Sunday, August 21, 2011

Энд ч удганыхаа ажилд шинийг эрэлхийлж туршилт хийн үзэв.


      Хэд хоног Дээдсүүдийнхээ өрөөгөөр ч орохгүй баахан ажилтай байв. Сүүлдээ миний хоёр чих халуу оргин эрвэгнэж маажуулж, уруулж өгөв. Гэвч шөнө болсон тул би залхууран орон дээрээ хэвтэн: "Зазаза маргааш орой бууж та нартай чалчнаа. Би ядраад байна" гэтэл: "Чи далай руу явсангүй" гээд л хамаг чих халуу оргиулан загатнуулав. Бодвол намайг чихдээд чирж байгаа юм байхдаа хэхэхэ. "Ирэх долоо хоногт машин авахаараа тэр далай руу чинь очиноо. Яах гээд байгаа юм ядаргаа" гэхэд: "Тэнд очих хэрэгтэй" гэв.
     Тэгээд би бодлоо. "Би бас арай энд байсан юм биш биз дээ" гэхэд бие хөдлөн "Яг Тийм" гэх нь тэр. Балай юм би хэдэн онд энд төрсөн юм. Арай манай хамаатан садан энд байгаа юм биш биз, Хэхэхэ ямар инээдтэй юм бэ? Сүрлэн банзал өмсөөд цэцэг зүүгээд, хөл нүцгэн аймаар том биетэй, хар арьстайгаар өөрийгөө санав. Би хэдэн хүүхэдтэй болон, хэн гэгч хар юмны авгай байсан юм болдоо хэмээн өөрийгөө төсөөлөн бодож эхэлтэл миний хоёр хөл өлмийгөө жийн чангарч тэгшрээд орноос доош татав. Хөлөө салгах гэтэл болсонгүй. Юу вэ би ганц хөлтэй байсан юмуу гэхэд миний хөл улам чангарав. Зазаза би хүн болж төрөөгүй Дал мод байсан юм уу гэхэд миний хөл хоёр тийшээ савчаад байх юм. Өө ямар аймаар юм бэ? Би загас байсан юм уу гэхэд миний хөл загасны сэлүүр шиг л хөнгөхөн урлагтай гэгч нь хөдлөж байх юм. Эсвэл үнэхээр загасан хөлтэй хүн байсан гэдэг нь үнэн байх нь. Ямар аймаар юм бэ? Гэтэл би далай байтугай ваннтай усандаа живчих л чадвартай шүү дээ. Байж болмооргүй юм.
    Гэнэт би лус эцгээ саналаа. Тэгвэл энд миний гэр байсан байж магадгүй юм байна хэмээхэд миний хөл зүв зүгээр болчихов. Энэ газраас намайг нэг юм авах ёстой. Цаг нь болохоор чамд харагдана гээд намайг дахин чих, хөл оролдож зовоосонгүй. Хичнээн зуун жилийн дараа миний хэлсэн бүхний учрыг энгийн хүн бүр мэддэг ойлгодог болох болдоо. Гэтэл одоо хэн ч мэдэхгүй бүгд л гайхаад байх юм. Магадгүй тэр үед би өөрөө хэн нэг үр удмынхаа чихийг гижигдээд байж байх ч юм билүү хэн мэдлээ.
     Нэгэнт нойр хүрэхээ больсон тул Дээдсүүдийнхээ өрөөнд орон лаа асаагаад хуур татлаа. Лааны дөл хуурын аяар бүжиглэнэ. Гэнэт би ингэж бодлоо. Чингис хааны сүнс лааны дөлөн дээр суугаад би тэрнийг харнаа гэж бодтол пис хийтэл инээд алдаад "За чи намайг галын дөлөнд суулгаж шарж алахнуу? Чи өөрөө суухгүй юу" гэв. "Үгүй шүү би өөрийнхөө сүнсэнд хайртай болохоор тэнд суулгахгүй. Манай хүү мүү л биеэсээ яваад зулын дөлөн дээр суугаад харж байдаг гэсэн би л лав тэгж үзээгүйдэг".
    Ингээд би багшийг санав. Багш биенээсээ гараад ийшээ тийшээ тэнээд хамаг юм мэдчихдэг шүү дээ. Ингээд би туршилт хийн өөрийн биерээ Монгол дахь гэрээ эргэхээр шийдлээ. Хамгийн түрүүнд Монгол дахь гэртээ очин хадам буурлуудын өрөөгөөр орж мөргөөд, өөрийн үлдсэн онгодуудын өрөөгөөр ороод, 2 давхарын өрөөг самнаад, доош бууж гэрээ эргэчихээд Хороолол гарч ээжийндээ очвол тэнд жаахан сөрөг энерги мэдэгдэв. Түүнийг нь хөө гэж цэргүүддээ хэлчихээд байж байтал нүд маш их өвдөв. Ингээд би сэрэв. Нүд өвдөхөөр ямар нэг юм буруу хийсэн нь гарцаагүй гэж бодлоо. Хүүдээ майл бичиж буурлуудаасаа асууж өгөөч, би ямар нэг юм хийж чадсан үгүйгээ тодруулъя гэж бодлоо. Уг нь би Япон, Герман орж хоёр дүүгээ эргэж үзэх байсан ч нүд өвдөөд чадсангүй ээ. Тэгэхээр би нэг зүйлийг буруу хийсэн эсвэл хамгаалалтаа дутуу хийснээс зайлахгүйдэг. 9 сарын 1 нээс би маш завгүй болох учраас тэмдэглэлээ дэвтэртээ л бичиж байхаас. Мөн буурлууд намайг маш их юм уншиж судла гэж даалгавар өгсөн.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.