Tuesday, August 30, 2011

БӨӨГИЙН ТЭНГЭРҮҮДИЙН ТУХАЙ


Ер нь Тэнгэр Тэнгэр л гэнэ. Тэр чухам юу юм бэ? Хэн юм бэ? Бөөгийн Тэнгэр, Дээр минь мэлтийх Тэнгэр хоёр нэг юмуу, Өөр юм уу? Харахад Нэг л Тэнгэр байх хирнээ юуны чинь олон тооны 55, 44 ч гэх шиг, Хар цагаан гэх мэтээр ялгардаг байнаа гээд л маш олон асуултыг би мэдэхгүй. Одоо ч төгс сайн учрыг нь олоогүй учраас Эрхэм эрдэмтэн мэргэд, Бөө нарууд намайг битгий зодчихоорой доо. Та нар бас судлаад тогтоох нь мэдээж.
Би улаач болоод одоо Яг Есхөн сар болж байна. Мэдэмхийрэх эрх надад байхгүй нь тодорхой. Гэхдээ үнэхээр надад тохиолдсон Тэнгэрүүдийнхээ тухай яг тэр хэвээр нь бичиж үлдээж байгааг минь болгоогоорой. Тэгээд ч миний түүхийг дараа нь өч төчнөөн хүн Яг л нууц товчоо шиг мөрдөн судлах болно хэмээн Дээдсүүд хэлсэн юмдаг. Хэдэн зууны дараа түүхийг маань үлгэр үү, үнэн бодит уу гээд л судлах нь дамжиггүй. Гэхдээ ирж яваа цаг болохоор үнэн худал гэхээсээ илүү Аянга удган энэ талаар юу мэдэрсэн байна хэмээн бусад бөөгийн судруудтай харьцуулан судлах болно. Би тэр үед дээд Тэнгэрт гэдсээ илээд л малийгаад хэвтэж байх байлгүй. Хэхэхэ.
Би  Тэнгэрүүдийнхээ тухай нэг нэгээр заваа гарахаар бичин танилцуулах болноо яваандаа. Тэдний тухай тухайн үед тохиосон бүхнийг хагас дутуу бичээд л яваад байсанг санаж байгаа байх. Харин одоо Тэдний тухай нийлүүлээд багц болгохыг зорилоо.
Хамгийн маргаангүй үнэн юм нь бол үнэхээр Тэнгэрүүд гэж байдаг. Эд амьтай. Өөрийн улаачдаа буун ярьж, идэж ууж, санаа бодлоо хэлдэг учраас амьтай нь гарцаагүй. Энэ олон Тэнгэрүүд бүгд өөрсдийн үрстэй. Маш олон үрстэй. Мэдээж Хамгийн том нь Эцэг Тэнгэр, Эх Тэнгэр. Нийтдээ 101 Тэнгэр бий.
Би гэгч хүн чинь бас болоогүй ээ. 99 Тэнгэрийн улаач нэртэй шүү дээ. Энэ нь 99 Тэнгэр 99 үүлээ буудаг гэсэн л үг. Тэдний хэнгэрэг нь тусдаа. Намайг 99 булдруутай хэнгэрэгтэйг мэдэж байгаа биз дээ. Энэ Хэнгэрэгний онцлог нь Нүүр тал нь Эцэг Тэнгэр, хажуугаараа 99 Тэнгэр, ар хэсэг нь Эх Тэнгэрийг бэлэгддэг. Бөө болон Бөө судлаачид мэдэж байгаа байх Хэнгэрэг бол Бөө хүний нэрийн хуудас гэдгийг. Хэнгэрэгийг дураараа хийж үл болно. Хэнгэрэгийг Онгодууд хэлж захиалж хийлгэдэг. Хэнгэрэг амьтай. Хэнгэрэг эзнээ дуу хоолойгоор нь таньдаг.
Чингис Хааныг буудаг болсноос хойш би Тэнгэр гэдгүүдийг тоодог ч үгүй ойлгодог ч үгүй Хааныгаа л шүтээд түүний үгэнд л ордог байсан юм. Гэтэл Хаан: "Чамайг яалтай билээ. Тэнгэрүүдийн хажууд би өчүүхэн бөөс" хэмээн айлдаж байсан. Гэтэл үнэн чанартаа Энэ Тэнгэрүүд буудаг болж, шүүлтэнд тэнцсэнээр л Эзэн Чингис Хаан над дээр бууж ирснийг эргүү би сүүлд нь мэдсэн юм.
Эхлээд Эх Тэнгэрийн шүүлтэнд орж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөний дараа Эцэг Тэнгэр надад 50 гараг дотор биелүүлэх даалгавар өгөөд Чадахгүй бол. Би зүрхээр нь тугаа тахина гэж байсан тухай миний өмнөх түүхүүдэд бичсэн байгаа. Би тэр үед тэр хоёрын нэрийг ч мэддэггүй байсан. Харин тэр үед байсан миний нэг дэх толгой онго Хувилай баатар маань ямар их гэрээ цэвэрлэн бэлдэж, миний юмсыг засан, бас зүрх нь түгшиж догдолж байснаас үзвэл ЭХ Тэнгэрийн шүүлтнээс маш их айж байсан нь тодорхой.  Тэр үед ямар муу миний хямсгар ааштай, зэвүүн авгай вэ энэ одоо хэмээн бодсон Тэнгэр эхийн шүүлтэнд тэнцэн Өргөөндөө Толь, хутга мэс, бүх зүйлийг хэрэглэх эрх авсны дараа миний онгодууд баярлан хөөрч, Хатан онго маань дуудлан дэвхцэж, Хувилай онго маань тайвшран Миний охин хэмээн анх удаа дуудан, овог аймгийн минь бахархал, бид дахиад чадлаа гэх өвөг дээдсүүдийн минь баяраас харахад Тэнгэр ээж гэгч ямар их эрх мэдэлтэй аймаар нь мэдэгдэнэ.
Өө тэр Тэнгэр эцэг нь дэндүү. Хамаг гэрэл унтраан, бүгдийг чив чимээгүй нам гүм болсны дараа л Зарлиг гээд хэдхэн үг хэлнэ. Онгодуудыг шууд л Тэдний удмын тэр улаачыг сорихоо зогсоо, нутгийн тахилга хийлгээд хэрэггүй. Ийм тийм эрхийг нь өг. Энэ улаачыг тэг ингэ. Ийм тийм юм нь хориотой гээд гурван зүйлийг хорьж байсан юм Биеэ тоох, Хараал хийх нэг нь юу ч билээ. Би гэдэг ийм л хүн байна даа. Нөгөөхийг нь мартчихсан тууж явна. Гэхдээ тэр үед бичиж үлдээсэн байгаа байх тэндээс олно биз. Би бол өөрийн бичсэн юмсаа унших, хайх зав ч байдаггүй юм. Гэхдээ нилээн хэдэн сарын дараа намайг Хараал хийж болно. Гэхдээ тэр Хараалыг заавал тэнгэрт юуны учир хараах болов бүгдийг мэдүүлэн зөвшөөрөл авч байж хийх ёстой гэсэн эрх өгсөн юмдаг.
Тэнгэр эцэг 50 гараг хооронд даалгавар өгсөн ч яг юуг хийх тухай нэг ч үг хэлээгүй. Хэрэв тэр Тэнгэрүүдийн нэрийг олон биедээ буулган сур гэж тодорхой хэлсэн бол би Тэр оройдоо л нухаад үзэх байсан ч юугаа ч мэдэхгүй би Маргааш өглөөнөөс нь эхэлсэн юм.
Яг ямар даалгавар өгсөнг би мунгинаж байж мэдэж авсан бөгөөд Ёстой амархан юм байна гээд л ном сонингоо онгичин 99 Тэнгэрүүдийн нэрийг хэвлэсэн сэтгүүлээс дэлгээд л уншиж эхэлтэл Онгод шууд л балаар минь дараад дараад хаяж, Ийм Тэнгэрг гэж Хаа байна гээд уурлаж гарсан билээ. Чингис Тэнгэр, Бөртө Тэнгэр гэхийг хараад Хар мунхагууд хаанаас ийм юм бодож олоо вэ хэмээв.
Би хамгийн сайн мэддэг Хүүгийнхээ Атаа таван Тэнгэр, Зүрхт Хар Тэнгэр гээд л баараагүй хэдэн Тэнгэрээ биччихэв. Үүний учрыг олох гэж нилээн бодсоны эцэст Тэнгэрүүдийн нэрийг олох хамгийн амархан аргыг олсон юм. Мөн би хэрэв зөв бодвол Онгодууд баясч байгааг анзаарч тэд нараас тагнуулдаж гарав. Буруу бол тэд дургүйцэх нь мэдэгдэнэ.  Тэнгэр гав ганц байтал яахаараа хэд хуваана вэ ? гэж бодож байснаа За энэ дэлхийтэй л адил юм байлгүй дээ. Дэлхийг гаднаас нь харахад ганц л цэнхэр юм харагдсан хирнээ дотор нь дэндүү их хуваадаг биз дээ хэмээн анх удаа зөвхөн нэртэй зууралдалгүй хил хязгаараар нь бодож эхлэв. Тэгээд 99 Тэнгэр гэдэг чинь ганц Монголын дээр байдаг юм уу хаашаа юм. Барууны зүүний гээд л хуваадаг. Бас Хар Цагаан гэдэг хэмээн бодов.
Гэтэл Тэнгэрийг чи битгий Хар цагаан гээд бай. Оюунаа ажиллуул гэсэн юм. Бүр хэтэрхий тэгж хуваах буруу байлаа. Жишээ нь Мэлмий тэнгэр гэж бий. Тэр бол сайхан талаас нь бодвол сайх сайхан Тэнгэр. Гэтэл нөгөө талаас нь бодвол маш муухай Тэнгэр. Тэр Тэнгэр хилэгнэвэл хорвоог харах азгүй болно. Дайны Тэнгэр гэхэд л ялсан талдаа бөөн баяр баясгалан, ялагдсан талдаа бөөн гай зовлон гэх мэтээр бүх Тэнгэр хоёр талтай байлаа.
Яаж ийгээд хийсээр 60 аад Тэнгэрийг олтол онгодууд тайвшран За дараа хийсэн ч болно гээд санаа амарсан тул Тэнгэр эцгийн даалгавар гарцаагүй энэ байсаныг бат ойлгоод би улам шамдсан. Энэ үеийн тухай тодорхой бичсэн байж магадгүй. Номондоо юу блогт уу мартаж. Гэхдээ нэг сонин юм болсон нь Би тэр нэрийг нь олоод бичээд байгаа Тэнгэрүүд амьтай гэдгийг мэдсэн явдал юм. Мөн байвал миний биеийг савчуулаад л ороод ирнэ. Биш бол яаж ч дуудаад миний махан бие гөлийсөн хэвээрээ гэсэн үг. Амьтайг нь мэдсэн надад баараагүй нэр олох явдал арай хурдан болсон юм. Гэхдээ л  би тэднийг бүгдийг олно гэж даанч хэцүү байлаа. Ингээд би олсон Тэнгэрүүдээ сайн ажиглан харж, нэг бүрчлэн утгийг нь бодож байгаад нэг холбоосыг ажиглав. Энэ Тэнгэрүүд гэгчид хүний амьдралын үйл явдал буюу бүх л юмстай холбоотойг харлаа. Хүн гэгч амьтан яавал жаргалтай амьдардаг, ямар зовлон тохиолддог. Тэдний үйлдэл бүхэнд холбоотой гэсэн үг. Ханийн, Үр хүүхдийн, Дайны, Эд хөрөнгийн, Эрүүл мэндийн, Насны гээд л гайхалтай. Ингээд л би үлдсэн Тэнгэрүүдийг хурдан хөөж олсон юм.
Харин хамгийн сүүлийн ганц Тэнгэр үлдэхэд надад бүр яаж ч бодоод хүний амьдралын хамаг үйл дууссан мэт санагдаад байлаа. Гэвч хүн гэгч амьтадынхаа тухай сайн бодож байгаад ТӨР гээч юмаар удирдуулдагыг санамагц миний бие чичрэн салгалж сүйд болоод Би 99 Тэнгэрийн нэрийг тавьж дуусгаад ЭЦЭГ,  ЭХ ТЭНГЭРЭЭ нэмээд бичиж дуусган хэт ядарсан учраас яаж гэртээ орж, ор луугаа яаж хүрэх вэ гэж бодтол Хоймроо гар, Хэнгэрэгээ барь, Цэх суу, Гэрлээ унтраа гэх Хатуу команд ирэн ёсоор болготол Тэнгэр эцэг дахин заларч Намайг, миний овог аймгийг магтан сайшааж, сүүгээр халтайтал минь угааж өгсөн юм даа. Энэ өдрийн цааших сонин явдлуудын тухай би бичсэнг санаж байгаа байх. Энэ шөнө л Атийл Хаан, Чингис Хаан ирэн ядарсан намайг амраахгүй ирж яриад толгой эргүүлж эхэлсэн юм даа. Би өглөө сэрээд л болж өнгөрсөн яриануудаа бодон Өөрийгөө солиорч байгаа юм бол уу гэж хардаж эхэлсэн түүхтэй.
Миний олсон, биендээ буулган амьтайг нь баталсан Тэнгэрүүд маань гэтэл бусад бөө нарын бичиж нэрийгнь хэвлүүлсэн Тэнгэрүүдээс нэр нь зөрөөд байх учраас Би энэ талаар тайлбар хийж чадахгүй. Магадгүй бусад бөө нарт Тэр Тэнгэрүүд нь яг л онгод шиг буун ярьж хэлж амьтайгаа баталсан байлгүй дээ.  Гэтэл зарим Бөө Тэнгэр хүнд буудаггүй гэж зүтгэдэг. Энэ бол харин худлаа шүү. Та тэгвэл буруу л бодож байна гэсэн үг. Өөрийн гэсэн Тэнгэр хамгийн багадаа  гэхэд нэг заавал буух нь тодорхой. Гэхдээ Тийрэн оруулсан БӨӨ нар бол ТЭНГЭР бууна гэж горьдсоны чинь гарз. Тийрэнгийн Хаан буувал өөрийгөө бүрэн Хаан нь сонготол Тийрэнтжээ гэдгээ мэдвэл зохино.
Одоо бол миний 99 Тэнгэр чуулж буухдаа бол хачин сонирхолтой концерт болдог. Мэдэмхий зарим нь хэзээ ч 99 Тэнгэр нэг хүн дээр буухгүй гэнэ байх. Мөн хэзээ ч Эцэг Тэнгэр, Эх Тэнгэр хүнд буухгүй гэх биз. Тийм шүү энэ бол 1000 жилдээ нэг удаа болдог Алтан улаачид буудаг үзэгдэл болохоор мэдэхгүй байх нь аргагүй.  Эзэн Чингис Хаанд маань буудаг байсан юм шүү дээ. Ийм улаач бусад бөөгөөс ТЭС ӨӨР болохоор л хүмүүс байтугай бөө нар ойлгодоггүй байх. Нэг үгээр хэлэхэд 99 тэнгэрээ захиран бүх л үйлийг хийх чадвартай гэсэн үг. Нэг  удаа миний танил удган яахаараа миний Тэнгэр танд буудаг юм хэмээн уурлаж хардаж байж билээ. Хэхэхэ. Тэрүүгээрээ л онцлог байхгүй юу. Тэнгэрүүд мөн олон олон үрстэй гэдгийг ойлгоосой билээ.
Тэнгэрүүд болон сүнснүүд гэдэг маш их ёс жаяг зохион байгуулалттай. Газрын бид нар шиг замбараагүй биш. Дэг журам эрэмбэ, зохион байгуулалтай байдаг. Тэд нар Хаана байдаг вэ? Тэнгэрт байдаг. Сүнснүүдийн зиндаагаараа энэ орнууд нь өөр өөр байдаг байх нь. Дээдийн Дээдэд байдаг Тэнгэр сүнсүүдийн оронд очиж үзээгүй тэнд амьдардаггүй сүнснүүд тэдний тухай юу хэлж мэдэх юм бэ? Сүнсний дэг журам, зохицуулалт нууц байхгүй бол Хэн дуртай сүнс нь Би Дээдийн Дээдчүүд байдагт очноо гээд л орно биздээ. Дээдийн Дээдэд хамгийн ариун төгс сүнснүүд л очдог. Зиндаа доогуурууд нь тэдний тухай мэдээлэл байдаггүй учир нь энэ. Сүнс л гэхээр бүхнийг мэддэг, чаддаг гэж бодвол эндүүрэл. Жишээ нь манайхан гэхэд л ямар нэг үйл хийхдээ түүний хамгийн сайн чаддаг, мэрэгшсэн Буурлаа оруулан хийдэг.
Чингис хаан маань хүн бариад илээд сууж байдаг гэж бодоогүй биз дээ. Та нар. Нэг тохиолдол байдаг шинэхэн нэг улаач дайрлага дайрахад Буурлууд минь дайтаарай, байлдаарай гээд л байдаг байжээ. Гэтэл сүүлд нь тэдний буурлууд түүний алдааг хэлж өгөхдөө оюун ухаанаа тэл чи. Жишээ нь би хүн эмчилдэг буурал. Гэтэл намайг улаан гараар минь л байлд гээд тушаагаад байх юм. Дайны онгодууд чинь өөр шүү дээ хэмээн инээж байсандаг. Үүнээс дүгнэхэд  Эмч хүнийг зэвсэг ч өгөлгүй Яв алалцаад байлдаад эднийг будаа болгоод өг гээд Мэрэгжлийн цэргүүд рүү нь илгээж байна гэсэн үг байх нь.
Тэнгэрүүд буюу сүнснүүдийн тухай сайн ойлгоё гэвэл одоо байгаа амьдралаа нөгөө ертөнцөд тэр чигт нь аваачин бодох хэрэгтэй. Тэдний онцлог нь хүн гээч үхээд сүнс болохоороо хүнээс ихийг мэддэг, хүч чадалтай болдогт орших нь. Мөн хүссэн хүн бүрт Тэнгэрүүд буудаггүй. Тэнгэрүүд онцгой тохиолдолд өөрөө л шаардлагатай үеед буудаг гэдгийг ойлговол зохино.
Зарим бөө яагаад бөөн өргөл барьц өргөж байж ажлаа бүтээдэг учир нь энэ шүү дээ. Өөрт буудаггүй Тэнгэрт өргөн мэдүүлж зуучлан өргөл барьц өргөдөг юм. Гэтэл би яагаад хүнд хүнд үйлүүдийг хүртэл өргөл барьцгүй хийдэг вэ? Онцгой улаач учраас л тэр. Ялгаа нь ердөө энэ. Бөө нар тэд эдэн амбан шар, атан тэмээ, хундан цагаанд тааруулан заслаа хийнэ гээд л хийж байсанг би маш их харсан. Заримыг нь би ямар шуналтай хулгайч бэ ухааны юм ч боддог байлаа. Тэгээд нэгэнт л би бас бөө болсон юм чинь засал хийх тусам баяжаад сүйд болох нь дээ хэхэхэ хэмээн баясав. Гэтэл манай онгод Тэнгэрүүд ердөө амбан шар, атан Тэмээ нэхдэггүй ээээээ. Ямар сайндаа хүүеэ би тэгээд хэзээ ч баяжихгүй юм уу хэмээн эхлээд гайхаж дээдсүүдтэйгээ маргалдаж байхавдээ. Хаан бол тахилга тайлгыг одоогийн тэр халтуурдаад гүтгээд байгаа нөхдүүд шиг хүн бүрээс хорин мянган төгрөг хураагаад хийдэггүй л байхгүй юу.  Хааны хишиг буян заяаг хүмүүст үнэгүй түгээдэг байсанг хэрхэн гүжирдэж чадаж байнаа. Тэд идсэнийхээ хирээр Хаанд төлөөсөө төлөх болно гэдгийг Хаан хэлж байсандаг. Чингис Хаан бол энгийн ядуу ард байх тусам тэднээс өглөг аваад зовоогоод байхгүй хүн.
Харин тэгэхдээ нэг удаа түүнийг  нэг наймаачин ашиг орлогоо арвин их болгохыг гуйн засал хийлгүүлсэн билээ. Тэгэхэд Эдийн Тэнгэрийг дуудан даатгаж байсан бөгөөд Чи харин одоо биш дараа нь олсон орлогоноосоо дээдээс нь надад авчирч өгөөрэй хэмээн хэлэв. Хэдэн сарын дараа тэр өөрөө ч биш хүнээр дамжуулан 5000 төгрөг бариулаад Ажил үйлс сайн байгаа. Танд энийг өгүүлсэн гэх нь тэр. Хаан инээгээд тэр мөнгийг нь тарнидаад буцааж өгөөрэй гэж хэлээд. Аливаа юм хоёр талтай байдаг. Сайн нь дийлэнхи байвал сайн, муу нь дийлэнхи байвал мууддаг. Тэр юмыг хурааж цуглуулж болох ч хэтэрхий харамч байвал юу нь сайн вэ? Оруулах ёстой юмыг оруулж, гаруулах ёстой юмыг гаргаж сурах хэрэгтэй. Тэр өдий болтол өөрийн хийсэн наймааны үнэлэмжээ 5000 гэдэг төгрөгөөр үнэлээд явуулжээ. Тэр өөрийнхөө хишиг буяныг ингэж үнэлж байгаа бол энэ хэвээр цааш өсөх учраас энэ тарнидаж өгсөнг түрийвчиндээ хийгээрэй хэмээн янзлаад өгч байлаа.
Тэнгэр чамд хир их хишиг өгнө түүнээс бусдад илүүчлэх юмаа сайн илүүчлэх тусам өөрт нь сайн. Зарим хүн өөрөөсөө ч гэр бүлээсээ ч ашиг орлогоо харамлан Бирдийн сэтгэлгээгээр амьдрах юм даа.
Эндээс одоо дүгнэлт хийхэд Тэнгэр бол хүний амьдралын бүх л үйл явдлын зохицуулагч нь тодорхой. Судар бичигт Монголчууд дайн хийхдээ хоёр талд баахан дуу дуулаж байгаад дайнаа эхэлдэг тухай уншаад би савж унан шоолж байсансан. Дуу дуулаад байхдаа яахав дээ. Дуулчаад яаж биенийгээ алж чаддаг юм бэ гээд л нэг л гаж сонин санагдаж тэр үеийн Монголчуудынхаа тэнэг бүдүүлэг байсанг шоолж байсан юм. Харин одоо бол тэд бөөгийн зан үйлээ хийж. Хоёр талын онгод Тэнгэрүүдээ баясган дуу дуулдаг байсан нь маш энгийн зүйлийг ухаарлаа. Тийм ээ, Монголчууд тулалдахад өвөг дээдэс нь харсан Тэнгэр нь хамт байдаг байх нь. Одоо ч Хэрвээ хэн нэг бөө намайг халз тулаанд дуудвал Би гурвалжин хэнгэрэгээ бариад л Болзоотын бор толгой дээрээ гарч байгаад л эхлээд Дуу л дуулна. Би дайчин онгодуудаа дуудан ЭЛЭГ ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ЭНХРИЙ МОНГОЛ ОРОН МИНЬ хэмээн дуулж байгаад л тулалдах нь тодорхой.
Ийм учраас л эртний судар ном, үлгэр домгууд үнэн, тэдэнд маш их нууц хадгалагдан үлдсэнийг дахин дахин сануулан хэлээд байгаа юм шүү.
Сүүлд нь би Тэнгэр гэж Бөөгийн цол юм гэдгийг бас мэдэж авсан. Би олон олон амийг амилуулан их үйлийг эхлүүлсэн учраас энэ цолыг Тэнгэрээс авсан. Мөн Чингис хаан үхээд Тэнгэр боло уу гэхэд Үгүй ээ гээд болоогүй тухай, Би яахав болсон гэх миний Хадам буурлын яриа гэх мэтүүдээс дүгнэхэд Тэнгэр гэж Бөөгийн цол Энэ Тэнгэрүүд тэднийг захирдаг, Тэд Тэнгэрт ариун сүнснүүд нь үүрд байдаг юм гэж мэдэж авлаа. Хамгийн сонин нь Тэнгэрт бас угсаа үе дамжуулан хүүдээ өгдөг нь хачин. Миний энэ замбативд төрүүлсэн эцэг маань Догшин Хар Тэнгэр болсон билээ. ЯАГААД??? Аав маань тэр Тэнгэрийн хүү нь байжээ. Гэвч аав маань цаг хатуу үе байсан, сүнс гэдэгт итгээгүй ч юмуу яасан юм. Лав угаа барихгүй байсаар орь залуу 41 насандаа өнгөрсөн билээ. Харин намайг маш их үйл хийж төрүүлсэн эцэг, эхийнхээ ачыг нэгэнт хариулсан чи, овог аймгийн бахархал хэмээн магтаад Аавыг маань сайн охин төрүүлж өгсөнд нь зэргийг нь шууд өгсөн байдаг.
Аав маань энэ цолыг аван ажилдаа хурдан орж хийж сурах бас их байсан ч надтай уулзах гэж өргөөгөөр эргэлдэн байгаад байхад нь Дээдсүүд түүний тухай хэлчихээд миний биед оруулаагүй. За та хоёр дахиад л нус нулимс болоод салахгүй. Аавынхаа сэтгэлийг чи мэдэрч байна уу гэхэд хүртэл би аавыгаа өрөвдөөд уйлаад унасан юм. Аав минь бас л уйлж л байсан нь тодорхой. Гэхдээ миний аав надад юу гэж хэлчих гээд эргэлдээд ажил албандаа явахгүй байсанг сайн мэдэж байлаа. Мөн би аавыгаа Догшин Тэнгэр болж байгааг гайхан өөр Тэнгэр болохгүй яасан юм бэ? Миний аав хэзээ ч тийм Догшин биш гэхэд Тэр Догшин Тэнгэрийн хүү, түүний үе залгамжлагч нь байсан учраас тэр ийм Тэнгэр болж байгааг буурал хэлсэн билээ.
Хичнээн 1000 жилээр Тэнгэр байсан хүмүүс дараагийн үедээ бас шилжүүлж өгдөг тийм хачин юмсыг би ингэж мэдсэн. Тэхээр Тэнгэр гэдэг бол аугуу хүч чадалтай өвөг дээдсийн минь сүнс гэдэг нь тодорхой. Гэтэл бас нэг юм бий. Зарим Тэнгэр би хүн болж төрж байгаагүй хэмээн ярьдаг. Үүнээс үзэхэд бүх Тэнгэрийг хүний сүнс байсан гэх бас учир дутагдалтай байгаа биздээ. Мэдээж над шиг чалчаа хагархай хэнгэрэгээр дамжуулаад Тэнгэр бүх нууцаа юу гэж дэлгэхэв дээ.
Би бол өөрөө их зовсон учраас дараа дараагийн улаач нар, тэнгэрийн элч нар маань над шиг битгий зовоосой. Жаахан ч гэсэн, хагас ч гэсэн мэдлэг олж аван өөрсдөө дэлгэрүүлэн судлаж, миний зөв бурууг шүүн тунгааж, алдаа оноог засч залруулан МАШ ХҮЧТЭЙ БӨӨ нүүд болоод МОНГОЛ орноо ТЭНГЭРИЙН МОНГОЛ дахин болгоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч буй учраас  өөрт тохиосон, сонссон, харснаа бичиж байгааг ямагт санаарай. Намайг зүгээр л нэг энгийн хүн гэдгийг битгий мартаарай.
Мөн би Хадам буурлуудаас анх удаа Тэнгэрүүд хүнийг төрөхөд бас давхар эх барьж авдаг хэмээн сонссон юм. Манай нөхрийг Атаа таван Тэнгэр эх барьж авсан байдаг. Тэр хэлэхдээ Атаа Тэнгэрийн хүүхдүүдэд ГАНЦ  АРХИ л зохидоггүй. Түүнээс хол байвал амьдрал нь сайн сайхан явдаг юм даа хэмээж байсандаг. Атаа Таван Тэнгэр гэдэг бол нэг ТЭНГЭР биш байв. Миний хүүг бөө болоход Атаа Таван Тэнгэрийн зургийг Бөөгийнхнөөр нь үү, Шарынхнаар нь алиугээр ч болно бүтээлгэж тавь гээд Би Бурханч лам Пүрэвбатын шавь нэг лаг зураачаар бүтээлгэж байсан юм. Манайх шарынх нь хэлбэрээр бүтээлгэсэн.
Гайхамшигтай сайхан зурдаг юм байна лээ. Багш хэлэхдээ хүүд Танай өвөг дээдэс энэ улаан ямаа унасан нь манайх өөр нэг нь хэмээж байснаас үзвэл Тэр таван Тэнгэр өөр өөр нь тодорхой.  Ямаа гэхээр ямааны зураг хайгаад унав. Тэр зурагт нэг хачин амьтан бий. Тэрийг ямаа гэсэн. Зээр ч  билүү юу билээ. Анчид зургийг нь хараад таних байх. Бусад нь Морь унасан байсан байх шүү. Таван сайхан анд нөхөд баатрууд байсан юм болов уу? Лав л эр хүний Тэнгэр гэдэг биздээ.  Энэ талаар би сонин хачинг уншиж амжаагүй байгаа. Лав баруун талд морилдог нь туйлын үнэн. Ер нь эрчүүдийг баруун зүг болон, хойд зүг рүү харан морь харахыг цээрлэ хэмээн Хаан сургадаг. Өөрсдийнхөө хамаг сайн сайхан Тэнгэрүүд байрладаг зүг рүү л шээж байна хэмээн уурсдаг. Зүгийн муу зүүн урд шүү дээ.
Хүүгийн маань Атаа Тэнгэр хүүхэд төрөх, эх хүү хоёр яс салахад маш их тустай гэж бас сонсож байсан даг.
Нэг удаа Хадам буурал Миний сахилгагүй охины тухайд арга үгүй биз дээ. Эрхийн Тэнэг Тэнгэр эх барьж авсан юм хэмээн хэлж байсан. Энэ Тэнгэрт бусад Тэнгэрүүдийн чаддаггүй гурван гоц юм байдаг гэж байсандаг.
ЭРХИЙН ТЭНГЭР
Энэ Тэнгэр уг нь хөөрхөн нэртэй. Даанч бусад нь шоолоод ЭРХИЙН ТЭНЭГ ТЭНГЭР гэжээ. Би бөө болох ёслол хийгээд ёстой хэдхэн хонож миний биеийг дасгах гэж маш олон онгодууд маань бууж эхлэж байсан үе юм.  Янз бүрийн ааш аягтай, хэлбэр дүрстэй онгодууд солигдон орж ирж рашаанаа уун, хэдхэн минут болоод нөгөөх нь орж ирнэ. Энэ үед дундуур нь нэг балай онго орж ирэв. Өмнөх онго нь орж ирээд газар сууж байгаад явсан байтал тэр орж ирээд ёстой нэг орилж чарлаж гарав. Тэр үед манай өргөө маань өвөл байсан учраас маш хүйтэн гал түлсэн ч би бээрсэн юм байдаг байв.
Тэр онго миний амыг аймаар том ангайлгаж байгаад ААЙЙЙЙЙЙЙЙЙЙ гэж орилон уйлж чарлан. Намайг яасан муухай хүйтэн газар буулгав. Хаан аавдаа хэлбэл та нар яах болдоо. ААвАА ЭЭжЭЭ гээд л амаа дарвайтал нь уйлж гарсан.Күэээ тэр уруул амы нь ээ, дарвайтал нь алгадаад авмаар гэдэг нь.  Миний хамгийн дургүй тэнэг зан. Даанч би өөрийгөө алгадаад авч чадахгүй байв.  Миний оронд онгодууд байвал ч харин намайг гөвөөд авч болдог юм. Гаднаас хүн харвал би өөрөө өөрийгөө зодно гэсэн үг. Нөгөө эрх чинь Манай Өргөөг голон чарлаж уйлж байгаад гарлаа. Гэтэл дараагийн онго орж ирэн Хайн муу ёдор чинь , Чихний хэнгэрэг хагалах нь байна. Энийг яах гэж буулгаав. Тэр тэнгэртээ л эрхлээд хэвтэж байхгүй гээд түүний талаар ярив. Тэр маш их уйлхай, чарлаа орилоо болохоор Түвэг гээд шалавхан юмыг нь бүтээж өгөөд салахын түүс болдог. Эцэг эх нь эрхлүүлээд ийм болсон. Эрхийн Тэнэг Тэнгэр нөгөө охин дүрээрээ буучихаад явлаа гэсэн юм.
Намайг боссоноос хойш бараг дөрөв таван сарын дараа л манай ганц охин маань миний өргөөгөөр шагайв. Суу гэж дуудуулан уриулан байж буултанд суув.
Гэтэл нэг онго орж ирлээ. Тэр орж ирүүтээ л ёолж ёхлон, том дэр авчруулаад хойморт хэвтээд өгөв. Тэгээд л Ёооох ёхёх, яах гэж намайг буулгав. Яасан ядаргаатай юм бэ? хэмээн үглэнэ. Тэр өндийхөөс ч залхууран газар тийчлэнэ. Тэгээд миний охиныг Ядаргаатай юм зүгээр гэснээ: За яахав. Энэ нэг ядаргаатай юмнууд чамаас намайг холбоогоо тасла гээд шаардаад бөөн ядаргаа. Уг нь Чи миний охин байгаа юм. Чамйаг төрөхөд би эх барьсан юм. Гэтэл залхуу хүрээд хоёр гараараа биш нэг гараа явуулсан нь алдаа гэнэ ээ. Ядаргаатай юм зүгээр. Ёоох ёх алив Чи ээждээ сүү өг гээд охиноор сүү авахуулсан ч сууж уухаасаа залхууран хэвтэнэ. Тэгээд зогсоо чөлөөгүй охиныг минь заран аль нэг тэгээдэх ингээдэх хэмээн зарна. Миний уур хүрэв. Энэ нэг тэнэг юм чинь яасан их хэвтдэг юм бэ? Ямар их уддаг юм бэ? Зайлаасай гэж бодов.Тэгтэл надад уурлан Ядаргаатай юм дуу чи гэж бие сэгсчив. Ингэхдээ ширээн дээрхи юмсыг унагаав. Тэгснээ Ядаргаатай юмнууд яах гэж энд тавьсан юм бэ. Өөрсдөө цэвэрлэхгүй юу хэмээв.
Тэр миний охиноос холбоогоо таслах ёслол хих гэж бараг хоёр цаг үглэн хэвтэв. Нэг удаа арай гэж өндийн хийтэл бас дутуу хийжээ. Тэгээд л намайг гоё зөөлөн газар буулгасангүй хэмээн уурлаж, үргэлж ядаргаатай юм ёох ёх гэж цухалдан, өндийж ч чадахгүй хэвтэнэ.
Охинд маань миний эх барьсан хүүхдүүд энэ замбативд хүн болон амьдрахдаа жаргалын дээдийг эдлэнэ. Юм бүхэн нь сэтгэчлэн бүтэж, азтай байдаг. Тэд залхуу, яг над шиг бусдыг зарж мөлжиж амьдардаг юм даа. Сайхан байгаа биздээ. Харин үхэхээрээ ээж над дээрээ ирэн надад зарагддаг юм гэх нь тэр. Энэ үед охин маань ч бас залхан Энэ нэг ядаргаатай юм чинь яваасай гэж бодож эхэлсэн гэдэг. Эхлээд охин маань тэрийг хараад яасан надтай адилхан юм бэ? Яг над шиг залхуураад л гэж бодсон гэсэн. Тэр охиныг маань тэрхэн хугацаандаа маш сайн зарж аваад арай гэж заслаа шахаж шаардуулж байж хийчихээд  явсан билээ. Явангуут нь бид бүгд Ёооох ёоох энэ чинь ямар ёстой өөрөө жинхэнэ Ядаргаатай амьтан бэ хэмээн дуу алдаж байж билээ.
Нээрээ л энэ замбативд зарим хүн яав аа даанч ямар азтай гэхээрээ ийм бүх юм нь бэлэн жаргадаг байнаа гэмээр хүмүүс байдаг шүүдээ. Айлын авгай байж л яаж яваад Хаанаас олсийн гэмээр маш сайн нөхөртэй суун халамжлуулж, хумсаа будан үлээчихээд л эрх муужгай шиг амьдардаг хүмүүс байдаг. Энэ хүмүүс бол Эрхийн Тэнэг Тэнгэрийн үрс нь болой. Харин үхээд ээждээ очиж зарагдан зовлонгоо үүрэх тул Хөөрхий амьтад муужгай шигээ энэ цөөхөн насыг наслах дэлхийдээ эрхлэж л байхаас даа.
Би ч бас ямар сонин юм бэ? юу ч хийхгүй жаргалтай, нөхөр нь ямар сонин юм бэ? хаанаас олдог азтан вэ хэмээн атаархдаг байсан билээ. Тэр газраа зааж өгвөл очоод хайж үзэх нь байна ш дээ. Хэхэхэ. Одоо бол ийм муужгай болоогүйдээ мөн чих баяртай байнам.
ЭРХИЙН ТЭНГЭР ГЭГЧ онцгой сонин ааштай эрх Тэнгэрийн тухай та бүхэнд сонордууллаа. Хэтэрхий залхмаар болохоор бусад Тэнгэр түүнийг Эрхийн Тэнэг хэмээн ундууцна. Түүний онцгой чаддаг чадвар бусад Тэнгэрүүд хийж чаддаггүй гурван юм гэдэг Сонин байгаа биздээ. Түүнийг нь манай Хадам буурлууд маш сайн хэлж өгнө биз ээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.