Түүхээ бичих даалгавар авахаас өмнө болсон тэмдэглэгдсэн гол үйл явдлууд.
12 сарын 1 өдрөөс 12 өдөр хүртэл
Үзээгүй юмаа үзэн, өөртөөгөө болон буурлуудтайгаа тэмцэлдсэн хөгийн явдлууд болсон. Харин үүнийг завтай хойноо ном хийхдээ л бичихээс. Эднийг нөхөж бичвэл бас хэдэн өдөр бичнэ. Би өөрөө бөө болох хүртлээ бараг бөөгөөр мэрэгшсэн байв. Онолоор бол Монгол улсад бичигдэн хэвлэгдсэн гучаад төрлийн ном сонин уншин, интернетээр аялан дадлагаар бол багштай уулзаж эхэлсэнээс хойш нэг жилийн хугацаанд төрсөн хүүгээ, үеэл дүү охиноо бас Ард аюушийнхан, Чу мэргэнийхэн, Хатанбаатарынхан гээд овог отгуудыг босох үйл бүхэнг харж, оролцож байсан учраас бөөгийн үнэмлэхгүй мэрэгжилтэн болчихоод байсан ч өөрийнхөө зөрүүд, бусдаас тэс өөр зан заншилтай, бусдаас онцгой буурлуудтайгаа нилээн их будилж, зөрөлцөн, тэднийгээ тийрэн орчихож гэж хардан, хэрэлдэн тэмцэлдэж маш их саад бэрхшээлийг туулан байж ойлголцсон билээ.
Дэндүү цэвэрч, ихэмсэг зантай, дураараа, омог бардам, хэний ч үгэнд ордоггүй хэдэн танхай өөрийн өвөг дээдсүүд маань бөө мэддэг бүх л хүнийг гайхшруулан, эсэргүүцүүлэн болгоомжлуулсан билээ. Гаднаас хүн харвал би хэд л бол хэд хувиран галзуу, солиотой хүн шиг л харагдана. Бөө биш, жүжигт тоглох дасгал хийж байгаа мэт л янз бүрээр хувирна. Тэр бүрт л ааш зан, бие, дуу хоолой бүгд хувирна. Бяцхан түшээ маань өдөрт хоёр удаа үнэгүй жүжиг л үздэг байлаа. Буурлууд тав хоноод хуяггүй бууна гэхэд нь бид итгэхгүй хуягаа өмсөж бөөлхөд орж ирчихээд зарлиг биелүүлсэнгүй гэж загнан бүгдийг нь тайлаад хаячихаж билээ. Надад бол амар л байна. Бөөн юм зүүж, өмсөж, чирч явахгүй ёстой амар.
12 сарын 1
Маргааш болох үйл явдлуудыг төсөөлөх гэж оролдовч санаанд багтахгүй, айх, санаа зовох зэрэгцэн хөрвөөсөөр унтаж чадаагүй би эртлэн босч цайгаа чаналаа. Өглөө есөн цаг гэхэд багшийг залах тул нөхөр ч бас эрт явлаа. Ээж дүү нар манайд хонон, өглөө бас ах дүү нар цуварч ирэн бэлтгэл ажлаа базаав. Бүтэн гурван сар би бэлдсэн ч энэ өдөр бас л их сандрав. Багш, түшээ ээжтэйгээ ирлээ.
Багшийн ээж бол миний хайртай, хүндэлж явдаг хүмүүсийн нэг. Цэцэн цэлмэг, хэл ам нь гүйцэгдэхгүй, дайчин, сайхан сэтгэлтэй энэ хүн бол монгол ээжүүдийн үлгэр дууриал болох ёстой хүн. Хүү болон охиноо бөө болгох бүхэл бэлтгэлийг хэн ч бөөг ойлгодоггүй дэмждэггүй хүнд хэцүү үед амжуулж хийнэ гэдэг бол хэн хүний хийж чадах ажил биш. Чармайлттай, ухаантай, хүүхдүүддээ өөрөөсөө илүү хайртай энэ ижий бол монгол хүмүүсийн бахархал. Ийм сайхан ээжийн хайртай ганц хүү нь багш. Багш маань бас ухаантай, жавхаатай, ажилсаг, сайхан сэтгэлтэй. Би өөрийн хүүдээ багш хайж явахдаа энэ хүнийг сонгосон нь учиртай. Зөв бодолтой, зөв хүн байна гэж сонгосон билээ. Ихэнхи бөөгийн багш нар босгож өгчихөөд л хаячихдаг гэж би сонссон. Багш бол шавь нараа биеэ дааж чаддаг болтол нь сайн, муу алдаа оноотой нь зууралдана. Гагц шавь нар ч биш тэдний аав, ээж, ах дүүс, найз нөхөд гээд өчнөөн чиргүүлүүдийг нь өөрийн өндөр дээдсүүдтэйгээ дааж, түмэн олны сайн, муу бүхэнтэй өглөөнөөс үдэш хүртэл зууралдана. Өглөө, орой, шөнө байсан ч багшаа авраарай багшаа гэж сандралдах бүгдэд нь л туслана.
Би хүртэл л үхэж хатах үед багш ч Эрлэгээс чирээд гаргаж байсан юм даа. Тэр үед хүү маань бөө болоод сар гаран л болж байсан үе. Шөнө арай ч утсаа авахгүй байлгүй юу ч гэсэн залгаад үзье гэж аргаа барсан манайхан утасдахад шууд л заавар өгөн миний хүүг хуягла гээд багш өөрөө хийгээр ирэн миний амийг аварсан ачтан. Гэв гэнэт татаж унан, хоолой боогдон унасан би хүүгийн бөөлөнд тэврүүлж ороод арван таван минутын дараа зүв зүгээр инээчихсэн, уйлчихсан суусандаа гайхсан бид өглөө эрт багшийнд очин өчигдөр юу гээч болоо вэ гэхэд бидний хэн юу хийж байсанг манай гэрт байсан мэт ярих багшийгаа сонсоод мэл гайхаж цэл хөхөрч билээ.
Эндээс л бөө гэгч тайлагдашгүй аймаар ч, гайхамшигтай сонин ертөнцтэй анх танилцаж шидтэн гэгч ямар хүн байдгийг мэдэрсэн. Ийм шидтэн багш маань аль хэдийн миний хүүг зайран болгон, үеэлд бас багшилсан одоо надад багшлахаар ирлээ. Тэр бол тийрэн оруулагч худалч, хуурамч, хүн чанаргүй, мөнгөний араас юу ч хийхэд бэлэн тийрэнтсэн бөө нараас тэс өөр хүн байлаа. Би багшаа харан Яанаа яанаа яанаа гэж ийш тийш догдлон харайна. Багшийн ээж намайг тайван бай, битгий яанаа гэж хэл, бүү сандар гэж тайвшруулна. Бэлтгэлээ хийж гүйлдсээр бараг морь цаг дуусахаас хэдхэн минутын өмнө бэлэн болцгоов. Энэ өдөр миний аавын талаас нэг ч хүн тоож ирсэнгүй, ээжийн хэдэн ах дүүс, нөхрийн минь найз, бас удахгүй угаа барих Чу мэргэний удмын хоёр хүн туршлага судлахаар цуглажээ.
Багш: “Өглөө яагаа ч үгүй танай хоёр онго сэтгэл нь хөдлөөд уйлчихсан, бөөн баяр хөөр болон ирчихсэн хурдлаасай, хүүхдүүд гэрээсээ гарсан байгаа хурдлаасай гээд гүйгээд байна лээ” гэж сонсоод аавын маань онгодууд бас над шиг сандарч байгаа юм байна. Би бол ааваасаа өөр хэнийг ч танихгүй ч багшаас сонссон хэдэн сураг төдий л онгодуудыг бодов.
Анх хүндлэл үзүүлэхэд багшид бууж бидэнтэй уулзсан тэр том биетэй, цэцэн цэлмэг яриатай, бүдүүн сайхан дуутай эрэгтэй хүн байсан, манай арав дахь дээд өвөг Дорж гэж баавгайн арьсан төө урт холбогнуудтай нүсэр хүнд хуягийг нь нэг бөх хүн голоос нь өргөн, хоёр хар хүн ханцуйнаас нь өргөж байж хуягийг нь өмсүүлдэг тухай, багштай уулзсан хааны хатан гэх цав цагаан үстэй царайлаг сайхан эмгэн маш амттай сүүтэй цайгаар багшийг дайлсан тухай санав. Тэр эмгэн хатан ядуусыг тэтгэн, зөв сайн хүнийг харц гэлгүй хэргэм зэрэг өгдөг, буруу зүйл хийсэн ноёд, тайжуудыг хэнийг ч хамаагүй тушаал буулгадаг тул хүн бүр айж хүндэлдэг, хаанаасаа их эрх мэдэлтэй хатан онго гэнэ.
Багш бас манай зургаа, долоон өвгөн онгодтой уулзахад маш товч тодорхой яриад л ажил хэрэгч, яаруу хэдэн өвгөд байсанг хэлсэн. Мөн нэг өвгөн онго багшийг коктейлээр дайлж багш яг манай замбативийнх шиг тэрнээс ч сайхан амттай байсанг нь гайхсангаа хэлсэн. Яг л мэрэгжлийн хүн шиг сэгсэрч, найруулж дайлсанг багш ярихад би ихэд гайхан шоолж тэр өвгөнг бармен онго юм байлгүй ямар хачин юм бэ гэж гайхаж байсан. Мөн нэг удаа багш манай дээд тивийн отгийнд айлчилсангаа ярьж өгч байв. Аймаар баян юм байна лээ. Тэнд байхгүй юм ч алга. Дархны газартай, хөөрөгтэй байсан. Эр эм, хөгшин залуугүй, хүүхдүүд нь ч гэсэн эрхий мэргэн харваачид, чигчий хуруугаараа харвадаг. Би эхлээд оноогүй гэтэл хоёр бахь эр барьж аваад толгойгоор ус руу дүрсэн. Онож харватал тэгэх тул онохоос өөр арга үгүй. Тэр нум сумны хийц нь гайхалтай. Алт, мөнгөн бариултай, арван хоёр жилтэй тэрнийг нь алтаар хийсэн..... гэх мэтээр маш гайхмаар мэл гайхмаар үлгэр шиг юм ярьж өгч билээ.
Тэд Бермудын гурвалжингаас гарч ирсэн гэх шиг ч маш сонин, бүр бөөн үлгэр шиг яриануудыг би сонсон тэр үлгэрийн баатруудаас өөр юу ч мэдэхгүй байв. Аавыгаа л бодохоос өөр бусдыг нь таних биш дээ. Нээрэн намайг балчир бага байхад хэдхэн удаа уулзсан аавын эмээг хагас дутуу санаж байв. Бодвол багшийн ярьсан энэ хэдэн учир битүүлэг эмгэн өвгөнүүд л ээлжлэн орж ирж цай цүү уух юм байхдаа гэж бодно.
Би аавынхаа аав, ээж талаас угаа барьж байгаа ч аавын талынхантай багаасаа хөндий өссөн болохоор тэднийхэн нь хэлээд хэлээд тоож ирсэнгүй. Миний хувьд бөө болно гэдэг утга учиргүй санагдаж байв ч би аавтайгаа уулзахыг, аавтайгаа хамт байхыг л хамгаас их хүсэн бөө болсон билээ. Бөө нар өөр өөрсдийн отог аймагаа л хариуцан тэднийгээ засдаг гэж бодсон болохоор манай тухайд бол хүү маань хадам талаас угаа барьсан болохоор миний хүүхдүүд, нөхөр айх аюул үгүй, ээжийн минь талаас үеэл дүү охин угаа барьсан тул манай ээжийн талынхан асуудалгүй, харин би хичнээн бөө боллоо ч манай аавын талынхан ирээгүй, тоогоогүй би ч шартайг хэлэх үү сүүлд нь ирсэн ч хөөгөөд явуулнаа гэх бодолтой омголон шазруун зантай, бас би хэдхэн найзтай, ер хүмүүстэй танилцах, олон хүнтэй хамт байх дургүй төрөлхийн зожиг болохоор хүн амьтанд засал хийнэ гэсэн ойлголт үгүй. Уул усанд очиж л бөөлдөг, өөрөө өөрийнхөө амийг л борлуулдаг бөө болох нь гэж өөртөө онош тавьж байлаа. Нэг үгээр хэлбэл үйлчлүүлэгчгүй бөө.
Би гоёлоо зүүн, цамц, гутлаа өмсөхөд багш “За нисчив дээ. Онго чинь налчихаж, хөлд чинь аль хэдийн оржээ” гэхэд. Нээрээ л миний хөл байж ядан хөдөлж, хөлийн хуруунууд ийш тийшээ хөдөлж арвагнан, би найган ганхан байлаа. Багшаа би айгаад байнаа. Хэнгэрэгээ яаж цохих юм бэ? Ямар дуу оруулах юм бэ? Хаашаа харах вэ гээд л гэнэт өөртөө санаа тавилаа. Би өдий хүртэл дээл хувцас, элдэв юмыг нь л бэлдсэнээс өөрийгөө огт бэлдээгүй. Бүр бодоо ч үгүй байв.
Багш юунд ч бүү санаа зов, тайван биеэ сул байлга гэв. Тэгсэн ч би нөгөө хий үзэгдлүүд чинь миний толгойн оройгоор яаж багтаж орох бол, өвдөх үү? харагдвал хаашаа зугтаанаа, хашгирч болдог болов уу? Манай аав хаана байгаа бол? Орсон үгүйг нь яаж мэдэх вэ? юу гэх болоо, дуул гэвэл яанаа? Шараа болно шүү? Хэзээ ч би дуу дуулж байгаагүй? Хий үзэгдлүүд нөгөө сүнс кино шиг орох юм уу, буриадуудынх сугаараа ордог гэл үү, халх бол зулайгаараа орно гэл үү. Дагзных нь яс нь яах бол, дух муханд нь багтах болов уу ч гэх шиг түмэн бодол эрээлжилнэ.
Багш хуяг болон бусдыг амилууллаа. Миний хүү зайран миний нөгөө талд бас бууж, хадам буурлууд маань бас ирчихжээ. Хоёр аймаар том онгодуудын дунд би гэж шинэков элдэв юм бодон зүрх айдсаар дүүрсэн ч аавынхаа төлөө би бүгдийг чадах ёстой гэж хичээж байлаа. Ингээд тэд хуягла гэхэд би хуягаа өмсөн, тэргүүнээ тавин ашгүй ирсэн хүмүүсээс нүүрээ халхалж ичиж сандрах нь гайгүй болов.
Хэнгэрэгээ нүдэж эхлэхэд амьсгаадан, хөлс гарч, юун ч хүнд юм гар цуцан чичирч өвдлөө. Хэнгэрэгээ хаанаа цохихоо мэдэхгүй хэд цохиход гар өөрөө л аяндаа хэмнэлтэйгээр хэнгэрэгээ балбан, бие бүжиглэн, толгой савлан, сэтгэл сэргэн, сайхан бүжиг хийж эхлэв. Гэвч монгол гутал анх удаа өмссөн би уначих гээд сонин. Багш намайг элдэв бодлоо хая гэж анхааруулав. Хэд сайхан навсагнаад л нэг мэдэхэд пад хийгээд сууж надад цай өгөв. Цай өгч байгааг би мэдэж байнаа. Нөгөө хий үзэгдэл чинь хаачээ вэ ороогүй юм байх даа гэж бодтол өгсөн цайг нь гар аваад шидчихэв.
Хүүе би чинь яаж байнаа. Хайран гоё дээл минь, хайран гоё аяга минь гэж бодтол дахин аяганд цай өгтөл дахиад л авч шидэв миний гар. Би тэр гараа захирах гэтэл болдоггүй ээ. Өөр аяганд цай өгсөнг уучихаад аягаа миний гар эргэлдүүлж эхлэв. Үеэл удганы ээж миний нагац эгч туршлагатай түшээ ирэн надад түшиж миний дүүд яаж түшихийг зааж байв. Тэгээд тэр аягаа авах гэтэл аягаа өгөхгүй эргэлдүүлэн тоглож, дээш нь шидлэн авч аягаараа тоглоно. Тэгээд аяганы ёроолыг хуруугаараа тэмтэрч үзнэ. Тэгж байгаад дахиад л шидчихэв. Миний үнэтэй авсан алтан хөөмөлтэй, мөнгөн аягийг минь хэдхэн шидээд л салгаад хаячихав.
Цай, сүүнд их л дургүйцлээ. Харин айраг ууж гарав. Хичнээн ч уув бүү мэд. Түшээгээс миний гар хуур нэхэв. Гараараа үзүүлэн бюун бюун гэж дуугарахад тэд хуур авч өгөхөд биш гээд шидчихээд дахин нэхэв. Жижиг нимгэн хуурыг өгөхөд тэр хэдэн ая тоглож тайтгарав. Гэнэт миний давсаг хагарах дөхөн би нүдээ нээн харж ухаан санаа саруулсахад би хүмүүс рүү биш хойморлуу буруу хараад суусангаа мэдлээ. Яг намайг дуурайсан хүмүүст дургүй онго байна гэж бодон яаран сандран хуягаа тайлчихаад гэр лүүгээ арай гэж гүйлээ. Давсаг хагарах алджээ. Багш, хүүгийн онгодууд хоорондоо ярилцан, ирсэн хүмүүсийн заслыг хийж, асуусанд нь хариулцгаан үлдсэнг саналаа. Бүтэн хоёр хоног би гүйлгэсэн. Айраг, сүү, цай холин ууж, нэг буухдаа л зургаа, долоон литр уух энэ аймаар ховдог хий үзэгдлүүд чинь миний аав гэж үү дээ.. ам нь аймаар их цангаж дээ хөөрхий амьтан. Би ёстой нүгэлтэй охин байжээ. Аавыгаа амыг нь хатаах дөхөж гэж өөрийгөө зүхэн аавыгаа өрөвдөнө.
Багш маань үүргээ нэгэнт биелүүлсэн тул харихаар одлоо. Намайг өглөө, орой хоёрт өдөрт хоёр удаа л буу, жаран гарагт биежинэ гэж буурлууд хэлсэн гэнэ. Би их баярлалаа. Миний муу аав хөөрхий намайг хөгшин болохоор ядраахгүй гэж харж үзэж гэж баярлан, аавыгаа өрөвдлөө. Тэрнээс биш биежинэ гэж бөөн ажил болж, өдөрт гурван удаа сунаж үхэтлээ гурван сар болдог биз дээ. Би тэгтэл хоёр удаа, бас жар хоногт ээээ ашгүй ашгүй аав минь баярлалаа.
Оройн хоёр дахь буулт дээр хүү маань хамт буух тул би санаа зовох нь багасав. Тэгээд ч хоёр дахь буултад хань болохоор ээжийн минь хамаатнууд хүлээн байв. Энэ удаа буухад маш их айраг уулаа. Мөн л аягаа голон шидлэнэ. Гэнэт би ярьж байнаа. Энэ замбативд сүү сүү байхаа больж, цай цай биш болж гээд дараа өдрөөс хар цай чанахыг даалгав. Баахан ууж ууж бас л давсаг хагарах дөхөн буумагц би гэр лүүгээ хавчигнан гүйлээ. Дахиад нэг сэкунд болсон бол би өмдөндөө шээх бол юу ч биш шууд давсаг зад буудах байжээ. Хамаатнууд харьж. Өвөл санд мэнд хагас дутуу барьсан өргөө гэр маань гал түлсэн ч маш хүйтэн тул би гэртээ орж унтлаа. Харин өглөө долоо гэхэд бөөлөх тул үхсэн мэт унаад өгөв. Өглөө эрт нөхөр маань босон гэр галлаж өгөн бүлээцүүлж, бяцхан түшээ бид гурав анх удаагаа бие даан бөөлөх боллоо.
Яанаа яасан аймаар юм бэ? Ухаан алдаад унавал хүүг сэрээж дууд гээд л бэлтгэлээ базаан бөөллөө. Ямар ч гэсэн амжилттай. Тэр хий үзэгдэл орж ирэхээрээ миний бие томрон, цээж өргөсөн, биеэ хаялан сүрийг үзүүлэх тул тэр нөхөр орж ирлээ гэж мэддэг болсон байв. Энэ удаа тэр хар цай маш их уув. Сүүтэй цай, сүү уухгүй тул бүү өргөөнд тавь. Хуурамч сүү байна гэж гомдлов. Гомдлыг би баяртайгаар хүлээн авч хар цай чанах боллоо.
Өглөө, оройгүй сүүтэй цай чанах ажлаас чөлөөлөгдөв. Аав минь баярлалаа. Охидынхоо ембүү цаасыг бодсонд гэж талархлаа илэрхийлэв. Нөхөр ажилдаа яван бяцхан түшээ бид хоёр үлдлээ. Би гэрт орж ирээд л нам унтав. Өдөр ч унтав, орой арай гэж босон бас бөөлчихөөд л унтав. Шөнөжин унтав. Өглөө нөхөр гэрээ галлаж би босч бөөлчихөөд л унтав. Өдөр арай гэж аяга хоол идчихээд л унтав. Орой бас бөөлчихөөд л унтав. Шөнөжин унтав. Өглөө мөн бөөлчихөөд л унтав.
Энэ чинь одоо юу болоод байнаа. Яахаараа унтаад байнаа. Тэгтэл манай гэрийнхэн хэнгэрэг дуугаран, хүмүүс яриад, миний дуу хоолой гараад яриад унтсангүй гээд байх болов. Ингэж өдөр шөнөгүй унтвал бяцхан түшээ явчихаар би гэрийнхээ ажлыг яаж хийх болж байнаа гэж санаа зовлоо. Бүр яаж ч хичээгээд унтахгүй гэж бодсон ч явж байтал хоёр хөл гэв гэнэт хүндрээд даагдахаа болин, нүд өөрийн эрхгүй анилдан, шүлс асгараад унтаад өгнө.
Дүү охин минь байгаа тулдаа гэр цэвэрлэн, балчир хүүг минь харан, хоол хийж, өргөөг цэвэрлэн, галыг нь түлж байлаа. Яагаад нойр хүрээд унтаад байгаа тухай асуухад буурал: "Улаачид унтахад нь бүү саад бол. Тэр шөнө өдөргүй бөөлж ядарч байгаа. Тогтоосон цагт бөөлөх цагаас бусад үед тэр унтан түүний сүнс бидэнтэй хийгээр бөөлж буй тул бүү саад бол" гэв. Даанч тийм байхаа унтаж унтаж босоход л ядраад гар цуцсан байдаг нь ийм учиртай байжээ.
Шөнө манайхан зөв л юм сонсож дээ. Юун миний сүнс хийгээр бөөлөх гэж, намайг алчихаад сүнсийг минь сугалж аваад бөөлүүлээд байгаа юм уу хаашаа юм бэ би ойлгосонгүй. Намайг унтаж байхад хараадах үхсэн мэт байна уу гэхэд унтаж байгаа мэт амьсгаатай байдаг гэв. Би ойлгосонгүй. Би ээжийндээ очихоор явж байгаад замдаа таг унтана. Иймээс манайхан ганцаараа ийш тийш явалтгүй зам зуураа унтчихвал яана гэнэ. Нөхөр маань бас их санаа зовно. Ингээд унтаад өгвөл согтуу хүүхэн байна гээд хүн аваад явчихна гэж санаа нь зовов. Гэхдээ би аавдаа баярлалаа. Охиноо өдөрт гурав буулган зовоохгүйгээр унтаагаар бөөлүүлж хүчээ авч байгаад баярлалаа. Тэгэхгүй бол хөгшин охин нь заасан хоногоосоо өмнө талийгч болчихвол яана тээ ааваа. Хэхэхэхэ гэж баярлав.
Хэд хоноод хар цай өгөлгүй дан ус өгөхийг тушаав. Хар цай ч уухаа болилоо. Хар ус л уудаг боллоо яах нь энэ вэ гомдоо юу гээд л санаа зовтол : “Бүү санаа зов. Та нар сүү мууг ууж, түүгээрээ цай чанаж ууж сэтгэлээ, биеэ хуурах юу вэ. Хар цай удаан уувал аяганы дотор яадаг билээ. Сүүтэй ч бай, хар ч бай цайг усаар хийдэг биз дээ. Иймд дан ганц ус л ууна. Ус бол хар биш. Тэр бол рашаан. Ус бол алтнаас үнэтэй, амьдралын рашаан” гээд усаа найман литрээр нь ууж би давсаг хагарах гэхээр л тэд бууж, би гэр лүүгээ арай гэж хүрнэ. Үхэр мэт ууж, далай мэт шээнэ гэгч болох нь. Гэвч тэд урд урдахаас улам л удаан буух болжээ. Элдэв сургааль бяцхан түшээд айлдан, янз бүрийн онгод ирсээр, рашаанаа уун, татсан, хатсан газруудаа засан цоо эрүүл болох ажээ.
Бүүр сүүлдээ нэг удаа давсаг хагарах дөхөхөд улаачын давсаг нь хагарах нь шивэгчин чи шээлгэ гэлээ. Гэтэл нэг үнэн айлгүй чалчаа эмэгтэй орж ирэн айлгүйтэн намайг авч гарлаа. Би мэл гайхав. Тэгэвч тэр зогсоо чөлөөгүй ярин инээсээр манай гэрт орж ОО орон бие засчихаад эргээд өргөөнд хүрээд ирэв. Тэрний аальгүй чалчаа гэж, тас тас хөхрөн ярина. Өргөөнд ирээд л өөр онгод ирэн цааш буултаа үргэлжлүүлэн бүтэн өдрөөр ч хамаагүй буудаг болов.
Лайтай аан, би өөрөө гэртээ орж шээж чадахаа болив. Хишгээ орж ирэн инээсээр намайг аваачин миний биеийн давсагийг минь суллачихаад л өргөөндөө байгаад байгаа юм чинь. Тэр аальгүй шивэгчиний нэр нь Хишгээ. Хишгээ байхдаа ч яахав дээ. Маш их хов ярьж өгнө. Тэрэнд ярихгүй сэдэв байхгүй. Чамайг дээдчүүл тэгж ярьсан гээд л тэр байтугай миний нөхрийг хүртэл ховлоно. Тэрүүхэн ОО орох хооронд л баахан мэдээлэл өгчихнө. Тэр бас их хэрэгт дуртай. Гэрээс гарах зуураа юм уу өргөө явах хоорондоо элдэв юм сонирхоно. Энд тэнд чихэр байвал авч иднэ. Тэр гоё юм байна би авая гэж нэхнэ. Гэхдээ тэр маш сэргэлэн, зальтай. Харин Хишгээ маань сүүлийн хоёр сар орж ирсэнгүй дээ. Буурлууд ч ус уухаа больчихож. Хишгээ би чамайг бас санадаг болжээ.
Дээд тэнгэртээ л хов хутгаад алж яваа байлгүй дээ миний ховч онго минь.
Буурлууд маань хуяг үгүй, хамгаалалт үгүй бөөлсөөр, миний хийж чаддаг бүхэнг сурчээ.
Түшээгийн ч хэрэггүй. Бүх л хэрэгтэй бүхнээ өөрсдөө болгочихдог гайхамшигт өндөр буурал дээдсүүд, аавдаа баярлалаа. Одоо миний арьс маань хуяг болсон. Гарын алга, хуруунууд минь хэнгэрэг болсон нь гайхмаар. Баярлалаа ааваа. Эхлээд би буурал дээдсүүдийгээ Хий үзэгдлүүд гэдэг байлаа. Тэд намайг улаач, сахилгагүй ёдор минь гэдэг байлаа. Харин би тэднийг дээдсүүд гэж, тэд намайг охин минь гэдэг болжээ. Гадаа хээрийн онгодууд шувууд ирэх нь удвал санаа зовон хүлээж, өвгөд эмгэдээс минь хэн нэгэн буулгүй хэд хоновол санаа зовон түгшдэг болтлоо бид нэг гэр бүлийнхэн болж чаджээ.
2010 оны 12 сарын 12
Энэ өдрөөс эхлэн буурлууд зул өргөөнд байлгахыг хориглов. Хар цайны оронд рашаан хүртэх болов. Энэ өдөр болоход тэд гэрэл унтраахаа ч болин хараатайгаа бөөлдөг болсон байв. Өргөөндөө хаа хамаагүй яван, дураар дургина. Орж ирсэн онгодынхоо зангаас шалтгаалан хөлд таарсангаа авч тавих нь тавьж, өшиглөх нь өшиглөж хаяна.
Хамаатан маань ирж бөөлөнд суугаад зөвлөв: “Гадны хүн ирвэл хуягаа өмсөж бөөл. Бас чийдэнгээ бүү асаа. Жаахан бага гэрэл гарга. Тэгэхгүй бол хэн ч итгэхгүй хуяг дуулгагүй, бүхнээс тэс өөр, энгийн хүн шиг харж ярьдаг, түшээгүй, өөрөө юм хумаа авч идэж ууж, ийш тийш хамаагүй явах ийм бөө гэж хаа байсийн, чамайг хүн жүжиглэж байна л гэнэ” гэж зөвлөв.
Миний ойрын төрөл болохоороо надад маш их санаа зовов. Харин тиймээ би бас өөрөө дийлэхээ болиод байна. Хуягаа өмсөөд буухаар орж ирээд уурлаад тайлан ээжийн минь хуяг гээд эвтэйхэн эвхэж тавиад бүх юмаа тайлчих юм. Нэг ч хамгаалалт зүүлгэхгүй бүгдийг нь аваад хаячихна. Нүдээ нээ гэхэд нь би болохгүй гээд аниад л байхад гараараа нээлгээд хаяж байгаа юм чинь. Гайхаад би шинэ дээл хийлгэн өмссөн чинь бас тайлаад хаячихсан. Эд нар намайг тарган гахай гээд удам сударт минь ийм бүдүүн эм үзсэнгүй гээд долоо хоног дасгал хийлгээд арваад кг жин хасаад би турчихлаа гэж хэлэхэд тэр бас гайхаад юу гэхээ мэдсэнгүй.
12 сарын 20 өдөр 10 цаг 45 минут
Буурлууд албан ёсоор Өэлүн эхийн улаачыг зарлан, Өндөр дээд Өэлүн эх энэ замбативд заларсанг зарлав. Аавын ээж талын өндөр дээдүүдийн удам угсаа гэнэ.
Улаачид санаа зовох зүйлгүй. Бүрэн биежсэн учир түшээ үгүй ч байж болно улаач ганцаараа бууж байж болно гэв.
12 сарын 21
Эдийн Тэнгэр анх буулаа.
Орой нь Саран ээж буув. Уйлан хайлан улаачаа бүүвэйлэн дуулж, илэн нүүрийг нь сүүгээр угаав.
12 сарын 22
Эрх мэдлийн эзэн тэнгэр буув. Дорнын их хатан, Сөөнгө буурлын гурван дүү нар залран өөр өөрсдийн уналгуудаа амилуулав.
Оройн бөөллөгөөр Харын хатан бууж зарлиг гаргав.
Доголон Төмөр хаан анх удаа буув. Уйлан их юм ярив.
12 сарын 22
Даян дээрхийн дайчин цагаан онго орж ирэн гомдол мэдүүлэн толгойг тоншив.
Барулас отгийн өндөр дээд бууж албан ёсоор Отгоо зарлан хэнгэрэг дэлдэн түмэнд зарлалаа. Нууц товчооноос отгийнхоо тухай олж мэд даалгавар өгөв. Аавын аав талын өндөр дээдүүд гэж зарлав.
12 сарын 31
Өндөр дээд Үлэгбек хаан заларч өөрийгөө танилцуулан Миний балчир бага хүүгийн эцэг нь би өөрөө өөрийн биеэр өдөр шөнөгүй балчирыг дагана. Миний хүүтэй намайг уулзуул гэж шаардав.
2011 оны 1 сарын 1
Эрлэг хаан анх буулаа. Тэр дэвхцэн бүжиглэж, миний охин минь энэ бол миний охин эгэлгүй миний охин гээд л бүжиглэж гарав. Миний ногоон дээлийг үзэн байснаа ийм л онцгой, эгэлгүй гэж магтан учиргүй их баярлана. Рашаан ч сүү ч уухыг хүссэнгүй. Цус л ууна гэж шүлс нь асгарав. Цусанд л дуртай бололтой. Ямар аймаар юм бэ? Тэнгэр минь.
Энэ аймшиг чинь багшийн аав гэдэг биз дээ. Багш бага хүүхэд нь биз дээ. Яагаад над дээр төөрөөд ирчих вээ? Би өөрийгөө бүрэн солиорч гэж бодлоо.
1 сарын 2
Эрлэг хаан, эхнэртэйгээ буув. Дахиад л өнөөх чинь өглөө орж ирэн баясав. Дээрээс нь бүр авгай нь ирэв. Ямар аймаар юм бэ? Ганцаараа буудаг би буруу юм сонсоод, буруу юм харж гэж бодоод хүн гуйж шалгуулая гэж бодлоо.
1 сарын 3
Би гайхаж эргэлзсэндээ нөхрөө дуудан түшээ хийгээд надад буугаад байгаа эрлэг хааны үгийг сонсооч. Би солиороод байна уу гэж шалгуулав. Эрлэг эцэг өөрийгөө хүлээн зөвшөөрч итгэсэнгүй гэж ихэд уурлав. Эхнэр нь араас нь ирэн нөхөрт маань намайг Эрлэг хааны төрсөн ганц охин нь, би өөрөө эхнийх ч биш, эцсийнх ч биш хатан нь байна. Чөмөгт учиргүй дуртайгаа ярив. Намайг хар цагаан хуяг хийх хэрэгтэй гэсний учрыг одоо л ойлгов. Ээ тэнгэр минь энэ чинь одоо юу вэ? Би шулам байсан юм байна. Шулам шулам шулам. Ямар аймаар юм бэ? Нэгэнт л охин нь байсан юм бол гээд эцэг, эх хоёрынхоо тухай би судлахаар шийдсэн.
Дараа нь аймаар бие гулзагнан хамаг бие мурилзан хөдөлж, хэл ам бултагнан сүрийг үзүүлж үзүүлж нэг аймшиг орж ирчихээд намайг нэг энхрийлчихээд явчиав. Араас дахин нэг амьтан орж ирэв. Тэр хэлэхдээ Лусын хаан эцэг нь ирээд явав.
Хилэнтэй байгаа тул юм хэлсэнгүй. Би эх нь байна. Миний охинг сайн хар хандаарай, орж ирээд байгаа бүхэн үнэн, өөртөө итгэ, эцэг эхээ бүү гомдоо гэж энэ улаачид чи хэл гээд нөхрийг минь загначихаад явлаа. Эээээээ Тэнгэр минь энэ чинь одоо бас юу вэ? Би могой юмуу, загас юмуу юу вэ? Ер ойлгохоо байв. Багш хэлэхдээ таван эцэг эх байдаг гэсэн. Тэд нар нь л юм байлгүй дээ. Хаан байхдаа ч яахав дээ.
Миний хүү Эрлэгийн арван гурван ноёны хүү бас Нуурын эзний хүү гэсэн. Тэр ноён их сайхан сэтгэлтэй. Нөхөр бид хоёроос л илүү хүүд минь анхаарал тавин үргэлж хамгаалан, өмөөрч байдаг. Анх миний хүүгийн аав Эрлэг ноён гэхэд нь Энэ чинь миний хүү шүү дээ. Би ээж нь биз дээ гээд л их л уур хүрч байсан. Гэтэл би өөрөө бас олон аав ээжтэй болж таарах нуу. Толгой эргээд байна. Ойлгох юм ер алга. Нөхөр тэдний хэлсэнг давтан хэлж чамайг өөртөө итгэ гэж байна. Энэ явдлууд үнэн болоод байна гэж нотлов. Нөхөр маань бас намайг дагаад солиороогүй байлтай. Тэр эрүүлээс эрүүл улсынхаа хариуцлагатай албаа хийгээд л байгаа. Лав ойр дотныхон нь солиорвол дор нь оношломоор юм.
1 сарын 7
Анх удаа өргөөнөөсөө өөр газар буув. Ээжийндээ зөвхөн хэнгэрэгээ аван ирж хонолоо. Энд буухад анх удаа Хилэнцийн хаан ирж жижиг Аянга болон намайг илэн миний том, бага хоёр охин гэж зарлав. Эцэгүүд ар араасаа л гарч ирээд байх бололтой. Нэг хүний биед оршсон Чөтгөрүүдийг хөөж гаргав. Арван дөрвөн хонх тасарч унажээ. Чөтгөрийн хааныг толгой буурал дуудан тэднийг тушаасан гэнэ.
1 сарын 8
Хотод ирсэн сургаар айлчлан ирсэн ах дүүсүүд заслаа хийлгэн. Буурал тухлан ярилцан, Эмэг эхийн улаач бас ирсэн тул түүнтэй ярилцан, зөвлөгөө өгөн, олон засал хийн, хүмүүсийг домнон, барилаа. Тэд хуяггүй буух намайг гайхан ядахдаа юбка өмсөөчээ. Ийм хачин бөө гэж хаа байсан юм гэж гайхсаар байв.
1 сарын 9
Хамаатангууд хүртэл айх, гайхах зэрэгцэн зөвлөгөө өгсний дагуу энэ өдөр би юбка өмсөн бөөлтөл толгой онго орж ирэн уурлав. Тэр майга болохоор гаднаас харах хүнд би юбка өмссөн аймаар майга явахдаа бүүр инээдтэй явдаг, бүдүүн дуутай эмэгтэй харагдана. Толгой онго уурлан юбка тайлан шидээд "хэн юу гэх нь чамд хамаа үгүй. Тэд юу мэддэгтээ цэцэрхээд тэнгэрийн бөөд заагаад байгаан. Эр хүн би эм хүний биед бууж байгаа ч энэ балай хувцасыг чинь өмсөхгүй мэдэв үү" гэж уурлав. Хүмүүс гайхаад шоолоод байна буурлаа гэхэд “Тэгвэл тэд тэр сайхан хуяг дуулгатай, ном журамтангууд дээрээ очиж бөөлүүлнэ биз. Бид ямар эдэнд зориулагдан буугаа юу? Ганган хувцаслан, таван тансаг зооглон, гайхуулах гэж буугаагүй бидэнд хийх ажил дэндүү их байна. Шалдар булдар жижиг сажиг гэрийн хэрүүл зохицуулах гэж ирээгүй” гэж ихэд хилэгнэв. Түүнээс хойш би байгаа хувцастайгаа л хаа сайгүй бөөлөх чадвартайгаа ойлгов.
1 сарын 10
Толгой онго өргөөгөө цэвэрлэн, галаа түлэн, унасан нүүрсийг хаман авлаа. Нэг ихэмсэг онго буун өргөө гэрт тойрон байснаа хаалга онгойлгон гарав. Би бодлоо: хаачих нь вэ гарч агаар амьсгалах юм болов уу?
Тэр гарч ийш тийш харж байснаа хэнгэрэгээ нуруундаа үүрэн хашаагаар ийш тийш явлаа. Тэгснээ урд хашаа руу орж хамаатан айл руу орлоо. Нохой айн зугтаж, хоёр настай охин нь айж орилон ээжээсээ зуурна. Ээж нь гайхсандаа юу ч хэлэхээ мэдэхгүй зогсоно. Тэр инээн тэр айлын гэр дотор явж байснаа надаас айгаад байвал өөр нэгнийг буулгая гэхэд хатан орж ирэв. Охин улам л чарласаар... За яахав балчир айгаад уйлаад байна. Манай улаач ирж аргадна биз. Өвдөж зовох, хүсэх зүйл байвал бидэнд хандаарай гээд гэрээс гарлаа.
Тэрний урд хашаан дахь айл руу харахад би сандран буурлаа буурлаа өөр айл би танихгүй гэхэд мэдэж байна гээд хашаандаа ирэн хэнгэрэгээ дэлдэн бөөлчихөөд өргөөндөө оров. Би шалавхан чихэр бэлдэн урд айл руугаа ороход охин ирж надтай тоглолоо. Сайхан гарууд чинь айл хэсэж нүд амны байрлал сольдог байна ш дээ. Өргөөндөө ганцаар буусаар уйдсан юм байлгүй дээ өндөр дээдүүд.
1 сарын 12 өдөр. ОНЦГОЙ ӨДӨР
Энэ өдөр толгой онго их л түгшүүртэй байгаа нь мэдэгдэв. Хотоос бяцхан түшээ, Долоон ямааны эзэн дүүтэй хамт манайд иржээ. Толгой онго өргөөгөө өөрөө цэвэрлэнгээ тэр хоёрыг туслалцахыг хүсэв. Бүх бэлтгэл дуусахад толгой онго миний том саарал гутлыг тайлж хол тавиулав. Энэ хүйтэн өвөл гэрт гуталгүй даарна биз дээ. Бас л хоолой өвдөх нь гэж бодсон ч тэр тоосонгүй. Миний үсийг гараар самнан янзлан чухам намайг хүүхэн дүртэй аятайхан болгох гэж байгаа мэт энд тэндхийг нь засан, санаа нь түгшээд байлаа.
Тэгээд тэр хэнгэргээ дэлдсээр одож, оронд нь нэг амьтан ирэв. Миний нуруу муруу хотойгоод л тэв тэгш суун, хамар ам хямсайн ярвалзан маш их зантай нэгэн хатан орж ирлээ. Би бодохдоо нэг аашны тулам л орж ирлээ. Толгой онго юун ч аймхай юм гэж бодтол толгой тоншоод авав. Намайг бодлоо цэгцэл гэсэн үг тул дэмий юм бодохоо болилоо. Тэр миний өмссөн дээлийг үзэж эхлэхэд би бас хараад хачин санаа зовлоо. Миний дээл түлэгдээд урагдаж, би чинь хотын партай байшинд хичнээн жил амьдарсан гал түлж мэддэггүй авгай байлаа. Харин бөө болсноос хойш л гал түлж суран, гарын хумс хиртэн хөө болж, халтартах гэдгийг үзүүлж өгдөг болжээ. Миний дээл минь гал түлэхэд л түлэгдсэн болтой. Ямар сонин юм бэ, бүс бүсэлдэггүй болохоор хормой нь түлэгддэг юм байна гэж анх удаагаа мэдэж авлаа. Цааш нь тэр хатан дээлийг минь сайн харна.
Энгэрээ товчлоогүй, энд тэнд нь гогдож урсан, үзүүрээр нь сэмэрч, нүүрс авахдаа гэдсэндээ нааж, ташаандаа тавин хувинтай нүүрсээ шүргүүлсээр тэр хэсэг нь хар болчихож, ямар сонин юм бэ! Нэгхэн сар хагасын хооронд шинэ дээлийг ийм болгодог би ямар аймаар авгай вэ гэж өөрийгөө бодлоо. Тэгтэл хатан миний дээлийг тайлж хаяв. Цааших бүхнээ би бас хамт харав. Миний өмдний нэг тал нь түлэгдсэн байгааг би өөрөө хараад мэл гайхав. Пийшингээ сандаалайгүй л байлтай яахаараа өмдийг хүртэл тэр зуух түлдэг байнаа. Улаан оймс өмссөн байна би. Яаж хоёр өөр оймс өмсөөгүй юм гэж би бодлоо.
Тэр аймшигт хатан миний ариун цэврийг шалгаад байгаа юм байх даа гэж бодов. Гарыг минь харав. Гар ч яахав энэ удаа цэвэр байв. Өнөөдөр гэрийн галыг бяцхан түшээ түлсэн болохоор миний хумсанд нүүрс ороогүй байв. Тэрнээс биш галаа түлэн арай гэж дулаацмар болоод мунгинасаар бөөлөхөд хатад ирэн миний айраг хийхээр бэлдсэн гоё саванд минь ус хийж байгаад гар угаагаад, хумсны хирийг арилган манай удамд чам шиг амьтан байгаагүй гэж загнадаг юм. Би бээлий өмссөн шүү дээ гэхэд бээлийг нь угаа гэв. Юу бас түлээ нүүрсний бээлийг угаадаг юм уу, тэр чинь шинээр авсан гэхэд доторхийг нь гарган сэгсэрч бай гэв.
Манай аавын онгодууд хэт цэвэрч. Эр эмгүй өчнөөн амны алчууртай. Өөр өөрсдийнхөө алчуурыг хэрэглэнэ. Эрчүүд нь эр хүний алчуур хэрэглэнэ. Цэцэг хуартай эмэгтэй алчуур хэрэглэхгүй. Зарим хатад нь гурав, дөрвөн ганган алчуур минийх шүү гээд хэнгэрэгт уяна. Бас элдэв янзын үнэртэй ус хэрэглэхийг нь яанаа. Харин би өвлийн тачигнасан хүйтнээр гэрт гал түлэн, бөөлөх гэж үзээгүйгээ үзэх тул юуны чинь гангалах, дэгжирхэхдээ манатай.
Аймшигт их зантай хатан юу ч хэлэлгүй намайг шалган өмссөн бүхэнг үзэхэд би дан цамцтайгаа, дан оймстой даарч байлаа. Гэсэн ч ихэмсэг тэр хэсэг дуугүй байснаа ТЭНЦЛЭЭ гэсэн. Тэгснээ бяцхан түшээг бич гээд зарлиг бичүүлэв.
Товчхондоо: Энэ өдрийн цаг, минут бүгдийг хэлэв
Тэнгэрийн зарлигийг биелүүлэхэд энэ улаач тохирох юм байна. Хатан зоригтой, тэвчээртэй зантай, зөв бодолтой, бурууд хурц, дайчин чанартай, оюун сайтай яг тохирно. Намайг ээжээ гэж дуудах эрхтэй. Сонстугай: Ангийн болон бүх төрлийн мах идэж болно. Улаан, харын цээр үгүй. Өргөөндөө бүх төрлийн мэс, бялт буу ч зөвшөөрнө. Толь тавих эрхтэй, толь байрлуулах газрыг заав. Ийм заяаг би хоёр дахь үрдээ өгч байна. Тэнгэрийн улаач ес байдаг. Дэлхийн хувь заяаг атгадаг есөн улаачын нэг учраас есөн гараг дотор есөн шидээ түүнд өгнө. Бэлд.
Хориглох нь:
-Улаач өөрөө зориуд хараал хийх хориотой. Тэнгэр бидэнд болохгүй бүхэнг айлтгах эрхтэй. Тэнгэр тэдгээрийг зөв бурууг шүүнэ. Иймд өөрөө дураар шийдэж үл болно.
- Бие тоон сагсуурах хориотой. Тэнгэрийн шидийг хэрэгтэй цагт хэрэгтэй үед хэрэглэнэ. Тэрнээс өөрөө сагсуурч түмэнд гайхуулбал цаазтай. Арван таван гараг дараагаас улаач шидээ хэрэглэх эрхтэй.
- Тэнгэрийн зарлиг зөрчиж болохгүй. Жишээ нь: Хэнтэй дайт гэнэ түүнтэй л дайтна. Төрсөн хүү, төрөл садан ч, төрүүлсэн багш ч энд хамаарна. Улаачыг үхэх цаг чинь болж өндрөөс хальж үх гэхэд үхэх л хэрэгтэй. Тэнгэрийн мэдлийн улаач тул бүхнийг тэнгэр мэднэ. Тэрсэлбэл улаач өөрөө хариуцлага хүлээж оронд нь амиа өгнө.
Улаачийн үүрэг
Тэнгэрийн шүүлэгт оролцох нь түүний эрх. Бүх боссон удган, зайранг шүүх эрхтэй. Зөвийг нь дэмжин, бурууг нь бут ниргэх эрхтэй. Миний улаач тэнгэрийн зарлигийг түмэн олонд түгээн, байгаль дэлхийг хайрлах, аврах, түвшин сайхны төлөө гэгээрүүлэх үүрэгтэй. Түмэн олны зовлонг үүрнэ. Буруу зөвийг ялгах. Буруу санаатанд туслан, идэш болох ёсгүй. Тэнгэрийн улаач бол тэнгэрийн элч, зарлиг гүйцэтгэгч. Энэ алагхан дэлхийг амьд байлгах эсэхийг шийднэ. Тиймээс алахыг нь алж, аврахыг нь аврах бүрэн эрхтэй.
Үхэл, амьдрал гэсэн ганц БАЙГАЛИЙН ХУУЛИАР л амьдарна. Итгэл найдварыг минь алдалгүй хичээн зарлиг биелүүлэгтэн. .... гэх мэт юмс бичүүлээд явчихлаа.
Харин толгой буурал ирэн хором хиртэй дуугүй суун сэтгэл амарлаа. Овог аймгийн минь итгэл найдвар хөсөрдсөнгүй гээд хоёр дүүд: "Та хоёр сая эгчийгээ ямар том юм давж чадсан гэж бодно. Тэнгэр ээж өөрийн биер заларлаа. Хэрэв улаач өчүүхэн л алдаа гаргасан юм уу, таалагдаагүй бол газар дээрээ зүрх нь зогсох аюултай байлаа шүү дээ гээд ихэд догдлон үе үед манай овог, отог тэнгэрийн ивээлийг хүртэх эрхийг авч байлаа" гэхэд дүү уйллаа. Эгч минь үхчихсэн бол бид яахын гээд.
Дараа нь гургалдай хатан ирж баахан баярлан дэвхцэж дуулж байгаад гарав. Бид тэгтэл найр наадам хийдэггүй. Архи дарсанд манай отгийнхон бүгд дургүй. Өнөөдөр баярт өдөр. Гэхдээ тэнгэрийн том итгэл ирсэн тул бид хуралдайтай улаачыг өнөөдөр сайн амраа гэв.
1 сарын 20
Гайхалтай өдөр. Алтан ургын хараал тайлагдсан учир, тэр хараалыг хийх ба тайлах цорын ганц эзний сүнс ирж таван эмэгтэйд тэмдэг тавив. Тэднээс төрсөн хүүхдүүд гайхамшиг бүтээнэ. Өмнө нь тэртээх зуунд долоон эхэд тэмдэг тавьж байсан гэнэ. Энэ өдөр тэмдэг тавигдсан таван хүний хүүхэд өөр өөрсдийн овог гаргана. Хичнээн зуун үргэлжилж энэ таван хүний овог Хөх Монголд нөлөөтэй таван овог аймаг, улс болно. Энэ сонин эзэн алтан заяаг надад бас хэд хоногийн өмнө өгч тэмдэглэсэн билээ.
Алтан ургийн хараал тайлсан учраас намайг шагнаж, рашаан өгсөн. Хэрэв түүнээс хумсын толион чинээ хүртэхэд л алтан заяатай амьдарна. Дахин чамд би түүнийг өгөхгүй тул олон цаасанд шингээ, онцгой азтан л хүртэнэ гэсэн. Би баясаад л маргаашнаас нь барьж гүйгээд хамаатан садан, намайг ойлгож баяр хүргэсэн хүн бүрт хүртээсэн. Энэ сэдэв бол маш том сэдэв. Алтан ураг хараалд яагаад өртсөн, ямар учиртай, яагаад тайлав, яаж тайлагдав. Хэн хараасан, түүнийг тойрсон цуурхалуудад хариу өгөх хэмжээний бас ном болно. Үүнийг марталгүй дараа сайн тодорхой номондоо бичнээ.
Түүнээс гадна Тэнгэр эцэг өөрөө ирэн идээн дээр хишиг дуудаж өгсөн бөгөөд үүнийг эгэл хүнд бүү өг, шувуу болон бусад амьтанд бүү өг, зөвхөн өөрийн чухал хүмүүс, эх орны үнэнч хүмүүс, хайртай хүмүүстээ л хүртээ жилд ганц удаа би ингэж хишиг өөрийн гараар түгээх болно гэж зарлигдсан.
Энэ өдрөөс дараа хүртэл болсон сонин хачин түүх маань өөр дэвтэрт бичигджээ. Тэнгэр эцэг ирсэн тухай, Алтан ургийн хараалыг тайлсан түүх, Ерөн есөн тэнгэрийг олсон болон, бүгдийг биедээ хэрхэн оруулсан, Хорь хоног дуусангуут гурвалжин хэнгэрэг хийлгэ гэж, бид түүнтэй хэрхэн тэмцсэн ч тэд зөрсөөр хэнгэрэгээ хийлгэн барьж байж л санаа нь амарсан тухай, Гурвалжин хэнгэрэг хэрхэн амилуулсан, хэний хэнгэрэг байсан, ямар учиртай, Сахилгагүй буурлууд маань интернет хэрхэн сурч, бичдэг, уншдаг болсон тухай, утсаар хаашаа юу гэж ярин, Эдийн Тэнгэр хэрхэн машин барьж явах тухай гээд л дуусашгүй сонин бүхэнг номондоо л багтаах бодолтой байна.
Болж өнгөрсөн энэ олон түүхүүдийг бичнэ гэдэг дахиад хичнээн өдөр шаардах нь. Гэтэл аль хэдийн дараагийн тулаанууд эхлээд байдаг.
Яг одоогоор хамгийн азтай, хамгийн гайхалтай хувь заяатай учирсан надад дахин юу тохиохыг Тэнгэр л мэднэ.
3 сарын 22 ны шөнө.
Энэ өдөр би Тэнгэр удган цол авлаа. Шидээ ав гэж сэгсчүүлэв. Сонин юм болов. Үлгэрт гардаг арван таван толгойт мангас, бусад олон толгойт мангасын учрыг бүрэн ойлгов.
3 сарын 24
Өнөөдөр сэтгэл хөдөлсөндөө зөндөө уйллаа. Бүх юм бодитой үнэнг, болоод байгааг эргэлт буцалтгүй өөрийн нүдээр харлаа. Хэдүйгээр энэ бүхэн үнэн гэж бодоод, сонсоод, хараад, мэдрээд байсан ч улаан коммунизмын дүү, улбар ягаан социализмд би хэт чанагдсан учраас заавал өөрийн нүдээр л харахаас нааш итгэхэд бэрх, өөрөө өөрийгөө хий юм хараад байна, солиороод байна уу гээд л их л төөрч будилж явжээ. Би хүүгийнхээ видеог хараад л өөрийнхөө бодсон, олсон, амилуулсан, хийсэн бүхэн үнэнг сайн ухаарлаа.
Харин аль сарын өмнө манайд айлчлахдаа бяцхан түшээгийн авсан видео бичлэгийг гэртээ сая үзээд уйлахгүй байж чадсангүй. Уйлах уйлахдаа бүр амьдралдаа ингэж уйлж үзээгүй санагдлаа. Урд нь зөндөө л уйлдаг л байсан гэхдээ ийм утга учиртай уйлалт байдаг л юм байх даа. Хаашаа янзын уйлалт вэ гэвэл ухаарлын уйлалт юм уу хаашаа юм нэг л хачин уйлалт боллоо. Хүмүүс та нар өөрсдийгөө яг миний оронд тавиад бодоод үз дээ. Сонин уйлалт, аймаар ч юм шиг, галзуурмаар ч юм шиг, харамсмаар ч юм шиг, гайхалтай.
Энэ видео дээр хээрийн онгодуудын тухай сайн ойлголоо. Нөгөө л намайг хамгийн анх айлгаж хэл өгч байсан шувуунууд. Тэд үргэлж манайд ирж хоол иддэг. Тэдний ажил их байвал цагаасаа хоцорч юм уу, хагас нь ирдэг ч завтай байвал олуулаа ирнэ. Тэднийг цөөхөн юм уу эсвэл ирэхгүй удвал санаа зовон цонхоороо харан хүлээдэг. Сар хиртээ надад түшээ хийсэн бяцхан түшээ маань ч тэдэнд дассан учраас нутаг руугаа явахдаа тэднийг санана гээд видео бичлэг хийжээ. Харин тэр бичлэгт гайхамшиг байв.
Миний буурлуудын гурвалжин, дөрвөлжний тухай ярьдаг яриа маш учиртай нь яг үнэн байв. Наран аав маань гурвалжин цацрагаа илгээн, тэр хээрийн онгодуудаа хамгаалжээ. Бид энгийн нүдээр юу ч харж чаддаггүй ч видео дээр тов тодорхой бичигдсэнг хараад би аавнууд, ээжнүүд, буурлууд, Чингис хаанаа өрөвдөөд уйлахгүй байж чадсангүй. Төрснөөс минь авахуулаад л намайг, биднийг хамгаалан тэмцэж, хайрлаж байсанг нь нүдээр үзээд уйлахгүй байж чадсангүй. Тэд ингэж их хайрлаж, манаж, итгэж байхад миний байж байгаа царайг хэдэн сарын түүхээ бичих гэж бөөн юм боллоо.
Миний тайван сайхан амьдрал минь ядаргаатай болчихно түвэг гээд л амиа л бодоод арчаагүй загнаад байхдаа яахав дээ. Би Чингис хааны хэлсэн бүхэнг нь хүмүүст дамжуулж байх ёстой. Би өглөө, өдөр, оройгүй бөөлөн, хичээнгүйлэн шамдан суралцаж, сурах ёстой, хийх ёстой бүх л юмыг амжуулах ёстой. Ганц алтан ургийн салаа мөчир хэдхэн охид бидний төлөө Миний өвөг дээдсүүд, Хаан Чингис минь, Энэ орчлонгийн хүчнүүд бууж ирэн энэ бүхэнг хийн намайг эрхлүүлж байгаа биш, Хөх Монголын төлөө, Дэлхийн төлөө, Хүмүүсийн төлөө, Энх амьдралын төлөө, Байгалийн төлөө энэ бүхэнг хийж байгааг ойлголоо.
Та нар бод доо. Миний хүү зайран. Тэр манай хадмын онгодуудыг буулгадаг. Тэгэхээр миний нөхөр, хүүхдүүд маань санаа зовох зүйл үгүй. Тэд аймаар Догшин ширүүн, өөрийн үрсдээ дэндүү хайртай. Манай үеэл дүү охинд Миний ээжийн талын Хатдын удам аль жилийн өмнө боссон. Тэнд ямар хатад байдаг гэж санана. Түүх мэддэг хүмүүс тэр хатдыг сонсвол өөрийн эрхгүй л сөгдөх тийм өндөр дээд угсаа. Би тэдний цусан төрөл, хайртай охин нь мөнөөс мөн. Тэд намайг, дүү нартай минь хамгаалаад л, тэгшлээд л аваад явчихна. Гэтэл манай аавын талынхан бол одоо ч нэг ч хүн намайг улаач боллоо, яав ийв гээд утсаар ч асуучих хүн үгүй. Тэд бүгд миний аавыг эцэг өөр учир бидэнд падлийгүй гэж ичих ч үгүй хэлж чадсан аавын минь төрсөн ах, дүү нар. Аавын ээжийн талынхан бол бидэнд түй хамаагүй гээд ирээгүй.
Тэгсэн ч би зөвхөн аавынхаа төлөө л улаач болсон. Миний аав л бууж, цай уун, охидтойгоо ярин, сэтгэл нь амарвал болоо л гэж бодсон. Аавыг минь амьдад хамгийн сайн хүн гэж шагширдаг байсан тэд үхэнгүүт л бүр ургаасаа хүртэл нэрийг нь авч хаян тоогоогүй тэр хүмүүстэй би дахин уулзахгүй нь тодорхой. Ийм байтал Чингис хаан тэр удамд бууна гэж үү??? Үүнийг тоохгүй надад буугаад толгой онго хийнэ гэдэг ганц бид хэдэн ядарсан охид биш, тэр отог овог ч биш, Монголынхоо төлөө, Дэлхий ээжийн төлөө бууж байгаа нь тов тодорхой.
Би тэдэнд ойлгуулах гээд ядаад, ирээд аавд минь хүндлэл үзүүлээч гээд гуйгаад ядсан. Ийм хүмүүсийн төлөө би:
“Монголчуудаа Чингис хаан ганцаараа бүх дэлхийг эзлээгүй, ганцаараа амжилтанд хүрээгүй та нарын өндөр дээд элэнц, хуланц өвөг дээдчүүдтэй эв хүчээ нэгтгэн, тэд нарын дэмжлэгтэйгээр Монгол улсаа мандуулсан. Тэр одоо ч ганцаараа л удам угсаандаа ирчихээд үг хэлж бичүүлээд, эрхэлж тунирхаад байгаа биш. Та нарын өвөг дээдсүүд чинь амьд шүү, та нарыг хардаг шүү, үнэн шүү, ухаараачээ. Өвөг дээдсүүдээ баярлуулаач, өөдтэй золбоотой, хийморьтой амьдарцгаая, үлгэр жишээ үзүүлж, дэлхийд ухаанаараа, чадлаараа, ажлаараа гайхагдацгаая”
гэж уриалан бууж ирээд та нарт хандаад хэлээд байгааг анзаарна уу!!!
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.