Сайн байцгаана уу? Элгэн нутгийн төрөлх Монголчуудаа. Холын хол хүний нутгаас мэндчилж байна. Энд ирээд төвхнөх, орон нутагтаа дасах гэсээр байтал сар дөхчихжээ. Өчигдөр л хүний нутагт анх удаагаа буурлуудыгаа буулгалаа. 2011 оны 8 сарын 8 нд орой 8 цагаас буулаа. Багшаасаа, хүү зайрангаасаа хол, хамгаалж өмгөөлдөг харж тусладаг бусад овгийн өвөг дээдсүүдээс хол болохоор яах бол гэж санаа зовж л байлаа. Гэсэн ч ямар ч асуудалгүй их сайхан бууж шинэ газарт анхныхаа буултыг сайн хийв. Үүнд энэ нутаг орны Тэнгэр, амгалан тайван амьдрал нөлөөлсөн нь гарцаагүй.
Би монгол дуугаа дуулангуут гэрээ санан уйлж, гэртээ үлдсэн цор ганц амьд ээжээ бодон уйллаа. Буурал намайг аргадан нулимс арчаад Яана даа сар болоогүй ингэж байгаа юм чинь, буцах хүртэл тэр олон жилийг яана даа гэв.Та нар дээр үед дэлхийгээр нэг таран байлдаж, дэмий тэнэж явахдаа бас над шиг уйлдаг байсан байхдаа гэхэд Тэгэлгүй яахав, гэхдээ Чамд зорилго бий. Түүнийгээ биелүүлчихээд харих хэрэгтэй шиг бидэнд бас өмнөө тавьсан асар том зорилго байсан учраас чам шиг алс газар явж байсанг ойлгов уу гэв.
Буулт дунд эндхийн нэгэн дээдэс заларч танилцан Миний хийсэн таргийг бүгдийг нь уугаад намайг адислан сүү, таргаар нүүр арчаад санаа зовох зүйлгүй амьдар, бид чамайг олон жил хүлээж байлаа. Чиний өвөг дээдсүүд бид бие биендээ туйлын ачлалтай хүмүүс байлаа гэв. Тэгээд нэрээ хэлэн зааж өгч ямар нэг эвгүй юм санагдвал Миний нэрийг дуудвал бид чамд туслах болно. Чи арилжааны газар нэг сүхийг их сонирхсондоо түүнийг худалдан авч энэ өргөөндөө тавь. Тэр бидний дайчдын зэвсэг. Бид чамайг хамгаалан, энхрийлж эрхлүүлэх болно гэж хэлээд явлаа.
Мөн миний ээжийн талаас нэг онго ирж намайг эргэж ирлээ хэмээн ярилаа. Тэгээд тэр хавиар сайн явж сонирхлоо. Гурван гариг танайд байгаад харина гэв. Манай удамд чам шиг эмэгтэй юм байж том хөлтэй хүн байхгүй дээ. Гэтэл эднийхэн чамаас том хөлтэй юм байна. Санаа зоволтгүй юм байна. Хихихихи гэж баахан шоолж инээв. Манай ээжийн талынхан ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, жижигхэн хөлтэй, эмэгтэйлэг хүмүүс байтал би данхайгаад, малтууран хөллөөд тэс өөр төрсөн болохоор тэд намайг ертөнцийн хамгийн мангар том эмэгтэй хүүхэд гэж боддог байсан юм байх даа. Харин энэ нутгийнхан бол маш нуруулаг, өндөр, эр эмгүй том биетэй, том хөлтэй хүмүүс байв.
Би энд ирээд туйлын завгүй байлаа. Энэ газар маш сайхан байгальтай сайхан газар байна. Хүмүүс нь их найрсаг танихгүй мөртлөө л харж инээн, бөөн баясгалан. Нэг онцгүй юм нь хүн бүр эр эмгүй гар барьж мэндчилэх гээд байдаг нь түвэгтэй. Би ер нь зожиг талдаа, хүмүүстэй удаан танилцаж, дасаж байж л хамаагүй ярьдаг болохоор түвэгтэй байлаа. Бага балчир маань ирээд сургуулийн өмнөх бэлтгэл ангид орж өдөрт гурван цаг хичээллэдэг учраас би тартал нь гадаа хүлээн гүрвэл болно. Эхний өдөр иртэл бас хүүгээ хүлээн суудаг аав нь ирж надтай чалчлаа. Тэр намайг хотоо танилцуулна хэмээн дагуулж явав. Тэгтэл хавийн орсон газар бүхэндээ л намайг танилцуулан Монголоос ирсэн. Архи уудаггүй, тамхи татдаггүй Good lady гэх мэтээр ярьж гарав. Миний яах гэж энд ирсэн, хэдэн хүүхэдтэй, хэн гэдэг, юу хийдэг гээд л хамаг хэлсэн бүхнийг минь хүн бүрт ярив. Тэгээд л энэ миний танил найз, шүд чинь өвдвөл энд ирээрэй гээд шүдний эмчтэй хүртэл танилцуулав. Тэр өөрийнхөө бүх түүхийг бас надад ярьчихав. Өдөр бүр ингэж байвал миний эрүү мултарч унах байлгүй. Мөн би ямар ч эрх чөлөөгүй амьтан болох нь, дураараа хотоор ч явж болохгүй бөөн ядаргаа гэж бодлоо.
Сүүлдээ миний уур хүрэв ямар ядаргаатай амьтан бэ гээд маргаашнаас энүүнээс хол зугтаасан нь дээр гэж төлөвлөв. Маргааш нь хүүгээ хүргэж өгөнгүүтээ л алга болон хотоор ганцаараа дураараа яван, хөлөө чилтэл ядарч унатлаа цаг нөгцөөсөөр долоо хоноод л залхаж эхэллээ. Тэр чалчаа байгаагүй бол би тэнд суугаад ном уншаад юм уу, болсон түүхээ бичиж байхгүй гэж харамсана. Харин долоо хоногийн дараанаас нөхөр маань хүүгээ авч, хүргэж өгч байх жолооч олж би өөрийн дураар байх цагтай болов. Би амьдралдаа анх удаа эрэгтэй дэндүү чалчаа хүн ингэж харлаа. Түүнд ярихгүй юм байхгүй манай хөрш айлын нөхрийг хүртэл хэтэрхий өндөр гэтэл авгай нь иймхэн намхан. Хахаха тэр эхнэрлүүгээ ингэж хардаг гээд л тэднийх баян, тэр ийм юм хийж мөнгө их авдаг, тэр айлын зарц нь долоо хоногт 2 удаа ирж бүх юмаа угааж хийнэ. Эхнэр нь тэдэн бандага, тэдэн мээмчигтэй, нөхөр нь тэдэн бандага, тэдэн цамцтай гээд л яаваа даанч ярихгүй юм байхгүй. Монгол эрэгтэй хүн чалчаа биш ашгүй дээ.
Эндхийн бүх хүмүүс англиар ярьдаг. Албан ёсны хэл нь англи хэл. Энд одоо өвөл болж байгаа гэсэн ч миний хөлс асгараад арай гэж өдрийг өнгөрөөнө. Зуны халуун болохоор хаашаа харж үхнээ. Гэтэл энд өвөл учраас зарим хүмүүс нь ноосон малгай, хиймэл үстэй куртка өмссөн байх юм. Тэгсэн хирнээ доогуураа нүцгэн. Зарим хүмүүс нь огт гутал өмсдөггүй.
Энд нэг хэцүү юм нь шумуул болон улаан шоргоолж. Өвөл хүртэл унтаж амардаггүй хаашаа янзын шумуулнууд вэ? бас шоргоолжууд вэ? Манай Монгол шумуулнууд хажууд нь хамаагүй дээр юм байна. Монголд очихоороо тэд нарыгаа алахаа болихоос доо. Монголдоо очоод: Заза хэдхэн хоног гадуур зугаалах юм чинь Миний махыг ид ид, цусыг минь сор сор гээд сууж байлтай билээ. Энд нэг сонин юм нь рестранд орсон чинь Монгол хонины махтай хоол гэж байлаа. Үйлчлэгчээс нь үнэхээр Монголоос ирсэн хонины мах мөн үү гэж сонирхож байгаад л түүнийг нь авч идэж үзэв. Мөн ч юм шиг, биш ч юм шиг за бүү мэдээ.
Гэгээн аавыгаа шүүмжлэв. Та юм бүхнийг л Еэээс Еээс гээд байхын Хааяа Нооо нооо гэж байх хэрэгтэй шүү дээ гэв.
Гэгээн хэлэв: Та хоёр энд нас барахлаар Би яаж Монгол явах вэ гэж асуув. Хөөрхий амьтан бас бид хоёрыг үхчүүл Монголдоо очих хэрэгтэй гэж бодож дээ.
Зурагтын бүх сувгийг үзээд Монгол хэлтэй нэвтрүүлэг нь хаа байгаан? Би тэгээд Монгол хэлээ мартчуул буцаж очоод яаж ярих юм бэ гэв. Энэ мэтээр Гэгээн өөртөө санаа нь зовоод л байгаа бололтой.
Гэгээн гэр лүүгээ ярихдаа: Би 60 хүрээд очино Монголдоо гэв. Тэр чинь хэр удах юм бэ гэхэд 5 хононо гэлээ.
Гэгээн орой аавтайгаа зурагтын суваг булаалдана. Тэгснээ Өглөө үзэх гээд хайгаад мангартаад олоогүй хүүхэлдэй чинь одоо шөнө гарч мангартдаг байна ш дээ гэж аавыгаа аргалахаар оролдоно.
Гэгээн цэцэрлэгтээ явахдаа Ээжээ би тандаа хайртай шүү. Сайн сууж байгаарай гээд явна. Ирэхдээ Ээжээ хүү нь ирлээ шүү. Хаалгаа хурдан нээгээрэй гэсээр ирнэ. Багш юу ч гээд байгаа юм шулагнаад л байх юм. Тэгсэн хирнээ Гэгээн гэж яасан ч олон хэлдэг юм гэв. Тэгээд чи хичээлээ яаж ойлгож байгаа вэ гэхэд бусад хүүхдүүд яана яг дуурайгаад л байгаа. Багш хэзээ Монголоор ярих юм болдоо гэв. Гэхдээ тэр тэнд явах дуртай байгаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.