2012 оны 4 сард хийсэн дүрс бичлэг. Онгодын сургаалийг дор сийрүүлэн бичив.
Ахуй бие нь тэнхээтэй ч
Ахуй төр нь ганхахад ард минь шаналдаг юм.
Харин төр нь ардынхаа тусад биш ард нь төрийнхөө түвшингийн тулд биш дээд доодгүй ард хаадгүй өөр өөрсдийн тусыг яасан ихээр нь боддог юм бэ, Өөрөө өөрсдийн жаргалыг яасан ихээр эн тэргүүнд тавьдаг юм бэ?
Адаг сүүлд нь байх сэтгэлийн жаахан баясгалыг яагаад хамгийн урдаа тавина вэ?
.... юмаа мартах ёсгүй
Бүрэлдүүлсэн улсаа бутраах учиргүй
Хөх толбоо хөхрүүлэх учиртай,
Тэнгэр зааж газар ивээж байхад Тэнгэрээ хилэгнүүлж газраа донсолгох учир бидэнд байхгүй.
Өвгөн миний үгээр ч бус өрөөл бусдын үгээр ч бус өөрөө өөрсдийн хар толгойндоо хар оромжгүйгээр хэн гэдгээ санацгаа.
Хөрс шороондоо эзэн байж чадахгүй, Хууль цаазандаа захирагдаж чадахгүй бол ард байхын учир хэрэггүй, хүмүүн байхын ч хэрэг үгүй.
Дээд Мөнх Тэнгэр Өөрийн улаачаа сонгон эгэл бидэндээ илгээсэн. Үе үеийн жанжид үе үеийн түшээ та нар олон үеийн шүтэн барилдлагаа тэнгэрийн энэ цагт үргэлжлүүлэх учиртай
Аянгат удганы алд дээр эзэн минь заларсан. Аа харин эзний минь хүсэл өөрийн улаач дээр залрах байгаагүй. Зүгээр нэг Нарт хорвоод эргэж ирээгүй, зүгээр нэг өргөө тахил байгуулж хүмүүн ардынхаа сүүмийх дүрсийг харахыг хүсээгүй
Өөрөөр нь дутсан энэ засгийг, өөрөөр нь дутсан энэ төрийн голомт, өөрийнх нь ухаанаар дутсан энэ ардынхаа тусын тулд энэ замбад тэнгэр газрыг донсолгон буусан.
Тэглээ гээд өөрийн улаачаа Хаан болго гэж өвгөд бидэнд Цааз засаг буулгаагүй. Хаадын угсаатныг эргэн мандуулж хаадаар төрийг бариул гэж цааз засаг буулгаагүй
Энэ юуны учир вэ, Энэ замбын үрс та нарын засаг хуулинд бий. Гагцхүү ухаан л дутаж байна. Өөрийн ухаанаа олондоо дэлгэх гэж олон үеийн шүтэж онголон тахиж ирсэн, тахилгаа сэргээж түмэнтээ онгод чуулж түмэн голомтыг бадрааж түүдэг дөл тэнгэрт баганадтал тулгуур голомт минь туургатан монгол дэлхийг даяарчлах гэж Их Эзэн эргэж ирсэн юм
Ард олон нь мөн л бол Өвгөн надаас үр та нар ч гэлээ өр зүрхэндээ мэдэрсэн л байгаа, Мэргэн тунгалаг мэлмийдээ харсан л байгаа.
Эзэн Чингисийн Их үйлд харин шунамхай хар сэтгэлтэн шингэх учир байхгүй, Ор ганц өөрийн ачыг, өөрийн тусыг бодсон онго ч тэр хүмүүн ч тэр хэрэггүй.
Албин тийрэн шүглэчээд сархадын хэд балгачихаад өрөөл бусдын зовлонг гэтэлгэж байна гээд зовлонг нь зоон дээр нэмж байгаа нь тамтаггүй их л байна.
Өөрийн уг гарвалаа, дээдэн тэнгэрээ алд биендээ авчихаад өвгөдийнхөө сургаалийг ойшоохгүй, хөх манхан тэнгэрээсээ эмээхгүй тэнгэр газрын жудгийг зөрчиж яваа үрс ч байна.
энэ бүгдээ зогсоо энэ бүгдээсээ татгалз, Өөрөө өөрсдийн үйл хэргийг өөрөө өөрсдийн албаа хийцгээн ард бүр ард ухаантай байцгаа.
Ард ухаан нь харин Монгол ардын ухаан бол. Дээд тэнгэртэй харьцах ухаан Монгол ардын сэтгэл бол Газар эхээ шүтэх ухаан. Хөх толботон үрсүүд минь хөх Манхан тэнгэр бидэнд нэг л хүсэлтэй. Өрөөл бусдын дээр өрөөл бусдын доор дарлуулан сууж бид чадахгүй.
Гагцхүү газар шороотойгоо, амьсгалах цэнгэг агаартайгаа, аршаанлах аршаан тунгалагтайгаа, ухаан саруул ардтайгаа, голомт тулга бат төртэйгөө хүний ёсонд гажихгүй, хүний ухаанаар дээдсийн дээдэс шиг амьдрах учиртай.
Олонтоо үрсийг бид үнэн зөвийг хэлэлцэж үйл хэргийг нь хаахыг нь хаах учиртай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.