Wednesday, November 16, 2011

Онгодыг сэтэрлэн, тахилд залах тухай


Гэгээн маань өнөөдөр их ууртай байв. Намайг хэн ч тоохгүй байна. Би Монгол явлаа. Очиж Макстайгаа л байж байя гэнээ. Эрхийн тэнэг нохойгоо санасан бололтой. Эндэх хүүхэлдэйнүүдээс уйдсан бөгөөд үзэхээ больжээ. Өдөржин л гараад байдаг хаашаа юм давтдаг юм шиг байна. Гэгээн бүх үйл явдлыг цээжилчихэж.  Мөн өөрөө зурагтнаас хэдэн үг сурсан тэрүүгээрээ ярьж байгаа. Цэцэрлэг гээчдээ явахаа больсон бөгөөд тэр нь зуны амралт нь эхэлсэн гэнэ үү. Тэр гэрийн хамаг юмаа буулгаж тоглоод сүүлдээ янз бүрийн юмсаар тоглосоор бас уйдсан бололтой. Ганцаар өсөх маш хэцүү байгаа юм шиг байна.
Ингээд л бид хоёр хоюулаа харимаар байна Монголруугаа явна гэж нөхрөө уурлуулах болов. Хэдэн жил амьдарсан мэт санагдсан ч  би жил ч болоогүй байгаа юм байна шүү дээ.  Энд нэг Монгол айл ирсэн сургаар ихэд баярлан түүний байгаа газрын хүнээр хэлүүлээд утсыг нь аваад ирээч гэтэл Нөгөөх Монгол Эмч залуу аль хэдийн ирэхдээ л мэднэ.  Би өөрөө ярина гээд утсаа өгөөгүй гэх юм. Лав ирээд сар хагас болсоныг бодвол тэр бидэнд дургүй юм байлгүйдээ. Хүн тэгж байхад бид очоод зовоогоод яахав дээ.
Үке мөн хачинаа. Бид хоёр л лав танихгүй, нөхрийг нь манай нөхөр зүс үзсэн сонссон бас танихгүй байх юм. Тэгэхээр урд нь бид тааралдан хэрэлдэж, зодолдож, муудалцаж байгаагүй л байлтай.  За яахав яахав дураараа л болно биз. Монголдоо дургүй Монгол юм байлгүй. Тэднийх хүүхэдтэй сурагтай. Хүүхдүүдээ ядахдаа тоглуулбал.... Зазаза бас болохгүй болоод л утсаа өгөхгүй байгаа биз. Бид дургүй байгаа хүнд саад болох ухамсартай хүмүүс биш. Хандыг нь мэдвэл холхон байхаа л хичээдэг улс. Энэ газар зун нь эхэлсэн бөгөөд зүгээр байхад л хөлс асгараад байх нь түвэгтэй. Өөрсдөө эд гаднаа хэвтээд л, зүлэг дээрээ тоглоод л байх юм. Биднийг бол шумуул нь барьж иднэ дээ. Өвөл зунгүй шумуултай ямар сонин юм бэ?
Манай нөхрийн нохой нь маш эрх. Тэр өөрөө яагаад миний хүүхдүүд эрх бас ядаж байхад нохой нь хүртэл эрх юм бэ гэж гайхдаг. Манай нохой хуцна барина гэдгийг мэдэхгүй. Нөхөр маань нэг удаа өөрөө Хав Хав Хав гээд хуцан нохойдоо зааж өгч байхыг хойд хашааны залуу хараад савж унах дөхөж билээ. Хойд хашааны залуу сонстол хуцсан байгаа биз дээ хэхэхэ. Нөхөр маань би л зааж өгөхөөс яасан хачин юм нохой маань юм сурдаггүй гэв. Гэвч тэрний нохой маш ухаантай бидний яриа хэлийг маш сайн ойлгодог золиг байгаа юм. Би бол нохойнд дургүй. Тэгсэн хирнээ нохой нар ажлаа сайн хийж, дураараа сайхан амьдарч уяагүй сайн хоол идээд гүйж байх ёстой гэж боддог. Харин би нэг удаа амьтны дэлгүүр ортол нэг лаг хөөрхөн муур шууд надаас зуураад, бүр миний карманд орчоод гарахгүй чарлаад байхаар авч байсан юмдаг.
Муур их хөөрхөн ухаантай юм байналээ. Нөхөр маань бас мууранд хайртай тэвэрч аваад л үнсээд байна. Муур ч түүнээс салах дургүй ирэнгүүт нь өвөр дээр нь гараад л унтаад өгдөг.  Гэвч муур, нохой тэжээнэ гэдэг бас л явдалтай ажил даа. Би л тэднийг асарч, хоол ундад санаа тавих түвэг нэмэгдэх учир ажлын нэмэр зүгээр. Ер нь Бөө хүмүүс муур, нохой тэжээх бас сайн л байдаг бөгөөд тэд хөөрхий эзнийхээ амийг заавал хааж өмнөөс нь үхдэг юм. Ер нь нохой тогтдоггүй айл гэж бий бөгөөд энэ бас учиртай. Манай хүү бөө болохоос өмнө бидэнд нохой тогтдоггүй үргэлж үхэж үрэгддэг байсан. Хүний амь насны өмнөөс хөөрхий амьтад яваад байсан юм билээ.  Муурын шээс, баас, хумсаар нь Бөөд хамгаалалт засал хийдэг. Тэр гэрт байх муу сүнс, муу энергитэй газрыг анддаггүй гэдэг юм. Муур бас өвчнийг авдаг ер нь тустай амьтан. Харин Монголчууд муурыг нэг их мэддэггүй, муухай эзнээ үхээсэй гэж боддог гэх мэт худал сурталд бас итгэдэг юм билээ. Үнэн чанартаа муур бол Бөө нарт маш хэрэгтэй амьтандоо. Түүнийг хичнээн их хайрлана төдий хирээр буян өгдөг ба бас эзнийхээ амийг хамгаалан өөрөө өнгөрдөг өрөвдөлтэй амьтан. Бөө нар маань далдын хүнд хэцүү дайнд амьдардаг хүмүүс учраас  өөрсдийн амиа, эрүүл мэндээ сайн бодож, хамгаалалт сайн хийж байх хэрэгтэй.
Бөөд босож буурлуудаа буулгах чадалгүй юм уу, эсвэл боломжгүй бол Сэтэрлэх, Тахилд залах гэж ойлголт байдаг. Энэ бол буурлуудаа яг бие дээ буулгахгүйгээр хооллож ундаалаад, өргөл өргөөд явахыг хэлдэг.
Надад энэ асуудал бас тавигдаж байсан түүхтэй.
Би гээч Бөө болох тухай Хадам Буурлууд хэлснээс хойш миний амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэх шиг болсон билээ. Нөхөр маань яагаад ч зөвшөөрөхгүй, уурлана, намайг хаяад алга болно хэмээн би бодоод түүнд хэлээгүй хэдэн сар болсон юм. Энэ хооронд би юу эсийг бодохов.  Гэтэл хэдэн сарын дараа нөхөр маань өөрийн өвөгдөөсөө сонссон бололтой. Яг л миний бодсоноор дургүйцэж эхэлсэн юм. Бид хоёр сүүлдээ үг л дуугарвал Хар, Яр хийлцэж харьцахаа ч больсон бөгөөд хоюул хоюулын хувьд хэлэх үггүй зөв л байв. Бөө болно гэдэг маш их зардал, чирэгдэл, хэцүү ажлыг манайхан бүгд мэднэ. Дээрээс нь хэрвээ би өндөр Тэнгэрийн улаач биш байсан бол Түшээ, Хоолны хорио, Өргөл барьц, Эхнэрийн амьдрал гэдэг бол хэцүүдэх нь мэдээж учраас хоёр дүүгээс минь бусад нь бүгд эсэргүүцсэн юм.
Ээж, нөхөр хоёр ээлжлэн багшаас гуйж битгий болго, өөр арга ол хэмээн шаардаж, зайран хүү ч, гэрийнхэн бүгд эсэргүүцэв. Сүүлдээ Хадам Буурлууд намайг онгон шүтээнээ өөрийн өргөөнд залан хооллож сэтэрлэ хэмээн айлдав. Уг нь бол надад амар хэрэг. Тэд нартаа өргөл энэ тэрийг нь өргөчөөд л энгийн амьдралаар амьдарна гэсэн үг.
Гэвч энэ хүртэл би гээч эр нөхөртэйгөө хонь чоно болсон бөгөөд ер нь сална л гэж би хүсдэг болсон байв. Тэгээд бодлоо. Хадмынхан ирж өөрийн аав, ээжтэйгээ уулзан уйлалдаж ярьж сайхан байдаг байхад Миний аав яахаараа бас бууж охидтойгоо уйлалдан ярьж болохгүй гэж. Тахилд заллаа гэхэд бид аавтайгаа ингэж ярьж, тэвэрч, илж, хамаг юмаа ярьж чадахгүй шүү дээ. Мөн хэрвээ нөхөр бид хоёр салбал би яах болж байна. Салчихаад л Хадам Буурлындаа очиж өөрийн өвөг дээдэсдээ хүндлэл үзүүлэх болно ялангуяа баяр ёслол, бөөгийн чухал чуулганы үеэр уулзахдаа нөхөртэйгөө таарах болж байна уу, эхлээд тэднийхэн уулзаж ёслол дуусаад явсных нь дараа очерлох болж байна уу? Би нэгэнт салбал тэгж эргэж буцаж жон жон хийх дургүй хүн. Нэг дургүй хүрсэн хүнтэйгээ  нийлнээ гонжийн жоо хатуу зантай. Сэтгэлд сэвтэй байж дахин үнэнч сайн сайхан байна гэж юу байсым. 
Тэгээд ч Онгодууд гэдэг өөр өөрийн үрсээ их харамлаж өмөөрдөг юм. Үүнээс болж дээрээ онгодууд бас хоорондоо муудалцаж хуваагдах явдал бий. Тэд чинь хүмүүс шүү дээ. Мөн би аавыгаа бодлоо. Миний аав айлын өргөөнд тахилд байна гэдэг яг л танихгүй газар л байгаа мэт болно. Би хадмындаа амьдрах мэт болно гэсэн үг. Би л лав ингэж амьдарч чадахгүй хүн шүү. Тэгж байснаас нөхөргүй байсан нь дээрдэг. Мөн Хатан ээж нар маань эмэгтэй хүмүүс тэд удган миний биед залран өөрийн гоёлуудаа өмсөж явахыг хүснэ. Гэтэл миний хүү зайран Удганы хувцас өмсөхгүй нь ойлгомжтой. Яаж ч бодсон манай Онгодууд дан хоёр дугаарт явна бус уу гэх мэтээр бодов. Мөн би болон миний охин дүүсүүдэд хүнд хэлж чадахгүй ч өөрийн аавдаа хэлэн уйлах нууц гарвал яах юм бэ? Хадам Онгодуудын хажууд л хамаг юмаа дэлгээд байх хэрэг үү? Үгүй ээ чадахгүй нь. Би яг л ингэж өөрийн өвөг дээдсээ яг өөртөөгөө адилтган өөрийн эрх ашиг, хүсэл мөрөөдөлтэйгөө холбон бодсон билээ.
Иймээс би яасан ч тахилд тавьж сэтэрлэхгүй, би аавдаа хайртай миний аав ирж охидтойгоо уйлж, дуулж хуучлаг хэмээн зөрүүдлэсээр ээжийгээ, нөхрийгөө, хадам буурлуудыгаа, багшийгаа сөрж нам зогсож, тас зөрж, өөрөө босох болно хэмээн мэдэгдсэн билээ. Мөн намайг бие муутай, зүрх нь даахгүй, чих нь сонсохгүй гэсэн ч надад хамаагүй ээ. Би хүнтэй уулзахгүй хадан агуйд очиж амьдрах болно хэмээн зөрүүдэлсээр би Бөө болсон билээ. Гэтэл Бөө болоод хэд хоног хиртээ болоод манайхан намайг: "Охиныхоо тамгыг авна" гээд миний чихийг сүүгээр угаан их юм хийлээ. Би тэр болтол чихний аппарат зүүдэг болсон байв.
Гэтэл тэд надад тамга тавихдаа чихийг бөглөсөн бөгөөд буухдаа чихийг онгойлгочихов. Одоо би аппарат зүүдэггүй. Би бүр чихэндээ хагалгаа хийлгэн хэнгэрэг нөхүүлсэн бөгөөд түүнийг чи хийлгэх ёсгүй байтал хийсэн хэмээн зэмлэсэн юм. Та нар намайг чихнээс өөр газар тэмдэг тавьж болоогүй юм уу хэмээн уурлахад: Чи хэрэв чих чинь эв эрүүл байсан бол хэзээ ч биднийг тоож буулгахгүй дээшээ алга болж өндөр сэнтийд заларсан омог бардам сэхүүн байх байсан гэсэн юм. Би онц сураад гадаадад амьдраад ирэхгүй байсан юм болуу хэхэхээхэ.
Эднийг шинжлэх ухаанчаар зад шүүмжлээд эсэргүүцлийн толгойлогч болох байсан ч юм билүү. Лав л би хааяа гутардаг байсан юмдаг эд нараас болж. Үе үе би таг дүлийрэн чих өвдөж шаналдаг байсан. Олон ч эмчилгээ хийсэн. Тэгснээ зүв зүгээр болно. Яг чухал үед таг дүлий болно гэх мэт болох учрыг би Өөрийгөө биеийн байдал ядарснаас болж байна гэж дүгнэдэг байлаа. Ядарвал дүлийрнэ. Ядраагүй бол зүгээр болдог гэж л оношлож байв. Тэд миний чихийг эмчилчихээд миний зүрхийг олон өдөр барьж өгсөн дөө. Төрөлхийн ч юмуу, явуутын ч юмуу лав л зүрх маань цоорхой, салбарсан юм байдаг байв.
Гэгээн гурван настайдаа чагнуураар чагнаж үзээд Аавынхаа зүрхийг  хүчтэй вагон, өөрийнхөө зүрхийг шинэ вагон, Миний зүрхийг эвдэрхий вагон гэж хэлж байсан юм даа. Юу ч мэдэхгүй Гэгээн хүртэл чагнахдаа тэгж оношлосонг бодохоор салж унах вагон шиг байсан байх даа. Нээрээ л вагоны дуугаар тэр төсөөлж чадсан нь гайхамшигтай.
Дараа нь тэд намайг нүдээ эмчил, чи шилгүй болж чадна гэсэн боловч юун түүнийг эмчлэх завтай манатай байсаар өдий хүрчээ. Дээрээс нь энэ компьютер гэгч маш их муутгаж байх юм. Эндээс харахад би Тамга гэдгийг зөвхөн биед тавьсан мэнгээр хэлдэггүй бас өөр юм байдаг байх нь гэж мэдэж авсан юм. Гэхдээ би нүд, зүрх хоёроо бол өөрийн муудаа л амьдралынхаа явцад муутгасан юм даа. Хэрэв би удган болно гэдгээ мэддэг ийм юм болдог гэж ойлгож байсан бол аль болох л эрүүл мэнддээ анхаарах байсан байх даа.
Бөө бол маш хэцүү эмзэг, нарийн асуудал юм шүү. Үнэхээрийн хоорондоо яг цав яс наалдсан эвтэй найртай гэр бүл, төрөл төрөгсөд хоорондоо болон тэдний Дээд өвгүүд нь зөвшөөрөлцсөн бол Тахилд тавьж болно. Миний хувьд бол нөхөр бид хоёрын маргаан үл ойлголцол нөлөөлж байснаас болж Тахилд шүтээнээ залж сэтэрлээгүй билээ. Хэрвээ би тахилд шүтээнээ залсан бол Хаан маань өөр хэн нэг удмын удган дээр л буух байсан бизээ. Бас нэг юм нь ер нь Дээдийн Дээд болон том шүтээнүүд маш их нууц байж босдог бөгөөд багш нь ч мэдэж амждаггүйг харсан.
Би Хааныг бууснаас хойш сар гарны дараа багшдаа очиж хэлж байж билээ. Багш их гайхсан бөгөөд бас л итгээгүй ч дараа нь өвгөд нь буугаад айлдсан байх гэж би боддог. Нэг зайран, хоёр удган дээр буух боломж тэмдэгтэй, 27-той нэг залуу Хааны улаач болно хэмээн багш бат итгэсэн байсан юм. Хөгшин шавь намайг туулай хариалгаад гялалзуулчихаад очиход багш маш их гайхаж байсан даа. Манайханыг их л баян, их ёс дэгтэй, нууцлагдмал, пирамид гурвалжингаас л гарч ирээд байх юм гэж багш хэлж байсан ч Хааны улаач гэж санаанд нь ороогүй байх.
Тэрнээс багш бол шууд л удмаар нь уншаад явчихдаг. Зааа Автай цэцэний удам, Даян Хатны удам, Ард Аюушынхан байнадаг гээд л уншихыг ч нэг үзүүлж өгнө шүү дээ. Эндээс би дүгнэхдээ Хаан буухыг маш их нууцалж байсан бас чадсаныг гайхан дүгнэдэг.  Манайхан хамгийн гол нь хүн төөрөлдүүлэхдээ маш сурмаг,  давхар давхар хэд хэдэн дүрд хувилан харагддаг.
Мэлмий нь нээгдсэн хүн намайг хараад за хоёр хатан дагасан хамгаалж явна гэж харахад л Хаан өөрөө Хатны дүрд хувилсан байж байдаг. Мөн хамт дагуулууд нь нэг хүний дүрд хэд хичнээнээрээ давхарлаад явж байдаг. Хичнээн мэлмий нээгдсэн ч харуулахгүй юмаа хаачихдаг, харах ёстойг нь харуулдаг чадвартай хэмээн надад тайлбарласан билээ. Бөөгийн ертөнц гэдэг бол маш хачин сонин, давтагдашгүй нууцууд ихтэй ертөнц юм.
Энэ хэцүү бүхнийг сорилт болгоныг туулж гарна гэдэг асар их сэтгэлийн тэвчээр, нөр их хөдөлмөр, зовлонг туулдаг юм даа. Миний багшийн Энэбиш ээж хүү, охин хоёроо ганцаараа босгож өгч байсан чадалтай, ухаантай, тэмцэгч сайхан ээж байдаг юм. Энэ хүнээс түшээ хүний ёс суртахуун гэдгийг, эхийн сэтгэл гэдгийг, сайхан сэтгэл гэдгийг, дайчин шударга зан гэдгийг бусад түшээ нар суралцвал дээр дээ! Монголын хамгийн сайхан ээжүүдийн нэг гэж би хайрлаж, түүнийг үүрд  хөгшрөхгүй байж байгаасай л гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм.  Зовлонг даваад дийлээд гараад чадаад ирсэн хүн гэж би бахархдаг. Бөө болох хэцүү ч нэг л даваад гарчуул болдог.
Гэтэл хүний мөсгүй, мөнгөний шуналтан ухамсар дорой хүмүүсээс болж маш олон хүн эд хөрөнгө, сэтгэл санаа,  эрүүл мэндээрээ хохирч байгаад үнэхээр санаа зовж байна. Бөө болно хэмээн хичнээн сая төгрөгний өр тавиад Тийрэн оруулсан хүмүүсийг яах билээ. Тэдний эрх ашгийг хамгаалж байгаа байгууллага алга. Тэднийг өрөвдөж хайрлаж байгаа хүн алга.  Бөөгийн гэх энэ олон блог сэтгүүлүүдэд Тийрэн оруулдаг хүмүүсийг илчилж бичихгүй байна. Хүмүүс өөрсдөө хохирсон бол бусдад сургамж болохоор тэр хүмүүсийг нэр устай нь бичиж анхааруулах хэрэгтэй. Тэр Бөөгийн нэвтрүүлэг явуулдаг ТВ нүүд энэ бүгдийг илчлэх хэрэгтэй. Энэ бузар хүмүүст арга хэмжээ авах ёстой.
Бөө судлаач нар ч гэсэн өөрсдөө Тийрэн Бөө нарыг сайн тайлбарлаж бичиж хүмүүст ойлгуулах хэрэгтэй шүү дээ. Надад ирсэн олон захидалд Тийрэн оруулан өрөнд баригдсан хүмүүс, яахаа мэдэхээ байсан хүмүүс их байна. Тийрэнгүүдээ хөөлгөх хэрэгтэй. Хэрэв туслах хүн олдохгүй, мөнгө нэхээд байвал өөрсдөө чин сэтгэлээсээ хичээж чадна гэвэл над хандаж болно. Өөрийн чинь ухаан, хичээл зүтгэл л хэрэгтэй болохоос өнөө би хөөгөөд өглөө ч бахь байдгаараа сэтгэж, өөрийгөө өөрчилж чадахгүй бол Тийрэнгээсээ та салж чадах ч үгүй.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.