14. 3. 2012 он
Бүтэн арван цаг онгоцны суудалд арай гэж багтан явлаа. Хөл минь аалзны хөл шиг тэмтрүүлдэж дээш доош аятайхан байрлал их л хайсан ч богино мөчтөнгүүдэд зориулсан энэ онгоцонд миний хөлийг агуулах газар ховор байлаа.
Солонгос улсад буухад сэрүүн салхи ихтэй зэврүүн байсан ч надад хүйтэн агаар их сайхан санагдлаа. Халуун орноос хамт ирсэн нэг хар маань ганц подволктай л байх юм. Түүнийг бодвол би нимгэн ч гэсэн ханцуйтай гадуур цамцтай нэг пүүз олоод өмсчихсөн додигор байлаа. Гуулингийн нийслэл дэхь байрлах буудал руугаа автобусанд суун очиход намайг тус буудалд ажилладаг Монгол бүсгүй маань буудал дээр хүлээн байлаа. Намайг харан сандран тэвдэн тонгочих тэр маш их хөдөлгөөнтэй бүсгүй байв. Дагаад хариугүй тонгоччихсонгүй явсаар буудалд нь ирлээ. Буудлын эзэн авгай намайг хөлөөс толгой, баруунаас зүүн хүртэл сонжин ил цагаанаар л шинжсэнээ хэлэх юм. Юутай ч түүнд таалагдан хөөрхөн байна гэсэн үнэлгээ авав. Хаааахахаха. Яанаа одоо. За угаасаа гадны орныхон манж зантай юм чинь дээ. Харин тэр өөрөө их гялалзуур сэргэлэн авгай байлаа. Хөөрхий сайн хүн бололтой үе үе надад жимс, боов өгсөн шүү.
Энэ буудалд хоёр монгол бүсгүй өглөө, оройн ээлжинд ажиллан хамаг ажлыг нь нуруундаа үүрдэг. Намайг тоссон нь оройн ээлжиндээ гарч буудлынхаа дээвэр дээр амьдардаг. Өглөөн ээлжний монгол бүсгүй ч буулгүй байж байв. Бид гурав бууз, нийслэл салат идэн цаг хиртээ ярин суулаа. Дараа нь ажил төрлөө бодон би усанд ороод унтлаа. Гэвч цагийн зөрүүгээр би өглөө 3 цагт босон майлээ шалган цэгцлэх зуур Мягутай чатлав. Мягутай яг чатад таарсан бөгөөд тэр засал хийлгэх хүсэлтэйгээ хэлэх зуур Солонгост амьдардаг гэх юм. Би яг тэр Солонгост чинь ирчихээд байна. Зав чинь болвол уулзая гээд тэр өдөртөө залуухан сайхан бүсгүйтэй танилцан хотоор яван гадуур өмсөх дулаан хувцас авч цаг агаарын нөхцөл байдлын бэлтгэлээ базаав. Мөн Карлоо маань шөнө ажлаасаа буусан ч өдөр хамт явлаа.
Буурлууд маань намайг буудалдаа байлган халамжилсан бүсгүйг КАААРЛООО гээд л их л энхрий дотно дууддаг. Түүнийг байшингийн дээвэр дээр амьдардаг болохоор Карлосоны нэрээр нэрлэжээ. Каааарлоооо гээд л энхрийлэн дууддаг нь чихэнд хоногшжээ.
Орой буудалд ирэхэд Карлогийн найз нөхөд 3 хүн ирлээ. Энэ өдөр Буурлууд бууж засал хийлээ. Нэг нь нилээн хүнд хүн байсан тул би ихэд огиулан засал хийв.
Тэр бүсгүй заслын дараа өөрсдөдөө тохиосон түүхээ ярьсан юм. Гурвуул амьдрах тэр бүсгүй нэг удаа цэцэг түүх гэгчээсээ ор түүжээ. Ороо оруулж тавиад удаагүй л бүгд маш их биес нь өвджээ. Харин нэг удаа тэр орныхоо тухай өөр Монгол хүнээс сонссон гэнэ. Тэр орон дээр унтсан хүмүүс бие нь муудаж нас бараад байснаас болж тэр орыг гаргаж хаясан байхад нь тэр монгол бүсгүйчүүд гэртээ залчихжээ. Үүний учрыг мэдээд тэд бас орыг гаргаж хаяжээ. Гэвч бие нь их сульдан ядарсан байжээ. Түүний заслыг хийхэд маш их хүч шаардан би ихэд огиулан өмдөө норгож ихэд сандрав. Би өмдөө соличоод алчуураар юбка хийж өмссөнөөс болж Буурал ундууцан хачин юм өмсөв гэж билээ. Буурлууд тэдэнд Бөөгийн тухай ярин бас бөөгийн шиднээс хэрхэн суралцах талаар заасан санагдав.
Тэдэнтэй ярьж суусаар бараг 3 цаг өнгөрөөчихжээ. Өглөө нь тэд маань ажил төрөлтэй ч буурлын сургаалыг сонсон ихэд удаан ярилцан суужээ.
3 сарын 16.
Оройхон унтсан ч өглөөгүүр сайн унтаж амарч чадсан би Карлотойгаа хамт ойрхоны дэлгүүр хэсэн маргаашынхаа Тэнгэрийн үйлд зориулах боов, жимс сүү тэргүүтнийг авав. Карло намайг эрхлүүлэн гоё юм авч өгөв. Яг л миний дүү нар шиг л намайг гоёх гэж хичээн зүтгэн Брэндийн юм авч өгөх гэж хичээв. Буурлуудад алчуур авч өгөв. Бид хоёр дэлгүүртээ кофе уун амттай торт авч идчихээд харьж иртэл Сөүл хотоос хол хотод амьдардаг Мөөгий охин ирлээ. Түүнийг блог уншигч нар мэдэх байхаа. Хамгийн анх удаа нарны зураг аван Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэн туршиж эхэлсэн охин шүү дээ. Мөн надад компьютерээр зурагт гарсан хий үзэгдлүүдийг дугуйлан зурж өгч байсан юм. Их сэргэлэн, жижигхэн хирнээ бөөн хүч энергитэй мундаг охиндоо. Буурлууд түүнийг бяцхан бялзуухай балчир гэж дуудаж байсан. Яг л бялзуухай шиг сэргэлэн жив жив гэсэн сэргэлэн охин байлаа. Орой нь Буурал буун бас нэг хүнд засал хийн мөн Бялзуухай болон Карлотой хууч хөөрөв. Бялзуухай бид хоёр манай өрөөнд амьдарч эхлэв. Карлоо маань биднийг эрхлүүлэн жимс, амттан, өнгө өнгийн уух юм өрчихжээ.
Энэ өдөр засал хийлгэхийг хүссэн бүсгүйг буурлууд Уяа гэж нэрлэсэн юм даа. Тэр эрс шулуун зан чанартай бодож санах юмгүй л ярьдаг нэгэн ч дураараа дургигч бололтой. Буурлуудын хэлж буйг яг тийм ээ, би өөрийгөө л боддог. Таны хэлдэг үнээн л гэх юм. Гэвч түүний хүсэл мөрөөдөл өөр юм. Нэгэн залууг өөртөө тушаад өг хэмээн Буурлаас гуйв. Юу гэсэн үг вэ гэхэд өөр бөө нар хөлийг нь тушдаг гэж сонссон түүнийг минь л тушаад өгөөч гэв. Түүний залуу нь ааш нь хөдлөөд ажилдаа явахгүй зовоож, салах гээд байгаа болон байнга хэрүүл уруултай хэцүү байгаа бололтой. Буурал түүнд тэр залуу чиний юунд дургүйцдэг, чи түүнтэй хэрхэн харьцаж буй тухай ойлгуулан хэлэхэд Яг л таны хэлсэн үгийг тэр надад хэлсээн гэх юм. Тэгэхээр өөрөө өөртөө дүгнэлт бас хийж эх хүнийг хүндэтгэн харьцаж, харын сэтгэлээ хаяхгүй бол хүн тогтооход бэрх тухай нь тайлбарлаж өгөв. Буурал маань Уяасын эр нөхрөөс нь илүү эрүүл мэндэд нь санаа зовон чи өөрийн биеэ хайхар бод хэмээн сургаал айлдав.
"Чи гучин жилийн биеэ авах уу? Гурван сарын залуугаа авах уу?" гэж асуухад Залуугаа авьяааааа л гэх энэ Уяа бүсгүй Буурлын аргыг барав бололтой. "Бид хүний хөл тушихгүй ээ. Чиний хүслийг биелүүлж болох ч нөгөө хүн чинь бас хүн. Тэр ч бас амьдралын сонголтоо хийх эрхтэй. Алив хүмүүнийг буруу аргаар барих маш буруу. Үр хүүхэдгүй та хоёр эртхэн зам замаа бодон, биенийгээ чөлөөлсөн нь дээр бус уу" гэвч ойлгох царай алга байв. Буурлууд ер нь шулуухан боловч битүү утгатай үг их хэрэглэдэг. Гурван сарын залуу гэх учир нь ер нь бол жинхэнэ заяан хань биш түр зуурын юм байна даа л гэсэн утгатай шүү дээ. Гэсэн ч түр зуурын ч бай хамаагүй төрсөн биеэсээ илүү үзэн хайрт залуугаа хөлийг нь хажуудаа тушихыг хүсэх бүсгүй үрийг яалтай билээ.
Аргаа барсан буурал юутай ч гурван өдөр сүү тарнидаж өгнө. Энэ хугацаанд аль болох хамгийн боломжоор нь сэтгэл шулуутгах учигтай. Таарах бол хурдан тааруулан ойлголцуулж саадыг нь арилгах, таарахгүй бол хурдан салгах болно гэхэд Сүү уух дургүй манай хүн гэх юм. Хийх ёстой юмыг нь гүйцэт хийхгүй л бол ганц хоёрхон балга сүү дусаан уулгаад юу л өөрчлөгдөв гэж. Хүсэл, Хясал гэж мөн ч хэцүү юм даа. За юутай ч цагаан сэтгэлтэй ч будилж явдаг монгол бүсгүй минь өөдрөг амьдрах болтугай. Хайр ирж буцаж амьдрал баян байдаг шүү дээ.
3 сарын 17нд
Энэ өдөр өглөө эртлэн бостол Тоншуул маань ирлээ. Түүнийг ч бас блог уншдаг хүмүүс санаж байгаа бизээ. Нэг хуруугаараа тоншин байж анх бид чатаар танилцан байж билээ. Харин одоо тэр тог тог гэж залхуу тоншуул шиг тоншихгүй Тооог тог тог тог гээд л хурдан бичдэг, интернет сайн хэрэглэдэг болсон шүү. Тоншуул маань Гуулин улсад амьдардаг байжээ. Түүний дүү Унгараг бид хоёр анх нетээр маш инээдтэй засал хийж байж танилцаж байсан сайхан дурсамж дүүрэн юм. Унгараг маань угтай байж тааран Тэнгэрийн үйлд оролцохоор Монгол руугаа буцжээ. Тоншуул маань Бялзуухай бид хоёр Сорагсан хэмээх үзэсгэлэнт Хайрханыг тахихаар автобусаар явах гэж байгаад сэтгэл нь зовоод найз залуугаа аваад иржээ. 99 99 гэсэн сүр дугаартай Победа гэсэн сүр нэртэй Сүр залуу жолооч ирэв. Ккккккк азны Коля, бид дөрвүүл болж аваад Сорагсан Хайрханд очсонсон. Угаасаа машингүй бол нилээн их зовох байжээ. Сорагсан Хайрханы ойр очоод бас л машинаа тавиад явган алхаж байх зуураа би бодол болов.
Уул усаа хайрлах удам судартай Монгол түмэн маань одоо тахилга хийх гээд шууд л уулын орой руугаа машинаар мацдаг болсон байтал уул усны амьтайг тэгтлээ мэдээд байдаггүй өөр орнууд ердөө ч уул руу машинаар бүгдийг гаргаад байхгүй л юм байнадаг. Мөн Солонгосууд өөрсдөө уул руу явж их амардаг, их явган алхдаг юм байна. Уул өөд өгсөх зуур үзэсгэлэнтэй сайхан байгалийг харан бахдаж явлаа. Гэтэл зам зуур Буурал одоо болноо. Энэ хадан дээр Монгол бөө бууж байсан түүхтэй. Чи тэнд буух ёстой гэлээ.
Би өргөлийн зүйлсээ амьтан хүний нүд хариулж байгаад аятайхан байрлуулж тавин, сүүгээ өргөж, ирсэн учраа мэдүүлэн Сорагсан уулын эздэд тайлангаа тавин ярилцах зуураа орчин тойрныг тандан байлаа. Өвөг дээдүүдийн минь бууж байсан сайхан хадан дээр би гарсангүй. Ямар гавьяатайдаа тэдэнтэй барьцах мэт ариун буудал дээр нь буухав гээд хажуу дахь сайхан задгай газар нь хуурдав. Машинд хэнгэргээ мартчихсан байв. Хол юм чинь яаж бас очиж авахав. Жолоочыгоо хүндрүүлээд яахав гээд хуураар үйлээ хийлээ. Сорагсан Хайрхан догшин байв. Эхний үед цээж рүү харвагдаж бага зэрэг дотор эвгүйрэв. Хэнгэрэггүй болохоор дайрах нуу гэж бодлоо. Тэгсгээд гайгүй болов. Тэнд өндөр уул, мод, хавцал дунд урсах сайхан голтой үнэхээр бахдамаар сайхан үзэсгэлэнтэй газар. Хуурдах зуураа энэ бүх гоо үзэсгэлэнг нь бахдан дуулж, бас ирсэн хэргээ хэлэн Монгол оронд минь аюул нүүрлэн, дэлхий ээжийг минь мөхөөх хөнөөл ойрхон болсныг сануулмагц Сорагсан уулын эзэн савдаг, лусууд зөөлрөн уухайлав.
Мөн тэнд амьдардаг Монгол түмнээ даатган мэдүүлж, Нарнаас илч, амийг дуудан Сорагсан хайрханаар тараахад өндөр Хайрханы дээгүүр сааралдуу гэрлэн бөөн бүрхүүл энгийн нүдэнд ч үзэгдэхээр хуримтлагдав. Би санамсаргүй Бялзуухай болон Тоншуулаас түүнийг харж байна уу, бид ажлаа амжилттай хийж чаджээ гэтэл тэр хоёр шууд харж чадсанд би гайхлаа. Күэ мөн мундагаа. Мөн жигүүртний хаан элээ минь эргэлдэн нисэв. Түүний гадуурхи аура буюу гэрлэн бүрхүүлийг харж чадаж байна уу гэтэл тэр хоёр: "Яг тийм байна. Гадуураа бөмбөлөг дотор яваа мэт хүрээтэй байна" гээд хэлж чадав. Тэд байнга "Тэнгэр Монгол Газар" дуудлагаа хэлсээр энэ бүгдийг хардаг болчихсон байв. Харин Победа харж чадсангүй. Тэр маш даруухан дуугардаггүй залуу байв. Элдэв шүтлэггүй тэрээр гэнэт л тэр өдөр яваад өгье гэхэд нь эхнэр нь их гайхсан гэж дараа нь хэлсэн.
Бид ажлаа амжилттай дуусгаж чадлаа. Хэрэв тэнд амьдардаг Монголчууд болон бусад хүмүүс Сорагсан ууланд гаран бидний бөөлсөн газар амран сууж эрчмээ авах Тэнгэртэй харьцахад маш их энерги өгөх бөгөөд хад нь мууг нь шингээн авч цэвэрлэх юм шүү дээ. Иймд Монголчууд маань өөрсдөө очоод эх нутагтаа ирж чадахгүй байгаа ч Эзэн Богдынхоо амилуулан сэргээсэн тэдэнд зориулан бөөлсөн газраас эрчмээ аван Тэнгэртэйгээ харьцан биеэ хамгаалж байгаарай.
Бид буцаад Сөүлд ирэн Мягугийнд амласан ёсоороо ирэн тэднийд хонолоо. Энэ өдөр Мягугийн маань найз дөрвөн хүн ирж засал хийлгэв.
3 сарын 18нд
Өглөө Тоншуул болон Победа хоёр маань 99 99 сөөр ирлээ. Энэ өдөр ч жолоо барин Тэнгэрийн үйлд туслахыг зөвшөөрсөнд би их баярлалаа. Энэ өдөр маш чухал өдөр. Монгол дайчдынхаа сүнсийг цуглуулах өдөр. Зам зуур Тоншуул Монгол руу ярин эрчүүддээ баярын мэнд хүргэв. Удгаан та нөхөр лүүгээ ярих уу гэв. Хэхэхэ цэргийн баяр гээчийг би ёстой мэдсэнгүй. За яашиг яашиг тэр муу намайг явхад дургүй хүргэсэн тас гүрийнээ гэж бодоод ярихгүй ээ гэв. Ер нь Гуулинд ирснээсээ хойш гэрийхэнтэйгээ холбоо барих завгүй өдөр өнгөрсөн байв. Заза амьд л яваа юм чинь түвэг зүгээр өнөөдөр цэргийн баяр байдаг нь сонин юмаа гээд их бэлэгшээн бодлоо. Гэнэт...Цэргийн нөхрөө хөөөөөө Цэрэнтэйгээ хоюулаа хөөөөөө Цэргийн нөхрөөө хөөөөө Цэрэнтэйгээ хоюулаа хөөөөөөө гээд л энэ хоёр бадгийг дуусахгахгүй үргэлжлүүлэн дуулж инээд хүргэж байсан нөхөр маань санаанд орлоо. Тэр мууг санахгүй, санахгүй гэж бодлоо тасласан ч инээд хүрэв. Марзан амьтан шүү. Хөөрхий тэр цэрэг байсан бол ямар гоожуур байх байсан бол гэж төсөөлөн бодсоноо гэнэт Үгүй эээ тэр мууг би санахгүй, санахгүй гээд л бодлоо хөөж орхив. Гэгээнийгээ тэвэрч унтмаар санагдана. Тэр маш их тонгочин ороор тэнэж унтдаг бөгөөд үе үе би сэрээд татаж авчраад хажуудаа хэвтүүлэн тэвэрдэг юм. Мөн Солонгост ирсэнээс хойш их ажилтай байсан учир нилээн ядарчээ.
Холын замд явж машин дуугарах хүмүүсийн яриа сонсоод байсан ч миний бие тусдаа хурхираад байгаа мэт нэг хачин тагларах юм уу хяхтнаж дуугаран цочиж сэрэв. Миний толгой унтаагүй байхад бие яагаад тусдаа хурхираад байнаа санаа зовмоор юм гээд жолоочоосоо санаа зовов. Бие маань ядарсан бололтой чааваас гэж. Хөгширнөө гэж утга алга. Зорьсон газраа ирлээ. Намхансан хэрэм гэж Монгол цэргүүд Гуулин улсад довтолж ширүүн тулаан болж байх үеийн түүхийн дурсгалт газар юм. Өндөр уулаар ороон барьсан энэ хэрэм түүх болон үлджээ. Дайтан байлдан байсан орнуудын үр удмууд харин одоо эв найртайгаар бие биендээ туслан амьдарч, бие биенийхээрээ орж гаран байх нь гайхалтай. Түүх гэж сонин юм шүү.
Бид хэд гол хавьд нь машинаа зогсоочихоод салаа замын хаагуур явахаа мэдэхгүй ташинаас гарав. Газар нутгийн байрлалыг шинжин үзээд Буурлууд буух газрыг заалаа. Эгцдүү өндөр газар луу мацан сайхан байрлал эзлэв. Надад зориулсан мэт сонин тогтоцтой модон дунд би тухлав. Намуун боловч наргүй бүрхэг өдөр байлаа. Бялзуухай, Тоншуул, Карло, Победа болон би гээч таван дайчин байрлалаа эзэллээ. Тэд маань алгаа дэлгэн сууж Тэнгэрийн үйлийг дэмжив. Хэнгэрэг болон хуураар хуурдаж байтал нулимс асгаран мэгшүүлэв. Дараа нь Буурал биднийг эхийн тухай дуу дуулуулж бас нутгийн дууг дуулуулав. Тэнд хийх үйлээ үргэлжлүүлж байх зуур салхи сэрчигнэн босож үе үе навчис хөөрүүлэн мэдрүүлэв. Гэтэл энд тэндээс олон шувууд цуглав. Мөн шаазгай шагшран Буурлуудтай хуураар ярилцав. Шаазгай шагшраад дуусангуут Буурал хуурдан, хуурдаж дуусангуут шаазгай хариу өгөн ярилцав. Үүнээс өмнө хуурдаад удаагүй байтал намайг гутлаа тайлан, мөн гарын алгаа наан шалгуулахыг хүссэн билээ. Би гутлаа тайлан хөлөө газарт хүргэн мөн гарын алгаа модонд нь наав. Хэсэг хугацааны дараа зүүн гарын алга их л загатнаж үрлээ. Эзэн Богдын улаач мөн эсэхийг лавлан шалгаж байж энэ бүхэн болсонг бодохоор бас л Чика байна даа хэхэхэ.
Тэнгэрийн үйл амжилттай дууссаны дараа бид уулнаас буугаад тэндээсээ Сартай жанжин амиа алдан оршуулсан дурсгалын хөшөөн зүг 99 99- длөө. Бараг цаг хиртэй яваад Сартай жанжины хөшөөнд ирэн хүндэтгэл үзүүллээ. Гэтэл энэ үед Сартай жанжины удмын хүн хамт байгаа тухай Буурлууд над мэдэгдэв. Хэн нь юм болоо. Ямар сонин юм бэ гэж бодов. Жанжины хөшөөнд хүндэтгэл үзүүлсэний дараа нэгэн шувуу дээгүүр эргэлдэхэд харав. Хөх гэрлэн бүрхүүлтэй тэр шувуу эргэж буцалтгүй дэвэн дэвсээр одход нүдний нулимс урсан дотор гуниг болон баяр зэрэгцэв. Яасан ч хөөрхөн яасан ч өрөвдөлтэй юм дээ. Бид сүүгээ өргөн ёслолоо дуусгаад эрсэн замаараа сурсан дуугаа дуулсаар буцлаа.
Газар мэдэхгүй хүнд энэ газруудаар явна гэдэг үнэхээр хэцүү. Гэвч 99 99 монгол чийчаанд маань зам заагч байсан тулдаа бид түүгээр заалгасаар зорьсон газрууддаа саадгүй хүрсэн билээ. Зогсоогүй үглэх тэр солонгос эмэгтэй зам заагчыг би шоолов. Чигээрээ чигээрээ гээд л чигээр нь явуулсаар байгаад л зорьсон газар маань хүргэв. Гуулин хэл мэдэхгүй би түүний үгийг сонсоод харахаар л чигээрээ л явсаар байгаад очдог болохоор Чигээрээ чигээрээ л гээд байгаа юм байлгүй дээ зайлуул.
Бид Тэнгэрийн даалгавраа амжилттай дуусгаад Бялзуухай маань буцаж, Карло дээвэр лүүгээ нисэн би Тоншуулынд шавар хаахаар очлоо. ККККККК. Тоншуулынд бараг шөнө ирэхэд түүний хүү болон хоёр найз нь уулзахаар тэсч ядаад гүйгээд ирэв. Тэдэнтэйгээ цаг гаран яриад амрах боллоо. Би тэдэнд бөөгийн тухай хальт ярьж өглөө.
3 сарын 19
Өглөө босоод удаагүй байтал Побэди маань эхнэртэйгээ ирлээ. Тэд бүтэн гоё торт авчирч би бараг бүгдийг нь цааш харуулсан байхдаа яанаа одоо. Ичмээр юм. Гэвч амттай байлаа. Харин нэг сонирхолтой юм нь нөгөө Сартай жанжины үр сад гээд байсан нь манай Победа минь болж таарав. Сартай Жанжин түүнд дамжуулан хэлсэн зүйлийг Буурал дамжуулан хэлж өгч тусгай хувь заяагаар бид уулзалдсан тухай тайлбарласан юмдаг. Жанжины үр удам байжээ манай монгол залуу маань. Тун магадгүй шүү хэмээн би бодлоо. Учир нь визагүй байж бөөн зориг БӨӨ хүнд үйлчлээд машинаараа хол яван хэнгэрэг пижигнүүлж, хуур хуурдуулан амьтан хүний анхаарал татан баригдахаас айхгүй байна гэдэг гайхалтай биз дээ. Тэд маань Монгол руугаа харьж ирсэн учраас санаа зовох юмгүй визагүй явсанг нь биччихлээ. Аянгат ч гэж Аянгат хүн амьтанд гай тарьсан бол яанаа. Нэгээс бусад нь бүгд визагүй нөхдүүд байсан байтал уул хадаар дуу дууллуулсан шиг алхуулаад байхдаа яахав дээ. Тэнд хөл хөдөлгөөн ихтэй хүмүүс их л нааш цааш уул руугаа алхдаг газрууд байсан.
Энэ өдөр орой Мягугийн найз нараас бас ирж засал хийлгэв. Өмнө нь тэднийд очиж засал хийлгэж байсан хүмүүсийн царай зүс өөрчлөгдөн шал өөр болсноос болон хамт ажилладаг хүмүүс нь ирхээр болон засал хийлгүүлэв. Мягугийнд хонох өдөр нэг охин нөхөртэйгөө бас нэг ах нь ирж байсан юм. Тэр охин бөөд огт шүтлэггүй үзээ ч үгүй бөгөөд ямаршуу юм гэж харж танадахаар ирсэн билээ. Гэвч заслын дараа тэр бүгдийг нүдээр үзээд л итгэж үнэмшин ярьсан билээ. Тэр охин хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, маш хичээнгүй охин байлаа. Заргын Тэнгэртэй тэр охин өөрийгөө яаж мэдхэв дээ. Гэвч хүний газар олон жил амьдарсан учир түүнд муу юм дайран орж түүний сайхан сэтгэлийг байнга хорлон бусад хүнтэй дайсагнуулан бусад хүнд өөрийгөө ойлгуулхад нь тэр муу ямагт саад болж байжээ.
Маш өндөр мэдрэмжтэй тэр охин ч засал дунд л шууд өөрийн биед орогносон муу сүнсийг мэдрэн: "Хурдан энийг аваад өгөөчээ" гээд л уйлаад байв. Хубилай жанжин энэ өдөр буужээ. Тэр тайван гэгч нь инээгээд л "Байж л байг л дээ. Чи бидэнд итгээгүй турших гэж ирсэн биз дээ. Хүсвэл чи наадахтайгаа байж болно. Хүсэхгүй бол бид авч өгч болноо" гэхчилэн хөөрхийг уйлуулна. Гэвч зөөлөн сэтгэлтэй жанжин маань удаан охиныг зовоосонгүй тэр хар сүнсийг нь хөөж өгөөд түүнийг тайтгаруулан үнсэн хайрлаж "Сайхан охиныг минь эзэгнэсэн мууг нь зайлуулж өглөө" гээд ямар учиртайг нь маш сайн тайлбарлаж өгч байсан юм. Түүний зовлон шаналал тэр бүгдийг нь өргөс авсан мэт л арилгаж өгөн Тэнгэрийн үйлд шамдан түмэн буман олонд сайхан сэтгэлээрээ хариу нэхэхгүй тус хүргэж явахыг түүнд ерөөсөн билээ. Ажилдаа төрөл арилжин очсон энэ охиноос болон нөгөө хоёр охин нь энэ өдөр шөнө дөхүүлэн ирлээ.
Мөн энэ өдөр алс холын хамгийн зэлүүд хөдөөнөөс нь бас нэг монгол хүүхэн зорин байж ирлээ. Түүнийг ирхэд Буурал буусан байсан бөгөөд Хатан байж таарав. Түүнийг орой хоноод яваарай алс газраас зорьж ирсэн охин минь. Би одоо үдлэх гэж буй тул бүү гомдоорой. Чамтай уулзах хүн нь тусдаа бий гээд үдэллээ. Түүнийг Буурлууд Бөөр гэсэн учраас Бөөр нэртэй болов.
Учир нь тэр бүсгүй хайртай хүнийхээ төлөө иржээ. Тэр нь Солонгос нөхөр нь байлаа. Тэр нөхөр нь хоёр бөөргүй бөгөөд монгол бүсгүй маань түүнд Донор болон өрөөсөн бөөрөө өгөх хүсэлтэй байжээ. Буурлууд түүнийг Гуулин эрийн Бөөр бүсгүй гэж дуудаж байснаас Бөөр нэртэй болов. Юм гэж маш сонин юмаа.
Өдөр Тоншуул маань сайхан сүүтэй цай чанаад хуушуур хайрав. Гэтэл Есүхэй дээд эцэг орж ирэн тэр хоёртой ярингаа цай уун, хуушуур иднэ. Хоол гэхээр л хэн орж ирдгийг чи мэднэ дээ гээд надтай инээд алдан хэлэв. Есүхэй дээд эцэг өтнө нь хүнтэй уулзаж байгаагүй ч намайг хоол чанах үед ч юм уу нуруу жаахан бөгтийлгөөд хүзүү нугдайлгаад л ороод ирдэг учраас хөдөлгөөнөөр нь танитал инээн байж: "За хоол гэхээр л би байж таарвуу хахаха. Өвөг нь идсээр байгаад л хордож үхэж байлаа шүү дээ. Тэгсэн ч идсээр л явна даа хахаха" гээд л хууч хөөрөн тэр хоёрт өөрийгөө таниулан нэр алдраа хэлэв. Тэгээд Бөөр бүсгүйд: "Чиний дээд өвөг надад тус болж байсан удаатай. Иймээс бид чамд тус болох л ёстой хүмүүс. Бид найзууд байлаа" хэмээн яриад түүний биеийг эмчилж өгөв. Тэгээд нөхрийнх нь зургийг авч үзээд хэрхэн муу юмыг нь хөөх аргыг нь зааж өглөө.
Учир нь тэр нөхөртэйгөө 6 жилийн өмнө авахуулсан зургаа үзүүлтэл нөхрийнх нь хүзүүн дээр 3 чөтгөрийн зураг хөх нүд царайтайгаа маш тод гарсан байлаа. Тэр бузрууд ханийг нь хорлож биеийг нь барсан тухай тайлбарлаж хэлэв. Түүнд хэлхэд зургаа хараад олж чадсангүй. Харин Тоншуул харж чадлаа. Ингээд зургаа дахин аваад томруулж хараад дуу алдан айлаа. Маш тод гарсан чөтгөрүүдийн зургуудыг хараад Тоншуулын дотор муухай оргив. Нөхрийнх нь хүзүүний зүүн талд шигджээ. Бөөр маань дуу алдан хүүе яанаа яг миний хошуугаа нааж унтдаг газар байна гэхэд бид инээлдэн нөхрөө биш чөтгарийг нь үнсэж унтдаг юм байна гээд л баахан баясав. Бид гурав халуун дулаан яриа өрнүүлэн их л хөгжилтэй байлаа. Хүний амьдрал гэж тааж баршгүй хачин. Хэдэн жилийн өмнө түүний хадам ээж хүүгээ эхнэр авахгүйд санаа зовон Солонгос бөөд үзүүлхэд Монгол хүүхэнтэй сууна гэсэн гэдэг. Гэтэл Бөөр маань явж очоод суучихсан байдаг. Хувь тавилан л юм байхдаа. Бөөр нөхөртөө ихэд хайртай. Өвчтэй зовлонтой түүнийг өвчтэй гэлгүй асран хамгаалж эрүүл саруул болгочих санаатай л хүний газар амьдран зүтгэнэ. Хүнийг хайрлах хайр гэж сонин юм шүү. Азтай гуулин эр шүү.
Монгол сайхан хүүхнээр асруулаад л байж байдаг. Та бүхэн мөнгөнд болсон гэж бүү бодоорой. Тэр хүн өвчтэй учраас хамаг л байдгаа эмчилгээнд барсан бөгөөд Бөөр маань ажиллан хоёр биенийгээ болгоно. Ямар нэг учиртай болоод л хаа холын энэ хоёр амьтан биендээ түшиг болж байгаа юм байхдаа. Сэтгэлээр баян байвал одоо яахав дээ. Маргааш нь бөөр бид хоёр дэлгүүр явахад Бөөр өөрийгөө их эрч хүчтэй болж ядрахгүй байгаагаа гайхан яваад л байсан. Тэр бас л хүмүүст туслан Тэнгэрийн үйл хийхийг хүсэн мөрөөдөж явдаг нэгэн байлаа. Хүн чанар, тусч өрөвч сэтгэл нь дийлээд хүний өвчтэй хүнд хань болон хаяхгүй амьдарч яваа энэ монгол бүсгүй маань Хөгшчүүл болон Шоронд хилсээр орсон олон түмэн залуусын төлөө сэтгэлээ чилээн нойргүй хонож шаналдаг ажээ.
Есүхэй өвөг түүнд олон сургаал айлдан хүсэл мөрөөдлөө биелүүлэх арга зааж өгөн эрчтэй хүчтэй амьдарч хөгшчүүл болон шоронд орсон хүмүүст туслах сэтгэлийн тэнхээ бэлэглэхийн тулд их зүйлийг сурч зааж өгөх арга зааж өгөв.
3 сарын 20
Алсын газрын Бөөр бүсгүй бид хоёр энэ өдөр Сөүл явав. Тэнд бид Монгол таун гэдэгт орлоо. Бөөр энд нэг үсчин бүсгүйтэй уулзана хэмээн хүлээж байтал түүний эртний танил эмэгтэй таарав. Хамаг нүүрээ үрчийлгэн, бие нь өвдсөн тэрээр эмнэлэгт үзүүлэхээр дагуулж явахыг гуйхаар хүн хүлээн зогсоо аж. Чихээр нь хатгаж өвдөөд маш их хэцүү байна. Сүүлийн хоёр хоног ер унтсангүй. Одоо ч аймаар хатгаад байна гэж зовиурлан шаналах ажээ. Зүүн талын чихээр хатгуулаад дээрээс нь дагаад зүүн талын бүх юм өвдөөд байна гэж ярих түүнд Бөөр: "Хөөе чи азтай юмаа. Чингис удган энд явна. Үзүүлээд ав" гээд палхийтэл хэлж орхив. Би их ичлээ. Яанаа ямар эвгүй юм бэ? гэж бодоод жаахан холхон очоод зогсов. Гэвч тэр хүүхний биеийг мэдрэн дагаад л би өвдөөд уналаа. Тэгтэл үсчин жавхаатай бүсгүй ирлээ. Бөөр түүнд миний тухай хэлээд Чихийг өрөөнд чинь үзүүлээдэхье гэхэд уриалгахан гэгч зөвшөөрч надаас сэжиглэж цэрвэсэнгүй.
Би өөрөө барьж өвчнийг нь авах санаатай байтал Буурал дайрч орж ирэх гээд байв. Буурал орж ирэх гээд байнаа. Ус өгөөч гээд би уугаад түүнийг оруулахгүйдээ гэв. Гэсэн ч би ямар дийлэх биш. Сайхан гар Буурал Сөүлийн Монгол тауны үсчинд буучихлаа. Би уг нь тэр өдөр урт юбкатай явж байсан ч Мань хүн орж ирээд маажийтал алхан юбкийг минь сөхөж барьчаад л алхав. Ккккк энэ маажиг чинь Хувилай жанжин мөнөөсөө мөн дөө. Цэвэрч нь дэндүү тэрээр гараа арчин угааж байгаад л Чихийн чихийг нь төөнөн эмчилж гарав. Хэсэг хугацаан дараа өвдөлт нь намдаж царай нь засраад ирлээ. Засал дуусаад Бөөр бид гаран нэг өндөр хоршоо ортол Чих маань биднийг даган явав. Би санаа зовон эмнэлэгт үзүүлээрэй гэхэд одоо өвдөхгүй байна. Харин маш их нойр хүрээд байна яг унтах нээ. Харьж унтлаа гээд явчихлаа. Бөөр алс холын хүн учраас намайг автобусны буудал хүргэж өгөөд буух буудлыг хэлж өгөөд бид салцгаав. Бараг цаг явах учир би тайван гэгч элдэв дэмий балай юм бодон явлаа. Өнөөдөр Бууралдаа авсан хилэнцээ толин дээрээ хэрхэн тогтоох тухай бодол болов.
Яваад л байв яваад л байв. Манай гэртэй адилхан байшин өнгөрөв. Энэ Солонгосын байшингууд юун ч адилхан юм хоорондоо, малгай тавибал манайхаа гэж манайхтай адилхан байшин байна гэж бодоод явж байтал автобус зогсоод жолооч нь намайг харан цочив. Ккккк манайхтай адилхан байшин байна даа гэж бодсон байшин чинь манайх л байсан байна ш дээ. Тэр аль хэдийн өнгөрсөн бөгөөд би сайн дураараа автобусны кондуктор хийгээд эцэс орчихсон байлаа. Польшид би бас нэг удаа автобусны эцэс хүртэл кондуктор хийсэн юмдаг. Хахахаха газар газар очиж кондуктор хийдэг болохнуу хахаха гэж инээд хүрээд буудал болоод байхад сануулахгүй яаваа гэж Буурлуудаа загнаад буулаа. Буцаад л өөр автобусны кондуктороор орж суулаа. Нөгөө манайх шиг байшиндаа буугаад ортол манайх мөн байлаа. Ортол хаалга үүд нь цоожгүй байв. Тоншуул шөнө ээлжийн ажилдаа явж дээ. Энд хулгайч байхгүй болохоор амар юмаа хаалгаа түгжихгүй гэж бодсоор усанд ороод гарч иртэл Тоншуул сандарчихсан байж байлаа.
Тэр намайг автобусанд суусан сургаар бүхэл бүтэн дөрвөн автобус өнгөрөөсөн гэнээ. Сүүлийн автобусуудад нь шагайгаад УДГААН гэж хашгирсан гэнээ. Хааахахаха яанаа одоо. Гуулингууд гайхсан байхдаа. Нэг амьтан шагайгаад Уугий гээд орилчоод буугаад байхаар нь яаж Гуулингийнхаа Шар Хаданд заагаад өгчөөгүй юм. Тэр намайг төөрчлөө гээд сандраад л такси авч автобусны буудлуудыг нэгжиж үзжээ. Мөн Победиг дуудаад л хамт сандарчээ. Би чинь олон газар орноор ганцаараа явж кондуктор хийдэг хүн шүү дээ. Кккккк. Хөөрхийгөө сайн сандраачихсандаа санаа зовов.
Ер нь Тоншуул бол маш ухаантай эмэгтэй байв. Алив ямар нэг юмыг уужуу тайван хандаж шийдэхийг хичээдэг гайхалтай зан чанартай хүн бүрийн аргыг олдог шулуун шударга бодсоноо шулуухан хэлдэг хүн байлаа. Би Гуулинд ирсэн учраас шөнө ажил хийж мөнгө олохоор боллоо. Шөнийн ээлжинд гаръяа тэгье гэж байснаа ядраад байна маргааш гаръя гээд загнуулав. Өөө новширдог гэжийш дээ гээд л Тоншуул намайг загначихаад өөрөө ажилдаа явсан юмдаг. Хахаха маргааш нь амласнаараа ажилдаа гарахгүй бол алуулах байлгүй дээ. Мөн Тоншуул тэнд хүний наймааны босс хийдэг байж таарав.
Тэр их сонирхолтой ажил байлаа. Солонгост үйлдвэрүүд ажил нь ихсээд ирэхээрээ хүн хайгаад л бөөн юм болдог юм байналээ. Өөрсдийнх нь хүмүүс ажиллахгүй учраас гадны хүмүүсийг хайж олох гэж хэцүүддэг болтой. Тэгээд л өглөөнөөс эхлээд л Тоншуул боссын утас хангинаж Со эздүүд нь орой ажилд гарах хүн олж өгөөч гээд л гуйна. Бас нөгөө талаас Монголчууд бас ажил захина. Эрэгтэй, эмэгтэй төдөн хүн тэнд энд хэрэгтэй гээд л баахан үйлдвэрүүд захиалга өгч Эр, Эм хүнүүсээ олох гэж асуудал болно. Хальт сонсоход хүний наймаа л явагдаад байгаа мэт энэ яриаг сонсоод хүний наймаачдын босс хатагтай Тоншуул гэж би шоолно. Со эздүүд нь цагтаа цалингаа өгч амжихгүй бол Тоншуул өөрөө мөнгийг нь өгчихөөд дараа нь цалинг нь авна. Гэвч тэр хүмүүст туслаад 100н задгай мөнгөн вон ч авахгүйгээр хүмүүст тус болно. Тоншуул надад буух буудлаа хэлхэд маш амархан нэртэй байсан. Монголчилж ойлгох дуртай надад бол УСАН ЖҮҮС гэхэд л амархан цээжлэгдэв. Үүнийгээ жаахан аялга оруулаад ар өврөөс нь сунгачихвал сайхан Гуулин нэр болчихно. УУУСААААН ЖҮҮҮҮҮҮСҮҮҮ гэхэд л болоо ККККК.
Магадгүй нөгөө газар заагч хүүхний тархинд хийчихвэл Ааааяяяяянгааатааа УУУУУсаааан ЖҮҮҮҮҮҮҮСҮҮҮҮ чииигээээрэээээ чиййгээрээ л гэсээр байгаад манай гэрт аваачих байхдаа.
Ажилд гараагүй новширсон өдрөө би мэрэгжлийнхээ арбайтааагаа хийлээ. Тоншуулын хүү болон хоёр залуу хүүг дуудан тэр гурвын заслыг шөнө хүртэл хийлээ.
Тэдний заслыг хийж дууссаны дараа Эзэн Богд Чингис Хаан маань энэ гурван залуу хархүү нартай уулзахаар буулаа. Хаан тэдэнтэй удаан ярилцан олон сургаал айлдав. Харин өмнө нь заслыг нь хийсэн буурал маань их шооч Буурал байлаа. Тэр гурав зүүлтүүдээ амилуулж авсан бөгөөд гурвуулаа лаг лаг алт мөнгөн зүүлт авчээ. Мөн засал хийгдэх явцад ээмэг зүүсэн байснаас болон шоолуулав. Хамгийн том биетэйг нь Их хатан дундахыг нь Дунд Хатан, бага залууг нь Бага Хатан хэмээн шоолон Гурван Хатан нэртэй боллоо. Эм хүн шиг ээмэг зүүчихэж Хатан юм уу гээд л Хаааахахаха шоолон инээж байсан. Тэр гурвын байранд чөтгөр байгааг нь сануулан тэднийг хэрхэн хөөх тухай зааж өгөн сургалт явуулав. Мөн тэр гурвыг дагасан Чөтгөрүүдийг өөрсдөд нь мэдрүүлснээс болон гурвуулаа шүлсээ савируулан нэг нэг цагаан салфетик барин шүлсээ арчин байлаа.
Буурал тэр гурвын дунд нэг хувин тавиад хувинг тойруулан суулгав. Ингэхдээ завилсан хөлүүдийг нь өвдгөөр нь нийлүүлээд мөн толгой нарыг нь нийлүүлэв. Дундаа байх хувинд савирсан шүлсээ асган байлаа.
Харин заслын дараа буусан Эзэн Богд маань: "Миний хэлснийг сайн санаж яв. Та гурвыг зүгээр л тэгж суулгаагүй. Та нар өвдөг толгойгоороо нийлэн байсан шигээ нэгдэн нягтарч нэг л муу юмыг хүчээ нэгтгэн нэг зорилготойгоор даран хийх хэрэгтэй. Та нарын шүлсээ хаян мууг зайлуулах сав тань нэг л байсан. Муу бүхнийг нэгдсэн нэг хүчээр зайлуулах хэрэгтэй. Нэг нэгээрээ биш нийлж хамтарч хийж сураарай" гэж захиж байсныг санав. Мөн маш олон сургаал айлдан Монгол газар нутаг, эх орон чинь эзэнгүйдэж байна. Эд мөнгөний төлөө биш энэ толгойгоо ажиллуулан хүний газраас бурууг биш зөвийг суран эх нутагтаа эргэж заавал очин зөв амьдрах арга заасан. Ээжийгээ хэрхэн хүний газар хүнд ажил хийж байгааг нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн болохоор ээжийгээ хайрлан асарч олсон хэдээ дэмий зүйлд биш хэрэгтэй юмандаа зарцуулан ухаантай амьдрахыг сургаалдаа айлдаж байсан.
Мөн тэр гуравт ГАНСыг хэрхэн ашиглах зэвсэг болгох тухай зааж сургаж байлаа. Харин Их Хатан тэр шөнөө очоод унтах гэтэл тэдний байранд байх Чөтгөр дайрахыг биеэрээ мэдэрч Буурлуудын заасан аргаар тэмцээд хөөсөн тухайгаа ээждээ ярьж өгчээ. Тэгэлгүйдээ. Тэнгэрлэг Монголчууд юм чинь бүгдийг хийж чадна шүү дээ. Өөрсдөдөө итгэлтэй байх хэрэгтэй шүү МОНГОЛЧУУДАА.
Ер нь Солонгост Буурлууд маань заслынхаа хажуугаар хэрхэн муу юмыг танихав, түүнийг яаж устгаж биеэ хамгаалах тухай сургалт явуулаад байсандаг. Миний улаач үргэлж энэ Гуулинд ирж чадахгүй өөрсдөө биесээ хамгаалж Тэнгэрлэг заяагаа ашиглаж сур хэмээн зааж өгч байсан юм. Газар дээр нь эд материалуудыг сайн мууг хэрхэн ялгах арга заан туршиж үзүүлэн өөрсдөөр нь хийлгээд дараа нь тэднээр өөрсдөөр нь цэвэрлүүлж сургаж байснаас болон маш удаан хугацаагаар бууж байлаа.
Нөхөр маань зөндөө майл явуулсанг өнөөдөр л олж авлаа. Өнөө доктор профессор чинь Кисс юу ч гэх шиг хазгай хэлээр хайр сэтгэлээ илэрхийлдэг болчихож. Би хазгай хэл мэдэхгүй учраас төрөлх Монголоороо бичтэл нь гүрийнээ хөө гэж бодоод л шилбэлзэв. Монгол авгайтай юм уу Англи авгайтай юм уу хаашаа юм бэ энэ чинь одоо. Шөнө бүр унтахдаа Гэгээнийгээ чирч авчирч тэвэрдэгээ бодон тэврээд унтахыг хүснэ. Харин нөхрийгөө болохоор зүүдэндээ зад хэрэлдэж байгаагаар хэд зүүдлээд чухам ууртай сэрсэндэг. Өө хөгшин намайг хаяад Нэг арван наймтай бололтой шуламтай суучихсан болтой. Тэгээд явах мөрөөрөө явахгүй ирж гайхуулаад байна гэж зүүдлээд чухам л ууртайгаар сэрсэн ш дээ. Яанаа одоо Ккккккк. Хэцүүхэн ч юм даа золиг гэж. Санахгүй ээ санахгүй мэдүү яадын гээд бодлоосоо хөөсөөр байтал яахаараа зүүдэнд ордог байнаа. Буурлуудад уурсан битгий надад элдэв зүүд зүүдлүүлэн намайг зовоо гэж сануулав. Хичнээн уур хүрвээ зэвүүн гэдэг нь кяххххххх. Яршиг зүгээр Тэнгэрийн ажилдаа ядаж байтал бас юун гэр бүл нөхөр мөхөр зүүдлэх гэж хар ядаргаа. Тэндээ түр зуурдалгүй бүр зууралдаж хар хүүхэнтэй суувал таарна гэж уурсав. Юун зэвүүн зүүд зүүдлэн уур хүрвээ. Хайн ер нь яахаараа эр эм хүмүүс хамт зууралдаж байхаар бүтээгээвээ.
Өнөөдөр л интернеттэй учран золгон байж цаг зав гарган түүхнээсээ бичлээ. Одоо Арлын Наран улсад байгаа учраас бас л завгүй хариалган байна даа.
Увааааа яасан урт юм бэ бүх болсон явдлуудаа санаж бичнэ гэдэг бөөн ажил байдаг юм байна. Маш завгүй байснаас болоод би юу ч тэмдэглэж авч чадаагүй. Цааш өдрүүдийн сонинг заваа гарахаар бичье. Мөн зургууддаа нүүрэндээ ТМГ дуудлагаа нааж байж блогт оруулах гэж бөөн ажил юм байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.