирсийн, яахаараа би гэж, миний хүү дээр буух нь яагаав. Эсвэл манай аавын талын хамаатан тэр сайхан залуу эмч дүү дээр буух нь яасын, Хүн амьтан намайг солиотой гэнэ шүү дээ. Би юу хийх ёстой юм бэ? Хэнд хэлэх вэ? Хэн надад чин үнэнг хэлэх болоо? Багш намайг загнавал яанаа, яаж нүүрийг нь харнаа. Хадам буурлуудаасаа ч айж байлаа. Дээрээс нь гэрийнхэнийгээ зовоохгүй хэмээн илүү олон юм ярилгүй. Энэ мэт ямар их сэтгэлийн зовлон тэр үед тохиож, ганцаардаж байваа.
Нэг удаа өдөр өргөөндөө Чингис хаан буучихсан надтай яриад л хольхиж байтал гэрийнхээ түлхүүрийг авахаар Зайран хүү маань орж ирлээ. Хаан ихэд цухалдан байж миний хүүд: "Танай энэ замбативд хүний ёс гэж хаачаа вэ? Миний үрс хүртэл ийм болох гэж дээ. Намайг амьдарч байх зуунд маргааш өглөө амьд байх үгүйгээ мэдэхгүй аймшигт зуун байсан. Гэвч бид эхийгээ, элгэн саднаа, ах дүүсээ, хань ижлээ ингэтэл ганцаардуулж, гашуун зовлонд унагаж, хайхрахгүй хаяж байсан удаа байхгүй. Бидэнд хүн хүнээ хайрлах хүний дээд ёс байсансан. Танай энэ замбатив шиг гутамшигтай муухай хүний ёсыг бууж ирээд би жигшиж байна. Хаа байна та нарын хайрын сэтгэл. Чамайг эх чинь элгэндээ нааж, эгэмнээсээ дүүжилж өсгөсөн бус уу. Хамгийн хайртай, аминаасаа илүү хайртай үр нь чи бус уу? Жилийн өмнө боссон зайран хүн байна чи яагаад одоо л энэ өргөөнд орж ирж байна вэ? Эх чинь юу хийж, яаж байна яагаад анхаарч харж халамж тавьсангүй вэ? Гэтэл эх чинь өөрийгөө солиорч гээд л шөнө нь нулимстай, өдөр нь сэтгэл зүрх нь шимшрээстэй хичнээн хонов. Бөөгийн ёс зааж өгдөггүй юмаа гэхэд энэ махан биеэрээ яагаад чи асууж, тусладаггүй юм" хэмээн загнав.
Хүү маань: "Өршөөгөөрэй буурал минь. Ээж маань маш их ууртай байж, бидэнд юу ч ярихгүй, биднээс хол хөндий байж, үг ч сонсохгүй байсан билээ. Мунхаг хүү би ээжийгээ тайтгарахыг хүлээсээр өдий хүрсэн нь миний алдаа. Их дээд Чингис Хаан таныг бууж байгааг мэдсэн билээ. Дээд онгодууд маань ч Таныг заларснаас хойш Дээдсүүдийн дээр Бид өргөөнд залрах нь ёсонд хазгай хэмээгээд дэгдэн, одоо зөвхөн голомтын онгодууд маань өргөөгөө хамгаалан байгаа билээ".
Тайлбар: Манай хүүгийн өргөө манай гэрийн хоёр давхарт байрладаг бөгөөд миний өрөө нэг давхартаа байдаг. Харин бөө болохдоо би тусдаа гэр барьж өргөөгөө хийсэн билээ. Тэгсэн ч гэсэн хүүгийн буурлууд маш их ёс журам сахьдаг онгодууд байв. Нээрээ би тэр үед үнэхээр хэцүү байдалд орсон байжээ. Намайг одоо ч шал худлаа тийрэн оруулсан гэж оношлодог гадны хүмүүс байтугай би өөрөө тэр үед эргэлзэн тээнэглэзэж, зовж байсан юм шүү! Ер нь би нилээн их сорилт хэл ам, өвчин зовлон, хэрүүлийг давж байж улаач болсон. Ганцаардал гэдгийг жинхэнэ утгаар нь тэр үед би өөрөө мэдэрсэн.Найз нөхөд ч, ах дүүс ч, хань ижил ч, үр хүүхэд ч, ээж ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Харин яалт ч үгүй өвдөөд хэвтэрт ороод ирэх цагт ээжийн ах дүүс, нөхөр маань ойлгож дэмжсэн юм даа. Тэгээгүй бол би амиа хорлохоор бэлдэж байсангаа болихгүй байсан биз. Одоо ч бүх юм ард өнгөрчээ. Шинэ амьдрал, шинэ найз нөхөд, шинэ үлгэрүүд ар араасаа хөвөрдөг болсон нь гайхалтай. Азнаасаа өмнө амжиж амиа хорлоогүйдээ баярлаж байна.
Хүү цааш нь: "Хаан таны улаачыг дуудан уулзах нь хүндэтгэлгүй, ёсонд хазгай учраас буурлууд маань өдий болтол ээжтэй уулзаагүй. Тэгсэн ч харж хандан хамгаалж л байгаа билээ. Таны айлтгалыг л хүлээн өдий хүрлээ. Бас нэг айлтгал байна Буурал минь" гэхэд Хаан: "Би буурал биш Дээдэс. Намайг тэгж дуудаж байх хэрэгтэй" хэмээв. Хүү: "Өршөөгөөрэй Дээдэс минь. Миний буурлууд маань таныг дайн тулаанд ороход цэргүүдээ бэлдэн өндөр дов дээр үргэлж хүлээдэг ч та нэг ч удаа дайн тулаанд оруулахгүй байгаад гомдолтой байгааг уламжлая хэмээсэн билээ. Мөн Дээдсүүд та бүгд улаачыгаа сайн харж хандаж хамгаална уу? Хуяггүй буух, ямар ч хамгаалалт хэрэглэхгүй яваад байх юм. Хичнээн та нарын улаач,Тэнгэрийн зарлиг биелүүлэх үүрэгтэй гэлээ Ээж маань энэ хорвоод надад ганцхан болохоор их санаа зовж байна" гэсэн юм.
Чингис хаан хүүгийн айлтгалыг сонсоод маш хурдан тайтгарав. Ер нь Чингис хаан маш амархан уураа барьж тайтгарч чаддаг нь сонин. Би бол тэс өөр, намайг сайн л аргадахгүй бол яршиг л байна гээд л тас гүрийчихнэ. Хэрвээ тэр хүн би үхлээ шүү гэсэн ч үхэж л байхгүй юу гээд л гэдийчих зантай.
Хаан хариуд нь: "Үрс минь та нарыг яалтай билээ. Хүнд яах гэж ам заяасан юм. Сэтгэл зүрхээ амаараа онгойтол ярьж байх хэрэгтэй байтал" гэснээ. "Танай замбативийнхэн овооруулж давхарласан оромжинд дуртай болжээ. Хэдийгээр миний улаач чиний өргөөний доор махан биеэрээ амьдарч байгаа ч бидний өргөө гэр тусдаа бариастай байгаа шүү дээ. Иймд санаа зоволгүй буурлуудаа буулган байж болно. Бид эрхлэх гэж, ямбалах гэж, гайхуулах гэж энэ замбатид ирцгээгээгүй. Хийх ёстой үйлүүдээ хийгээд дэгдэцгээнэ. Иймд энэ замбативийн амьдралд дасах ёстой".
"Миний улаачын тухайд тэр бол танай бэр. Иймд хэлэх үгээ хэлж, буруу зөрүүг нь таниулж, сургаал номоо айлдаж, зэмлэх юмаа зэмлэх л ёстой. Гэхдээ гагц шударга үнэн байх хэрэгтэй. Иймд дуудан уулзаж болно. Мөн миний улаач бол бусдаас онцгой, бусдаас өөр учраас та бүгд ойлгохгүй байх нь аргагүй. Тэр бол онцгой эрхтэй. Онцгой хамгаалалттай. Бид улаачыгаа өөрсдөө мэдье. Тэгэхгүй бол улаач маань хүн хүний үгэнд ороод элдэв дэмий юмсаар толгойгоо дүүргээд бидний ажилд саад болж байна".
"Дайн тулааны тухайд бол танайхан бол бидний эртний үнэнч андууд. Аар саархан, шалдар булдар тулаанд та бүгдийг оруулан чилээрхэх хэрэггүй. Хамгийн хүнд хэцүү тулаанд хамгийн түрүүнд та бүгдэд хандана гэдэг нь тодорхойг буурлуудадаа уламжлаарай".
"Ээж чинь намайг Тийрэн хэмээн хардаж, хүлээн авахад хэцүү байгаа бололтой. Хаан миний нэрийг барих Тийрэн танай замбативийн хүн гэгч махан биетэнд л байх биз. Тийрэн гэдэг нөгөө ертөнцийн хар сүнс ч гэсэн юу болох юу болохгүй ёсыг танай замбативийн хүнээс л дээр мэднэ дээ. Миний нэрийг барих Тийрэн байна гэж хүн гэгч та нарын мунхаг оюунд л буух байхдаа. Яс мах цусныхаа тасархайг л гэж буусан юмсан. Харин улаачынхаа зовлон шаналалд миний хүртэл өр минь өвдөж байна. Зайран хүү чи буурлуудаа ойр ойрхон буулгаж байх хэрэгтэй. Тэднийг чи хайрлах тусам л тэд чамайг хайрлах болно шүү дээ" хэмээн айлдаж байсан яг тэр өдрийн орой нь Хүү маань найз маань ирж манай өргөөнд хамт бууя гэлээ гээд бэлтгэлээ бэлдэв.
Шөнө намайг унтаж байхад хаалга тогшин Буурал таныг дуудаж байна хэмээн түшээ нь хэллээ. Би сандран босож хувцаслаад хүүгийн өргөөнд ороход Хоёр аймаар том биетэй буурлууд буучихсан тамхи нэрж байна. Ингээд улаач болсноосоо хойш уулзаагүй Хадам бууралтайгаа нүүр хагарав. Мөн түүний найз зайрангийн онгод ч мэндчилэн уулзав. Хадам буурал их л сайхан зантай байж боссоноос хойш миний хийсэн үйлүүдийг тайлбарлан өгч мөн алтан ургийн маш олон үрс байгаа нь үнэн. Чиний хэлдэгээр залуу сайхан эрчүүд ч байгаа ч чамайг гэж сонгоод зориод буусан Хаан эзнийг битгий өшигчөөд бай. Чамд тэгвэл ямар санагдахав хэмээн зэмлэсэн юм. Тэгснээ миний зэрэг зиндааг эзэн чинь голоод яасан олон юм ярьдаг юм гээд ууртай байна гээд босон хэнгэрэг дэлдэж гарав.
Ингээд нэг хүчтэй онго бөөн сүрийг мандуулж байж орж ирэхдээ ХАААХАХАХА гэж тачигнатал инээсээр орж ирлээ. За даа эзэн чинь одоо л нэг мишээж байхчив гээд л тухаллаа. Тэр онго хэлэхдээ: "Хүний энэ хорвоод хинээн жарны дараа бууна гэж төсөөлсөнгүй явлаа. Чиний амилуулсан хөлгөөр л бууж ирлээ шүү дээ охин минь. Чиний Эзэн Тэнгэр болохгүй гээд Тэнгэр болоогүй дээ. Харин би бол Тэнгэр болсон юм даа. Намайг үлгэр домогт Хадны Мангаа гэдэг шүү Хахахаха гээд Энэ хажууд буусан бууралтай Чиний Эзэн Бурхан Халдунд гурван өдөр гурван шөнө байсан юм шүү дээ. Энэ тухай нууц товчоо гэдэгт чинь гардаг биз дээ" хэмээв.
Харин найз зайрангийн буурал нь намайг дахин хүлээн авч мэндчилээд: "Бид бол үе үеийн Хаадын зөвлөх хийдэг удамтай. Эзэн Чингис Хааны үед ч бид байлаа. Хааны улаач чамтай би дахин олон удаа уулзах болно" гэж надад хэлэв. Тэр шүлэглээд л яруу найраг шиг урсгаад маш их юм хэлсэн ч би тогтоох арга байсангүй. Ямар лаг юм бэ л гээд хоцорсондог.
Ингээд тэр хоёр олон сургаал хайрлаад намайг үдлэж байж болно гээд мөнгөн аягануудад гал асаан Чи энэ замбын ирээдүйн сайн сайхан бүхэнг хар би муу муухай бүхэнг харъя хэмээгээд үлдэцгээв.
Энэ өдөр бол би гадны өөр бөө зайрангуудаас Чингис Хаан үнэхээр бууж байгааг чихээрээ сонсон, биеэрээ мэдэрсэн хамгийн сайхан өдөр байсан юм. Энэ талаар би өмнө нь бичсэн байгаа. Ингээд би энэ дэлхийн хамгийн азтай улаач гэдгээ баттай болгон аз жаргалаар дүүрсэн бөгөөд миний муухай ааш маань алга болсон юм.
Харин хэдэн өдрийн дараа Хадам буурал маань дахин буултандаа дуудахдаа "чиний түрүүний уулзсан буурал хэн байсныг мэдсэн үү гэв. Би энэ талаар сайн бодоогүй ээ гэхэд Алдарт Чу Мэргэн чинь шүү дээ" гэж байж билээ. Ингэж бид энэ 21 р зуунд танилцсан түүхтэй. Харин энэ 21 р зуунд Чу Мэргэний улаач нь миний хүү зайрантай найз нөхөд болохоор, Чингис хааны улаач би найзынх нь ээж байхаар зохицуулагджээ. Гэтэл 13 р зуунд Чу Мэргэн, Чингис Хаан хоёр найз нөхөд хамтран зүтгэгчид байсан байх юм. Амьдралаа гэж аугаа юмаа.
ТҮҮХИЙН ЭХ СУРВАЛЖААС:
Елюй Чуцай буюу ЧУ МЭРГЭН хэмээх Урт сахалт нэрээр алдаршсан хүний тухай түүхэнд ингэж бичжээ. Елюй Чуцай нь Хятан буюу Кидан аймгийн эрдэмтэн Ила Люйн хүү болон 1189 оны 8 р сарын 3 ны өдөр төржээ. Илагийн гурван хатны бага хатан Яншигаас гурав дахь хүү нь болон мэндэлжээ. Удам угсаа нь: Хятан гүрний Ляо улсыг үндэслэгчдийн нэг Абаози буюу Елюй нь АМБАГАЙ ХААНы ес дэх үеийн ач хүү мөн.
Чингис хаан зүрчидийн Алтан улсыг дайлаар мордох үеэрээ 1218 оны хавар Елюй Чуцайг өргөөндөө дуудан эрдэм мэдлэг, оюун ухааныг нь хүндлэн биширч хамтарч ажилласнаас хойш Монголчууд бид Чу Мэргэний тухай сайн мэддэг болжээ.
Харин түүний удам угсаа Төрөлх монгол нутагтаа өдий хүртэл ажиллаж, амьдарч байгаа нь баярламаар бахархмаар. Алдарт Чу Мэргэний улаач одоо залуу хүн, ирээдүйд Монгол улсдаа ихийг бүтээж, өвөг дээдсийнхээ нэр алдрыг дуурсгасан НамиМэргэн болно гэдэгт итгэлтэй байна. Түүний гэр бүлийнхэн төрөл төрөгсдөд блогоороо дамжуулан сайн сайхныг хүсэн мэндчилье.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.