Monday, March 24, 2014

Хоёругаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл.

Хоёругаар хэсэг. Мод тарих бөөгийн зан үйл.

АЯНГАТ: Та хэдэн насандаа угаа авч байсан бэ?
Модчин БуурЭЛ: 3-тайдаа.
АЯНГАТ: 3-хан настайдаа уу?
БуурЭЛ: Тийм.
АЯНГАТ: Пөөх ямар сонин юм.
БуурЭЛ: Наранд цохиулаад солиорсон юм. 
АЯНГАТ: Наранд цохиулаад солиороод тэгээд Онгод орсон юмуу?
БуурЭЛ: Тэгээд угаа авахгүй бол солио нь арилахгүй гээд угаа барьж байсан түүхтэй. 
АЯНГАТ: Тэгвэл та бүр багаасаа авсан байна шүү дээ. Тэгэхээр та дархад бөө байж ойн бөөгийн ...?

БуурЭЛ: 9 нас хүртлээ би бөөгийн ёсонд суралцаад 9 настайдаа лам багшид шавилсан. 21 настайдаа харлаж эхнэр хүүхэд аваад, 49 насандаа эхнэрээ алдаж, 50 насандаа хүүгээ хязгааргүй хугацаат цэргийн албанд өгч алдаад тэгээд босогч болсон доо. Надад үлдсэн амьдралдаа мод тарьж л амьдрах сонирхол байсан. 69 насандаа ноёноо дээрэмдээд толгойгоо авахуулсан. Энэ хугацаанд би 35 жилийг яг модтой нөхөрлөж амьдарсан байна лээ дээ. Ийм л нэг эцэг хүн байна даа. Хорвоо дээр ганцхан хүүтэй. Хүүг минь харин хязгааргүй цэрэгт томилоод амийг нь аваад явчихсан. 
АЯНГАТ: Хязгааргүй цэрэг гээд тэрэн рүү аваад явчихаад буцааж ирүүлэхгүй гэсэн үг үү? Тэнд л байж байдаг гэсэн үг юмуу. Хязгааргүй цэрэг гэдэг чинь?
БуурЭЛ: Хугацаагүй цэргийн алба шүү дээ, хязгааргүй.
АЯНГАТ: Тэрнийг хошуу ноён энэ тэр албаар аваад явчихдаг байсан юмуу?
БуурЭЛ: Тиймээ.
АЯНГАТ: Өг гээд л үү. Цэрэгтээ л байж байгаад нас барсан юм байна л даа хүү чинь тиймээ?
БуурЭЛ: Эхнэр минь бие муутай хүмүүн байсан учгаас нэг л хөвгүүн төрүүлж өгсөн. Тэгээд хүүгээ төрүүлснээсээ хойш олигтой бие нь тэнхрэхгүй байсаар байгаад намайг 49 хавартай болоход эхнэр минь 37 хавартайдаа өөдөлсөн юм. Залуу эхнэртэй хүн би. Магадгүй бага балчир эхнэртэй болсон миний буруу биз.
АЯНГАТ: Тэгэхдээ үгүй байхаа. Тэр чинь бага балчир гэхгүй шүү дээ. Өвчингүй байж болно шүү дээ, бага балчир байх тусмаа. Тэр ямар нэгэн л учир шалтгаан байсан юм байлгүй. Угаасаа л бие султай хүн байсан юмуу.
БуурЭЛ: Угаасаа л бие султай байсан. Харин өдий насалсанд нь эцэг эх нь ихэд гялайдаг шүү. Хүүхэд ч төрүүлэхээргүй бие муутай хүмүүн байсан гэдэг. Тэгэхэд надтай ханилан суугаад хүүхэд төрүүлсэнд нь ихэд гялайдаг билээ дээ хөөрхий. Түүнээс их бие муутай хүмүүн. Багын ужиг өвчтэй. За ийм нэг түүхтэй өвгөн байна даа. 
АЯНГАТ: За за ухаарч ойлголоо. Бид нар моднуудаа ямар ч байсан..
БуурЭЛ: Өлзийхүүгээ одооноос эхэлж бэлтгэж эхэл. 
АЯНГАТ: Хэд хоногийн дотор таны хэлснийг олон түмэнд бичиж сонордуулна. 
БуурЭЛ: Өнөө цагт Өлзийхүүг босгоход хүмүүнүүд дуртай байна уу, дургүй байна уу?
АЯНГАТ: Бид нар бол өөрсдөө дуртай байгаа. Хамгийн гол нь газрынх нь зөвшөөрлийг авах хэрэгтэй байна. Үүнийг хөөцөлдөх тусгай хүмүүсийг томилсон байгаа. Тэр хүмүүс маань шийд гаргаад хэлэх байх. 
БуурЭЛ: Тэгвэл тэгээд та нарын нэрээр тунхаглагдаж тарьж чадсан ч, тарьж чадаагүй ч нэг модны талбайтай болох нь байна шүү дээ. Тэгээд Өлзийхүүгээ босгочихвол онигоонд орохгүйн тулд хичээнгүйлэн тарих л болж дээ. Бөө нар гэсэн чинь бултаараа мод тарьж чадахгүй ямар бөө байдаг юм гэж хэлүүлэх вий дээ. Тийм мөн биз.
АЯНГАТ: Харин тийм. Бид өмнө нь мод тарьж байгаагүй туршлагагүй учраас та нараас л асууж байна.
БуурЭЛ: Энэ чинь бас та нарыг дөнгөлөх нэг арга байгаа биз дээ. Хариуцах эзэн байлгана гэдэг чинь ийм учиртай юм. Бусдаас хамгаална, эзнийг нь дөнгөлнө. 
АЯНГАТ: За одоо ойлголоо. Тэгээд бас нэг том үйл нь болохоор өргөөний нэг залуу маань олон улсын бөөгийн хуралд явах гэж байгаа юм. Тэгээд бөөгийн эдлэл хэрэглэл хуягны талаар олон улсын бөө сонирхдог хүмүүст Монгол бөөгийн талаар илтгэл тайлан үзүүлэх ёстой байгаа юм. Тэгээд түүн дээр буурлуудаас хүчин туслалцаа авах гэсэн юм. Монгол бөөгийн хуяг хувцас, эдлэл хэрэглэлийнх нь учир шалтгааныг олон орныхонд энэ чинь маш нарийн учир шалтгаантай юм байна, гүн ухаан нуугддаг юм байна гэдгийг л задалж өгсөн олны анхаарал татах гэсэн тийм хүсэлтэй байгаа юм. 
БуурЭЛ: Зургийг нь аваад ир. Өөрсдөө судлаад зураг бий болго. 
АЯНГАТ: Зурагнууд олж авах юм байна тиймээ. Бөөгийн зурагнууд уу. Бөөгийн хувцасны юу?
БуурЭЛ: Одоо үе, өнгөрсөн хиргисүүрээс олдсон үе гэх зэргээр өнө эртний түүхэнд үлдсэн зураглал гэх зэргээр. Тэгж байж судалгаа болно шүү дээ. Учир зүй, хэрхэн яаж үгээр тайлбарлахыг бид дэмнэж болно. Төрөлжүүл тэгээд түүнийгээ. 
АЯНГАТ: Орчин цагийн гэхээр бид нар өөрсдийнхөө хуяг хувцасыг болно тиймээ? 
БуурЭЛ: Өөрсдийнхөө отгоос гадна өрөөл бусдын отгийн зураг хөрөг. 
АЯНГАТ: За би тэгвэл хэлье. 
БуурЭЛ: Ямар, ямар нэршлийн дор ямар ямар хуягтнууд цугладгийг мэдэж ав. Чадна уу?
АЯНГАТ: Чадна. 
БуурЭЛ: Тэгж байж энэ чинь түмнээ дэлгэхэд нүүр улаймгүй болно шүү дээ. Нэг хүн ч сөргөлдөхөөргүй болно шүү дээ. Тэгэхгүй яг өөрсдийн жишгээр тайлбарлана гэвэл болохгүй. Ухав уу?
АЯНГАТ: Ухлаа ухлаа. За би тэгвэл үүнийг бэлдүүлье.
БуурЭЛ: Энэ ганц отог бишээ. Дор хаяж 5 отгийн тэргүүнээс энэ хуяг гэдгийн учир зүйгийн тухай лавлаж мэд. Бид бол нэг л отгийг төлөөлнө шүү дээ. Хичнээн олон Онгод байлаа чиг. Харьцуулах зүйлтэй байх хэрэгтэй. Бид дэлгэрэнгүй хичээнгүйлэн хэлж болно. Тэгэхэд дэргэдэх нэгэн хуягтангаасаа учир зүйг мэдэхгүй бол ялгаа харьцаа болоод ижилсэх шинжийг мэдэмгүй. Юмыг хийхдээ ингэж хийвэл чанартай бөгөөд төгөлдөр болно. 
АЯНГАТ: Тэгээд үүн дээр жишээлбэл бардаг ташуур гээд, хэнгэрэг хэц гээд энэ чинь хуягандаа орно шүү дээ тиймээ?
БуурЭЛ: Дэлгэрэнгүй тайлбарлуулж болно, хураангуй ч байж болно. Ямартай ч 5 харьцуулах зүйлтэй бай. 
АЯНГАТ: 5 харьцуулах зүйлээ гэрлийн өргөөнөөс дотроосоо авах юмуу, эсвэл өөр өөр газраас авах юмуу?
БуурЭЛ: Өөр өөр газраас. Гэрлийн өргөөнийхийг бол бид тайлбарлачихна. Бидний тайлбарыг ч дэлгэрэнгүй болгож болно. Өөр,өөр чансаатай улаачдын буурлуудаас. 
АЯНГАТ: Тэгэхээр гэрлийн өргөөнийхнийгөө бол бид нар яаж ийгээд асуугаад гаргачихна. 
БуурЭЛ: Тэгээд бүх улаачдад даатга, чадахаараа хариул гэж. 
АЯНГАТ: Бүх улаач нарт юу гэж даалгавар өгнө гэнээ.
БуурЭЛ: Хуяг хувцасаа, хэрэгсэл зэмсгээ бүрнээ тайлбарла гэж даалгавар өг. Ялангуяа энэ багш нарыг дайчлан ямар домог, ямар шүлэг байдаг, ямар магтаалтай, ямар бэлэгдэлтэй байдаг гэдгийг хэлүүл. 3 багштай гээ биз дээ. Үгүй тэгээд өргөө гэдэг нэрийг дэлхий дахинаа гаргах гэж байгаа үйлэнд нэгэн хуудсаар ч болтухай тусал гэж хэл. Тэгэмгүй бол багш байгаад яах юм. Үүнээс чинь ард нь балчрууд нь суралцана шүү дээ. Ухав уу.
АЯНГАТ: За. 
БуурЭЛ: Ялангуяа уралдаг нь илүү сайн тайлбарлах ёстой шүү. Ур хийц талаас нь тайлбарлан хэлэх ёстой. Ямар дэг ёсоор үг сонсох ёстой юм түүнийг нь дага тушаах биш. Өргөл барьцаа барьж очоод гуй. Ингэхэд л олноос хуралдсан 3 ондоо бөөгийн дэг жаяг гарч ирнэ. Аанай биднийх бас нэгэнтээ нэмэгдэнэ. Тэгэхэд эд чинь бүгдээрээ нийлээд нэг л судалгаа болно шүү дээ. Гэрлийн өргөө гэдэг нэг судалгаа энэ бол. Тэгэхэд цаана нь дахиад өөр бий болгох хэрэгтэй. Тэгвэл хэний ч өмнө нүүр бардам хэлэх өчих зүйлтэй. Улаач үрсүүд нь өөрсдийн хуяг хэцэндээ итгэл төгөлдөр болох, бүрнээ дэлгэгдэх үйл болж хайрлаж хүндэтгэж, хэрхэн яаж сэвтдэг сэвийг хэрхэн гаргадаг олон туршлага нэгдэж олон ёс харагдана. Энэ зөв, тэр буруу гэдэг үгс ч цөөрнө. Ухав уу.
АЯНГАТ: Ухлаа.
БуурЭЛ: Танай багшийн отгийг танай хүү төлөөлөөд хэлж чадна.
АЯНГАТ: Мэдэхгүй би бууралд нь хэлье. Хүүдээ хэлээд бууралдаа яриад буурлаасаа асуугаатахаа, ийм даалгавар өгсөн гээд тиймээ. Багшийн отгийнхон бол ерөнхийдөө дандаа бор шаргал өнгийн хуяг дээр босгодог юм. Харахаар бүгд ижилдүү байдаг юм. Босч байгаа хүмүүсийнх нь.
БуурЭЛ: Буриад багш нараас танина уу? 
АЯНГАТ: Буриад багш дээр боссон хүүхдүүд тэд нар сайн мэдэхгүй байхаа.
БуурЭЛ: Яг багш л хүмүүн мэднэ. Тэгэхээр хэн хэнээс асууж болохоор байна болгоохоо мэд. 5 отог төлөөлөхөөр байх хэрэгтэй. Дархад, буриадаар нь, халхаар нь яаж ялгагдаад байгааг илүүтэй сайн мэд тэгвэл. 
АЯНГАТ: Дархад, халх, буриадаар нь тиймээ? 
БуурЭЛ: Ойрд 4 ихэд хуваагдана. Миний үед бол 4 бөө байдаг. Дархад, халх, буриад, ойрд гэж. Учиг нь Монгол улс 4 ихэд хуваагдсантай холбоотой. 
АЯНГАТ: Та бол дархадынхаа тухай ярьчих нь байна шүү дээ. Та 2-ланг нь ярьчих нь байна шүү дээ. Яагаад гэвэл дархад бөө хэрнээ буриадын ёс заншлыг сайн мэдэх учраас түүнийгээ мэдэх юм байна. Тийм үү?
БуурЭЛ: Амьд ахуй улаачаас нь өөрөөс нь суралц гээд байна уул нь. 
АЯНГАТ: Тэгэхдээ ихэнхи улаач нар Тийм хувцас хийчих гэсэн гээд л хийчихээд одоо хүртэл мэдэхгүй яваад байгаа байхгүй юу. Манжиг гэхээр могой хамгаалдаг гэнэ лээ гээд л.
БуурЭЛ: Тэгээд толгойлж явдаг танил дотно бөө өргөөнд хамаарагдахгүйгээс нь бас лавла. Дор хаяж 4 хүн мөн гээд байна шүү дээ. Ялангуяа их эртнээс ёсоо дэгээ бариад явж байгаа улаач байвал их сайн. Үе алдраагүй. 
АЯНГАТ: За энийг нэг 3 гараг дотор л үзье даа. Хурдхан шиг судалгаа хийлгүүлье. Ерөнхийдөө материалууд нь байгаа номон дээр бичигдсэн юмнууд байдаг. Тэд нарыгаа нийлүүлээд аваад ирэх юм байна. Тэгээд энэ балчир нь бас угаасаа ирж уулзах юм байгаа юм. 
БуурЭЛ: Тэгээд энэ чинь бүрнээ болно биз дээ. Одоо хүмүүс дийлэнх нь юу гэж боддог юм. Өвгөд бид юу гэж хуучилдаг юм харьцуулах хэрэгтэй. Тэгж байж олон түмний дэргэд хэлнэ. Үгүй ганц өвгөд биднийхээр зүтгэвэл болохгүй. Хүлээн зөвшөөрөх Онгод ,Тэнгэрүүд байна, байхгүй янзтай. Маргаангүй үнэн гэдэг чинь олны дундаас л босно шүү дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.