2012. 03. 21, 22нд Шөнө ажиллаж Гуулингийн хуулийг сонирхон зөрчиж үзэв.
Хүний наймааны боссоос каалдсан би новширолгүй ажилдаа гарлаа. Хэвлэх үйлдвэр надад их таалагдаж байлаа. Ном үйлдвэрлэдэг газар гэж буянтай сайхан газар. Бүтэн арван цаг ажилладаг юм байна.
Эхний өдөр нэгэн жижиг үйлдвэрт Босстойгоо болон хоёр Солонгостой ажиллав. Намайг маш инээдтэй ажилд хуваарилав. Бодвол анхнаасаа үйлдвэрлэхдээ алдаад үйлдвэрлэсэн машиныхаа нэг эд ангийг нь надаар орлуулав. Би ирсэн цаас бүрийг тэгшлэн шахаж өгөх ажил хийв. Зогсоо чөлөөгүй хөврөн ирэх тэднийг хуруугаараа жоон гээд л хананд нь шахах амархан ажил юм. Гэвч хийгээд эхэлтэл амархан биш байлаа. Ар араасаа цуврах тэднийг миний хуруу гүйцэх гэж бөөн явдал. Зөвхөн хуруугаа л хөдөлгөх байтал миний хөл бие хамт хөдлөөд байх юм. Тэгснээ миний сууж байгаа сандал хөдлөөд яваад байгаа мэт болон толгой мансуурав. Мангар болоод л мансуураад иртэл ашгүй машин нь гацан засварлав. Цагаа хартал 10 минут ч болоогүй байтал юу яасны чинь 10 цаг вэ гэж халширмаар. За тэгээд л янз бүрээр оролдсоор ажилдаа дадаж эхлэв.Шомбойтол суучихаад л хуруугаараа машины эд ангийг орлох би зохион бүтээсэн гаруудынх нь ухаан муутайг гайхав. Миний хурууны оронд л нэг тоншдог төмөр зоочих байтал мартчих гэж Зкзкүзкүк. Тэгээд би өөрөө тэр төмрийг хэрхэн суурилуулан хийх талаар бодон төсөөлж шинэ тоног төхөөрөмжийн тухай мөрөөдөв.
Санаандаа шинэ тоног төхөөрөмжөө бодоод угсраад, хийгээд, бүтээгээд, ажиллуулаад дуусчихлаа. Одоо юу бодох вэ? Гэгээнээ бодтол уйлах гээд байхаар нь болив. Нэг нулимсаа арчин залгичихаад л энд олон жилээр ажиллах ээжүүдийн зовлонг бодон өр өвдөн нулимс урсав. Болий болий түвэг өөр юм бодий зүгээр гэтэл Нөхөр санаанд орж ирлээ. Тэр миний хийж байгаа ажлыг хараад уур нь хүрэх байхдаа. Яагаад чи ажил хийж байгаа юм гэх болуу. Хэрэв би түүнтэй суугаагүй бол энд ирчихсэн бас ажил хийж байгаа бол яах бол гэх мэт юм бодчихсоон тууж байв. Үгүй шүү. Тэр мууг би санахгүй ээ санахгүй, санахгүй яадын гээд л хүчээр бодлоо хөөж хаяв.
"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" дуудлагаа дуудан тоншиж гарав. Овоо элдэв юм санаанд орж сэтгэл үймрэхээ болив. За тэгээд л дуулж гарлаа. Хамаг л мэддэг дуунуудаа болон мартсан бадгуудаа санах гэж хичээн өглөө болтол ажил дуустал дуулчихав. Дууны аянд харин ч нөгөө номын дамжлага чинь ирц нь удаан байж хурдан яваасай болдог бол нэг эрэг эргүүлээд хурдыг нь тохируулмаар санагдав. Золигнууд чинь үүнийг бас л мартаж орхижээ гэж бодлоо. Гэвч өглөө бараг үүр цайх үеэр ажил нь дууссанаас болон эрт тараав. Азны Коляяяяаааа Ккккк ажил дуусав. Ямар нэг хуудас нь дутуу байснаас болоод ажил тарлаа. Надаас бусад гурав маань өөр ажил хийсэн. Гэтэл ном явах зуур хуудаснууд нь замдаа унан байгааг хараад Тоншуулд би ховлов. Эд номыг худлаа хулхидаад байна уу үгүй юу. Унасан хуудсуудыг хийхгүй байна гэж мэдэмхийрэв. Гэвч тэд шалган хийсэн гэнээ. За эхний ажил маань нэг иймэрхүү өнгөрөв.
Гэртээ ирж жаахан дуг хийчихээд өглөө босон улсынхаа Нийслэл Сөүл рүү орж Польш элчин оров. Буцахдаа Түндэмүн билүү юу билээ нэг газраас гар утас авав. Дандаа л далбайсан том юмнууд. Орчин цагийн мода учраас миний дуртай авч явхад амар жижиг утас алга болжээ. Хүн болгон мода хөөх албатай юм шиг яажийгаан болоо. Би жижигхэн утас хүзүү сээрэндээ зүүж явах дуртай. Алга болохгүй амар, хөнгөн байдаг юм. Томыг нь далбагануулаад юм очиж мөргүүлээд салахгүй биз дээ. Нүд ам муутай төр засгийн давхар шилэн нүдтэй, хүрзний амсар шиг мойног бүдүүн хуруутай би ямар сүмбэн цагаан хуруутай биш дээ тэр далбагарт юм бичих гэж хөглөөд яахав. Надад хэрэгцээ байхгүй учраас моданы эсрэг хуучирч жагсаалаас гарсан утас авлаа. Жи мобайлдноо хөөө. Дэлхий сөнөчихсөн байхад ч Жи Мобайл ажиллаж байсан гэдэг Онигоо гарах байхдаа. Уг нь дугаар нь байгаад жил болсон ч хааяахан л нетээр ашигладаг байлаа. Холын аянд явах би утас шөрмөстэй удган болох санаа агуулав. За тэгэхдээ утасгүй байх ч мөн сайхан шүү. Эрх чөлөө мандтугай шүү дээ. Элдэв юм сонсож нервтэхгүй өнгөрсөн хойно л мэднэ. Асуудал шийдэгдсэн дараа нь сонин сонсох ч бас зүгээр шүү.
Чих утсаар ярин өөрийн найзаа үзүүлэх гээд гуйв. Түүнтэй банкны гадаа уулзан машин дотор засал хийж биеийг нь барьж өглөө. Буусан Буурал маань Сартай жанжины хүүд өвгийнх нь үгийг дамжуулаад машиныг нь янзлаж өглөө. Күэ мөн амар амьтад шүү хаа сайгүй л буух юм даа. Хүний нутагт яахавдээ. Ажлаа л амжуулж байвал маяглахдаа манатай. Тэд маань зовлон сонсоод чимээгүй өнгөрч чадахгүй юм. Хайр хүрмээр шүү.
Өдөр бас гэртээ иртэл засалтай байлаа. Энэ өдөр буусан Буурал өөрийгөө 1000 жилийн өмнөх Хаан байсан бөгөөд хамгийн эрх танхи гэж танилцуулсан. Энэ Буурал их олон юм ярилаа. Тэр намайг: "Энэ шонтгор шар улаачын заль гэж дэндүү. Өчигдөр тархи нь эргээд ирэнгүүт хамаг Онгодуудаа дуудан буулгаад ажил хийлгэсэн" гэж гомдоллов. Кккккк тэхгүй яахын зад дуулсан юм чинь дээ хэхэхэхэ. Тоншуул учрыг сонсоод санаа зовон ажлын тухай ярилцав. Та дахиад ажилд өнөөдөр гарах уу гэхэд Үгүй би ийм ажил хийж үзээгүй дургүй гэдэг байгаа Хахахаха. Аягүй хөөрхөн ажилд гарахгүй гээд байгаа юм даа. Гэсэн ч би номын үйлдвэрт ажиллах дуртай учраас орой нь гарна гээд гарав.
Хоёр дахь өдрийн оройн ажил.
Энэ бас гоё ажил байлаа. Өмнөхөөсөө арай өөр шинэ тоног төхөөрөмжтэй зэрэг өндөртэй үйлдвэр байлаа. Тоншуул, Победа эхнэртэйгээ, бас нэг залуу жаахан хүүтэй хоёр Сотой хамт ажиллав. Намайг ажилд гарахгүй новширдог өдөр маш хүнд цаастай ажил хийсэн гэдэг. Харин энэ өдөр зар суртчилгааны сэтгүүл хэвлэн нимгэн байв. Хамгийн гайгүй ажилуудын нэг нь гэнэ. Тоншуул болон Победагийн сайхан эхнэр хоёр намайг эрхлүүлэн дөрвөн нүд өгөөд өөрсдөө түм буман нүдэнд ажиллах ажээ. Нүд ч гэж дээ АМ гэдэг гэнэлээ. Энэ амуудад машиныг нь зогсоолгүй хэвлэх хуудсуудыг нь тавьж өгч толгой түрүүг нь зөв харуулах ёстой. Дөрвөн нүд элбэг хялбар хийхээр байсан тул би зургаан нүд болгон ажиллаж эхлэв. Гэвч би хамаг дээд хурдаараа хурдалсан ч борви бохис хийлгүй яг л хийсээр таарч байтал нөгөө хоёр маань тэр олон нүднүүдэд алдалгүй хуудсуудаа хийчихээд Утсаар мэссэж бичээд, нет мэт ороод, гарч бие засаад, кофе уугаад, бас хэдэн хором хөлөө амраагаад сууж амжаад байвал яах уу??? Мэл гайхаж цэл хөхөрмөөр. Бөгсөнд нь сэнс биш пуужин уясан аятай л амжуулаад байх бололтойдог.
За тэгж байтал шөнө амралт болов. Явж хоол идчихээд ирээд хэдэн минут унтах ёстой. Яг нэг цагт багтаана даа. Би унтах гэсээр байтал босох цаг нь болчихов. Хоёр цаг байхгүй яаваа. Номондоо бол 2 цаг унтаад босоод ирвэл сайхан болчихмоор. Өглөө үүрээр цэнэг дуусан хөл өвдөж эхлэв. Гэвч би чинь Монгол хүн шүү дээ. Хар ажил хийж сурсан хүн гээд л гүрийв. Мөн ажил хийх дургүй гэж уурласан Буурлаа бодоод дуу ч дуулсангүй. Тэднийгээ өрөвдөн хайрлаад өөрөө яс цагтаа ажиллав. Өглөө буугаад шууд 99өөрөө Сөүл орлоо. Сартай жанжины хүү биднийг хоолонд оруулав. Дүү нь биднийг үдээс хойш гэрт хүргэж өгөв. Өмнөх өдөр бас 3 хүн ирж засал хийлгэв. Нэг хүүхэн дагаж ирсэн байснаа айв гээд зугтаачихав. Кккккк зайлуул намайг юу гэж бодсон юм болдоо. Надад л сайн биз дээ. Учир нь Солонгос улс өөрийн бөөтэй гэхэд арай дэндүү хар сүнсүүдэд баригдсан орон байсан. Ирсэн хүн бүр л муу дагуултай бүгд өвчтэй байв. Хамгийн ихээр нурууны өвчтэй хүн байлаа. Мөн энэ өдөр Тоншуулын маань хайрлаж явдаг гурван хүн ирж засал хийлгэв. Тоншуул хүний төлөө л гүйсээр байх юмаа. Би Солонгосоос явхад энэ хэдийгээ их саналаа. Өмнө нь бид хэзээ язааны л танил ч юм уу ах дүүс ч юм уу хамаатан садан байсан мэт. Австралид үлдсэн Хатан хааныхаа гэр бүлийг бас дурсан санав. Тэд маань сайн л байгаа байхдаа.
3 сарын 24 нд энэ өдөр өглөө эртлэн босож явхад бэлдлээ. Маргааш нь нисэх учраас Инчёон буудалд ойртож хонохгүй бол болохгүй учир Мягу болон түүний найз охин ирж замаасаа Каарлоотайгаа нийлээд Инчёонтой ойр айлд очлоо. Энэ хүн Мягугийнд ирж засал хийхэд ирж байсан ах байлаа. Тэднийд бид хоол захиалж идээд амаа задартал Чөөгийнүүдийн тухай ярилцав. Мөн зурагт гардаг Чөөгийн тухай ярингаа бас нэг гуулин нөхөртэй хүүхэн нөхрийнхөө зургийг үзэн шалгуултал духаар нь дүүрэн Чөөгийнүүдийн зураг амьд арзайж, мэнд мэлтийж байлаа. Хахаха яахаараа энэ Гуулин эрчүүд Чөөгийнүүдэд эзлэгдсэн явдаг байнаа сонин юмаа. Тэдний зургуудыг таслан баримтжуулаад Удгандаа явуулаарай. Чөөгийнүүдийн бодит дүрүүдийг хүмүүс харж мэдэж аваг ээ. Зөвхөн хүзүүн хэсэг болон духны хэсгээс нь таслаад нүүрийг нь харагдуулахгүй болоод явуулж болно шүү дээ. Эсвэл над руу явуулбал би таслаад блогт тавих санал явуулж байна. Үнэхээр муу сүнс нар байдаг юм шүү дээ. Хүмүүс Үнэнтэй эвлэрэн өөрсдийгөө худлаа хуурхаа болимоор юм.
Мягуу маань найзтайгаа явлаа. Каарлоо бид үлдэн хэсэг ярьж суув. Каарлоогийн ажлын цаг болон явхад би уйллаа. Богинохон хугацаанд бид хэд их дасч жаргал зовлонгоо хуваалцан дасчээ. Бид инээд баяр, гуниг зовлон бүхнээ л ярилцан амжсан ч дуусахгүйгээр дахин дахин чалчаад л инээгээд ярин баймаар байлаа. Хүний нутагт амьдрах гэж зүдэрч яваа энэ хэд маань ямар ч сайхан сэтгэлтэй юм дээ. Тэд ээж аавыгаа ирээд буцаж байгаа мэт л дагаад салж ядаж байсан. Буурлуудын маань сэтгэл ч өвдөж байлаа. Хаан маань ердөө хоёр удаа л бууж уулзах хүнтэйгээ уулзаад үдэлсэн. Уг нь Гуулин улсад буух ёсгүй байсан ч чухал учрал тохиосон учраас буулаа гэж хэлсэн.
Харин Гуулин улсад Хатдууд харьцангуй их орж ирлээ. Тэд намайг замбараагүй заваан сууж байгааг шүүмжлэн хэрхэн эрхэмсэг догь суух талаар зөвлөв. Мөн Тоншуулд хандан улаачид элдэв амттан бүү өг. Гүзээ нь сунан гоо үзэмжгүй муухай палбийна гэж анхааруулав. Кккккк тэгсэн ч би бүтэн гоё торт идээд амжчихсан юм чинь яадын...
Хатдууд зөв суух талын зөвлөгөөн талаар айлдаж байсныг дамжуулъя. Гол нь нуруу тэгш суухдаа хамраа мэдэрч тэгш байлгавал нурууны яс тэгширч суухад гэдэс татагдан нуруу тэгш үзэмжтэй зөв суудаг талаар тайлбарлав. Миний аалзны хөлийг нэг тийш нь чиглүүлж тавин мөн ч их цомцойлгон жимбийлгэв. За тэгээд л салтаа саамаа хамхиад л дээгүүр доогуур нь хулдаад л жигтэйхээн жигтэйхэн хэхэхэ. Тэгээд яахын Зайран онгодууд орж ирээд завилаад суучих юм чинь яахын.
Тоншуул маань удганыгаа гоёх гэж мөн ч их хичээв. Тав зургаан юмсыг дараалан түрхэх тос өгч түрхүүлэн намайг өөд татав. Гэвч зайран онго буухдаа хумсаар минь нүүрийг уруулан арван хурууг арзайлгаж байгаад хусах мэт маажаад арилгаад хаячихав. Нялцгар цагаан түрхлээ. Энэ улаач бөөгийн насаараа бол аль хэдийн таван зуун нас хүрсэндэг. Таван зуун настай гэхэд балчир мэт л сайхан царайтай байнадаг. Гэтэл та нар 500 нас хүрвэл манай улаач шиг ийм байж чадахгүй биздээ гэсэн шиг юм яриад л панийлдаж гарав. Тэгснээ үсийг минь сэгсэгнүүлэн арзайлгаж энэ арзгар үсийг будуулахгүй ээ гэнэ. Харин би Япон орж байж л үсээ тайруулана гэж зөрүүдлэж байв. Буурал гэтэл тайруулахгүй гэж зүтгэв. Аргагүй шүү дээ аймшгийн халуун орны Маугли авгай шиг амьдарсан би амьтан айлгасан арзгар сарзгар үстэй байлаа. Ккккк.
Буурал хэлэхдээ: "Та нар бөө нар нүүрнийхээ урдуур самалга унжуулсан байдгийг хараа биз дээ. Улаачын энэ үс тэрний үүргийг л гүйцэтгэхтэй ялгаа юун" гээд л үсийг минь урагш нь унжуулан нүүр бүтээнэ. Харин Хатан Онгод орж ирэн миний үсийг хойш татан чангааж хачин муухай богино байна гэж үглэн миний үс ийм урт байсан гэж зааж өгнө. Хаан харин миний үсийг маш эвтэй хойш нь илж янзалж өгдөг. За тэгээд л Буурлуудын маань ааш аягууд хэцүү шүү дээ. Хүн бүр л өөр өөр болохоор зугааг нь гаргах үстэй байгаа нь их юм. Уур хүрээд халзалсан бол яах болдоо. Зарим нь аягүй бол дэрс хатгаж дэггүйтэж үзэх байлгүй дээ. Юутай ч сэгсгэр үсээр минь буусан Буурал бүр л наадаж оролдож үздэг юм.
Инчёонд дөхөж хоносон айлын эзэн Гуулинд арван хоёр жил болсон ажээ. Монгол эр залуу байхдаа л ирж байжээ. Тэр гурван хүүхдээ гэсээр энэ газар ажилласаар үр дүнг нь үзсэн үлгэр жишээ үлээвэр найрал эцэг болжээ. Гурван хүүхдээ гурвууланг нь зардлыг нь төлөн мэрэгжилтэй болгожээ. Хоёр охиноо Солонгост анагаах төгсгөж, хүүгээ Гонконгт хуулийн сургууль төгсгөсөн гэнэ. Одоо том охин нь Америкт мастер хамгаалж байгаа бөгөөд намар хүүхдүүдээ дагуулан эх орондоо очиж амьдрахаар хүлээн байгаад л сургуулийг нь төгсгөөд аваад явна гэв. Эхнэргүй ч үрсээ өдий болтол авч явна гэдэг мундагаа.
Энэ хүн залуу байхдаа Гуулин улсад 50 гарсан хүнтэй тааралдаад хөгширчөөд хүний нутагт юугаа хийж явдаг байнаа гэж хэлж байсандаа одоо хүртэл харамсдаг. Би өөрөө тавь гартлаа гэтэл яг тэр хүний амьдралаар амьдарлаа гэж байсан. Өглөө намайг Инчёон буудалд хүргэж өгч тусласан та болон үр хүүхэд тань сайн сайхан амьдарч өнөр өтгөн олуул болон Хөх Монголдоо эцэг таныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэн эх орондоо их үйлийг хийж түмэн олондоо нэртэй хүндтэй эмч нар, хуульч болон амьдрахыг ерөөе.
Үргэлжлүүлэн би Гуулин улсын чөтгөрүүд болон энэ улсад амьдрах Монголчуудынхаа тухай төрсөн сэтгэгдлээ бичих болноо. Богино ч гэсэн хугацаанд Монголчуудынхаа амьдралтай танилцан хамт амьдарч ажиллаж үзэж биеэрээ жаргал зовлонгоос нь хуваалцлаа. Сэтгэл сайхантай Монгол түмэн маань эх нутагтаа нуруу тэнэгэр амьдрах цаг ирээсэй билээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.