Monday, April 2, 2012

Guulin uls yavahiin emneh temdegleluud


Хэд хоног энд их таагүй байлаа. Өглөөнөөс орой хүртэл ногоонуудыг хяргаж тайрсанаас болон бие өвдөв. Хяргуулсан ногооны үнэр их хурц хамар цоргин улам яс янгинуулана. Монголд би хашаандаа ногоо ургуулах гэж ядаж байхад энд ногоо ургалаа гээд л байсхийж байгаад тайрна.Мөртөө ч үгүй өөрсдөө хэзээ ч гишгэдэггүй  хашааныхаа арын талбай, хажуу хавирга, өндөр хэсгийг ч үлдээлгүй хяргана. Хяргуулсан өвснүүд ч гандан буурахгүй хоёр сарын дотор л багсайна.
Энэ бүхнийг харж байхдаа ҮНДЭС гэдэг үгийн утга учрыг л маш сайн ойлголоо. Хичнээн сайхан моднууд манай байшингийн ард урган цэцэг алаглаж, шувууд жиргэлддэг байтал нэг л өдөр бүгдийг нь тасдаж хаясандаг. Хэдхэн хоногт цэцэгс нь байтугай мод нь үхэн хатжээ. Нилээн хэд хоноод хартал доороос нь шинэ ногоонууд урган гарч эхэлсэн байв. Үндэс нь байхад алив юм устаж үгүй болдоггүйн жишээ биз ээ. Өвс ногоо ч яахав үндсээр нь зулгаахгүй бол ургаад л байх боловч Хүн гээч бид өөрсдийгөө бодлоо. Өвс ногоо шиг намайг хяргаад хаявал би гээч дуусна. Харин үр хүүхэд маань байвал удам маань үргэлжлэнэ. Тэд байхгүй бол миний удам дуусна. Тэгэхээр хүн өвс ногооноос ч Эмзэг юм байна даа. Маш цөөхөн Монгол үндэстэнийхээ төлөө өөрийн эрхгүй санаа зовлоо. Цөөхөн хүн амтай байтал мөн ч их хуваагдан талцаж хоорондоо хэрэлдэх юм даа. Хэрүүл нь зодоон болж, сонгууль нь дайн болчихгүй бие биенийгээ хядаад байлгүйхэн шиг зам мөрөө олчоосой билээ.
Тасдуулсан өвс ногооны хурц үнэр надад цусан далай урс байгаа мэт аймшигтай санагдав. Хамаг бие шархирч өвдөхдөө Бөө нарыг өрөвдлөө. Надаас өөр бас бусад нь ингэж өвддөг л байхдаа. Хоёр хоногийн дараа гайгүй болов. Бид хотоор явж байтал нөхрийн танил энэтхэг ирж гар барин мэндчиллээ. Тэр хүнийг явсны дараа нөхөр бид хоёр хоюулаа гэртээ арай гэж орж ирээд унаад өглөө. Бас л бие өвдөв. Нөхөр хүртэл бие нь өвдөөд энэ одоо задлангаасаа гараад явж байсан юмуу хаашаа юм ёоёоёоёо гээд л хэвтээд өглөө. Тэр хүн задлангийн эмч багш юм гэнээ. Ядаж байхад хүмүүс мөн ч их гар барьж мэндлэх дуртай бололтой. Би ч бас мартаад гар бариад байх юм.
Ингээд өвдөөд хэвтэж байхдаа Монголчуудын мэндлэх ёсыг бодож байлаа. Дээлийн ханцуйгаа урагш буулгаад гараа далдлан гар зөрүүлж мэндэлдэг. Дээр үедээ толгой дохин бас тонгойж мэндэлдэг байсан нь учиртай байжээ. Ер нь дорно дахины ард түмний холоос бөхийн хүндлэн мэндчилэх л хамгийн төгс аюулгүй арга байнадаг. За юутай ч УЛААЧ нар анхаараарай. Хүнтэй гар бариад байх шаардлага байхгүйг. Улаач гэлтгүй манай нөхөр хажуугаар нь бас юу вэ? Тэр улаач биш шүү дээ. Гэвч энэ бол удамтай айлын хүн бүр л мэдрэмж, зөн нь маш өндөр байдаг баталгаа юм. Жишээ нь эмэгтэй хүмүүсийг  улаач болохгүй ч хандармаа , дарь эх байна гээд Буурлууд хэлж байсныг та нар санадаг байх. Энэ бол бөө удамтай айлын хүүхдүүд маш зөн совинтой, Тэнгэртэй харьцдаг чадвартайн нотолгоо.
Зарим нэг хүн маш хачин байдаг юм байна. Жишээлбэл эхнэр нь бөө удамтай айлын охин байлаа гэхэд сав л хийвэл түүгээр нь дарамтлах, сэтгэлийг нь эмзэглүүлэх үг хэлэн дайрч доромжлоно. Нэг л юм бүтэхгүй бол танай дүү хараасан, танай ээж хараасан байж таараа ч гэх юм уу. Бөөгөөр нь далимдуулан элдвээр хэлнэ. Мэдээж эхэн үедээ энэ бүхнийг хүн тэвчих ч дараа нь хичнээн тэвчих бэ? Үнэн чанартаа өөрсдийнх нь ч бас удамтай байж амаа мэдэхгүй ингэж тэнэг юм ярих нь өөрсдөд нь муу байдаг. Өөрсдийнх нь өвөг дээдүүд маш их хилэгнэн хатуурхдаг. Яагаад гэвэл удамтай судартай хүмүүсийг үгүйсгэн доромжилноо гэдэг өөрсдийн өвөг дээдүүдээ бас хүлээн зөвшөөрөхгүй хүндлэхгүй, харьцуулж бодохгүй, хайрлахгүй байна гэсэн л үг дээ.
Гэтэл зарим нь авгай нөхөр хоёр хоюул угтай байлаа гэхэд би авсан бол болоо чи хэрэггүй гэх нь хамгийн харгис тэнэг үзэл юм. Үүнийгээ Тэнгэрүүд нь хоорондоо дайтдаг хэмээн тайлбарлана. Улаач хүн өөрөө ингэж бодоод байвал аргагүй ш дээ. Энэ бол заавал үхсэн дээд өвгөдүүд гэлтгүй өөрийнхөө аав ээжийг болохоор цай унд өгчөөд авгай нөхрийнхөө аав ээжийг ад үзэж хөөж байгаа л гэсэн үг. Өвөг дээдүүдийг яахаараа ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ? Эхнэр нөхрийн хэрэгт Буурлууд тэгтэл оролцоод байдаг ч үгүй.
Манай нөхөр бид хоёрын хэрүүлд тэд оролцдоггүй ш дээ. Харин ч аль болох тааруулах боломжтой талаас нь ухааруулах гэж хичээдэг.  Бид тэднийг буухаас өмнө алалцдаг байсан ш дээ. Тэднийг бууснаас хойш барагтай бол хэрэлдэхээ больсондог. Нөхөр ч намайг дээрэлхэх гээд байхаа больсондог. Тэгэхээр алив юмыг өөрсдөө хараагүй үзээгүй байж тааж буудаад байх нь буруу болов уу. Ер нь тэгээд болохгүй бол салаад л явна биз. Яахаараа заавал нэг нэгнийгээ давж гарах гээд, чадах гээд чаргуулдаад байх ёстой юм. Түвэг байгаа даа.
Ажиглаад байхад бөөтэй холбоотойгоор ихэнхи айлуудын Буурлууд  дээгүүрээ тохироод л хүүхдүүд нь сууцгаасан байнадаг. Энд нэг их танайх Бөө гээд мангартаад өө хайгаад байх юм байхгүйдэг. Бөө боллоо гээд хараал хийдэг гэдэг Ламын мунхаруулганаас салбал таарна. Харин ч Тэнгэр харж байгааг мэддэг, хараал хар толгойдоо ирдэг жамтайг хамгийн сайн мэддэг нь бөө нар учраас хараал хийгээд байх шаардлага байдаггүй юм. Буурлуудын буянг зөв ойлгож эдлэж чадахгүй бол хар толгойгоо өөрөө хариуцаж явсан нь дээр. Тэд хамгаалахаа болиод л холдоод явдаг.
Эрийн сайн, эмийн үзэмждээ гавьяа байгуулсан мэтсагсагнах  нөхдүүд өөрсдийгөө Хар Сүнснүүдийн халдлагаас өөрсдөө л хамгаалж сурна биз. Чадахгүй байж хар санаандаа амихандаа өөрсдийг нь тоож хараасан мэт аашлах хэрэг үгүй. Алив нэг Бөөгийн отогт хүргэн ч бай, бэр ч бай болж ирсэн бол тэр Отгийн л хүн болдог. Ав адилхан л тэгш эрх эдлэн хамгаалалт авч явна. Учир нь тэд нараас гарах үр удам бол хамгийн чухал. Хүнд хүн илүүддэггүй. Тэд хоорондоо сайн байвал эцэг эх байтугай ирээдүй хойчид хичнээн тустай. Үүнийг ойлгохгүй өөрийгөө л хөндийрүүлээд хар санаагаар биеэ отоод байвал алба биш байдаг. Зарим нэг хүмүүс Бөө айл гээд л учиргүй цээрлээд цэвхэлзээд холбоогоо таслахыг хараад маш их инээд хүрдэг. Бид үр хүүхдүүдээ сайн сайхан л амьдараасай гэж боддог болохоос биш нөхрөөсөө салчаасай, эхнэрээ хаяасай өөр нэг юм олоосой гэж хүсдэг эцэг эх байдаггүй биз дээ. Үр хүүхэд  сайн сайхан амьдарч байвал насны л баясгалан баймаар. Үүнтэй яг л адилаар өвөг дээдүүд маань сэтгэл нь өвдөж, баярладаг. Бөө гэдэг бол өвөг дээд өнгөрсөн буурал аав ээжүүд, хамаатан садангуудын л сүнс үрсээ манан туслаж байгаа хэрэг шүү дээ.
Өөрөө  үндэс мөчиргүй мэт, өчүүхэн харалган бодолтой нь өрөвдөлтэй. Тэр хүн сайндаа л өөрийн аав, өвөөгөө мэдэхээс өөр дээшээ удмаа мэддэг ч үгүй. Хар санаа биеэ отно гэж үгийг ойлгомоордоо. Тэдний өвөө эмээ нь газраас ургаад, нарнаас буугаа юу? Отог овог нь өөрсдөөс нь болж уруудаж доройтож байгаагаа ухаарахгүй юмнуудтай зууралдаад сайн санаад ойлгуулах гээд байх алба алгадаа. Олон улаач нар энэ тухайд шаналж байгаа захиануудыг би авсан юм. Найз охин маань бөө боллоо гээд хаячихлаа, удган гээд гэрийнхэн нь зөвшөөрөхгүй уулзахыг хориглолоо. Найз нар нь харьцахаа байлаа. Ах дүүс нь уурлалаа гээд л сэтгэлийн шаналал эдэлсэн олон хүн байна.
Та нар тайван байцгаа. Ирээдүйгээ өөдрөгөөр харцгаа. Аянгат намайг ч бөө гээд найз нар харьцахаа болин хаяж байсандаг. Үүнд эмзэглээд байхдаа яадаг юм бэ? Хүн чанараа л харуулж байгаа хэрэг. Чи бөө болсон болохоос ямар хэвтэрт ороо юу? Чамд гар хөл, нүд ам, чих хамар, дуу хоолой бүгд хэвийн байна. Харин ч Тэнгэрээс илүү хишиг хүртэн илүү боломж авч байнадаг. Хэрэв чи хүнд өвчин тусан хэвтэрт орох, шоронд орох, муу явсан бол наад нөхдүүд чинь хэн байсан гэдгээ л харуулж байнадаг. Иймээс эртхэн чанарыг нь таньсандаа баярлан тэднээс холуу явбал л болоо шүү дээ.  Харин чи бөө болсноор бүүр илүү олон найз нөхөдтэй болж бүүр ч олон хүнд ТУС болж хүний төлөө амьдарч сурч байгаа нь давуу тал. Ийм сайхан боломж олдсон чи азтай. Үгүй ядахдаа л юу болоод, юугаа яаж засуулаад байгаагаа ч  мэдэхгүй ганданд үүрэглэн суухгүй.
Хаанаас юу ирэв гэдгээ мэднэ. Нууц далд юмсыг харж чаддаг, сонсож мэддэг болно гэдэг хэн хүнд дуртай болгонд  заяагаад байгаа юмуу? Давуу талаа зөв ойлгон зөв ашиглан суралцаж Тэнгэрт хүлээсэн үүргээ зөв амьдралд зарцуулах нь маш их зугаатай, цаг  хурдан өнгөрдөг онц сонирхолтой ажил шүү. Наад нөхдүүд чинь нүүрэн дээрээ л ингэдэг хирнээ яс юмандаа бүгд ламд очдог, ном уншуулдаг, мэргэн хүн хайдаг, бөөд үзүүлдэг л байхгүй юу. Өөрсдөө ийм байж чамайг болохоор зөвшөөрөхгүй байна гэдэг бол хувь хүнийх нь л мөн чанар. Өөр юу ч биш.
 Иймд гуниж гутраад байх юм огт үгүй. Өөр зорилго чиглэл нэгтэй олон андтай болоорой. Дэлхийн төлөө, өөрсдийн төлөө, байгаль цаг агаарын төлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн уух ус , амьсгалах агаар, цэвэр шударга Төрийн төлөө тэмцэж амьдарна гэдэг МУУ ЮУ??? Бөөгийн мэрэгжил чинь энэ бүхний төлөө байдаг юм. Өвчтэй хүний өвчнийг авч, зовлонтой хүний зовлоныг нимгэлэх МУУ ЮУ??? Хүнийг жинхэнэ утгаар нь хайрла хэмээн тугнхаглаж, өөрийнхөө өвөг дээдүүдээ хүндэл, өөрсдийгөө хайрла, Монгол түмнээ дээдлэ гэж хэлэх МУУ ЮУ??? Бөөгийн ажил ийм байдаг.
Харин мөнгөний араас хүнээ байсан Тийрэнтэй БӨӨ нар л Бөөгийн нэр хүндийг гутааж байна. Тэдний амнаас тэр чинь үхнэ, энэ чинь бүтэхгүй, төдөн цаас өг, төдөн сая төгрөг гэж ичих юмгүй амнаас нь урсаж байдаг юм. Эднийг та нар БӨӨ нар гэж бодож байгаа нь таны мэдлэггүйн харгай.  Тийрэнтсэн Бөө Тийрэнтээгүй Бөөгөө ялгаж чадахгүй байж Та ч бас мэдэмхийрээд яана уу. Үхэх байсан ч хэлж байх ямар хэрэг байгаан. Үхэх өвдөхөөр нь айлгаж мөнгө саах бол хамгийн буруу явдал. Чадлаараа тогтоох аргалахаа бодно биз. Хүний зовлонгоор бизнес хийн амь настай нь холбож өчнөөн саяыг нэхэх хүнийг БӨӨ гэдэггүй юм. Албинтсан Бөө  гэдэг юм.  Зарим нь хуурамч бөө нар. Үгээ үнэн болгох гээд хүний машин шатааж байгаад баригдсан нь байгаа шүү.  Бөө нарын нэрийг нь заавал хэлж бай. Аянгат удган гэж байгаад л сайн мууг нь хэлж бай. Тэгэхгүй нэг бөө тэгсэн ингэсэн гэж ярин өөрсдийгөө хууруулж байх хэрэг үгүй. Бөөгийн нэр хүндийг хуурамч болон Тийрэнтсэн бөө нар маш их унагаж байна. Эрээ цээр гэж алга.
Бөө нар хүчээр гэртээ байхад чинь олоод юм нэхдэггүй. Өөрсдөө та нар хайж олдог. Сайн мууг ялгахгүй мунхаг байгааг чинь ашиглах хортой хүмүүс хаа сайгүй байна. Хэн их юм амласанд нь очоод л саналаа өгөн өөрсдөө сонгочоод л Төрөө зүхнэ. Хэн их айлгасанд нь очиж хамаг юмаа барьчаад л Бөөг муулна. ХЭН БЭ гэдгээ өөрөө бод. Танаас л бүх юм хамаарч байна. Толгойгоо цэнэглэж, сайн мууг дүгнэж цэгнэх бодолтой болоочээ гэж уриалмаар байна даа.
Шинэ улаач нар маань ихэнхи нь залуу хүмүүс учир Бөөгийн тухай, улаач хүний ёс суртахууны талаар сайн бодоорой. Та улаач  боллоо гээд хүнээ байчих биш шүү дээ. Харин Хүний Хамгийн Нандин Сайн Чанаруудыг эзэмших үүрэгтэй гэдгээ л ойлго. Зарим нь их түрэмгий заналхийлсэн харьцаатай болж байгаа нь буруу. Чаддаг байх тусмаа чимээгүй инээгээд сууж байдаг байхгүй юу. Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн гэж бий. Чи бөө болоод шуурга босгоод, бороо оруулаад, газар хөдөлгөөд, нисээд, нуугдаад, гэдсээ цувуулаад, сэмжээрээ нүүрээ бүтээгээд, бүтээгээд яах юм бэ? Хэнд ашигтай, юу хийх юм бэ? Цааш нь яах вэ? Иогийн үзүүлбэр үзүүлдэг өчнөөн олон хүн бий дэг. Концерт тоглох түмэн буман авьяастангууд дэлхийд байдаг. Авьяас чадвараа хэрэгтэй юманд дайчилж баймаар байна.
Маш олон бөө нар буруу явж байна. Мухар сүсэг болон эрүүл ухаан хоёроо ялгаж сурмаар байна даа. Нэг айлын аав ээж хоёр цорын ганц хүүтэй байжээ. Хүү нь эрдэм ном суран гадаадад мэрэгжил эзэмшин бүх л юм нь сайхан байсан ч хань ижилтэй болох зав гараагүй бололтой. Ижий аав нь бөөд үзүүлтэл угтай гэжээ. Тэгээд л хүүгээ бөөгийн угаалгаар угаах юм болж эсгийд хүүгээ ороож байгаад халуун уураар утаад алчихжээ. Амьдаар нь бууз болгоод шалзлаад бөөтэй нийлээд эцэг эх нь хүүгээ алсандаа хоюул чочирдсоноос болж хоюулаа галзуугийн эмнэлэгт хүргэгджээ.
Ер нь энэ бөөгийн угаалга гээч юм бол маш аюултай хаанаасаа ч хэн ч гаргаад ирсийн уламжлал бололтойдог. Гэхдээ арай ч эсгийд боогоод утаж байхыг би сонсоогүй үзээгүй юм байнадаг. Миний хувьд бас л угаалгаж байсаан. Хэцүүхэн л юм байналээ. Чухам л ариусаж бөө болохоос өмнө хийсэн хамаг бузар болон нүглээ ариусгаж, биеэ цэвэрлэж байгаа юм гэсий ш дээ. Гэхдээ хөнжлөө нөмөрч байгаад л ууран дээр утуулан амаараа баахан рашаан уун бөөлжиж хамаг хөлс гоожин байсан. Гэхдээ би угаалганд маш дургүй. Манай буурлууд ч таашаадаггүй юм байналээ. Харин түүний оронд ганга, арцтай халуувтар сайхан усанд орж хэвтэн сайн угаал үйлдэн бас тусгай рашаан шившиж уун ходоод гэдсээ цэвэрлээд сүү уувал тэгж амь насаа алдаад, нэг нь үхээд зарим нь гэмт хэрэгтэн болоод, зарим нь галзуураад , зарим нь түлэнхийн төв рүү ачигдаад байх аюул үгүйсэн. Алив юманд жаахан ухаантай хандаж сурмаар. Ариусаж байгаа нь энэ гээд Жамухын тогоонд чанагдах мэт арга хэрэглээд байх шаардлага байхгүйг нийт бөө нар болон багш нар, бөөгөөр засал хийлгэгч нарт анхааруулж байна.  
Ккккк нэг мэдсэн чинь үглэчихсээн  сууж байдаг гэнээ. Олон улаач нартай харьцаж байхад ажиглагдсан юмсуудаас биччихлээ.  Хүүхдүүддээ загнаж байгаа аятай л байх шивдээ. Өршөөгөөрэй.
Жаахан тайвширч гэрт болж буй хөгжилтэй юмсаа бичиж баясая.
Гэгээн өглөө чихэр олныг авав. Чи чихэр иддэг болоо юу гэхэд цагаан арьст найз охиндоо өгнө гэв.  Нөгөө хужаа чинь байж л байна уу гэж асуутал: Хужаааааа??? гээд Гэгээн их гайхав. Тэр цагаан арьстай охин чинь хужаа шүү дээ гэтэл – Үгүй ээ эндхийн цагаан тос түрхсэн хүүхэд байхгүй юу. Та цагаан тос мэдэхгүй байна уу? Нүүрэндээ түрхэхээр цагаан болдог тийм тос түрхсэн охин. Хужаа  байвал би юу гэж найзлах юм бэ? гэх юм. Яагаад гэхэд Хужаад би дургүй шдээ, Та мэддэггүй юмуу гээд цэцэрлэгтээ явлаа.
Ингээд би гэнэт Гэгээн сая  12 сард л таван нас хүрснийг санан энэ чинь нялх жаахан хүүхэд шүү дээ гэж бодлоо. Тэр багаасаа их биеэ даасан ам хэл нь гүйцэгдэггүй хүүхэд болохоор манайхан бүгд түүнийг насыг мартчихдаг. Хааяа нэг уйлах үед л нээрээ энэ чинь жаахан билүү гэж санана. Цагаан тос түрхсэн найз охиноо хятад гэж мэдвэл хэцүүдэх байхдаа гээд би нэмж юм хэлсэнгүй. Монгол хүмүүс яснаасаа хужаад дургүй байдаг юм байхдаа. Гэгээн яагаад бас хужаад ийм дургүй юм бол. Манай гэрт харьцангуй хужаа нарын тухай яриа гараад байдаггүй. Учиргүй тэд нарыг хараагаад дургүйцээд байх яриа байдаггүй л юмсан. Зазаза бүү мэд арай ч хүүхдийг хужаа энээ тэрээ гэж ялгаж болохгүйдэг. Би хүүхдүүдэд хайртай.
Гэгээн орой нь ирээд өдөржин өглөөний ярианд сэтгэл нь эмзэглэж бодсон юм байлгүй: Ээж нөгөө цагаан арьстай охин чинь англиар ярьдаг, аав нь Хятадаар биш Японоор ярьдаг юм гэв. Чи Япон хэл мэддэг юмуу гэхэд : Мэдэлгүй яадаг юм, би Японд байхдаа сурсан аав нь Японоор л ярьдаг гээд л намайг аргалчих санаатай ихэд хичээн байхыг нь хараад өрөвдлөө. Нөгөө Хятад охин ч бас Гэгээнтэй тоглон үргэлж хамт байж хоюулхнаа булагнадаг гэнэ. Тэр нь бас цагаан арьстай хүү гэж бодоо биз Ккккккк. Нялх хүүхдүүд хөөрхөн шүү.
Охин өнөөдөр шуналын тухай надад ярьж өглөө.
Тэр ХонКонгт явж байтал нарийхан хирнээ маш гоё жинсэн өмд харжээ. Өмсөөд үзэхэд  гуя нь ч орохгүй байна гэнэ. Тэгсэн ч авчээ. Тэр дөрвөн сар хичээж байгаад тэр өмдөндөө багтаж ордог болжээ. Бас нааш ирэхдээ нэгэн чихмэл бамбаруушны хувцасыг чихээд өмсчихжээ. Маш гоё зохиж байна. яасан хөөрхөн хувцас вэ гээд л хүмүүс хэлсэн гэнэ. Гэтэл тэр хамаагүй чанга хөдлөх аргагүй яг чихээд таарсан байсан гэх юм. Өөр хүн өмсөж үзэх гэтэл гар нь шуунаас дээш явахгүй байна гэнэ. Манай Маша тэр хувцаст дөрвөн өдөр чихэлдэн явсан байв. Яажийгаан? Яах гэж таардаггүй юмс мөнгө үрж аваа вэ гэхэд. Шунал гэж энийг хэлж багаа биз дээ ээжээ. Би тэрэнд багтахын тулд турчихсан гэх юм.  Турж чадна гэдэг гайхамшиг биздээ. Шунал гэж аугуу байна уу гэх юм. Шунал ихэдвэл шулам болно гэж үг л би мэдэх юм байна.
Дараа нь тэр ар нуруу нь ов онгорхой платье өмссөн явтал аавтайгаа таарчээ. Тэгээд л нуруугаа харуулахгүй зөвхөн урд талаа л харуулаад байж гэнэ. Гэтэл маш халуун өдөр байжээ. Аав нь: Хар халуунд хувцасаа ч тохируулаад өмсчихгүй. Ийм ханцуйтай юм өмсөхдөө яадаг байнаа. Дээр үеийн алаг бандашны материалаар хийсэн тэнэг юм өмслөө. Авгай шиг хувцаслаж чи. Залуу хүүхэд байж чанартай, дэгжин юм өмсөхгүй. Энэ халуунд шорт майк ч юмуу өмсөхгүй гээд л үглэсэн гэнэ. Аавдаа ар нуруугаа харуулахгүй яаж явсанаа харуулаад л аавыгаа шоолон ярив. Юуны чинь дээр үеийн бандашны материалтай авгай хувцас гэж би харин ч шинэ загварын ар нуруу нь онгорхой юм өмсчөөд байхад гэж баясав. Нуруу онгорхойг нь харуул ухаан алдаад уначих байх гээд л би араасаа ерөөсөө харуулаагүй гэв. Хахаха манай нөхөр охиндоо мөн ч их чадуулдаг шүү. Тэгээд мартчаад байх юмаа  мартчаад байх юм. Маша аюултай гэж бичээд ил тавихгүй бол бид хоёр мартчаад байх юм.
Мөн нэг алтан ээмэг гаргаж ирэн надад үзүүлэв. Би та нарын явуулсан онгоцны билет ав гэсэн эхний мөнгөөр чинь авсым. Өө мөнгө ирүүт л аваад шууд Мөнгөн завьяа ороод л гээд л ярьж гарав. Нээрээ бид хоёр дахин онгоцны үнэ явуулсан юм байна. Муухай золиг чинь гэж уур хүрэх гэтэл хамаг юм дууссан хойно тайлангаа баяр ёслолын байдалтайгаар тавьж байгааг яалтай билээ. Ээ Тэнгэр минь яах гэж энэ Машаг бидэнд илгээв дээ. Маша ирснээс хойш би ядуурсан ш дээ. Уг нь ажилгүй ч гэсэн би авах юмгүй тул задгай мөнгөөр баяжаад л мөн баян байж билээ. Одоо задгай мөнгүүд нүдэнд ч харагдахгүй дээрээс нь би бүр цүнх ч үгүй болжээ. Маша бүгдийг дээрэмдээд авчихаж.  Энэ этгээдийг яаж хүмүүжүүлэх тухай мэдэх юм алга. Тэр хөгшин болоод л ойлгох юм болуу бүү мэд.
Нөхөртөө л ховлов. Хөөрхий амьтан намайг өрөвдөөд нэг үнсчээд толгой нэг илчээд  санаа алдав. Аавыгаа амьд дээр охин минь эрхэлж л байг гэсээр охин нь хорь гарсан ч хоёр настан шиг болжээ. Бид хотын захад байх оршуулгын газрын хажуугаар өнгөрөхөд Гэгээн: Аав би таныг үхэхээр энд оршуулах  уу гэж асуув. Муу ёр хүний газар аав нь үхэхгүй, аав нь хүүгээ ядахдаа дөчин нас хүргээд хүүгийнхээ хүүг үзчээд үхмээр байна хэмээн ярилцах тэдний яриаг бодон явахдаа одоо хийх гэж байгаа ажлаа бүүр ч сайн мэдэрч сэтгэл эмзэглэн явлаа. Би энэ хүний газар өнгөрсөн Монгол дайчдынхаа сүнсийг цуглуулахаар хэдэн сарын аянд ирэх долоо хоногоос явах юм.
Өчигдөр хоолны газар сууж байхдаа нөхрөө эгц урдаас харав. Хичнээн ч сар би түүнийг анзаарч хараагүй байв. Олон цагаан үстэй болчихсон байна. За би бол ч өөрөө дун цагаан болсон доо. Сүүлийн хэдэн жил бидний амьдрал үндсээрээ орвонгоороо өөрчлөгджээ. Хичнээн их ажилтай байваа. Хоёр биенийгээ олж харах ч завгүй хөдөлмөрлөжээ. Бүх ажлаа дуусгачаад бид хоёр ач, зээгээ хараад Гачууртдаа амар жимэр амьдрах юмсаан. Аав нь Гэгээнийг ярихдаа сургуульдаа явчаад оройхон хавьд цүнхээ савчаад туулын бургаснаас гарч ирэх байхдаа сургуульд орвол гээд л анх манайх Гачууртад очсон жилээ ярьж байсансан. Тэр үед бид хүний газар ирж амьдарна гэж зүүдлээ ч үгүй явжээ.
Охин маань ирэх долоо хоногт жилийн том сургалтандаа сууж эхлээд завгүй болох бизээ. Би мөн ирэх долоо хоногт Япон яван маш том ажил хийх учиртай. Мөн далимд нь дүү маань доктор хамгаалсны баярт оролцоно. Ээж болон бас бага дүү Монголоос очих учир бид тэнд цуглан би хэсэг эрхлэж идэж таргалах юм байна даа.
Гэгээн минь гэртээ ганцаар үлдэх бололтой. Аав нь хүнд хаалгаа бүү тайлж өгөөрэй. Зөвхөн зурагт үзээд л  өөр юм хийхгүй байх хэрэгтэй гэж сургана.  Хүүгээ би өрөвдөж байлаа. Ганцаар гэртээ байж амьдрал үзэх нь дээ.  Хоолоо олж идэх, бөгсөө арчиж сурах гээд л биднээр хийлгэдэг бүхнээ өөрөө хийж сурахнээ. Би бөө болоогүй байсан бол Гэгээн ээжтэйгээ л хамт байх байсан шүү дээ. Тэнгэрийн үйлийг гүйцэлдүүлэх гэж хачин юмс болох юм даа. Тэнгэрийн үйл бүтэхдээ амархан гэж гайхмаар.  Виза нар нь яасан ч амархан гардаг юм. Японы виза мэдүүлчээд  маргааш нь хот руугаа харьж явтал л утасдаад Виза чинь гарсаан ав гэв. Хотдоо бараг ирж явсан бид эргээд явалтай биш гэртээ хоёр хоноод очихоос гэх жишээтэй. Бөөн бөөнөөрөө хүний нутагт ясаа тавин эх нутгаа санагалзах тэр олон мянган баатруудынхаа Сүнсийг хэрхэн авч явах юм Хаан маань бүү мэд. Ямар ч гэсэн би сонин сэтгэл догдлом үзэгдлүүдийг үзэх бололтой. Ийм ч хачин сонин ажил хийн улс орнууд хэсч явах гэж би зүүдэлсэн ч үгүй явлаа даа.
Гэхдээ асар их хайрыг, яарах сэтгэлийг л маш их мэдэрч байна.
 Үргэлжлэл....
Гэртээ байхдаа бичиж байсан дээрхи нийтлэлээ тавьж амжихгүй байсаар 4 сар гарчихжээ.
Ингээд аялалд гарах хүртэл болсон явдлаас тоймлон нэмлээ. Япон виз гарчихсан гэх сургаар эргээд л нэг хоноод Нийслэл рүү нь бид явлаа. Японы виз яасан ч хурдан гарчихав. Хол учраас тэнд хоноод өглөө эрт Япон элчингээс визаа аваад Солонгос элчинд өгчихөв. Гэтэл үдээс хойш нь Солонгос элчин визаа ав гэж утасдав. Хүүе ямар гайхалтай гайхамшиг вэ гэсээр нэгэнт төлөвлөснөөс бараг сарын өмнө бүтсэн визануудаа авсандаа баясаад тэр эрчиндээ нөгөөдөр нь явах онгоцны билет авчихлаа.
Япон болон Солонгос визанд орохоос өмнө дор хаяж зургаан сарын дараа паспортны хугацаа дуусах ёстой гэсэн заалттайг мэдэн хартал минийх ердөө хоёр сарын дараа дуусах байсанд сандран Австраль дахь Монгол элчин рүү паспортаа илгээв. Тэд маань маш хурдан хугацааг нь сунгаж өгч ямар ч хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэнд ихэд гялайсангаа хэлье. Австрали дахь Монголын элчин сайдын ажилтангууддаа сайн сайханыг ерөөн ажилд нь амжилт ерөөе.
Бид виза авах гэж нийслэлд нь байхдаа нилээн бухимдав. Замыг нь мэдэхгүй учир машинаа буудалдаа тавьчаад л таксиддаг байлаа. Нийслэл нь уг нь ядах юмгүй манай хороололоос жижигхэн талбайд тойруулаад л барьчихсан учраас бүх юм нь ойрхон. Гэвч таксины жолооч нар нь маш муухай хүмүүс байлаа. Албаар нөгөө жижиг газраа хэд тойрон явж заавал илүү мөнгө гаргаж байж сэтгэл нь амарна. Нэг нь бүр шөнө гэр минь шатаад бид орох оронгүй болчихлоо. Хүүхдүүд өмсөх хувцасгүй үлдэн, ээж бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн мөнгө өгөөч туслаач гэв. Миний уур хүрэн өгөр худалч шөнө гэр нь шатсан байтал өглөө нь таксигаараа ажлаа хийгээд явахдаа яадын гэхэд нөхөр түүнд байсан задгай мөнгөө хамж өгөв. Гэтэл голсон гээд боддоо. Хүнийг яаж нэг шулж хуурч мөнгө олчих уу гэсэн л хүмүүс их байлаа. Мөн бас л олон гуйлгачингууд гудманд суун Мөнгө өг гэж загнана. Гуйлга гуйх эрхийн бичгээ сарвайн үзүүлэх гэж давшилна. Биднийг баян Японууд гэж бодсон бололтой байсхийж байгаад л ажилд орох гэж байгаа мэт зураг хөрөгтэй  өргөдөл шиг бичгээ сарвайгаад хүрээд ирнэ.
5 доллар өгчих хоол идмээр байна гэнэ. Хэт олон гуйлгачин байх тул бид тас гүрийж сурав. Гуйлгачингийн тоогоор 5 доллардвал бид хүний нутагт хэрхэн амьдрах бэ? Бид нарт гуйлга гуйх эрхийн бичиг ч олдохгүй шүү дээ. Иргэн биш гэнэ биз. Хөөрхий муу Япончуудыг минь гэнэн болохоор бүр торгоод сурчихсан бололтой. Бүх л орныхон тэднийг баян гэж бодно. Гэтэл яг үнэн чанартаа тэнд Японы баячууд нь биш мөнгөө хэмнэж англи хэл сурах гэж буй орлого багачууд л очдог газар юм.
Гэгээн ээжийг явахаар энийг авна, тэрийг авна, кино театрт кино үзнэ гэх мэтээр л бөөн төлөвлөгөө. Аавтайгаа санаа амар юу дуртайгаа хийхээр төлөвлөжээ. Би гэж дарангуйлагч хүн бүрийн хүлээс байсан юмуу хаашаа юм.
Нэг өдөр нь яах ийхийн зуургүй өнгөрч орой нь би тэнд байх хоёр Монгол хүнд засал хийж өгчөөд өглөө нь нисэх учир яаралтай хоол унд бэлдүүлэн тэднийг гэртээ дуудав. Нэг хүүхэн, нэг хүү ирэхдээ бас нэг япон найзаа дагуулан иржээ. Тэд маань хүний газарт хэл сурч буй оюутан учраас бууз салат хийж дайллаа. Хооллосныоо дараа би буулаа. Хоёр монгол маань заслаа хийлгэж байтал нөхөр маань нөгөө японтойгоо дуу дуулан чарлаж гарав. Буурал ихэд гайхан: Хүргэн үр юу болоод дуу нь чангараад гуаглаад унав. Улаач буугаад эрүүний шөлөө уулгах байхдаа гээд шоолоод явлаа.
Би ч засал дуусаад буурлууд яв вуу үгүй юу шууд л эвэр ургаж, уушиг зүрх сагсайн гал тогоо руу гүйлээ.  Муу хар хог чинь маргааш өглөө явах гэж байтал ёсгүй аашилна гэнээ гэсээр нүүрний арьсаа үрчийлгэсээр гал тогоонд ортол нөхөр бөөн баяр хөөр: Энэ ёстой сайхан дуулдаг залуу байна. Сэтгэл хөдлөөд гэчихсээн вискидчихсэн сууж байв. Нөгөө муу японтойгоо хүзүү сээрээ холбочихсон хэл ам нь орооцолдон байлаа. Тэгснээ тэнд байдаг монгол эмчийг уруу татахаар утасдан гэртээ ирээч гэхээр нь тас загнав. Аль хэдийн шөнө 12 дөхөж байтал найрлах санаатай. Зад загнаад л хаяв. Ирсэн зочид маань ч явж би нөхрөө тас загнав. Хошуугаа цорвойлгон аргадах гэж ирхэд нь муухай чарлаад л хөөж орхиод хүүгээ тэврээд унтаад өгөв.  
Өглөө нь хялав цэлэв хийж хэг ёг гэж гэсээр түүнээс бусадтай нь эв найртайгаар салан одлоо. Донгио юмуу хайшаа юм. Виски, Эхнэр хоёрын ВИСКИ нь илүү байгааг нүдээрээ харлаа ш дээ. Архичин эхнэртэй суувал таарна өгөр хар хог. Эхнэр нь явж байхад уяа нь алдуурсан нохой шиг зэвүүн хог хэзээ ч би чамайг сананаа гонж гэсээр онгоцондоо суугаад талийв. Харин миний хүү яг онгоцонд суух гэтэл хүзүүгээр тэврээд нулимс нь гарсан ч их л хичээн нуухыг оролдов. Би ч уйллаа. Охин хүү 2 маань уйлан бид гурав уйлалдав. Нөхөр гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр надаас хулган тойрч гүйнэ. Би царай өгөлгүй цэхэгнэсээр талийн одлоо. Кккккк. Шог амьтан. Өөр эхнэр авбал таарна. Надаас холуу амьдарвал таарна. Хар муу ядаргаа, тэнэг гахай, өгөр хар хог гэж дотроо хараасаар онгоцонд суугаад арилав аа хөөрхий Аянгат. Санахгүй ээ санахгүй мэд үү, яадын мэдүү гээд л өөрийгөө баясгасаар халуун орноос нисэн одлоо хөөрхий.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.