Monday, March 24, 2014

Суу Чи Кил хатан: Модны тухай асуулт хариулт

Өргөөнд тавьсан Мууг Хэрхэн тэвчдэг вэ? асуултанд идэвхитэй оролцон шалгарсан Маяа, Ихэр Луу, Тамир нартаа Суу Чи Кил хатан уулзах эрх өгснийг та бүхэн санаж байгаа бизээ. Тэдний уулзалтын сүүлийн хэсэг нь модны асуудал байсан юм. Үүнийг бас хуулж тавилаа.

Модны тухай асуулт, хариулт

МАЯА: Модны тухай асуух гэсэн юм. Балчир нь андуудтайгаа нийлээд Зүрх Хайрханы зүүн хэсэгт модыг нь аваад хожуул болгочихсон хэсэгт дахин ойтой болгох гэсэн юм. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хожуул нь хэзээ холцорсон юм бэ? Хожуул нь үхэжчихсэн юм уу? 
МАЯА: Холцроод олон жил болж байгаа. Зарим нь үхэжсэн, зарим үхжээгүй. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Үхжээгүйдээ мөчир суулгаж ургуулах арга байна уу? Энд ийм Монгол арга байна. Хэрэв чи хожуул болгож модыг тайрах гэж байвал 4 талд нь холтсыг нь цуулаад, энэ модноос унасан жижигхэн мөчрийг, тэр цуурхай дээрээ бариад боочихдог юм. Энэ мөчир нь 3 төө хэмжээтэй байх ёстой. Ингээд 4 талд нь, сэтэлсэн талдаа бариад боочихно. Тэгэхлээр энэ 4-өөс дор хаяж 2 нь ургаж, 2 салаа мод болж ургана. Энэ ой дотор 2 салаа мод жоохон хожуултай байгаад байдаг шүү дээ. Учир нь энэ шүү дээ. 
АЯНГАТ: Юугаар боох вэ? Даавуугаар боочихдог юм үү? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгдэг. Зөөлөн, чийгтэй бөсөөр боочихдог юм. Тэгээд дараа нь ирэхдээ бөсөө аваад хаячихна, мод нь цаашаа ургах чадамжтай болно. 
АЯНГАТ: Мөчрөө зүсэх үү? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Мөчрийг хуулаад авахад яр гардаг шүү дээ, тэр хэсгээр нь харуулаад наагаад боочихдог юм. 
МАЯА: Тэгэхлээр өөр модны мөчир ингэж нааж болох уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Ер нь бол бүүр эхний, тайрч хаяхдаа л ийм зүйлийг сурчихсан нь зүгээр. Тэгвэл үрсэлгээ хийж, мод тарихаас хялбар байдаг юм. Угаасаа ингээд тайраад унагаачихаар, галд хэрэглэгддэггүй жижиг мөчрүүд хаягддаг биз дээ. Тэрнээс нь аваад хожуулаа сэтлээд тойруулаад залгаад холбоод боочихно. Ургана уу, байна уу ер хамаагүй. Дийлэнхдээ ургадаг юм. Том хожуул бол 9 мөчир сэтлээд наачихсан үед ургаж л таарна. 
ИХЭР ЛУУ: Хожуулныхаа дээд талыг хаах уу, будгаар будах ч юм уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тийм. Чийгийг нь гаргах хэрэггүй. Давирхайг нь түрхэх ч юм уу. Өөрийнх нь бохинд наалдсан давирхай байдаг даа. Тэрийг нь чийгийг нь гаргахгүйн тулд өнгөн хэсэгт нь наачихна. Энэ өөрөө залгаас мөчир лүүгээ чийг өгч, тэгээд ургах чадамжтай болгоно. Ядаж ингэвэл 10 хожуулаас 1 нь модтойгоо үлдэнэ. Хэрэв зөв боолт хийж чадвал 10-уулаа дахин мод болж ургана.
МАЯА: Хожуулаа модоо гэмтээхгүй холцолно гэдэг асуудал байна. Холтосыг нь хуулж байгаад хийх үү, цавчих уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Цавчина. Тэгээд мөчрөө хуулж авсан талаар нь цааш нь харуулаад цавчсан руугаа хийгээд, илүү зай байвал бохиор нь таглачихна. Та нар гэртээ туршаад үз. Усан цэцэг гээд байдаг даа, тэрэн дээр туршаад үз. Мод шиг цавчиж хаяад нэг хэсэгт нь жижигхэн мод тавиад үз. 
МАЯА: одооны тохиолдолд яах вэ? Модоо унагаагаад 10, түүнээс олон жил болчихсон үед. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Манах аргаар. Энэ бол угаасаа огтолж хаях тохиолдолд хийнэ. Шатаад бүүр арга үгүй болчихсон үед бүгдийг нь хожуулдчихна. Энэ дор битүү үндсэн зангилаа байдаг тул бүх хожуулуудыг авч хаяж, дахин сэргээн суулгадаг юм. Хэрвээ хожуулыг авахгүй, манах аргаар хийнэ хэмээвэл тойруулаад эхлээд бут тарчихна. Хожуулаа манаад. Эхлээд сууриас нь тарих нь байна шүү дээ. Аанай энэ бут ургаад, өндийгөөд ирэхийн цагт төв рүү нь модоо тарьж эхлэнэ. Энэ нь усан солилцоог тэнцүүлж байгаа юм. Тэр хугацаанд хожуулнууд бүгд үхжээд, газар байгаа үндэснүүд шимэгдэж байдаг юм. Тэгэхлээр энэ манаагаа хийснийхээ дараа төв рүү нь мод тарина. Ийм арга байдаг. 
МАЯА: Тойруулаад тарих мод нь заавал бутлаг ургамал байх уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Бутлаг байна. 
МАЯА: Тэгэхлээр уулын дээр, хяр дээр бутлаг ургамал хэр ургах бол? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Уулын өндөр рүү эхлэж тарихгүй, бэлээс нь тарьдаг юм. Уул тэр чигтээ ойд түймэрдээд ямар ч модгүй, халцгай болчихжээ. Тэнд арчилгаа тавиагүйн улмаас олон жил хөрсний хэм нь алдагдаж, нар, салхинд навчин сүүдэрт байх бор хөрснүүд ялзарчихаж. Тэгвэл эхлээд цагаан будааны хөгцөөр бүх талбайгаа усладаг. Цагаан будааг агшаагаад саванд хийгээд хадгалчихвал бүгдээрээ хөгцөрчихдөг юм. Тэрийгээ усандаа хольчихдог юм. Тэгээд талбайгаа эхлээд усалчихаад 7 гарагийн дараа мод тарина. Тэгвэл тэнд мод ургамал сайн ургадаг юм. 
Хяраас нь авахуулаад дээш өгсүүлж модоо тарина. Эхлээд шар усны үер буудаг, оргилоосоо ус орж ирдэг, тэр хярыг нь эхлээд моджуулах хэрэгтэй. Тэгвэл уулнаасаа устай, цаашаа модод нь өөрөө усалгаагаа аваад явах боломжтой болж ирнэ. Тэгэхлээр амдуу газар нь тарих нь байна шүү дээ. Эхлээд ургамлаа тарина. Тэнд нь дундаж өндөр сөөг бутуудыг эхлэж тарьдаг. Угаасаа амдуу газар салхи байхгүй учраас сайн ургадаг юм. 
Дараа нь тэрнийгээ тойруулаад навчлаг ургамал тарина. Сөөгөө тойруулаад. Эхлээд энэ жаахан хонхордуу газар нь сөөгөө тарьчихлаа. Дараа жил нь энэ нь дасаад ирээд, ургаад навчилсан үед нь навчтай ургамал тарина. 
АЯНГАТ: Навчит ургамал гэхээр ямар ургамал байх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Цагаан хус. Хус бол хурдан ургаж, ойг төлжүүлдэг. Нөгөөтэйгүүр шилмүүст ойг иддэг. Тиймээс хөрсийг цэвэрлэчихээд хусыг цэвэрлэж авдаг юм. Хус ургаад 3 жил болсны дараагаар шилмүүст ойгоо тарьдаг юм. Энэ нь гэзгээ хаядаг шилмүүст моднууд байж болно. Тэрийгээ 3 жилийн дараа навчит модоо тойруулаад тарьчихна. Одоо та нар уулыг харах юм бол ийм байдаг. Эхлээд бут, дараад нь цагаан моднууд, тэгээд шилмүүст моднууд, сүүлд нь ерөөсөө навчаа гөвдөггүй том моднууд ургадаг. Навчаа гөвдөггүй том моднуудыг шилмүүст модоо тарьснаас дахиад 3 жилийн дараа тарина. Ингэснээр 400 жил энэ мод үхэхгүй. Услахгүйгээр үхэхгүй. Ингэж ойг бүхэлд нь бий болгодог юм. Ойн тариалалт шүү дээ.
МАЯА: Та бүхэн бас ингэж ойг бий болгож байсан уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Чи ийм мод хаана байна, тэр болгонд бид мод тарьж байсан. 
МАЯА: Тэгэхлээр огт модгүй байсан газарт ч гэсэн ийм ой бий болгож болохнээ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хангайн бүс чинь анх ойгүй байсан шүү. Хангайн бүсэд ойжуулах гэж, бэлчээрээ хамгаалах гэж нилээд олон ойг тарьсан. Гэнэт ганц ойтой уул байгаа биз дээ. Зүв зүгээр явж байснаа. Тэгээд та нар очоод насжилтийг нь үзэх юм бол 400, 500 жилийн настай, залуу ой, залуу ой гээд байгаагийн учир шүү дээ. Бидэнд бэлчээрийн асар хүчтэй тахал болж байсан. Одоогийн 14, 13 дугаар зуун гэдэг цагт чинь. Тэр үед бид нар бэлчээрээ арьчилахын тулд нэг модтой ой, олон модны хосолмол ой, нэг уулыг ойжуулан, эргэн тойрны бэлчээрээ манах зэрэг ажлуудыг хийж байсан юм. 
МАЯА: Мэргэжилтэнгүүд огт модгүй газар мод ерөөсөө ургахгүй гэдэг. Мөн олон янзын арга хэлдэг. Жишээ нь, зарим нь хожуултай газар хожуулыг нөмөрлүүлээд, хожуулаараа хамгаалуулаад жижигхэн суулгац суулгадаг гэж байхад, зарим нь хожуулыг нь бүгдийг хамж цэвэрлэх ёстой гэдэг. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хуучин хожуул бол өмрөөд унадаг юм. Шинэ хожуулын дэргэд нөмөрлөдөггүй. Олон жил өмөрсөн хожуулыг л нөмөрлөж нялх модыг ургуулдаг. Өөрөөр хэлбэл нялх мод нь том хожуулаа идэх боломжтой үед. Шинэ хожуул бол өт, хорхой, мөөгөнд идэгдээд дэргэдээ байгаа модоо устгаад байдаг. Дор хаяж хожуулыг 5 жил үжрүүлэх хэрэгтэй. 
АЯНГАТ: Үжирсэн хожуулаа авч хаяж байж тарих юм уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Үжирсэн хожуул бол хажууд нөмөрлүүлж тарьж болно. Үжрээгүй шинэ хожуулыг авч хаяж байж тарина. Үжирсэн гэдэг нь хатсан гэсэн үг. Мөөг ургамал ургах боломжгүй болсон гэсэн үг. Тэрийг нь жижиг мод нь үндсийг нь ялзлаад явчих боломжтой болсон байдаг. Мөн хожуулуудыг хурдан үжрүүлэх арга байна. Хурдан мөөгжүүлэх. Норгосон бөсөөр боогоод ойр ойрхон норгоод байвал хожуул хурдан үжирдэг. Гэхдээ тэгэж арчилдаг хүн байхгүй биз. 
Бид чинь бол малчин хүмүүс, тийм үү. Тиймээс ой модоо тэгэж хамгаалах боломж төгөлдөр байсан. Аанай хойд энгэрийг мод энэ тэрийн өтөнд идэгдээд бусаддаа хор болох гээд байгаа модыг таньж, галддаг байсан гэхээс шинэ залуу модыг галддаггүй журамтай байсан ардууд шүү. Модоо хүртэл бэлтгэхдээ шинэ, хөгшин модоор нь ялгана. Хөгшин мод ч гэсэн идэр, жавхаатай байвал галдахгүй. Өтөнд баригдсаныг нь л галдана гэх зэрэгтэй. Тэгэхлээр тоншуул, хөхөөг бараадаж явдаг юм. Тоншуул, хөхөө ихээр үүрлэсэн мод байх л юм бол тэр ойд аюултай мод. Тоншуул, хөхөө угаасаа энэ жил үүрлээд дараа жил нь хаячихдаг. Нэг үүрэндээ олон суудаггүй шувуу. Хөндийлөөд хөндийлөөд дотор нь ороод суучихдаг. Тэгээд дараа жил ирэхэд тэр бол бүүр үхэжчихсэн, дотроо эмгэрчихсэн, навчис нь гөвөрчихсөн мод байдаг юм. Жаахан хэдэн сул навч л ургаад, амьтай голтой юм л гозойж байдаг шүү дээ.

ИХЭР ЛУУ: Хадаг уячихсан моднуудыг яах вэ? Тэр чигт нь орхих уу, хадгийг нь авах уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Боомилогдсон гэсэн үг. Хадгийг нь аваад шархан дээр нь сайхан будаг түрхээд өгөхөөс өөр арга байхгүй. Будахгүй бол өт барина. Угаасаа өт барьчихсан ч байдаг. Өт барьчихсан байх юм бол хороор цэвэрлэчихээд, будаг түрхэчихнэ. Аанай тэгээд цаашаа ургаад явчихна. Гэхдээ тэр шарх хэзээ ч эдгэхгүй.
МАЯА: Моднуудыг бутлаг ургамлаасаа эхлээд тарихдаа арчилгаа нь ямар байх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Ер нь байгальд нь даатгаад арчилгаа үгүй байлгахын тулд л амнаас нь эхлэж тариад байгаа юм шүү дээ. Яахав эхний 3 жилдээ л усалгаатай байдаг юм. 
ИХЭР ЛУУ: Хадагтай моднуудын хадгийг энгийн бид очоод авчихаж болох болов уу? Зарим хүмүүс хамаагүй авч болохгүй гэдэг. Заавал бөө, эсвэл лам хүмүүс авдаг гээд байх юм. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Чи тэгээд энгийн юм уу? 
ИХЭР ЛУУ: Би заримдаа авчихдаг юм. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгээд ерөөл уншчихаж бай. Дараа нь харин гараа ариулж бай. Хуучин бол бид нар хиргисүүртэй модыг хадагладаг байсан. Модны дор хүн оршуулахад. Хүн өөдлөнөө дөө, ой дотор тэр хүнд зориулж одоогийн хэвтэх орон тавьж өгдөг юм. Тэгээд дээр нь мод тарьчихдаг юм. Тэгвэл тэр хүний илжрэл нь хурдан. Сайн, муу сүнс нь модон хэмээр засарна. Тэрийгээ бусдад таниулж тэмдэг тавьж хадагладаг. Энэ бол сүх хүргэж болохгүй мод шүү. Хиргисүүртэй, хүний сүнс дэгдээж байгаа мод шүү гэж. 
МАЯА: Уулын ам биш, талархаг тэгшхэн газар байдаг шүү дээ. Тийм газар мод тарихдаа ямар аргаар тарих вэ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Харьцангуйгаар тийм газар мод ургах боломжгүй. Заавал уул нөмөрлүүлж тарьдаг. 
МАЯА: Тэгэхдээ уулын ард ихэнхидээ мод байдаг. Урд нь бол ургахгүй байгаад байна уу, тийм үү? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Уулын арыг нь эхлэж ойжуулчихаад урагш нь давуулж тарина уу гэхээс биш боломжгүй. Чи нутгаа судал. 
МАЯА: Ой мод өөрөө урагш давж ургана гэж байх уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Байна. Гэхдээ тэрэнд заавал хүний хүч хэрэг болдог. 
ИХЭР ЛУУ: Үрээрээ тарчихдаг уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Үр нь тарсан ч тэнд чийг буухгүй бол нэмэргүй. Тиймээс жаахан хөгцөөр үрийг нь дэмнээд өгдөг юм. 
МАЯА: Тэгэхлээр уулын ард ой мод их байна гэдэг нь уулын ар талыг нар хурцаар шараад байхгүй, харьцангуй чийгтэй, чийг нь хадгалагдах боломж өндөр байна уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тийм. Чийгээ хадгална. Эхлээд аманд нь тарьдагийн учир чинь аманд нь ирдэг чийгийг хуримтлуулах гээд байгаа юм шүү дээ. 
МАЯА: Уулын арын хяр маягийн тэгшдүү газар байдаг шүү дээ. Тэнд мод ургах уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хөлөржүүлж байгаад тарьчихдаг юм. Гэзгээ хаядаг ургамлын шилмүүснүүд унаад нийлэхээрээ хөлөр болдог юм. Тэрийг зөөж тавиад хэдэн жил усалж байгаад ерөөсөө чийг нь арилдаггүй чийгтэй хөрсийг бий болгодог. Тэгээд мод тарина. 
МАЯА: Чацарганыг тарихад бас арай ондоо байх уу? Бид одоо ямар ч модгүй газар шууд нүх ухаад л тарьдаг? Үндэстэй модоо авчирч суулгаад усалдаг. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Усалгаатай бол ямар ч учиггүй. Усалгаа байхгүй, байгалиар нь зөнд нь хаях гэж байгаа үед бодолтой хийдэг юм. 
ИХЭР ЛУУ: Чацаргана гэдэг модыг хаана тарьсан болох уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хаана ч тарьж болно. Гэхдээ услаж байх хэрэгтэй. Чи зөргөөрөө байгальдаа үлдэх ой тарих уу? Чамайг үхэхэд усалгаа нэхээд бас хамт үхэх ой тарих уу гэдэг чинь чухал. Тэгэхлээр хамгийн гол нь биднийг үхэхэд энэ ой байгаасай гэсэн хүсэлтэй тарьдаг. Ус, агаар нэхээд байхгүй, өөрөө ургахыг зохицолдуулж тарьдаг юм. 
МАЯА: Хөлөржүүлэхийг хэдэн жил хийж байгаад модоо тарих вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Нэг жил хөлөржүүлнэ. Элс, хөлөр гээд ус. Элс бол хурдан аваад шингээнэ. Элсэн давхарга тавиад дээр нь хөлрөөр хуччихдаг юм. Хөлөр бол чийгийг хурдан доошоо нэвчүүлэх хэрнээ дээш нь сарниахыг багасгадаг. Тиймээс нэгэн жил тэгчихээд ургамал тарьвал өөрөө ургах шинжтэй ургамал бий болно. Усалгаа багатай байдаг юм. Чи нэгэнтээ ихээр услахад нөгөө ус чинь маш бага ууршдаг тул дахин дахин ойрхон ирж услах шаардлагагүй болно. 
Зүгээр мөчир үндэслүүлээд газар булахыг мод тарина гэж хэлэхгүй. 
Хамгийн эхлээд гол дагуулж мод тарьж сурдаг юм. Өөрөөр хэлбэл бургас тарьж сур. 3-хан жилийн дотор чиний тарьсан үр дүнг илэрхийлдэг юм. Тэгэхлээр бургасаа сайн тарьчихсан үед ойр орчмынх нь уул руу мод тарих боломж олдоно. Газрын суваг нээгддэг юм. Гол урсаж байнаа, алцгай байвал газрын судал байдаггүй. Бургас тариад, бургасыг холдуулах тусам бургасны үндэсний завсраар нарийн урсац голууд урсах боломжтой болдог юм. Бургасыг тарихад бургасны үндэс усыг хэдэн тал руу нь сойж татдаг юм. Мөн усыг тунгалаг байлгадаг юм. Усыг цэвэрлэж, усанд байгаа бохирыг шүүж байдаг юм. Чингэчихээд хамгийн ойрхон ууланд нь бутаа тарьж эхлэнэ. Бут бол бургас уул хоёрын хооронд сүлжээ бий болгож, газрын зангилааг бий болгодог юм. Өөрөөр хэлбэл энэ уул руу голын ус авирахыг шийдэж байгаа юм. За тэгээд энэ ам нь бутлаг ургамлаар дүүрээд ирэхээр, навчлаг ургамлаа бутаа тойруулаад тарьчихна. 
МАЯА: Цагаан хус? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Цагаан хус. Хурдан ургадаг юм. Арчилгаа багатай шүү дээ. Бие муутай л мод болохоос биш. Тэгэхлээр энэ нь уулаар ус дээшээ өгсөөд явуулахад л туслаад байгаа юм шүү дээ. За тэгээд дараа нь шилмүүст мод тарьвал энэ ууланд ус түгжээд унана. Үндсэндээ ус барьчихдаг юм. Сүүлд нь энэ том, том, биерхүү моднуудыг орой хүртэл нь тарина. Тэгэхлээр энэ уул усны нөөц газар болж байна. Ингэснээр хэдэн мянган жил болсон ч усны нөөцөө алдахгүй, модоо ургуулах чадвартай байгаад байна. Аанай хур бороогоор орсон ус чиг энэ ууланд түгжигдээд байх нь байна шүү дээ. 
АЯНГАТ: Тэгвэл Зүрх Хайрхан уулыг усны нөөц уул болгохын тулд доороос нь эхлэх нь байна шүү дээ. Голоос нь эхлэх нь. Тэгэхлээр Туул гол Зүрх Хайрханд ойр, уул руугаа дамжих боломжтой. Одоо бургасыг нь аваад шатаагаад байдаг. Тэгэхлээр бургас ихээр тарих ёстой. Аль болохоор энэ уул руугаа бургас тарих нь ээ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Аль болох уул руугаа дөхүүлээд бургасаа тарина. Бургас тарих боломжгүй хэт хол болоод ирэхээр бутаа тариад явчихна. 
АЯНГАТ: Дандаа доороос нь дээш явах нь. Бут ургаад болоод ирэнгүүт дээшээгээ хусаа тарих нь байна шүү дээ. Тэгээд шилмүүст гэдэг чинь самрын мод байх нь уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хуш, улиас. Нарс, хар мод хамгийн дээр нь. 
АЯНГАТ: Нарс, хар модыг холиод тарих уу, дангаар нь тарих уу? Зааг хязгаар нь ямар байх уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Нэгээр нь дагнана. Хуш тарих гэж байгаа бол хус тарина. Улиас тарих гэж байгаа бол хөвөнтэй мод тарина. 
АЯНГАТ: Бургас тариад, бут тариад, хуш тарих юм бол хус тарих нь. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хушаа тарьчихвал хар мод тарина. Энэ чинь хамаарлын хууль шүү дээ. 
АЯНГАТ: Хэрвээ нарс тарих гэж байгаа бол хусны оронд өөр мод байх нь ээ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Нарс таривал гацуур тарина. Тэгээд доод сууринд хусны оронд улиас тарина. 
АЯНГАТ: Ямар мод тарихаасаа шалтгаалах нь. Тэгэхдээ усны нөөц газар болгох гэж байгаа бол хар мод тарьсан нь дээр байх. Нарсыг хүн маш их авдаг. Гацуурыг нь бас авна. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Хусыг нь цоолоод шүүсийг нь гаргаад байвал хурдтай ургаж чадахгүй шүү. 
АЯНГАТ: Тэгвэл хусыг ихээр тарих хэрэгтэй юм байна. Бутан дотроо хамааралтай ямар бут байх вэ? Бас 2 хуваагдах уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгнээ. Чулуутай газар байна уу, чулуугүй газар байна уу гэдгээсээ хамаарна. Чулуутай газар байх юм бол бөөрөлзгөнө, үхрийн нүд гэх мэт жимслэг бут, чулуугүй газар байх юм бол өргөслөг бутнууд, нохойн хошуу, зангилаа, шар зангилаа гээд. 
АЯНГАТ: Жимслэгийг нь тарьчихвал хусаа тарьж болох уу? Хус тарих бол ямар бут байх вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Аль нь ч байж болно. Газраасаа хамаарч бутаа 2 хувааж байгаа юм. Газраасаа хамаараад эхний довтолгоогоо хийж байгаа юм. 
АЯНГАТ: Тэгвэл бид нар эхлээд газраа ойлгоно. Юутай ч бургас гэдэг дээр анхаарч, маш их бургас тарих нь ээ? 
МАЯА: Бургасаа тариад хэдэн жилийн дараа бутаа тарьж эхлэх вэ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 3 жил. Бургас тариад 3 жил. Гэхдээ хамт тарьчихаж ч болно. Тэгэхдээ хамт тарих юм бол усалгаа шаардлагатай. 
АЯНГАТ: Бургасаа тарихдаа хоорондох алхамыг нь 3 метрээр бодож тарих уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 3 их алхамаар бодож тарина. 
АЯНГАТ: Тэгэхлээр ингэж л тарихгүй бол одоогийнхоор тарьвал балархаар байгаа биз дээ. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгэхлээр ойтой болъё л гэж бодож байгаа бол хууль нь энэ байна. 
АЯНГАТ: Тэгэхлээр хуулийн дагуу явж үзэх хэрэгтэй байна. Зүрх Хайрханы мод тэр чигтээ дээд тал нь таслагдчихсан. Тэгэхлээр ар талаас нь эхлэж явах ёстой. Шууд зүүн урд талаас нь гэхлээр маш олон айлууд буучихсан, цаанаасаа замтай, хүн их явдаг. Тэгэхлээр боломж бага. Ар талаас нь тарьвал голтой, араасаа бас өндөр байдаг. Зүрх Хайрханы ар талд чацарганы 1000 суулгац тарьж байсан. Ийшээ өгсүүлэх хэрэгтэй юм байна. 1000 суулгац нь сайн ургахгүй байгаа юм. Тэгэхлээр энэ хүртэл нь бургас бий болгох хэрэгтэй юм байна. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Бургас чинь газрын хөрсний завсраар усны урсгал бий болгоод байдаг юм. Нэг бургас ургаад дуусвал дараагийнхаа бургас руу усаа явуулдаг, усны газрын гүйдэл юм шүү дээ. 
МАЯА: Тэгэхлээр бид модоо тарихдаа хэдэн настай суулгац суулгах вэ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 1 настай. 
МАЯА: Тэгэхлээр одоогийнхоос шал ондоо болчихлоо. Одоо бол 1 настай нь ургаж чадахгүй 3 настай байх ёстой гэдэг. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 3 настай бол гөжирчихсөн байдаг юм. Бүх суулгац нь 1 юм уу, 2 настай байна. 
АЯНГАТ: Тэгэхлээр бид нар Өргөөгөөрөө бургас тарьж, төслөө өөрөөр бичих нь байна. Тэгэхлээр энэ бүхнийхээ гаргалгааг сайн гаргаж байж хүмүүст ойлгуулах нь. Тэгэхгүй бол мэргэжилтнүүд дундуур нь ороод таслаад хаячихдаг. 
МАЯА: Бургасны тухайд орчин үед маш хурдан ургадаг бургасны төрлийн модыг гадаадаас авчирч суулгаад байгаа. Энэ байж болох уу?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Газрын ус татаж чадах нь уу, үгүй юу гэдгээс л хамаарна. Зүгээр өөрөө ургаад, газрын чийг сороод байдаг ургамал бол дэмий. Газартаа гагнаас хийдэг хийдэг ургамлаа л маш сайн анзаарах хэрэгтэй юм шүү дээ. 
МАЯА: Тэгэхлээр газрын хөрсний усыг маш сайн татаж байгаа, үгүйг ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Ингээд ухаад үзэхгүй. Чи услахгүй нэг сар явчихаад газрыг нь ухаад үз. Бургасны ёроолд үргэлж чийгтэй хар хөрс байдаг юм. Монгол бургас шүү. 
АЯНГАТ: Монгол бургас нь дээр юм байна. Тэр гадаадын бургас нь өөрөө ургаад байдаг юм, маш хурдан. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Газрын гагнаас задалж өөрөө ургаад байдаг ургамал байдаг. Шарилж шиг шүү дээ. Тэгэхлээр тэр чинь юун газар усыг бий болгох. Хамаг модыг хатаагаад дуусна шүү дээ. 
МАЯА: Тэгвэл Туул голоор тэр бургасыг тариад байгаа шүү дээ. 
АЯНГАТ: Тэрнийхээ мөн чанарыг олох хэрэгтэй юм байна. Генийн өөрчлөлттэй юм байна уу. Мэргэжилтнүүдээр нь шинжүүлэх гэх мэт. Наадахыгаа илчлэх хэрэгтэй. Гаднаас орж ирж бизнес болгоод байна. Маш хурдан ургадаг, 3 сарын дотор маш өндөр болдог болохоор нь би гайхаад байдаг юм. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Усан ургамлууд байдаг даа. Дотроо маш их хэмжээний ус түгжээд, газрын хөрсийг хуурайлаад байдаг. Тийм ургамлууд бол хурдтай ургадаг нь үнэн. Монголд бол тийм ургамлыг төдийлөн тарьдаггүй. Харин илүү хөрсөндөө усаа оршоохын тулд шүү. Яагаад гэвэл бид чинь тэрнийг байнга усалж байж чаддаггүй. Хийгээд хаячихдаг. Тэр үед өөрөө газрын гагнаасаа хийгээд тэсвэрлээд байж чаддаг ургамал байх хэрэгтэй юм. Тиймээс Монголд гол дагаж ургадаг олон бургасны төрөл байна шүү дээ.
ИХЭР ЛУУ: Манай шугуйн бургас хүмүүс авсаар байгаад бараг байхгүй болж байна. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгэхлээр чи тэндээсээ нэг мөчир аваад үрслүүлчих. Шинээр суулгац тариад байхад хүн баясна шүү дээ. 
АЯНГАТ: Бургасаа тарихад эр эм гэж байх уу. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Холиод тарина. 
АЯНГАТ: Эгнээ хоорондоо их 3 алхам, мөр хоорондоо бас адилхан уу. Тэгээд бургас өөрөө ургаад ирэхээрээ дундуураа гараад ирдэг шүү дээ. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгдэг. 
АЯНГАТ: Усалгаа, арчилгаа эхний ээлжинд ямар байх вэ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Бургасыг услаж яах гээв? Зөв тарьж чадвал голоосоо өөрийгөө услаад ургачихдаг. Тарьсан өдрөө услаад л тэрнээс цаашаа хаяна шүү дээ. 
АЯНГАТ: Зөв тарихад юу анхаарах вэ? Бид нар энэ жил бургаснаас эхлэе гэж бодож байна. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Бургасыг эхлээд үндэслүүлээд үзчих. 
ИХЭР ЛУУ: Далий хайчилж аваад усанд үндэслүүлэх үү? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэгнэ. Усанд үндэслүүлнэ. 
ИХЭР ЛУУ: Газраа ухчихаад янз бүрийн юм хийх үү? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Жоохон модны холтос, нүүрсний хог, нутгийн шороог шим шороотой нийлүүлээд. 
АЯНГАТ: Алмаз хийх үү? Хэхэ 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Алмаз хийх боломж нь байвал 1 ширхэгийг хийнэ дээ. Алмазыг орлуулж нүүрсийг хийгээд байгаа юм. Хөө хийж болно. 
АЯНГАТ: Хэр хэмжээтэй хийх вэ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: 1 хүрзний хэмжээтэй. Нүүрсний хог. Хөөний хог байж болно. Тэр нь модны ёроолд байвал маш хурдан ургуулна. Модны холтос нь хөрсийг нь сийрүүлж өгч байгаа юм. 
АЯНГАТ: Нүүрсний хог нь ямар учиртай вэ? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тэжээл болж, бас тэр газарт дасан зохицох чадамжийг нь бий болгож, өвөл үндсийг нь хөлдөхөөс хамгаалж байгаа юм. Тэгэхлээр арай жоохон их байх ёстой, 1 хүрз. 3 настай суулгацыг бас ингэж тарьж болно. 3 настай бол амь бөхтэй болно. Орох нүүрсний хэмжээ их болно. 
АЯНГАТ: Нүхийг нь хэр гүн ухах вэ?
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Нэг өвдөг. 
АЯНГАТ: Алхам нь хол юм чинь нүхийг нь бөөрөнхийлж ухсан нь дээр юм байна. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Голын яг эргээр, үерлэвэл яг тэр гол руу орохоор эхлээд бургасаа тарьдаг. Дараа нь алхамлуулаад явчихна. Үерлэвэл бургасны нүх хооронд ус дамжих холбоос хийчихдэг юм. Эхний бут руу ороод ирэхэд бусад тогоо руу нь ус дамжаад орохоор хийнэ гэсэн үг. 
МАЯА: Үерлэвэл бургасыг нь хамаад аваад явчихгүй юу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Давалгаалж орохгүйн тул тойрог нүх ухдаг юм. Тэр нь хүчтэй давалгааг саринуулдаг юм. Тэгээд хооронд нь холбоод жижигхэн шуудуу ухчихдаг юм. Тэгээд ус ороход бие бие рүүгээ усаа сарниагаад сарниж байхаар. Холбоод, холбоод орхичихдог шүү дээ. 
АЯНГАТ: Газраа үзэх хэрэгтэй юм байна. Нэг мэргэжилтэн хүүхэн над руу хандаж байсан. Тэрэнтэй холбож өгнө. Өөрөө мэргэжилтэн гэж цэцэрхэхгүй, тэр уулыг ойжуулах юмсан гэж хүссэн хүмүүсийг л нэгтгэнэ үү гэхээс биш зүгээр шоу болгох гэж байгаа бол мөнгөөр нь тоглоод л дуусна. 
МАЯА: Дараа нь тодруулаад асууна. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Эхлээд бургасаа яаж тарьдаг юм бэ гээд замбаар нь уншчихаад тэнд ойлгомжгүй юмнуудыг энэ нь зөв үү буруу юу гэж асууна. 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: За ингээд мордъё. 90 гарагийн дараа уулзъя. Та нар өргөө гэрийнхээ гадаа ч ургамал тарихдаа 1 хүрз нүүрс хийчихвэл өвөл үндэс нь хөлддөггүй юм. Үндэс нь хөлдөхгүй байвал дараа жил ургана гэсэн үг шүү дээ. 
МАЯА: Нэгэнт тарьсан модон дээрээ нүүрс хийж болох уу? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Үгүй. Хамтдаа хийх ёстой юм. Энэ чинь бас нэг хогны асуудлыг шийдэж байгаа биз дээ. Том том яндан, уур гаргаж маш их нүүрсний хог, хөөний хог гардаг биз дээ. Тэрийгээ ургамал болгож ав. 
Хамгийн чухал нь үндсээ манах л байдаг юм. Дээшээгээ хэр ургах нь хамаагүй. Үндсээ л сайн суулгачихвал болдог юм. Тиймээс л үндсээ хөлдөөхгүйн тулд хөө юмуу нүүрсээр маначихдаг юм. Тэгээд тэр нь салхинд хийсэмхий, хөнгөн чанартай учраас заавал доор нь, дотор нь хийдэг юм. 
АЯНГАТ: Элсний оронд модны холтос хийчихээд байна шүү дээ, тийм үү? 
СУУ ЧИ КИЛ ХАТАН ДЭЭДЭС: Тийм. Хөрөөний үртэс байдаг биз дээ. Тэд нар нь эхний жилдээ бол хөрс сийрэгжүүлэгч байдаг бол 2 дахь жилдээ ялзмаг болоод, 3 дахь жилдээ бордоо болчихдог юм. Өөрөө мод усалгаагүй ургахын цагт тэр нь хоол болоод явчихдаг юм. 
АЯНГАТ: За гялаалай.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.