Tuesday, August 30, 2011

Bagshiin shavi nariin heeriin buultand



Багшийн шавь нар жилдээ тогтсон хэдэн өдөр тал бүрээс цуглан бүх буурлуудаа буулгадаг уламжлалтай. Энд бүгдийнх нь онгодууд буун өөр хоорондоо ярилцан тамхилж, хууч хөөрөлдөн, тухайн онцлог өдрийнхөө заслыг хийчихээд ирсэн олонд тус тусдаа хүлээн аваад үдэллэдэг. Багшийн шавь нар маань анх багшид шавь орсон эрэмбэ дараагаараа сууна.
Зайрангууд нэг талаар нь удгадууд нэг талаар нь байрлана. Бүгд өөр өөрийн онцлог хуяг, хэрэглэлтэйгээ, өөрсдийн моднуудтай, туг хуартай ганган дэгжин сүртэй гэж жигтэйхэн.
Манай онгодууд ер нь туйлын дураараа, тав тухаараа байдаг. Би босоод удаагүй байхдаа хүчээ авъяа модон дээр хэзээ очиж буух вэ гэхэд намайг өвлийн хар хүйтэнд юугаа хийж тэнд буух гээв чи. Биднийг хүч чадал дорой гэж хэн чамд хэлчээв хэмээн загнахаар нь ямар ч гэсэн хээр очоод бөөлөөд байхгүй нь гэж бодлоо. Дараа нь багшийн шавь нарын нэгдсэн буулттай гэнээ. Юу бэлдэх вэ гэхэд бид явахгүй гээд очсонгүй. Би болохоор маш их санаа зовон багшдаа хэлэлтэй биш дунд нь эвгүй байдалд оров.
Тэгж тэгж хавар болон дулаарахад нэг юм нийтийн бөөлөөнд очиж оролцохыг зөвшөөрөв. Яг л ном ёсоороо би хамгийн отгон шавь учраас хамгийн доор үүдэн талд зогсон буулаа. Тэгтэл манай онгодууд хилэгнэн хамаг юмаа өшигчин уурлаж гарав. Хинээн энэ замбативийн ёс байлаа ч тэр ёсоороо та нар л харьцдаг юм байгаа биз. Буулгаж байгаа Дээдсүүд чинь буух хэрэг юу байна тэгвэл бид буусан л бол бидний ёс байх ёстой. Их Хааны отог овгийг үүдэн хойморт залж буулгах яасан тархигүй зүрхтэнгүүд вэ хэмээн хилэгнээд би тайвшруулах гэж үйлээ үзэв.
Үүдэнд байсан суудлаа голд нь аваачиж тавьж байж санаа нь амрав. Тэгээд Нарандаа мөргөв.
Энэ үед анх удаагаа би оролцсон учраас түшээгүй орь ганц намайг ирсэн хүмүүс мэл гайхан харцгааж, хөөрхий амьтанд түшээ хийгээд өгөөч юм хумыг нь ойртуулж өгөөч гээд л хүмүүс санаа тавин бүр цухалдуулав. Бүх шавь нарын онгодууд буун бүгд түшээтэйгээ эмх цэгцтэй налайтал сууж байхад манайх л гэж тэр хавиар нэг алхалан ийш тийш яван, галд мод нэмэн, хийх ажлаа олж ядаад явъя гэж уурласаар явж билээ.
Харин бид нааш ирэхээс өмнө нэг удаа нийтийн буултанд очиход овоо сайхан ааштай байлаа. Мөн л ийш тийш холхин тэнэж, хүний хэнгэрэгний аянд бүжиглэж ч үзэж, ийшээ тийшээ яван эрх дураараа хэсэв. Энэ удаа харин хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг гайхах нь арай гайгүй болжээ. Бусад шавь нарын түшээнүүд нь овоо дассан бололтой.
Ер нь манай онгодууд утсаар ярина, нетэд чатлана, бичлэг хийнэ. Миний хийх болгонг л аль хэдийн хийж сурчээ. Тэд түшээгүй болохоор өөрөө өөртөө үйлчилдэг. Бас түшээгүй болоод ч тэрүү өөрийн юмсаа их хямгадаж, Өнө мөнийх хэмээн юм хумаа бөөгнүүлж тавьдаг.  Хээрийн буултанд баатар онгууд буухдаа данхалзаж өгнөдөө харин ч нэг. Хэрэв хөгшин эмгэн онго буугаад арай гэж явбал хурдхан Баатар онго нь ороод л  тэгшхэн яван юм хумаа зөөчихнө. Одоохондоо Хээрийн буултанд Чингис Хаан харин өөрийн биеэрээ буудаггүй.  Түүнийг буухад ёс журамгүй хүндэтгэлгүй байна хэмээн бусад онгодууд уурлан тэр хавиар уураа гаргаж байгаад явдаг.
Нэг инээдтэй явдал болсон удаатай. Намайг Бөө болоод удаагүй байтал Багшийн өргөөнд манайхны нэг Хатан онго ганцаар ирээд хамаг онгодыг нь загнаад сүйд болсон гэж багш маань инээд алдан ярилаа. Зарим онгод нь ямар аймаар ааштай юм бэ гээд зугтаачихсан байсан гэсэн. Тэгснээ нөгөө авгай чинь явчихсан уу гээд зарим онгод маань ирсэн гээд л Багш ярив. Багш онгодуудынхаа тухай маш инээдтэй ярьдаг. Өөрөө биерээ үзүүлж байгаад л нүд амаа эргэлдүүлж байгаад л ярьж өгдөг. Багш маань хүний өөрийн гэхгүй бүх л Онгодуудыг хайрлаж энхрийлдэг.
Багшийн Ээж нь ч бидэнд захихдаа: "Хүний онгод Тэнгэрүүдийг тэр нь бага энэ нь муу гэж хэзээ ч бодож болохгүй. Ямар ч айлд орсон тухайн голомтын шүтээнийг нь хүндэтгээд гарч байх ёстой" гэдэг. Энэ бол туйлын үнэн зөв гэж бодож байна. Бид айлын гэрт орохдоо аавыг нь царай муутай, ийм тийм гэж шоглодоггүй биз дээ. Тэр л айлын өрхийн тэргүүн хэмээн хүндэлдэгтэй адил нь тодорхой.
Энэ тухай сонсоод багшийн өргөөнөөс гараад явж байхдаа би хэн гэгч ааштай Хатан очоод тачигнадаг байнаа, Ямар атаман авгай вэ? Багшийн онгодуудаас айдаггүй юм байхдаа ганцаараа очоод Атамандаад гардаг аймаар амьтан вэ? гэж бодож байтал ХААН инээд алдан. "Миний Бөртө минь" хэмээн шивнэв.  Би Хааны тэр инээмсэглэлээс маш их хайрыг мэдэрсэн билээ. Ерөөсөө л тэр чигээр нь Бөртө Хатнаа хайрлаж эрхлүүлэх өчүүхэн ч толбогүй хайрыг нь мэдрэв. Бид нялх хүүхдээ хайрлаж чин сэтгэлээсээ өхөөрддөг шиг тийм хайрыг мэдэрсэн.  Ингэж Хатан Бөртө нь Хаантай хамт одоо байдгийг мэдсэн нь энэ билээ. Харин бусад Хатад нь хамт байдаггүй. Даянгийн хатдын отогт байдаг бололтой.
Та бүхэн анзаарч байгаа байх ХЭЭРИЙН БУУЛТЫН бичлэгээс манай онгодууд шал өөрийг нь. Бусадтай адил нэг ч хадаг зүүгээгүйг, дандаа алчуур уясан байгаа. Бас түшээгүй учраас ганцаараа сондгой байна. Мөн манайх бусад овог отгууд шиг өөрсдийн моднууд босгохыг зөвшөөрөөгүй. Тэр хадаг уясан моднууд бол бүгд эзэнтэй түүнийхээ дор улаач нар нь буудаг. Манай онгодууд буултын голд нь суудлаа зөөж аваачаад суучихдаг. үүдэнд буух үнэн дургүй. Суудлуудаа хэрхэн зөөж байгаа , тэнд хийж байгаа үйлдлүүдийнх нь бичлэг бүгд бий. Бас босоод л явж гарч байгаа, өөрөө өөртөө үйлчилдэг бүх л зүйл нь баримтат бичлэгт үлджээ. Даанч урт урт тул таслах гэж бөөн ажил. Нэг багшийн шавь нар бусад БӨӨ нараасаа ч өөр болохоор бусад багшийн шавь нар ойлгохгүй нь аргагүй.

Эндээс багшийн ч хэр ухаантай хэр багшийг шууд дүгнэж болно. Отог болгоны өөрсдийн ёс заншлыг нь сайн гаргаж өгсөнд оршино.
Нөгөө цэцэрлэгийн цэнхэр хувцастай ихэр бөөнүүд шиг биш. Тэд хуарангаараа дайнд үхсэн цэргүүд юм уу, эсвэл ямар нэг үйлдвэрийн ослоор үхсэн ажилчидын сүнснүүд юм уу би ойлгодоггүй юм. Танд таны өвөг Дээдсүүд л буух ёстой. Тэд чинь бусадтай адил ихэр хувцас өмсдөггүй л байсан баймаар. Эрүүл ухаанаар сэтгээд нэг үзээсэй билээ. Сүнс, Бөө гэдэг тоглоом биш шүү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.