За тэгээд Аянгат эх орондоо богино хугацаагаар долоо хонохдоо өргөөнийхөнийгөө ч шуугиулан, өөр бусдыг ч шуугиулчихав. Бөө группэд ярилцлага хийе гэж урьжээ. Заа л гэлээ. Дөрвөн хүнтэй ярилцах биш байцаагдан заалгах өдөр байсан болтойдог. За тэрний тухай бичээд яахав дээ бэлэн юм чинь хуулаад л блогтоо тавьчихсаныг хүмүүс уншина бизээ. Харин би завгүй байсан учир бодлоо бичиж амжсангүй байсаар олон өдөр өнгөрчээ. Янзтай сайхан эд мөрийн баримтуудаа блогтоо тавьлаа. Хэдэн зууны дараа ч энэ ярилцлага уншигдан өнөө цагийн мэдэмхий хирнээ таг харанхуйн жишээ бөөнүүдийг тольдох болно доо.
Энд нэг л юмыг ойлгосонгүй. Бөө биш бөө судлаач, бөөг захирдаг хүмүүстэй уулзсан юм байлгүй. Бөө хүн бол Улаач нар Онгодынхоо заавраар уул усаа тахиж, үйлээ хийдэг гэдгийг мэдмээр л юм. Мөн хачин аа. Хар элгийн уул нуруу тахилаа гээд л загнаад байхын. Харь элгийн газар амьдарлаа л гэх юм. Би нөхөр хүүхдээ дагаад явахгүй яах юм болоо. Бид бөөгөөр хоол олж иддэггүй, сурсан мэдсэнээрээ хөдөлмөрлөж хоолоо олж иддэг улс. Бөөгийн зан үйлийг бол би цэвэр Онгодуудынхаа хий гэснээр л хийж хоол олох хэрэгсэл, бизнес болгодоггүй хүн. За энгийн нэг бариа засал байтугай Чөөгий хөөх, Хараал хариулах гээд л хүнд үйлүүдийг хэзээ ч манай онгодууд үнэлэн цэгнэн өргөл барьц нэхэлгүйгээр л интернэтээр ч хийж, энгийн нэгэнтэй уулзан ч хийж өгдөг.
Гэтэл энэ бөөгийн группын хүмүүсийн ухаан санаанд Онгод утас барих ёсгүй, майл бичих ёсгүй, интернэтээр засал хийж чадахгүй хар худалч их хааныг гутаагч гээд л боож үхэх нээ. Их Хаанаа өмөөрөөд байгаа юм уу гэтэл үгүй ээ манай Хааны Сүнс маш чадвар бага, хөдөлж ч чадахгүй хирнээ ихэмсэг, юун утас шөрмөс түүнээс хийж цочиж дургүйцдэг, орчин цаг хугацаанд аялан бууж байгаагаа ч төсөөлөхгүй 13 р зуунаараа л сэтгээд байх, болохгүйг нь цаазлаад хороох, нисэн хийсэх ч юм уу, хайлж алга болох ч юм уу ямар нэг шид үзүүлэх, Ид хаваа гайхуулахдаа бороо оруулан, салхи шууруулж, аянга нижигнүүлэх ёстой л гэж төсөөлөх бололтой. Нисэж хайлж чаддаг, Тэнгэрийг захирч цаг агаарыг өөрчлөх нь хамгийн лаг ид шид гэх мөртөө орчин цагт Онгодуудын утсаар ярих, орчин цагаар ярих, чатлах, зурагт үзэх нь ямар ч боломжгүй гэж батлах энэ хүмүүст хэлэхэд хамгийн хэцүү нь тэгвэл утсаар ярих, орчин цагийн бүхнийг хийх нь гайхамшигт Ид Шид болж байгаа юм биш үү түүнийг нь чадаад байгаа юм даа.
Ганц манай Онгодууд ч хийдэг юм биш олон овог отгийн Буурлууд хийж л байдаг үйл ш дээ. Чааваас Ид Шид гэж хоёр үг чинь өөр мэд үү гээд л заав надад. Сайн муугаар нь хэлсэн л үгийг хэн мэдэхгүй байхавдээ. Гэвч ид шид бол Бөө нарт хүссэн хүсээгүй хоёулаа л хийгддэг зүйлдэг.
Хамгийн хялбар арга нь хоёулаа зэрэг Буурлуудаа буулгаад уралдуулбал болж байна уу. Хараагүй үзээгүй байж Тэнгэрийн үйлд зааж тэг ингэ, харь орон тахихаа зогсоо гэж мунхаглах юу вэ? Өөрөө ирээд үзээ, Хаан мөн байна уу биш байна уу өөрийн биеэр ирж уулзан ярь гэхээр Албинтсан гэж айх бололтой. Хэрвээ би Албинтсан бол ирээд дарах хэрэгтэй ш дээ. Ерөөсөө л буруутгах эсэргүүцэх ганц л атгаг санаа өвөрлөснөөс болж бусад хэлж ярьдаг юмны талаар таааг дуугүй байх нь инээдтэй. Буруу юм юу хэлснийг хэл гэхээр Утсаар ярьсан, Гадаад оронд юу хийсэн, Зургаа нүүрний арьсаа ил тавиагүй, Зурагтаар гараагүй л гээд байх юм. Улаачаа хэзээ ил гаргах гаргахгүйгээ манай Буурлууд мэднэ. Энгийн байтугай Бөө гэж байгаа нь юм уншаад ойлгох чадваргүй, мунхаг харанхуйдаа идэгдсэн байнадаг.
Зурагтаар байнга гарах ёстой гэж заавар өгөв. Зурагтаар гарч чадахгүй байгаа чинь хуурамчын чинь баталгаа гэнэ. Нэрээ хэлэхгүй байгаа чинь хуурамчын баталгаа нь мөн гэв. Бүтэн жил юу хийсийн гээд л Хааныг минь загнав. Тэгвэл адилхан Тэнгэрийн үйл хийдэг та нар хичнээн жил болчихоод юу хийснээ бас адилхан л тайлагнах хэрэгтэй бус уу? Бүтэн жил манай Онгодууд намайг зассан юм даа. Бөө гэж Шүлсээ үсчүүлэн айл хэсч Архи ууж, мөнгө нэхэж дарамталсан, хир тоосондоо дарагдсан халтар, Хар нүүртэй Хараал хийдэг эвгүй нөхдүүд гэсэн ойлголттой, насаараа дураараа цэнгэж, дунд чөмгөөрөө жиргэж явсан намайг хүн болгохыг зорьсон юм. Хорвоо ертөнцийг тольдуулан ухаараагүйг минь ухааруулах гэж, үзээгүйг минь үзүүлэх гэж, сонсоогүйг минь сонсуулан өөрийн түүхээрээ Үнэн гээчийг үзүүлэн, өгүүлэн байхыг даалгасан юм.
Унагаж дарахыг хүсэн өө хайж гүйлгэгч нарт миний блог ад үзэгдэвч учраа мэдэхгүй явсан олон хүн, учралаа хүлээж байсан олон удам, унтсан оюун нь сэрсэн олон хүнийг төрүүлсэн юм даа. Гэтэл чи жилийн дотор 400 хан хүнтэй өргөөтэй гэх юм. Өөрийнхийгөө хамгийн олон хүнтэй гэнэ. Хэхэхэ. Чи бид өөр хүн гэдгээ мэдээд зам замаараа явмаар. Би тооны хойноос хөөцөлдөөгүй чанарын чухлыг боддог. Надад мунхаг оюунтан хэрэггүй мундаг оюунтан хэрэгтэй. Тэр дөрвөн зуу дотор ч намайг ойлгохгүй олон бий. Бөөг мэдэхгүй нь олон бий. Судлан байгаа нь олон бий. Сайтар ойлгосон нь ч олон бий. Интернэтээр засал хийнэ гэж юу байсын гэх үгний чинь хариулт тэнд тэн хагас нь бий дээ. Учир нь тэр нь интернетээр чинь засал хийн биеэрээ мэдэрч нүдээрээ үзсэнгүүд нь тэнд ихэнхи нь цугларсан юм.
Хөх Монголдоо биш ч Монгол олон хүнд блог бичих, нийтлэх, тахилга хийх, гэрийн ажлын хажуугаар амжуулсан гэхэд харин ч хагасын хагасыг нь хасаад бүр интернэтээр 100 хүнд ч гэсэн засал хийж зав гаргаж чадсан нь миний өвгөдүүдийн хүч чадал юм. 100 хан хүнээр бодлоо ч жилийн хугацаанд хийсэн Буянтай ажил биш үү. Би л лав Бөө болоогүй бол жилдээ нэг их удахдаа нэг л хүнд их тусыг хүргэж чадах уу үгүй юу байсан байх. Иймээс би тоо хөөдөггүй хүн. Алдар нэр ч хөөдөггүй хүн. Харин хэлэх юмаа өөрийн хир хэмжээндээ хийхээс бус хэн нэгний үгээр явахгүй гэдгээ хатуухан хэлчихье. Миний голомтын ажилд хөндлөнгөөс хөлөө дүрэх юу байна. Би хэн хүний үгээр өөрийн Онгодуудаа доромжлуулж шүүлгэх ч үгүй. Өөрт ирсэн хувь тавилангаа өөрөө л эдэлнэ. Хэлсэн хийснээ өөрөө л хариуцаад явна, Тэнгэр шүүх учраас миний өмнөөс элдэвлээд блогоо зогсоо, гадны уул тахихаа боль, Хаан буулгадагаа боль гээд байх нь утгагүй зүйл.
Бөө хүн мөртлөө галзуу хүний өдрийн тэмдэглэл бичлээ гэх юм. Өөрөө Онгод буулгаж ярьдаг нь үнэн бол өөрт тохиосон бүхнээ бичээд үзээсэй. Тэгээд уншаад үзээсэй. За юутай ч чухам тэдний авсан шалгалтанд би унасан асуултуудыг нь хариулж чадаагүй гэсэн ш дээ. Хуурамчыг минь илчилсэн тэд санаа нь амрах болтугай.
Бөө хүний амнаас гарч боломгүй тэнэглэл, сэтгэхүй даанч их байлаа. Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн гүйдэл өөр гэдэгдээ. Гэтэл чиний Онгод утсаар ярих ёсгүй болиул, тэр чинь Онгод биш Чи, бүрэн тасар гэх нь юу вэ? Би түшээгүй хүн шүү. Түшээгүй Онгодууд бүх л юмаа өөрөө өөрөө хийдэг юм даа. Сүнс гэдгээ ч харьцуулан бодох чадвар алга. Хэрвээ утсаар ярьж, нет бичиж, алхаж явж, Хатан Онгодууд нь бүжиглэн, биелгээ хийхийг Албинтсан Тийрэнтсэн гэж байгаа бол НӨХДҮҮДЭЭЭ. Анхааралтай байхыг хүсье. Албин Тийрэнгүүд чинь ийм чадвартай байтал тэднийг дарж устгаж, хүний биеийг чөлөөлдөг Өвөө нар нь ийм чадваргүй бол Хар Сүнстэй дайтна, хөөнө мөөнө худлаа ярих юу байна гэж яригдах болох нь. Утсанд дургүй ч Онгодууд байдаг. Манай багш болон хүүгийн зарим Онгодууд туйлын дургүй унтраалгадаг. Зарим нь бол дуртай бөгөөд ярьдаг. Энэ жижигхээн асуудлыг сүр бадруулан хэдэн өдрийн хэлэлцүүлэг, хэрүүл тэмцэл болгож байхын оронд тус тусын ажлаа хийж явбал барав гэж.
Хааны болон Буурал Дээдсүүдийн маань хүч чадал хамгийн энгийндээ л байдаг юм. Тэд бусадтай би Хаан байсан, би түүнийг чаддаг гэж харьцаж, та нар намайг дагах ёстой гэж тулгадаггүй. Зөвхөн Үнэнийг өгүүлчихээд өөрсдөө сонгох эрхийг чинь л үлдээдэг. Үүгээрээ л ялгаатай бизээ.
Миний нэрийг Аянгат удган л гэдэг юм даа. Надаас мундагууд нь зурагтаар гардаг. Надад Хаан Дээдсүүд морилдог нь үнэн ч Би ямар өөрөө Хаан биш дээ кккк. Энэ ертөнцөд өөрийн үйлээ өөрийнхөөрөө л хийхээс бус хэн нэгнээр заалгаж зааварлуулна гэвэл ёстой Буяндаа бузар оруулах биз. Хаан өөрийн эрин зуундаа үйл ажилаараа алдраа мандуулсан бол би өөрийн эриндээ өөрийнхөө үйлийг хийж үр шимийг нь үзэж байж л түүхэнд хэн гэж хэлэгдэх нь тодорхой. Худлаа бол худлаа нь тодорч Үнэн бол үнэн нь тодорно. Шал дэмий жижигхэн утас шөрмөсний үйлээс болж хэдэн өдөр шуурдаг байнаа. Онгод ирээд хүнийг илээд бариа засаад, цай барьж уугаад, хэнгэргээ цохих зэрэг хөдөлгөөн нь утсаар ярихаас хэцүү хөдөлгөөн биш гэж үү. Физикийн хуулинд захирагдсангүй гэнэ шүү. Физикийн хууль чинь шинжлэх ухаан. Шинжлэн судласан Аргын ухаан. Тэр төгс юм уу. Шинжлэх ухаан тэгвэл сүнс байдаггүй гэдэг байсан биз дээ. Бөө мухар сүсэг гэдэг биш үү. Шинжлэх ухаан мухардалд ороод байгаа шүү дээ. Сүүлдээ сүнс гэж байдаг гэж хүлээн зөвшөөрдөг болсон.
Нарны цацраг ойлтыг авчаад хүн мунхруулна гэх юм. Нарны цацраг зургийн аппаратны ойлт бол аргаар гарч байгаа бодит зүйлийг бид мэдэхгүйдээ тавиа юу? Харин энэ чинь амьтай эрчимтэй түүний амийг хэрхэн хэрэглэх, юунд хэрхэн ашигладаг, тэр туяаг энгийн нүдээр хардаг болох, билгийн мэлмийгээ хэрхэн мэдрэх гэх мэт учир шалтгаануудыг нь тайлбарлан таниулан явдаг юмсан. Шинжлэх ухаан талаас үүнийг ингэж үздэг гээд тэр талын нийтлэл онолыг ч давхар тавьдаг. Ердөө л мушгин гуйвуулж мугуйдлан зүтгэх гэсэндээ бүр Бөөгийнхөө юмыг ч өөрөө БӨӨ нь үгүйсгэх юм. Тэдний буурлууд наранд цай сүүний дээд өргүүлдэг л баймаар. Хэрэггүй болоод тэр үү. Хуурамч худал юманд яах гэж цай сүүний дээж өргүүлдэг байх вэ? Хатны бөөгийн сударт хүртэл НАР,САРнаас эрчим авах тухай бичдэг биш үү.
БӨӨ хүн байгаль дэлхий, нар сар одтойгоо холбогддог, сүнстэй холбогддог нь үндсэн ажил нь байтал БӨӨ нь өөрөө энэ бүхнийг нь үгүйсгэх юм. Уул ус тахихдаа савдаг, лус эзэдтэй нь холбогдон ярьдаг биз дээ. Гэтэл юугаа хийдийн гэх юм. Эзэн Хаан өөрийн эриндээ ч зөвхөн Монголдоо байгаа юу? Дэлхийн талыг эзэлсэн гээд бахархах мөртөө учир шалтгааныг нь бодооч. Дэлхийн талыг эзлэн харь орны дайснаа дарж байж Монгол түмнээ хамгаалан жаргуулсан биз дээ. Сая Солонгост очиход 13 р зуунд МОНГОЛ БӨӨ тахиж байсан хаданд очиж тахилгаа хийсэндэг. Хэрэггүй юм Онгод хийлгэх юмуу. Би Бөө болохоос дарга биш. Хаан одоо Онгод болохоос махан биетэй хувь хүн биш. Бөөгийн ажил бол Далд ертөнцтөй холбоотой. Хэрэгтэй болоод л далд ертөнцийнхөө холбоотой уул усны савдагуудтай холбогдон, хэрэгтэй болоод л энэ ажлаа хийлгэж байгаа. Тэгээд Монгол дахь Бөө нар яах гэж уул ус тахидаг юм бэ? Намайг босохоос өмнө алдаршсан тэр олон алдартангууд чинь уул ус тахьдаг биз дээ. Онгодынхоо хэлснээр явж тахьдаг юм биш үү. Уул ус тахиад Бөө нар яадаг вэ? Энэ бүхнээ Бөө хүн ойлгохгүй байгаа юм уу.
Уулын зураг дагаж очиж зураг авч мунхруулж байна гэнэ шүү. Ийм бөөнцөртэй юу яринам. Онгоддоо энэ бүхнээ өөрөө хэлээсэй. Энгийн Бөөгийн ажлаа мэдэхгүй байж тасраад тасраад яахав дээ. Албинтсан гээд байгаа бол манай Албингууд шиг уул усаа хайрла, өвөг дээдээ хүндэл, ухаанаа тэл, гэгээр, Бөөг зөв хөгжүүл, газар шороогоо хайрла, түүний төлөө тэмцэгчдийг дэмж, зөв амьдар, судар тайлж унш, хүнийг хайрла гэж сурган, үнэ хөлсгүй чөөгий хөөн, засал явуулах Албингуудыг дэлхийгээс хайгаад үзээрэй. Ийм сургаал хайрлаж бичүүлдэг Албинтай бол буруу юм юу байна. Гэтэл Албин байтугай Онгодоороо далимдуулан мөнгө хөөж, бузар хийж байгаа Бөө нар олон бий биз дээ.
Долоон жил бөөлсөн лаг удган нь бүрэн тасарч сур гэж зөвлөнө. Долоон жил өөрөө бүрэн тасраад, тасраад тэгээд юу хийсэн юм дээ? Бүрэн тасруул утсаар ярихгүй чи, хуурамчыг нь илчлээд өглөө би, галзуу хүний өдрийн тэмдэглэл бичихээ боль гэж загнах энэ хүний мунхаг нь дэнджээ. Асуусан асуултанд нь хариулж байтал дарга нь хариулахад амархан хүнтэй нь зууралдлаа минийхэд хариулах ёстой гэх юм. Хаашаа юм бэ? Энэ удган нь хариулах зууралдахад амархан тэнэг байсныг нь би мэдээгүй юм уу. Үнэхээр ч тийм л байлаа шүү.
Ямар ч үр дүнгүй ярилцлага боллоо гэж тэд үнэлэв ярилцлагаа. Харин ч үр дүнтэй болсон бизээ. Тэд Аянгат хуурамч гэдгийг илчиллээ гэж баяссан болохоор асар үр дүнтэй болсон байж таараа. Надад ч маш үр дүнтэй болов бас. Би блогтоо орчин цагийн лаг Бөө нартай ярилцлагад дуудагдан байцаагдан загнагдаж хуурамчаа дүгнүүлсэн баримттай болж блогоо чимэв. Энэ бүхэн миний нэг өдрийн түүх болон үлдлээ. Би өөрт тохиосон бүхнээ өдрийн тэмдэглэлдээ үлдээдэг учраас түүх болон үлдсэн энэ өдрийг нэмж хассангүй, Шалгалтанд унасан нэрээ ч бодсонгүй нэмээд өөрт бодогдсон бодолтойгоо баримт болгон блогтоо мөнхөллөө. Худлаа юм би бичдэггүй хүн. Зөвхөн учирсан болгоноо бичин үлдээх учраас миний галзуу хүний өдрийн тэмдэглэл гэх энэ бүхэн миний амьдрал юм. Тэр өдөр дуудагдаж орсных харин сайн уншиж дуусгав. Ихэнхи нь л намайг муулж бахаа хангасан хүний л коммент байлаа. Өөр хийх ажил байдаггүй болтой. Зарим нь бүүр ичих ч үгүй өөрөө надтай харьцсан юм шиг намайг хараана ерөөнө гэсэн гээд л бичиж хэхэхэ. Алив юм баримттай байдаг. Бичсэн нь үнэн бол түүнийгээ тавьчих хэрэгтэй ш дээ. Нэг их хүний анхааралд орох гэж ядаад худлаа ярих ямар хэрэг байнаа.
Инээмтгий хүн нь Хээрийн бөөлөөний зурагт байсан Онгодын бүжиг хийснийг, Утсаар ярьсныг татаж тавьжээ. Энэ тэгээд Чингис Хаан юм уу Түй Түй гээд л бөөн мэдээлэл олсон болтой. Бөө хүнд олон Онгод буудаг гэж огт мэдлэггүй энэ таг тархийг яалтай билээ.Мэдэхгүй хирнээ мэдэмхийрэх Таг тархиуд бас байх юм.
Гэтэл энэ бичлэгт Чингис Хаан гэж тайлбар бичжүү би. Хээрийн бөөлөнд очоод Онгодууд маань хэрхэн юу хийсэн тухай би бүхэл бүтэн нэг сэдэв бичиж оруулсан байдаг. Хатан орж ирээд сууж байхдаа бусдын хэнгэрэгний аянд бүжиглэв. Хачин бүжиг хийлээ гээд л би тайлангаа бичиж байсансан. Бушуу туулай борвиндоо баастай гэж. Судлаж уншчихаад бичиж байхгүй бол бүгд харалган хүмүүс, бичиг үсгийн боловсролгүй хүн байдаггүй учраас уншаад л дүгнэлтээ хийчих чадвартай. Иймд бусдын мууг үзэх гэж улайрч байгаад өөрийнхөө мунхагийг харуулав. Гар утасны талаар хүн дүгнэн худал үнэн гэж маргалдаж хайран цагаа үрж байснаас Бөөгийн ухааны гайхамшигийн сор болсон Сорхагтани хатны судрыг уншаад судлаж байвал залууст хэрэгтэйсэн. Таг тархиудаа Бөө тархи болгоосой.
Улаач хүний биед олон Онгод буудаг. Эмэгтэй, эрэгтэй төрөл бүрийн насныхан заларч удмынхаа үйлийг хийх, ярьдаг. Өөр өөрийн онцлогтой байдаг гэдгийг Бөө хүмүүс өөрсдөө мэдмээр юмаа. Бөө биш бол мэддэггүй юмандаа хагаралгүй, мэддэгтээ хагарч баймаар.
Элдэв шүүмж хэлж болох ч тэртэй тэргүй биччихсэн юмсыг нь албаар гуйвуулах, яг л өөрийнх шигээ болгох гэж улайран, танайх тэгэх ёсгүй худлаа гэж зүтгэх энэ хүмүүс хорвоо дээр гав ганцаараа гэж намайг бодох бололтой. Надад бас намайг хараад хянаад манаад зөвлөөд өгөх, хальтархад түшээд авах, хазайхад хэлээд өгөх өөр удмын багш болон өөр отог омгийн Бөө нар байдаг юм шүү. Бөөгийн үйлийг загварчлан ойлгож өөрсдөөсөө бусдыг нь дайрч давшилах Бөө нар өөрсдөө сайн гэгээрч мэддэггүйгээ Онгодуудаасаа асууж зөвлөгөө авч баймаар.
Гэвч миний ажлын үр дүнг мэдрүүлэн сэтгэлээр дэмжин, хайрлаж, өөрийн хамаатан мэт хамгаалах хүн олон бий болсонд баяртай байнаа. Жилийн өмнө хэн ч таньдаггүй байсан би одоо яасан ч олон дайсан, яасан ч олон нөхөдтэй болов. Энэ бол би амьдарч, сайн ажиллаж байгаагийн л шинж. Миний блог хүмүүст хүрч би өдөр шөнөгүй хичээн ажилласны үр дүн. Би нэр алдрын төлөө зүтгэсэнгүй. Харин хайртай аавынхаа төлөө, хайртай буурлуудынхаа төлөө, хайртай Хааныхаа төлөө зүтгэсэн ажлын үр дүн. Мөн би Монголынхоо төлөө зүтгэж байгаа, эх орныхоо төлөө, Монгол түмнийхээ төлөө зүтгэж байгаа. Учир нь би энэ бүхний төлөө блогоороо дуугарч, Бөөгийн далд үйлээ хийж, мөн олон хүнд ойлгуулж, олон хүн зөв замаа олж байгаад баяртай байна.
Олон хүн өвчнөөс салж, олон хүн замаа олж, олон хүн ирээдүйд итгэлтэй болж, олон хүн архи, тамхинаас гарч чадсанд би баярлаж Буурлуудыгаа маш ихээр ойлгон улам бүр хайрлан хүндэлж байна. Тэдний буянд би сэтгэлийн тэнхээтэй болж, эрч хүчийг мэдрэн хайран дунд умбан явна. Миний сайных биш ердөө л Буурлуудын минь буян юм. Надад хайраа өгсөн Тэнгэр эцэгтээ баярлалаа. Тэнгэр ээждээ гялайлаа гэж хэлдэг болсон доо. Өмнө нь би энэ хоёрыг таньдаггүй, ойлгодоггүй, хачин санагдан ингэж залбирах хүн надад тэнэг санагддаг байсан юм. Миний удам угсааны омог бардам хирнээ, энгийн амар зан чанар надад маш таалагдан түвэг уддаггүй юм надад. Би өөрийн өвөг дээдүүддээ хайртай. Намайг эртээ орхиод одсон аавдаа би хайртай. Иймээс л би Бөө болсон. Би тэдэнд үнэнч. Тэд маань надад юу гэж айлдана би түүнийг л дагана. Намайг хэн ч, юу ч зогсоож чадахгүй ээ. Иймээс Аянгат галзуу хүний өдрийн тэмдэглэлээ хөтөлсөөр, над шиг хувь тавиланд учирсан бусдадаа чадахын хирээр тусласаар, үлгэр үнэн болж үлгэрийн баатрууд нь амилсан өнөө цагийн нууц товчоогоо үргэлжлүүлсээр л байх болно доо.
Бөөгийн групп гэсэн биш ёстой Бөө биш судлаач нарынх бололтой. Аянгат дахиад л гадаад явна даа. Араас сүү өргөж байгаарай Бөөгийн группээ кккк.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.